| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баярсайханы Ундраа |
| Хэргийн индекс | 101/2018/00279/И |
| Дугаар | 101/ШШ2018/02252 |
| Огноо | 2018-06-27 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 06 сарын 27 өдөр
Дугаар 101/ШШ2018/02252
| 2018 оны 06 сарын 27 өдөр | Дугаар 101/ШШ2018/02252 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Хандгайт гудамж, 7 тоот хаягт оршин суух Дамар овогт Амгалангийн О /регистрийн дугаар /-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мөнхдэлгэрийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, Дүүргийн 5 дугаар гудамж, 83 тоот хаягт оршин суух Боржигон овогт Даваасүрэнгийн О /регистрийн дугаар /
Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, Дүүргийн 5 дугаар гудамж, 83 тоот хаягт оршин суух, Боржигон овогт Даваасүрэнгийн Ц /регистрийн дугаар / нарт холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 32,800,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мөнхдэлгэр, хариуцагч Д.Оюундэлгэр, Д.Ц, хариуцагчийн өмгөөлөгч Д.Отгонбат, гэрч н.Эсүгэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сэндэнхорол нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч А.Оийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мөнхдэлгэр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн А.Оээс Д.О, Д.Ц нар нь гэр бүлээрээ хоолны бизнес хийдэг, мөнгө зээлдүүлэгч сарын 5 хувийн хүүтэй авъя, найдвартай төлнө гээд 2015 оны 01 дүгээр сараас 4 дүгээр сарын хооронд нийт 15,000,000 төгрөгийг авсан.
Тэгээд 2015 оны 4 дүгээр сарын 15-нд хариуцагч нар нь нэхэмжлэгчтэй уулзаад нэмж 5,000,000 төгрөг өгөөч гээд тохиролцож өмнө авсан мөнгөө нийлүүлээд Мөнгө зээлсэн гэрээ гэсэн гэрээг Д.О өөрөө гараараа бичиж гарын үсгээ зураад 5 сая төгрөгийг нэмж авсан.
Энэхүү гэрээндээ зээлсэн мөнгийг бүрэн төлөх х үртлээ хүүг төлөхөөр тохиролцсон.
Д.Ц нь мөнгийг төлөхийн баталгаа болгож өөрийн өмчлөлийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Г-2204009161 дугаартай Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, Дүүргийн 5 дугаар гудамжны 83 тоот хаягт байрлах 450 м.кв газрын өмчлөх эрхийн гэрчилгээг эх хувиар нь өгсөн.
Тэд 2016 оны 5 дугаар сар хүртэл хүү 8,875,000 төгрөгийг өгсөн бөгөөд түүнээс хойш огт мөнгө төлөөгүй утсаа ч авахаа больсон.
Иймд хариуцагч Д.О, Д.Ц нараас үндсэн зээл 20,000,000 төгрөг, 2016 оны 5 дугаар сараас 2017 оны 9 дүгээр сар хүртэл хугацааны хүү 12,800,000 төгрөг, нийт 32,800,000 төгрөгийг гаргуулна гэжээ.
Хариуцагч Д.О, Д.Ц нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: А.Оээс 17,000,0000 төгрөг, охин Дуламсүрэнгээс /Дууяа гэж дууддаг/ 3,000,000 төгрөг авснаас 17,250,000 төгрөгийг буцааж төлсөн.
А.Оийн нэхэмжлэлийн дагуу өөртэй нь биечлэн уулзаж ярилцахаар ажил дээр нь 3 удаа очсон, утсаар нь залгасан боловч уулзаж холбогдож чадсангүй.
