Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 03 сарын 11 өдөр

Дугаар 2021/ДШМ/245

 

 

 

 

 

 

   2021            03            11                                         2021/ДШМ/245  

 

Ч. Б-өд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч О.Чулуунцэцэг даргалж, шүүгч Ц.Оч, Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Г.Баярмаа,

шүүгдэгч Ч.Б-,

нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нарыг оролцуулан,

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Болдбаатар даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 1 дүгээр сарын 5-ны өдрийн 2021/ШЦТ/15 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ч.Б-ийн гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох 2009017761396 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 2 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Б-,

 

Ч.Б- нь 2020 оны 6 дугаар сарын 9-ний өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Улаанбаатар Сонгдо” эмнэлгийн орчим Э.Э-тай “машин ачлаа” гэх шалтгаанаар маргалдан улмаар түүнийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

 Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Ч.Б-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч

Б-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгийн торгох ялаар шийтгэж, торгох ялыг 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Ч.Б- нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг түүнд анхааруулж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ч.Б-өөс 155.000 төгрөгийг гаргуулан хохирогч Э.Э-д олгож, шүүгдэгч Ч.Б-өд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Ч.Б- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...анхан шатны шүүхээс намайг 1000 нэгж буюу 1.000.000 төгрөгөөр торгосныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон хувь хүний хөрөнгө болох “Toyota prius загварын 000000улсын дугаартай тээврийн хэрэгслийг ачсан ачигч Э.Э-тай маргалдаж зодолдсон нь камерын бичлэгээс ил харагддаг. Би тухайн хүнийг зодоогүй талаар бичлэгт байгаа. Цагдаа, прокурор нь хохирогч Э.Э-тай уулзуулаагүй, утасны дугаарыг нь ч өгөөгүй. Хохирогч Э.Э- “шүүх дээр асуудал гарна гэж бодоогүй, энэ хүнд гомдолгүй” гэж хэлсэн. Мөн миний ар гэрийн нөхцөл байдлыг харгалзан торгох ялын хэмжээг багасгаж өгнө үү. ...” гэв.

 

Прокурор Г.Баярмаа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...шүүгдэгч Ч.Б-ийн үйлдсэн гэмт хэрэг нь хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн хохирогч Э.Э-, гэрч  Б.Түвшинтөр, Б.Базарваань нарын мэдүүлэг болон камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон. Анхан шатны шүүхээс Ч.Б-өд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэсэн нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдалд тохирсон гэж үзэж байна. Иймд шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

 

Шүүгдэгч Ч.Б- нь 2020 оны 6 дугаар сарын 9-ний өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Улаанбаатар Сонгдо” эмнэлгийн орчим хохирогч Э.Э-тай “машин ачлаа” гэх шалтгаанаар маргалдан улмаар түүний зүүн талын шанаа хэсэгт гараараа 1-2 удаа цохиж, толгойгоор нь төмөр хашаа мөргүүлэх зэргээр зодож, эрүүл мэндэд нь тархи доргилт, зүүн чамархай, дагзны хуйхны зөөлөн эдийн няцрал, хүзүүний зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

хохирогч Э.Э-ы “...би Сонгдо эмнэлгийн гаднаас урсгал сөрж тавьсан Toyota prius 20 загварын 000000 улсын дугаартай тээврийн хэрэгслийг түр саатуулах байр луу зөөж шилжүүлэхэд бичлэг болон мэдээгээ өгөөд туслахын үүрэг гүйцэтгэж байсан. 10 орчим минутын дараа тухайн машины эзэн гэх 50 орчим насны эрэгтэй хүн гарч ирээд хаашаа явсан юм бэ гээд хаяг болон утасны дугаарыг асуухаар нь би ТС5 гэсэн журмын хашаа руу явсан гээд утасны дугаарыг нь хэлэхэд тэр ах намайг шууд боож аваад чи миний машиныг хулгай хийлээ гээд миний зүүн талын шанаа хэсэгт 1-2 удаа гараараа цохиж, заамдсан чигээрээ хойд талын төмөр хашааг түлхэж мөргүүлсэн. ...” /хх 11-12/,

