| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөртогоогийн Энхжаргал |
| Хэргийн индекс | 101/2019/05212/И |
| Дугаар | 101/ШШ2020/02047 |
| Огноо | 2020-06-03 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 06 сарын 03 өдөр
Дугаар 101/ШШ2020/02047
| 2020 06 03 | 101/ШШ2020/02047 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхжаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Г.Ш нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Л.Г олбогдох
10,150,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.Ш, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Э /№0206/, хариуцагч Л.Г, хариуцагчийн өмгөөлөгч Ч.М /№2428/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Түвшинжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.Ш шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Г.Ш миний төрсөн дүү Г.Б нь Баянзүрх дүүрэг, тоотод хүү Б.Оын хамт хамтран өмчлөгчөөр амьдарч байсан. Гэтэл дүү Г.Б маань 2014 онд цус харваж хэвтэрийн байдалтай бусдын гарт орсон. Тухайн үед дүү Г.Бтай Л.Г гэгч эмэгтэй хамтран амьдарч байгаад хүнд өвчин тусахад нь хаяад явсан юм. Ингээд миний бие харж хандах хүнгүй хоцорсон дүү Г.Быгаа өөрийн төрсөн охин Е.Дын хамт 2014 оноос 2018 оны 8 дугаар cap хүртэл түүнийг нас бартал асран халамжилж байсан. Энэ хугацаанд түүний төрсөн хүү Б.О нь өөрийн төрсөн эхтэйгээ амьдарч байсан. Г.Б нь хамтран амьдарч байсан Л.Г гэх эмэгтэйтэйгээ дээрх хоёр өрөө орон сууцыг ХААН банкны зээлийн барьцаанд тавьж зээл авсан байдаг дүү Г.Быг асран халамжилж байхад банкны өр зээлийн асуудал хурцаар тавигдаж 2 өрөө байр банкны өр зээлэнд хураагдах аюул тулгарсан. Ингээд Г.Ш миний бие банкны зээлд 2014 оны 8 дугаар сарын 14-нд бэлнээр 700,150 төгрөг төлж үүнээс хойш cap бүр 450,000 төгрөгийг 2016 оны 5 дугаар сарыг дуустал нийт 10,150,000 төгрөгийн банкны зээл төлж барагдуулсан. Уг зээлийн гэрээний хамтран зээлдэгчээр Л.Г орсон байсан бөгөөд дүүг маань орхиж явснаас хойш тэрээр нэг ч төгрөгийн төлөлт хийгээгүй юм. Дүү Г.Бы төрсөн хүү Б.От бид орон сууцыг нь суллаж өгсөн.
Иймд хариуцагчаас зээлийн төлбөрт төлсөн 10,150,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Л.Г шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Л.Г миний бие 2008 онд Г.Бтай танилцаж, 2009 оноос Г.Бы 2 настай, хүү Б.О, Л.Г миний төрсөн охин Б.О бид нэг гэрт орж хамтран амьдарч эхлээд Г.Б, Л.Г бид 2012 оны 11 дүгээр сарын 27-нд албан ёсоор гэр бүлээ батлуулсан. 2013 оны 12 дугаар сард нөхөр Г.Б тархины хорт хавдар гэсэн оноштойгоор ухаангүй, мэдрэх мэдрэлгүй, хэлгүй, хөлгүй болж хэвтэрт байсан тул эмнэлгийн байгууллагаас ямар ч найдваргүй гэсэн хариу өгч байсан боловч Л.Г би 2013 оны 10 дугаар сараас 2014 оны 6 дугаар cap хүртэлх хугацаанд Хавдар Судлалын Үндэсний төв, Цэргийн төв эмнэлэг, Нэгдсэн нэгдүгээр эмнэлгийн мэдрэлийн тасаг, Сонгдо, Нэгдсэн гуравдугаар төв эмнэлэг, Мэдрэлийн Профессор н.Хайруул эмчээс хүртэл цаг авч, зөвлөгөө авч нөхөрөө эрүүл саруул ухаантай, мэдрэлтэй болгож амьдруулахын төлөө итгэл алдрахгүй, горьдлого тасралгүйгээр боломжтой бүгдийг хийж, эмчлүүлж, өдөр, шөнөгүй цор ганцаараа, асарч, сахиж, эмнэлгийн байгууллагаас шаардлагатай гэсэн бүхий л шинжилгээ, эмчилгээг хийлгэж, тархины хавдарын СИДИ-г БНСУ-руу явуулж тус улсад эмчлүүл гэж зөвлөхөд Г.Бы төрсөн эгч Г.Ш, ах Г.Бнар зөвшөөрөөгүй. 