Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 02 сарын 26 өдөр

Дугаар   2025/ШЦТ/115

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                    

 

 

 

 

 

 

 2025         02         26                                     2025/ШЦТ/115

 

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

          Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Оюунтунгалаг даргалж,

          нарийн бичгийн дарга Э.Энхзул,

          улсын яллагч Э.Мөнх-Оргил /томилолт/,

          шүүгдэгч Г.З, түүний өмгөөлөгч Э.Баярбаатар нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны “5” дугаар танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

         

          Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн “0000 00000 0000” дугаартай хэргийг шүүх 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

          Монгол улсын иргэн 0000 оны 00 дугаар сарын 00-ны өдөр ХХ хотод төрсөн, 00 настай, эрэгтэй, яс үндэс дөрвөд, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, аав, эхнэрийн хамт ХХ дүүргийн 00 дүгээр хороо ХХ 00 тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,

          З /РД: УУ00000000/

        Шүүгдэгч Г.З нь “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Г.З нь 2024 оны 11 дүгээр 23-ны өдөр ХХ дүүргийн 00 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ХХ байрны ХХ тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох өөрийн эхнэр Д.Оийг үл ялих зүйлээр шалтаглан цохих, өшиглөх, бүсээр ороолгох зэргээр зодож, улмаар эрүүл мэндэд нь 2 нүдний зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун хацар, зүүн чамархай, шанаа, дух, эрүү, баруун бугалга, нуруу бүсэлхий зүүн бугалга, баруун зүүн өгзөг, баруун зүүн гуянд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулж Эрүүгийн хуульд заасан "Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах" гэмт хэргийг Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн болох нь:

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, Баянзүрх дүүргийн Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсийн Шуурхай удирдлагын тасгийн Дуудлагын лавлагааны хуудас /хавтаст хэргийн 3-5-р хуудас/

 

Хохирогч Д.Оийн "...2024 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр нөхөр болох З учир зүггүй уурлаад байхаар нь би нөхөр болон өөртөө банш чанаж гадагшаа гарсан орой 20 цагийн үед орж ирсэн чинь нөхөр хэрүүл хийгээд байхаар нь би орондоо ороод хэвтэж байтал хажуу талын өрөөнд хадам аав нь нөгөө өрөөнд нь өрөө түрээсэлдэг хоёр казах хүүхэд байсан, намайг хэвтэж байхад гараараа цохиж орон дээрээс унагаад газар унахад хөлөөрөө олон удаа өшиглөсөн мөн бүсээр нуруу хэсэгт 20, 30 удаа цохисон тэгээд би арай гэж мултраад хадам аавд цагдаа дуудаач ээ гэхэд хэн ч тоохгүй байхаар нь би доошоо буугаад жижүүр эгчид цагдаа дуудаад өгөөрэй намайг зодож алах нь гэж хэлээд цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн, би өөрөө буцаж ороод хоёр казах хүүхдийн утсаар бас дуудлага өгсөн тэр үед бас дахиад бүсээр ороолгож зодсон. Тэгээд цагдаа нар ирэхээс өмнө хүүхэд рүү залгаад энэ ээж чинь унаад гэмтчихлээ гэж хэлсэн манай хүүхэд цагдаа нартай зэрэгцээд хүрж ирсэн. Гэмтлийн эмнэлэгт үзүүлэхэд 4 хавирга хугарсан байна гэсэн хариу гарсан. Хоёр нүд хөхөрсөн, үүдэн шүд хөдөлсөн, бие энд тэнд хөхөрсөн, хавирга цээжээр өвдөж байгаа. ... Би найз М хамт гэрт нь нэг том пиво хувааж уугаад юм ярьж байгаад гэртээ ирсэн. Гэрлэлтийн баталгаатай, дундаас гарсан 1 хүүхэдтэй, цуг амьдраад 35 жил болж байгаа. Урьд нь нэг удаа өгч байсан, би гомдолгүй гэж хэлээд шийдвэрлүүлж байсан. Дахиж гэртээ орохоос айж байгаа. Шүүх эмнэлгээр орж гэмтлээ үзүүлмээр байна. Би 2024 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр гэмтлийн эмнэлэгт үзүүлсэн тухайн үед сэтгэл санаа тогтворгүй байсан болохоор эмчийн ярьсан зүйлийг буруу ойлгосон байсан миний цээж хэсгээр хөндүүрлээд байсан болохоор би хавирга хугарсан гэж бодсон. Миний хавирга бол хугараагүй. Миний сэтгэцэд учирсан хохирол байхгүй. Сэтгэл санааны хохирол тогтоолгохгүй. Надад нэхэмжлэх зүйл байхгүй. Надад гомдол, санал байхгүй манай нөхөр их гэмшиж, харамсаж байгаа бид хоёрын дунд одоо ямар нэгэн асуудал байхгүй..." гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 10, 14-р хуудас/,

 

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч эмч Т.А ий 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 131 дугаартай "...1. Д. О-н биед 2 нүдний зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун хацар, зүүн чамархай, шанаа, дух, эрүү, баруун бугалга, нуруу, бүсэлхий зүүн бугалга, баруун зүүн өгзөг, баруун зүүн гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Уг гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул эрүүл мэндэд хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. 5. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байна..." гэх дүгнэлт /хавтаст хэргийн 16-17-р хуудас/,

 

Гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 64-р хуудас/

 

Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл /хавтаст хэргийн 49-р хуудас/

 

Яллагдагч Г.Згийн "... Би 2024 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр ХХ дүүрэг 00 дүгээр хороо Х байрны ХХ тоотод байрлах гэртээ зурагт үзээд байж байхад манай эхнэр болох О халамцуу орж ирчхээд Манай ангийн хүүхэнтэй хардаад байсан юм тийм зүйл ерөөсөө байхгүй би тэр үед миний уур хүрээд гуя, бөгс, нуруу хэсэгт нь олон удаа гараараа цохисон. Би сайн санахгүй байгаа. Миний цохисноос болж үүссэн гэмтэл гэж бодож байна, би одоо шаналаад үхэх гээд байна маш их гэмшиж байгаа. Би хүлээн зөвшөөрч байна, бүх зүйл миний буруу би маш их гэмшиж байна..." гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 47-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.  

          Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дахь хэсгийн 5.1.1-д “Гэр бүлийн хүчирхийлэл” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаад дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно гэж хуульчилжээ.

 

          Шүүгдэгч Г.З, хохирогч Д.О нар нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүмүүс болох нь шүүгдэгч, хохирогч нарын өгсөн мэдүүлгээр тогтоогдсон  гэж үзлээ.  

         

          Шүүгдэгч Г.З нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдэхдээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Д.Оийн эсрэг үйлдсэн нь “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх шинжийг хангаж байна.

         

          Шүүгдэгч Г.Згийн үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан “Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эрхэд халдсан идэвхтэй үйлдэл бөгөөд шүүгдэгч нь хохирогчийг өөрийн хүсэл, эрхшээлд байлгахаар, өөрийн хийж буй үйлдлийн аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

 

Шүүгдэгч Г.З нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

          Хохирогч Д.О нь мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн шатанд гэмт хэргийн улмаас өөрийн эрүүл мэндэд нь учирсан хохиролд баримтаар нэхэмжилсэн зүйлгүй тул энэ тогтоолоор шүүгдэгч Г.Зг бусдад төлөх төлбөргүйд тооцов.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Прокурорын санал болгож, шүүдэгч нарын хүлээн зөвшөөрсөн 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч Г.Зг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.З нь шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт үүрэг болгож шийдвэрлэв.

Шүүгдэгч Г.З нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг  тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Зг “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд  хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Зд 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.З нь шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт үүрэг болгосугай.

 

4. Шүүгдэгч Г.З нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч нар давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

     7. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд  шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Зд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

                               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Э.ОЮУНТУНГАЛАГ