2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Цагаатгах тогтоол

2025 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 2025/ШЦТ/453

 

  

 

 

 

 

       

 

 

    

    2025        02         10                                       2025/ШЦТ/453

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн байрны “В” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг шүүгч З.Болдбаатар даргалж,

нарийн бичгийн дарга Х.Лхагвамаа,

улсын яллагч С.Болорзул,

шинжээч эмч Г.Х- /цахимаар/,

хохирогч С.А-,

шүүгдэгч Г.А-, түүний өмгөөлөгч Б.Чимэд нарыг оролцуулан эрүүгийн  2209021361*** дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд зааснаар/: 

Шүүгдэгч Г.А- нь 2022 оны 08 дугаар сарын 03-аас 04-нд шилжих шөнө согтуурсан үедээ С дүүргийн 000 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Ц-ийн орчимд хохирогч С.А-тай хэл амаар доромжилсон гэх шалтгааны улмаас маргалдаж улмаар толгойн тус газарт нь гутлаараа цохиж хохирогчийн биед зулайн хуйхны язарсан шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Сүхбаатар дүүргийн прокуророос Г.А-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.А-гийн мэдүүлэхдээ: “...Тухайн өдөр Ч- гэх шөнийн цэнгээний газарт найз О-ийнхээ төрсөн өдрийг тэмдэглэх гэж орсон. Бид нар виски уусан нь үнэн. А- мэдүүлэхдээ үүдэнд нь татаж чангаагаад танилцъя гээд байсан гэж мэдүүлсэн. Ширээнд 5-6 залуу ирээд хамт сууж байсан. Энэ залуу миний урдуур зөрөөд буцаж ирээд намайг өөрөө танилцъя гэсэн. Миний өмсөж байсан плаж оноотой байсан. Хохирогч гэх энэ залуу миний гуяыг элэх зэрэг үйлдэл гаргасан. Мөн надад өнөөдөр хамт хоноё гэж хэлсэн. Надад тэгж эрэгтэй хүнийг танилцъя гээд татаж чангаадаг зан байхгүй. Энэ залуу манай найзтай маргалдсан. Өөрөө намайг бас манай найзыг цохисон. Би эмэгтэй хүн учраас өөрийгөө хамгаалах нь зөв. Нотлох баримтуудаа бүгдийг нь гаргаж өгсөн. Тухайн үйл явдал нь шөнийн 3-4 цагийн хооронд болсон. Хохирогч цагдаагийн газар 6 цаг болж байхад очсон байсан. Үйл явдал болсноос 10 минутын хугацаанд цагдаагийн байгууллагат очих боломжтой. Энэ залуу тухайн үйл явдлаас хойш 2-3 цагийн дараа очсон. Тухайн цаг хугацаанд юу болсныг мэдэхгүй. Явахдаа чамайг яахыг харна гэж надад хэлсэн. Би эмэгтэй хүн ийм том хүнтэй зодолдоно гэж байхгүй.  Хүний биеийг санаатайгаар хохироох боломж байхгүй. Бүх мэдүүлгийг уншвал мэдүүлэг болгон нь зөрүүтэй байгаа. Эмчилгээний төлбөр гээд байгаа асуудлыг гайхаж байна. Энэ хүн мөн 2022 оны 10 дугаар сард хүмүүстэй муудаад толгой руугаа зодуулсан байсан. Тухайн төлбөрүүд нь 2023 оноос эхэлсэн эмчилгээний зардлууд байсан...” гэв

 

түүний мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр өгсөн: “...Тухайн 2022 оны 08 дугаар сарын 03-ний өдөр нь манай найз О-ийн төрсөн өдөр болоод найз О-э түүний найз залуу, Ц, Э бид нар тэмдэглэсэн ба 23-00 цагийн орчимд С дүүргийн 000 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Ч- бааранд орж үйлчлүүлсэн. Тэгээд 2-3 цаг орчим бүжиглэж байгаад гараад найз Э-г гэрт хүргэж өгсөн. Тэгээд буцаж ирээд Ц-ийн урд хойд талын зэрлэг дээр найз хааг суугаад О-ийг найз залуугийн хамт ирэхийг нь хүлээгээд сууж байсан. Тэгсэн танихгүй хоёр залуу хажуугаар явж таараад бид хоёр дээр хүрч ирээд яриа өдсөн. Тэгээд танилцъя гэсэн утгатай зүйл ярьж байсан тэгэхээр нь бид хоёр үгүй ээ гэсэн тэгсэн тэр А- гэх залуу нь яриан дунд миний гуяыг илсэн тэгэхээр нь би хүүе ээ болиоч ээ гээд гарыг нь авсан тэгсэн тэр А- гэх залуу нь хоёулаа ийшээ яваад юм ярья гээд намайг дагуулаад явсан. Тэгээд юм ярьж байх дундаа А- гэх залуу хамт явъя аа өнөөдөр надтай хамт хоночихоо гэсэн тэгэхээр нь би үгүй ээ чи юу яриад байгаа юм бэ дураараа юм бэ гэсэн тухайн үед утсаар чинь нэг ярья гээд миний гар утсыг аваад миний фейсбүүк рүү ороод өөр рүүгээ найзын хүсэлт явуулсан байсан. Тэгээд би хүүе болиоч ээ гэсэн чинь тэр залуу хоёулаа ийшээ явъя гээд миний гараас татсан. Тухайн үед манай найз Ц- А- гэх хүний найзтай хойноос ирээд Ц- яагаад байгаа юм бэ явъя гаран тэгсэн чинь А- гэх залуу чи зүгээр цаана байж бай би зүгээр өнөөдөр найзыг чинь аваад явъя би та нар шиг янхнуудыг мэднэ шүүдээ гэсэн тэгээд ерөнхийдөө маргаан эхэлсэн. Тэгээд маргалдаад хэрэлдсэн тэгсэн чинь цаанаас О-э найз залуутайгаа ирсэн. Тэгсэн А- гэх залуу би зүгээр найзыг чинь аваад явчихъя та нар зүгээр зайлчих тэгэх үү гэсэн тэр үед О-э миний гар утсаар бичлэг хийх гээд гаргаж иртэл А- гэх залуу миний гар утсыг булааж авсан тэгээд хэсэг хэрэлдсэн би мэдээж утсаа авах гэж булаацалдсан зууралдсан. Тухайн үед баарнаас олон залуучууд гараад ирсэн байсан тэр залуучууд ирээд А- гэх залууг болиулж байж бид нар таксинд суугаад явсан. А- гэх залуу хэл амаар доромжилсон учраас маргалдсан. Би А- гэх залуутай маргалдсан. Миний бие А- нь А-ын биед тархины зүүн дээд талд үүссэн шарх болон зовхины баруун талын цус хуралтыг үүсгээгүй. Гар цээжний зулгаралтыг үүсгэсэн байж болзошгүй тухайн үед А- нь цээж нүцгэн байсан учраас зууралдаж байхдаа маажсан байхыг үгүйсгэхгүй. А- гэх хүн зөндөө олон залуучуудтай маргалдсан. Тухайн үед хөл гар хөхөрсөн байсан. Ц-ийг гараараа нүүр хэсэгт нь 2-3 удаа цохисон. Намайг ч гэсэн гараараа нүүрний хамар хэсэгт цохисон. Тухайн үед би Г.А- гэсэн хаягтай байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20/,

 

хохирогч С.А-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Тухайн өдөр маргаан болсон нь үнэн. Эхэндээ нүд рүүгээ цохиулаад хаяад явтал хойноос заналтайгаар ирж өсгийтэй гутлаар цохисон. Эмэгтэй хүн байж ямар зэрлэг балмад юм бэ гэд цочирдсон. Өөрийн хийсэн хэргээ худлаа яриад байгааг ойлгохгүй байна. Би чамд ямар нэг гэмтэл учруулаагүй. Би гэмтэл учруулсан бол гэмтлийн зэрэг тогтоолгохгүй яасан юм бэ. Цагдаа дээр гомдлоо гаргаж болох байсан. Энэ хүн 3 найз охин нэг залуутай хамт явж байсан. Тухайн 3 охин 3 уулаа над руу дайрсан. Миний бие рүү дайрч хөрхөл үүсгэсэн. Энэ хүний найз нь миний баруун мөр лүү цохисон. Нүд рүү цохисон бол бүр аюултай зүйл болох байсан. Би маргалдчихаад буцаад явсан. Тэгээд араас ирж намайг цохисон. Миний толгой хагарсан. Тэгээд манай найз миний зургийг аваад цагдаа дуудсан. Хэсэг рүү яваад жижүүр цагдаа мэдүүлэг аваад үүрээр 7 цагийн үед шүүх эмнэлэгт очсон. Тэгээд би гэртээ харьсан...” гэх мэдүүлэг,

түүний мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би 2022 оны 08 дугаар сарын 04-ний өдөр С дүүргийн 000 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Ч- гэх нэртэй бааранд 00 цагийн орчимд найз Б-, М-э нарын хамт орж үйлчлүүлсэн. Тэгээд тухайн үед уг бааранд А- нь 3 эмэгтэй, 1 эрэгтэй хүмүүсийн хамт үйлчлүүлж байхыг харсан. Тэгээд 03 цагийн орчимд би баарнаас гарч найз М-ийг хайсан. Тэгсэн А- хоёр эмэгтэй найзуудын хамт Ц-ийн хойд талын зүлгэн дээр сууж байсан. Тэгээд би эхний удаа харчхаад явсан ба дараа нь дахин урдуур нь найз Б-ын хамт явахад А- намайг дуудаад юм яръя танилцъя гэсэн тэгээд би хажууд нь суугаад юм яриад танилцсан. Тэгээд фейсбүүк хаягаа солилцох болоход би гар утсаа үлдээсэн байсан тэгэхээр нь би гар утсаар нь өөрийн хаягаа оруулж харуулсан ба А- нь би чамтай найзууд больё гэсэн, тэгэхээр нь би чамтай найз болмооргүй байна гэсэн тэгсэн чинь А- уурлаад чи яагаад надтай найз болохгүй байгаа юм бэ гэсэн тэгэхээр нь би тухайн үед найз охинтой гэж хэлсэн тэгсэн чинь намайг хэл амаар доромжлоод байсан тэгээд хэрэлдээд маргалдаад байж байсан тэгэхээр нь би жаахан бухимдаад байж байтал А- гэнэт гараараа миний баруун нүд рүү цохисон тэгэхээр нь би цагдаа дуудъя гэсэн тэгсэн чинь хамт явж байсан найз эмэгтэй нь урдуур нь ороод намайг холдуулаад байсан ба нөгөө найз нь А-г аваад цаашаа явсан тэгээд би цагдаа дуудъя гээд найзыг нь утсаа өгч бай гэсэн чинь өгөхгүй байсан. Тэгэхээр нь би цаашаагаа Ч- баарны зүг рүү явсан тэгээд хангай зочид буудлын урд талд явж байсан чинь А- араас ирээд өсгийтэй гутлаа тайлаад өсгийний үзүүртэй хэсгээр миний толгой хэсэгт нэг удаа цохисон тэгээд хойшоогоо харсан чинь найз гэх эмэгтэй нь гараараа миний баруун нүд хэсэгт нэг удаа цохисон тэгээд миний бие хэсэг рүү А- найзын хамт цохиж зодсон. Миний цамцны бүх товч тасарч унаад өмсөх боломжгүй болсон тэгээд миний толгойноос цус гараад сууж байхдаа цагдаад дуудлага өгсөн. Уг бэртэл гэмтлээс зулайн хуйхны язарсан шарх өсгийтэй гутлын өсгийний үзүүр хэсгээр нэг удаа цохиж учруулсан. Баруун зовхи А- нэг удаа гараараа цохисон. Зүүн сарвуу, баруун бугалга, цээжний цус хуралт, зулгаралт гэмтлийг А- нь мөн цүнх болон гараараа маажиж базаж цохиж учруулсан.би тухайн үед 3 шил пиво уусан байсан.... Ц- нь гутлаар цохихдоо миний мөр, мөрний хойд хэсэгт цохисон. Толгойны зүүн даг хэсэгт цохисон. Энэ хүчин зүйлийн улмаас дүгнэлтэд тусгагдсан "зулайн хуйхны язарсан шарх" гэмтэл учраагүй. Харин дараа нь би салаад Хангай зочид буудлын хойд талд явж байхад араас А- нь хөөе гэж дуудахаар нь эргээд хартал А- өсгийтэй гутал барьсан шууд миний толгойны зулай хэсэгт нэг удаа цохиход шууд цус гарч толгой хагарсан. Тэгсэн чинь найз нь Ц-, А- хоёроос өөр эмэгтэй миний нүүр хэсэгт гараараа алгадаад байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-17, 159-160/,

 

гэрч З.Ц-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “..2022 оны 08 дугаар сарын 03-ний өдөр манай найз О-ийн төрсөн өдөр болоод Сүхбаатар дүүргийн дугаар хороо Ч- баар руу 00 цагийн орчимд найз А-, О-э, Э-, О-ийн найз залуугийн хамт орж үйлчлүүлсэн. Тэгээд 02 цаг өнгөрч байхад гараад Э-г А- бид хоёр гэрт нь хүргэж өгчхөөд О-этэй утсаар ярихад гэр лүүгээ харьж явна гэсэн тэгэхээр нь такситайгаа эргээд хүрээд ирээ хамт явъя гэсэн тэгээд бид хоёр Ц-ийн хойд талын зүлгэн дээр суугаад хүлээж байсан. Тэгсэн урдуур хоёр залуу өнгөрч яваад бид хоёр дээр ирсэн. Тэгээд хамт суучих уу юм ярья гэсэн тэгэхээр нь би хоёр найзыгаа хүлээж байна бид хоёр удахгүй явлаа гэж хэлээд утсаар яриад босож жаахан холдож утсаар яриад ирээд суухад А-г А- гэх залуу нь гар хөлийг нь оролдоод байсан. Тэгсэн удалгүй манай хоёр найз эргээд ирсэн ба бид нар явлаа гэсэн тэгсэн тэр А- гэх залуу А-г явуулахгүй юм ярья гэсэн тэгэхээр нь би холдохгүй шүү гэж хэлэхэд А- гэх залуу нь улам цаашаа дагуулаад яваад байсан. Тэгэхээр нь би хөөе нааш ир одоо болно ямар их юм ярьдаг юм бэ найзыгаа өгч явуулахгүй гэсэн тэгсэн тэр А- гэх залуу уурлаад би зүгээр өнөөдөр найзыг чинь аваад явчихъя гэсэн тэгэхээр нь би О-э бид хоёр явуулахгүй ээ чи ямар даварсан юм бэ бид хоёр найзыгаа аваад явлаа гэсэн чинь А- гэх залуу хэл амаар доромжлоод байсан. Би та нар шиг янхнуудыг мэднэ зүгээр аваад хоночихдог юм гэх зэргээр хэл амаар доромжилсон. Тэгээд хэсэг зууралдсан тэгсэн манай найз О-э нь явуулахгүй байх юм бол бичлэг хийнэ шүү гээд гар утсаа гаргаж ирээд бичлэг хийх гэсэн чинь А- гэх залуу гар утсыг нь булааж аваад цаашаа яваад хүмүүстэй маргалдаад байсан тэгээд тэнд 2-3 залуу явж байхаар нь манай найзын утсыг авчхаад өгөхгүй байна аваад өгөөч гэсэн чинь тэр залуус гар утсыг авч өгсөн тэгээд цаана бужигнаж байх хооронд нь бид нар такси бариад явсан. Тухайн үед А- бид хоёр виски уусан байсан. Дунд зэргийн согтолттой байна. Маргаан болох үед О-э найз залуугийн хамт, А- бид нар байсан. А- нэг найзтайгаа хамт байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 24, 197/,

 

гэрч Ц.О-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “.. Тэгээд таксинд суугаад яг хөдөлж байсан чинь Ц- залгаад Ц-ийн урд талын зүлгэн дээр сууж байна гэхээр нь буцаж очиход А-, Ц- хоёртой бааранд байсан залуусын хоёр ирсэн хамт сууж байсан нэг нь цагаан цамцтай, хослолтой, нүдний шилтэй залуу согтолт нь арай гайгүй нөгөө нь алаг эрээн цамцтай, хар өнгийн пүүзтэй цэнхэр жинсэн өмдтэй байсан залуу нь нэлээн согтуу байсан. Тэгээд арай согтуу байсан залуу нь А-гийн хөлийн шилбэ, гуя, гар хэсэгт нь илээд хүрээд байсан. Тэгээд би харчхаад найзын биеэс наад гараа аваарай давруу юм бэ гэж хэлсэн. Тэгсэн тэр алаг эрээн цамцтай согтуу байсан залуу нь бид хоёр жаахан юм яръя гээд А-г аваад бид нараас жаахан холдсон. Тэгээд бид нар цаашаа явахгүй шүү наанаа яриарай гэсэн чинь бага багаар цаашлаад байсан. Тэгээд бид нар хөөе одоо болно наанаа зогс гээд бид нар очсон. Тэгээд очсон чинь тэр залуу нэг сонин инээсэн тэгснээ та нар шиг биеэ үнэлэгч янхнуудыг мэднэ. Эвээр хэлж байхад дагаад явсан чинь дээр шүү та нар угаасаа ингэж явдаг шүүдээ би мэднэ гэх утгатай зүйл ярьсан. Тэгээд би очиход тэр залуу муухай орилоод байхаар нь би А-гийн гар утсыг гаргаж ирээд бичлэг хийнэ гээд барихад тэр залуу шууд булааж авснаа намайг гараараа нэг удаа цохисон тэгээд би барьж байсан бэлэг эд зүйлс газар унасан. Тэгснээ тэр хавиар явж байсан хүмүүс рүү орилоод байсан тэгснээ хэсэг алга болоод гарж ирээд байсан харин хамт явсан найз нь гээд залуу хажууд байгаад байсан. Тэгээд тэр залуу руу ойртох гэхээр цохих гээд байсан учир би хэнийг ч ойртуулаагүй..” гэх мэдүүлэг /хх-ийн 26, 194/,

 

гэрч П.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Тэгээд А-ын найз М-э нь Их монгол рестораны гадаа машинаа тавьсан гэсэн тул А-, М-этэй уулзах гээд бид хоёр хайж явсан. Тэгээд машин дээр нь очоод хаалгыг нь татаж үзэхэд машиндаа байхгүй байхаар нь бид хоёр буцаад хүүхдийн 100 руу явж байсан тэгэхэд Ц-ийн хойд талын зүлгэн дээр бааранд байсан 3 охины 2 нь сууж байсан ба хажууханд нь хамт байсан эмэгтэй эрэгтэй хоёр нь хоорондоо маргалдаж байсан. Тэгээд хажуугаар нь гарахад А-тай нэг эмэгтэй нь ярилцсан ба А- нэг охинтой нь очиж уулзаад зогссон. Тэгээд А- бид хоёр тухайн охидтой энгийн зүйл яриад зогсож байсан. Тэгээд нөгөө маргалдаж байсан хоёр найз нь эвлэрээд хүрээд ирсэн. Тэгэхээр нь бид хоёр босоод хүүхдийн 100 тал руу алхсан. Тэгээд нэг охин нь А-ыг нэлээн сонирхоод байх шиг байсан ба хамт явсан охин нь дургүй байх шиг байсан ба хамт явуулахгүй гээд байсан тэгсэн дургүй байсан охин нь А-тай маргалдаж эхэлсэн ба бие биеэ хараагаад маргалдаад байсан. Тэгээд нөгөө маргалдсан охиноос А-ыг салгаад аваад явах гэсэн хажууд чаргууцалдаад маргалдаад байгаад байсан ба тэр охин нь ирээд зууралдаад байсан ба тэр охин нь А-ыг гараараа шанаа хэсэгт нь нэг удаа цохисон тэгэхээр нь А- тухайн охиныг гараараа мангасдаж түлхсэн чинь нөгөө охид чинь зэрэг зэрэг дайраад ирсэн би хоёр охиныг нь арай гэж салгаж байсан. Тэгсэн чинь А-тай анх танилцсан охин нь миний гар дээгүүр давж орж ирээд өмсөж байсан өсгийтэй гутлаараа А-ын толгой хэсэгт нь нэг удаа цохиж толгойг нь хагалсан тэгээд нөгөө гутлаа тайлаад шидэх шиг болсон. Тэгээд А-ын толгойноос нь цус гарч эхэлсэн ба А- уурлаад тэр охин руу бас дайрч эхэлсэн. Тэгэхээр нь би салгаад цаад буланд аваачаад толгойны цусыг нь арчиж байхад тухайн охид цагдаа дуудна гээд байж байснаа алга болсон байсан. Тэгээд А- цагдаад дуудлага өгсөн ба цагдаа дуудаад хүлээж байхдаа би өөрийн гар утсаар А-ын зургийг дарж авч байсан одоо зураг нь байгаа. А-ыг гутлаар цохидог охин нь хар хөх эрээн өнгийн урт платтай, дунд зэргийн өндөр өсгийтэй бор шаргал өнгийн гуталтай байсан. Найз залуутайгаа хамт явж байсан охин нь мөн өндөр өсгийтэй гуталтай, хар өнгийн өмдтэй дээгүүрээ хар өнгийн цамцтай байсан. А-тай анх маргалдсан охин нь цагаан өнгийн кеттэй, цайвар өнгийн жинсэн өмдтэй, цагаан өнгийн срочкан цамцтай байсан. А-ыг хар хөх эрээн өнгийн урт платтай, дунд зэргийн өндөр өсгийтэй бор шаргал өнгийн гуталтай байсан эмэгтэй өмсөж явсан гутлаараа цохисон мөн дараа нь нэг гутлаа шидэж байсан..” гэх мэдүүлэг /хх-ийн 28-29/,

 

гэрч М.Б-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2022 оны 08 дугаар сарын 03-ны өдөр манай эхнэр О-ийн төрсөн өдөр нь болж байсан. Тухайн үед би ажилтай байж байгаад сүүлд нь Хүүхдийн 100-гийн Ч- бааранд очоод бид нар бөөндөө нэг шил архи уусан. Тухайн үед О-э, Ц-, А-, Э- болон багийнхан хоёр эрэгтэй найз байсан. Одоо нэрийг нь санахгүй байна. Уг хоёр залуу нь бааранд сууж байхдаа явлаа гэж хэлээд яваад өгсөн. Бид нарыг Ч- бааранд ширээн дээр сууж байхад зодуулсан залуу болох А- нь найзынхаа хамтаар манай ширээн дээр хүрч ирээд, хамтдаа нэг ширээнд сууя гэхээр нь би манай эхнэрийн төрсөн өдөр болж байна, чи яах гээд байгаа юм бэ хөгшөөн гэхэд сая бүжгийн талбай дээр бүжигдэж байхад А- гэх эмэгтэй чинь нам гэхэд сая бүжгийн талбар дээр бөөндөө хамтдаа сууя, хамтдаа Тэрэлж явъя гэж хэлсэн гэж байсан. Тэгэхээр нь би хөгшөөн тийм юм байхгүй, бид хэд одоо дуусгаад явлаа гэж хэлэхэд за за гэж хэлээд яваад өгсөн. Ингээд бид хэд ууж байсан архиа дуусгаад гарцгаасан. Ингээд Э- Ч-гийн үүднээс гармагц нөхөр нь ирээд аваад явсан. Би эхнэрээ аваад Ц-, А- хоёр хамтдаа явсан. Ингээд эхнэртэйгээ такси бариад хөдлөөд явж байхад О-э бид хоёр энэ хоёрыг хүргэж өгье гээд таксинаасаа буугаад алхаад Ц-, А- хоёр дээр очиход нөгөө хоёр залуу тэр дөрөв хамт байж байсан. О-э бид хоёр Ц-, А- хоёрыг явъя гэхэд Ц- явах гэж байсан ба А- явахгүй маяглаад байсан. Төд удалгүй гэнэт А- явахаар болж бид гурав дээр ирэхэд нөгөө хоёр залуу нь А-г явна гэж байгаад явахаа болилоо гээд гэнэт уурлаад хоорондоо хэрэлдсэн. Уг хоёр залуу нь гичий янхан нохойгоор нь дуудаад та нар бүгдээрээ янхан ш дээ гээд араас орилоод дагаад яваад байсан. Ингээд бид нар дээр ирээд нүүр нүүрээ тулаад хэрэлдээд байсан. А- гэх залуугийн хажууд байсан залуу нь эрүүл шахуу А- гэх залууг болиоч гэж хэлээд надтай хамт А-ыг салгаад яваад байсан. Харин А- гэх залуу нь ууж идсэнээ аятайхан шингээж чадахгүй, гүйж очоод А-, Ц- хоёрыг гичий янхнаар нь дуудаад хараагаад яваад байсан. Яг энэ үед А-, Ц- хоёр элдэв бусааpaa доромжлуулаад тэсэхээ болиод бужигнаан болсон. Би хэн нь хэнийгээ цохисон талаар хараагүй. Ингээд бөөн юм болж байгаад А- гэх залууг үлдээгээд эхнэр О-э, Ц-, А- бид дөрөв таксинд суугаад яваад өгсөн. Ер нь А- гэх залуу нь араас ирээд хэрэлдээд, хүн амьтан өдөөд, хараагаад яваад байсан. Манай эхнэр бид хоёр руу дайраагүй, Ц-, А- нар руу дайраад байсан. Тухайн үед А- өсгийтэй гутлаа тайлсан явж байсан. Хэн нь А- гэх залууг цохисон талаар хараагүй..” гэх мэдүүлэг /хх-ийн 202/,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 10797 дугаартай дүгнэлтээр “1. С.А-ын биед зулайн хуйхны язарсан шарх, баруун зовхи, зүүн сарвуу, баруун бугалга, цээжний цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна. 3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 31/,

 

Шинжээч эмч Г.Х-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...С.А-ын биед учирсан зулайн хуйхны язарсан шарх дангаараа гэмтлийн зэрэг нь 2.4.1 дангаараа хөнгөн зэрэгт хамаарна. Уг гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүснэ...” гэх мэдүүлэг /хх-ийн 189/,

 

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 130-135/,

хохирогч С.А-аас гаргаж өгсөн баримт /хх-ийн 35-43/,

хохирогч С.А-ын гэмтсэн талаарх гэрэл зураг /хх-ийн 58/ зэргийг шинжлэн судалсан болно.

 

Гэм буруугийн дүгнэлт

Прокуророос Г.А- нь 2022 оны 08 дугаар сарын 03-аас 04-нд шилжих шөнө согтуурсан үедээ С дүүргийн 000 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Ц-ийн орчимд хохирогч С.А-тай хэл амаар доромжилсон гэх шалтгааны улмаас маргалдаж улмаар толгойн тус газарт нь гутлаараа цохиж хохирогчийн биед зулайн хуйхны язарсан шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж, түүний гэм бурууг дээр дурдсан хохирогч С.А-, гэрч З.Ц-, Ц.О-э, П.Б-, М.Б- нарын мэдүүлгүүд, Шүүх шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 10797 дугаартай дүгнэлт, шинжээч эмч Г.Х-гийн мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдож байна гэж үзэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Шүүх шүүгдэгч Г.А-д холбогдох хэрэгт авагдсан баримтууд, талуудын шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтууд болон сиди бичлэг, хохирогч С.А-, гэрч З.Ц-, Ц.О-э, М.Б- нарын мэдүүлгүүд зэргийг тал бүрээс харьцуулан шинжлэн судалсны үндсэнд шүүгдэгч Г.А-г хохирогч С.А-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж үзэв.

Өөрөөр хэлбэл дээр дурдсан гэрч З.Оюунгэрэлийн “..2022 оны 08 дугаар сарын 03-ний өдөр манай найз О-ийн төрсөн өдөр болоод Сүхбаатар дүүргийн дугаар хороо Ч- баар руу 00 цагийн орчимд найз А-, О-э, Э-, О-ийн найз залуугийн хамт орж үйлчлүүлсэн. Тэгээд 02 цаг өнгөрч байхад гарсан. ...Тэгсэн тэр А- гэх залуу А-г явуулахгүй “юм ярья” гэсэн. ...Тэгсэн тэр А- гэх залуу уурлаад “би зүгээр өнөөдөр найзыг чинь аваад явчихъя” гэсэн. ...Гэсэн чинь А- гэх залуу хэл амаар доромжлоод “Би та нар шиг янхнуудыг мэднэ. Зүгээр аваад хоночихдог юм” гэх зэргээр хэл амаар доромжилсон...” гэх мэдүүлэг,

гэрч Ц.О-ийн “...Тэгээд арай согтуу байсан залуу нь А-гийн хөлийн шилбэ, гуя, гар хэсэгт нь илээд хүрээд байсан. Тэгээд... ...тэр алаг эрээн цамцтай согтуу байсан залуу нь “бид хоёр жаахан юм яръя” гээд А-г аваад бид нараас жаахан холдсон. ...Тэгээд очсон чинь тэр залуу нэг сонин инээсэн тэгснээ “та нар шиг биеэ үнэлэгч янхнуудыг мэднэ. Эвээр хэлж байхад дагаад явсан чинь дээр шүү та нар угаасаа ингэж явдаг шүүдээ би мэднэ” гэх утгатай зүйл ярьсан. Тэгээд би очиход тэр залуу муухай орилоод байхаар нь би А-гийн гар утсыг гаргаж ирээд бичлэг хийнэ гээд барихад тэр залуу шууд булааж авснаа намайг гараараа нэг удаа цохисон тэгээд би барьж байсан бэлэг эд зүйлс газар унасан. ...Тэгээд тэр залуу руу ойртох гэхээр цохих гээд байсан учир би хэнийг ч ойртуулаагүй..” гэх мэдүүлэг,

гэрч М.Б-н “...2022 оны 08 дугаар сарын 03-ны өдөр манай эхнэр О-ийн төрсөн өдөр нь болж байсан. Тухайн үед би ажилтай байж байгаад сүүлд нь Хүүхдийн 100-гийн Ч- бааранд очоод бид нар бөөндөө нэг шил архи уусан. Тухайн үед О-э, Ц-, А-, Э- болон багийнхан хоёр эрэгтэй найз байсан. Одоо нэрийг нь санахгүй байна. Уг хоёр залуу нь бааранд сууж байхдаа явлаа гэж хэлээд яваад өгсөн. ...Эхнэртэйгээ такси бариад хөдлөөд явж байхад О-э “энэ хоёрыг хүргэж өгье“ гээд таксинаасаа буугаад алхаад Ц-, А- хоёр дээр очиход нөгөө хоёр залуу тэр дөрөв хамт байж байсан. ...Төд удалгүй гэнэт А- явахаар болж бид гурав дээр ирэхэд нөгөө хоёр залуу нь А-г явна гэж байгаад явахаа болилоо гээд гэнэт уурлаад хоорондоо хэрэлдсэн. ...Харин А- гэх залуу нь ууж идсэнээ аятайхан шингээж чадахгүй, гүйж очоод А-, Ц- хоёрыг “гичий янхнаар нь” дуудаад хараагаад яваад байсан. Яг энэ үед А-, Ц- хоёр элдэв бусааpaa доромжлуулаад тэсэхээ болиод бужигнаан болсон. Би хэн нь хэнийгээ цохисон талаар хараагүй. Ингээд бөөн юм болж байгаад А- гэх залууг үлдээгээд эхнэр О-э, Ц-, А- бид дөрөв таксинд суугаад яваад өгсөн. ...Хэн нь А- гэх залууг цохисон талаар хараагүй..” гэх мэдүүлэг болон камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, камерын бичлэг зэргээс үзэхэд Г.А- нь “2022 оны 08 дугаар сарын 03-аас 04-нд шилжих шөнө согтуурсан үедээ С дүүргийн 000 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Ц-ийн орчимд хохирогч С.А-тай хэл амаар доромжилсон гэх шалтгааны улмаас маргалдаж улмаар толгойн тус газарт нь гутлаараа цохиж хохирогчийн биед “зулайн хуйхны язарсан шарх” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэж үзсэн прокурорын дүгнэлт үгүйсгэгдэж байна.

Хэдийгээр хохирогч С.А-ын зүгээс “...Миний биед учруулсан гэмтлийг Г.А- учруулсан.” гэх боловч энэ нь хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн бичгийн нотлох баримтаар тогтоогдоогүй болно.   

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д заасан “гэмт хэргийн шинжгүй” гэсэн үндэслэлээр Г.А-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж шийдвэрлэв.

 

Харин хохирогч С.А-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэх хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу хэрэг бүртгэлтэд буцаах нь зүйтэй байна.  

 

Бусад асуудлын талаар:

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, С.А-аас энэ хэрэгт нэхэмжилсэн 1.856.900 төгрөгийг хэрэгсэхгүй болгов.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсарган үлдээж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.9, 36.10 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Прокуророос Г.А-г Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар хэрэгсэхгүй болгож, Г.А-г цагаатгасугай.

 

2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар эрүүгийн 2209021361*** дугаартай хэргийг хэрэг бүртгэлтэд буцаасугай.

 

3.Г.А-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

 

4.Цагаатгах тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

5.Цагаатгах тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Г.А-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхийг дурдсугай.

 

 

 

 

 

                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  З.БОЛДБААТАР