2014 оны 01 дүгээр сараас Хавдар Судлалын үндэсний төвийн туяа, химийн эмчилгээний очёр болж, яаралтай тусламжийн машинаар Л.Г би ухаангүй нөхөрөө тэргэнцэр дээр түрж тус эмнэлэгт 2014 оны 01 дүгээр сараас 4 дүгээр сар хүртэл асарч, сувилж байхад Г.Бы ах, дүү, хамаатан садангаас хэн ч эргэж ирж байгаагүй. Л.Г би нөхөрөө босгохын төлөө унтах нойр, ядрах, цуцахаа үл умартан, ажил албаа хаян зүтгэж байсан. Хавдар Судлалын үндэсний төвийн эмчилгээ амжилттай болж нөхөр Г.Б мэдрэл нь аажим аажмаар сайжирч эхлээд юм ярьж /хэлтэй/, дараа нь хөлд орж, ой санамж нь сэргэж биеийн байдал сайжирсан. Бид эмнэлгээс гарч эмчийн хяналтад гэртээ үргэлжлүүлж нөхөрөө асарч биеийн байдал улам сайжирч байсан бөгөөд эмч нар туяа эмчилгээ хийлгэсэн тул нүд xapaaгүй болох магадлалтай 2014 оны 10 дугаар сард нүдний хагалгаанд ор гэсэн зөвлөгөө өгч гаргасан. Нөхөрийн биеийн байдал сайжирч бид бүх айдсаа ардаа үлдээж, Г.Бы өндөр настай ээжтэй нь уулзуулах гэж 2014 оны 7 дугаар сарын 08-ны өдөр Төв аймгийн Баянчандмань сум орж, ээжтэй нь уулзаж, наадам үзэж буцаж ирээд эмчийн хяналтандаа орж, амгалан тайван амьдарч байтал 2014 оны 8 дугаар сарын эхээр Г.Бы төрсөн эгч Г.Ш, төрсөн ах Г.Бнар эхнэр, нөхөрөө дагуулан 4-үүлээ манайд ирж, Бид дүүгээ авах гэж ирлээ гэхэд нь би эсэргүүцэж, манай хүн эмчийн хяналтаас гадуур явж болохгүй, өдөр бүр эмчилгээ хийлгэдэг, ядаж та нар 10 сар гээд нүдний хагалгаанд орсоны дараа аваад яв гэж гуйхад Л.Г намайг хэл амаар доромжилж, бүлэглэн зодож, чи миний дүүтэй биш, байртай нь суусан, чиний тэр цаас юу ч биш, чи энэ байрыг биднийг ирэхэд сулласан байгаарай гээд Г.Бы хүү Б.Оыг алгадаж, чи эцгийгээ дагах юм уу, энэ хүүхнийг дагах юм уу гэхэд Б.О би Л.Г эгчтэй үлдэнэ гээд надтай хамт үлдсэн. Б.О, н.О бид 3 маргааш нь байрыг суллаж, Г.Ш гэдэг хүнд шилжүүлж, эдгээр хүмүүсээс их айж, цагдаагийн байгууллагад хандаж байсан. Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, ШШГЕГ-ын 24 дүгээр байрны 01 тоот байрыг 2014 оны 8 дугаар сараас 2020 оны 4 дүгээр сар хүртэл хугацаанд Г.Ш гэдэг хүний эзэмшилд байсан. Энэ хугацаанд би нөхөртөө санаа зовоод удаа дараа дээрх хаягт байрлах байранд очиж лавлахад бусдад түрээслэсэн байсан. Л.Г, Г.Б бид 2012 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Хаан банкнаас 25,000,000 төгрөгийг, 3 жилийн хугацаатайгаар, Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, ШШГЕГ-ын 24 дүгээр байрны 01 тоот орон сууцыг барьцаалж, зээл авч нөхөр Г.Б 22,000,000 төгрөгөөр фүүл таймтай жийп машин авч, хөдөө байсан малаа маллаж амьдрах зорилгоор авсан. Нөхөр маань Төв аймгийн Баянчандмань суманд байрлах мал дээрээ байсан. Бид энэ зээлийг төлөхдөө нөхөр Г.Б нь ШШГЕГ ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэртээ гарахад төрийн албан хаагч нарт олгодог нэг удаагийн тэтгэмжээр төлөхөөр төлөвлөсөн байсан боловч уг мөнгөөр Төв аймгийн Баянчандмань суманд байрлах өвөлжөө, хаваржаандаа гүний худаг бариулах гэж 9,000,000 төгрөгийг нь өгч, хурдан удмын азарга, бас бус мал худалдаж авч зарцуулсан. Л.Г би нөхөрөө өвчтэй, хэвтэрт, сэхээнд байхад нь асран хамгаалж, хамт гэр бүлээрээ амьдарч байх хугацаандаа 2014 оны 6 дугаар сарын 30-ныг хүртэл зээлийн төлөлтийг байнга төлж байсан бөгөөд 2014 оны 7 дугаар сараас 2016 оны 7 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл Г.Б өөрөө төлж дуусгасан болно. Нөхөр Г.Б нь хараагүй болсон. Л.Г би охин н.Оийн хамт түрээсийн байранд амьдарч байна.
Иймд Л.Г би Г.Шт ямар нэгэн өр зээл байхгүй, үүрэг хүлээгээгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.Ш нь хариуцагч Б.От холбогдуулан байрны барьцаат зээлд төлсөн 10,150,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д зааснаар хариуцагч Б.Оыг сольж, хариуцагчаар Л.Гийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан.
Хариуцагч Л.Г нь Г.Шт ямар нэгэн өр зээл байхгүй, үүрэг хүлээгээгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
Г.Б, Л.Г нар нь 2012 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр гэрлэлтээ иргэний бүртгэлд бүртгүүлсэн болох нь гэрлэгчдийн 0182636/-1301 дугаартай гэрлэгчдийн гэрчилгээгээр тогтоогдож байх бөгөөд Г.Б нь 2013 онд хүндээр өвчилж, улмаар 2014 оны 7 дугаар сараас хойш гэрлэгчид тодорхой шалтгааны улмаас тус тусдаа амьдарч байсан, 2018 оны 8 дугаар сарын 04-ний өдөр Г.Б нь төрсөн эгч Г.Ш болон ах Г.Бнарын асаргаанд байж байгаад нас барсан болох нь хэрэгт авагдсан бичгийн баримт, зохигчдын тайлбараар тогтоогдож байна.
Г.Б нь 2012 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Хаан банктай Барьцаат зээлийн гэрээ-г байгуулж, хамтран үүрэг гүйцэтгэгчээр Л.Г оролцсон, тэрээр өрхийн зориулалтаар 30,000,000 төгрөгийг жилийн 26,4 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлсэн байх бөгөөд 2014 оны 6 дугаар сарын 30-ны өдөр Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ-гээр зээлдэгч нь даралт харван тархины хавдартай, мөн ажилгүй болсон шалтгааны улмаас зээлийн гэрээний хугацааг 2016 оны 7 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл сунгажээ.
Зээлийн гэрээний дагуу Г.Б, Л.Г нар нь зээлийн эргэн төлөлтийг Г.Быг эгч Г.Ш болон төрлийн хүмүүс нь ирж, авч явах хүртэл буюу 2014 оны 7 дугаар сарыг хүртэл төлж байсан болох нь Хаан банкны зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга, зохигчдын тайлбараар тогтоогдож байна.
2014 оны 8 дугаар сарын 14-ний өдрөөс 2016 оны 5 дугаар сарыг дуустал хугацаанд дээрх зээлийн гэрээний үүрэгт Г.Шоос гэсэн утга болон орлогын мэдүүлэгийн баримтад гарын үсэг зурсанаар 10,150,000 төгрөг төлөгдсөн болох нь энэ хугацааны зээлийн дансны хуулга, орлогын мэдүүлэгийн баримтуудаар тогтоогдож байна.
2012 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор мөн өдөр БГ-268 дугаартай Барьцааны гэрээ байгуулагдаж, Баянзүрх дүүрэг, тоот, улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн орон сууцыг барьцаалж, улсын бүртгэлд бүртгүүлсэн байна.
Хаан банк нь 2016 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 05720/16/-478 дугаартай албан бичгийг Г.Б нь зээлээ төлж дууссан тул барьцаанд буй дээрх орон сууцыг барьцааны үүргээс чөлөөлөхийг хүсч, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газарт хүргүүлжээ.
Эдгээрээс үзвэл талийгаач Г.Б 2018 онд нас барсан ба түүнийг нас барахаас 2 жилийн өмнө түүний Хаан банкнаас авсан зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон байх бөгөөд нэхэмжлэгч нь энэ хугацаанд үндсэн зээлдэгч Г.Баас түүний өмнөөс зээлд төлсөн төлбөрөө шаардаагүй байна. Түүнчлэн Г.Бы өмнөөс сайн дураараа зээлийг төлсөн эсэх, эсхүл Г.Б өөрөө банкинд очих боломжгүй учраас түүний зээлийг Г.Ш нь банкинд очиж төлж байсан эсэх нь тодорхойгүй байна.
Г.Ш нь өөрөө хүлээн зөвшөөрч, зээлийг сайн дурын үндсэн дээр төлсөн гэж шүүх хуралдааны хэлэлцүүлэгт тайлбарлаж байна.
Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-д Үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид гэнэ, 242.3-т Үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох бөгөөд үүргийг бүхэлд нь гүйцэтгэх хүртэл үүрэг гүйцэтгэгчдийн хүлээсэн үүрэг хүчин төгөлдөр хэвээр байна гэж заасан бөгөөд Г.Б, Л.Г нартай байгуулсан зээлийн гэрээний 4.2.11-д Монгол Улсын Иргэний хуульд заасан нөхцөл бий болсон /тухайлбал, зээлдэгч нас барах, эрх зүйн чадамжгүй болох, сураггүй алга болсонд тооцуулсан гэх мэт/ тохиолдолд хуулийн дагуу зээлдэгчийн өв залгамжлагч, хамтран үүрэг гүйцэтгэгч, батлан даагч, баталгаа гаргагч нь энэ гэрээний дагуу төлбөр, холбогдон гарсан бусад төлбөр, зардлыг бүрэн хариуцан барагдуулах үүргийг хүлээх-ээр заажээ.
Дээрх хуулийн зохицуулалт болон гэрээний заалтын дагуу Г.Б, Л.Г нартай зээлийн гэрээ байгуулсан Хаан банкны шаардах эрхэд хамааралтай, харин нэхэмжлэгчийн хувьд өөрөө хүлээн зөвшөөрч, Г.Бы төлөх зээлийг түүний өмнөөс төлж, зээлийн үүрэг дуусгавар болгосон тохиолдолд хамтран үүрэг гүйцэтгэгч Л.Гийн хүлээх үүрэг гэсэн агуулгаар нэхэмжилж буй нь хууль зүйн үндэслэлгүй байна.
Нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч нь нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагынхаа хууль зүйн үндэслэлийг тодорхой тайлбарлаагүй боловч Иргэний хуулийн 491 дүгээр зүйлд зааснаар нэхэмжлэгч нь бусдын үүргийг даалгаваргүйгээр гүйцэтгэсэн гэж үзэх үндэслэлтэй байх бөгөөд 491.7-д Үүргийн гүйцэтгэл ашиг сонирхлоо хамгаалуулсан этгээдийн хүсэл зориг, ашиг сонирхолд нийцэхгүй бол үйлдэл хийсэн этгээд зардлаа нөхөн төлүүлэхийг шаардах эрхгүй бөгөөд хэрэв үйлдэл хийсэн этгээд үүнийг мэдэж байсан бол ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдэд учирсан хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй гэж зааснаар нэхэмжлэгч нь хариуцагчаас шаардах эрхгүй байна.
Зохигчдын хооронд ямар нэгэн гэрээний харилцаа үүсээгүй тул Хаан банктай байгуулсан зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон хугацаанаас хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж тайлбарлаж буй хариуцагчийн өмгөөлөгчийн тайлбар үндэслэлгүй байна.
Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчаар оролцож байсан Б.Оын өмгөөлөгч Х.О нь гэрчээр Г.Быг оролцуулах хүсэлт гаргасныг тус шүүхийн шүүгчийн 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 1389 дугаартай захирамжаар хүлээн авсан бөгөөд 02 дугаар сарын 10-ны өдрийн шүүх хуралдаанд хариуцагч солигдсонтой холбогдуулан нэхэмжлэгчийн өмгөөлөгч гэрч Г.Быг асуух шаардлагагүй гэснийг үүгээр тэмдэглэх нь зүйтэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 491 дүгээр зүйлийн 491.7-д заасныг баримтлан хариуцагч Л.Гт холбогдуулан гаргасан 10,150,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Г.Шын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 177,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЭНХЖАРГАЛ