Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2021 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 128/ШШ2021/0348

 

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхтулга би, Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор О.Б***ын дүгнэлттэй, Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагч Ц.Ц***д холбогдох зөрчлийн хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор О.Б***аас тус шүүхэд ирүүлсэн дүгнэлтдээ: ...Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор О.Б*** би, Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагч Ц.Ц*** 2021 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар шалгаж шийдвэрлэсэн 10 дугаартай материалыг 2021 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч хянав.

Материалд авагдсан баримтаар П*** ХХК нь 2020 оны жилийн эцсийн санхүүгийн тайлангаа хуулийн хугацаанд Санхүү төрийн сангийн хэлтсийн e баланс цахим санхүүгийн программд шивж илгээгээгүй гэх зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаад, улмаар тус компанийн нягтлан бодогч М.Б***ээс холбогдогчоор мэдүүлэг авч, түүнд Зөрчлийн тухай хуулийн 11.18 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6, 1.24-т зааснаар 400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 400.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.

Эрх бүхий албан тушаалтны дээрх шийдвэр нь Зөрчлийн тухай хууль болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг дараах байдлаар зөрчсөн байна.

Тухайлбал: 1.М.Б*** нь П*** ХХК-нийг төлөөлж зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрх бүхий этгээд мөн эсэхийг тус компаниас тодруулаагүй, түүнийг П*** ХХК-ний хууль ёсны төлөөлөгчөөр тогтоож мэдүүлэг аваагүй нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг зөрчсөн,

2. Зөрчилд холбогдогч М.Б*** нь Зөрчлийн тухай хуулийн 11.18 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-т заасан аж ахуйн нэгж, байгууллага санхүүгийн тайлангаа хуулиар тогтоосон хугацаанд харилцагч санхүүгийн байгууллагад цахим хэлбэрээр хүргүүлэх үүргээ биелүүлээгүй, мөн хэсгийн 1.24-т заасан нягтлан бодох бүртгэлийг хөтөлж, санхүүгийн тайланг гаргаж, тайлагнах этгээд нь мэргэжлийн, эсхүл мэргэшсэн нягтлан бодогч байх үүргээ биелүүлээгүй гэсэн зөрчлүүдийг үйлдсэн гэж шийтгэл оногдуулсан нь ойлгомжгүй байна. Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.6-д мэргэжлийн нягтлан бодогч гэж их, дээд сургууль, коллежийг нягтлан бодогчийн мэргэжлээр бакалавр буюу түүнээс дээш зэргээр төгссөн хүнийг, 3.1.7-д "мэргэшсэн нягтлан бодогч гэж мэргэшсэн нягтлан бодогчийн эрх авсан мэргэжлийн нягтлан бодогч, санхүүч, эдийн засагчийг ойлгохоор тайлбарласан байна.

Гэтэл М.Б*** нь нягтлан бодогчийн мэргэжлээр бакалаврын зэрэггүй, мэргэшсэн нягтлан бодогчийн эрх олгох шалгалтад орж эрх авалгүйгээр нягтлан бодох бүртгэлийг хөтөлж, санхүүгийн тайланг гаргаж, тайлагнах ажлыг эрхэлж байсан байхад Зөрчлийн тухай хуулийн 11.18 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.24-т заасан нягтлан бодох бүртгэлийг хөтөлж, санхүүгийн тайланг гаргаж, тайлагнах этгээд нь мэргэжлийн, эсхүл мэргэшсэн нягтлан бодогч байх үүргээ биелүүлээгүй гэж торгуулийн шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй байна.

Санхүүгийн тайланг хуулиар тогтоосон хугацаанд харилцагч санхүүгийн байгууллагад цахим хэлбэрээр хүргүүлэх үүргийг Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль болон Зөрчлийн тухай хуулиар аж ахуйн нэгж, байгууллагад хүлээлгэсэн байна. Иймд П*** ХХК-ний 2020 оны жилийн эцсийн санхүүгийн тайлангаа хуулиар тогтоосон хугацаанд харилцагч санхүүгийн байгууллагад цахим хэлбэрээр хүргүүлэх үүргээ биелүүлээгүй гэх зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 11.18 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д зааснаар "П*** ХХК-д 4000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулах байтал тус компанид нягтлан бодогчоор ажиллаж байгаа М.Б***ийг Зөрчлийн тухай хуулийн 11.18 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6, 1.24-т зааснаар 400 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байх тул Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагч Ц.Ц***ийн М.Б***т шийтгэл оногдуулсан 2021 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 2364813 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож, П*** ХХК-ний 2020 оны жилийн эцсийн санхүүгийн тайлангаа хуулиар тогтоосон хугацаанд харилцагч санхүүгийн байгууллагад цахим хэлбэрээр хүргүүлэх үүргээ биелүүлээгүй гэх зөрчилд нэмэлт зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахаар прокурорын дүгнэлт бичив гэжээ.

Хариуцагч Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагч Ц.Ц*** шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ...Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.6-д мэргэжлийн нягтлан бодогч" гэж их, дээд сургууль, коллежийг нягтлан бодогчийн мэргэжлээр буюу түүнээс дээш зэргээр төгссөн хүнийг, 3.1.7-д мэргэшсэн нягтлан бодогч гэж мэргэшсэн нягтлан бодогчийн эрх авсан мэргэжлийн нягтлан бодогч, санхүүч эдийн засагчийг гэж тайлбарласан ба П*** ХХК-ийн нягтлан бодогч М.Б*** нь Эдийн засаг бизнесийн дээд сургуулийг 2008 онд төгссөн.

Зөрчлийн тухай хуулийн 11.18 дугаар зүйлийн 1.24-д нягтлан бодох бүртгэлийг хөтөлж, санхүүгийн тайлан гаргаж, тайлагнах этгээд нь мэргэжлийн, эсхүл мэргэшсэн нягтлан бодогч байх үүргээ биелүүлээгүй гэх үндэслэлээр нягтлан бодогчид хариуцлага хүлээлгэсэн. Тухайн байгууллагатай хийсэн нягтлан бодогчийн гэрээ, ажилд авсан тушаал, тухайн байгууллагын гэрчилгээний хуулбар, нягтлан бодогчийн иргэний үнэмлэхний хуулбар, нягтлан бодогч буруутайгаа хүлээн зөвшөөрч мэдүүлэгт гарын үсэг зурсан баримтууд, хүлээн зөвшөөрч торгуулийн төлбөрийг Төрийн сан банкны Чингэлтэй дүүргийн татварын хүү торгуулийн орлогын 100200700956 тоот дансанд тушаасан баримт зэргээр нягтлан бодогчид хариуцлага тооцох үндэслэлтэй гэж үзэж байна. Энэ байгууллагын нягтлан бодогч өөрсдийн мэдүүлэгтээ нягтлан бодогч нь гэдгээ хүлээн зөвшөөрч гарын үсгээ зурсан. Дээрхи баримтууд хангалттай нотолгоо болж байгаа тул дахин байгууллагаас нотлох баримт шаардах нь төрийн албаны хүнд сурталыг улам ихэсгэж байгаа байдал харагдаж байна.

2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор дүүргийн прокурорын газарт Зөрчлийн тухай хууль болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн дагуу хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэсэн баримтуудыг холбогдох материалын хамт хянуулж, ажиллаж ирсэн. 2020 оноос хойш дэлхий даяар коронавирус COVID-19 цар тахал дэгдсэнтэй холбоотойгоор ялангуяа бизнес эрхлэгчдийн үйл ажиллагаа зогсонги байдалд орж, ард иргэдийн амьжиргааны төвшинд болон улс орны эдийн засагт хүндээр тусч байгаа ба нягтлан бодогч нь буруутайгаа хүлээн зөвшөөрч хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэсэнг хүлээн зөвшөөрч 400 нэгжээр торгуулсан байхад аж ахуйн нэгж, байгууллагыг 4000 нэгжээр давхардуулан торгох нь тухайн байгууллагын эдийн засгийн байдалд хүндээр тусна гэж үзэж байгаа болно.

Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх О.Б***ын эрх бүхий албан тушаалтаны шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгох тухай 2021 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 41 дугаар прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Хариуцагч Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагч Ц.Ц***д холбогдуулан, улсын байцаагчийн 2021 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 2364813 тоот шийтгэлийн хуудсаар П*** ХХК-д Зөрчлийн тухай хуулийн 11.18 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6, 1.24-т зааснаар 400 нэгж буюу 400.000 төгрөгтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгуулахаар прокурорын дүгнэлт бичсэн байна.

Прокурорын дүгнэлтийг Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагч Ц.Ц***д нь хүлээн зөвшөөрч байгаагаа 2021 оны 5 дугаар сарын 19-ний өдөр тус шүүхэд бичгээр Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх О.Б***ын эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгох тухай 2021 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 41 дугаар прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна гэж илэрхийлсэн байх бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж заасны дагуу Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор О.Б***аас Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагч Ц.Ц***д холбогдуулан гаргасан ...Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагч Ц.Ц***ийн 2021 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 2364813 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай дүгнэлтийг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагч Ц.Ц***ийн 2021 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 2364813 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-т заасныг үндэслэн Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор О.Б***аас Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагч Ц.Ц***д холбогдуулан гаргасан ...Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагч Ц.Ц***ийн 2021 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 2364813 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай дүгнэлтийг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.

  

 

 

ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА