| Шүүх | Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Банзайн Манлайбаатар |
| Хэргийн индекс | 166/2020/0408/Э |
| Дугаар | 10 |
| Огноо | 2021-02-17 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Батсүх |
Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 02 сарын 17 өдөр
Дугаар 10
С.Э-од холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Хэргийн индекс: 166/2020/0408/Э
Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Туяа даргалж, шүүгч Ц.Амаржаргал, ерөнхий шүүгч Б.Манлайбаатар нарын бүрэлдэхүүнтэй
Шүүх хуралдаанд:
Прокурор Б.Батсүх
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Чинбаатар
П.Буманзаяа /онлайнаар/
Нарийн бичгийн дарга Г.Чойном нарыг оролцуулан
Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 07 дугаар шийтгэх тогтоолтой, С-ийн Э-од холбогдох, 2018000000377 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч С.Э-ын өмгөөлөгч Б.Чинбаатарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Манлайбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, урьд:
-1993 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн Дархан хотын шүүхийн 48 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 39 дүгээр зүйлийг журамлан тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 239.3 дахь хэсэгт зааснаар 1 жил 06 сар хорих ял,
-1997 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 355 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 125 дугаар зүйлийн 125.1 дэх хэсэгт зааснаар 2 жил 06 сар хорих ял,
-1999 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 67 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 39 дүгээр зүйлийг журамлан тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгүүлж, уг ял дээр 1997 онд Эрүүгийн хуулийн 125 дугаар зүйлийн 125.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жил 3 сарын хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 2 сар 11 хоногийн ялыг нэмж, бүгд 2 жил 2 сар 11 хоногийн хорих ял,
-2001 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 115-А дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 239 дүгээр зүйлийн 239.2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял,
2003 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн Баянзүрх дүүргийн шүүхийн 499 :~ай шийтгэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн 125 дугаар зүйлийн 125.2 дахь хэсэгт зааснаар 10 жилийн хорих ялаар шийтгүүлж, 2010 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 65 тоот шүүгчийн захирамжаар эдлэх ялаас үлдсэн 01 жил 06 сар 20 хоногийг тэнсэн суллаж мөн хугацаагаар хянан харгалзсан,
-2012 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн Баянзүрх дүүргийн шүүхийн 589 ,ртай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн *г12 дахь хэсэгт зааснаар 15 жил 06 сар хорих ялаар тус тус шийтгүүлж, Булган г дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 07 р сарын 03-ний өдрийн 34 дугаартай захирамжаар 02 жил 10 сарын хорих ялаас аны өмнө тэнсэн суллагдсан. ********** регистрийн дугаартай, Ч- овогт С-ийн Э-,
Шүүгдэгч С.Э- нь 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдрөөс 2020 оны 08 дугаар сарын 25-нд шилжих шөнийн 02:30 цагийн үед Дархан-Уул аймгийн Дархан сум 14 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “Гранд” зочид буудлын 1 давхарт байрлах 00 тоот өрөөнд Т.Б-гийн эрх чөлөөнд халдаж, эрүүл мэндэд нь “хамар цөмөрсөн хугарал, тархины доргилт, хамрын таславчын мурийлт, нүүр хамар духанд зөөлөн эдийн гэмтэл, духанд шарх, 2 нүдний дээд доод зовхинд цус хуралт, баруун бугалга, баруун шуу, баруун гарын сарвууны ар хэсэг, зүүн шуунд цус хуралт, цээжний зүүн талд зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 07 дугаар шийтгэх тогтоолоор:
Шүүгдэгч Ч- овогт С-ийн Э-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч- овогт С-ийн Э-од 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар өдөрт 8 /найм/-аас дээшгүй цагаар Дархан-Уул аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газарт зам талбай цэвэрлэх нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч С.Э-ыг Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 34 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 02 жил 10 сарын хорих ялаас хугацаанаас өмнө суллаж, хяналт тогтоосон шийдвэрийг хүчингүй болгож, Баянзүрх дүүргийн 2012 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 589 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 15 жил 05 сар 25 хоногийн хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 02 жил 10 сарын хорих ял дээр энэ шийтгэх тогтоолоор ногдуулсан 240 цагийн хугацаагаар нийтэд тусгай ажил хийлгэх ялын 8 цагийг нэг хоног хорих ялаар тооцож, ялыг нэмж нэгтгэн шүүгдэгч С.Э-ын биечлэн эдлэх ялын хэмжээг 2 жил 11 сарын /хоёр жил арван нэгэн сар/ хугацаагаар хорих ялаар тогтоож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Э-од оногдуулсан 2 жил 11 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Э- нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгаж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Э-од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, ялын хугацааг 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс эхлэн тоолж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Чинбаатар давж заалдах гомдолдоо:
Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 691 дугаартай шинжийн дүгнэлтийг эргэлзээтэй дүгнэлт гэж үзэн, шинжээч дахин томилж дүгнэлт гаргуулах хүсэлт гаргаж байсан ба хавтас хэргийн 44 дүгээр талд шинжээчийн дүгнэлтийг хохирогчид танилцуулсан тэмдэглэлд: “Хөнгөн хүнд нь сайн биш байна, үүнийг давтан Улаанбаатар руу давтан үзүүлж байгаад шийднэ” гэжээ.
Түүнчлэн хавтас хэргийн 105 дугаар талд хавтас хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэлд: “хэргийн материалтай танилцлаа, цаашид гарах эмчилгээний зардал хэдэн төгрөг юу гарахыг би сайн мэдэхгүй байна. Цаашид гарах эмнэлгийн зардлыг нөхөн олгож өгвөл гомдолгүй” гэжээ. Яллагдагч болон хохирогчийн мэдүүлгүүд болон хүсэлтүүдийг харгалзан дахин шинжээч томилж, дүгнэлт гаргуулах, яллагдагч, хохирогч нарын мэдүүлгүүд зөрүүтэй байгаа байдал, аль аль архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үйл баримт хавтас хэрэгт авагдсан мэдүүлгүүдээс тогтоогдсон байдаг. Иймд мэдүүлгүүдийн зөрүүг арилгах үүднээс нүүрэлдүүлж мэдүүлэг авхуулах.
Хэрэг учрал болсон гэх газар нь үйлчилгээний байгууллага байх бөгөөд тухайн өдрийн камерыг бичлэгийг хэрэгт эд мөрийн баримтаар хавсаргуулах зорилгоор эдгээр ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй учраас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1.2-т зааснаар хэргийг прокурорт буцааж өгнө үү гэсэн хүсэлтийг гаргаж байсан.
Анхан шатны шүүх уг хүсэлтийг хүлээн авч, бүрэлдэхүүнтэй шинжээч томилох тухай шүүгчийн захирамж гаргасан.
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгээс хохирогч Т.Б-гийн биед учирсан гэмтэл болон бусад асуудлыг тогтоох шинжээчийн дүгнэлт гаргахад толгойн КТГ-н зураг, сд, цээжний рентген зураг зайлшгүй шаардлагатай байгаа учир дүгнэлт гаргах боломжгүй гэсэн албан тоотоор хариуг ирүүлсэн.
Шүүгчийн захирамжийн биелэлт болон бүрэлдэхүүнтэй шинжилгээний дүгнэлт гараагүй нь эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхэд шүүгдэгч болон хохирогчийн эрх ашиг зөрчсөн явдал болсон гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж буй юм. Иймд хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад хийлгэх зорилгоор мөрдөн байцаалтад буцааж өгнө үү. Шүүх хуралдаанд С.Э-ыг оролцуулж өгнө үү гэжээ.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Чинбаатар тайлбартаа:
Хохирогчид учирсан гэмтлийг нарийн тогтоох шаардлагатай гэдэг үндэслэлээр анхан шатны шүүхэд шинжээчийн дүгнэлт гаргуулах хүсэлтийг гаргасан. Гэтэл анхан шатны шүүх дахин бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт гаргуулах хүсэлтийг хүлээж авахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн. Хохирогч шүүгдэгчээс хохирол нэхэмжилсэн байдаг тухайн нэхэмжилсэн мөнгөн дүн нотлох баримтаар тогтоогдохгүй байгаа гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч П.Буманзаяа тайлбартаа:
Анхан шатны шүүх уг ажиллагааг хийхгүйгээр С.Э-од ял халдаасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг мөрдөн байцаалтад буцааж өгнө үү гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Б.Батсүх дүгнэлтдээ:
Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэл бүхий гарсан. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1., 3.т зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзлээ.
- Шүүгдэгч С.Э- нь 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдрөөс 2020 оны 08 дугаар сарын 25-нд шилжих шөнийн 02:30 цагийн үед Дархан-Уул аймгийн Дархан сум 14 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “Гранд” зочид буудлын 1 давхарт байрлах 00 тоот өрөөнд Т.Б-гийн эрх чөлөөнд халдаж, эрүүл мэндэд нь “хамар цөмөрсөн хугарал, тархины доргилт, хамрын таславчын мурийлт, нүүр хамар духанд зөөлөн эдийн гэмтэл, духанд шарх, 2 нүдний дээд доод зовхинд цус хуралт, баруун бугалга, баруун шуу, баруун гарын сарвууны ар хэсэг, зүүн шуунд цус хуралт, цээжний зүүн талд зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Шүүгдэгч С.Э-ын мэдүүлэг болон хохирогч Т.Б-гийн “… Би “Гранд” зочид буудлын ресепшнээр ажилладаг. Тухай өдөр 23 цаг өнгөрч байхад Э- манай Пабаар үйлчлүүлсэн. 00 цагийн үед Э- намайг хажууд ирж суу гэж хэлсэн. Би ажилтай байна гээд очоогүй. Тэгсэн Танай хамгийн үнэтэй архийг авъя. гэсэн. Би “Хааж байгаа учир архи зарахгүй гэсэн”. Ингээд 00 өрөө рүү ороход араас орж ирээд толгой руу цохсон. Намайг хутгаар зүсэж гэмтээснийг мэдэхгүй байна. Би зодуулаад тэндээс гарч зугтааснаас ч санахгүй байна. /хх-н 16-17 тал/,
Гэрч Б.Гансүхийн “… Эргүүлийн үүрэг гүйцэтгэж явахад “Гранд” зочид буудлын тэнд хүмүүс орилоод байсан. Очиход нэг согтуу залуу агсам тавьж байсан.” /хх-21 тал/
Дархан-Уул аймгийн Шүүх шинжилгээний албаны 2020 оны 08 дугаар сарын 27-ний өдрийн 691 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх 24-25 тал/ болон хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар тогтоогдсон байна.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Чинбаатар давж заалдсан гомдолд “... Анхан шатны шүүх хэрэг хэлэлцэх шатанд Дархан-Уул аймгийн Шүүх шинжилгээний албаны 2020 оны 08 дугаар сарын 27-ний өдрийн 691 дугаартай шинжээчийн дүгнэлт нь эргэлзээ бүхий байх тул бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт гаргуулах хүсэлт гаргасан. Шүүх хүсэлтийг хүлээж авсан боловч дүгнэлт гаргахаас өмнө шүүх хуралдаанаа хийсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчлөө.” гэжээ.
Дархан-Уул аймгийн Шүүх шинжилгээний албаны шинжээчийн дүгнэлтээр Т.Б-гийн эрүүл мэндэд 2020 оны 08 дугаар сарын 27-ний өдрийн байдлаар хөнгөн гэмтэл учирсан байдалтай байсан ба түүнээс хойш 6 сар өнгөрсөн тул бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт гаргаснаар гэмтлийн зэрэгт бодитой нөлөө үзүүлэхээргүй болсон тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдсан гомдлыг хүлээн авах боломжгүй байна гэж үзлээ.
Давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүхий л ажиллагааг давж заалдсан гомдолд дурдсан асуудалд хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үздэг ба ийнхүү хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс оногдуулсан ялын төрөл, хэмжээ нь шүүгдэгч С.С-тын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ болон гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.
Харин шүүх шүүгдэгчид нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахдаа зөвхөн ял болон хугацааг тодорхой заах бөгөөд нийтэд тустай ажил хийлгэх ялыг хаана, ямар байгууллагад эдлэхийг шийтгэх тогтоолд заах шаардлагагүй болохыг цаашид анхаарах нь зүйтэй.
Иймд шүүгдэгч өмгөөлөгч Б.Чинбаатарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх хууль зүйн үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4., 39.9 дүгээр зүйлийн 2.т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 07 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дугаар заалтыг:
Шүүгдэгч С-ийн Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1.д зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй., гэж өөрчлөн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Чинбаатарын гаргасан давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
3. Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрвөл гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ТУЯА
ШҮҮГЧ Ц.АМАРЖАРГАЛ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МАНЛАЙБААТАР