Мөнгөний эргэн төлөлтийг Амгалан О 5016152086 тоот ХААН банкны дансанд Төрийн банкаар, мобайл банкнаар, ихэвчлэн Усан спорт сургалтын төвийн ажлын өрөөнд нь бэлнээр аваачиж өгч байсан. Бэлнээр өгсөн мөнгийг тэмдэглэдэг том цэнхэр дэвтэр А.От өөрт нь байдаг. Биечлэн уулзаж ярилцмаар байна. Нэхэмжлэлд тусгасан мөнгийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мөнхдэлгэр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Д.Оээс үндсэн зээл 17,500,000 төгрөг, хүү 11,200,000 төгрөгийн хамт, Д.Цгоос үндсэн зээл 2,500,000 төгрөг, хүү 1,600,000 төгрөгийн хамт тус тус гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж байна гэв.
Хариуцагч Д.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Энэ мөнгийг 3 удаа цувуулж авсан. Нийт 20,000,000 төгрөгийг зээлэхдээ 2014 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр 3,000,000 төгрөг, 2014 оны 12 дугаар сарын 11-ний өдөр 3,000,000 төгрөгийг охин Дуламсүрэнгээс, 2015 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр 9,000,000 төгрөг, үлдэх 5,000,000 төгрөгийн 4,000,000 төгрөгийг нь манай эгч байрны ордер тавиад зээлсэн. 2015 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр үлдсэн 5,000,000 төгрөгийг авсан. 4,000,000 төгрөгийг зээлсэн эгч маань цаг тухайд нь төлөөд байрны ордероо авсан. Бид 4 дүгээр сарын 16-ны өдөр гэрээг хийхдээ бид хоёрт хамтарсан ажлын санал тавьж байсан. Төв бассейны цайны газрыг хамтраад ажиллуулъя манайд ирж ажиллаач гээд эгчийг дуудаад ашиг орлогоо яаж хуваах талаар ярилцаж байсан. Тэгж уулзахдаа чи нэг тайлбар бичээд биччих гэр бүлийн хүн мөнгө зээлсэн гээд байна гэхээр нь манай эгч төлөгдчихсөн мөнгийг нэмж бичсэн байна гэж хэлсэн байдаг. 2015 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр мөнгө зээлсэн. Би энэ бичгийг өөрөө бичээгүй, эгчтэй хоолны асуудал яригдахад эгчээр бичүүлж авсан. Тухайн үед хүү, А.О гэдэг гарын үсэг зурагдаагүй, энэ өөр балаар сүүлд бичигдсэн байсан. Энэ гэрээг намайг бичсэн гэж байхад миний бичиг гэж шинжлүүлэхэд манай эгч Д.Цгийн бичиж болж таарсан.
2016 оны 4 дүгээр сард цайны газраас болоод маргаан гараад нэг өдөр ажлын байргүй болсон. Тэгэхээр бид үлдсэн 2,7 сая төгрөгийг үнэхээр өгч чадахгүй гэж хэлсэн. Тэгэхэд энэ газраа надад өгчих гэсэн. Бид хоёртой мөнгө төгрөг огт яриагүй би газрыг чинь ямар нэгэн аргаар авна гэж хэлсэн. Үүнээс болж бид нартай сүүлийн нэг жил холбогдоогүй. Бид мөнгөө цаг тухай бүрт нь банкаар бэлнээр хийж байж байсан. Гол нь бэлнээр хийж байсан тухай түүнийг бичиж авч байсан цэнхэр дэвтэр байгаа, түүнийг гаргаж өгөх хэрэгтэй байна. Анхнаасаа зээлээд тэр мөнгөө өгөхгүй байхад ахин дахин мөнгө зээлэх үндэслэл байхгүй. Үлдсэн 2,7 сая төгрөгийг төлнө бусад төлбөрийг төлж чадахгүй гэв.
Хариуцагч Д.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... А.Оийн Ажил дээр нь очиход тэрээр олон хүнд мөнгө зээлсэн нөхөр Цогоодоо үзүүлэх юмтай байя, би та нараас хүүгийн талаар ярихгүй, Д.О мэдэж байгаа гэсэн. Тэгээд надад бал цаас гаргаж өгөөд, ямар ч байсан бичээд өгчих гээд хүүг нь 5 хувь гээд биччих гэхээр нь би татгалзаж, Д.О хүүгүй гэсэн шүү дээ гэхэд хүү ямар ч хамаагүй ээ би энэ бичгийг нөхөртөө үзүүлэх гэсэн юм гэхээр нь би өөрийнх нь хэлснээр бичсэн. Би мөнгө аваагүй болохоор өөрийнхөө гарын үсгийг зурахгүй Д.О авсан учраас гарыг үсэг дээр нь Д.О гэж бичлээ шүү гэхэд тэг тэг гээд би Д.О гэж бичсэн. Тэгээд өөрөө гарын үсэг зураагүй, надаар ч миний гарын үсгийг зуруулаагүй, хүүгийн талаар ч яригдаагүй. Тэгэхэд энэ хүнтэй би анх удаа уулзсан, өмнө нь сургийг нь л сонсч байсан гэв.
Хариуцагчийн өмгөөлөгч Д.Отгонбат шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1, 282.2, 282.4-т заасан шаардлага хангаагүй гэрээ гэж үзэж байна. Зээлийн гэрээг бичгээр хийсэн тухай гэрээний бодит үйлдлээр мөнгийг шилжүүлснээр гэрээний үүрэг үүсч, үүнээс хүү шаардах эрхтэй болно. Гэрээнд 20,000,000 төгрөг зээллээ, 4,5 хувь гэсэн хоёр өөр хүүгийн хэмжээ байгаа. Гэрээний нэдүгээр энэ гэрээний дагуу, энэ өдөр бодитоор мөнгө орж ирээгүй. Энэ зээлийн гэрээг Д.Ц гэдэг хүн Д.Оийн өмнөөс хийсэн болох нь шинжээчийн дүгнэлтээр гарч ирсэн. Энэ гэрээний эрх зүйн харилцаа нь Д.О А.О нарын хооронд л үүссэн. Д.Оийн өмнөөс Д.Цгийн байгуулсан зээлийн гэрээний дагуу 20,000,000 төгрөг аваагүй. Энэ гэрээний дагуу шаардах эрх үүсэхгүй. Урьд авсан 15,000,000 төгрөгийг авсан 3-4 удаагийн харилцаан дээр гэрээ хийгдээгүй учраас хүү тооцох эрх үүсэхгүй. 2016 оны 5 дугаар сар хүртэл 8,875,000 төгрөг төлсөн гэж хүлээн зөвшөөрч байна. Энэ дүн зээлээс хасагдах ёстой. Эгч дүүгийн итгэлцэл дээр бэлнээр аваачиж өгсөн мөнгийг эгч нь цэнхэр дэвтэр дээрээ бичиж байгаа гээд бичүүлээд л өгсөн байдаг. Хариуцагч нар ч гэсэн за бичүүлчихлээ гээд баримт шаардаагүй.
20,000,000 төгрөгийг бодитоор аваагүй, харин 3 удаа авахдаа нэг удаагийн 3 сая төгрөгийг 2014 оны 12 дугаар сарын 14-ний өдөр нэхэмжлэгчийн охин Дуламсүрэнгээс авсан байдаг. Энэ мөнгө төлөгдсөн учраас сүүлийн 5 сая төгрөгийн 2,750,000 төгрөгийг төлнө. Үүнээс бусдыг нь зөвшөөрөхгүй гэв.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч А.Оийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мөнхдэлгэр нь хариуцагч Д.О, Д.Ц нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт хариуцагч Д.Оээс 28,700,00 төгрөг, хариуцагч Д.Цолцмонгоос 4,100,000 төгрөг, нийт 32,800,000 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан ба хариуцагч нар нь зээлийн үлдэгдэл болох 2,750,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, үлдэх хэсгийг зөвшөөрөхгүй гэж, нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч талууд маргаж байна.
Шүүх, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч нь хэрэгт авагдсан 2015 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 20,000,000 төгрөгийн зээлийн гэрээг үндэслэл болгон зээл, түүний хүүнд нийт 32,800,000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулахаар шаарджээ.
Дээрх зээлийн гэрээнд зээлдэгч гэх Д.О гарын үсгээ зураагүй болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 2136 дугаар дүгнэлтээр тогтоогдож байх бөгөөд 20,000,000 төгрөгийг гэрээнд заасан нөхцлөөр зээлдүүлэхээр талууд тохиролцсон гэж үзэх үндэслэлгүй байна. Улмаар, нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т зааснаар хүү авах эрхгүй байна.
Гэвч хариуцагч Д.О нь 2014 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр 3 сая төгрөг, 2014 оны 12 дугаар сарын 11-ний өдөр 3,000,000 төгрөг, 2015 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр 9,000,000 төгрөг, 2015 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр 5,000,000 төгрөг, нийт 20,000,000 төгрөгийг А.Оюнцэцэгээс зээлж авснаа хүлээн зөвшөөрч байна.
Нэхэмжлэгч нь хариуцагч Д.Од зээлдүүлсэн 17,500,000 төгрөгийг хүү 11,200,000 төгрөгийн хамт, хариуцагч Д.Цд зээлдүүлсэн 2,500,000 төгрөгийг хүү 1,600,000 төгрөгийн хамт гаргуулахаар шаардсан боловч хариуцагч Д.Цтой эрх зүйн харилцаанд ороогүй, зээлийн гэрээ байгуулаагүй, түүнд хэлцлийн дагуу мөнгө хүлээлгэн өгсөн гэх нөхцөл байдал нотлогдож тогтоогдсонгүй.
Хариуцагч нь 4 удаагийн зээлээр авсан нийт 20,000,000 төгрөгийг дансаар болон бэлнээр төлж дуусгасан, бэлнээр төлсөн мөнгийг Төв усан бассейнд байрлах өрөөнд нь хүргэж өгч төлдөг байсан, төлсөн мөнгийг А.О нь цэнхэр өнгийн дэвтэртээ бичиж тэмдэглэж авдаг байсан, эгч дүүгийн харилцаандаа итгэж, төлсөн баримт шаардаж авдаггүй байсан гэх тайлбарыг гаргасан бөгөөд гэрчээр н.Эсүгэнийг асуусан боловч гэрчийн мэдүүлгийн эх сурвалж тодорхойгүй, зээлийн төлбөр төлөгдсөн гэх нотлох баримт хэрэгт авагдаагүй тул хариуцагчийн тайлбарыг үндэслэлгүй гэж үзнэ.
Хэргийн оролцогч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар, шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой нотлох баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах гаргаж өгөх үүрэгтэйг дурьдах нь зүйтэй.
Хэрэгт авагдсан А.Оийн эзэмшлийн Хаан банк дахь 5016152086 дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга, нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 2016 оны 5 дугаар сар хүртэл хүү 8,875,000 төгрөгийг зээлдэгч нар төлсөн, түүнээс хойш огт мөнгө төлөөгүй гэх тайлбар нь хэрэгт ач холбогдолтой бөгөөд зээлдэгч талыг хүлээн авсан 20,000,000 төгрөгөөс дээрх дүнгээр төлсөн гэж үзэх үндэслэл болно.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ, 282 дугаар зүйлийн 282.3-т Хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ... гэж тус тус зааснаар хариуцагч Д.Оээс 2014 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 3 сая төгрөг, 2014 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 3,000,000 төгрөг, 2015 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 9,000,000 төгрөг, 2015 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 5,000,000 төгрөг, нийт 20,000,000 төгрөгийн зээлийн гэрээний үүрэгт 11,125,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А.От олгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг болон хариуцагч Д.Цд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан, хариуцагч Д.Оээс 11,125,000 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч А.От олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 21,675,000 төгрөгт холбогдох хэсгийг болон хариуцагч Д.Цд холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч А.Оээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 321,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Оээс улсын тэмдэгтийн хураамжид 192,950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч А.От олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАА