Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 235

 

 

 

 

 

 

   

    2017          06           12                                         235

           

                       

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч    Т.Алтантуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнхням,

улсын яллагч Б.Энхбат,

шүүгдэгч Б.Чүлтэмжамц нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татсан тогтоолыг баталж ирүүлсэн Боржигон овгийн Батмөнхийн Чүлтэмжамцад холбогдох эрүүгийн 2017 2601 0974 дугаартай, 1 хавтаст хэргийг 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдөр хүлээн  авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Боржгин овгийн Батмөнхийн Чүлтэмжамц Монгол Улсын иргэн, 1993 оны 03 дугаар сарын 08-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 4, эх, дүү, өвөө нарын хамт амьдардаг, Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, Өлзийтийн 23-362 тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй. (РД:УШ93030855).

 

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтээр/:

Шүүгдэгч Б.Чүлтэмжамц нь 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт, 19-ийн автобусны буудлын ард байрлах үсчинд иргэн Д.Нацагдоржийн өлгүүрт өлгөсөн байсан хувцасны халааснаас 280,000 төгрөг хулгайлан авч, иргэн Д.Нацагдоржид бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

 

1.Шүүгдэгч Б.Чүлтэмжамц шүүхийн хэлэлцүүлэгт:

 Гэм буруугийн талаар маргахгүй. Прокурорын санал болгосон албадан ажил хийлгэх ялыг зөвшөөрч байгаа гэв.

 

Эрүүгийн 2017 2601 0974 дугаар хэргээс:

Хэрэг бүртгэлтэд хохирогч, сэжигтэн нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

Гэмт хэргийн нөхцөл байдлын талаарх нотлох баримтууд.

2.Хохирогч Д.Нацагдоржийн 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдөр мэдүүлсэн:

“...2017 оны 03 дугаар сарын 22-ны өдөр би Сонгинохайрхан дүүргийн 15 хороо, 19-ийн автобусны буудлын ар талын үсчинд ороод үсээ засуулсан. Үсээ засуулахдаа гадуур хувцасаа өлгүүрт өлгөөд энгэрийнхээ халаасанд 280,000 төгрөг хийчихсэн байсан. Тэр үед гурван залуу орж ирээд буцаад гарсан. Тэгээд би үсээ засуулж дуусаад толгойгоо угаалгачихаад мөнгөө өгөх гэсэн чинь хүрэмний халаасанд байсан 280,000 төгрөг алга болсон байсан тул цагдаа дуудсан. Надад 300,000 төгрөг байснаас хоёр ширхэг сүхний иш, нэг ширхэг дроцовны иш авч, 280,000 төгрөг үлдсэн. Мөнгөө олж авсан учир өөр асуудал байхгүй. Харин миний мөнгийг авсан залууд хуулийн дагуу авдаг арга хэмжээг авна биз. Надад нэхэмжлэх зүйл, санал хүсэлт байхгүй. ...” гэх мэдүүлэг [1],

 

3.Б.Чүлтэмжамцын сэжигтнээр 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдөр мэдүүлсэн:

“...2017 оны 03 дугаар сарын 22-ны өдөр би найз Энхбатын хамт үсээ засуулах гээд Сонгинохайрхан дүүргийн 15 хороо, 19-ийн буудлын арын үсчин рүү орсон. Тэгээд би үсчинд үсээ засуулаад сууж байгаад, өлгүүрийн харалдаа сууж байсан. Үсээ засуулж дуусчихаад толгойгоо угаалгачихаад куртикээ өмсөх гэж байсан. Манай найз үсээ засуулж дуусаагүй байсан. Би куртикээ өмсөх гээд өлгүүр дээр очоод куртикээ авах гэж байхад хажууд нь өлгөөтэй байсан хувцасны халааснаас мөнгө цухуйгаад харагдсан. Тэгэхээр нь би тэр мөнгийг аваад найзыгаа орхиод шууд гараад явсан. Би үүдэнд тамхи татаж байгаад, манай найз гарч ирээд хамт автобусны буудал хүрээд, манай найз харилаа гээд салж, автобусны буудал руу явсан. Би хотын төв рүү явсан. Манай найз намайг мөнгө авсныг мэдээгүй. Автобусанд ороод мөнгийг нь гаргаж үзсэн чинь 280,000 төгрөг, 20,000 төгрөгийн дэвсгэртээр байсан. Би тийм их мөнгө байна гэж бодоогүй. Тэгээд би тэр мөнгийг ойр зуурын хэрэглээндээ хэрэглээд дуусгасан. Дараа нь 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдөр халаасны төлөөлөгч Эрдэнэсүрэнтэй тааралдаад намайг энд авчирч уулзаад, би хохирлыг нь барагдуулж өгсөн. Би хулгай хийнэ гэсэн зорилгогүй явж байсан. Санамсаргүй мөнгө харагдахаар нь авчихсан. ...” гэх мэдүүлэг [2],

-яллагдагчаар 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдөр мэдүүлсэн:

“...2017 оны 03 дугаар сарын 22-ны өдөр би найз Энхбатын хамт Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр 19-н буудлын ард байрлах үсчинд орж үсээ засуулаад гарахдаа хувцасаа авах гэж байхад хажууд өлгөсөн байсан хувцасны халаасанд мөнгө харагдахаар нь аваад шууд гарсан. Тэр үед манай найз Энхбат үсээ засуулж дуусаагүй байсан. Би үүдэнд нь тамхи татаад найзыгаа хүлээж байгаад гараад ирэхээр нь хамт автобусны буудал ороод, манай найз гэртээ харилаа гээд яваад өгсөн. Би автобусанд суугаад хотын төв рүү явсан. Авсан мөнгөө гаргаж ирээд тоолсон чинь 280,000 төгрөг, 20,000 төгрөгийн дэвсгэртээр байсан. Тэр мөнгийг үрээд дуусгасан. Манай найз Энхбат намайг мөнгө хулгайлсаныг мэдээгүй, хараагүй байсан. Би өөрөө ч хэлээгүй. Авсан мөнгөнөөсөө Энхбатад өгөөгүй. Өөрөө ганцаараа үрээд дуусгасан. ...” гэх мэдүүлэг [3],

 

4.Б.Чүлтэмжамцаас 280,000 төгрөг хураан авсан, Д.Нацагдоржид 280,000 төгрөг хүлээлгэн өгсөн тухай тус тус тэмдэглэл [4],

5.Шүүгдэгч Б.Чүлтэмжамцын иргэний үнэмлэхний лавлагаа [5], түүний урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан тухай Цагдаагийн Ерөнхий газрын лавлагаа [6],

6.Эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх талаар оролцогч нарт танилцуулсан тэмдэглэл [7] болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үзлээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Б.Чүлтэмжамцад холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналыг, яллагдагчид оногдуулах ялын төрөл, саналын  хамт ирүүлжээ.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 415 дугаар зүйлд “Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ерөнхий нөхцөл”-г зохицуулсан ба 415.2-т “энэ хуулийн 414.1 /Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.1/-т заасан гэмт хэргийн сэжигтэн, яллагдагч, гэмт хэрэг үйлдснээ хүлээн зөвшөөрсөн, хохирогч хохирлын талаар маргаангүй бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой талаар,

-417 дугаар зүйлийн 417.2, 417.3-т Прокурор яллагдагчаар татсан тогтоолыг батлахдаа “яллагдагчид оногдуулах ялын төрөл, хэмжээний талаар санал бичих, тус бичсэн саналыг яллагдагч, хохирогчид нэн даруй танилцуулж, гарын үсэг зуруулахаар тус тус зохицуулжээ.

Б.Чүлтэмжамцад холбогдох хэрэгт хохирогч Д.Нацагдорж хохирлын талаар, яллагдагч нь гэм буруугийн талаар тус тус маргаагүй тул прокурор хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх журмыг баримталж, ялын төрөл, хэмжээний талаар хохирогч, яллагдагч нарт танилцуулж, тэд гарын үсгээ зурж баталгаажуулсан байна.

Иймд шүүх прокурорын саналыг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 418 дугаар зүйлд заасныг баримтлан хянаж, хэргийг шийдвэрлэсэн болно.

 

Шүүхийн хууль зүйн дүгнэлт.

Нэг.Шүүгдэгч Б.Чүлтэмжамц нь 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт, 19-ийн автобусны буудлын ард байрлах үсчинд иргэн Д.Нацагдоржийн өлгүүрт өлгөсөн байсан хувцасны халааснаас 280,000 төгрөг хулгайлан авч, иргэн Д.Нацагдоржид бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хэрэг бүртгэлтэд:

-хохирогч Д.Нацагдоржийн 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдөр мэдүүлсэн: “...Үсчингийн газарт үсээ засуулахдаа гадуур хувцасаа өлгүүрт өлгөөд энгэрийнхээ халаасанд 280,000 төгрөг хийчихсэн байсан. Тэр үед гурван залуу орж ирээд буцаад гарсан. Тэгээд би үсээ засуулж дуусаад толгойгоо угаалгачихаад мөнгөө өгөх гэсэн чинь хүрэмний халаасанд байсан 280,000 төгрөг алга болсон байсан тул цагдаа дуудсан. ...” гэх мэдүүлэг [8],

-Б.Чүлтэмжамцын 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдөр сэжигтнээр мэдүүлсэн “...би үсчинд үсээ засуулаад сууж байгаад, өлгүүрийн харалдаа сууж байсан. Үсээ засуулж дуусаад толгойгоо угаалгаад, ...куртикээ өмсөх гээд өлгүүр дээр очоод куртикээ авах гэж байхад хажууд нь өлгөөтэй байсан хувцасны халааснаас мөнгө цухуйгаад харагдсан. Тэгэхээр би тэр мөнгийг нь аваад найзыгаа орхиод шууд гараад явсан. ...Автобусанд ороод мөнгийг нь гаргаж үзсэн чинь 280,000 төгрөг, 20,000 төгрөгийн дэвсгэртээр байсан. ...” гэх мэдүүлэг [9],

-яллагдагчаар 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдөр мэдүүлсэн мэдүүлэг [10], Б.Чүлтэмжамцаас 280,000 төгрөг хураан авсан тухай тэмдэглэл [11], хохирогч Д.Нацагдоржид 280,000 төгрөг хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл [12] зэрэг бичгийн нотлох баримтаар  нотлогдон тогтоогдож байна.

Бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг нууц, далд, сэм аргаар авах замаар үйлдэгддэг ба хөрөнгийг нь зөвшөөрөлгүйгээр өөрийн мэдэлд авч захиран зарцуулах, шунахай сэдэлт, зорилгоор авахыг ойлгоно.

Шүүгдэгч Б.Чүлтэмжамц нь шунахай сэдэлтээр бусдын эд хөрөнгийг сэм аргаар хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн байх ба түүний үйлдсэн гэмт хэргийн хохирлын хэмжээ нь бага бус буюу Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангасан байна.

Иймд Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.Чүлтэмжамцад Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татсан тогтоолыг баталж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг зөв гэж үзэж, шүүгдэгч Б.Чүлтэмжамцыг бусдын эд хөрөнгө хулгайлж бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж шүүх дүгнэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 418 дугаар зүйлд хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаар тусгайлан зохицуулахдаа тус зүйлийн 418.4-т “шүүх шүүгдэгчийг гэм буруутай гэж үзвэл прокурорын санал болгосон ялын төрөл, хэмжээг харгалзан ял оногдуулна гэж хуульчилсан.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор нь шүүгдэгч Б.Чүлтэмжамцад Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 250 цагийн хугацаагаар албадан ажил хийлгэх ял оногдуулах санал гаргасныг шүүх харгалзан шүүгдэгчид уг ялыг оногдуулж шийдвэрлэв.

Хохирогч Д.Нацагдоржоос шүүх хуралдаанд оролцохгүй тухай шүүхэд мэдэгдсэн байх тул түүнийг байлцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн болно.

 

Хоёр. Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар.

Тус хэргийн улмаас хохирогч Д.Нацагдоржид учирсан 280,000 төгрөгийн хохирол нөхөн төлөгдсөн болох нь мөнгө хүлээлцсэн баримт, хохирогчийн мэдүүлэг зэргээр тогтоогдсон ба, шүүгдэгч Б.Чүлтэмжамц хохирогчид төлөх төлбөргүй байна.

 

Гурав. Шүүгдэгчийн хувийн байдал болон бусад асуудлын талаар.

Шүүгдэгч Б.Чүлтэмжамцын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан тухай 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн лавлагаа бүхий хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын МНБГ-ын лавлагааны санд бүртгэгдээгүй буюу ял шийтгэлгүй байна.

Шүүхээс шүүгдэгч Б.Чүлтэмжамцад ял оногдуулахдаа анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас хохирогч Д.Нацагдоржид учирсан гэм хорын хохирлын зардлыг нөхөн  төлсөн зэргийг  хөнгөрүүлэх нөхцөлд тооцов.

Энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримт үгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч Б.Чүлтэмжамц нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, түүний гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлээгүй болохыг тус тус тогтоолд дурдав.

 

Монгол Улсын Эрүүгийн Байцаан Шийтгэх Хуулийн 415 дугаар зүйлийн 415.1, 418 дугаар зүйлийн 418.5, 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 295, 296 дугаар зүйлийн 296.1, 297 дугаар зүйлийн 297.1.1, 297.1.2, 297.1.3, 297.1.4, 298 дугаар зүйлүүдийг  удирдлага болгон

ТОГТООХ нь :

1.Шүүгдэгч Боржгин овгийн Батмөнхийн Чүлтэмжамцыг бусдын эд хөрөнгийг хулгайлж, бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт  зааснаар шүүгдэгч Батмөнхийн Чүлтэмжамцыг 250 (хоёр зуун тавь) цагийн хугацаагаар албадан ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 50 дугаар зүйлийн 50.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Чүлтэмжамцыг албадан ажил хийлгэх ял эдлэхээс санаатайгаар зайлсхийвэл түүний эдлээгүй үлдсэн ялын найман цагийн ажлыг нэг хоног баривчлах ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.

 

4.Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, хураагдсан эд мөрийн баримт үгүй,  шүүгдэгч Б.Чүлтэмжамц цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд  ирээгүй, хохирогч Д.Нацагдоржид төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

 

5.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч Б.Чүлтэмжамцад урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй. 

 

6.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

7.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, ялтан Б.Чүлтэмжамцад урьд авсан бусдын батлан даалтад өгсөн таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ                                       Т.АЛТАНТУЯА

 


[1] Хавтаст хэргийн 13 дугаар тал.

[2] Хавтаст хэргийн 18 дугаар тал.

[3] Хавтаст хэргийн 21 дүгээр тал.

[4] Хавтаст хэргийн 7, 11 дүгээр тал.

[5] Хавтаст хэргийн 22 дугаар тал.

[6] Хавтаст хэргийн 23 дугаар тал.

[7] Хавтаст хэргийн 28 дугаар тал.

[8] Хавтаст хэргийн 13 дугаар тал.

[9] Хавтаст хэргийн 18 дугаар тал.

[10] Хавтаст хэргийн 21 дүгээр тал.

[11] Хавтаст хэргийн 7 дугаар тал.

[12] Хавтаст хэргийн 11 дүгээр тал.