| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баярсайханы Ундраа |
| Хэргийн индекс | 101/2016/06467/И |
| Дугаар | 101/ШШ2018/02092 |
| Огноо | 2018-06-13 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 06 сарын 13 өдөр
Дугаар 101/ШШ2018/02092
| 2018 оны 06 сарын 13 өдөр | Дугаар 101/ШШ2018/02092 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж, шүүгч Д.Золзаяа, Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 3 дугаар хороо, 12 дугаар хороолол, 7а байр, 1 тоотод оршин суух, Олных овогт Шаарийбуугийн Гэрэлтуяа /регистрийн дугаар: /,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 15 дугаар хороо, 7 дугаар хороолол, 41-16 тоот хаягт оршин суух, Олонууд овогт Шаарийбуугийн******* /регистрийн дугаар: / нарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 15 дугаар хороо, 7 дугаар хороолол, 41-20 тоот хаягт оршин суух, Олохонууд овогт Гэндэнгийн******* /регистрийн дугаар: /,
Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, Гялс төвийн зүүн талд 9, 10 дугаар байрны дунд байрлах ОСНААУГ болон
Гуравдагч этгээд: Баянзүрх дүүрэг, 7 дугаар хороо, 15 дугаар хороолол, 37 б байр, 0 тоот хаягт байрлах******* СӨХ-д тус тус холбогдох,
Гэм хорын хохиролд 3,674,387 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ш.Гэрэлмаагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ганцэцэг, хариуцагч Г.Хандсүрэнгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Эрдэнэбилэг, хариуцагч ОСНААУГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Гансүх, Г.Загдсүрэн, Ж.Батхүү, иргэдийн төлөөлөгч Ц.Отгонбаатар, гэрч Д.Ганзоригт, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сэндэнхорол нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ш.Гэрэлмаа, ******* нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ганцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2016 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр иргэн *******гийн өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 7 дугаар хороо, 15 дугаар хороолол, 41 дүгээр байрны 16 тоот хаягт байрлах орон сууцанд Баянзүрх дүүрэг, 15 дугаар хороо, 7 дугаар хороолол, 41-20 тоот хаягт буюу 5-н давхарт байрлах Г.Хандсүрэн гэх айлаас халуун усны шугам гэмтэж их хэмжээгээр ус алдагдсанаас доод 4, 3 болон 2 давхрын айлууд руу ус гоожсон. 41-16 тоот нь 41-20 тоотын яг доод талын айл бөгөөд бүхэлдээ усанд автаж маш их хэмжээний хохирол амссан.
Ус алдсанаас үүдэн нэхэмжлэгчийн орон сууцны цахилгаан монтаж гэмтсэн, бүх шалны паркетууд сэртийж, паркет хоорондын зай үүссэн, бүх өрөөний обойнууд хууларсан, хана тааз халтартаж шарласан, ариун цэврийн өрөөний плитанууд хөндийрсөн, бэлэг дурсгалын сувенир норж цүлхийсэн, усан будгаар будсан зураг усанд нүүж халтартсан гутал хувцаснууд норж шарлаж өнгөө алдсан, буйдан, хивс норж халтартсан, их хэмжээний ном дэвтэр норж хэрэглэгдэх боломжгүй болсон. Мөн хананд өлгөөтэй байсан 48 инчийн Сони маркийн лед зурагт руу ус орсны улмаас инвертор нь хөхөрч зэвэрч ажиллагаагүй болсон нь BSB-ийн албан ёсны электрон бараа засварын газраар оношлогдсон. Энэ инвертор хэмээх детал нь одоогоор байхгүй байгаа, захиалбал 45-60 хоногийн дараа ирнэ гэсэн хүлээлтийн байдалтай байна. Мөн хана тааз их хэмжээгээр норсны улмаас цахилгааны монтаж гэмтлийг 15 хоног хана таазыг хаттал хүлээх шаардлагатай гэсэн дүгнэлтийг ХҮТ-2 хийж гал тогооны өрөөний цонхоор түр цахилгааны утас оруулж өгсөн ба тухайн байранд гэрэл байхгүй бага насны хүүхэдтэй учир амьдрах боломжгүй байсан.
Одоо байшингаас нил чийг үнэртэж, хүн амьдрах боломжгүй бөгөөд бүтэн засвар хийх шаардлагатай болсон. Ингээд дээд айл буюу 41-20 тоот Г.Хандсүрэнд гомдол мэдүүлэхэд ОСНААУГазрын Хэрэглэгчдэд үйлчлэх төв 2-ын буруутай үйл ажиллагаанаас үүдэн болсон тул ХҮТ-дөө ханд гэсэн. ХҮТ-2 нь Хаан даатгалд даатгуулсан байсан бөгөөд Хаан даатгалд материалаа бүрдүүлж өгөхөд ...мэргэжлийн хариуцлага алдсан нь тогтоогдохгүй байх тул нөхөн төлбөр олгохоос татгалзаж байна гэсэн хариуг өгсөн. Иймд даатгалаас хохирлоо барагдуулах ямар ч боломжгүй болсон. Ингээд нэхэмжлэгчийн зүгээс Итгэлт-Эстимэйт ХХК бизнес, үл хөдлөх, хөдлөх хөрөнгийн үнэлгээ, зөвлөгөө үйлчилгээний компанид хандаж ус алдсаны улмаас учирсан хохирол үнэлгээ хийлгэсэн. Итгэлт -Эстимейт ХХК нь 2016 оны 5 дугаар сарын 6-ны өдөр үнэлгээгээр 3,554,387 төгрөгийн хохирлын үнэлгээ гарсан. Мөн үнэлгээ хийсний төлбөрт 120,000 төгрөг авсан. Дээрх хохирлыг хариуцагч нараас бүрэн барагдуулж авах хүсэлтэй байна. Дээрх хохирлын тооцоонд цахилгааны монтаж засуулсны зардлыг оруулаагүй болно. Иймд Г.Хандсүрэн болон ОСНААУГазраас тус тус ус алдсаны улмаас учирсан хохиролд 3,554,387 төгрөг, үнэлгээ хийлгэсний төлбөрт 120,000 төгрөг нийт 3,674,387 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******, Ш.Гэрэлмаа нарт олгуулна уу гэв.
Хариуцагч Г.Хандсүрэн шүүхэд гаргасан тайлбартаа: Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо 41-20 тоотод оршин суугч Г.Хандсүрэн миний бие Хэрэглэгчдэд үйлчлэх төвийн байцаагчийн шаардсаны дагуу 2016 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр тус төвийн засварчнаар халуун хүйтэн усны тоолуураа баталгаажуулахаар авснаас шалтгаалж халуун усны труба хагарч ус алдан Хэрэглэгчдэд Үйлчлэх төвийн диспетчерт яаралтай дуудлага өгсөн боловч 1 цаг 58 минут болж байж арай гэж ирсэн засварчин Отгондаваа архи уусан байсан. Яаралтай дуудлага өгсөөр байтал ингэж их цаг алдаж, хариуцлагагүй хандсан. Тухайн өдрийн ээлжийн инженер Одгэрэл диспетчерийг орлож байсан Загдсүрэн, засварчин нар хэтэрхий хариуцлагагүй хандсанаас манайх, манай доод давхрын айл болох *******гийнд хохирол учирсан. Энэ талаар ХҮТ-ийн захиргаанд гомдол гаргасан боловч, тэтгэврийн хөгшин намайг үл тоож, ямар ч арга хэмжээ аваагүй акт ч гаргаж өгөөгүй. Иймээс *******гийн гаргасан хохирлыг би төлөх үндэслэлгүй гэж үзэж байна.
1. ХҮТ-ийн инженер, диспетчир нар дуудлаганд хайнга, хариуцлагагүй хандсан.
2. Диспетчер, засварчин ажлын цагаар архидан согтуурснаас их цаг алдсан.
3. Анх тоолуур тавихад шаардагдах эд зүйлсийг уг орон сууцны контороос гаргаж хийсэн. Би хямд чанаргүй эдээр хийснээс зэвэрч муудсан байсан нь ус алдахад нөлөөлсөн гэж үзэж байна.
4. 2016 оны 11 дүгээр сард халаалт доголдож шугам салахад иргэн *******г дуудсан боловч ирээгүйгээс труба солиход ирсэн засварчид ажлаа дутуу орхисон. ХҮТ-рүү ажлаа гүйцээхийг шаардсан боловч зохих арга хэмжээг аваагүй зэргээс энэ асуудал гарсан гэж үзэж байна. Иргэн ******* болсон явдлыг хэт хөөргөж, дэндүү их мөнгө нэхэж байгаа тул болсон явдлыг үнэн зөв шийдэж өгнө гэж найдаж байна.
2016 оны 4 дүгээр сарын 27-ны ус алдсан өдөр ирсэн эрх бүхий мэргэжлийн этгээдийн үйлдсэн Актыг надад албан ёсоор танилцуулж гарын үсэг зуруулаагүй. Уг актад хаанаас ус гоожиж, аль өрөөний хэдэн кв метр талбай, ямар хэмжээнд тарсан, үүнээс болж ямар хэмжээний хохирол учирсныг тооцон үнэлж, схемчлэн зурж баталгаажуулаагүй.
