| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашдоржийн Золзаяа |
| Хэргийн индекс | 101/2017/02323/И |
| Дугаар | 101/ШШ2017/02805 |
| Огноо | 2017-09-11 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 09 сарын 11 өдөр
Дугаар 101/ШШ2017/02805
| 2017 оны 09 сарын 11 өдөр | Дугаар 101/ШШ2017/02805 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: *******-н нэхэмжлэлтэй,
Хариуцагч:*******-д холбогдох,
Орон сууц барьцаанаас чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл, зээлийн төлбөр 23.500.000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаагаар хангуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, өмгөөлөгч Д.Ц, хариуцагч*******, өмгөөлөгч Н.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Одонтуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: ... Миний бие*******-тай 2014 оны 04 дүгээр сарын 29-нд зээлийн гэрээ байгуулж, түүнээс 15.000.000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй, 4 сарын хугацаатай зээлж авсан. Миний хувьд энэхүү зээлийг зээлийн гэрээгээр тохирсон хугацаанд төлж амжаагүй боловч харин зээлийн хүүг гэрээний хугацаанд нь төлж байсан ба улмаар үндсэн зээл болон холбогдох алдангийг бүрэн төлж барагдуулсан болно.******* нь бидний хооронд байгуулсан зээлийн гэрээний хугацаа дууссан байхад надаас байнга хүү нэхэж өгөхгүй бол байрыг чинь суллаж авна гэж дарамтлах болсон. Миний хувьд цаашид түүнд хүү төлөх үндэслэлгүй байх тул байраа барьцаанаас чөлөөлж авахын тулд нэхэмжлэл гаргаж байна. Би*******тай байгуулсан зээлийн гэрээний үүргээ биелүүлсэн нийт 23.000.000 төгрөг төлсөн байгаа тул барьцааны хөрөнгө болох Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 100 айлын тоот 1 өрөө байрыг барьцаанаас чөлөөлж өгнө үү гэв.
Хариуцагч******* шүүхэд гаргасан тайлбар болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: ... ******* нь 2014 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр надтай зээлийн гэрээ байгуулж 15.000.000 төгрөгийг 4 сарын хугацаатай 5 хувийн хүүтэй зээлж авсан. Ингэхдээ Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 100 айл, 3-40 тоот 12 м2 1 өрөө байрыг барьцааны гэрээ байгуулан барьцаалсан. ******* нь сард хүү 750.000 төгрөг төлөх ёстой байтал сардаа буюу хугацаандаа төлөхгүй бага багаар хийж эсвэл хугацаа өнгөрсөн хойно хийх зэргээр гэрээнд заасан үүргээ биелүүлэхгүй байсан. Гэрээг ******* болон миний зүгээс цуцлах санал тавиагүй тул гэрээ үргэлжилж байгаа гэж ойлгож байсан. *******ын гэрээний үүргээ биелүүлсэн байдлаас харахад миний Хас банкны 5001128060 тоот данс руу 13.500.000 төгрөг, Голомт банкны данс руу 1.650.000 төгрөг нийт 15.150.000 төгрөг шилжүүлсэн байна. Яаж ч бодсон 23.000.000 төгрөг хүрэнгүй. Гэтэл бидний дунд байгуулсан зээлийн гэрээ нь 2014 оны 08 дугаар сарын 29-ний өдөр зээлээ бүрэн төлж барагдуулснаар дуусах байсан хэдий ч ******* нь хугацаа хэтрүүлсэн мөн гэрээг цуцлах санал тавиагүй зэрэг нь зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлээгүй байна гэж үзэх үндэстэй. ******* нь барьцааны 1 өрөө байраа барьцаанаас чөлөөлж өгнө үү гэсэн байна. Барьцааны гэрээний 6-д барьцаагаар хангагдах шаардлага, хэмжээ, түүнийг тодорхойлох хэсэгт энэ нь зээлийн гэрээгээр тодорхойлогдох бөгөөд үндсэн зээл, зээлийн хүү, алданги барьцааны зүйлийг худалдан борлуулахад гарсан зардал, улсын тэмдэгтийн хураамж, төлбөрийн нийлбэрээр тодорхойлогдоно гэж зааснаас үзэхэд ******* нь гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлээгүй хугацаа хэтэрсний хүү, алданги төлөх ёстой байтал төлөөгүй үндсэн зээлээ бүрэн төлж дуусгаагүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.
Хариуцагч******* шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: ... Миний бие *******тай 2014 оны 04 дүгээр сарын 29-нд зээлийн гэрээ байгуулж 15.000.000 төгрөг 4 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй зээлдүүлсэн. ******* нь зээлийн гэрээний үүргээ хугацаанд нь гүйцэтгэхгүй бол гүйцэтгээгүй үнийн дүнгийн 0.5 хувийн алданги төлөхөөр гэрээнд тусгагдсан юм. Ингэхдээ Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 100 айлын 3-40 тоот 12 м2 нэг өрөө байрыг барьцааны гэрээгээр барьцаалсан. ******* нь сард хүү 750.000 төгрөг төлөх ёстой байтал сардаа буюу хугацаандаа төлөхгүй бага багаар эсвэл хугацаа өнгөрсөн хойно хийх зэргээр гэрээнд заасан үүргээ биелүүлэхгүй байсан. Гэрээг ******* болон миний зүгээс цуцлах санал тавиагүй тул гэрээ үргэлжилж байгаа гэж ойлгож байсан. *******ын гэрээний үүргээ биелүүлсэн байдлаас харахад миний Хас банкны тоот дансруу 13.500.000 төгрөг, Голомт банкны дансруу 2.400.000 төгрөг нийт 15.800.000 төгрөг шилжүүлжээ. Гэтэл бидний дунд байгуулсан зээлийн гэрээ нь 2014 оны 08 дугаар сарын 29-ний өдөр зээлээ бүрэн төлж барагдуулснаар дуусах байсан хэдий ч ******* нь хугацаа хэтрүүлсэн мөн гэрээг цуцлах санал тавиагүй зэрэг нь зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлээгүй байна гэж үзэх үндэстэй байна. ******* нь эхний 5 сарын хүү 750.000 төгрөг, дараагийн 6 сарын хүү 750.000 төгрөгийг 7 дугаар сарын 03-ны өдөр төлсөн, тэгээд 7, 8, 9 сард хүү төлөөгүй явж байгаад 8 дугаар сарын 02-ны өдөр хүү 250.000 төгрөг, 8 дугаар сарын 29-ний өдөр хүү 750.000 төгрөг, 9 дүгээр сарын 29-ний өдөр 750.000 төгрөг төлөөд сарын 150.000-350.000 төгрөг дотор цувуулан өгч байсан. Эдгээр мөнгөнүүд нь сарын хүүндээ ч хүрэхгүй байсан. Гэрээгээр бол 2014 оны 08 дугаар сарын 29-ний өдөр дуусаад үндсэн мөнгө 15.000.000 төгрөг 4 сарын хүү 3.000.000 төгрөг төлөгдөөд дуусах ёстой байтал ******* нь хугацаа хэтрүүлэн мөн хүүгээ сар сардаа төлж ирээгүйгээс болж би хохирч байна. ******* нь гэрээг цуцлах санал тавиагүй ба тухайн мөнгөнүүдийг шилжүүлэхдээ 15.000.000 төгрөгийг банкны зээл авч байгаад өгнө хүүг нь сар бүрд нь төлөөд явъя гэж өөрөө хэлж байсан. Иймд одоо үндсэн зээл 15.000.000 төгрөг, гэрээгээр тохирсон хугацаа хэтрүүлсний алданги хоногоор бодоход маш их хэмжээний мөнгө гарч байгаа боловч хуулинд зааснаар 7.500.000 төгрөг нийт 23.500.000 төгрөгийг *******аас нэхэмжилж байна. Үүргийн гүйцэтгэлийг барьцааны гэрээ байгуулж барьцаалсан Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 100 айл, 3-40 тоот 12 м2 нэг өрөө байраар хангуулж өгнө үү гэв.
Нэхэмжлэгч ******* шүүхэд болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: ... Миний бие 2014 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр*******аас 4 сарын хугацаатай 15.000.000 төгрөгийг зээлсэн. Зээлийн гэрээний хугацаа 2014 оны 08 дугаар сарын 29-ний өдөр дууссан. Миний хувьд гэрээний үүргээ биелүүлсэн гэж үзэж байгаа. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар зохигч, өмгөөлөгчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* нь хариуцагч*******ад холбогдуулан орон сууц барьцаанаас чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл, хариуцагч******* нь нэхэмжлэгч *******д холбогдуулан зээлийн төлбөр 23.500.000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаагаар хангуулах тухай сөрөг нэхэмжлэл тус тус гаргажээ.
Нэхэмжлэгч, хариуцагчийн хэн аль нь эсрэг талын гаргасан шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй маргаж байна.
Зохигчдын хооронд 2014 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр зээлийн гэрээ бичгээр байгуулагдаж, нэхэмжлэгч нь хариуцагчаас 15.000.000 төгрөгийг 2014 оны 08 дугаар сарын 29-ний өдөр хүртэл хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй зээлэх, зээлийг эргүүлж төлөх хугацаа хэтрүүлсэн тохиолдолд алданги тооцох, сарын хүү болох 750.000 төгрөгийг сар бүрийн 29-ний өдөр төлөх нөхцлөөр харилцан тохиролцжээ /хх-3/.
Талууд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээ байгуулсан байх ба зээлийн гэрээ байгуулагдсан, мөн хүчин төгөлдөр эсэх талаар маргаагүй. Хариуцагчаас нэхэмжлэгчид зээл 15.000.000 төгрөгийг шилжүүлсэн талаар мөн маргаагүй.
Харин нэхэмжлэгч нь зээлийн гэрээний дагуу зээл, хүүний төлбөрт нийт 23.000.000 төгрөг төлснөөр үүргээ бүрэн биелүүлсэн гэж, хариуцагч нь зээлийн хүүнд дансаар болон бэлнээр нийт 17.400.000 төгрөг төлсөн, одоо зээл, алданги төлүүлнэ гэж тус тус маргаж байна.
1. Хэрэгт авагдсан хариуцагчийн Хас банкин дахь тоот дансны хуулга болон нэхэмжлэгчийн Хас банкны орлогын баримтаар 2014 оны 07 дугаар сарын 31-ний өдрөөс 2016 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн хугацаанд 37 удаагийн гүйлгээгээр нийт 16.750.000 төгрөг хариуцагчид төлөгджээ /хх-37-43, 60-84/. Хэлэлцүүлгийн явцад талууд гүйлгээ бүрийг тулгасан бөгөөд шилжүүлэгчийн нэр, гүйлгээний утга тодорхойгүй 10 удаагийн гүйлгээний дүн 3.100.000 төгрөгийг хариуцагч тооцоондоо оруулаагүй байх боловч нэхэмжлэгчийн төлсөн гэх тайлбарыг шүүхэд маргаагүйгээс гадна нэхэмжлэгчийн Хас банкны орлогын зарим баримтаар 4 гүйлгээний 900.000 төгрөг төлөгдсөн нь нотлогдсон байна /хх-77, 78, 81, 83/. Иймд шүүх дээрх 16.750.000 төгрөгийг нэхэмжлэгч төлсөн байна гэж дүгнэв.
2. Мөн талууд 2014 оны 05 дугаар сарын 29-ний өдрөөс 2014 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн хугацаанд хариуцагчийн Голомт банкин дахь тоот дансанд 4 удаагийн гүйлгээгээр нийт 1.650.000 төгрөг төлөгдсөнийг маргаагүй ба уг дансны хуулга хэрэгт авагджээ /хх-46, 48/.
3. Нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүхийн журмаар гаргуулсан хариуцагчийн эхнэр Ш.Солонгын Хаан банкин дахь тоот дансны хуулгаас үзэхэд 2015 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 250.000 төгрөг, 2015 оны 07 дугаар сарын 28-ны өдөр 250.000 төгрөг, нийт 500.000 төгрөгийг нэхэмжлэгч шилжүүлсэн байна /хх-99/.
4. Түүнчлэн шүүх хуралдаанд нэхэмжлэгч нь хариуцагчид бэлнээр 2015 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр 250.000 төгрөг, 2015 оны 03 дугаар сарын 29-ний өдөр 250.000 төгрөг тус тус төлсөн гэж тайлбарласныг хариуцагч******* эхний төлбөрийг авснаа санаж байна, харин сүүлийн төлбөрийг мэдэхгүй гэж тайлбарласан. Нэхэмжлэгч төлсөн байдлаа шүүхэд өөр баримтаар нотлоогүй тул нэхэмжлэгчийн тайлбарыг үндэстэй гэж үзэх боломжгүй.
Дээрх бүх тооцоог нэгтгэж үзэхэд нэхэмжлэгч *******аас хариуцагч*******ад зээлийн төлбөрт нийт 19.150.000 төгрөг төлөгдсөн гэж дүгнэх үндэстэй. Энэ төлбөрийг нэхэмжлэгч зээлийн гэрээний дагуу зээл, хүүг бүрэн төлсөн гэж, хариуцагч зөвхөн хүү төлөгдсөн гэж тайлбарлаж байна.
Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1, 282.3 дахь хэсэгт зааснаар зээлдэгч нь зээлийн гэрээгээр тохиролцсон хүүг зээлдүүлэгчид төлөх үүрэгтэй ба хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ, энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана.
Талууд зээлийн гэрээг 2014 оны 04 дүгээр сарын 29-ний өдрөөс 2014 оны 08 дугаар сарын 29-ний өдөр хүртэл хугацаагаар бичгээр байгуулж сарын 5 хувийн хүү тооцохоор тохиролцсон тул уг хугацаанд тооцогдох хүү 3.000.000 төгрөг /15.000.000*5%*4 сар/-ийг нэхэмжлэгч төлөх үүрэг хүлээжээ.
Хэрэгт зээлийн гэрээг сунгасан бичгийн баримт авагдаагүй байна. Гэрээний хугацаа дууссанаас хойш нэхэмжлэгчийн хийсэн төлбөрүүд тодорхой давтамж, үнийн дүнтэй байх боловч гүйлгээний утгыг зээлийн хүү гэж тодорхойлж байгаагүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч татгалзлын үндэслэлээ шүүхэд баримтаар нотлох үүрэгтэй ба нэхэмжлэгчийн төлсөн төлбөрийг зээлийн хүүнд тооцсон гэх хариуцагчийн татгалзал баримтаар нотлогдохгүй байна.
Иймд нэхэмжлэгчийг зээлийн гэрээний дагуу зээл 15.000.000 төгрөг, зээлийн хүү 3.000.000 төгрөг төлөх үүргээ бүрэн биелүүлсэн гэж шүүх дүгнэж, зээл 15.000.000 төгрөг төлүүлэх тухай хариуцагчийн сөрөг шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Зээлийн гэрээний 3 дахь заалтад зээлийг эргүүлж төлөх хугацааг хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлөхөөр заасан нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж заасантай нийцжээ.
Нэхэмжлэгч нь 2014 оны 08 дугаар сарын 29-ний өдөр зээл 15.000.000 төгрөг төлөх үүрэг хүлээсэн боловч хугацаа хэтрүүлсэн буруутай байна. Иймээс хариуцагч нь нэхэмжлэгчээс алданги шаардсан нь хууль зүйн үндэслэлтэй ба Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж заасныг баримталж тооцсоныг буруутгах үндэслэлгүй.
Хариуцагч алдангид 7.500.000 төгрөг шаардаж байх боловч дээрх тооцоогоор 1.150.000 төгрөг /19.150.000-18.000.000/-ийн зөрүү гарч байх тул үүнийг алданги төлөгдсөнд тооцох нь зүйтэй.
Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч *******аас алданги 6.350.000 төгрөг /7.500.000-1.150.000/ гаргуулан хариуцагч*******ад олгож, илүү нэхэмжилсэн 1.150.000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Талууд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2014 оны 08 дугаар сарын 29-ний өдөр барьцааны гэрээ байгуулж, нэхэмжлэгчийн өмчлөлийн Сүхбаатар дүүрэг, 10 дугаар хороо, 100 айл тоот хаягт байршилтай 12 м2 талбайтай нэг өрөө орон сууцыг барьцаалсан байх ба Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт заасан шаардлага хангасан хүчин төгөлдөр гэрээ байна /хх-4, 123/.
Барьцааны гэрээний 6 дахь хэсэгт барьцаагаар хангагдах шаардлага, түүний хэмжээг тодорхойлохдоо талууд алдангийг хамааруулсан байна.
Нэхэмжлэгч нь алданги төлөх үүргээ бүрэн биелүүлээгүйгээс Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.1 дэх хэсэгт зааснаар барьцаагаар хангагдах шаардлага дуусгавар болоогүй байх тул орон сууцыг барьцаанаас чөлөөлүүлэх тухай *******ын нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй, харин үүргийн гүйцэтгэлийг барьцаагаар хангуулах тухай*******ын сөрөг нэхэмжлэлийг хангах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул Сүхбаатар дүүрэг, 10 дугаар хороо, 100 айл тоот хаягт байршилтай 12 м2 талбайтай нэг өрөө орон сууцыг барьцаанаас чөлөөлүүлэх тухай нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1, 232 дугаар зүйлийн 232.6, 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч *******аас 6.350.000 /зургаан сая гурван зуун тавин мянган/ төгрөг гаргуулан хариуцагч*******ад олгож, нэхэмжлэгч төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Сүхбаатар дүүрэг, 10 дугаар хороо, 100 айл тоот хаягт байршилтай 12 м2 талбайтай нэг өрөө орон сууцыг албадан худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангуулж, сөрөг нэхэмжлэлээс үлдэх 17.150.000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн 308.000 төгрөг, хариуцагчаас урьдчилан төлсөн 275.450 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч *******аас 116.550 төгрөг гаргуулан хариуцагч*******ад олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА