| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Намхайдоржийн Оюунбилэг |
| Хэргийн индекс | 164/2024/0188/Э/Т/215/2024/003 |
| Дугаар | 2025/ШЦТ/28 |
| Огноо | 2025-02-03 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Б.Т |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 02 сарын 03 өдөр
Дугаар 2025/ШЦТ/28
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Оюунбилэг даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Сэргэлэнтөгс,
Улсын яллагч Б.Т,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.А, Ж.М
Шүүгдэгч Б.Б, Э.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.Б, Э.Э нарт холбогдох 2416000000204 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, халх, **** оны **** сарын **** өдөр ***** аймгийн **** сумд төрсөн, ***** настай, эрэгтэй, **** боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ****, хүргэн ах, эгч, зээ дүүгийн хамт ****** аймгийн ***** сумын ***** баг ***** тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 2021/ШЦТ/124 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж байсан, ******* регистрийн дугаартай, ***** овогт Б.Б,
Монгол Улсын иргэн, халх, ***** оны ***** сарын ***** өдөр ***** аймгийн **** сумд төрсөн, **** настай, эрэгтэй, ***** боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ****, эмээ, дүүгийн хамт ***** аймгийн **** сумын **** багийн **** тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, **** регистрийн дугаартай, ***** овогт Э.Э.
Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Б., Э.Э нар нь бүлэглэн 2024 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Говь-Алтай аймгийн Шарга сумын **** багийн нутаг дэвсгэр ***** гэх газар байрлах хохирогч С.Э-н хаваржааны эд зүйлээ хадгалдаг амбаараас түүний өмчлөлийн 2,750,000(хоёр сая долоон зуун тавин мянга) төгрөгийн үнэлгээтэй “GО 8G-150” загварын ногоон өнгийн мотоциклыг авсан,
2024 оны 08 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө Ховд аймгийн Дарви сумын ***** багийн нутаг дэвсгэрт байх хашаанаас хохирогч Л.У-н өмчлөлийн 1,740,000(нэг сая долоон зуун дөчин мянга) төгрөгийн үнэлгээтэй улсын дугааргүй, улаан өнгийн Даюун 200 маркийн мотоциклийг авсан үйлдлүүдийг прокурор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “хулгайлах” гэмт хэргийг орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч үйлдсэн гэж үзэн яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцох:
Шүүгдэгч Б., Э.Э нар нь хамтран 2024 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Говь-Алтай аймгийн Шарга сумын ****** багийн нутаг дэвсгэр ***** гэх газар байрлах хохирогч С.Э-н хаваржааны эд зүйлээ хадгалдаг амбаараас түүний өмчлөлийн 2,750,000(хоёр сая долоон зуун тавин мянга) төгрөгийн үнэлгээтэй “GО 8G-150” загварын ногоон өнгийн мотоциклийг,
2024 оны 08 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө Ховд аймгийн Дарви сумын ***** багийн нутаг дэвсгэрт байх хашаанаас хохирогч Л.У-н өмчлөлийн 1,740,000(нэг сая долоон зуун дөчин мянга) төгрөгийн үнэлгээтэй улсын дугааргүй, улаан өнгийн Даюун 200 маркийн мотоциклийг тус тус хулгайлсан болох нь:
1. Шүүгдэгч Б.Б-н шүүх хуралдаанд өгсөн “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа…” гэх мэдүүлэг/шүүх хуралдааны тэмдэглэлээс/
2. Шүүгдэгч Э.Э-н шүүх хуралдаанд өгсөн “... Мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг/шүүх хуралдааны тэмдэглэлээс/,
3. Хохирогч С.Э-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “... Манай гэр Говь-Алтай аймгийн Шарга сумын ***** багийн **** гэх газар намарждаг. Манай хаваржаа одоо манай намаржиж байгаа газраас 1 км хүрэхгүй газар байдаг. Өчигдөр буюу 2024 оны 08 дугаар сарын 15-ны өглөө 08 цагийн орчим гэрээсээ гараад хаваржааныхаа урд талын овоон дээр гарах гэж мотоциклтой явж байхад манай хаваржааны амбаарын үүднээс 2 мотоциклтой хүн төв засмал зам руу хөдөлсөн. Тэгэхээр нь би манай амбаарт хулгай орсон байх гэж бодоод тухайн 2 мотоциклтой хүний араас 1 км гаран хөөж яваад төв зам дээр гаргасан. Тухайн 2 мотоциклтой хүн засмал замд нийлээд аймаг руу явсан. Тэгээд буцаад амбаар дээр очиход амбаар дотор байсан мотоцикл алга болсон байхаар нь гэртээ очиж машинаа унаад Ээвийн буудал хүртэл яваад 2 мотоциклтой хүнийг олоогүй... 2024 оны 08 дугаар сарын 14-ний өдөр амбаараас худгийн моторын бензин авах гээд очиход миний мотоцикл байж байсан. Амбаарын хаалгыг хаагаад чулуу тавьсан байсан... 2024 оны хавар 6 сард шинэ мотоцикл аваад манай хүү 7 хоног унаад Сэлэнгэ аймаг руу ажил хийх гээд явахдаа амбаарт өөрөө оруулж тавьчихаад явсан... Хулгайд алдагдсан мотоцикл ногоон өнгийн “GO 8 G” загварын улсын дугааргүй байсан ...” гэх мэдүүлэг./1-р хавтаст хэргийн 45-47 дугаар хуудас/
4. Гэрч Г.Д-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Тухайн үед Б.Б, Э.Э хоёр хоёулаа дээлтэй, Б.Б нь улаан өнгийн Мустанг-150 загварын мотоциклтой явж байсан. Тэр хоёр надад Халиун сумаас очиж мотоцикл авах гэж явж байна гэж хэлсэн. Дараа нь 2024 оны 08 дугаар сарын 15-ны орой Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын драгоны урд автобусны буудлын сандал дээр манай найз Б-н хамт сууж байхад Б.Б нь засмал замаар урагшаа тойрог руу ногоон өнгийн мотоцикл унасан хойно нэг хүн суулгасан явж байсан ... Б.Б-н унаж явсан мотоцикл ногоон өнгийн, улсын дугааргүй, “GO 8 G” загварын ямар нэгэн эвдэрсэн эд анги байхгүй, шинэ мотоцикл байсан ...” гэх мэдүүлэг./1-р хавтаст хэргийн 52-55 дугаар хуудас/
5. Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт. /1-р хавтаст хэргийн 3-11 дүгээр хуудас/
6. Хулгайд алдсан гэх ногоон өнгийн “GO 8 G” загварын мотоциклыг шүүгдэгч Б.Б-с 2024 оны 08 дугаар сарын 19-ний өдөр хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт. /1-р хавтаст хэргийн 12-17 дугаар хуудас/
7. Шүүгдэгч Б.Б-с хураан авсан улсын дугааргүй, ногоон өнгийн ******** арлын дугаартай “GO 8 G” загварын мотоциклыг хохирогч С.Э-д 2024 оны 08 дугаар сарын 22-ны өдөр хүлээлгэн өгсөн тэмдэглэл. /1-р хавтаст хэргийн 27 дугаар хуудас/
8. “Ашид-Билгүүн” ХХК-н 2024 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн ТХҮ-921/290 дугаартай “... хулгайд алдсан гэх “GO 8 G” загварын гар мотоциклыг 2,750,000(хоёр сая долоон зуун тавин мянга) төгрөгөөр үнэлсэн ...” шинжээчийн дүгнэлт/1-р хавтаст хэргийн 67-69 дүгээр хуудас/,
9. Хохирогч Л.У-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Миний бие 2024 оны 08 дугаар сарын 13-ны өглөө өөрийн эзэмшлийн Даюун 200 маркийн мотоциклоор Ховд аймгийн Дарви сумын Мөрөн баг руу адуу хайж явж байгаад 16 цагийн үед Дарви сумын **** багийн нутаг дэвсгэрт байх гэртээ ирсэн. Гэртээ ирээд мотоциклоо хашаа руугаа оруулаад байшингийн доод хэсэгт тавьж түлхүүрийг нь толгой дээр нь зоолттой үлдээсэн. Тэгээд би гэр рүүгээ орж хоол унд идчихээд байж байтал сургуулийн хүүхдүүд бэлтгэлдээ орьё гэж намайг дуудсан. Тэгээд би гэртээ 20 цаг өнгөрч байхад ирээд амарсан. 2024 оны 08 дугаар сарын 14-ний өглөө босоход миний мотоцикп байхгүй байсан болохоор нь таньдаг найз нөхөр унаад явсан байх гэж бодоод ганц хоёр хоног хүлээсэн боловч ямар ч сураггүй болохоор нь хулгайд алдагдсан гэж цагдаагийн байгууллагад хандсан..:” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 55-56-р хуудас/
10. Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт. /2-р хавтаст хэргийн 36-38 дугаар хуудас/
11. Хулгайд алдсан гэх улаан өнгийн Даюун 200 маркийн мотоциклийг шүүгдэгч Э.Э, Б.Б нараас 2024 оны 08 дугаар сарын 29-ны өдөр хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт. /2-р хавтаст хэргийн 41-42 дугаар хуудас/
12. Таньж олуулах ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2-р хх-ийн 45-47-р хуудас/
13. Хохирогч Л.У-д эд зүйлс буюу мотоциклийг хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2-р хх-ийн 43-44-р хуудас/
14.Хөрөнгийн үнэлгээний Дамно ХХК-ний 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн “Даюун 200 загварын мотоцикл 1 ширхэг 1.740.000 төгрөгийн бодит үнэ цэнэтэй болохыг тодорхойлов...” гэх ХВЦ-24-192 дугаартай хөрөнгийн үнэлгээ /2-р хх-ийн 71-74-р хуудас/ зэрэг яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд “... бусдын эд хөрөнгийн хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авах...” үйлдлийг хулгайлах гэмт хэрэг гэж үзэн эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр тодорхойлсон бөгөөд энэ гэмт хэргийг тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч үйлдсэн тохиолдолд хохирлын хэмжээнээс үл шалтгаалан уг шинжээр нь хүндрүүлэн зүйлчлэхээр хуульчилжээ.
Тусгайлан хамгаалсан байр, агуулах гэдэг нь шүүгдэгчийн хувьд нэвтрэхийг зөвшөөрөгдөөгүй эсвэл тухайн цаг хугацаанд нэвтрэхийг хориглосон орон зай байх бөгөөд үүнийгээ мэдсээр байж зөрчин хулгайлах гэмт хэрэг үйлдвэл дээрх гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг хангасан гэж үзнэ. Тодруулбал “агуулах сав” гэдэгт эд хөрөнгийг байнга буюу түр хадгалах зориулалттай байшин, пин, амбаар, илүү гэр, гэрийн болон тээврийн чингэлэг, бүх төрлийн агуулах, зоорь, авто мухлаг, хөргөх ба эд бараа зөөх төхөөрөмжтэй автомашин, граж, албан тасалгаа, үйлдвэрлэлийн эд хөрөнгийг байнга буюу түр хадгалах зориулалттай байр, түүнчлэн хүн, ачаа тээвэрлэхэд зориулсан болон тусгай зориулалтын автомашины кабин, багаж, онгоц, галт тэрэг, далайн хөлгийн ачаа хадгалах сав зэргийг хамааруулан ойлгодог.
Дээрх ойлголтод хамаарах тусгайлан хамгаалсан байр, агуулахад хохирогч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр нэвтрэн орж эд хөрөнгийг нь хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авснаар уг гэмт хэрэг төгссөнд тооцно.
Шүүгдэгч нарын С.Э-н эзэмшлийн эд зүйл хадгалах зориулалттай байр, агуулах болох хохирогч хаваржааны амбаар, хохирогч Л.У-н эзэмшлийн хашаанд зөвшөөрөлгүйгээр буюу хууль бусаар нэвтрэн орж, тэдний эзэмшлийн мотоциклийг санаатайгаар хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авснаараа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “хулгайлах” гэмт хэргийг тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч үйлдэх гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж хуульчилсан бөгөөд шүүгдэгч Б.Б, Э.Э нар нь бүлэглэн 2024 оны 08 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө, 2024 оны 08 дугаар сарын 15-ны өдөр тус тус Хулгайлах гэмт хэргийг үйлдсэн байх бөгөөд 2 удаагийн үйлдлээр уг гэмт хэргийг үйлдсэн тул түүнийг үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хоёр, түүнээс олон хүн гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцох гэнэ”, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ” гэж заасан бөгөөд гэмт хэрэгт хамтран оролцож байгаа этгээд нь хамтарсан гэмт ажиллагааны үр дүнд нийтлэг хор уршиг бий болохыг урьдаас мэдэж байдаг, бас тэрхүү хор уршиг учруулахыг шууд санаатай хүсэж үйлдсэн байдаг.
Шүүгдэгч нар нь бусдын эд хөрөнгийн хууль бусаар авч байгаа гэдгээ мэдсээр байж хамтран гэмт үйлдлээ хэрэгжүүлсэн тул тэдний үйлдлийг гэмт хэрэгт хамтран оролцох хэлбэр болох бүлэглэн гүйцэтгэх шинжийг хангсан байна гэж шүүх дүгнэлээ.
Иймд шүүгдэгч Б.Б, Э.Э нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч Хулгайлах гэмт хэргийг бүлэглэн, үргэлжилсэн үйлдлээр тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох нь зүйтэй байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалсан эрхийг хассан буюу үндэслэлгүйгээр хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны ач холбогдолтой талаас нь үнэлж прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлтийнхээ үндэслэл болголоо.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар талуудаас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлт гаргаагүй болно.
Хохирлын асуудлаар:
Шүүгдэгч Б.Б, Э.Э нар нь хохирогч хохирогч С.Э-д 2,750,000(хоёр сая долоон зуун тавин мянга) төгрөгийн, хохирогч Л.У-д 1,740,000(нэг сая долоон зуун дөчин мянга) төгрөгийн хохирлыг тус тус учруулсан бөгөөд хохирогч нарын мотоциклийг тус тус буцаан өгсөн болох нь эд зүйлсийг хүлээлгэн өгсөн баримт/1-р хх-н 27-рт, 2-р хх-н 43-44-рт/-аар тогтоогдож байх бөгөөд хохирогч нарын зүгээс гомдол санал, хохирол төлбөр нэхэмжлээгүй тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.
2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх:
Эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал түүнчлэн шүүгдэгч нарын хувийн байдлыг тогтоох зорилгоор шүүгдэгч нарын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас/1-р хавтаст хэргийн 104-105 дугаар хуудас, “Ашид-Билгүүн” ХХК-н 2024 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн ТХҮ-921/290 дугаартай “...хулгайд алдсан гэх “GO 8 G” загварын гар мотоциклыг 2,750,000 (хоёр сая долоон зуун тавин мянга) төгрөгөөр үнэлсэн ...” шинжээчийн дүгнэлт/1-р хавтаст хэргийн 67-69 дүгээр хуудас/, шүүгдэгч Б.Б-с хураан авсан улсын дугааргүй, ногоон өнгийн ********* арлын дугаартай “GO 8 G” загварын мотоциклыг хохирогч С.Э-д 2024 оны 08 дугаар сарын 22-ны өдөр хүлээлгэн өгсөн тэмдэглэл/1-р хавтаст хэргийн 27 дугаар хуудас/, Хөрөнгийн үнэлгээний Дамно ХХК-ний 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн ХВЦ-24-192 дугаартай “Даюун 200 загварын мотоцикл 1 ширхэг 1.740.000 төгрөгөөр үнэлсэн...” шинжээчийн дүгнэлт /2-р хх-ийн 71-74-р хуудас/, шүүгдэгч Б.Б, Э.Э нараас хураан авсан улсын дугааргүй, улаан өнгийн Даюун 200 загварын мотоциклийг хохирогч Л.У-д 2024 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүлээлгэн өгсөн тэмдэглэл /2-р хх-ийн 43-р хуудас/, гэрч Б.З-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Манай зээ дүү Э.Э нь ****** сумын **** багт эмээ ****, дүү ****-н хамт мал малладаг юм. Бүтэн өнчин аймаг орж ирэхээрээ манайхаар ирдэг ... Энэ жилээс аймагт хааяа орж ирээд байсан юм. Тэгээд ийм хэрэгт холбогдсон байна. Уг нь манай зээ дүү үгнээс гардаггүй, ажил төрөлд сайн, даруухан хүүхэд байгаа юм...” гэх мэдүүлэг/1-р хавтаст хэргийн 57 дугаар хуудас/, гэрч Б.С-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “... Б.Б нь миний төрсөн дүү байгаа юм. Манайд надтай цуг амьдардаг, манай аав, ээж хоёр нас барсан тул би дүүгээ гэртээ байлгадаг юм ... Манай дүү үгэнд сайн ордог, дүү нараа сайн хардаг, ажил даалгаад өгөхөд гайгүй сайн хийдэг үгнээс гардаггүй, ажил төрөлд сайн, даруухан хүүхэд байгаа юм...” гэх мэдүүлэг/1-р хавтаст хэргийн 59 дүгээр хуудас/, Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын ****** багийн Засаг даргын 2024 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн “... Э.Э нь тус багийн ***** тоотод ам бүл **, эмээ, дүүгийн хамт түр оршин суудаг нь үнэн болно ...” гэх агуулга бүхий албан бичиг/1-р хавтаст хэргийн 115 дугаар хуудас/, Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын **** багийн Засаг даргын 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн “... Б.Б нь тус багийн ***** тоотод ам бүл *** эгч, хүргэн ах, зээ дүү нарын хамт амьдардаг нь үнэн болохыг тодорхойлов...” гэх агуулга бүхий албан бичиг /1-р хавтаст хэргийн 118 дугаар хуудас/, хохирогч С.Э-н Говь-Алтай аймгийн Цагдаагийн газарт гаргасан “... Миний бие эрүүгийн 2416000000204 дугаартай хэрэгт хохирогчоор оролцож байгаа тул өөрийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоолгох шаардлагагүй. Миний гаргасан хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү...” гэх агуулга бүхий хүсэлт /1-р хавтаст хэргийн 100 дугаар хуудас/, хохирогч Л.У-н шүүхэд ирүүлсэн “...Б.Б, Э.Э нар мотоциклийг хүлээлгэн өгч сумд ирэх зардлыг төлж миний хохирлыг бүрэн төлсөн тул надад гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй. Сэтгэцэд учирсан хохирол нэхэмжлэхгүй...” гэх агуулга бүхий хүсэлт/3-р хавтаст хэргийн 28-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав.
