| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбаатарын Оюунтунгалаг |
| Хэргийн индекс | 197/2025/0026/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/37 |
| Огноо | 2025-01-28 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Сонинмөнх |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 01 сарын 28 өдөр
Дугаар 2025/ШЦТ/37
2025 01 28 2025/ШЦТ/37
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Оюунтунгалаг даргалж,
нарийн бичгийн дарга Б.Намуунзул,
улсын яллагч Ц.Сонинмөнх,
шүүгдэгч Ү.Ү, түүний өмгөөлөгч М.Мөнгөнхүү нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны “2” дугаар танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн “0000 00000 0000” дугаартай хэргийг шүүх 2024 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 0000 оны 00 дүгээр сарын 00-ний өдөр ХХ аймагт төрсөн, 00 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, "ХХ" харуул хамгаалалтын газарт хамгаалагч ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт, ХХ дүүргийн 00 дүгээр хороо 00 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй,
Ү.Ү /РД:ХХ00000000/
Шүүгдэгч Ү.Ү нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Ү.Ү нь 2024 оны 10 дугаар сарын 12-ны өдөр ХХ дүүргийн 00 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ХХ хотелийн 1 давхарт үйл ажиллагаа явуулах ХХ дэлгүүрт иргэн Т.Атай хоорондын таарамжгүй харьцааны улмаас маргалдан түүний нүүр, хэвлий хэсэгт гараараа цохих, хөлөөрөө өшиглөх зэргээр биед халдсаны улмаас дээд уруулд зөөлөн эдийн няцрал, салстад няцарсан шарх, зүүн дээд 1-р шүдний сулрал, хэвлийд цус хуралт, баруун шуу, зүүн бугуйн үенд зулгаралт үүсгэн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Хохирогч Т.Аын "...2024 оны 10 дугаар сарын 12-ны орой 19 цагийн үед ХХ дүүргийн 00 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ХХ хотелийн 1 давхарт байрлах ХХ орж гоймон идэхээр орж ирсэн. Кассан дээр байсан охиныг ямар хөөрхөн охин бэ гэхэд кассын хажууд байсан энгийн хувцастай залуу хавирч унагаасан. Хамгаалалтынхан орж ирээд гавлах гэж дайртал гавлуулахгүй гэж эсэргүүцсэн, чирч татах үед намайг нэг удаа нүүр лүү цохисон, нэг удаа өшиглөсөн. Түүнээс болж уруул сэтэрч шүд хөдөлж нийгмийн харилцаан орох боломжгүй болсон. Шинэ ажилд орох байсан, анкет бөглөх боломжгүй, Хятадуудад орчуулга хийж чадаагүй энэ асуудлаас болоод 14 хоногийн ажлаа алдсан сэтгэл санааны хохирол барагдуулах хүсэлтэй байна. Хоёр удаа нэг нь нүүр лүү цохисон. Нэг нь өшиглөсөн..." гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 16-17 дахь тал/
Гэрч М.Рын "...2024 оны 10 дугаар сарын 12-ны орой 19 цагийн үед ХХ дүүргийн 00 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ХХ хотелын нэг давхарт байдаг ХХ салбар дэлгүүрт би Ү.Үын хамт очиход нэг согтуу ах гоймон дээд сууж байсан. Тэгээд тухайн согтуу хүнд хандан энд ингэж асгам согтуу тавьж болохгүй бид нарын хамгаалах объект байна гэж хэлсэн. Тэр үед та нар миний хүүхдийг зодуулж байхад 30-40 минут болж ирсэн байж намайг нэг орилж чарласны төлөө 10 минутын дотор ирлээ гээд байсан. Тэгээд эвээ олоод гарсан чинь тухайн согтуу ах буцаж ороод агсам тавиад орилж чарлаад гоймонгоо иднэ гээд байсан. Тэр үед ХХ-гийн менежер залгаад арга хэмжээ авахгүй бол бид нар та нарыг яах гэж дуудаг юм гээд байсан. Тэгээд цагдаад дуудлага өгчхөөд Ү.Ү бид хоёр гарнаас нь бариад гаргах үед Ү.Үын толгой хэсэг рүү цохих шиг болох үед би тухайн согтуу залууг өөр лүгээ татах үед Ү.Ү уруул хэсэг рүү нэг удаа цохисон. Тэгээд унах үед Ү.Ү тухайн согтуу залуугийн хэвлий хэсэг рүү нэг удаа өвдөглөсөн. Тэгээд тухайн залууг газар унагаагаад гарыг нь гавлах гээд чадахгүй ноцолдоод байх үед цагдаа ирсэн. Ү.Ү уруул хэсэг рүү нэг удаа цохисон..." гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 21 дэх тал/,
Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Э.Бын 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн "Т.Аын биед дээд уруулд зөөлөн эдийн няцрал, салстад няцарсан шарх, зүүн дээд 1-р шүдний сулрал, хэвлийд цус хуралт, баруун шуу, зүүн бугуйн үенд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Учирсан гэмтэл нь шинэ гэмтэл байна..." гэсэн 13530 дугаартай шинжээчийн дүгнэлт, /хавтаст хэргийн 26-28 дахь тал/
Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд "...ХХ дүүргийн 00 дугаар хороо ХХ хотелийн 1 давхарт байрлах ХХ дэлгүүрийн хяналтын камерын бичлэгийг хуулбарлан авч уншуулж үзлэг хийхээр тогтож гар утсан дээр бичиж авсан бичлэгийг нээхэд 2 минут 30 секундын хөдөлгөөнтэй бичлэг байв. Бичлэгт 2024 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 19 цаг 55 минут 56 секундэд. хамгаалагч Р, Ү.Ү нь Т.Аыг тухайн дэлгүүрээс гаргах гээд мөр хэсгээс нь татаж буй дүрс байна. Хамгаалагч Ү.Ү нь Т.Аын нүүр хэсэгт нэг удаа цохиж буй Дүрс...Ү.Ү нь Т.Аын цээж хэвлий хэсэг рүү нэг удаа өвдөглөж буй дүрс байв..." гэснээр болон гэрэл зургийн үзүүлэлтүүд, /хавтаст хэргийн 35-38 дахь тал/,
Шүүгдэгч Ү.Үын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн "... яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтэй байна. Надад гомдол саналгүй байхгүй гэж ярилцсан...." гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 48-49 дэх тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Иймд шүүгдэгч Ү.Ү нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Шүүгдэгч Ү.Ү нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Хохирогч Т.А нь мөрдөн байцаалтын шатанд гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд нь учирсан хохиролд 1,450,000 төгрөг нэхэмжилсэн бөгөөд шүүгдэгч Ү.Ү хохирогчид 1,450,000 төгрөг төлж барагдуулсан болох нь хохирогч Т.Аыг Хан-Ууд дүүргийн прокурорын газар гаргасан хүсэлт /хавтаст хэргийн 62 дахь тал/, Худалдаа хөгжлийн банкны 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн орлогын ордер /хавтаст хэргийн 64 дэх тал/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. Иймд шүүгдэгч Ү.Үыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүйд тооцож шийдвэрлэв.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Прокурорын санал болгож, шүүдэгч нарын хүлээн зөвшөөрсөн 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Ү.Үыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ү.Ү нь шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газарт үүрэг болгож шийдвэрлэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 /нэг/ ширхэг сидиг хэрэг хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсаргаж шийдвэрлэв.
Шүүгдэгч Ү.Ү нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ү.Үыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ү.Үыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ү.Ү нь шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газарт үүрэг болгосугай.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 /нэг/ ширхэг сидиг хэрэг хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсаргасугай.
5. Шүүгдэгч Ү.Ү нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ү.Үад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ОЮУНТУНГАЛАГ