Чухам юунаас болж ус гоожих болсон шалтгааныг үнэн зөвөөр тогтоож актад үндэслэлтэйгээр зураглан тусгаагүй. Ер нь шүүх ажиллагааг явуулахдаа зөвхөн хохирогчийн хэлсэн үг, гаргасан өргөдлийг баримтлан хариуцагч миний инженерийн шугам сүлжээний талаарх мэдлэггүй байдлыг ашиглан болсон үйл явдлын бодит үнэнийг нотлон илчилж чадахгүй нэг талын гомдлыг хэт баримтлан шийдвэр гаргасныг би хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй гэж эсэргүүцэж байна.
Тэгвэл бодит байдал ямар байсан бэ гэдэгт хариулт өгч байгааг минь соёрхон болгооно уу.
1. Тэр өдөр манайхан ямар ч ус алдаагүй байхад тус конторын ажилтан манайд ирж усныхаа тоолуурыг баталгаажуул гэсэн шаардлага тавьсан.
2. Тэгээд мэргэжлийн засварчин тоолуур авч өгөөд шалгуулан баталгаажуул гэснийг би иргэнийхээ үүрэг хариуцлагын дагуу хүлээн зөвшөөрч зааж өгсөн мэргэжлийн албанд хүргэж өгсөн.
3. Гэтэл усны тоолуур авсан хаалтны араас ус гоожиж эхэлсэн.
4. Энэ бүгдийг тунгаан бодвол манай сууцнаас ус алдсан шалтаг, шалтгаан надад ямар ч хамаагүй болох нь тодорхой байгаа юм.
5. Өөрөөр хэлбэл би сууц өмчлөгч болох иргэнийхээ үүрэг, хариуцлагын мэргэжлийн байгууллагын зүгээс тавьсан шаардлагын дагуу гүйцэтгэсний төлөө надаас үл хамаарах байдлаар бусдад учирсан хохирол буюу төлбөр төл гэсэн шийдвэрийг хүлээн зөвшөөрөх ямар ч үндэслэл байхгүй гэж үзэж байна.
6. Зальтай, овсгоотой, аливаа үйлдлийг далимдуулан завшдаг, техникийн боловсролгүй гэнэн иргэнийг гэнэдүүлж хохироодог тийм шийдвэр гаргах хууль эрх зүйн үндэслэл, хууль байхгүй гэдэгт би итгэж энэхүү гомдлыг гаргаж байна.
Жич: Тухайн үед зөвхөн том өрөө, ванн, коридорт ус алдаж би өөрийн чадах хирээр ус алдалтыг багасгах арга хэмжээг авсан. Хоёр жижиг өрөө, том өрөөний урд хэсэг усанд автаагүй, шалгасан бол тодорхой байгаа. Тухайн үед бага хохиролтой байсан. Ашиглалтын хугацаа дууссан, хуучин нэгдсэн байр шинжээчийн дүгнэлт хэтэрхий өрөөсгөл, үндэслэлгүй учир ямар ч төлбөр төлөх үндэслэлгүй гэжээ.
Хариуцагч Г.Хандсүрэнгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Эрдэнэбилэг шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Фото зургийг үзсэн. Тэр зураг энэ айлын зураг мөн эсэх нь эргэлзээтэй байсан. Хананы цаасыг хуулж авсан фото зургийг харахад тэнд шарласан зүйл харагдаагүй. Засвар хийх гээд хуулсан байгаа зураг харагдсан. Мөнгө нэхдэг. Ийм төрлийн маргаанд бүх санхүүгийн баримтуудыг гаргаж ирдэг. 3 өрөө байранд ханын цаас солих засварын ажилд хэдэн зуун мянган төгрөг л зарцуулагддаг. Байрны засварын үнэлгээ хийлгэхэд үнэлгээчинд хэдэн төгрөг өгснөөс хамаараад тэр үнэлгээ гарч ирдэг. Энэ үнэлгээ эргэлзээтэй санагдаад байдаг юм. 3 өрөө байрны гал зууханд алдсан устай холбогдуулаад хүүхдийн өрөөний цаад талын ханын цаас муудсан гэж юу байдаг юм. Хуучны байрнуудын 5 давхрын айлуудын ханыг үзэх юм бол бороо ороход бүгд битүү норж байдаг. Үүнээс болоод бүх өрөөнийх нь ханын цаас муудсан тохиолдол байдаг. Нэг л зүйлийг хүлээн зөвшөөрнө. Санхүүгийн баримтыг л хүлээн зөвшөөрнө. Шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрдөггүй. Учир нь Хөрөнгийн үнэлгээний төв гээд нэг байгууллага л үнэлгээ хийдэг. Хөрөнгийн үнэлгээний төвийг шалгуулсан. Эрүүгийн хэрэг үүсээд шалгагдаад явж байгаа. Бүх зүйл нь хуурамч гэж гарсан.Үнэлгээ хийх эрхийг нь хүчингүй болгууллаа. Би энэ үнэлгээг хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй. Харин бодит санхүүгийн баримтуудаа гаргаж ирээд ярилцвал учиртай. Хар цааснаас үнэлгээ хийсэн гэж байгаа юм. Хар цаасыг дээвэр дээр гарч харсан бол шат нь хаана байсан бэ гэхэд мэдэхгүй гэж хэлж байгаа юм. Очиж үзэхгүйгээр үнэлгээ хийдэг. Очиж үзээд үнэлгээ хийсэн зүйл байхгүй. Хэмжээсүүд нь бүгд худал. Үүнийг хүлээн зөвшөөрөхгүй учир газар дээр нь дахин очиж үзэж үнэлгээ хийлгэх ёстой байх гэж бодож байна. Хоёрдугаарт, өмнөх хууларсан ханын цаас нь 9000 төгрөгийн үнэтэй. Сүүлд наасан ханын цаас нь илүү үнэтэй ханын цаас байгаа. Нэг удаагийн ус алдалтаар тийм байдалтай болох уу гэвэл болохгүй. Фото зургийг харж үнэлгээ хийсэн гэж байна. Тэр айлын зураг гэдгийг юугаар нотолж байгаа вэ. Фото зураг байгаа учир дахиж фото зураг шаардлагагүй гэж үнэлгээ дээр бичсэн байна лээ. Санаанаасаа хийсэн үнэлгээ байна. 3, 4 сая төгрөгийн засвар гэж юу байдаг юм. Супер засварыг 4, 5 сая төгрөгөөр хийдэг. Шүүхэд гаргаж өгсөн баримтыг хуурамч баримт гэж үзэж байна. Нөгөө талаас өмчлөлийн асуудлыг ярина. Аваарийг хаадаг крант нь түгжээтэй байсан гэж байна. Айлын крантаас дотогш талд ус алдсан бол айл тэр крантыг хаагаад усыг зогсоочихно. Ус алдсан болохыг тэр дор нь мэдсэн. Зогсоох эрхтэй субьект нь хэн юм. Крантыг хаалтаар нь хаагаад ус алдалтыг зогсоодог. Өмч хамаагүй гэж шийдэх гээд байх шиг байна. Өмч хамаатай. Хаалгыг эвдэлж орж усыг хаасан гэж байна. Хэн подвалийн хаалгыг цоожилсон юм. Энэ бүх асуудал өмчлөлд хамаатай. 1960-аад оны байшин гэхээр 50 жил болж байна. Нэг төмөр труба хэдэн жил болох ёстой, трубаг хэн солих ёстой юм. Түүнийг солих эрхтэй этгээд нь Г.Хандсүрэн мөн үү. Одоо байгаа трубанууд нь нимгэн болсон байгаа. Засвар хийсэн байрны фото зураг байна уу гэхэд байхгүй байсан. Байрны хэмжээсийг аваад л хийчихсэн үнэлгээ байна. Хөрөнгийн үнэлгээний төвийн үнэлгээч нарт эрүүгийн хэрэг үүсгээд үнэлгээний эрхийг нь хүчингүй болгосон. Фото зураггүй үнэлгээ гэж байхгүй. Давхар фото зургаар баталгаажиж байж үнэлгээ үнэн зөв, бодитой болдог. Үнэлгээ нь хуурамч нотлох баримт. Тээврийн зардал нь яаж гарсан юм. 100 айлаас материал татахад 3000 гаруй төгрөгийн тээврийн зардал гарах уу. Тээврийн зардал нь худлаа. Автомат программ дээр хананы өргөн, өндөр, урт гэсэн хэмжээсүүдийг тавиад л үнэлгээ гаргадаг. Газар дээр нь очиж хийгээгүй, газар дээр нь очиж фото зургаар баталгаажуулаагүй үнэлгээг үнэлгээ гэж үзэхгүй учир дахин шинжээч томилох ёстой. Материалын үнэ байхгүй байна. Энэ хүмүүс материалаа худалдаж авсан байх ёстой. Худалдаж авахад баримт, падаан өгнө. Баримтгүй шинжээчийн дүгнэлт байх ёсгүй. Гуравдугаарт, СӨХ-ны хэн нэг хүн нь доод талын подвалийг цоожлоод явсан байдаг. СӨХ жижүүртэй байх ёстой. Ус алдсан мэдээлэл авлаа тэр дор нь хаагаад доод айл руу ус орохгүй. СӨХ хариуцах ёстой. Эсвэл орон сууцны конторт мэдэгдэхэд контор нь хааж болно. Слесарь нь өчнөөн цагийн дараа ирсэн байдаг. Утсаар ярьсан жагсаалтыг үзэхэд 4, 5 удаа ярьсан байна. Слесарь нь ирсэн байсан бол тийм их дуудлага хийгээд байх ёстой юм уу. Үндсэн нотлох баримт болох үзлэг хийсэн акт нь хуурамч акт. 2 акт байгаа, хоёулаа 2016 оны 04-р сарын 27-ны өдрийн 16 цагт үзлэг хийхэд гэсэн байгаа. Бичилт нь өөр байна. 2 дахиж хийсэн актад 16 цагт үзлэг хийхэд гэж бичсэн. Утсаар ярьсан, дуудлага хийсэн баримтыг үзэхэд 15 цаг 59 минут, 16 цаг 01 минут, 16 цаг 16 минут, 16 цаг 58 минут,18 цаг 43 минут гэсэн байна. 3 цагийн турш утсаар дуудлага өгөөд байна. Тэгэхээр 16 цагт үзлэг хийгээгүй нь харагдаж байна. Мөнгө нэхэхийн тулд ийм акт хийлгээд авсан байна. Үнэхээр засвар хийсэн бол мөнгөө буцаан авах ёстой гээд нэг ширхэг хадаас авсан ч баримтаа авах байсан. 18:43 цаг гэхэд слесарь ирээгүй байсан гэсэн үг. Тэгэхээр слесарь ирээгүй байсан бол яагаад 16 цагт үзлэг хийсэн бэ? Шинжээчийн дүгнэлт нь худал, үндсэн нотлох баримт болох үзлэг хийсэн акт нь худал. Хуурамч нотлох баримт бүрдүүлж шүүхэд гаргаж өгсөн байна. Акт нь дараагийн утсаар ярьсан жагсаалтаар үгүйсгэгдэж байна. Машины ослын хувьд өмчлөгч нь эд хөрөнгийн хариуцлага хүлээдэг. Өөр хүний машин барьж яваад осол гаргавал өмчлөгч нь хохирлыг төлдөг. Г.Хандсүрэн гэм хор учруулаагүй. Шугам гэм хор учруулсан. Зүгээр байж байгаад хагарсан. Тэр шугам хүүхдийн тоглоом шиг болсон, түүнийг солих ёстой байсан. Босоо шугам нь бүх өмчлөгч гэдгээс илүү 5 айлд хамаарна. СӨХ-г оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэх боломжгүй. Аль хэсэг СӨХ-ны өмч вэ? Өмчлөл чухал. Хэний өмч вэ гэдэг нь эргэлзээтэй. Өмчийг тогтоохгүйгээр яаж хэргийг шийдвэрлэх вэ? Цахилгааны шугам ч адилхан шийднээс шийдний хооронд өмчлөл нь хамаардаг. СӨХ-ны өмч орон сууцны хаалтнаас гэр доторх хаалт хүртэл хамаарна. Энэ хагарсан труба нь завсарт байж байгаа, оршин суугчид огт хамааралгүй. Жинхэнэ хариуцагч нь СӨХ байгаа.
Ус алдсан трубаны гэмтэл нь сантехникийн шугамын өндөр даралттай талдаа байгаа тул хариуцагч Г.Хандсүрэн тухайн гэмтлээс үүдэлтэй хохирлыг хариуцахгүй. Учир нь нам даралттай тал нь хэрэглэгчид хамааралтай, аваарийн винтелээс цааших хэсэг буюу өндөр даралттай хэсэг нь хэрэглэгчид хамааралгүй, түүний бүрэн бүтэн байдлыг хариуцах байгууллагад хамаарах тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Хариуцагч ОСНААУГазрын итгэмжлэгдсэн төлөөлөгчид Д.Гансүх, Г.Загдсүрэн, Ж.Батхүү шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2016 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 16.00 цагт БЗД-ийн 7 дугаар хороонд байрлах 41-р байрны 20 тоотоос ус алдсан дуудлага ирсэн. Дуудлагын дагуу тухайн өдөр ээлжинд гарч байсан дуудлагын засварчин Отгондаваа 2-р байрны 3 тоотод уян холбоо цоорч ус алдсан дуудлагын дагуу очиж уян холбоог сольж байсан тул тухайн өдөр ээлжийн инженерийн үүрэг гүйцэтгэж байсан Г.Загдсүрэн засварчин Ганзоригтыг очихыг үүрэг болгоход Ахмадын хороололд айлд тоолуур угсарч байв. Ингээд засварчин Отгондаваа, Ганзоригт нар 16.20 цагт очиж үзэхэд 20 тоот айлын халуун усны аваарийн вентилийн өндөр талын холбох хэрэгсэл болох фа мултарсан байв. Иймд тухайн айлын таширын вентилийг хаахаар подвалын цоожыг эвдэн орж харъяа таширын винтелийг хаах гэсэн боловч барихгүй байсан тул 3-р орцонд байдаг байрны халуун усны таслах хаалтыг хааж усны алдагдлыг 16 цаг 25 минутад зогсоон тус айлын мултарсан холбоо болох ба фаг холбож өгөн аваарийн вентилээ шинээр солих шаардлагатай байгаа талаар зөвлөгөө өгч, материал захин байрны усыг эргүүлэн тавьж бусад айл өрх, оршин суугчдын халуун усаар хангасан байна. 20.00 цагийн орчим 20 тоотын айл Материалаа авч ирэн Засварчин Ганзоригтоор солиулахаар тохирч засварчин Ганзоригт вентиль солихоор байрны усыг хаах талаар ээлжийн инженерт мэдэгдсэн талаар тухайн өдрийн рапортын дэвтэрт тэмдэглэсэн байна. Тус 20 тоотын эзэн******* нь ус алдсаны өмнөх өдөр буюу 26-ны өдөр байрныхаа орчимд засварчин Ганзоригтой тааралдаж тоолуур баталгаажуулах албан шаардлага ирсэн учраас тоолуураа салгуулах хэрэгтэй байна, чи салгаад өгөөч гэсний дагуу 27-ны өдрийн өглөө 9 цаг 30 минутад засварчин Ганзоригт очиж халуун хүйтэн усны 2ш тоолуурыг нь салгаж өгсөн бөгөөд энэ талаар байгууллагад албан ёсоор дуудлага өгч тэмдэглээгүй байна.
Манайд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгоно уу гэв.
Гуравдагч этгээд Хантайшир СӨХ шүүхэд гаргасан тайлбартаа: Баянзүрх дүүрэг, 15 дугаар хороолол, 7 дугаар хороо, 41-16 тоотын хүсэлтээр******* СӨХ-г гуравдагч этгээдээр оролцох хүсэлт гаргасан нь тус СӨХ-д хамааралгүй шугам болохыг албан ёсоор мэдэгдэж байна. СӨХ нь зөвхөн подваль дахь шугам хариуцдаг болно. Хувь айл хариуцлага алдсан бол Орон сууцны конторт хандан акт тогтоолгож, ус алдсан айл дээр төлбөр тогтоож гаргах өгөх ёстой гэжээ.
Шүүхэд болон шүүх хуралдааны үед зохигчид, гуравдагч этгээдийн гаргасан тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Ш.Гэрэлмаа, ******* нар нь хариуцагч Г.Хандсүрэн болон Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газарт холбогдуулан, орон сууцанд ус алдсаны улмаас учирсан гэм хорын хохиролд 3,674,387 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч талууд маргаж байна.
2016 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр *******гийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, 15 дугаар хороолол, 41 дүгээр байрны 16 тоот хаягт байрлах орон сууцанд Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, 7 дугаар хороолол, 41 дүгээр байрны 20 тоотын орон сууцны айлаас ус алдаж, хохирол учирсан үйл баримт нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна.
Нэхэмжлэгч *******гийн өмчлөлийн орон сууц буюу эд хөрөнгөнд учирсан хохирлыг арилгуулах шаардлагыг Ш.Гэрэлмаа болон ******* нар гаргасан байна.
Хавтаст хэргийн 6 дахь талд авагдсан баримт, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээнээс үзэхэд, тус Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, 15 дугаар хороолол, 41 дүгээр байрны 16 тоот хаягт байрлах орон сууцны өмчлөгчөөр нэхэмжлэгч ******* бүртгэлтэй болох нь тогтоогдож байх тул хамтран нэхэмжлэл гаргасан Ш.Гэрэлмаа нь тухайн орон сууцанд учирсан хохирлыг шаардах эрхгүй.
Нэхэмжлэгч тал нь Г.Хандсүрэн болон Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрыг тус тус хариуцагчаар татсан байх боловч аль нэгэнд нь тодорхой хэмжээгээр гэм бурууг нь тодорхойлж, хохирлыг хоёр хариуцагчид тодорхой хэмжээгээр хуваарилж шаардаагүй боловч шүүх хариуцагч тус бүрийн гэм бурууд дүгнэлт хийх боломжтой гэж үзэв.
Хариуцагч Г.Хандсүрэнгийн хувьд, Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, 7 дугаар хороолол, 41 дүгээр байрны 20 тоотод байрлах орон сууцны шугамаас ус алдсан нь тогтоогдох бөгөөд ус яагаад алдсан, ус алдсан шугам хэрхэн хаана байрлаж байсан зэрэгт дүгнэлт хийх нь тухайн хөрөнгийн эзэмшигч, өмчлөгчийн хувиар хариуцлага хүлээлгэх эсэхийг шийдвэрлэхэд ач холбогдолтой байна.
Гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээр бусдын хөрөнгөнд учруулсан гэм хорыг арилгах үндэслэлийг Иргэний хуульд тодорхой зохицуулжээ.
Хэдийгээр хариуцагч Г.Хандсүрэнгийн хувьд гэм буруутай тодорхой үйлдлээр /өөрийн биеийн үйлчлэлээр цохих гэмтээх зэрэг идэвхтэй үйлдэл/ гэм хор учруулсан гэж үзэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх боловч энэ нь хуульд зааснаар хариуцлага хүлээхгүй байх үндэслэл болохгүй юм.
Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Эрдэнэбилэг нь Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, 7 дугаар хороолол, 41 дүгээр байрны 20 тоот орон сууцны сантехникийн хоолойны ус алдсан эвдрэл бүхий хэсэг нь тухайн орон сууцны өмчлөгчид хамааралгүй, орон сууцны нэгдсэн шугамыг хариуцах этгээдийн буруугаас ус алдсан хэмээн татгалзлын үндэслэлээ тайлбарлаж байх боловч хэрэгт авагдсан техникийн комиссын актаас үзэхэд ус алдахуйц гэмтэл гарсан гэх хэсэг нь тухайн орон сууцны ханын дотор хэсэгт байрлаж байсан, түүнийг засварлан хэвийн байдалд оруулахад хананаас цаад хэсэгт засвар үйлчилгээ явуулах шаардлагагүй байсан, халуун усны аваарийн винтель 15 па өндөр тал дээр хугарсан, аваарийн винтелийг сольж, тоолуур угсарч хэвийн байдалд орсон талаарх дүгнэлтийг нотлох баримтаар няцаагаагүй.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар, гэм хор учруулснаас хариуцлага хүлээх үндэслэлийг, Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөнд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-гээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.
Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт зааснаар хөрөнгийн өмчлөгч нь өмчлөлийн зүйлийн хувьд тодорхой эрхүүдийг эдлэхээс гадна тухайн хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хангах, өмчлөлийн зүйлээ зохих ёсоор ашиглаж, арчлан хамгаалж, хадгалахгүйгээс нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлөх аливаа үр дагаврыг гаргахгүй байх үүргийг мөн хуулийн 101 дүгээр зүйлийн 101.4 дэх хэсэгт зааснаар зохицуулж өгсөн байна.
Хуулийн энэ агуулгаар хэн нэгний идэвхтэй үйлдлээс учраагүй ч хэн нэгний эрхэд хамаарч байгаа аливаа хөрөнгөөс шалтгаалан бусдад гэм хор учирсан хариуцлагыг тухайн этгээд болгоомжгүй, эс үйлдэхүйгээр учруулсанд тооцон хариуцан арилгуулах үндэслэлийг Иргэний хуулиар зохицуулсан байна.
Тухайн хөрөнгө нь Иргэний хуулийн 142 дугаар зүйлийн 142.1, 142.2 дахь хэсэгт зааснаар нийтийн зориулалттай орон сууц өмчлөх эрхэд хамаарвал зохих хөрөнгө байх тул учирсан гэм хорын хариуцлага нь өмчлөгчид хамаарах эсэхийг тодорхойлохдоо тухайн хөрөнгийн хэсэг нь дангаар өмчлөх хэсэг эсхүл орон сууцны өмчлөгчдийн дундын өмчлөлд хамаарах эсэхийг тогтоох шаардлагатай.
Ус алдсан 2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр хариуцагч Г.Хандсүрэн нь тоолуураа баталгаажуулахаар салгаж авсан, ийнхүү салгаж авахдаа дуудлагын бус хүнээр хувиараа тохиролцон салгуулсан, ийнхүү салгаж авсны дараа ус алдсан зэрэг үйл баримтуудыг хариуцагч ОСНААУГ-ын төлөөлөгчид тайлбарлах бөгөөд дурдсан үйл баримтуудыг баримтаар үгүйсгээгүй байна.
Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.3 дахь хэсэг болон Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1-д, Орон сууцны байшингийн гадна хана, даацын хана, багана, доод хонгил, дээвэр, дээврийн хонгил, цахилгаан болон явган шат, шатны хонгил, сууцны бус зориулалттай техникийн болон нэгдүгээр давхрын үйлчилгээний өрөө, сууц хоорондын талбай, түүний тагт, сууцны доторх дундын өмчлөлийн зүйл, тоног төхөөрөмж, орцны цонх, хаалга, довжоо, саравч, хог зайлуулах хоолой, орон сууцны байшингийн халаалт болон халуун, хүйтэн усны шугам сүлжээний удирдах зангилааны анхны хаалт, цахилгааны оролтын самбар, холбооны шугамын давхрын холболтын хайрцаг хүртэлх, шалны +0.00 тэмдэгтээс дээшхи бохир усны шугам сүлжээнүүд, тухайн орон сууцны дээрх болон доорх нийтийн зориулалттай усан сан, машины зогсоол, тэдгээртэй адилтгах байгууламж зэрэг эд хөрөнгө нь орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгөнд хамаарахаар зохицуулсан байна.
Дурдсан үндэслэлээр орон сууцны хананы дотор байрлалтай шугам гэмтэх болон гэмтэхэд хүргэсэн аливаа нөхцөл байдал нь тухайн орон сууцны өмчлөгчид хамаарах бөгөөд түүнээс шалтгаалсан үр дагавар, бусдад учирсан хохирлыг дангаар өмчлөх хэсэгт тооцон орон сууц өмчлөгч хариуцан арилгах үүрэгтэй байна.
Тухайн хэсэгт гэмтэл гарсан шалтгаан буюу аваарийн винтель өндөр даралттай тал дээр хугарахад хэн хугалсан талаар хариуцагч Г.Хандсүрэн түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч тодорхой тайлбар гаргаагүй, винтель хугарахад гэм буруугүй болохоор нотлоогүй.
Хариуцагч тал өөрөө хугалаагүй, өөр хүн гэм буруутай гэж үзвэл түүнийг нотлох үүрэгтэй ба энэ тохиолдолд тухайн хэсэг хугарч гэмтэл гаргахад хүргэсэн нөхцөл байдлыг өмчлөгч өөрөө бүрдүүлсэн гэж үзнэ.
Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар тодорхой хөрөнгийн өмчлөгчийг тухайн хөрөнгийн гэмтлээс шалтгаалан бусдад учирсан гэм хорыг болгоомжгүй, эс үйлдлээр учруулсан гэж үзэн хохирлыг хариуцан арилгах үүрэг хүлээлгэнэ.
Нэхэмжлэгч ******* нь нэхэмжлэлийн шаардлагаар хохиролд 3,674,387 төгрөг гаргуулна гэжээ.
Хариуцагч Г.Хандсүрэн нь тус хохирол үндэслэлгүй тогтоогдсон, гарсан зардлаар бус гарах зардлаар хохирол тооцсон нь үндэслэлгүй гэж тайлбарлаж маргасан.
Нэхэмжлэлд тухайн шаардлагын үнийн дүнг 2016 оны 5 дугаар сарын 06-ны өдөр гаргасан Итгэлт Эстимэйт ХХК-ийн хөрөнгө үнэлгээний тайланд /х.х-ийн 10-23 дахь талд/ тусгагдсан 3 554 387 төгрөг болон үнэлгээний ажлын хөлс болох 120,000 төгрөгийн дүнгээр /х.х-ийн 48 дахь талд/ тодорхойлжээ.
Тус шинжээчийн дүгнэлтийг үндэслэлгүй гэж үзсэн хариуцагч Г.Хандсүрэнгийн хүсэлтээр шүүх 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 00853 тоот тогтоолоор шинжээч томилсон бөгөөд дүгнэлтэд хохирлын үнэлгээний дүн үндэслэлтэй талаар /х.х-ийн 79 дэх талд/ дурдсан байна.
Иймд 2016 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн Итгэлт Эстимэйт ХХК-ийн хөрөнгө үнэлгээний тайлангаар тогтоосон үнийн дүн болон ажлын хөлс нийт 3,674,387 төгрөгийн дүнгээр хохирол учирсан гэж үзэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч орон сууцандаа засвар хийсэн зардлаа гаргуулах шаардлага гаргаагүй, харин засвар хийхэд шаардлагатай мөнгөн дүнгийн хэмжээгээр хохирол учирсан гэж үзэн шаардаж байгаа нь Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт заасан зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр мөн хуулийн 9.4.4-т зааснаар учруулсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхээ хэрэгжүүлэх зохицуулалтад нийцэж байна.
Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар, бусдын эд хөрөнгөнд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд сэргээх үүрэгтэй бөгөөд учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө гэсний дагуу 3,674,387 төгрөгийг хариуцагч Г.Хандсүрэнгээс гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна.
Хариуцагч ОСНААУГ-ын тухайд, ус алдсан дуудлагаар очсон ажилтан ус алдалтыг зогсоосон талаар болон авсан арга хэмжээний талаар мэдэгдсэн, засвар хийсэн талаар гэрчийн мэдүүлэг, рапортын дэвтэр хэрэгт авагдсан бөгөөд тухайн ус алдсан, улмаар гэм хор учирсанд ОСНААУГ-ыг гэм буруутай гэж дүгнэх үндэслэл хэрэгт авагдсан нотлох баримтууд, шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдонгүй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Г.Хандсүрэнгээс 3,674,387 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас нэхэмжлэгч Ш.Гэрэлмаа болон хариуцагч ОСНААУГ-т холбогдох шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 73,750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагч Г.Хандсүрэнгээс 73,750 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАА
ШҮҮГЧИД Д.ЗОЛЗАЯА
Э.ЭНЭБИШ