| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баярсайханы Ундраа |
| Хэргийн индекс | 101/2018/01994/И |
| Дугаар | 101/ШШ2018/02237 |
| Огноо | 2018-06-26 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 06 сарын 26 өдөр
Дугаар 101/ШШ2018/02237
| 2018 оны 06 сарын 26 өдөр | Дугаар 101/ШШ2018/02237 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Оросын холбооны улс, Улаан-Үд хот, Нурселение гудамж, 13 дугаар байр, 13 тоот хаягт оршин суух, Галданова Ариуна /гадаад паспортын дугаар: 72 8229429/-н итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Мягмарсүрэн, Д.Ж нарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороо, Цайз Хаан банкны 1 дүгээр давхарт байрлах нотариатч Соот овогт Жадамбаагийн Н/регистрийн дугаар: /-д холбогдох
Нотариатын үйлдлийг хүчингүйд тооцуулах, өв хүлээн авах хугацаа сэргээлгэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хариуцагч*******, гуравдагч этгээд Н.Шүрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Наранбулаг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сэндэнхорол нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Галданова Ариунагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Мягмарсүрэн, Д.Ж нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ОХУ-ын Буриад Улсын иргэн Галданова Ариуна миний бие Монгол Улсын соёлын гавъяат зүтгэлтэн Цэрэндоржийн Балдорж агсны төрсөн охин нь бөгөөд миний эцэг миний ээж Бадамжапова Ольга Борисовнатай 1973 онод албан ёсоор гэрлэлтээ батлуулсан бөгөөд тэдний дундаас 1974 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр нэхэмжлэгч би төрсөн.
1982 онд эцэг, эх хоёр маань гэрлэлтээ шүүхээр цуцлуулж, би өөрийн эхийн хамт ОХУ-ын Улаан-Үд хотод амьдрахаар явсан. Би аавтайгаа байнгын халуун дулаан харилцаатай, ойр дотно байдаг байсан ба 10 дугаар ангиа төгсөөд Улаанбаатарт хааяа ирэхдээ аавтайгаа уулздаг байсан билээ. Гэтэл 2007 оны 12 дугаар сарын 15-ны өдөр өөрийн эцгийг зуурдаар нас нөгчсөн тухай эмгэнэлт мэдээг хүлээн авсан.
Төрсөн охины хувьд эцэгтэйгээ салах ёс гүйцэтгэх, сүүлчийн замд нь үдэх буяны ажил явдалд оролцохоор тухайн үед би Монгол Улсад ирсэн бөгөөд уг ажил явдлыг дуусгаад буцсан. Монголчуудын эртний ёс зан үйлийн дагуу талийгаач аавынхаа хоног хураах үеэр дахин Монголд ирэ, хэд хоноод буцсан юм. Энэ үйл явдлаас хойш 3 сар өнгөрсний дараа би Монголд дахин ирсэн ба тэр үед талийгаач аавынхаа гэрий буюу Н.Шүрээс аав маань ямар нэгэн өв хөрөнгө, гэрээслэл надад үлдээсэн эсэх тухай асуухад тэрээр Ариунаа, аав чинь чамд ямар ч гэрээслэл юм үлдээгээгүй, миний мэдэх зүйл гэвэл маш их өр үлдээсэн гэсэн. Би тухайн үед эцэг минь ямар ямар хэмжээний эд хөрөнгүүдтэй талаар бүрэн мэддэггүй, Улаанбаатар зочид буудал ХК-ийн хувь эзэмшигч гэдгийг л мэддэг байсан.
2008 оны 3 дугаар сарын 07-ны өдөр Н.Шүр эгч намайг дуудахад Баяраа /миний эцгийн төрсн дүү Бармагнай ах/ ахтай хамт сууж байсан. Н.Шүр эгч надад хандаж Би чамд аав чинь бөөн өр үлдээсэн гэж хэлж байсан даа, эгч нь чамайг бодолгүй яах вэ, 200,000 ам. доллар өгье, гэхдээ одоо бэлэн 30,000 ам. доллар байна, үүнийг чи авч бай, үлдэгдлийг нь 3 жилийн хугацаанд төлж дуусгана гэсэн. Ингээд намайг Сүхбаатар дүүргийн нутаг дэсвгэрт байрлах Улаанбаатар зочид буудалд байхад Баярмагнай ах ирээд чи надад нэг бичиг хийж өгөх хэрэгтэй гэж хэлээд нэг хүнийг дуудсан, тэр нотариатч эгч байсан. /Баянзүрх дүүргийн нотариатч*******/ ингээд юу гэж бичих ёстойг минь надад хэлж бичүүлж авсан.
Гэтэл дээрх нотариатаар гэрчлүүлсэн гэх баталгааны улмаас миний хууль ёсны өв хүртэх эрх минь ноцтой зөрчигдсөн юм. Энэ баталгааг бичүүлж авахдаа надад миний аав ямар хэмжээний хөрөнгө үлдээсэн, хэдий хэмжээний ямар өв хөрөнгөөсөө татгалзаж байгаа талаар уг баталгааг гэрчилсэн нотариатч Ж.Нболон Н.Шүр, Баярмагнай нар надад тайлбарлаж үр дагаварыг ойлгуулаагүй.
Мөн Н.Шүр болон түүний охин Б.Нандинтүшиг нар нь аавыг минь өөд болсноос хойш ердөө 26 хоногийн дараа түүний өмчлөл, эзэмшилд байсан эд хөрөнгүүдийг Чингэлтэй дүүргийн тойргийн нотариатч Ц.Энхтуяагаар өвлөх эрхийн гэрчилгээ бичүүлж 2008 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Өв залгамжлах эрхийн 11 ширхэг гэрчилгээ, сүүлд Б.Номинтүшигт 2010 оны 5 дугаар сарын 20-ны өдөр 1 ширхэг өвлөх эрхийн гэрчилгээг өөрсдийн нэр дээр гаргуулан авчээ. Өөрөөр хэлбэл надаар 2008 оны 3 дугаар сарын 07-ны өдөр өвөөс татгалзаж буй тухай баталгааг бичүүлж авахаас 6 сарын өмнө миний эцгийн эд хөрөнгүүдийг дээрх хүмүүс шилжүүлэн авсан байна. Тэргүүн ээлжинд өвлөх эрхтэй хууль ёсны өвлөгч надад мэдэгдэлгүй, миний хүсэлтийг авалгүй хуулиар олгогдсон өвлөх эрхийг минь ноцтой зөрчиж дээрх хүмүүс өвлөх эрхийг өөрсөддөө шилжүүлэн авчээ.
Хариуцагч Ж.Ннотариатчийн 2008 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн нэхэмжлэгч Ж.Ариунааг өвлөх эд хөрөнгүүдээс татгалзсан тухай Баталгаа-г хүчингүйд тооцож өв хүлээн авах хугацааг минь сэргээж өгнө үү гэжээ.
Хариуцагч Ж.Ншүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ОХУ-ын иргэн Галданова Ариуна гэгч эмэгтэй 2008 оны 3 дугаар сарын 07-ны өдөр надаар Баталгаа гэгч өөрийн гараар бичсэн зүйлээ гарын үсгийн үнэн зөв-аар батлуулсан. Уг асуудал 2008 онд одоогоос 9 жилийн өмнө болсон энэ асуудлаар Чингэлтэй дүүргийн шүүхэд 2 жилийн өмнө Уянга гэгч шүүгчийн дуудсанаар очиж гэрчийн мэдүлэг өгч байсан тул тодорхой санаж байна. Би өөрийн биеээр Нийслэлийн Архивын газраас тухайн үед хийсэн гарын үсгийн баталгаа гэх үйлдлийнхээ хуулбарыг дэвтрийн бичилтийн хуулбарын хамт архивын хуулбар үнэн тэмдэгтэй шүүхэд өгсөн тул сайн санаж байна. Тухайн үед Монгол Ньюс ХХК-ийн ерөнхий менежер Баярмагнайг би таньдаг байсан тул над руу ярьж манай нэг дүүгийн гарын үсгийн баталгааг УБ зочид буудал дээр ирж баталж өгөөч гэж гуйсны дагуу ажил тарах дөхж байсан зам дагуу учраас би зөвшөөрч УБ зочид буудал-д очиж уг Баталгаа гэх зүйлийг баталсан. УБ зочид буудлын нэг өрөөнд Галданова Ариуна өөрөө, түүний нөхөр бололтой нэг залуу, Баярмагнай гурав байсан, өөр хүн байгаагүй, намайг очиход Баталгаа гэх зүйлийг Ариунаа өөрөө бичсэн ба хэн нэг хүний шахалт дарамт байгаагүй, өөрөө монголоор маш сайн ярьдаг, бүгдийг ойлгож байсан. Ариунаа түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн бичсэн шиг цаасан дээр хүчээр гарын үсэг зуруулаагүй. Би бичсэн зүйлийнх нь агуулгыг уншиж танилцаад гэрээ юм уу хэлцлээр батлах боломжгүй зөвхөн өөрийнхөө хүсэл зоригийг илэрхийлсэн баталгаа байсан учраас гарын үсэг үнэн гэсэн баталгаа дарж дэвтэрт гарын үсгийг нь авч 1500 төгрөгийн хураамж авсан. Би энэ хүнийг хүчээр эсхүл хэн нэгэн шахалт дарамж үзүүлж байхад нь энэ үйлдлийг хийгээгүй, хүчээр гарын үсэг зураалаагүй, өөрийг нь байхгүйд, эсхүл өөр хүнээр гарын үсэг зуруулах зэргээр Нотариатын тухай хууль болон үйлдэл хийх журмыг ямар нэгэн байдлаар зөрчөөгүй тул хариуцагчаар татагдах, миний хийсэн үйлдлийг хүчингүй болгох эрх зүйн үндэслэл байхгүй гэж үзэж байна.
Г.Ариуна өөрөө ч нэхэмжлэлдээ 8 дугаар ангиа төгстөл монголд сурч байсан гэж бичсэн байна. Монгол хэлтэй, монголоор сайн ойлгодог түүнд орчуулагчийн хэрэг байгаагүй. Түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч бичихдээ НТХ-ийн 3.1.3-т заасан тэгш эрхийг хангах зарчмыг зөрчсөн гэжээ. Би энэ зарчмыг зөрчөөгүй хэн нэгэнд илт давуу байдал олгоогүй. Миний баталсан зүйл гэрээ биш, 2 талын этгээд байгаагүй, Би Шүр гэж хүнийг хараагүй, танихгүй. Миний үйлдлийн баталгааны тэмдэг дээр Гарын үсэг үнэн зөв гэсэн байгааг дахин анхааруулъя. Энд гэрээ, хэлцэл батлах 2 талыг байлгах, тэгш хандах тэгш эрхийн зарчим хамааралгүй. Мөн НТХ-ийн 27.1-д зааснаар, иргэний бичиг баримт нь гадаадын иргэн байхад орчуулагч оролцуулаагүй гэж хуулийг буруу ойлгож тайлбарлажээ. 27.1-д хувийн байдлыг ийм ийм бичиг баримтаар тогтооно гэсэн зохицуулалт байгаа болохоос орчуулагч оролцуулна гээгүй. Харин НТХ-ийн 32.1-д Монгол хэл мэдэхгүй бол орчуулагч оролцуулна. Орчуулагчийг өөрөө сонгоно гэсэн заалт байгаа. Би, Г.Ариунаг Монгол хэл мэддэг, өөрөө чөлөөтэй ойлгодог болохыг нүдээрээ харсан тул орчуулагчийн шаардлага байхгүй гэж үзсэн. Өөрөө ч ийм учир орчуулагч оролцуулъя гэж орчуулагч сонгоогүй санал гаргаагүй гэдгийг дахин дурдъя.
Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1-д заасан тэргүүн ээлжийн өвлөгч болох боломжийг миний баталсан Баталгаа гэгчээс болж алдсан мэтээр тайлбарлажээ. Ц.Балдорж агсан 2007 оны 12 дугаар сарын 15-нд нас барсан гэдгийг нэхэмжлэлд бас дурьдсан байна. Би энэ баталгааг 2008 оны 3 дугаар сарын 07-нд баталсан байна. Цаг хугацааны хувьд Г.Ариуна гэгч энэ эмэгтэй хуулийн хугацаагаар өвлөх эрхээ алдсан байна. Үүнийг хуульч нь зөв тайлбарлаж ойлгуулах хэрэгтэй байх. Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.1, 528.2-т заасан зохицуулалт байгаа.
Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэв.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Н.Шүрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Наранбулаг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь Монгол хэл мэддэг бөгөөд өөрөө баталгааг бичсэн. Баталгаа бичсэн талаар гэрч Б.Баярмагнай тодорхой гэрчилсэн нь хэрэгт авагдсан. Нотариатын үйлдэл хууль зөрчөөгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүй гэж үзэж байна гэв.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зохигч, гуравдагч этгээдийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Галданова Ариуна нь хариуцагч*******д холбогдуулан, өвлөх эд хөрөнгүүдээс татгалзсан тухай баталгааг хүчингүйд тооцуулж, өв хүлээн авах хугацаа сэргээлгэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргаж байна.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж дүгнэв.
Хариуцагч Ж.Ннь 2008 оны 3 дугаар сарын 07-ны өдөр, нэхэмжлэгч Галданова Ариунагийн бичсэн Би Галданова Ариунаа ОХУ-ын иргэн Буриад Улсын Улан-Үд хотын Нурселение д.13 амьдардаг. Би Монгол Улсын иргэн Цэрэндоржийн Балдоржийн төрсөн охин бөгөөд манай аав ээж хоёр 1982 онд хууль ёсоор гэр бүлээ цуцлуулсан, тухайн үед би найман настай байсан, тэр үеэс би ээжтэйгээ хамт амьдарч байсан. Гэвч 2007 оны 12 дугаар сарын 15-нд миний аав зуурдаар нас барсан. Би аавынхаа өмч хөрөнгөөс хоёр зуун мянган ам. доллар авахаар тохиролцож бусад өвөөс татгалзаж байна. Дээрхи мөнгөнөөс би 2008 оны 3 дугаар сарын 07-ны өдөр 30,000 ам. долларыг хүлээн авлаа. Үлдэгдэл мөнгийг 2011 оны 01 дүгээр сарын 01-нд авч дуусгана гэж тохиролцов. /гарын үсэг/ Галданава Ариуна гэх Баталгаа-г гэрчлэн Гарын үсэг үнэнийг гэрчлэв тэмдэг дарж нотариатын үйлдлийг гүйцэтгэжээ.