Шүүгдэгч Э.Э-н тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд, энэ гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн тул үүнийг нь мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “... гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн...” гэх эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд, шүүгдэгч Б.Б урьд нь Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 2021/ШЦТ/124 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж байсан, энэ гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн тул үүнийг нь мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “...энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн, эсхүл гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн...” гэх эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцон эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзаж үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах” гэж заажээ.
Эрүүгийн хуулийн зүйл, хэсгүүдэд заасан хэм хэмжээний дийлэнх нь тухайн заалтыг зайлшгүй, хэлбэрэлтгүй биелүүлэх үүргийг шүүхэд хүлээлгэсэн байдаг. Харин шүүх Эрүүгийн хуулийн зарим нэг зүйл, хэсэг дэх хэм хэмжээг эрх хэмжээнийхээ хүрээнд буюу өөрийн үзэмжээр, дотоод итгэлдээ тулгуурлан хэрэглэж болдог онцлогтой. Ийм зүйл, хэсгүүдийн нэг бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйл юм.
Түүнчлэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлан хорих ялыг хөнгөрүүлэхдээ гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлоо нөхөн төлсөн байхыг шаардахаас гадна, мөн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан дараах байдлаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болно” гэснийг зайлшгүй харгалзан үзсний үндсэн дээр шүүх хэрэглэнэ.
Үүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгч өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн тохиолдолд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг нь харгалзан тухайн зүйл, хэсэгт заасан хорих ялын доод хэмжээ болох 2 жилийн хорих ялын хоёрны нэгээс багагүй, дээд хэмжээ болох 8 жилийн хорих ялын хоёрны нэгээс ихгүй хугацаагаар хорих ялыг шүүх оногдуулж болно гэж ойлгох нь зүйтэй.
Шүүгдэгч Б.Б, Э.Э нар нь хоёроос найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгүүлж болох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх үзсэн түүнчлэн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч С.Э, Л.У нар нь хулгайд алдсан эд зүйлийг биет байдлаар хүлээн авсан, хохирол нэхэмжлээгүй зэргийг харгалзан шүүгдэгч нарт оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх тухай өмгөөлөгч нарын хүсэлтийг хангасан болно.
Эд зүйл хадгалдаг амбаарынхаа хаалгыг цоожлоогүй, найдвартай байдлыг нь хангаагүй, зөвхөн чулуугаар хаалгыг нь тогтоох байдлаар эзэнгүй орхиж явснаас гэмт хэрэг үйлдэгдсэн, хулгайлан авсан мотоцикилийг эргүүлэн өгсөн хэргийн нөхцөл байдал болон гэмт хэрэг үйлдсэн хүмүүсийн хувийн байдал, тогтоогдсон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал зэргүүдийг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Б.Б-д 1(нэг) жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч Э.Э-д 1(нэг) жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулж, шүүгдэгч нарт тус бүр оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэх нь тэдгээрийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт хүлээлгэх эрүүгийн хариуцлага нь тохирсон байх “шударга ёсны” зарчимд нийцнэ гэж шүүх үзлээ.
Энэ хэрэгт шүүгдэгч нар цагдан хоригдоогүй, тэдгээрээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлээгүй, хохирол нэхэмжлээгүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг журамлан шүүгдэгч ***** овогт Б.Б, ***** овогт Э.Э нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан Хулгайлах гэмт хэргийг бүлэглэн, үргэлжилсэн үйлдлээр үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгчдэгч Б.Б-д 1(нэг) жилийн хугацаагаар, Э.Э-д 1(нэг) жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-д 1(нэг) жилийн хугацаагаар, Э.Э-д 1(нэг) жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б, Э.Э нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, хорих ял эдлэх хугацааг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б, Э.Э нарын цагдан хоригдсон 70 (дал) хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.
6. Энэ хэрэгт хохирол нэхэмжлээгүй, хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нараас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авсан эсвэл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч нар, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ОЮУНБИЛЭГ