Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2021 оны 11 сарын 18 өдөр

Дугаар 129/ШШ2021/0053

 

 

 

 

 

 

 

 

 

 

                              129/ШШ2021/00533

 

 

 

                                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                                     

 

 

Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Байгалмаа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 03 дугаар баг 72-ын 10-08 тоотод оршин суух Б овгийн Т-н З нэхэмжлэлтэй

Хариуцагч: Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 07 дугаар баг Тамир хорооллын 26-08 тоотод оршин суух Б овгийн Э.М-д холбогдох

12.568.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Э, хариуцагч Э.М, хариуцагчийн өмгөөлөгч Ц.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.О нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Т.З шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 1. Э.М нь 2015 оны 03 сарын 27-ны өдөр 1.600.000 төгрөгийг 02 сарын хугацаатай сард 07  хувийн хүүтэй зээлсэн боловч уг мөнгөө өгч чадахгүй хугацаа сунгаж явсаар 2016 оны 03 сарын 27-ны өдрийг хүртэл хугацаа сунгасан. 1.600.000 төгрөгийн хүү 1 сард 112.000 төгрөг бөгөөд үүний хүүг төлж байгаагүй 12 сараар бодоход 1.344.000 төгрөг болох бөгөөд үндсэн мөнгө 1.600.000 төгрөгтэй нийлээд нийт 2.944.000 төгрөг болж байна. Үндсэн мөнгө 1.600.000 төгрөг хүү 1.344.000 нийт 2.944.000 төгрөгийн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувь буюу 1.472.000 төгрөгийг гэрээнд заасны дагуу алданги болгож нэхэмжилж нийтдээ 4.416.000 төгрөгийг, 2/ мөн 2015 оны 06 сарын 19-ний өдөр 600.000 төгрөгийг 2 сарын хугацаатай сард 7 хувийн хүүтэй зээлсэн ч хугацаандаа мөнгөө өгч чадахгүй байсаар 2016 оны 03 сарын 19-ний өдөр хүртэл сунгасан. 600.000 төгрөгийн хүү 1 сард 42.000 төгрөг үүний хүү өгч байгаагүй 9 сараар бодоход 378.000 төгрөг болох бөгөөд үндсэн мөнгө 600.000 төгрөгтэй нийлээд нийт 978.000 төгрөг болж байна. Үүний алданги болох 189.000 төгрөгийг гэрээнд заасны дагуу алданги болгон нэхэмжилж нийтдээ 1.167.000 төгрөгийг, 3/ мөн 2015 оны 09 сарын 30-ны өдөр 400.000 төгрөгийг 2 сарын хугацаатай сард 7 хувийн хүүтэй зээлсэн ч хугацаандаа мөнгөө өгч чадахгүй байсаар 2016 оны 03 сарын 30-ны өдрийг хүртэл сунгасан. 400.000 төгрөгийн хүү 1 сард 28.000 төгрөг, үүнийг хүү төлж байгаагүй 6 сараар бодоход 168.000 төгрөгийн хүү болох бөгөөд үндсэн мөнгө 400.000 төгрөгтэй нийлээд нийт 568.000 төгрөг болж байна. Үүний алданги болох 284.000 төгрөгийг гэрээнд заасны дагуу алданги болгож нэхэмжилж нийтдээ 852.000 төгрөгийг, 4/ мөн 2015 оны 10 сарын 09-ний өдөр 1.200.000 төгрөгийг сарын 7 хувийн хүүтэй 4 сарын хугацаатай зээлсэн боловч хугацаандаа өгөөгүй тул 1.200.000 төгрөгийн 1 сарын хүү 84.000 төгрөг нийт 4 сарын хүү 336.000 төгрөгийн хүү, үндсэн мөнгө болох 1.200.000 төгрөг нийт 1.536.000 төгрөгийн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувь буюу 768.000 төгрөгийг гэрээний дагуу алдангаар бодож нийтдээ 2.304.000 төгрөгийг, 5/ мөн 2015 оны 11 сарын 21-ний өдөр 1.000.000 төгрөгийг 2 сарын хугацаатай 1 сард 7 хувийн хүүтэй зээлсэн боловч хугацаандаа мөнгөө өгч чадалгүй 2016 оны 03 сарын 21-ний өдрийг хүртэл сунгасан. 1.000.000 төгрөгийн 1 сарын хүү 70.000 төгрөг, хүү төлж байгаагүй 04 сараар бодоход нийт 280.000 төгрөг үндсэн мөнгөтэйгөө нийт 1.280.000 төгрөг үүний алданги 640.000 төгрөг нийтдээ 1.920.000 төгрөгийг, 6/ мөн 2015 оны 11 сарын 25-ны өдөр 1.700.000 төгрөгийг 2 сарын хугацаатай 1 сард 7 хувийн хүүтэй зээлсэн ч хугацаандаа өгч чадалгүй 2016 оны 03 сарын 25-ны өдрийг хүртэл хугацааг сунгасан. 1.700.000 төгрөгийн 1 сарын хүү 119.000 төгрөг нийт 4 сарын хүү 476.000 төгрөг үндсэн мөнгөтэйгөө нийт 2.176.000 төгрөг үүнээс алданги 1.088.000 төгрөг нийтдээ 3.264.000 төгрөгийг тус тус нэхэмжилж байгаа. Миний байгуулсан гэрээ тус бүрт алданги нэхэмжлэх заалт байгаа болно. Ингээд нийтдээ 13.923.000 төгрөгөөс М-н өгсөн хүү болон үндсэн мөнгө нийт 1.355.000 төгрөгийг хасаад нийтдээ 12.568.000 төгрөгийг нэхэмжилж байгаа гэжээ.