Дээрх нотариатын үйлдлээр гэрчилсэн Баталгаа-г нэхэмжлэгч Г.Ариуна өөрөө бичсэн, Монгол хэлээр сайн бичиж ярьдаг, баталгааг бичсэн зорилго нь нэхэмжлэгч Г.Ариуна талийгаач Ц.Балдоржийн эхнэр Н.Шүрээс мөнгө авахаар тохирсон, Н.Шүр тохирсон мөнгөө өгөх эсэхийг мэдэхгүй байгаа тул нотариатаар батлуулмаар байна гэх саналыг гарган, баталгааг өөрийн санаачилгаар бичиж, нотариатч*******аар Баталгаа-г гэрчлүүлсэн тухай гэрч Б.Баярмагнайгийн мэдүүлэг хэрэгт авагджээ.
Хуульд заасан үндэслэл, журмын дагуу, шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед бүрдүүлж авсан дээрх гэрчийн мэдүүлэг нь хэрэгт ач холбогдолтой бөгөөд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардагын үндэслэлд, ...баталгааг бичүүлж аваад, ...өв хөрөнгөөс татгалзаж байгаа талаар нотариатч Ж.Нболон Н.Шүр, Б.Баярмагнай нар надад тайлбарлаж өгөөгүй... гэж дурдсаныг үгүйсгэж байна.
Нэхэмжлэгч нь өв хөрөнгөөс татгалзаж байгаа талаар нотариатч Ж.Нболон Н.Шүр, Б.Баярмагнай нар надад тайлбарлаж өгөөгүй гэх боловч Баталгаа-г бичих тухайн үед гуравдагч этгээд Н.Шүр байгаагүй болох нь гэрч Галданов Валерий Дашеевичийн мэдүүлгээр тогтоогдож байна.
Гэрч Галданов Валерий Дашеевич мэдүүлэхдээ, Г.Ариуна баталгааг бичихэд Б.Баярмагнай хэлж өгч бичүүлсэн гэх боловч Б.Баярмагнай юу гэж хэлснийг Г.Ариуна тухайлан бичсэн талаар тодорхой дурдаагүй, өөрөөр хэлбэл гэрч Галданов Валерий Дашеевич нь Монгол хэл мэддэг эсэх, Б.Баярмагнайгийн хэлсэн үгийг бичиж байгаа эсэх үйл баримтыг хөдөлбөргүй ойлгож, мэдсэн эсэх нь тодорхойгүй буюу гэрчийн мэдүүлгийн эх сурвалж тогтоогдоогүй тул нэхэмжлэгч Г.Ариуна юу бичиж байгаагаа ойлголгүй, хүний хэлснийг бичсэн гэх бодит үндэслэл тогтоогдсонгүй.
Нөгөөтэйгүүр, нэхэмжлэгч Г.Ариуна нь шүүх хуралдаанд оролцохдоо болон шүүх хуралдааны бус үед гэрчийг асуухад Монгол хэлээр яригдаж байгаа зүйлийг ойлгож, асуулт, хариултад оролцож байсан, Монгол Улсад дунд сургуулийн 8 дугаар анги хүртлээ суралцсан талаар гэрч мэдүүлснийг дурьдах нь зүйтэй гэж үзэв.
Хариуцагч*******ын гэрчилсэн Баталгаа нь тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Нотариатын тухай /1997 оны/ хуулийн хуулийн 23 дугаар зүйлийн 2-ын 8-д заасан Гарын үсгийн үнэн зөв-ийг гэрчилсэн байх бөгөөд мөн хуулийн 27 дугаар зүйлийн 1.-д зааснаар, хийсэн үйлдлүүдийг дэс дараагаар нь бүртгэсэн болох нь хэрэгт авагдсан 2008 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн Баталгаа, нотариатч*******ын бүртгэлийн дэвтрийн хуулбар зэргээр тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нотариатын тухай /1997 оны/ хуулийн 32 дугаар зүйлийн 3-т заасныг баримтлан, хариуцагч*******д холбогдох, өвлөх эд хөрөнгүүдээс татгалзсан тухай баталгааг хүчингүйд тооцуулж, өв хүлээн авах хугацаа сэргээлгэх тухай нэхэмжлэгч Галданова Ариунагийн нэхэмжлэлийн шаардлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг танилцуулсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАА