| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэрэндашийн Цэрэндулам |
| Хэргийн индекс | 101/2020/00251/И |
| Дугаар | 101/ШШ2020/01215 |
| Огноо | 2020-04-08 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 04 сарын 08 өдөр
Дугаар 101/ШШ2020/01215
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Цэрэндулам даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: С.Д-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Г.О,
Хариуцагч: Б.Д нарт холбогдох
23,488,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Э, хариуцагч Б.Д, хариуцагч Г.Оын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, гэрч А.Х, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Дорждэрэм нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие мах махан бүтээгдэхүүн зээлээр худалдан борлуулдаг болно. 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн хариуцагч нарт нийт 16 тонн 879 кг үхрийн махыг зээлээр худалдсан болно. Эдгээр нь нийт 103.991.700 төгрөг болно. Үүнээс 81.616.000 төгрөгийг төлж үлдэгдэл 23.488.000 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлөөгүй байна. Дээрх асуудлаар миний бие СБД цагдаагийн хоёрдугаар хэлтэст өргөдөл өгсөн бөгөөд дээрх үйл баримтыг тогтоосон хэдий ч СБДүүргийн Прокурорын газрын 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 57 тоот прокурорын тогтоолоор Эрүүгийн хэрэг биш тул иргэний журмаар шийдвэрлүүл хэмээн хэргийг хэрэгсэхгүй болгосон болно. Миний зүгээс дээрх махыг бусдаас мөнгө зээлж худалдан аваад хариуцагч нарт нийлүүлсэн бөгөөд хариуцагч нар нь төлбөрөө хугацаанд нь төлөөгүйгээс үүдэн өр нэхэгдэх болж банкнаас зээл аван өрөө дарж буцаан 40 сая төгрөг болгон төлж их хэмжээний хохирол амсаад байна. Үүнээс үүдэн эргэлтийн хөрөнгөгүй болж, миний бие өөрийн үйл ажиллагаагаа явуулах боломжгүй болж амжиргааны эх үүсвэргүй болоод байна. Хариуцагч нь дээрх төлбөрөө буцаан төлөх бүрэн боломжтой хүмүүс боловч надад санаатайгаар хүндрэл учруулан төлбөр төлөхөөс зайлсхийж байгаад миний бие ихээхэн гомдолтой байна. Иймд хариуцагч нараас 23.488.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Б.Д шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:
Б.Д би Даадаа групп ХХК-ийн захирлаар ажилладаг бөгөөд манай компани 2013 оноос барилга, гадаад худалдаа, мах махан бүтээгдэхүүн боловсруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Даадаа групп ХХК нь Монгол Маркет ХХК-тай 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдөр мах боловсруулах гэрээ байгуулсан байдаг. Шүүхэд нэхэмжлэл гаргасан С.Дтай ямар нэгэн гэрээний харилцаанд орж мах худалдан авч байсан тохиолдол байхгүй. Манай байгууллага мах авсан болон төлбөр төлсөн баримтууд бүгд санхүүгээр дамжиж гардаг. С.Даас мах худалдаж авсан, мөнгө шилжүүлсэн гэх баримт огт байхгүй. Харин Б.О гэх хүнтэй мах нийлүүлэх талаар аман гэрээ хийж Б.О нь Даадаа групп ХХК-д мах нийлүүлдэг байсан. Б.О нь нэхэмжлэгч С.Дтай хэрхэн хамтарч ажилладаг байсныг би мэдэхгүй. Миний бие хариуцагч Б.Отай урьдны танилууд, надад хөдөөнөөс мах авч ирж нийлүүлье гэж ярьж байсан. Гэхдээ ямар нэгэн гэрээ хэлцэл хийж байгаагүй. Б.О хэд хэдэн удаа мах авч ирж надад өгч байсан, тэр даруй мөнгийг нь Б.От төлж тооцоогоо дуусгаж байсан. Тухайлбал 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр 5.000.000 төгрөг, 2018 оны 11 сарын 01-ний өдөр 10.000.000 төгрөг, 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 8.000.000 төгрөг, 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр 5.149.900 төгрөг, 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 40.000.000 төгрөг гэх мэтчилэн нийт 68.149.900 төгрөгийг От шилжүүлсэн байдаг. Энэ шилжүүлсэн мөнгөнөөс аль нь иргэн Даас авсан махны төлбөр тооцоо болохыг би мэдэхгүй. Нэхэмжлэгч С.Д нь Б.От зарсан мах манай компанид ирдэг байсан, манай компани авч байсан болохоор намайг болон Даадаа групп ХХК үлдэгдэл төлбөрийг төлөх ёстой гэж үзэж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.
Иймд нэхэмжлэгч С.Д болон хариуцагч Б.О нарын хооронд мах худалдах, худалдан авах гэрээ хийсний төлбөр тооцоо надад болон манай компанид хамааралгүй. Иймд намайг хариуцагчаас хасч өгнө үү гэв.
Хариуцагч Г.Оын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар нотлох баримтаа гаргаж өгөх ёстой. Хэн хэндээ хэдэн төгрөгийн тооцоотой болохыг мэдэхгүй. ЭХХШТХ-ийн 32.4-т заасан гэмт хэрэг биш гэж үзсэн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4-т заасан хөдөлбөргүй нотлох баримт биш. Хариуцагч Б.Дгийн Мах маркет ХХК-д мах нийлүүлэхэд нилээд олон хүн оролцсон. Хэн хэнд нь хэдэн төгрөг өгсөн, хичнээн мах авсан нь тогтоогдохгүй байна. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага тодорхой байх ёстой. Таамгаар нэхэмжлэл гаргаж болохгүй. Нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангаагүй байна гэв.
Зохигчийн тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С.Д нь хариуцагч Г.О, Б.Д нарт холбогдуулан 23,488,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгч нь 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн 16 тонн 879 кг, 103,991,700 төгрөгийн үнэ бүхий үхрийн махыг худалдаж, 81,616,000 төгрөгийг авч, үлдэгдэл 23,488,000 төгрөгийг хариуцагч Г.О, Б.Д нараас нэхэмжилжээ.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс 2 хариуцагчийн хэнээс хэдэн төгрөг нэхэмжилж байгааг тодруулахад, 50%, 50%-иар нэхэмжилж байна, эсхүл хамтад нь нэхэмжилж байна, шүүх хэнээс хэдэн төгрөг гаргуулахаа эрх хэмжээнийхээ хүрээнд шийднэ биз, хариуцагч нар төлөхгүй гэж бие бие рүүгээ чихэж байгаа гэж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч өөр өөрөөр тайлбарлаж байна.
Зохигчийн тайлбар, хариуцагч Б.Дгийн гаргасан 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн Ажил гүйцэтгэх гэрээ, гэрээний хавсралт зэргээс үзэхэд Даадаа групп ХХК нь Монгол маркет ХХК-ийн хооронд 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрөөс 1 жилийн хугацаанд гүйцэтгэгч Монгол маркет ХХК нь захиалагч Даадаа групп ХХК-ийн даалгаврын дагуу дулааны аргаар боловсруулж, савласан үхрийн гуяны махыг захиалагчид тогтоосон хугацаанд тогтоосон чанар шаардлагыг хангасан бүтээгдэхүүн хүлээлгэн өгөхөөр тохиролцож, ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан байна.
Шүүх хуралдаанд оролцсон гэрч А.Хы мэдүүлсэн Хятадаас хүмүүс ирээд манай компаниас мах авахтай холбоотой асуудлыг би хариуцаж байсан. Монгол маркет ХХК-ийн үйлдвэр дээр 2018 оны 10 сараас мах авч эхэлсэн, олон хүмүүс мах авчирч байсан. Жингээ бичиж аваад Монгол маркетад өгдөг байсан. Мах буулгасан ченжтэй захирлууд харьцдаг байсан. С.Д гэх хүн мах буулгаж байсан. Хэдийг буулгасныг би мэдэхгүй. О манайд мах бэлдэж өгсөн хүн. Би Д, О нарын хооронд хэдэн төгрөгийн тооцоо байгааг мэдэхгүй... гэх мэдүүлгээс үзэхэд Даадаа групп ХХК нь дээрх гэрээний дагуу ажил гүйцэтгэхэд шаардлагатай үхрийн гуяны махыг тогтоосон хугацаанд гүйцэтгэгчийн үйлдвэрийн байранд тээвэрлэн хүргэж өгнө гэсний дагуу /Ажил гүйцэтгэх гэрээний 4.1/ нэр бүхий мах нийлүүлэгчдээс үхрийг махыг үйлдвэрийн байранд хүлээн авсан гэх боловч нэхэмжлэгч С.Даас ямар хэмжээтэй мах хүлээн авч, хэдэн төгрөг төлсөн нь тогтоогдохгүй байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэгч хувийн тооцоо бодсон баримтаас үндэслэж нэхэмжлэлийн дүнг гаргасан нь эрүүгийн журмаар шалгаж тогтоосон хохирлын хэмжээтэй ойролцоо дүн гарсан тул өөрийн тооцоонд үндэслэн нэхэмжлэлийн дүнг гаргасан гэж тайлбарлаж байгаа ба хувийн тооцоо бодсон баримт, мах хүлээлцсэн анхан шатны баримт зэргийг шүүхэд нотлох баримтаар гаргаагүй.
