Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2021 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 151/ШШ2021/00442

 

 

 

 

                      2021         06             02

       151/ШШ2021/00442

 

 

МОНГОЛ  УЛСЫН  НЭРИЙН  ӨМНӨӨС

 

 

Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Отгончулуун даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б.Ү-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Х.Ш-т холбогдох,   

11.763.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Б.***, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.***, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Н.Отгон нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Б.*** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Б.***, Х.*** нар нь 2014 оны 10 сараас нэг гэрт орж 2 жил  хамтран амьдраад 2016 оны 10 сараас тусдаа амьдарч байгаа. 2016 оны 02 сарын 17-нд хүү *** нь төрсөн. Гэрлэлтээ батлуулаагүй. Хамтын амьдралтай байх хугацаанд Х.***ын шаардлагаар Б.*** нь цалингийн зээл авч 7.000.000 төгрөгийг Х.***т өгсөн байдаг. Х.*** нь уг мөнгөөр машин авч одоо уг машинаа өнөөдрийг хүртэл эзэмшиж ашиглаж байгаа. Х.***т 7.000.000 төгрөгийг шилжүүлсэн нь Б.***гийн Төрийн банкны дансны хуулгаар тогтоогддог. Иймд энэ шилжүүлсэн 7.000.000 төгрөгийг нэхэмжилж байгаа. Мөн хамтран амьдрах хугацаанд Х.***ын шаардлагаар түүний өвөөгийн байшинд 3.000.000 төгрөгөөр засвар хийсэн байдаг. Энэ мөнгийг мөн Б.*** өөрийн цалингийн орлогоос гаргасан. Иймд энэ 3.000.000 төгрөгийг мөн нэхэмжилж байна. Мөн 2016 оны 10 сараас хойш буюу тусдаа амьдарснаас хойш Б.*** нь Х.***т 1.109.000 төгрөгийг шилжүүлсэн байдаг. Мөн тусдаа амьдарснаас хойш 2020 оныг дуустал Б.*** нь Х.***ын Төв аймгийн Баянцагаан суманд байрлах хашаа байшингийн цахилгааны төлбөрийг төлсөөр ирсэн. Иймд цахилгааны төлбөрт төлсөн 654.000 төгрөг болон дээрх үндэслэлгүй төлсөн  нийт  11.763.000 төгрөгийг Х.***аас нэхэмжилж  байна. Эдгээр мөнгийг Х.***т шилжүүлж байсан нь Б.***гийн Төрийн банкны дансны хуулгаар тогтоогддог бөгөөд дансны хуулгыг хэрэгт баримтаар өгсөн байгаа.  Иргэний хуулийн 492-р зүйлд зааснаар Х.***ыг  үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэж байна. Иймд хуульд заасны дагуу Х.***аас үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 11.763.000 төгрөгийг гаргуулж Б.***д олгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж  өгнө үү  гэв.    

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Б.***, Х.*** нар нь 2014 оны 10 сараас нэг гэрт орж 2 жил  хамтран амьдраад 2016 оны 10 сараас тусдаа амьдарч байгаа. 2016 оны 02 сарын 17-нд хүү *** нь төрсөн. Гэрлэлтээ батлуулаагүй. Хүү *** нь төрөөд хэдхэн сартай байхад Б.*** нь эхнэр хүүхдээ хаяад явсан байдаг. Миний хувьд нэхэмжлэгч, хариуцагч нарыг сайн таних бөгөөд амьдралыг нь ч сайн мэднэ. Хэн хэн нь л хамтын амьдралын хугацаанд амьдралын төлөө зүтгэж  ажил бүрийг  хийж явсныг нь мэднэ. Х.*** нь Баянцагаан сумын сургуульд багшаар ажиллаж байсныг нь мэдэх юм. Нэхэмжлэгч, хариуцагч нар нь 2016 онд тусдаа амьдрахдаа хүү ***ийг 3 нас хүртэл ааваас нь хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй байхаар, үүний хариуд Б.*** нь машиныг  Х.***т үлдээхээр тохиролцсон юм билээ. Тэгээд Х.*** нь тохирсны дагуу хүүхдээ 3 нас хүрсний дараа буюу 2020 оны 06 сард шүүхэд хандаж хүүхдийн тэтгэлэг тогтоолгосон. Гэтэл шүүхээр хүүхдийн тэтгэлгийн асуудлыг шийдвэрлүүлсний дараа Б.*** ийм нэхэмжлэл гаргаж  байгаа нь хүүхдийн тэтгэлэг төлөх болсондоо дургүйцсэн, Х.***т хорссон үйлдэл гэж үзэж байна. Мөн хамтын амьдралаа эхлүүлэхдээ Х.***ын өвөөгийнх нь амьдарч байсан хашаа байшинд засвар хийн орж байсан бөгөөд энэ байшинд засвар хийхэд зохигчдын хэн хэн нь л өөрсдийн орлогоос зарцуулсан байдаг. Иймд байшингийн засварын зардал гэж 3.000.000 төгрөг нэхэмжилж  байгаа нь үндэслэлгүй, баримтаар тогтоогддоггүй. Гэр бүлийн тухай хуульд зааснаар эцэг, эх нь хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй. Б.*** нь эцэг хүний энэ үүргийнхээ дагуу хүүдээ өгч байсан 50.000, 100.000 төгрөгөө тооцож  1.109.000 төгрөг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй юм. Мөн 2015 онд хамтын амьдралтай  байхдаа төлж байсан өөрийн хэрэглэсэн цахилгааны мөнгөө нэхэмжилж байгаа нь мөн үндэслэлгүй. Эдгээр нь Гэр бүлийн эрх зүйн хүрээнд үүссэн тэжээн тэтгэхтэй холбоотой асуудал юм. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож  өгнө үү  гэв.       

Шүүх хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар зэргийг шинжлэн судлаад    

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.*** нь Х.***т холбогдуулан 11.763.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нь эс зөвшөөрч маргажээ.      

Шүүх нэхэмжлэгч Б.***гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй  гэж үзлээ.  Учир нь: 

Б.***, Х.*** нар нь 2014 оны 10 сараас  2016 оны 10 сарыг хүртэл хугацаанд хамтран амьдарсан, 2016 оны 02 сарын 17-ны өдөр хүү  Ү.*** төрсөн болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна. 

Зохигчдын хамтын амьдралын хугацаанд тэдний хэн хэн нь ажил эрхэлж байсан бөгөөд гэр бүлийн хэрэгцээнд автомашин худалдан авах, байшин засварлах, хэрэглэсэн цахилгааны мөнгөө төлөх  зэрэгт тэдний цалингийн орлого, хөрөнгө холилдож байсан нь хэрэгт авагдсан нэхэмжлэгч, хариуцагч нарын банкны дансны хуулгууд, зохигчдын тайлбараар мөн тогтоогдож байна. 

Нэхэмжлэгч Б.*** нь “Би цалингийн зээл авч 6.895.000 төгрөгийг 2015 оны 04 сарын 03-ны өдөр Х.***ын дансанд шилжүүлсэн” гэж тайлбарлаж байх боловч энэ хугацаанд зохигчид хамтын амьдралтай байсан бөгөөд дээрх хөрөнгөд зохигчдын хөрөнгө, орлого холилдсон байх үндэслэлтэй .    

Нөгөө талаас хариуцагч нь:   “Б.*** нь хүүгээ нялх байхад хаяж явсныхаа дараа хүүхдийн тэтгэлгийг 3 нас хүртэл нь төлж чадахгүй, оронд нь энэ  автомашиныг та хоёрт үлдээе, хүүгээ 3 нас хүрэхээр хүүхдийн тэтгэлэг төлнө гэж хэлж  бид тохирсон, хүү маань 3 нас хүрч тохирсны дагуу тэтгэмж өгч эхлэх хугацаа болсон тул би 2019 оны 02 сарын 22-нд Төрийн банканд хүүдээ хадгаламж нээлгэсэн” гэж тайлбарлаж байх ба хэрэгт авагдсан Ү.***ийн 2019 оны  02 сарын 22-ны өдөр нээсэн, 02039988 дугаартай хадгаламжийн дэвтрийн хуулбар болон Б.*** нь 2020 оныг хүртэл автомашиныг нэхэмжлээгүй зэрэг байдлаас дүгнэвэл хариуцагч Х.***ын  дээрх тайлбар үндэслэлтэй  байна.  

Нэхэмжлэгч Б.*** нь автомашины үнэ 7.000.000 төгрөг, байшин засварлахад гарсан зардал 3.000.000 төгрөг, цахилгааны мөнгө 654.000 төгрөг, мөн хүү Ү.***тээ зориулж шилжүүлсэн 1.109.000 төгрөг, нийт 11.763.000 төгрөгийг Х.***аас гаргуулахаар нэхэмжилж байх боловч эдгээр нь Б.***, Х.*** нарын хамтын амьдралтай байх хугацаанд гарсан зардал байна. 

Мөн эдгээр зардал буюу хөрөнгөд зохигчдын хөрөнгө, орлого холилдсон, одоо хэн хэнийх нь оруулсан хөрөнгийн хэмжээг тодорхойлон тогтоох боломжгүй байна.      

Нөгөө талаас Гэр бүлийн тухай хуулийн 21-р зүйлийн 21.5-д:  Гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ, 

хуулийн 38-р зүйлийн 38.1-д:  Эцэг, эх нь насанд хүрээгүй .. хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй, гэж заасан байх ба нэхэмжлэгч Б.***гийн нэхэмжлэлийн шаардлага нь Гэр бүлийн эрх зүйн хүрээнд үүссэн, эцэг, эх нь хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй холбоотой асуудал болохыг дурдах нь зүйтэй. 

Мөн зохигчид тусдаа амьдарч эхэлсэн 2016 оны 10 сараас одоог хүртэл хүү Ү.*** нь эх Х.***ын асрамжид өсөж байгаа болох нь Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 151/ШШ2020/00805 тоот шийдвэрийн хуулбараар тогтоогдож байна. 

Нэхэмжлэгч Б.*** нь Гэр бүлийн тухай хуульд заасан хүүхдээ тэжээн тэтгэх үүргийнхээ дагуу, өөрийн сайн дураар хүү Ү.***т өгч байсан тусламж, тэтгэмжийн мөнгөө тооцон хариуцагч Х.***аас нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байх тул Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.3.1-д:  шаардлага хариуцах этгээд өөрөө хариу шаардлага гаргах эрхтэй байсан бөгөөд түүнийгээ суутган авсан, бол бусдын өр төлбөрийг сайн дураар төлсөн этгээд шаардлага гаргаж болохгүй гэж заасныг  баримтлан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагын эрх зүйн үндэслэлийг Иргэний хуулийн 492-р зүйлийн 492.1-д зааснаар тодорхойлж, хариуцагч Х.***ыг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж  нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан.   

Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөнөөс үүсэх үүрэг нь “хууль болон гэрээнд заасан үндэслэлгүйгээр хөрөнгө шилжсэн”, эсхүл “бусдын зардлаар, бусдын хөрөнгийг ашигласнаар хөрөнгөжсөн байх”  гэсэн 2 гол нөхцөлийн аль нэг хангагдсан байхыг шаарддаг. 

Хууль болон гэрээнд заасан үндэслэлгүйгээр хөрөнгө шилжсэн гэдэгт  хариуцагчид тодорхой хөрөнгө бий болсон явдал нь хууль ёсны биш буюу үндэслэлгүй, хуулийн дагуу бус, зөвтгөх шалтгаангүй, тайлбарлах боломжгүй байгааг ойлгодог бол  Бусдын зардлаар, бусдын хөрөнгийг ашигласнаар хөрөнгөжсөн гэдэгт  бусдад байх ёстой хөрөнгө, бусад этгээдийн хүч хөдөлмөрийн үр дүнд бий болсон хөрөнгө, түүний үр шимийг ашигласан тухай ойлголт юм. 

Иргэний хуулийн 496-р зүйлийн 496.1-д зааснаар  хэн нэг этгээд өөр этгээдийн өр төлбөрийг сайн дураар өөрөө мэдэж буюу андуурч төлсөн бөгөөд ийнхүү өрийг төлснөөр үүрэг бүхий этгээд үүргээсээ чөлөөлөгдсөн бол өрийг нь төлсөн этгээд тэр этгээдээр зардлаа төлүүлэхээр шаардах эрхтэй боловч  хуулийн 496 дугаар зүйлийн 496.3.1-д:  шаардлага хариуцах этгээд өөрөө хариу шаардлага гаргах эрхтэй байсан бөгөөд түүнийгээ суутган авсан бол бусдын өр төлбөрийг сайн дураар төлсөн этгээд шаардлага гаргаж болохгүй гэж заасан байна.           

Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэл, хариуцагчийн хариу тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь дүгнэж шийдвэрлэсэн болно.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:   

1. Иргэний хуулийн 496-р зүйлийн 496.1, 496.3.1-т зааснаар  Х.***аас  11.763.000 төгрөг гаргуулах тухай Б.***гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.                                                                                                                 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Б.***гээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 203.158 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс 14 хоногийн дараа  шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд  шийдвэрийг өөрөө  гардан аваагүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Д.ОТГОНЧУЛУУН