Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 07

 

 2019           03             12                                           07

 

Дорноговь аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Сайнтөгс даргалж, шүүгч Н.Болормаа, Ерөнхий шүүгч Н.Батчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар;

Дорноговь аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 136/ШШ2019/00039 дүгээр шийдвэртэй,  

Нэхэмжлэгч: Дорноговь аймаг, Сайншанд сумын 6 дугаар багт байрлах Дорноговь аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дорноговь аймаг, Сайншанд сумын ....... дугаар багт байрлах, СЗ ХХК-нд холбогдох,

Нийгмийн даатгалын шимтгэл 12 602 043 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгч Ш.О-ын давж заалдсан гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Н.Батчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Прокурор Ж.Айжуу, хариуцагчийн төлөөлөгч Ш.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баярмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Дорноговь аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:  СЗ ХХК нь 2018 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар нийт 9 662 643 төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэлийн хуримтлагдсан өртэй байгаа нь Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д заасан “Даатгуулагчийн болон ажил олгогчийн тухайн сард төлвөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг сар бүр тооцож, тухайн сард нь багтаан нийгмийн даатгалын сангийн дансанд шилжүүлнэ” гэсэн заалтыг зөрчсөн тул дээрх хуримтлагдсан нийгмийн даатгалын шимтгэлийн авлагыг СЗ ХХК болон захирал Ш.О-аас гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Дорноговь аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж нэхэмжлэхдээ: СЗ ХХК нь 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар нийт 12602043 төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэлийн хуримтлагдсан өртэй байгаа нь Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д заасан “Даатгуулагчийн болон ажил олгогчийн тухайн сард төлвөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг сар бүр тооцож, тухайн сард нь багтаан нийгмийн даатгалын сангийн дансанд шилжүүлнэ” гэсэн заалтыг зөрчсөн тул дээрх хуримтлагдсан нийгмийн даатгалын шимтгэлийн авлагыг гаргуулж өгнө үү гэжээ.

Прокурор Ж.Айжуу шүүхэд гаргасан тайлбартаа: Дорноговь аймгийн Сайншанд сумын 2 дугаар баг, Бадрах өргөө зочид буудалд үйл ажиллагаа явуулдаг СЗ ХХК, захирал Ш.О нь тус аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн нийгмийн даатгалын санд 2018 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар дутуу төлөгдсөн 12602043 төгрөг төлөгдөөгүй болох нь аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс гаргасан заавал даатгах даатгуулагчдын Нийгмийн даатгалын шимтгэлийн авлагын дэлгэрэнгүй бүртгэл /ШО-9/ /хх-5/, СЗ ХХК-ийн 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 19/08 дугаартай тайлбар /хх-14/, СЗ ХХК-ийн 2017, 2018 оны сар бүрийн аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст гаргасан нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайлангууд зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байгаа юм. Иймд СЗ ХХК-иас Аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн Нийгмийн даатгалын санд төлөгдөөгүй байгаа 12602043 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч СЗ ХХК-ийг төлөөлж, захирал Ш.О шүүхэд гаргасан тайлбартаа: Манай компани нь тус байгууллагатай нийгмийн хариуцлагын хүрээнд Нийгмийн даатгалын хуулийн дагуу өөрийн хүсэлтээр ажилчдынхаа сайн сайхны төлөө хамтран ажиллаж ирсэн болно. Үйл ажиллагаа доголдож хуримтлалын өр үүссэн боловч шүүхийн шатанд хүртэл хурцдаагүй. Компанийн үйл ажиллагаа сайжирч хуримтлалын өр төлбөр төлөхөд саадгүй болоод байсан, гэтэл тус байгууллагын үйл ажиллагааг шүүмжилж үнэнийг хэлсний төлөө шүүхэд хандсан байгааг эсэргүүцэж, гомдолтой байгаагаа илэрхийлж байна. Тус байгууллагатай хамтран ажиллаж аялал зугаалганд явахад нь хүртэл өөрийн компанийн дөрвөн зуун мянган төгрөг бүхий бүтээгдэхүүнээр тусалж дэмжиж ирсэн. Цаашид энэ Л.Ш-тэй хамтарч ажиллахгүй болохыг албан тоотоор мэдэгдсэн болно. Тус нэхэмжлэгч байгууллагын дарга Л.Ш ажлаа өгч, өөр хүн ажиллавал манай компани тус нэхэмжилсэн өр төлбөрийг төлөхөд бэлэн байна гэжээ.

Анхан шатны шүүх: Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 1.2-т зааснаар хариуцагч СЗ ХХК-иас нийгмийн даатгалын шимтгэл 12602043 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Дорноговь аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст олгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.4-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч СЗ ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 216583 төгрөгийг гаргуулж улсын орлого /Төрийн санк банк 100060000957/-д оруулж,

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш зохигч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг дурдаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдаж шийдвэрлэжээ. 

Хариуцагчийн төлөөлөгч Ш.О давж заалдсан гомдол болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани нь нийгмийн хариуцлагын хүрээнд нийгмийн даатгалын хуулийн дагуу өөрийн хүсэлтээр нийгмийн даатгалын байгууллагатай хамтран ажиллаж ирсэн. Компанийн үйл ажиллагаа доголдож даатгалын өр үүссэн боловч шүүхийн шатанд хүртлээ хурцдаагүй. Бид бол ажил олгогч. Төрийн байгууллагуудтай байнга харьцдаг. Өнөөдрийн энэ байдлаар төр нь хувийн компани руу ямар их хүчтэй ордог юм бэ гэдгийг төр нь шүүхээр дамжуулан харуулж байгаа нэг хэлбэр юм. Өнөөдөр тайлан хийж өгөхөд маргааш нь шууд нэхэмжлэл бичсэн байгаа. Нийгмийн даатгалын хэлтэс нэг хэлбэрээрээ ажлаа хийж байгаа ч гэсэн Ш төрөөр дамжуулаад Дорноговь аймагт үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгжийг шүүхээр дарамтлуулдаг. Нийгмийн даатгалын хэлтсийн дотоод журамд тайлангаа өгөөгүй 120 хоносон тохиолдолд төлүүлнэ гэж байгаа. Гэтэл хэрэгт 60 байтугай, 6 ч хоноогүй тайлангийн үлдэгдэл байгаа. Тийм учраас үүнийг эс зөвшөөрч давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан. Энэ зөвхөн 12 сая төгрөгийн асуудал биш. Бид нийгмийн даатгалын шимтгэлээ төлөөд явах боломжтой. Өнөөдөр Шгийн ажлыг шүүмжилсний төлөө бид нийгмийн даатгалын шимтгэл төлөх боломжгүй байгаа. Тийм учраас би тайлангаа гаргаж өгөхгүй байгаа. Манайх 50 гаран ажилчидтай. Энэ хариуцлагаа би өөрөө хүлээнэ. Худалдаа аж үйлдвэрийн танхимын шугамаар татварт өөрчлөлт оруулсан. Одоо нийгмийн даатгалын шимтгэлд өөрчлөлт оруулахаар ажиллаж байгаа. Орон нутагт ажиллаж байгаа төрийн байгууллага ингэж хүчиндсээр байвал нийгмийн даатгалын шимтгэлийг төлөх аж ахуй нэгж олдохгүй. Ш-д “ажил чинь явахгүй байна, та нар гэдгэр байна, групп тогтооход ямар их хүнд сурталтай юм бэ” гээд хүнд суртлыг нь шүүмжлээд “компьютер мэддэг хүнд ажлаа өг тэгвэл Нийгмийн даатгалын хэлтэс дээр ирж байгаа хүмүүс арай өөр болно” гэж хэлсний төлөө маргааш нь шууд шүүхэд нэхэмжлэл гаргасан байсан. Хэрвээ хууль журмынхаа дагуу явдаг юм бол 2016 онд 120 хоног хэтрэнгүүт нь шүүхдэж байгаад төлүүлэхгүй яасан юм бэ, тэр үед ажлаа хийгээгүй, найзан дундаа 1, 2 сая төгрөг хийгээд хөдөлгөж байгаарай гэхээр нь хийгээд явж байсан. Би төлөхгүй гэж хэлээгүй. Төлөх боломж нь байгаа. Төрийн албаны зөвлөлд Ш-тэй холбоотой гомдол гаргасан байгаа. 120 хоног болоогүй 2 939 400 төгрөгийг анхан шатны шүүхээр гаргуулж авах дарамт үүсгэж байгаад гомдолтой байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Прокурор Ж.Айжуу давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Монгол Улсын Ерөнхий прокурор болон Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамтай зөвшилцөх бичиг байгуулсан. Аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс СЗ ХХК-д холбогдуулан 2018 оны нийгмийн даатгалын шимтгэл болох 9662643 төгрөгийг төлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2018 оны тайлан бланс гарсантай холбогдуулаад СЗ ХХК-аас нийгмийн даатгалын шимтгэл 12602043 төгрөг болгон   2939400 төгрөгөөр нэмэгдүүлж нэхэмжлэлээ гаргасан. СЗ ХХК Монгол Улсын хууль дүрмийн дагуу ажиллаж Нийгмийн даатгалын тухай хуульд зааснаар албан журмын даатгалаар даатгуулахаар мөн хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт даатгуулагч болон ажил олгогч нийгмийн даатгалын шимтгэлийг сард хэдийг төлөх, 16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан даатгуулагчийн болон ажил олгогчийн тухайн сард төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг нийгмийн даатгалын төрөл бүрээр энэ хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хувь хэмжээгээр сар бүр тооцож, тухайн сард нь багтаан нийгмийн даатгалын сангийн дансанд шилжүүлнэ. Мөн хуулийн 16 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан даатгуулагчийн шимтгэл төлөх тооцоог тухайн аж ахуйн нэгж, байгууллагын нягтлан бодогч гүйцэтгэнэ гэж заасан байдаг. Эдгээр хуулийн заалтууд нь зөрчигдсөнөөс болоод СЗ ХХК-д өр авлага болж үлдсэн. Нийгмийн даатгалын хэлтсээс СЗ ХХК-д холбогдуулан гаргасан 2018.12.31-ний өдрийн байдлаар 12602043 төгрөгийг төлөөгүй талаарх нийгмийн даатгалын дэлгэрэнгүй бүртгэл /хх-5/, СЗ ХХК-ийн 2019.01.04-ний өдрийн 19/08 дугаартай тайлбар /хх-14/, тухайн компанийн сар бүр гаргасан тайлангууд зэргээр тогтоогдож байгаа тул Иргэний хэргийн анхан шатны шүүхээс СЗ ХХК-аас нийгмийн даатгалын шимтгэлийн үлдэгдэл болох 12602043 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн шийдвэрийг хэвээр үлдээх саналтай байна гэв.

ХЯНАВАЛ:

            Нэхэмжлэгч Дорноговь аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс нь хариуцагч СЗ ХХК-д холбогдуулан нийгмийн даатгалын шимтгэл 9662643 төгрөг гаргуулахаар нэхэмжилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж, нийгмийн даатгалын шимтгэлд СЗ ХХК-аас нийт 12602043 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагчийн төлөөлөгч Ш.О эс зөвшөөрч “...компанийн үйл ажиллагаа сайжирч ... төлбөр төлөхөд саадгүй болоод байхад ... шүүхэд хандсанд гомдолтой. ... 2018 оны 10 дугаар сараас нийгмийн даатгалын шимтгэлийг сайн дураар төлөх бөгөөд шимтгэлийг ажилчдадаа буцаан олгохоор тохиролцсон.” гэж маргажээ.

            Анхан шатны шүүх Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 1.2-т зааснаар нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэснийг хариуцагчийн төлөөлөгч Ш.О эс зөвшөөрч давж заалдсан гомдол гаргажээ.

            Давж заалдах шатны шүүх хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдсан гомдлыг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзвэл анхан шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөнөөс шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй гэж үзэв.

            Учир нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д зааснаар нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн бол тэдгээр нь нотлох чадвараа алдаж шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй ба хэрэгт авагдсан шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон “ЗААВАЛ ДААТГАХ ДААТГУУЛАГЧДЫН НДШ-ИЙН АВЛАГЫН ДЭЛГЭРЭНГҮЙ БҮРТГЭЛ (ШО-9) баримт нь /хх-5, 24/ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан бичмэл нотлох баримтанд тавигдах шаардлага хангаагүй байгааг анхан шатны шүүх анхаараагүй байна.

            Тодруулбал нэхэмжлэгч нь дээрх баримтыг буюу электрон цахим тооцоолон бодох замаар бүртгэгдсэн баримтыг нэхэмжлэлийнхээ үндэслэл болгож шүүхэд ирүүлж, уг баримтандаа /хх-5/ нэхэмжлэгч байгууллагын нягтлан бодогч, ерөнхий нягтлан бодогч гарын үсэг зурж тэмдэг дарсан байх ба уг баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан эх баримт гэж үзэх үндэслэлгүй болно.

            Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1-д “... даатгуулагчийн болон ажил олгогчийн тухайн сард төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг нийгмийн даатгалын төрөл бүрээр ... хувь хэмжээгээр сар бүр тооцож, тухайн сард нь багтаан нийгмийн даатгалын санд шилжүүлнэ.” 16 дугаар зүйлийн 2-т “Шимтгэлийн тайлан буюу ажил олгогчийн хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлого, даатгуулагчийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлого, шимтгэл тодорхойлох хуудсыг үндэслэн шимтгэлийн тооцоог хийх ...”-ээр,

            Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн А/99 дүгээр тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайлан хүлээн авах, хянах, баталгаажуулах журмын 3.1-д “нийгмийн даатгалын байгууллага нь цахим хэлбэрээр илгээсэн тайланг хэвлэмэл хэлбэрээр ирүүлсэн тайлангийн дүнтэй тулган, хянан баталгаажуулсны дараа тооцоог мэдээллийн санд бүртгэнэ” гэж,

журмын 3.8-д “НД-7Б маягт нь Нийгмийн даатгалын байгууллага болон ажил олгогчийн хоорондын шимтгэл ногдуулалт, төлөлт, нийгмийн даатгалын шимтгэлийн авлага, өглөгийг баталгаажуулсан үндсэн баримт болно” гэж,

Эрүүл мэнд, нийгмийн даатгалын Ерөнхий газрын даргын 2017 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн  А/108 тоот тушаалаар батлагдсан “Нийгмийн даатгалын шимтгэлийн авлагыг үүссэн хугацаагаар нь ангилах, хянан шийдвэрлэх журам”-ын 5.1.1-д “Ажил олгогчийн үүсгэсэн шимтгэлийн авлагын хэмжээг нэг талаас Эрүүл мэнд, нийгмийн даатгалын байгууллага /нийгмийн даатгалын байцаагч/ нөгөө талаас тухайн ажил олгогчийн дарга /захирал/, нягтлан бодогч нар харилцан нотолж, баталгаажуулан нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн сарын тайлан /НД-7Б/-д тодорхойлогдсон хэмжээгээр ... тодорхойлно” гэж тус тус заажээ.

            Эндээс үзвэл уг  “ЗААВАЛ ДААТГАХ ДААТГУУЛАГЧДЫН НДШ-ИЙН АВЛАГЫН ДЭЛГЭРЭНГҮЙ БҮРТГЭЛ (ШО-9) баримт нь НД-7Б маягт буюу нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайлан баримтыг үндэслэж үйлдэгддэг байх бөгөөд хэрэгт авагдсан НД-7Б, НД-8 маягтууд /хх-18-23/ нь хариуцагчаас гарын үсэг зурж баталгуужуулан Нийгмийн даатгалын байгууллагад хэвлэмэл хэлбэрээр ирүүлсэн тайлан гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул “ЗААВАЛ ДААТГАХ ДААТГУУЛАГЧДЫН НДШ-ИЙН АВЛАГЫН ДЭЛГЭРЭНГҮЙ БҮРТГЭЛ (ШО-9) /хх-5, 24/ баримтыг журамд заасны дагуу НД-7Б баримтаар баталгаажсан нийгмийн даатгалын шимтгэлийн авлагыг тодорхойлсон эх баримт гэж үзэх үндэслэлгүй байна.

            Хэдийгээр Цахим гарын үсгийн тухай хуульд зааснаар болон Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн А/99 дүгээр тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайлан хүлээн авах, хянах, баталгаажуулах журмын 4.1-д зааснаар тоон гарын үсгээр баталгаажуулсан тайланг хүлээн авч баталгаажуулж, мэдээллийн санд бүртгэж болох боловч журмын 4.10-т зааснаар мөн л НД-7Б маягтыг үндэслэн баримтжуулахаар зохицуулсан ба хэрэгт авагдсан НД-7Б, НД-8 баримтууд тоон гарын үсгээр баталгаажсан гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.

            Иймд электрон цахим тооцоолон бодох замаар бүртгэгдсэн баримт нь доторх зүйлийнхээ агуулгын үнэн зөвийг хангалттай нотолж чадаж байгаа эсэх нь эргэлзээтэй байх бөгөөд дээрх хууль тогтоомжид зааснаар нийгмийн даатгалын шимтгэлийн авлага нь ажил олгогч буюу хариуцагчаас гаргаж өгсөн НД-7Б маягт буюу нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайлан баримтанд үндэслэх, улмаар баримтууд хамтдаа байснаар тухайн баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх боломжтой болох юм.

            Гэтэл хэрэгт авагдсан НД-7Б баримт болон “ЗААВАЛ ДААТГАХ ДААТГУУЛАГЧДЫН НДШ-ИЙН АВЛАГЫН ДЭЛГЭРЭНГҮЙ БҮРТГЭЛ (ШО-9) баримтууд нь эх хувиараа биш, тухайн хэргийн оролцогч буюу нэхэмжлэгч өөрөө тамга, тэмдэг дарж баталгаажуулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т нийцээгүй байхад шүүх шийдвэрийнхээ үндэслэл болгосон нь анхан шатны шүүхийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэх үндэслэл болов.

            Хэргийн 5 дугаар талд авагдсан “ЗААВАЛ ДААТГАХ ДААТГУУЛАГЧДЫН НДШ-ИЙН АВЛАГЫН ДЭЛГЭРЭНГҮЙ БҮРТГЭЛ (ШО-9) баримтанд тусгагдсан мэдээлэл буюу нийгмийн даатгалын шимтгэл 9662643 төгрөгийн авлагын хувьд хариуцагч маргаагүйгээс дээрх баримт нь нотолгооны ач холбогдолгүй байж болох хэдий ч нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагын хувьд хариуцагч нь НД-7Б маягт буюу нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайлан баримтыг нэхэмжлэгч байгууллагад хүргүүлээгүй, ажил олгогчоос баталгаажуулаагүй баримт гэж маргасан байх тул дээрх бичмэл нотлох баримтууд нь хуульд заасан шаардлагыг хангасан нөхцөлд шүүх үнэлж шийдвэрийнхээ үндэслэл болгох учиртай.

Түүнчлэн нэхэмжлэгч нь нийгмийн даатгалын шимтгэлийн авлагыг барагдуулах талаарх  Эрүүл мэнд, нийгмийн даатгалын Ерөнхий газрын даргын 2017 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн  А/108 тоот тушаалаар батлагдсан “Нийгмийн даатгалын шимтгэлийн авлагыг үүссэн хугацаагаар нь ангилах, хянан шийдвэрлэх журам”-ын 9 дүгээр зүйлд заасан арга хэмжээг авсан эсэх нь тодорхойгүй байх ба энэ талаар хариуцагч маргасан байгааг анхан шатны шүүх анхаараагүй байна.

            Өөрөөр хэлбэл дээрх журмын 9.2.5, 9.2.6-д зааснаар 121 ба түүнээс дээш хоногийн насжилттай шимтгэлийн авлага үүсгэсэн ажил олгогчийн хуримтлагдсан шимтгэлийн авлагыг барагдуулах тухай гэрээг нэг удаа байгуулж болох, уг гэрээнд заасан хугацаанд шимтгэлийн авлага барагдуулаагүй тохиолдолд ... шүүхэд нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх, ... авлагыг тухайн ажил олгогч нь шүүхийн шийдвэр гаргуулахгүйгээр тодорхой эх үүсвэрээр төлөх боломжтойгоо нотолж, албан ёсны хүсэлтээ гаргасан тохиолдолд уг авлагыг барагдуулах тухай эвлэрлийн гэрээ байгуулах зэргээр авлага барагдуулах талаар арга хэмжээ авч болох атал нэхэмжлэгч байгууллага нь хариуцагчид ийнхүү боломж олгосон эсэх нь тодорхойгүй, хэрэгт энэ талаар нотлогдож тогтоогдсон зүйлгүй тул энэ талаарх хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдсан гомдол үндэслэлтэй байна.

            Иймд хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдсан гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

            Мөн анхан шатны шүүх Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 1.2-т заасныг гэж хэрэглэсэн нь хуулийг бичиглэлийн хувьд алдаатай хэрэглэсэн байх ба энэ үндэслэлээр шүүхийг маргаанд хамааралтай хуулийг зөв хэрэглэсэн гэж үзэх боломжгүй байгааг магадлалд тэмдэглэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1, 167.1.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.  Дорноговь аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 136/ШШ2019/00039 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн төлөөлөгч Ш.О-ын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 216583 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны  шүүх магадлал гаргахдаа хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.      

4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай. 

 

 

                        ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                     А.САЙНТӨГС

                                           ШҮҮГЧИД                                     Н.БОЛОРМАА

                                                                                             Н.БАТЧИМЭГ