Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 10 сарын 30 өдөр

Дугаар 101/ШШ2018/03330

 

 

 

 

2018 оны 10 сарын 30 өдөр

Дугаар 101/ШШ2018/03330

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Д ХХК гаргасан,

 

Хариуцагч: Ч.Ч холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 17,040,000.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Билгүүн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д ХХК-иас тус шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

Манай компани барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа эрхлэн явуулдаг, 2014 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр хариуцагч Ч.Чтэй зээлийн гэрээ байгуулж, түүнд 6,000,000.00 төгрөгийг сарын 4.5 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай олгосон. Мөн бид харилцан тохиролцож, 2015 оны 03 дугаар сарын 12-ны өдөр зээлийн гэрээнд өөрчлөлт оруулж, гэрээний хугацааг 6 сараар сунгаж, хариуцагч тал зээлийг хүүгийн хамт 2015 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр төлж дуусгахаар болсон.

 

Нэхэмжлэгчийн зүгээс анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа үндсэн зээл 6,000,000.00 төгрөг, зээлийн хүү 9,200,000.00 төгрөг, торгуулийн буюу нэмэгдүүлсэн хүү 1,840,000.00 төгрөг, нийт 17,040,000.00 төгрөг нэхэмжилсэн боловч нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, үндсэн зээл 6,000,000.00 төгрөг, хүү 8,280,000.00 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,656,000.00 төгрөг, нийт 15,936,000.00 төгрөгийг нэхэмжилж байна.

 

Хариуцагч тал өнгөрсөн хугацаанд хэд хэдэн удаа зээлийн хүү төлж байсан бөгөөд хамгийн сүүлд 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 400,000.00 төгрөг төлснөөс хойш гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, хэрэгт авагдсан баримтаар хариуцагч нийт 4,277,400.00 төгрөг төлсөн гэж байгаа ч 2015 оны 08 дугаар сарын 07-ны өдөр төлсөн 562,000.00 төгрөгийг хариуцагчийн данснаас түүний нөхөр Б.Сын зээл төлөгдсөн юм.

Хэрэгт авагдсан Х банк ХХК-иас ирүүлсэн дансны хуулгад Б.С гэгч хүнээс олон удаагийн үйлдлээр зээл төлсөн байгаа хэдий ч энэ нь тусдаа зээлийн асуудал, тэрээр хариуцагч Ч.Ч өмнөөс 2-3 удаа зээл төлсөн байдаг, мөн талуудын хооронд байгуулсан фидуцийн гэрээний зүйл болох  дугаартай автомашиныг хариуцагчийн хүсэлтээр нөхрийнхөн нэр дээр буцаан шилжүүлж, хүлээлгэн өгсөн тул гэрээ дуусгавар болоогүй.

 

Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1.-д зааснаар зохигчид гэрээг байгуулахдаа өөрийн хүсэл зоригийг чөлөөтэй илэрхийлсэн тул суутгаж авсан шимтгэл 30,000.00 төгрөг болон нэмэгдүүлсэн хүүгийн тохиролцоо хүчин төгөлдөр байх ёстой. Манай компанийн зүгээс зээлийн хүүг 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдөр хүртэл тооцож, нийт 15,936,000.00 төгрөгийг нэхэмжилж байна.

 

Иймд, хариуцагч Ч.Чэс дээрх төлбөрийг гаргуулж, нэхэмжлэгч Д ХХК-нд олгож өгнө үү гэв.

 

Хариуцагч тал тус шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

Бид, энэхүү нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь, хариуцагч тал нэхэмжлэгчээс 5,970,000.00 төгрөгийг хүлээн авсан талаар маргахгүй боловч зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх хэлцлээр авсан автомашиныг нэхэмжлэгч тал бодитоор өөртөө авсан тул зээлийн гэрээ дуусгавар болсон гэж үзнэ.

 

Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээ бол Иргэний хуулийн хоёрдугаар дэд бүлэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдээс олгох үйл ажиллагааны хүрээнд байгуулагдсан гэрээ биш, харин тус хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 286.1.-д заасан барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхэлдэг этгээдтэй байгуулсан гэрээний харилцаа юм. Ийм учраас нэхэмжлэгч талд тус хуулийн 453 дугаар зүйлийн 453.1.-д заасны дагуу нэмэгдүүлсэн хүү шаардах эрх байхгүй.

 

Хэрэгт авагдсан баримтаар хариуцагч Ч.Ч өнгөрсөн хугацаанд 4,277,400.00 төгрөгийг төлсөн ба 2015 оны 09 дүгээр сарын 12-ны өдрөөс дахин зээлийн гэрээний хугацааг сунгаагүй тул зээлийн хүүг 2014 оны 09 дүгээр сарын 18-ны өдрөөс эхлэн дээр дурьдсан өдөр хүртэл тооцох ёстой.

 

Мөн нэхэмжлэгч тал гэрээнд зааснаар 6,000,000.00 төгрөгийг өгөх ёстой байтал 5,970,000.00 төгрөг өгч, үүнээс хүү тооцож байгааг хүлээн зөвшөөрөхгүй, бидний тооцоолсон дүнгээр хариуцагчийн төлбөл зохих зээлийн дүн 4,916,400.00 төгрөг болж байна. Гэвч талуудын хооронд байгуулсан фидуцийн гэрээний зүйлийг нэхэмжлэгч тал шилжүүлсэн авсан байх тул үүрэг бүрэн дуусгавар болсон.

 

Иймд, дээр дурьдсан үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д ХХК-иас хариуцагч Ч.Чд холбогдуулан 17,040,000.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба энэхүү хэрэгт шүүхээс 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хариуцагчид нэхэмжлэлийн хувийн гардуулж, зохигчдод Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрх, үүргийн тайлбарлаж, танилцуулсан байна.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, үндсэн зээл 6,000,000.00 төгрөг, хүү 8,280,000.00 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,656,000.00 төгрөг, нийт 15,936,000.00 төгрөгийг нэхэмжилсэнийг хариуцагч тал үл хүлээн зөвшөөрч, татгалзсан.

 

Шүүх, хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримт, талуудын тайлбарыг тус тус үндэслэн нэхэмжлэлээс зарим шаардлагыг хангаж, үлдсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар нэхэмжлэгч Д ХХК болон хариуцагч Ч.Ч нар 2014 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 6,000,000.00 төгрөгийг 6 сарын хугацаатай, сарын 4.5 хувийн хүүтэй зээлэхээр харилцан тохиролцсон байна /х.х-ийн 48-51-р хуудас/.

 

Түүнчлэн зохигчид уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангахаар аралын улсын дугаартай 6,000,000.00 төгрөгийн үнэ бүхий автомашиныг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэхээр эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх тухай гэрээ байгуулсан ба зээлийн гэрээний хугацааг 2015 оны 03 дугаар сарын 12-ны өдөр 6 сараар сунгаж, үндсэн зээл, түүний хүүг 2015 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр төлөхөөр болжээ /х.х-ийн 5, 6, 52-54-р хуудас/.

 

Тодруулбал, хариуцагч Ч.Ч 2014 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний дагуу зээлийн хүүг тохирсон хугацаанд гэрээнд заасан хэмжээгээр сар бүрийн 15-ны өдөр, үндсэн зээлийг 2015 оны 02 дугаар сарын 15-ны өдөр болон 2015 оны 03 дугаар сарын 15-ны өдөр тус тус төлж барагдуулахаар тохиролцсон бол 2015 оны 03 дугаар сарын 12-ны өдөр сунгасан гэрээний дагуу 6,000,000.00 төгрөгийг хугацааны эцэст буюу 2015 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр хүү болох 1,656,000.00 төгрөгийн хамт төлөх үүрэг хүлээсэн байна /х.х-ийн 47, 51-р хуудас/.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар нэхэмжлэгч Д ХХК-иас хариуцагч Ч.Ч ******* дахь дансанд 2014 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр 4,000,000.00 төгрөг, 2014 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр 1,970,000.00 төгрөгийг шилжүүлсэн, зохигчдын итгэмжлэгдсэн төлөөлөгчид шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа 5,970,000.00 төгрөгийг шилжүүлэн авсан үйл баримтын талаар маргаагүй /х.х-ийн 7-р хуудас/.

 

Талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан баримт болох нэхэмжлэгч Д ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээнд тусгагдсанаар тус компани барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа эрхэлдэг ажээ /х.х-ийн 3-р хуудас/.

 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.-д Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж, мөн 282.4.-т Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж, түүнчлэн 286 дугаар зүйлийн 286.1.-д Барьцаалан зээлдэх газар нь зээлийн гэрээний үүргийг хангуулахаар зээлдэгчээс хөдлөх эд хөрөнгийг барьцаанд бариулахыг шаардах эрхтэй гэж тус тус заасан.

 

Өөрөөр хэлбэл, хэдийгээр талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан боловч гэрээний зүйл болох мөнгө буюу эд хөрөнгийг бодитоор зээлдэгчид шилжүүлээгүй тохиолдолд түүнд зээлийг буцаан төлөх үүрэг үүсэхгүй юм.

 

Тодруулбал, тус хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1.-д эд хөрөнгө шилжүүснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр гэрээ байгуулагдсанд тооцно гэж заасны дагуу тус хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.-д зааснаар зээлдэгчийн хувьд зээлийг буцаан төлөх болон зээлдүүлэгч зээлийг шаардах эрх, үүрэг үүсэх гол үндэслэл нь гэрээгээр тохиролцсон мөнгө болон бусад төрлийн шинжээр тодорхойлогдох эд хөрөнгийг шилжүүлсэн байх ёстой.

 

Хэдийгээр талуудын хооронд байгуулсан гэрээний 2 дугаар зүйлийн 2.1.6.-д зээлийн хяналт, эрсдэлийн удирдлагын шимтгэлд 0.5% буюу 30,000 төгрөгийг авсан байх боловч ямар үндэслэлээр ийнхүү дээрх төлбөрийг суутгаж авсан нь ойлгомжгүй, зээлийн судалгаа, хяналт хийсэн гэх үйл баримт тодорхойгүй, мөн Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1.-д зааснаар зээлдэгч гагцхүү бодитоор авсан зээлийн хэмжээгээр гэрээнд заасан хүү төлөх үүрэг хүлээнэ.

 

Иймд, шүүхээс дээр дурьдсаныг тус тус үндэслэн зохигчдын хооронд тус хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, 281 дүгээр зүйлийн 281.1, 286.1.-д зааснаар хүчин төгөлдөр зээлийн гэрээ байгуулагдаж, хариуцагчид 5,970,000.00 төгрөгийг хүлээлгэн өгсөн байх тул энэхүү зээлийн хэмжээнд гэрээний харилцаа үүссэн байна гэж дүгнэв.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тус шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 101/ШЗ2018/14058 тоот захирамжаар талуудын хооронд байгуулсан фидуцийн гэрээний зүйл болох  улсын дугаартай автомашины тээврийн хэрэгслийн бүртгэлийг хэний нэр дээр шилжүүлсэн болохыг тогтоохоор Авто тээврийн үндэсний төвөөс лавлагаа гаргуулахад тус автомашин 2017 оны 06 дугаар сарын 13-ны өдөр иргэн Б.Сын нэр дээр бүртгэгдэж, улмаар Д.А гэж хүний нэр рүү шилжүүлжээ /х.х-ийн 28-30, 34-р хуудас/.

 

Үүнийг хавтаст хэргийн 58 дугаар талд тэмдэглэгдсэн буюу 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гаргасан тайлбартаа дээрх автомашиныг хариуцагч Ч.Ч нөхөр Б.Сын нэр дээр шилжүүлсэн үйл баримтын талаар маргахгүй гэсэн. Тодруулбал, Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1.-д Үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид, эсхүл хууль, гэрээ буюу шүүх, арбитрын шийдвэрт заасан эрх бүхий этгээдэд хүлээлгэж өгнө гэж, мөн 211.2.-т Үүргийн гүйцэтгэлийг хүлээн авах эрхгүй этгээдэд хүлээлгэн өгсөн бол гагцхүү үүрэг гүйцэтгүүлэгч зөвшөөрсөн буюу ийнхүү гүйцэтгэснээр үүрэг гүйцэтгүүлэгч ашиг олсон нөхцөлд уул үүргийг гүйцэтгэсэнд тооцно гэж тус тус заасны дагуу фидуцийн гэрээний зүйлийг эрх бүхий этгээдэд буцаан хүлээлгэн өгсөн байна /х.х-ийн 58-р хуудас/.

 

Иймд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн фидуцийн зүйлийг нэхэмжлэгчид бодитоор хүлээлгэн өгсөн тул үүрэг дуусгавар болсон гэх тайлбар үндэслэлгүй юм.

 

Нэхэмжлэгч Д ХХК-иас хариуцагч Ч.Чд холбогдуулан 6,000,000.00 төгрөгийг 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдөр хүртэл хүү, нэмэгдүүлсэн хүү тооцож, үндсэн хүүнд 8,280,000.00 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 1,656,000.00 төгрөг, нийт 15,936,000.00 төгрөгийг нэхэмжилсэн.

 

Талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбарт дурьдсанаар зохигчид 2015 оны 09 дүгээр сарын 12-ны өдрөөс хойш зээлийн гэрээний хугацааг дахиж сунгаагүй байна. Тайлбарлавал, Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1.-д Зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно гэж, мөн 282.3.-т Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана гэж тус тус зааснаар зохигчид зээлийг ашиглах хугацааг хэтрүүлсэн тохиолдолд гэрээнд заасан хүүг үргэлжлүүлэн тооцохоор тохиролцоогүй, аль эсхүл гэрээний хугацааг сунгаагүй бол зээлдэгчийг хэтэрсэн хугацааны хүүг төлөх ёстой гэж үзэхгүй.

 

Нөгөө талаар тус хуулийн 452 дугаар зүйлийн 452.2.-т заасан буюу банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдээс зээл олгох үйл ажиллагааны хүрээнд байгуулагдсан гэрээнд нэмэгдүүлсэн хүүг үндсэн хүүгийн 20 хувиас хэтрүүлэхгүйгээр тохирч болохоор зохицуулсан байхад нэхэмжлэгч Д ХХК нь барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа явуулдаг атлаа хариуцагч Ч.Чтэй байгуулсан зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.4, 7 дугаар зүйлийн 7.2.-т тус тус нэмэгдүүлсэн хүүгийн талаар тохиролцсон нь хуульд нийцэхгүй байна.

 

Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.2.-т Нийгэм, хувь хүний ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор зарим төрлийн гэрээг гагцхүү төрийн эрх бүхий байгууллагаас олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр байгуулж болно. Тусгай зөвшөөрөл олгох журмыг хуулиар тогтооно гэж заасны дагуу Аж ахуй нэгжийн тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2.1, 15.3.1.-д тус тус зааснаар банк, аль эсхүл бус санхүүгийн байгууллагын үйл ажиллагаа эрхлэх тохиолдолд зээлдэгч иргэн, хуулийн этгээдтэй байгуулсан гэрээнд нэмэгдүүлсэн хүүгийн талаар тохирч болно.

 

Иймд, зохигчид 2015 оны 09 дүгээр сарын 12-ны өдрөөс хойш зээлийн гэрээний хугацааг дахиж сунгаагүй тул нэхэмжлэгч тал энэ өдөр хүртэлх хугацааны зээлийн хүүг нэхэмжлэх эрхтэй ба харин нэмэгдүүлсэн хүү шаардах эрхгүй юм.

 

Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1.-д Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ гэж, мөн 208 дугаар зүйлийн 208.1.-д Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ гэж заасан. Өөрөөр хэлбэл, зээлийн гэрээгээр үүрэг хүлээсэн хариуцагч тал гэрээнд заасан үүргийг тогтоосон газар, хугацаандаа гүйцэтгэх үүрэгтэй бөгөөд хэрэв тодорхой хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр үл биелүүлсэн тохиолдолд түүнийг үүргээ зөрчсөнд тооцно.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар хариуцагч Ч.Ч зүгээс нэхэмжлэгч Д ХХК-ийн ******* дахь  дансанд нийт 4,277,400.00 төгрөгийг төлсөн байна. Хэдийгээр тус дансны хуулгад 2015 оны 08 дугаар сарын 07-ны өдөр 562,000.00 төгрөгийг Б.С төлсөн мэт харагдаж байгаа ч дээрх төлбөрийг хариуцагчийн ******* дахь  данснаас төлсөн, үүнийг гуравдагч этгээд буюу түүний нөхөр төлсөн агуулгатай байна /х.х-ийн 65-77-р хуудас/.

 

Гэвч талуудын гаргасан тайлбар, хэрэгт авагдсан баримтаар хариуцагч тал зээлийн хүүг зохих ёсоор төлж байсан хэдий ч үндсэн зээлийг төлөх үүргээ зөрчсөн байна. Өөрөөр хэлбэл, хариуцагч тал 5,970,000.00 төгрөгийг 2014 оны 09 дүгээр сарын 18-ны өдрөөс 2015 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр хүртэл нийт 359 өдөр ашигласан хугацаанд 3,170,806.03 төгрөгийн хүү төлөх үүргээ биелүүлсэн бол үндсэн зээлийн үлдэгдэл 4,863,406.03 төгрөгийг төлөөгүй байгаа ажээ.

 

Хэрэгт авагдсан баримтаар хариуцагчийн төлсөн болон төлбөл зохих үндсэн зээл, зээлийн хүүг тооцвол:

 

-               5,970,000x4.5%=268,650 /1 сарын хүү/, 268,650x12=3,223,800.00 /1 жилийн хүү/, 3,223,800:365=8,832.32 /1 өдрийн хүү/,

 

-               Зээлийг бүрэн авсан 2014 оны 09 дүгээр сарын 18-ны өдрөөс зээлийн гэрээний хугацааг сунгасан 2015 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр хүртэл зээлийг ашигласан нийт хугацаа 11 сар 21 өдөр буюу 359 өдөр, үүнээс төлбөл зохих хүүгийн хэмжээ 8,832.32x359=3,170,806.03 төгрөг болж байна.

 

-               Ингээд хариуцагчийн төлсөн 4,277,400.00 төгрөгөөс төлөх ёстой хүү 3,170,806.03 төгрөгийг хасвал 1,106,593.97 төгрөг үлдэж байгаа бөгөөд үүнийг үндсэн зээлийн үлдэгдлээс хасахад 4,863,406.03 төгрөгийг төлөх ёстой /5,970,000-1,106,593.97=4,863,406.03/.

 

Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 283 дугаар зүйлийн 283.4.-т Гэрээнд өөрөөр заагаагүй бол зээлийн хүүг жил тутам төлнө гэж заасны дагуу талууд хүүгийн хэмжээг сараар тохирч, гэрээг 1 жилийн хугацаатай байгуулсныг үндэслэн хариуцагчийн төлбөл зохих зээлийн хүүг ашигласан өдрөөр тооцоход 3,170,806.03 төгрөг, үүнээс түүний төлсөн 4,277,400.00 төгрөгийг хасч, үндсэн зээлийн үлдэгдлийг 4,863,406.03 төгрөг гэж тогтоов.

 

Иймд, шүүхээс дээр дурьдсаныг тус тус нэгтгэн дүгнээд хариуцагчаас 4,863,406.03 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 11,072,593.97 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.            Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1.-д заасныг тус тус үндэслэн хариуцагч Ч.Чэс 4,863,406.03 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д ХХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 11,072,593.97 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 56.2, 60 60.1, эмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 243,150.00 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 92,764.00 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 

3.            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7.-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурьдсугай.

 

 

 

 

د Б.МАНДАЛБАЯР