Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 227

 

 

 

 

 

 

     2017          06            06                                          227    

                       

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч    Т.Алтантуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Дашням,

улсын яллагч Б.Энэрэл,

хохирогч Л.Мөнхнасан,

шүүгдэгч Э.Анхбаяр,

шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Наранзул /шүүхэд төлөөлөх эрхийн дугаар 0940/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

 

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн  99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татсан тогтоолыг  баталж ирүүлсэн хэргийн Боржигин овгийн Эрдэнэчимэгийн Анхбаярт холбогдох эрүүгийн 2017 2601 0808 дугаартай, 1 хавтаст хэргийг 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдөр хүлээн  авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Боржигин овогт Эрдэнэчимэгийн Анхбаяр Монгол Улсын иргэн, 1976 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Архангай аймгийн Хотонт суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Хөдөө аж ахуйн инженер мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 5, эхнэр, 0-14 насны 3 хүүхдийн хамт амьдардаг, Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, 14 дүгээр байрны 260 тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй. (РД:АМ76101917)

 

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтээр/:

Шүүгдэгч Э.Анхбаяр нь 2017 оны 04 дүгээр сарын 10-ны орой 19 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 14-р байрны 248 тоотод бэр Л.Мөнхнасантай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар цохиж, иргэн Л.Мөнхнасангийн биед хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

 

1.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Анхбаяр мэдүүлэхдээ:

Хохирогч Л.Мөнхнасан манай хоёрынх нэг байрны хөрш орцонд байдаг юм.

2017 оны 4 дүгээр сарын 10-ны орой 18 цаг 30 минутын орчим би бага охиноо тэврээд цонхны хажууд зогсож байхад миний төрсөн дүү Энхбаяр хүүхдүүдээ цэцэрлэг, сургуулиас нь аваад явж байгаа харагдсан. Тэгээд Энхбаяр намайг хараад “ах юу хийж байгаан, танайд хэн байна” гэхээр нь би “бага охинтойгоо байна, бусад нь хичээлээсээ ирээгүй байна” гэж хэлсэн. Тэгсэн дүү Энхбаяр “та манайд ороод ир, хоёулаа бууз хийж идье” гэж хэлсэн. Тэгээд гэрт нь ороод байж байхад 19 цагийн үед бэр Мөнхнасан гэртээ ирсэн. Дүү Энхбаяр хөдөөнөөс ирээд хоёр хонож байсан. Мөнхнасан нөхөртөө хүүхдүүдийнхээ сургуулийн төлбөр мөнгийг нь өгөөрэй гэж хэлсэн юм шиг байгаа юм. Түүнийг нь манай дүү Энхбаяр амжуулж чадаагүй байсан юм байна лээ. Үүнээс болоод Мөнхнасан нөхөр Энхбаяр руу уурлаад байсан. Энхбаяр бие өвдөөд байна гэж хэлсэн. Тэр үед нь Мөнхнасанд хандаж “миний дүү яагаад уурлаад байдаг юм бэ, нөхөр чинь бие өвдөөд байна гэнэ, эмчилгээ хийлгээч” гэж хэлсэн. Тухайн асуудлаас болоод бид хоёрын хооронд маргаан үүссэн. Бэр Мөнхнасан “та яахаараа манайд орж ирээд, хэрүүл хийгээд байгаа юм” гэж хэлсэн. Хэрэлдэж байхад Мөнхнасан уурлаад хашгираад “би тариа хийлгэх гэж явсан, танай дүү чинь хийлгээгүй” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “чи эмнэлэгт хэвтүүлчихгүй дээ” гэж хэлсэн. Надад ямар нэг санаа байгаагүй ах дүү хүмүүс болохоор бие, биедээ тусалъя гэж бодож байсан. Мөнхнасан миний урд ирээд намайг самардах гээд байсан уу, юм тайлбарлах гээд байсан уу нэг хөдөлгөөн хийсэн. Би яах гээд байгааг нь ойлгоогүй. Би Мөнхнасанг өөрөөсөө зайлуулах гээд баруун гараараа зүүн хацар руу нь санаандгүй байдлаар цохисон. Тэгсэн Мөнхнасан “та гэрт орж ирчихээд намайг ингээд байхдаа яадаг юм бэ” гээд миний баруун зүүн хацар руу цохисон. Тэгэхээр нь би “ах нь түргэдчихлээ намайг уучлаарай” гэж хэлсэн. Мөнхнасан манай гэрээс гар гэхээр нь би  гараад явсан.  30-40 минутын дараа буцаж дүүгийнхээ гэрт ороход Мөнхнасангийн төрсөн дүү болох Мөнхчимэг, Мөнхцэцэг хоёр ирсэн байсан. Энэ тухай би гэр бүлийнхээ хүнд хэлээгүй. Мөнхнасангийн дүү Мөнхчимэг намайг “та эгчийг маань ингээд байхдаа яадаг юм гээд” алгадсан. Би өөрийн буруугаа хүлээн зөвшөөрөөд гэрт нь сууж байгаад гараад явсан. Гэрт нь хэрүүл маргаан хийх гэж ороогүй. Урьд нь Мөнхнасантай маргалдаж байсан зүйлгүй. Хохирлын төлбөрт 340,000 төгрөг төлсөн. Миний бие БНСУ-д ажиллаж байгаад эрүүл мэндийн хувьд ирсэн. Нурууны өвчтэй учраас ажил хийдэггүй гэртээ байдаг юм гэв.

