Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 229

 

 

 

   

 

 

   

   2017           06            07                                        229

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Алтантуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнхням,

улсын яллагч Ц.Ариунтуяа,

хохирогч Х.Буяндалай,

шүүгдэгч М.Цоггэрэл,

шүүгдэгчийн өмгөөлөгч А.Очбадрал /шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 2185/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Чангас овгийн Мижидийн Цоггэрэлд холбогдох эрүүгийн 2017 2601 0110 дугаартай, 1 хавтаст хэргийг 2017 оны 05 дугаар сарын 22-ны өдөр хүлээн  авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Чангас овгийн Мижидийн Цоггэрэл Монгол Улсын иргэн, 1974 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 43 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 2 дугаар хороолол, 67 дугаар байр 14 тоотод оршин суудаг, урьд ял шийтгэл:

1.Баянгол дүүргийн шүүхийн 1997 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 197 дугаар  таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 131 дүгээр зүйлийн 2-д зааснаар 2 жил хорих ял шийтгүүлж, хорих ялыг тэнсэж 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

2.Баянгол дүүргийн шүүхийн 1999 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 44 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 239 дүгээр зүйлийн 3, 123 дугаар зүйлийн 2-д зааснаар 5 жилийн хорих ял шийтгүүлж, 2002 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,

3.Баянгол дүүргийн шүүхийн 2002 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 602 дугаар  шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 124 дүгээр зүйлийн 2-д зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, Баянзүрх дүүргийн шүүхийн 2003 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 617 дугаар захирамжаар эдлээгүй үлдсэн 7 сар 14 хоногийн хугацааны өмнө тэнсэн суллагдсан,

4.Баянгол дүүргийн шүүхийн 2004 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 96 дугаар  шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 10 жил 3 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, Баянзүрх дүүргийн шүүхийн 2008 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр 336 дугаар захирамжаар Эрүүгийн хуульд нэмэл өөрчлөлт орсон 2008 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн хуулиар Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсгийг мөн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 хэсэг болгон өөрчилж,  5 жилийн хугацаагаар хорих ялын үлдсэн 3 сар 12 хоногийг эдлүүлэхээр тогтоож, 2008 оны 07 дугаар сарын 21-ний өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,

5.Чингэлтэй дүүргийн шүүхийн 2010 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 94 дугаар  шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 12 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн  96 дугаар захирамжаар Анхны Ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай 2015 оны хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1 дэх хэсэгт зааснаар ялтай хугацааг нь өршөөж, Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсгийг мөн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар өөрчлөн зүйлчилж, 5 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, 2016 оны 03 дугаар сарын 03-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан. (РД:ЧЗ74090630).

 

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтээр/:

Шүүгдэгч М.Цоггэрэл нь ялтай байдал арилаагүй байхдаа давтан үйлдлээр 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 2 дугаар байрны 65 тоотын том өрөөг нь түрээслэн амьдардаг Б.Ууганбаярынд тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл буюу заазуур хэрэглэж, том өрөөний хаалганы шилийг хөшиж онгойлгон, орон байранд нэвтэрч 369,990 төгрөгийн үнэлгээ бүхий “Монел” маркийн 32 инчийн хар өнгийн ЛСД зурагтыг хулгайлан авч гарахдаа тухайн байрны эзэмшигч Х.Буяндалайгийн эзэмшлийн  нийт 65,000 төгрөгийн үнэлгээ бүхий “Нокиа” маркийн гар утас 1 ширхэг, гэрийн түлхүүр 3 ширхэг, өвлийн гутал 1 ширхэгийг хулгайлж бусдад нийт 434,990 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

1.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Цоггэрэл мэдүүлэхдээ:

Хохирогч Х.Буяндалайтай төмөр замын коллежид хамт сурч байсан. Дараа нь хорих газар ял эдэлж байхдаа Х.Буяндалайтай таарч хамт хорих ял эдэлж байсан.

Би ОХУ-руу яваад 2016 оны 12 дугаар сарын 18-нд Монгол Улсын хилээр орж ирээд гэртээ очиход манай байрыг миний эгч түрээслээд Швед улс руу явсан байсан. Тэгээд би амьдрах газаргүй болоод 2016 оны 12 дугаар сарын 18-нд Х.Буяндалайгийн гэрт очсон. 2016 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл Х.Буяндалайгийн гэрт амьдарсан.

2016 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Х.Буяндалай бид хоёр архи уусан. Тэгээд хохирогч Х.Буяндалайгийн байрны хажуу өрөөг түрээсэлж байсан иргэн Б.Ууганбаярын өрөөний хаалганы шилийг заазуураар хөшөөд авч тавиад, өрөөнд нь ороод 32 инчийн зурагт хулгайлсан. Мөн хохирогч Х.Буяндалайгийн өмд, гутал, гар утас, гэрийн түлхүүрийг аваад Х.Буяндалайг гэрийнх нь гаднаас цоожлоод явсан. Намайг гарч явахад хохирогч Х.Буяндалай унтаж байсан. Тэгээд 32 инчийн зурагтыг нь “Саппоро”-гийн урд байдаг ломбарданд 100,000 төгрөгийн барьцаанд тавьсан. Зурагт тавьсан мөнгөө өөртөө зарцуулаад дууссан. Тэгээд 2-3 хоногийн дараа зурагтаа очиж аваад хохирогч Х.Буяндалайгийн гэрийн гадаа ирэхэд Х.Буяндалайгийн гэрийн гадна цагдаа нар байхаар нь буцаж яваад 3-4 дүгээр хорооллын “ВSВ” цахилгаан барааны дэлгүүрийн гадна очоод тэнд явж байсан хүнд 150,000 төгрөгөөр зарсан. Энэ мөнгөөрөө зардал хийгээд Замын-Үүд рүү ажил хийхээр явсан. Харин Х.Буяндалайгийн гутлыг өмсөж, гар утас түлхүүрийг нь хаясан. 2016 оны 12 дугаар сарын 23-нд өглөө 2 шил архи уусан болохоор болсон явдлаа орон гаран санаж байна гэв.

 

2.Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Х.Буяндалай мэдүүлэхдээ: М.Цоггэрэл бид хоёр Төмөр замын коллежид хамт сурч байсан. Дараа нь хорих 409 дүгээр ангид ялаа эдэлж байхад надтай хамт ял эдэлж байсан. Тэгээд 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр ОХУ-аас ирээд орох газаргүй болсон байна, эгч байр түрээслээд явчихсан байна гэж хэлэхээр нь би Цоггэрэлд манай гэрт ирээд надтай хамт байж бай гэж хэлсэн. Тэгээд байр түрээсэлж байсан хүн мөнгөө өгөхөөр нь хамтдаа Замын-Үүд явъя гэж ярьж байсан. Гэтэл Цоггэрэл 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдөр миний гутал, өмд, гар утас, гэрийн түлхүүр аваад явсан байсан. Эдгээр зүйлийг би хулгайн зорилгоор авсан гэж бодохгүй байна. Шүүгдэгч М.Цоггэрэл хувцас муутай явж байсан болохоор миний гутлыг өмсөөд явсан гэж бодсон. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэв.

 

Эрүүгийн 2017 2601 0110 дугаартай хэргээс хохирогч, гэрч нарын мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

 

Гэмт хэргийн нөхцөл байдлын талаарх нотлох баримтууд.

3.Хохирогч Б.Ууганбаярын 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр мэдүүлсэн:

“...Би 2016 оны 12 дугаар сарын 23-ны өглөө 09 цагийн орчим ажлаасаа буугаад өөрийн түрээслэн амьдардаг Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо 2 дугаар байрны 65 тоот гэртээ ирээд өөрийнхөө түрээсэлдэг том өрөөгөө онгойлгоод өрөөндөө ороод унтсан. Тухайн өдөр байгууллагын шинэ жилийн арга хэмжээ орой 18 цагт байсан болохоор би унтаж байгаад 13 цагийн орчим сэрээд гэртээ хоол хийж идээд байж байхад манай байрны эзэн Буяндалай ах өөрийн найз гэх нэг бор царайтай ахтай хамт архи уугаад өрөөндөө дуулаад сууж байсан. Тэгээд би Буяндалай ахын өрөөнд орж та наад архи дарс уухаа боль гэж хэлээд нөгөө хүнд нь та одоо гэр рүүгээ яв, энд битгий архи дарс уугаад байгаарай гэж хэлээд буцаж өрөөндөө ороод зурагт үзээд сууж байгаад 16 цаг 20 минутын үед хувцасаа сольж өмсөөд шинэ жилийн арга хэмжээнд явахаар өрөөгөө цоожлоод гарахад  Буяндалай ах нилээн согтоод тасарсан, нөгөө хамт архи ууж байсан хүн арай гайгүй согтолттой байж байсан. Тэгээд би шинэ жилдээ ороод шөнө 03 цагийн орчим гэртээ ирсэн чинь манай том өрөөний хаалга цоожтойгоо, хаалганы шилийг нь заазуураар хөшиж онгойлгоод гэрт байсан ЛСД 32 инчийн зурагт алдагдсан байсан. Би өөрийн өгсөн байцаалт дээрээ өмд цамц алдсан гээд мэдүүлсэн байсан чинь дараа нь өрөөгөө цэвэрлээд үзсэн чинь миний өмд цамц байсан. Тэгээд цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн юм. Сүүлд нь хажуу өрөөний эгч Наранцэцэгтэй уулзаад юм ярьж байхад намайг тухайн хэрэг гардаг өдөр шинэ жилийн арга хэмжээндээ явсаны дараа Наранцэцэг эгч гэрт ирэхэд манай өрөөний хаалганы цонхыг хүн авсан байсанг харсан байсан. Буяндалай ахыг ганцаараа унтаж байсанг харсан байсан. Тэгэхээр намайг явсаны дараа Буяндалай ахтай хамт шоронд байсан гэх Цоггэрэл манай өрөөний хаалганы шилийг хөшиж онгойлгоод дотроос нь миний зурагтыг хулгайлсан гэж бодож байна. Тэрнээс гарцаа байхгүй...” гэх мэдүүлэг [1],

-2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр дахин мэдүүлсэн:

“...Би өөрийн өмнө өгсөн байцаалт дээр нэмж хэлэхэд би анх цагдаад гомдол гаргахдаа зурагтнаас гадна өмд, цамц алдсан гээд байсан чинь өмд, цамц маань байсан. Ганцхан зурагт алдагдсан байна.

Би өөрийн алдсан зурагтны хохирлын мөнгийг Цоггэрэлээс нэхэмжилж авахгүй, би Цогггэрэлд гомдолгүй. Буяндалай ах надтай ярьж тохирч миний зурагтны хохирлыг барагдуулахаар болсон. Одоо надад тус хэрэгт гомдол санал байхгүй. Энэ асуудлаар дахин би шүүх цагдаагаар явахгүй. Би шүүх хуралдаанд оролцохгүй. Би ээлжийн ажилтай болохоор...” гэх мэдүүлэг [2],

 

4.Хохирогч Х.Буяндалайгийн 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр мэдүүлсэн:

“...Би шүүхээс хорих ял авч шийтгүүлээд Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Ерөнхий Газрын харьяа хорих 409 дүгээр ангид ялаа эдэлж байхад надтай хамт Цоггэрэл гэж залуу хулгайн хэргээр шийтгүүлээд хамт байсан. Тухайн үедээ бид хоёр найз нөхөд болоод амьдарлаа яриад цуг нөхөрлөж байгаад би 2012 онд хорих ангиас суллагдаад Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо 2 дугаар байрны 65 тоотод гэртээ амьдарч байсан. Тэгээд өнгөрсөн 2016 оны зун 5 дугаар сард надтай хамт байсан Цоггэрэл шоронгоос гарсан, хөгшөөн гээд манай гэрт ирж хоноод ярьж байгаад бид хоёр цуг Сэлэнгээр дамжаад ОХУ-руу явах гэж байгаад миний гадаад паспортны хугацаа дуусаагүй гэх шалтгаанаар хил дээрээс би буцаад Цоггэрэл ОХУ-руу явж Итгэлт хамбад мөргөсөн. Тэр үед Цоггэрэлийн эхнэр ОХУ-д наймаа хийдэг гэж байсан. Түүнээс хойш бид хоёр уулзаагүй байж байгаад 2016 оны 12 дугаар сарын 18, 19-ний үед байх манай гэрт Цоггэрэл, Польшоос хөөгдөөд Монголд ирлээ, Улаанбаатарт өөрийнхөө гэрт ирсэн чинь эгч байрыг маань зараад Швед улс руу гараад явсан байна. Найз нь хонох газар алга гэж хэлсэн болохоор нь би зөвшөөрөөд гэртээ хэд хонуулсан. Тэгээд бид хоёр хамт байхдаа хэд хоног архи дарс уугаад байж байсан чинь 2016 оны 12 дугаар сарын 23-ны өглөө манай хажуу том өрөөг түрээсэлдэг Ууганбаяр ажлаасаа тараад орж ирээд гэртээ амарч байгаад өдөр байгууллагын шинэ жилдээ орлоо гээд намайг болон хамт архи ууж байсан Цоггэрэл бид хоёрыг ямар их архи уудаг юм, одоо боль гэж хэлээд гараад явсан. Түүний дараа би уусан архиндаа согтоод унтах гэж байхад Цоггэрэл би хоол хийгээдхий гэж хэлж байсан. Тэгээд би унтаж байгаад 18 цагийн орчим сэрсэн чинь манай жижиг өрөөг түрээсэлдэг Наранцэцэг гаднаас орж байгаа чимээг сонсоод би сэрсэн. Тэгээд хэсэг хэвтэж байгаад хувцасаа өмсий Цоггэрэл хаана байна гэж бодоод босоод харсан чинь миний өмсөж байсан өвлийн гутал, гэрийн түлхүүр, гар утас байхгүй болсон байхаар нь Наранцэцэгээс Цоггэрэлийг асуутал мэдэхгүй гэсэн. Тэгээд би харанхуй өрөөнөөс зуны гутлаа гаргаж өмсөөд Дэнж дээр байрлах төрсөн дүүгийнхээ гэр рүү явах гээд Наранцэцэгтэй хаалган дээр ирсэн чинь Ууганбаярын том өрөөний хаалган дунд байрлах шил байхгүй байхаар нь бид 2 гайхаад Ууганбаярыг түлхүүрээ хаячихаад цонхоороо орсон юм байна гэж бодоод Наранцэцэг бид 2 явсан. Тэгээд би ах Одгэрэлийн гэрт хоноод маргааш өглөө нь байрныхаа гадаа үүдэнд ирээд түлхүүр байхгүй орцонд хүн хүлээгээд зогсож байсан чинь Ууганбаяр гаднаас цагдаад өргөдөл өгчихөөд ирлээ та гэрээс хулгай хийсэн үү гэхээр гайхаад юу бэ гэж хэлээд гэртэй орсон чинь Ууганбаярын өрөөний хаалганы цонхны шилийг заазуураар хөшиж онгойлгоод өрөөнд нь байсан ЛСД зурагтыг авсан байсан. Ингээд би хулгай хийгээгүй надтай хамт байсан Цоггэрэл миний гар утас, гэрийн түлхүүрийг аваад явсан юм шиг байна. Наранцэцэг бид хоёрыг гарах гэж байхад хаалганы цонх онгорхой байсан, өчигдөр намайг согтуу унтаж байхад Цоггэрэл хулгай хийгээд аваад явсан байна гэж хэлээд Цагдаагийн хэлтэс дээр тайлбар өгсөн. Түүнээс хойш хэд хоногийн дараа би байрныхаа ойр орчимд байдаг ломбардуудаар асууж явтал Саппорогын урд талын автобусны буудлын урд байрлах ломбарданд Цоггэрэл өөрийнхөө нэрээр уг ЛСД зурагтыг 2016 оны 12 дугаар сарын 23-ны орой тавьсан байсан. ...” гэх мэдүүлэг [3],

- 2017 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр дахин мэдүүлсэн:

“...Намайг тасраад унтаж байхад Цоггэрэл гар утас, гэрийн түлхүүр, өвлийн гутал зэргийг аваад явсан байсан. Би Цоггэрэлийг хулгайлж аваагүй байх гэж бодож байна. Би эдгээр зүйлсийг нэхэмжилж авахгүй. Би “Нокиа” маркийн гар утсаа 15.000 төгрөгөөр, 3 ширхэг түлхүүрийг үнэлж мэдэхгүй байна. Хар өнгийн өвлийн гутлаа 50,000 төгрөгөөр үнэлж байна. ...” гэх мэдүүлэг [4],

 

5.Гэрч С.Наранцэцэгийн 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдөр мэдүүлсэн:

“...Би 2016 оны 07 дугаар сарын үед байх байр түрээслэнэ гэдэг зарын дагуу Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, 2 дугаар байрны 65 тоотын жижиг өрөөг очиж үзээд байрны эзэн Буяндалай гэж залуутай ярьж тохироод түүний байрны жижиг өрөөг түрээслэхээр болсон. Ингээд 2016 оны 12 дугаар сарын 23-ны өглөө 07 цагийн орчим охин Батцэцэгийг дагуулаад ажил сургуульдаа гарсан. Бид хоёрыг гарч байхад манай байрны эзэн Буяндалай өөрийн амьдардаг өрөөндөө найз нь гээд ирсэн байсан намхан бор залуутай хоёулаа согтуу унтаж байсан. Тэгээд орой би ажлаа 18 цагийн орчим тараад гэрийнхээ үүдэнд ирээд өөрийн түлхүүрээрээ хаалга онгойлгох гэсэн чинь гэрийн гадна талын хаалга цоожлогдоогүй байхаар нь хаалгаа онгойлгоод гэр рүүгээ ороод тухайн үед баяр болох гэж байсан. Манай охин Батцэцэг эгчийнх рүү явсан байсан болохоор би хувцасаа солиод цайгаа уугаад гэртээ ганцаараа байж байхаар эгч Адъяхүүгийн гэрт очиж охинтойгоо хоноод ирье гэж бодоод кордиорт гарсан чинь манай хажуу талын том өрөөг түрээсэлдэг Ууганбаярын өрөөний хаалганы дунд талын шил байхгүй шилийг нь гал тогооны өрөөнд оруулсан хөшиг нь сэвэлзээд байхаар нь очоод би гараа хийсэн чинь шилгүй байхаар нь би Буяндалайг дуудаад Ууганбаярын өрөөний хаалганы шил байхгүй байна гэсэн чинь Буяндалай Ууганбаяр өөрөө түлхүүрээ хаячихаад шилээ авч гэр рүүгээ орсон юм болов уу гээд намайг Буяндалай дагаад гарсан. Маргааш өдөр нь би гэртээ ирсэн чинь манай хажуу талын өрөөний Ууганбаяр өчигдөр манай гэрт хулгайч ороод ЛСД зурагтыг маань хулгайлаад аваад явсан байна. Цагдаагийн газарт очоод мэдүүлэг өг гэхээр нь би цагдаад ирээд тус хэрэгт Буяндалайтай хамт архи ууссан хүнээс гарцаа байхгүй гэдгийг хэлсэн. Яагаад би тэр хүнийг сэжиглэж байна гэхээр тухайн үед намайг гэртээ ирэхэд Буяндалай согтуу унтаж байгаад сэрсэн, нөгөө хүн байгаагүй. Ууганбаяр гэрээс 16 цагийн орчим гарахад Буяндалайгын найз нь гэрт байсан гэсэн болохоор би тэгж бодож байна. ...” гэх мэдүүлэг [5],

 

6.Гэрч Д.Одбаярын 2017 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр мэдүүлсэн:

“...Миний ажилладаг “Эрхэт булаг” ХХК-ны ломбард Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр “Саппоро”-гийн урд талын автобусны буудал дээр байдаг. 2016 оны 12 дугаар сарын 23-наас 24-ны хооронд би ломбардандаа ажиллаж байсан. Манай ломбарданд 2016 оны 12 дугаар сарын 23-ны орой Мижид овогтой Цоггэрэл гэж бичиг баримттай хүн орж ирээд 32 инчийн хар өнгийн ЛСД зурагтыг 100,000 төгрөгийн барьцаанд тавьж явсан. Маргааш өдөр нь манай ломбарднаас ирж зурагтаа буцаагаад авсан. Би хүүний мөнгө 6,000 төгрөгийг суутгаж авсан. Намайг сууж байхад ямар ч байсан М.Цоггэрэл өөрөө орж ирээд тавиад явсан. Ганцаараа байсан байх. Би тухайн эд зүйлийг хулгайн эд зүйл гэдгийг мэдээгүй. ...” гэх мэдүүлэг [6] ,

 

7.М.Цоггэрэлийн сэжигтнээр 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдөр мэдүүлсэн:

“...Би өмнө хулгайн гэмт хэрэгт холбогдож хорих ангид ял эдэлж байгаад Буяндалай гэх залуутай найзууд болсон. Түүнээс өмнө би Буяндалайг төмөр замын сургуульд сурч байхыг мэднэ. Тэгээд 2015 онд шоронд хамт байсан Буяндалай ялаа эдэлж хорих ангиас гараад түүний дараа 2016 оны 03 дугаар сарын 03-ны өдөр би суллагдсан. Тэгээд би хорихоос гараад Оросын Холбооны улс руу гарч тэнд амьдарч байгаад 2016 оны 12 дугаар сарын сүүлээр Монгол руу ирээд Улаанбаатар хотод өөрийн гэр орондоо ирсэн боловч миний төмөр замын байрыг манай эгч зараад гадаад руу гарсан байсан. Би очих газаргүй байсан болохоор Буяндалайгийн Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо 2 дугаар байрны 65 тоот гэрт нь очоод Буяндалайтай уулзаад найз нь очих газаргүй болчихлоо, би танай гэрт хэд хоног байж болох уу гэсэн чинь Буяндалай зөвшөөрөөд бид хоёр 2-3 хоног тэдний гэрт архи уусан. Тухайн байрныхаа жижиг өрөөнд байдаг нөгөө хоёр өрөөгөө хүмүүст түрээсэлдэг байсан. Ингээд 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдөр бид хоёр гэрт байж байсан чинь том өрөөг нь түрээслэдэг залуу бид хоёрыг архи уухаа болиоч гэж хэлээд өрөөгөө цоожлоод гараад явсан. Тэгээд бид хоёр архиа ууж байгаад нилээн согтоод манай найз Буяндалай согтоод унтах гэж байхад би хоол хийлээ гэж босоод гал тогооны өрөөнд ороод заазуур аваад том өрөөг түрээсэлдэг залуугийн хаалганы дундах шилийг хөшиж онгойлгоод өрөө рүү нь ороод хүрэн өнгийн зурагтын тавиур дээр байсан хар өнгийн 32 инчийн ЛСД “Монел” маркийн зурагт байхаар нь зурагтыг нь хажууд байсан цаасан зурагтны хайрцагт хийгээд өргөөд тэр өрөөнөөс гарсан.  Буяндалайгын гутлыг өмсөөд шууд гараад явсан. Тэгээд урагшаа аркаар гараад “Саппоро”-гийн автобусны буудлын урд байрлах ломбарданд зурагтаа авч ороод 100,000 төгрөгөнд барьцаанд тавиад мөнгөө аваад хотын төв рүү орж архи авч уугаад буудалд хоносон санагдаж байна. Маргааш өглөө нь би 3,4 дүгээр хорооллын ВSВ цахилгаан барааны дэлгүүрийн тэнд явж байгаад хүүхэн залуу хоёр зурагт сонирхоод байхаар нь надад зурагт байна гэж хэлээд ломбарданд тавьсан зурагтаа зааж өгөөд тэр хоёроос 150,000 төгрөг аваад 100,000 төгрөгийг ломбарданд өгч зурагтаа нөгөө хоёр хүнд өгөөд үлдсэн 50,000 төгрөгийг өөртөө хэрэглэж дуусгасан. Түүнээс хойш би Улаанбаатар хотод гадуур явж байгаад 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд суманд очиж хүмүүсийн ачаа барааг зөөхөд тусалж байгаад 2017 оны 03 дугаар сарын 27-ны орой замын хүнтэй маргалдаж байгаад цагдаад саатуулагдаад шалгуулсан чинь намайг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 3 дугаар хэлтсээс хулгайн хэрэг дээр эрэн сурвалжилж байсныг мэдсэн. Би тухайн үед Буяндалайг согтуу унтсан хойгуур нь гал тогооны өрөөнөөс заазуурыг авч хаалганы шилийг хөшиж ганцаараа онгойлгоод орсон. Гэмт хэрэг үйлдэх санааг би өөрөө гаргасан. Надад тухайн хэргээс өөр үйлдсэн хэрэг байхгүй. ...” гэх мэдүүлэг [7],

-яллагдагчаар 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр мэдүүлсэн:

“...Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо, 2-р байрны 65 тоотыг манай найз Буяндалай хөлслүүлдэг. Буяндалай бид хоёр энэ байранд 3 хоног архи уусан. 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдөр архи ууж байхдаа үдээс хойш 16 цагийн үед хөлсөлж байгаа том өрөөний айлын хаалганы цонхны шилийг заазуураар хөшиж онгойлгон ороод 32 инчийн Монел зурагтыг нь хулгайлсан. Гараад Саппорогийн урд талын автобусны буудал дээр байрлах ломбарданд өөрийн бичиг баримтаар 100,000 төгрөгийн зээлийн, барьцаанд тавьсан. Тэгээд энэ мөнгөө хэрэглээд дуусгасан. Намайг хулгай хийх үед Буяндалай тасраад согтуу унтаж байсан. Буяндалай мэдээгүй. Тухайн үед надад мөнгө төгрөг байхгүй, ажил төрөлгүй, орон гэргүй байсан учраас хулгай хийсэн. ...” гэх мэдүүлэг [8],

 

8.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн шинжилгээний газрын Гарын мөрийн шинжээчийн 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 247 тоот:

“1.Шинжилгээнд ирүүлсэн №1,3,6,7,9,10,12 дугаарын 7 ширхэг гарын мөр харьцуулах шинжилгээнд тэнцэнэ.

2.Шинжилгээнд ирүүлсэн №2,4,5,8,11 дугаарын 5 ширхэг гарын мөр харьцуулах шинжилгээнд тэнцэхгүй.

3.Шинжилгээнд тэнцсэн №1,3 дугаарын 2 ширхэг гарын мөр санд 2510162, МN000310004392, МN0000ШШГ02827, МN005210002036, МN0000ЧД000184 дугаартай Мижид овогтой Цоггэрэл нэрээр 5 удаа бүртгэгдсэн хүний зүүн гарын эрхий хурууны дардастай, №6 дугаарын 1 ширхэг гарын мөр Мижид овогтой Цоггэрэлийн баруун гарын дунд хурууны дардастай, №7 дугаарын 1 ширхэг гарын мөр Мижид овогтой Цоггэрэлийн баруун гарын ядам хурууны дардастай, №12 дугаарын 1 ширхэг алганы мөр Мижид овогтой Цоггэрэлийн зүүн гарын алганы дардастай тохирч байна.

4.Шинжилгээнд тэнцсэн бусад дугаарын гарын мөр, Мижид овогтой Цоггэрэлийн гарын хээний дардас санд байх эзэн холбогдогч нь тогтоогдоогүй эзэнгүй хэргийн газраас бэхжүүлсэн мөрүүд болон санд бүртгэлтэй хүмүүсийн гарын хээний дардастай тохирохгүй байна. /Цагдаагийн ахмад Э.Нарантунгалаг/ ” гэсэн дүгнэлт [9],

9.2016 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, схем зураг [10],

10.2017 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо, 2-р байрны 65 тоотоос бор өнгийн иштэй төмөр 1 ширхэг заазуур хураан авч үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг [11], 2017 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр хэрэгт эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргасан тогтоол [12],

11.“Эрхэт Булган” ХХК-ны 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрөөр огноолсон  барьцаат зээлийн баримт [13],

12. Эд зүйлийн үнийг тогтоосон үнэлгээ [14],

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд.

13.Шүүгдэгч М.Цоггэрэлийн иргэний үнэмлэхийн лавлагаа [15], түүний урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас [16],

-Баянгол дүүргийн шүүхийн 1997 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 197 дугаар таслан шийдвэрлэх тогтоол [17],

-Баянгол дүүргийн шүүхийн 1999 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 44 дугаар таслан шийдвэрлэх тогтоол [18], Өршөөл үзүүлэх комиссын 2000 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 1521 дугаар тогтоолын хуулбар, суллагдсан хүмүүст олгодог тухай тодорхойлолт [19]

-Баянгол дүүргийн шүүхийн 2002 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 602 дугаар шийтгэх тогтоол [20],  Баянзүрх дүүргийн шүүхийн 2003 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 617 дугаар захирамж [21],

-Баянгол дүүргийн шүүхийн 2004 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 96 дугаар шийтгэх тогтоол [22], Баянзүрх дүүргийн шүүхийн 2008 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 336 дугаар захирамж [23],

-Чингэлтэй дүүргийн шүүхийн 2010 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 94 дугаар шийтгэх тогтоолын хуулбар [24], Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 96 дугаар Өршөөл үзүүлэх тухай захирамжийн тус тус хуулбар [25] болон бусад бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.

 

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үзлээ.

 

Шүүх шүүгдэгч М.Цоггэрэлд холбогдох хэргийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.1 дэх хэсэгт зааснаар “шүүхэд хэрэг хэлэлцэх ажиллагаа нь зөвхөн шүүгдэгчийн хувьд, гагцхүү түүнийг шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор явагдана” гэж заасныг баримталж Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор хянан хэлэлцэв.

 

Шүүхийн хууль зүйн дүгнэлт:

Нэг. Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлаад дүгнэвэл:

Шүүгдэгч М.Цоггэрэл нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, давтан үйлдлээр 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 2 дугаар байрны 65 тоотын эзэмшигч Х.Буяндалайгийн том өрөөг нь түрээслэж оршин суудаг иргэн Б.Ууганбаярынд тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл буюу заазуурыг хэрэглэж, том өрөөний хаалганы шилийг заазуураар хөшиж хаалганаас шилийг салган, онгорхой болгож, тус хэсгээр орон байранд нэвтэрч:

-369,990 төгрөгийн үнэлгээ бүхий “Монел” маркийн 32 инчийн хар өнгийн ЛСД зурагтыг

-тус байрны эзэмшигч Х.Буяндалайгийн эзэмшлийн  нийт 65,000 төгрөгийн үнэлгээ бүхий “Нокиа” маркийн гар утас 1 ширхэг, гэрийн түлхүүр 3 ширхэг, өвлийн гутал 1 ширхэгийг хулгайлж, бусдад нийт 434,990 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

-Мөрдөн байцаалтад:

-хохирогч Б.Ууганбаярын 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр мэдүүлсэн: “...би шинэ жилдээ ороод шөнө 03 цагийн орчим гэртээ ирсэн чинь манай том өрөөний хаалга цоожтойгоо, хаалганы шилийг заазуураар хөшиж онгойлгоод гэрт байсан ЛСД 32 инчийн зурагт алдагдсан байсан. ...Наранцэцэг эгч гэртээ ирээд манай өрөөний хаалганы цонхыг хүн авч тавьсан байсныг нь харсан байсан. ...” гэх мэдүүлэг [26],

-хохирогч Х.Буяндалайгийн 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр мэдүүлсэн: “...Ууганбаярын том өрөөний хаалган дунд байрлах шил нь байхгүй байхаар нь гайхаад Ууганбаярыг түлхүүрээ хаячихаад цонхоороо орсон юм байна гэж бодоод Наранцэцэг бид хоёр явсан. маргааш өглөө нь  ...Ууганбаяр гаднаас цагдаад өргөдөл өгчихөөд ирлээ та гэрээс хулгай хийсэн үү гэхээр гайхаад юу бэ гэж хэлээд гэртээ орсон чинь Ууганбаярын өрөөний хаалганы цонхны шилийг заазуураар хөшиж онгойлгоод өрөөнд нь байсан ЛСД зурагтыг авсан байсан. Ингээд би хулгай хийгээгүй надтай хамт байсан Цоггэрэл миний гар утас, гэрийн түлхүүрийг аваад явсан юм шиг байна. ...” гэх мэдүүлэг [27], 2017 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр дахин мэдүүлсэн “...Намайг тасраад унтаж байхад Цоггэрэл гар утас, гэрийн түлхүүр, өвлийн гутал зэргийг аваад явсан байсан. ...Би эдгээр зүйлсийг нэхэмжилж авахгүй. Би Нокиа маркийн гар утсаа 15.000 төгрөгөөр, хар өнгийн өвлийн гутлаа 50,000 төгрөгөөр үнэлж байна. ...” гэх мэдүүлэг [28], түүний шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг,

-гэрч С.Наранцэцэгийн 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдөр мэдүүлсэн: “...манай хажуу талын том өрөөг түрээсэлдэг Ууганбаярын өрөөний хаалганы дунд талын шил байхгүй, шилийг нь гал тогооны өрөөнд оруулсан, хөшиг нь сэвэлзээд байхаар нь очоод би гараа хийсэн чинь шилгүй байхаар нь би Буяндалайг дуудаад Ууганбаярын өрөөний хаалганы шил байхгүй байна гэсэн чинь Буяндалай Ууганбаяр өөрөө түлхүүрээ хаячихаад шилээ авч гэр рүүгээ орсон юм болов уу гэсэн. ...Ууганбаяр өчигдөр манай гэрт хулгайч ороод ЛСД зурагтыг маань хулгайлаад аваад явсан байна. Цагдаагийн газарт очоод мэдүүлэг өг гэхээр нь би цагдаад ирээд тус хэрэгт Буяндалайтай хамт архи ууссан хүнээс гарцаа байхгүй гэдгийг хэлсэн. ...” гэх мэдүүлэг [29],

-гэрч Д.Одбаярын 2017 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр мэдүүлсэн: “...Манай ломбарданд 2016 оны 12 дугаар сарын 23-ны орой Мижид овогтой Цоггэрэл гэж бичиг баримттай хүн орж ирээд 32 инчийн хар өнгийн ЛСД зурагтыг 100,000 төгрөгийн барьцаанд тавьж явсан. Маргааш өдөр нь манай ломбарднаас ирж зурагтаа буцаагаад авсан. Би хүүний мөнгө 6,000 төгрөгийг суутгаж авсан. Намайг сууж байхад ямар ч байсан М.Цоггэрэл өөрөө орж ирээд тавиад явсан. ...” гэх мэдүүлэг [30] ,

-М.Цоггэрэлийн сэжигтнээр 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдөр мэдүүлсэн: “...манай найз Буяндалай согтоод унтах гэж байхад би хоол хийлээ гэж босоод гал тогооны өрөөнд ороод заазуур аваад том өрөөг түрээсэлдэг залуугийн хаалганы дундах шилийг хөшиж онгойлгоод өрөө рүү нь ороод хүрэн өнгийн зурагтын тавиур дээр байсан хар өнгийн 32 инчийн ЛСД “Монел” маркийн зурагт байхаар ...зурагтын хайрцагт нь хийгээд, гараад Буяндалайгийн гутлыг өмсөөд шууд гараад явсан. ...ломбарданд зурагтаа авч ороод 100,000 төгрөгөнд барьцаанд тавиад мөнгөө аваад хотын төв рүү орж архи авч уугаад буудалд хоносон. ...” гэх мэдүүлэг [31],

-яллагдагчаар 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр мэдүүлсэн мэдүүлэг [32], мөн түүний шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн “...32 инчийн зурагтыг авсан. Х.Буяндалайгийн гар утас, түлхүүр зэргийг авч, гутлыг нь өмсөөд гарсан ...” гэх мэдүүлэг,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн шинжилгээний газрын Гарын мөрийн шинжээчийн 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 247 тоот дүгнэлт [33], 2016 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зурэг, схем зураг [34], заазуурыг хэрэгт эд мөрийн баримтаар тооцсон тогтоол “Эрхэт Булган” ХХК-ны 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн барьцаат зээлийн баримт [35], Эд зүйлийн үнэлгээ [36] зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүх хуралдаанд шүүгдэгч М.Цоггэрэл нь гэм буруугийн талаар маргаагүй.

Бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг нууц, далд аргаар, сэм аргаар авах замаар үйлдэгддэг бөгөөд хөрөнгийг нь зөвшөөрөлгүйгээр өөрийн мэдэлд авч захиран зарцуулах, шунахай сэдэлт, зорилгоор авахыг хэлнэ. Нөгөө талаас согтуурсан, мансуурсан буюу унтаж байсан зэрэг тухайн үед болж байгаа үйл явдлыг мэдрэхгүй, ойлгож мэдэхгүй, чадваргүй байдлыг далимдуулан тэдний дэргэд эд хөрөнгийг нь авсан үйлдлийг бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэг гэж үзнэ.

Шүүгдэгч М.Цоггэрэл нь хохирогч Х.Буяндалайг согтуурсан үедээ унтаж байсныг далимдуулан түүний гар утас, хос гутал, түлхүүр зэрэг эд зүйлийг нь хулгайлсан. Мөн эзэнгүй байсан хохирогч Б.Ууганбаярын 32 инчийн Монел маркийн ЛСД зурагтыг хулгайлсан гэмт хэргийг үйлджээ.

Харин үргэлжилсэн үйлдэлтэй гэмт хэрэг нь эхний үйлдлээ хэрэгжүүлсэнээр эхэлж хамгийн сүүлчийн үйлдлээ хийсэн тэр мөчид төгссөнд тооцогдоно. Үргэлжилсэн гэмт хэргийн үед гэмт этгээд нэг санаагаар нэг объектод хэд хэдэн удаагийн үйлдлээр халдсан байдаг ба үйлдлийн төгсгөлд нэг гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй болдог .

Хохирогч Х.Буяндалайгийн алдагдсан эд зүйлийн нийт үнэ нь 65,000 төгрөг байгаа хэдий боловч шүүгдэгч М.Цоггэрэл нь нэг санаа зорилгоор  нэг цаг хугацаанд, бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн байх тул үргэлжилсэн үйлдлээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж, үргэлжилсэн үйлдлийн улмаас учруулсан хохирлоор буюу Б.Ууганбаяр, Х.Буяндалай нарын нийт алдагдсан эд хөрөнгийн дүнгээр хохирлыг тооцсоныг зөв гэж үзнэ.

Мөн шүүгдэгч М.Цоггэрэл нь урьд 5 удаа ял шийтгэгдсэн байх ба, сүүлд Чингэлтэй дүүргийн шүүхийн 2010 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 94 дугаар  шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 12 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлснийг Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 96 дугаар захирамжаар Анхны Ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай 2015 оны хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1 дэх хэсэгт зааснаар түүний ялтай хугацааг нь өршөөж, хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэг болгож өөрчилж, М.Цоггэрэл нь 2016 оны 03 дугаар сарын 03-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан, хүндэвтэр гэмт хэрэгт ял шийтгүүлсэн байна.

Эрүүгийн хуулийн 78 дугаар зүйлийн 78.2.3 дахь хэсэгт “хүндэвтэр гэмт хэрэгт ял шийтгүүлсэн этгээд үндсэн ба нэмэгдэл ялаа эдэлж дууссанаас хойш таван жилийн дотор гэмт хэрэг шинээр үйлдээгүй бол” ялгүй болох талаар заасан ба шүүгдэгч М.Цоггэрэл нь 2021 оны 3 дугаар сарын 03-ны өдөр ялгүй болох буюу, ялтай хугацаа дуусах байтал энэ хугацаа өнгөрөөгүй байхад бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг шинээр үйлдсэн байх тул түүнийг давтан гэмт  хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Түүнчлэн М.Цоггэрэл нь бусдын орон байранд нэвтэрсэн. Учир нь иргэн Б.Ууганбаяр хэдийгээр бусдын орон байранд өрөө түрээсэлдэг боловч тус өрөөгөө цоожилж явсан, тус цоожтой шилэн хаалганы шилийг нь заазуураар авч тавьж, орох боломжтой болгож нэвтэрснийг орон байранд нэвтэрсэн гэж үзэх ба, заазуур хэрэглэснийг тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл хэрэглэсэн гэж үзэхээр байна.

Иймээс шүүгдэгч М.Цоггэрэл нь бусдын эд хөрөнгийг хулгайлж, бага бус хэмжээний хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангаж байгаа боловч орон байранд нэвтэрсэн, давтан гэмт хэрэг үйлдсэн, тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл хэрэглэсэн зэрэг нь тус хэргийн зүйлчлэлийг мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэх үндэслэл болно.

Иймд Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас шүүгдэгч М.Цоггэрэлд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг зөв гэж үзэж, М.Цоггэрэлийг давтан үйлдлээр, орон байранд нэвтэрч, тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл хэрэглэж бусдын эд хөрөнгийг хулгайлж, бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хоёр: Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар:

Шүүх хуралдаанд хохирогч Б.Ууганбаяр нь “Монел” маркийн 32 инчийн зурагт алдагдсан гэж мэдүүлсэн ба эд зүйлийн үнэлгээ тогтоох комиссоос Монел маркийн 32 инчийн зурагтыг 370,000 төгрөгөөр,

Хохирогч Х.Буяндалай нь Нокиа маркийн тоочтой гар утас, нэг хос гутал, 3 ширхэг түлхүүр алдагдсан гэж мэдүүлсэн ба эд зүйлийн үнэлгээ тогтоох комиссоос Нокиа маркийн тоочтой гар утасыг 15,000 төгрөгөөр, нэг хос гутлыг 50,000 төгрөгөөр тогтоосон, эдгээрийн нийт үнэ 65,000 төгрөг байна.

Мөрдөн байцаалтад хохирогч Б.Ууганбаяр нь хулгайд алдагдсан Монел маркийн 32 инчийн зурагтын үнийг М.Цоггэрэлээс нэхэмжлэхгүй, гомдол саналгүй гэж,

-хохирогч Х.Буяндалай нь нокиа маркийн гар утас, нэг хос гутлын үнийг М.Цоггэрэлээс нэхэмжлэхгүй гэж тус тус мэдүүлснийг тогтоолд дурдав.

Гурав: Шүүгдэгчийн хувийн байдлын талаар:

ЦЕГ-ын МССТ-ын шүүгдэгч М.Цоггэрэл нь 5 удаагийн ял шийтгэлтэй талаар лавлагаа, шийтгэх тогтоолууд хэрэгт авагдсан ба, ялтай хугацаандаа шинээр дахин гэмт хэрэг үйлдсэн.

Шүүхээс шүүгдэгч М.Цоггэрэлд ял оногдуулахдаа согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдснийг хүндрүүлэх нөхцөлд тооцов.

 

Дөрөв.Бусад асуудлын талаар.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч М.Цоггэрэлийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй зэргийг дурдаж, түүний 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдрөөс 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 68 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг заазуурыг тогтоол хүчин төгөлдөр болмогц утсгахыг эд мөрийн баримт устгах коммист даалгах нь зүйтэй.

 

Монгол Улсын Эрүүгийн Байцаан Шийтгэх Хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 295, 296 дугаар зүйлийн 296.1, 296.4, 297 дугаар зүйлийн 297.1.1, 297.1.2, 297.1.3, 297.1.4, 298 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь :

 

1.Шүүгдэгч Чангас овгийн Мижидийн Цоггэрэлийг давтан үйлдлээр, орон байранд нэвтэрч, тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл хэрэглэж бусдын эд хөрөнгийг хулгайлж, бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Шүүгдэгч Мижидийн Цоггэрэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 6 (зургаа) сарын хугацаагаар баривчлах ял шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Цоггэрэлд оногдуулсан баривчлах ялыг тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан эдлүүлсүгэй.

 

4.Монгол Улсын Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Цоггэрэлийн 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдрөөс 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 68 /жаран найм/ хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

 

5.Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч М.Цоггэрэлийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хохирогч Б.Ууганбаяр, Х.Буяндалай нар гэм хорын хохирол нэхэмжлэхгүй гэснийг тус тус дурдсугай.

 

6.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг заазуурыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

 

7.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч М.Цоггэрэлд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, түүний эдлэх ялыг 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

8.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор нь эсэргүүцэл бичих эрхтэй.

 

9.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, ялтан М.Цоггэрэлд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                       Т.АЛТАНТУЯА

 


[1] Хавтаст хэргийн 23 дугаар тал.

[2] Хавтаст хэргийн 24 дүгээр тал.

[3] Хавтаст хэргийн 25 дугаар тал.

[4] Хавтаст хэргийн 26 дугаар тал.

[5] Хавтаст хэргийн 27 дугаар тал. 

[6] Хавтаст хэргийн 28 дугаар тал.

[7] Хавтаст хэргийн 61 дүгээр тал.

[8] Хавтаст хэргийн 64-65 дугаар тал.

[9] Хавтаст хэргийн 31-32 дугаар тал.

[10] Хавтаст хэргийн 10- 14 дүгээр тал.

[11] Хавтаст хэргийн 20-21 дүгээр тал.

[12] Хавтаст хэргийн 19 дүгээр тал.

[13] Хавтаст хэргийн 29 дүгээр тал.

[14] Хавтаст хэргийн 45, 46, 47 дугаар тал.

[15] Хавтаст хэргийн 66 дугаар тал.

[16] Хавтаст хэргийн 74 дүгээр тал.

[17] Хавтаст хэргийн 79 дүгээр тал.

[18] Хавтаст хэргийн 80 дугаар тал.

[19] Хавтатс хэргийн 87 дугаар тал.

[20] Хавтаст хэргийн 81 дүгээр тал.

[21] Хавтаст хэргийн 90 дүгээр тал.

[22] Хавтаст хэргийн 82-83 дугаар тал.

[23] Хавтаст хэргийн 92 дугаар талын ард.

[24] Хавтаст хэргийн 84-85 дугаар тал.

[25] Хавтаст хэргийн 95-96 дугаар тал.

[26] Хавтаст хэргийн 23 дугаар тал.

[27] Хавтаст хэргийн 25 дугаар тал.

[28] Хавтаст хэргийн 26 дугаар тал.

[29] Хавтаст хэргийн 27 дугаар тал. 

[30] Хавтаст хэргийн 28 дугаар тал.

[31] Хавтаст хэргийн 61 дүгээр тал.

[32] Хавтаст хэргийн 64-65 дугаар тал.

[33] Хавтаст хэргийн 31-32 дугаар тал.

[34] Хавтаст хэргийн 10- 14 дүгээр тал.

[35] Хавтаст хэргийн 29 дүгээр тал.

[36] Хавтаст хэргийн 45, 46, 47 дугаар тал.