гэрч Б.Т-ийн “...Сонгдо эмнэлгийн урд талд машин ачилгын туслах залуу болон машинаа ачуулсан гэх хүнтэй маргалдсан байдалтай байсан ба машинаа ачуулсан гэх ах би өвчин зовлонтой байхад эд нар харж байгаад миний машиныг ачлаа гээд маргалдаж байсан...ачигч залуу хэлэхдээ энэ ах намайг цохиж зодсон гомдолтой байна гэсэн. ...” /хх 18/,

гэрч Б.Б-ийн ...машин ачилтын туслах залуу болон машинаа ачуулсан гэх 50 орчим насны хүнтэй маргалдсан байдалтай байсан ба машинаа ачуулсан гэх ах би яарч сандраад, өвчин зовлонтой байхад эд нар харж байгаад миний машиныг ачлаа гээд маргалдаж байсан. Ачигч залуугаас санал гомдол байна уу гэхэд гомдолтой байна гэсэн... хүзүү хэсэг нь жаахан улайсан байсан. ...” /хх 19/ гэсэн мэдүүлгүүд,

 

“...Э.Э-ы биед тархи доргилт, зүүн чамархай, дагзны хуйхны зөөлөн эдийн няцрал, хүзүүний зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан болохыг тогтоосон. ...” Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 6820 дугаартай дүгнэлт /хх 22-23/,

“...Сонгдо эмнэлгийн урд байрлах автомашины замын 1 дүгээр эгнээнд тавьсан хүрэн саарал өнгийн Toyota prius 20 загварын автомашиныг түр саатуулах газрын ачигч машин авч явсан байх ба тухайн тээврийн хэрэгслийн эзэмшигч хар өнгийн пиджак цагаан өнгийн цамцтай гарч ирж тухайн тээврийн хэрэгсэл зогсож байсан байранд очиж түр саатуулах байгууллагын ажилтантай муудалцаж хоорондоо барилцаж, тээврийн хэрэгслийн эзэмшигч ачилгын байгууллагын ажилтныг цамцаар нь боож хашаа руу түлхэж байх ба 2 залууг барилцаж байхад цагдаагийн алба хаагч салгаж, тээврийн хэрэгслийн эзэмшигч салаад зам гараад явсан, цагдаагийн байгууллагын хөдөлгөөнт тээврийн хэрэгсэл ирэхэд Toyota prius 20 загварын автомашины эзэмшигч ачилгын байгууллагын залууг араас нь гараараа нударч, хөлөөрөө цохиж байв. ...” гэсэн камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 43/ зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба уг нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Ч.Б-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

 

Шүүгдэгч Ч.Б-ийн хохирогч Э.Э-ыг “машин ачлаа” гэх шалтгаанаар  маргалдан түүний зүүн талын шанаа хэсэгт гараараа 1-2 удаа цохиж, толгойгоор нь төмөр хашаа мөргүүлэх зэргээр эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

Харин анхан шатны шүүхээс шүүгдэгч Ч.Б-өд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгийн торгох ял оногдуулсныг давж заалдах шатны шүүхээс түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал /эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 11 , эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг/ зэргийг харгалзан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял болгон хөнгөрүүлэхээр шийдвэрлэв.

 

Иймд шүүгдэгч Ч.Б-ийн “...торгох ялын хэмжээг багасгаж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авч, дээр дурдсан үндэслэлээр шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт зохих өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтуудыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 1 дүгээр сарын 5-ны өдрийн 2021/ШЦТ/15 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй. …” гэснийг “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч Б-ийг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй. …” гэж,

3 дахь заалтыг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Б-өд оногдуулсан 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгийн торгох  ялыг 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, уг ялын хэрэгжих хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс тоолсугай. ...” гэснийг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Б-өд оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн торгох  ялыг 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, уг ялын хэрэгжих хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс тоолсугай. ...” гэж тус тус өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             О.ЧУЛУУНЦЭЦЭГ

 

                        ШҮҮГЧ                                                                    Ц.ОЧ

 

                        ШҮҮГЧ                                                                    Л.ДАРЬСҮРЭН