 

2.Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Л.Мөнхнасан мэдүүлэхдээ:

Би Анхбаярын төрсөн дүү Энхбаярын эхнэр юм. 2017 оны 4 дүгээр сарын 10-ны орой ажлаа тараад гэртээ ирсэн. Тухайн үйл явдал 18 цаг 30 минутаас 19 цагийн хооронд болсон байх, цагийг сайн хэлж чадахгүй байна. Манай нөхөр хөдөөнөөс ирээд 2 хонож байсан. Тэр өдөр гэртээ орж ирэхэд манай нөхөр, Анхбаяр ах хоёр 2 литрийн пиво голдоо тавьсан сууж байсан. Би өглөө ажилдаа явахдаа нөхөртөө хүүхдээ олимпиадад бүртгүүлчих, цахилгааны мөнгө, хоёр хүүхдийнхээ өдөр өнжүүлэхийн төлбөр, цэцэрлэгийн төлбөрийг төлөөрэй гэж хэлээд явсан. Тэгсэн манай нөхөр тухайн ажлуудын алийг нь ч хийгээгүй байсан. Өдөр утас руу нь залгахад утсаа авалгүй алга болсон. Би дээд талын айлынхаа хүн рүү яриад хүүхдээ олимпиадад бүртгүүлсэн. Гэрт ороход Анхбаяр ах сайн уу гэхэд нь сайн танайхаар юу байна, та Солонгос явах материалаа өгсөн үү гэхэд өгсөн гэж хэлсэн. Би нөхөр рүүгээ чи 3-4 өдөр архи уулаа шүү дээ, яах гээд байгаа юм бэ гэж нөхөртэйгөө хэрэлдсэн. Би хувцсаа солиод гал тогооны өрөө рүү орж нөхөртөйгөө дахин хэрэлдсэн. Тэгсэн Анхбаяр ах “яадаг юм миний дүү ядраа биз, чи миний дүүг тоодог юм уу, чи эмчилгээ хийлгэж амжих уу, алцгар пизда минь” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “танай дүүд эмчилгээ хийлгэх гээд эм тариа авч, хамаатныхаа хүүхдийг дуудаж хийлгэх гэхэд дүү чинь хийлгээгүй” гэж хэлсэн. Би Анхбаяр ахыг самардах гэж өмнө нь очоогүй. Анхбаяр ах над дээр ирж баруун гараараа цохисон. Гараа атгаж цохисон уу, тэнийлгэж цохисон уу гэдгийг мэдэхгүй байна. Миний зүүн хацар руу цохисон. Тухайн үед толгой, чих дүүрээд мэдрэлгүй юм шиг болсон. Анхбаяр ах надад “чи хүүхдийнхээ үсийг ч засуулчихаагүй байж” гэж хэлэхээр би “хүүхдийнхээ үсийг засуулчихсан байгаа биз дээ” гэж хэлж маргаан болсон. Би цохиулсныхаа дараа хадам аав, ээж хоёр руугаа утсаар ярьсан. Тэр хооронд Анхбаяр ах гараад явсан байсан. Бид хоёрын маргаан удаан үргэлжлээгүй. Нөхөр бид хоёр хэрэлдэж байхад Анхбаяр ах дундуур орж ирсэн. Манай нөхөр, Анхбаяр ах хоёр 2 литрийн пиво уугаад дуусч байсан. Манай нөхөр Энхбаяр 3-4 хоног халамцуу байдалтай байсан. Тухайн үед энэ хоёр согтуу гуйвсан байдалтай байгаагүй. Би Анхбаяр ахтай урьд хэрэлдэж, маргалдаж байгаагүй. Манай нөхөр чи намайг тоодоггүй, эмчлүүдэггүй гэж хэлдэг. Надад алдаа дутагдал байгаа. Би ажлаа хийж гурван хүүхдээ хардаг. Тухайн үед би нөхөртөө чи архи уулаа, даалгасан ажлыг хийгээгүй байна гэж их уурласан байсан. Энэ хэргийн улмаас чих өвдөөд 2017 оны 4 дүгээр сарын 11-нд Жаргалант ХХК-д үзүүлсэн. 12-нд шүүх эмнэлэгт үзүүлсэн ба хэнгэрэг цоорсон, гэмтлийн дараах хэнгэрэг цоорсон гэж оношилсон. Миний бие 1 дүгээр эмнэлэгт үзүүлж байна. 14 хоногийн хугацаанд эм уусан. Одоо 1 сар гаруй хугацаанд уух ёстой эм ууж байна.

Миний хувьд гомдолтой байна. Хэнгэрэг цоорсоныг эдгэчих байх гэж бодсон. Гэвч хэвийн болохгүй “ЭМЖЖ” эмнэлэгт үзүүлэхэд 2-р шатны сонсголын бууралттай гэсэн. Чихэн дотор цус хурсан байгаа. Үүний тогтсон тав унахаар цаана нь байгаа алх, дөш гэж нэрлэгддэг хэсэг нь гэмтсэн эсэхийг мэднэ гэсэн. Чихэн дотор тогтсон тав унахгүй, үрэвсэл явагдаж байна гээд эм ууж байна. Би Анхбаяртай эвлэрье гэж бодохгүй байна. Би энэ асуудал дээр арай өөр хандаж байгаа. Энэ хэргээс болж би нөхөртэйгээ муудалцаж, манай гэр бүл өнөөдөр салах уу, нийлэх үү гэдэг дээрээ болсон. Эмчилгээний зардалд 340,000 төгрөг хүлээн авсан. Нэмж гарсан 64,500 төгрөгийг нэхэмжилнэ. Цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжилнэ гэв.

Эрүүгийн 2017 2601 0808 дугаартай хэргээс:

Хэрэг бүртгэлтэд хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

Гэмт хэргийн нөхцөл байдлын талаарх нотлох баримтууд.

3.Хохирогч Л.Мөнхнасангийн 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдөр мэдүүлсэн:

“...2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр 18 цаг гэж ажлаа тараад 19 цаг болж байх үед Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, 14-248 тоот гэртээ ирэхэд манай нөхөр төрсөн ахынхаа хамт 2 литрийн том савтай пиво уугаад гал тогтооны өрөөнд сууцгааж байсан. Уг том пивийг уугаад дуусаж байсан. Их хэмжээний согтолттой байгаагүй. Би нөхөртөө өглөө нь байрны мөнгө болон хүүхдийн вакцин хийлгэх зэрэг ар гэрийн ажлыг хийчихээрэй гэж хэлсэн байсан. Орой ажлаа тараад ирэхэд ар гэрийнхээ ажлыг нэгийг ч хийгээгүй пиво уугаад сууж байсан болохоор нөхөртөө уурлаж хэдэн үг хэлчихээд хадам ах Анхбаяртай жирийн энгийн яриагаар танайхаар юу байна, та визнийхээ материалыг өгсөн үү зэргийг асуухад Анхбаяр ах надад зүгээр хариулсан. Тэгээд би дахин нөхрөө загнаж 4, 5 хоног архи уулаа шүү дээ гэж уурлахад хадам ах шууд хажуунаас орж ирээд “яадгийн миний дүү уугаа л биз ядарсан байна, чи миний дүүг эмнэлэгт хэвтүүлж эм тариа хийлгэж амжих уу, амжихгүй шүү дээ пизда минь, чи муу хүүхдийнхээ үсийг ч засуулчихаж чадахгүй байгаа биз дээ” гэхээр нь би үсийг нь засуулсан гээд бид хоёр хоорондоо маргалдаж байтал Анхбаяр гал тогооны сандал дээр сууж байснаа босч ирээд хараал хэлж байснаа баруун гараараа миний зүүн чих рүү цохих шиг болтол, миний толгой дүүрээд харанхуйлаад явчихаар толгойгоо дараад доошоо тонгойгоод нөхөртөө чи муу ахыгаа гарга, ахыгаа амьдралд оролцууллаа гээд хадам ахын цээж рүү зайл гээд нэг удаа түлхээд нөхөртөө уурлаж байтал юу ч хэлэлгүй шууд гараад явчихсан. Гарч явахдаа надаас уучлалт гуйгаагүй. Би цохиулчихаад хадам ах руу дайраагүй, нөхөр рүүгээ дайрсан. Тэр үед Анхбаяр ах гараад явчихсан. Би цохиулсаны дараа хадам аавтай утсаар яриад, хоёр эмэгтэй дүүгээ дуудсан. Энэ хооронд Анхбаяр ах ороод ирчихсэн харагдсан. Үүдэнд зогсож байгаад удалгүй гараад явсан байх. Манай хүүхдүүд байсан, өөр гадны хүн байгаагүй. Манай хүүхдүүд цаад жижиг өрөөнд тоглоцгоож байсан. Гал тогооны өрөөнд манай нөхөр Энхбаяр, хадам ах Анхбаяр бид гурав байсан. Сүүлд би эмэгтэй дүү Мөнхчимэг, Мөнхцэцэг нарыг дуудсан. Хадам аав Эрдэнэчимэг, хадам ээж Пэлжид, хоёр дүүгийнхээ хамт манай гэрт ирсэн. Өмнө нь Анхбаяр ахтай маргалдаж байсан зүйл байхгүй. Манай нөхөр Энхбаяр, Анхбаяр хоёр архи уухаараа агсам зантай, эрүүлдээ юм хэлдэггүй. Би чихээ “Жаргал, ЭМЖЖ эмнэлэгт үзүүлэхэд миний зүүн чихний хэнгэрэг цоорсон, судас нь тасарч цус хуралттай гэж байсан. Эмнэлгийн зүгээс хэд хоногтоо харах шаардлагатай, зарим тохиолдолд хэнгэрэг өөрөө битүүрдэг, битүүрхгүй бол хэнгэрэг нөхүүлэх хагалгаанд орох шаардлагатай гэж хэлсэн. Эмнэлэгт үзүүлсэнээс хойш миний зүүн чихний сонсгол муудаад байхаар нь санаа зовоод үзүүлэхэд цус хурсан нь тав болоод тогтсон, тав нь унахаараа ямар гэмтэл учрахыг мэдэхгүй байна. Сонсгол муудаад байгаа болохоор чихээ компьютерт харуулахад цаад талын дөрөө алх гэмтсэн байж болзошгүй, чихний хэнгэрэг байдаг, газрын мөгөөрс нь гэмтсэн байна. Хагалгаанд орж нээж үзэх шаардлагатай гэж хэлсэн. Иймд би гомдолтой байна. Эмнэлэгт үзүүлсэн болон шинжилгээ өгөхөд одоогийн байдлаар 278,000 төгрөгийн зарлага гаргасан. Үүнийг нэхэмжилж байна, цаашдаа хагалгаанд ороход хичнээн төгрөгийн зарлага гарахыг мэдэхгүй байна ...” гэх мэдүүлэг [1],

- 2017 оны 05 дугаар сарын 14-ний өдөр хохирогчоор дахин мэдүүлсэн:

“...Миний чихэн дотор үүссэн тав нь унаагүй байгаа. Уг тав нь унасны дараа, цаана нь гэмтэл учирсан эсэх нь харагдсан. Тэр үед нь харж болно гэж байгаа. Би 1 дүгээр эмнэлэгт очиж үзүүлэхэд тав нь унаад хэнгэрэг нь харагдахаар алх дөш, дөрөө гэмтсэн эсэхийг мэдэх боломжтой гээд байгаа. “ЭМЖЖ” эмнэлэг болохоор шууд нээж үзнэ гээд байгаа. Зүүн талын чих байнга дүнгэнээд байгаа, ярьж байгаа яриа муу сонсогдож байна. Мөн чимхэж үзэхэд мэдрэлгүй юм шиг байгаад байна. Би эмчийн бичиж өгсөн эм авсан. 2 ширхэг 59,500 төгрөгийн баримтаа өгмөөр байна. Би юу ч хэлээгүй нөхөртөө юм ярьж байхад бид хоёрын дундуур орж ийм асуудал болсонд Анхбаярт гомдолтой, хуулийн дагуу шийдүүлмээр байна...” гэх мэдүүлэг [2],

 

4.Гэрч Л.Мөнхчимэгийн 2017 оны 05 дугаар сарын 14-ний өдөр мэдүүлсэн:

“...Тухайн өдөр би ажлаасаа тарж гэртээ ирээд хоолоо хийгээд байж байтал орой 20 цагийн үед байх дүү Бум-Аюуштай утсаар ярьтал надад Энхбаяр ах согтуу гэртээ агсам тавиад байгаа юм биш үү гэхээр нь би эгч рүүгээ залгасан. Мөнхнасан эгч уйлчихсан “Энхбаяр агсам тавиад, Анхбаяр ах намайг алгадчихлаа” гээд уйлаад утсаар ярихаар нь гэрээсээ гараад Мөнхнасан эгчийн гэрт нь очиход хүргэн ах Энхбаяр халамцуу, эгч Мөнхнасан уйлчихсан гал тогооныхоо өрөөнд байж байсан. Би эгчээсээ юу болсон талаар асуухад ажлаа тараад ирэхэд Энхээ, Анхаа ах хоёр пиво уугаад сууж байсан. Би Энхээд хэд хоног архи уулаа гээд загнахад Анхаа ах алгадчихсан гэж хэлсэн. Гадны өөр хүн байгаагүй, намайг очиход Энхбаяр ах хаалгаа онгойлгож өгсөн. Эгч гал тогооныхоо өрөөнд байж байсан. Энхбаяр ах жаахан халамцуу байсан. Гал тогооныхоо өрөөнд сууцгааж байсан. Мөнхнасан эгчийн зүүн талын шанаа нь нилэнхүйдээ улаачихсан байсан. Би гэрт нь байж байхад Анхбаяр ах орж ирээд гал тогоонд чимээгүй сууж байсан. Тэгээд би Анхбаяр ахад та эмэгтэй хүнийг дээрэлхэж байгаа юм шиг алгадаад байхдаа яадаг юм гэж хэлэхэд харин тийм юм болчихлоо гэж хэлсэн. Өмнө нь зодуулж байсан зүйлийг мэдэхгүй байна. Эгч нөхөртөө зодуулсан гэж ганц нэг удаа хэлдэг байсан. Гэхдээ би харж байгаагүй, хүргэн ах Энхбаяр уухаараа агсам зантай, Анхбаяр ахыг би сайн мэдэхгүй нутгийн ах болон эгчийн нөхрийнх нь ах гэдгээр хальт мэднэ...” гэх мэдүүлэг [3],

 

5.Гэрч Р.Георгович Вячеславын 2017 оны 05 дугаар сарын 14-ний өдөр мэдүүлсэн:

“...Би 2006-2012 онд ЭМШУИС-ыг хүний их эмчээр суралцаж төгссөн. “ЭМЖЖ” эмнэлэгт 1 жил ажиллаж байна. 2013-2015 онд чих хамар хоолойн резидентээр төгссөнөөс хойш чих хамар хоолойн эмчээр ажиллаж байна. Би олон хүн үздэг болохоор сайн мэдэхгүй байна. Манай эмнэлгийн үзүүлсэн өвчтөний бүртгэл сүлжээнд бүртгэгдсэн байдаг. 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Л.Мөнхнасан над дээр ирж үзүүлсэн байна. Үзлэгийг харахад зүүүн талын чихний хэнгэргэн хальс цооролттой, чихний өнгөц гэмтэлтэй гэж оношилсон байна. Ямар эмчилгээ бичсэнийг санахгүй байна, ямар ч байсан дусаах эм бичсэн байна. Уг хүний чихний хэнгэргэн хальс нилээн улаалттай цус хурсан болохоор тухайн үедээ сонсголын бичлэг хийх боломжгүй, үрэвслийг дарсаны дараа ямар эмчилгээ хийх эсэх, хэнгэрэгийг нөхөх шаардлага байна уу гэдгийг шийдэх байсан. Гэхдээ уг хүн над дээр дахин ирж үзүүлээгүй байна. Зарим тохиолдолд шинэ цоорсон хэнгэрэг өөрөө нөхөн төлжих боломжтой байдаг. Хэнгэрэг цоорох олон шалтгаан байдаг. Гэхдээ Л.Мөнхнасангийн зүүн чихний зургийг харахад цоороод удаагүй шинэ гэмтэл байсан. Цус гарсан байхыг харахад цохилтоос үүссэн байх боломжтой байна. Хэнгэрэг цоорход нэг удаа цохих болон алгадахад цоорох боломжтой. Л.Мөнхнасангийн зүүн чихний зургийг харахад цус хурсан болохоор цаад талд нь байх алх дөш дөрөө зэрэг гэмтсэн эсэхийг харах боломжгүй байна. Баруун чих хэвийн байна...” гэх мэдүүлэг [4],

 

6.Э.Анхбаярын сэжигтнээр 2017 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр мэдүүлсэн:

“...2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр би гэртээ байж байхдаа цонхоор хараад байж байтал миний төрсөн дүү Энхбаяр хүүхдээ цэцэрлэгээс аваад явж байснаа намайг цонхоор харж байгааг хараад манай гэрт ороод ир, бууз хийж идье гэсэн. Манай дүүгийн гэр нь хажуугийн орцонд байдаг. Тэгээд би бага охин Мөнх-Уянгын хамт дүүгийнхээ гэр болох 14 дүгээр байрны 248 тоотод ороход Энхбаяр 3 хүүхэдтэйгээ байсан. Энхбаяр 2 литрийн том савтай пиво гаргаж ирээд надад аягалж өгсөн. Би тэр пивоноос нь 1 аяга уусан. Энхбаяр бас тэгж уусан байх. Тэгж байтал Энхбаярын эхнэр Мөнхнасан гаднаас ганцаараа орж ирээд надтай хэвийн яриа өрнүүлж надаас визний материалаа өгсөн үү гэж асуусан. Нөхөртөө болохоор архи уугаад байх юм, ямар хэцүү юм бэ гээд уурлаад загнасан. Тэгэхэд дүү Энхбаяр эхнэртээ уучлаарай гээд уучлал гуйгаад би нэг ажил олсон гэж хэлэхэд Мөнхнасан “чиний ажил хийх гэж юу байдаг юм, юу ч мэдэхгүй байж” гэхээр нь би хажуунаас нь Мөнхнасанд хандаж “чи ийм юм ярьж дандаа муулж байх юм, наадынх чинь хоолой бие нь өвдөөд, унтаж чадахгүй байгаа гэж байна. Тэрний оронд эмнэлэгт хэвтүүлж нэг тариа ч гэсэн хийлгэчихвэл яадаг юм” гээд хэлтэл “юу яриад байгаа юм, архичид минь, миний ч гэсэн бие өвдөж байна, аавын бие ч гэсэн өвдөж байгаа, бүгдээрээ эмнэлэгт хэвтмээр байна” гээд хашгичаад байхаар нь тэгээд хэвтүүлээч гэсэн чинь намайг зайл, амьдрал дундуур байнга ордог гэхэр нь би харин ч та нарт тус болчих гээд явж байна гэтэл Мөнхнасан би хүүхдийнхээ төлөө явж байна, Энхбаяр үр хүүхдийнхээ төлөө юу ч хийхгүй байна гэхээр нь чи тэгвэл амарч байх хугацаандаа хүүхдийнхээ үсийг засуулчихад яадаг юм, надад хэлсэн бол би засуулаад өгнө шүү дээ гэж хэлээд бид хоёр хоорондоо нилээн маргалдаж байхад Мөнхнасан миний урд хүрч ирж зогсоод самардах гээд байх шиг байхаар нь баруун гараараа зүүн шанаа хэсэгт нь 1 удаа зөөлөн алгадсан. Тэгтэл Мөнхнасан зөрүүлээд миний баруун зүүн нүдний доод хэсэгт 2 удаа гараараа цохисоноо, надаас зай аваад, та намайг алгадаад байхдаа яадаг юм гэсэн. Тухайн үед миний баруун гарын ядам хуруунд бөгжтэй байсан. Тэр үед манай бага охин уйлаад гал тогоонд ороод ирэхээр нь би хүүхдээ тэврээд Мөнхнасанд ах нь ямар ч байсан буруу юм хийгээд түргэдчихлээ, ахыгаа уучлаарай гэж хэлээд тэднийхээс гарч явсан. Би гэртээ орж байж байгаад 1 цаг орчмын дараа юу болж байгаа бол гэж бодоод буцаад Энхбаярынд ганцаараа ороход Мөнхнасангийн дүү Мөнхчимэг хаалга онгойлгож өгөөд “чи миний эгчийг яасан гэж зодож байгаа юм” гэснээ миний нүүрэн дундуур нэг удаа гараараа цохисон. Би юм хэлэлгүй гэрт нь ороод гал тогоонд ороход Мөнхнасангийн дүү Мөнхцэцэг бас ирчихсэн байсан. Би гал тогоонд ороод чимээгүй сууж байсан. Тэр үед Мөнхнасан, Мөнхчимэг хоёр манай дүү Энхбаяр руу дайрч хэрүүл хийгээд байсан. Энхбаяр юм хэлэлгүй дуугай сууж байсан. Тухайн үед Мөнхнасан надад хандаж юм хэлээгүй. Сууж байгаад гарахдаа дүү Мөнхцэцэгт нь бууз хийх гэж байгаад ийм хэрүүл болчихлоо гэхэд Мөнхцэцэг би мэдэхгүй байна, би анх удаа ирж байна, Энхээ ахыг сайн ханддаг гэж бодож явдаг. Манай эгч Моолой өөрөө ч гэсэн их ааштай, би гайхаж байна гэж надад хэлсэн. Мөнхнасантай өр авлага, урьдын таарамжгүй харьцаа байгаагүй. Харин ч эвтэй ойлголцдог байсан. ...” гэх мэдүүлэг [5],

-яллагдагчаар 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдөр мэдүүлсэн:

“...Би өөрийн гэм бурууг ойлгож тухайн үедээ түргэдэж болчимгүй алхам хийсэндээ гэмшиж байна. Би хохирогчид учирсан зардлуудыг бүгдийг нь төлөх болно. Одоогоор гарсан зардлыг нь төлсөн. Мөн өөрийн бурууг ойлгож хохирогчоос удаа дараа уучлалт гуйсан...” гэх мэдүүлэг [6],

 

7.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 5013 дугаар актын:

 “...1.Мөнхнасангийн биед зүүн чихний хэнгэргэн хальсанд цоорол, цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхггүй.

5.Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна. /шинжээч Т.Номинцэцэг/. ...” гэсэн дүгнэлт [7],

 

8.Хохирогч Л.Мөнхнасангийн эмчилгээний төлбөр нэхэмжилсэн баримтууд [8],  компьютер томографийн шинжилгээ хийлгэсэн оношилгооны баримт [9], “ЭМЖЖ” эмнэлэгт 2017 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр үзүүлсэн тухай карт, чихний сонсгол шалгуулсан тухай баримт [10], хэрэг бүртгэлтэд Э.Анхбаяраас 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдөр 340,000 төгрөг түр хураан авсан тэмдэглэл [11], Л.Мөнхнасанд хүлээлгэн өгсөн тэмдэглэл [12], 2017 оны 6 дугаар сарын 6-ны өдөр 64,450 төгрөг Л.Мөнхнасанд хүлээлгэн өгсөн тэмдэглэл,

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд

 

9.Гэрч Ч.Отгонбаярын 2017 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр мэдүүлсэн:

“...Миний нөхөр Анхбаяр янз бүрийн зан ааш, авир гаргадаггүй. Дөлгөөхөн, түргэн ааштай биш, архи дарс уугаад байдаггүй, зохих түвшинд хэрэглэдэг. Хэрэглэсэн үедээ ааш авир гаргадаггүй, дуугай хүн байгаа юм. Арван жилийн сургуулиа Архангай аймгийн Хотонт сумын суургуулийг төгсөөд, ХААИС-д 1994-1998 онд механик инженер мэргэжлээр төгссөн. Сургуулиа төгсөөд цагдаагийн байгууллагад хоёр жил гаруй ажиллаж байгаад өөрийн хүсэлтээр гараад хувийн юм эрхэлдэг байсан...” гэх мэдүүлэг [13],

 

10. Цагдаагийн ерөнхий газраас гаргасан 2017 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн Э.Анхбаярын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан лавлагаа [14], Э.Анхбаярын ХААИС-ийг төгссөн диплом, түүний хүүхдүүдийн төрсний гэрчилгээ, гэрлэлтийн лавлагаа зэргийн хуулбар болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн ба, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үзлээ.

 

Шүүхийн хууль зүйн дүгнэлт.

Нэг.Шүүгдэгч Э.Анхбаяр нь 2017 оны 04 дүгээр сарын 10-ны орой 19 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт, 14-р байрны 248 тоотод өөрийн төрсөн дүүгийн эхнэр болох бэр Л.Мөнхнасантай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар гараараа цохиж, иргэн Л.Мөнхнасангийн биед зүүн чихний хэнгэргэн хальсанд цоорол, цус хуралт бүхий хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь :

-хэрэг бүртгэлтэд хохирогч Л.Мөнхнасангийн 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдөр мэдүүлсэн: “...тэр орой ажлаа тараад ирэхэд ар гэрийнхээ ажлыг нэгийг ч хийгээгүй пиво уугаад сууж байсан болохоор нөхөртөө уурлаж хэдэн үг хэлсэн. Тэгээд би дахин би ...нөхрөө загнаж 4, 5 хоног архи уулаа шүү дээ гэж уурлахад хадам ах шууд хажуунаас орж ирээд “яадгийн миний дүү уугаа л биз ядарсан байна, чи миний дүүг эмнэлэгт хэвтүүлж эм тариа хийлгэж амжих уу, амжихгүй шүү дээ пизда минь, чи муу хүүхдийнхээ үсийг ч засуулчихаж чадахгүй байгаа биз дээ” гэхээр нь би үсийг нь засуулсан гээд бид хоёр хоорондоо маргалдаж байтал Анхбаяр гал тогооны сандал дээр сууж байснаа босч ирээд хараал хэлж байснаа баруун гараараа миний зүүн чих рүү цохих шиг болтол, миний толгой дүүрээд харанхуйлаад явчихаар толгойгоо дараад доошоо тонгойгоод нөхөртөө чи муу ахыгаа гарга, ахыгаа амьдралд оролцууллаа гээд хадам ахын цээж рүү зайл гээд нэг удаа түлхээд нөхөртөө уурлаж байтал юу ч хэлэлгүй шууд гараад явчихсан. ...” гэх мэдүүлэг [15], 2017 оны 05 дугаар сарын 14-ний өдөр хохирогчоор дахин мэдүүлсэн мэдүүлэг [16], түүний шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг,

-гэрч Л.Мөнхчимэгийн 2017 оны 05 дугаар сарын 14-ний өдөр мэдүүлсэн:  “...Мөнхнасан эгч уйлчихсан Энхбаяр агсам тавиад Анхбаяр ах намайг алгадчихлаа гээд уйлаад утсаар ярьсан. ...Би эгчээсээ юу болсон талаар асуухад ажлаа тараад ирэхэд Энхээ, Анхаа ах хоёр пиво уугаад сууж байсан. Би Энхээд хэд хоног архи уулаа гээд загнахад Анхаа ах алгадчихсан гэж хэлсэн. ...” гэх мэдүүлэг [17],

-гэрч Р.Георгович Вячеславыг 2017 оны 05 дугаар сарын 14-ний өдөр мэдүүлсэн:

“...2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Л.Мөнхнасан над дээр ирж үзүүлсэн байна. Үзлэгийг харахад зүүн талын чихний хэнгэргэн хальс цооролттой, чихний өнгөц гэмтэлтэй гэж оношилсон байна. ...Уг хүний чихний хэнгэргэн хальс нилээн улаалттай цус хурсан болохоор тухайн үедээ сонсголын бичлэг хийх боломжгүй, үрэвслийг дарсаны дараа ямар эмчилгээ хийх эсэх, хэнгэрэгийг нөхөх шаардлага байна уу гэдгийг шийдэх байсан. Л.Мөнхнасангийн зүүн чихний зургийг харахад цоороод удаагүй шинэ гэмтэл байсан. Цус гарсан байхыг харахад цохилтоос үүссэн байх боломжтой. Хэнгэрэг цоорход нэг удаа цохих болон алгадахад цоорох боломжтой. Л.Мөнхнасангийн зүүн чихний зургийг харахад цус хурсан болохоор цаад талд нь байх алх дөш дөрөө зэрэг гэмтсэн эсэхийг харах боломжгүй...” гэх мэдүүлэг [18],

-шүүгдэгч Э.Анхбаярын сэжигтнээр 2017 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр мэдүүлсэн “...Энхбаярын эхнэр Мөнхнасан гаднаас ганцаараа орж ирээд ...нөхөртөө ...архи уугаад байх юм, ямар хэцүү юм бэ гээд уурлаад загнасан. Тэгэхэд дүү Энхбаяр эхнэртээ уучлаарай гээд уучлал гуйгаад би нэг ажил олсон гэж хэлэхэд Мөнхнасан “чиний ажил хийх гэж юу байдаг юм, юу ч мэдэхгүй байж” гэхээр нь би хажуунаас нь Мөнхнасанд хандаж “чи ийм юм ярьж дандаа муулж байх юм, наадынх чинь хоолой бие нь өвдөөд, унтаж чадахгүй байгаа гэж байна. Тэрний оронд эмнэлэгт хэвтүүлж нэг тариа ч гэсэн хийлгэчихвэл яадаг юм” гээд хэлтэл “юу яриад байгаа юм, архичид минь, миний ч гэсэн бие өвдөж байна, аавын бие ч гэсэн өвдөж байгаа, бүгдээрээ эмнэлэгт хэвтмээр байна” гээд хашгичаад байхаар нь тэгээд хэвтүүлээч гэсэн чинь намайг зайл, амьдрал дундуур байнга ордог гэхэр нь би харин ч та нарт тус болчих гээд явж байна гэтэл Мөнхнасан би хүүхдийнхээ төлөө явж байна, Энхбаяр үр хүүхдийнхээ төлөө юу ч хийхгүй байна гэхээр нь чи тэгвэл амарч байх хугацаандаа хүүхдийнхээ үсийг засуулчихад яадаг юм, надад хэлсэн бол би засуулаад өгнө шүү дээ гэж хэлээд бид хоёр хоорондоо нилээн маргалдаж байхад Мөнхнасан миний урд хүрч ирж зогсоод самардах гээд байх шиг байхаар нь баруун гараараа зүүн шанаа хэсэгт нь 1 удаа зөөлөн алгадсан. ...” гэх мэдүүлэг [19], түүний шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн  5013 дугаар акт, дүгнэлт [20] зэрэг бичгийн нотлох баримтаар  нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Анхбаяр нь 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр бэр дүү Л.Мөнхнасанг зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулсан гэм буруугийн талаар маргаагүй.

Тус хэрэг маргаан нь хохирогч Л.Мөнхнасан нөхөр Э.Энхбаярыг олон хоног архи уулаа гэх шалтгаанаар уурлахад түүний нөхрийн төрсөн ах болох Э.Анхбаяр нь дүүгээ өмөөрч, чи миний дүүг бие нь өвдөж байхад эмнэлэгт үзүүлсэнгүй, хүүхдийнхээ үсийг засуулсангүй гэж маргалдаж, тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харьцааны улмаас Л.Мөнхнасанг зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулсан байх тул хувийн сэдэлтээр хэргийг зүйлчилж ирүүлснийг зөв гэж үзнэ.

Иймд шүүгдэгч Э.Анхбаярыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж шүүх дүгнэв.

 

Хоёр. Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар.

Тус гэмт хэргийн улмаас хохирогч Л.Мөнхнасангийн биед хөнгөн гэмтэл учирсан байх бөгөөд хохирогч шүүх эмнэлэгт үзүүлсэн төлбөр 3,000 төгрөг, “ЭМЖЖ” эмнэлэгт шинжилгээ хийлгэсний төлбөр 70,000 төгрөг, үзлэгийн төлбөр 25,000 төгрөг, 140,000 төгрөг, чихний үзлэгийн төлбөр 20,000 төгрөг, сонсголын бичлэг хийлгэсэн төлбөр 10,000 төгрөг, эм худалдан авсан 13,125 төгрөг, 32,500 төгрөг,  27,000 төгрөгийн баримтуудыг хэрэг бүртгэлтэд, шүүх хуралдаанд шинээр эм худалдан авсан гэх 64,550 төгрөгийн баримтыг тус тус хэрэгт ирүүлсэн байх ба эдгээрийн үнийн дүн нь 405,175 төгрөг болж байна.

Үүнээс шүүгдэгч Э.Анхбаяр нь хохирогч Л.Мөнхнасангийн эмчилгээний зардалд мөрдөн байцаалтад 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдөр 340,000 төгрөг, шүүх хуралдааны явцад 64,450 төгрөг, нийт 405,175 төгрөгийг нөхөн төлсөн байх буюу баримтаар нэхэмжилсэн төлбөрийг нөхөн төлсөн, энэ тогтоолоор хохирогчид төлөх төлбөргүй байна.

Харин хохирогч Л.Мөнхнасан нь энэ хэргийн улмаас учирсан цаашид гарах зардлаа нэхэмжилнэ гэх тул энэ талаар тогтоолд дурдах нь зүйтэй байна.

 

Гурав. Шүүгдэгчийн хувийн байдлын талаар.

ЦЕГ-ын МНБТ-ын 2017 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн лавлагаагаар шүүгдэгч Э.Анхбаяр нь санд бүртгэгдээгүй буюу ял шийтгэлгүй байна.

Шүүхээс шүүгдэгч Э.Анхбаярт ял оногдуулахдаа анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас хохирогч Л.Мөнхнасанд учирсан гэм хорын хохирлыг сайн дураараа нөхөн  төлсөн зэргийг  хөнгөрүүлэх, согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдснийг хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д яллагдагч, шүүгдэгч нь Эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэргийг анх удаа үйлдсэн бөгөөд учруулсан хохирлоо бүрэн төлсөн, гэм хорыг арилгасан нөхцөлд хохирогч нь яллагдагч, шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн бол хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж,

-Эрүүгийн хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1-д хөнгөн гэмт хэрэг анх удаа үйлдсэн гэм буруутай этгээд хохирогчтой сайн дураараа эвлэрсэн бөгөөд учруулсан хохирлоо бүрэн төлсөн, гэм хорыг арилгасан бол түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болно гэж тус тус заасан.

Дээрх хуулийн заалтын агуулга шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлыг нөхөн төлсний дараа хохирогчоос шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрэх санал, хүсэлтийг илэрхийлвэл хохирогч, шүүгдэгч нарыг эвлэрсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгох тухай ба тус хэргийн хохирогч Л.Мөнхнасан нь шүүгдэгч Э.Анхбаяртай эвлэрэх бодолгүй байна гэж шүүх хуралдаанд мэдүүлсэн, эвлэрэх санал, хүсэлтийг гаргаагүй тул шүүх шүүгдэгчид Эрүүгийн хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсгийг тус тус хэрэглэх хууль зүйн үндэслэлгүй болно.

Мөн шүүгдэгчийн өмгөөлөгчөөс өмгөөллийн үйл ажиллагаандаа шүүгдэгч Э.Анхбаярт торгох ял оногдуулж өгнө үү гэсэн саналыг гаргасан.

Шүүх хуралдаанд шүүгдэгч Э.Анхбаяр нь 2013 онд БНСУ-д ажиллаж байгаад нурууны суулт өгсөн гэх өвчний улмаас Улаанбаатар хотод ирсэн бөгөөд үүнээс хойш ажил хийгээгүй, нурууны өвчний улмаас ажил хийх боломжгүй. Иймд манай гэр бүлийн орлого эхнэрийн нэг сарын цалин 500,000 төгрөг, энэ орлогоор тус гэр бүл амьдардаг гэж, мөн хөдөө миний эцэг, эх дээр миний мэдлийн  бод, бог мал байдаг, гэхдээ миний нэр дээр бүртгэлгүй гэж мэдүүлсэн.

Иймд шүүгдэгч Э.Анхбаяр нь эрхэлсэн тодорхой ажилгүй, улмаар өөрийнхөө хөдөлмөрлөсөн ажлын үр дүнд бий болгосон сарын орлоготой гэх баримтгүй байх тул түүнд торгох ял оногдуулах боломжгүй байна.

Шүүх нь шүүгдэгчид ял оногдуулахдаа шүүгдэгчийн хувийн байдал, бусад нөхцөл зэргийг харгалзан ялыг сонгож оногдуулах бөгөөд шүүгдэгч Э.Анхбаярт баривчлах ял оногдуулахаар шийдвэрлэв.

 

Дөрөв.Бусад асуудлаар.

Энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримт үгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, шүүгдэгч Э.Анхбаяр нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Эрүүгийн Байцаан Шийтгэх Хуулийн 246 дугаар зүйлийн 246.1, 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 295, 296 дугаар зүйлийн 296.1, 297 дугаар зүйлийн 297.1.1, 297.1.2, 297.1.3, 297.1.4, 298 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь :

 

1.Шүүгдэгч Боржигин овгийн Эрдэнэчимэгийн Анхбаярыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Шүүгдэгч Эрдэнэчимэгийн Анхбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 1 (нэг) сарын хугацаагаар баривчлах ял шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Анхбаярт оногдуулсан баривчлах ялыг тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан эдлүүлсүгэй.

 

4.Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, хураагдсан эд мөрийн баримт үгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, Э.Анхбаяр нь хохирогч Л.Мөнхнасанд энэ тогтоолоор төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

5.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 122 дугаар зүйлийн 122.3 дахь хэсэгт зааснаар хохирогч Л.Мөнхнасан нь цаашид гарах гэм хорын зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэйг мэдэгдсүгэй.

 

6.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Э.Анхбаярт урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний эдлэх ялыг 2017 оны 06 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

7.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор нь эсэргүүцэл бичих эрхтэй.

 

8.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, ялтан Э.Анхбаярт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                       Т.АЛТАНТУЯА

 

 


[1] Хавтаст хэргийн 10-11 дүгээр тал.

[2] Хавтаст хэргийн 12-13 дугаар тал.

[3] Хавтаст хэргийн 16-17 дугаар тал.

[4] Хавтаст хэргийн 20-21 дүгээр тал.

[5] Хавтаст хэргийн 41-42 дугаар тал.

[6] Хавтаст хэргийн 46 дугаар тал.

[7] Хавтаст хэргийн 24 дүгээр тал.

[8] Хавтаст хэргийн 28-30 дугаар тал.

[9] Хавтаст хэргийн 31-33 дугаар тал.

[10] Хавтаст хэргийн 32-37 дугаар тал.

[11] Хавтаст хэргийн 50 дугаар тал.

[12] Хавтаст хэргийн 51 дүгээр тал.

[13] Хавтаст хэргийн 14-15 дугаар тал.

[14] Хавтаст хэргийн 47 дугаар тал.

[15] Хавтаст хэргийн 10-11 дүгээр тал.

[16] Хавтаст хэргийн 12-13 дугаар тал.

[17] Хавтаст хэргийн 16-17 дугаар тал.

[18] Хавтаст хэргийн 20-21 дүгээр тал.

[19] Хавтаст хэргийн 41-42 дугаар тал.

[20] Хавтаст хэргийн 24 дүгээр тал.