Хариуцагч Б.Д нь манай компанийн мах бэлтгэх ажилтай холбогдуулан би хариуцагч Г.Отай амаар тохиролцон 15 тонн мах бэлтгүүлэхээр тохирч, махыг үйлдвэр дээр шууд хүлээж авсан ба махны үнэд нийт 68.149.900 төгрөгийг От шилжүүлсэн, энэ шилжүүлсэн мөнгөнөөс хэд нь иргэн Даас авсан махны төлбөр тооцоо болохыг би мэдэхгүй, Голомт банк, Төрийн банк, Худалдаа хөгжлийн банкин дахь миний дансны хуулгаар С.Дтай харилцаагүй гэдэг нь нотлогдоно гэж тайлбарлаж, дансны хуулгыг нотлох баримтаар шүүхэд гаргасан байна. /хх-74-134 тал/
Хэрэгт авагдсан Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын прокурорын 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 57 дугаар тогтоол, зохигчийн тайлбараас үзэхэд нэхэмжлэгч С.Д, хариуцагч Г.О нарын хооронд мах бэлтгэн нийлүүлэх худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзэхээр байгаа боловч зохигчийн хооронд хэдэн төгрөгийн тооцоо байгааг тогтоогдсон гэж үзэх үндэслэлгүй байна.
Харин нэхэмжлэгч С.Д, хариуцагч Б.Д нарын хооронд мах худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзэх баримтгүй байна.
Нэхэмжлэгч С.Д нь хариуцагч нарт хэдэн төгрөгийн мах худалдсан нь тодорхойгүй, түүнийг нотлох баримтгүй, эрүүгийн журмаар шалгаж тогтоосон гэх боловч гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон прокурорын тогтоол нь нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд үүссэн тооцоо, өглөг, авлагыг нотлохгүй юм.
Шүүх хуралдааны явцад зохигч талуудаас эрүүгийн хэргийг шалгах явцад ямар баримтаас тооцоо нийлж ...Г.О нь иргэн С.Даас 103.991.700 төгрөгийн үхрийн мах авч, махны үнээс 81,616,000 төгрөгийг төлсөн бөгөөд 22,375,700 төгрөг төлөгдөөгүй байна гэж тодорхойлсныг тодруулахад С.Д, Г.О нарын дансны хуулгаас 81,616,000 төгрөгийг шилжүүлсэн тооцоог гаргаж, Дын хэлснээр 103,991,700 төгрөгийн үнэ бүхий мах худалдсан гэж үзэн, дээрх 2 дүнгийн зөрүүгээр үлдэгдэл 22,375,700 төгрөгийг тооцон гаргасан гэж хариуцагч Б.Д тайлбарлаж, эрүүгийн хэрэгт мах хүлээлцсэн анхан шатны баримт авагдаагүй, тийм баримт үйлдэгдээгүй гэж талууд тайлбарлаж байгаа тул хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд маргааныг шийдвэрлэв.
Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч нь утасны мессеж, байгууллагын нэр ММ, М Маркет худалдан авагчийн нэр Д гэх зарлагын баримтуудыг эрүүгийн хэргээс хуулбарлан нотлох баримтаар гаргасан боловч уг баримтууд нь нэхэмжлэгч С.Даас хариуцагч нарт мах хүлээлгэн өгснийг нотлохгүй байна.
Мөн прокурорын тогтоол, иргэний нэхэмжлэгчээр тогтоосон тогтоол, С.Дын хохирогчоор өгсөн мэдүүлэг, хохирогч, сэжигтнийг нүүрэлдүүлж мэдүүлэг авсан тэмдэглэлд хариуцагч Г.О С.Дт 22,375,700 төгрөгийг төлөх ёстой гэдгээ хүлээн мэдүүлсэн боловч энэ мэдүүлэг нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэсэнтэй хамаарахгүй юм.
Иймд хариуцагч Г.О, Б.Д нарт холбогдох 23,488,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч С.Дын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа хариуцагч Оын эцгийн нэрийг бүтнээр бичээгүй Б.О гэж нэхэмжлэлд дурьдсан, эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон тогтоолд Оын эцгийн нэрний эхний үсгийг Б, Г гэж 2 өөрөөр бичсэн ба шүүх нэхэмжлэлд дурьдсаны дагуу Б.О, Б.Д нарт холбогдуулан иргэний хэрэг үүсгэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Гоосой овогтой Оын иргэний бичиг баримт, итгэмжлэл зэрэг ирсэн болохыг дурьдав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч Г.О, Б.Д нараас 23,488,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч С.Дын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 275,390 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ЦЭРЭНДУЛАМ