 

Хариуцагч Э.М шүүхэд гаргасан тайлбартаа: 1/ Хариуцагч миний бие Т.Зандансүрэнгийн гаргасан 6 удаагийн гэрээгээр нэхэмжилсэн 12.568.000 төгрөгийн нэхэмжлэлтэй танилцлаа. Үүний зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй. Миний бие 2010 оны 05 сарын 27-нд 1.700.000 төгрөгийг авсан нь үнэн. Уг мөнгийг аваад сар бүр хүү болох 119.000 төгрөгийг 2012 оны 08 сарын 27-ны өдөр хүртэл өгч байсан. Хүү төлж байсан хугацаагаар бодоход 27х119000=3.213.000 төгрөг, 2012 оны 09 сарын 27-нд хүү болох 119.000 төгрөгөө өгөх гээд очихдоо үндсэн мөнгөнөөс 100.000 төгрөгийг өгч үндсэн зээлээс 1.600.000 төгрөг үлдсэн. Ингээд 1.600.000 төгрөгийн хүү болох 112.000 төгрөгийг 2015 оны 05 сарын 27-ныг хүртэл хугацаанд сар бүр өгч явж байсан. Энэ хугацаанд өгч байсан хүүг тооцвол 44х112000=4.928.000 төгрөг өгсөн. 2015 оны 05 сарын 27-нд хүүгээ өгөх гээд очихдоо одоо би энэ мөнгөний хүүг үнэндээ өгч чадахгүй ээ, тэгээд ч би өөрөө авч үрсэн мөнгө биш хүүг нь зогсоо гэсэн. Т.З юу ч дуугараагүй. Түүнээс хойш би Т.З-д боломжоороо бага багаар мөнгийг нь өгч байсан. Энэ мөнгийг миний хувьд Т.Зандансүрэнд өгч дуусгасан гэж бодож байна. 2010 оны 05 сарын 27-ны өдрөөс хойш 2015 оны 05 сарын 27-ны өдөр хүртэлх хугацаанд нийт 8.141.000 төгрөг түүнээс хойш 2016 оны 03 сарын 27-ныг хүртэлх хугацаанд 1.800.000 төгрөгийг бэлнээр өгсөн. 2/ 2015 оны 06 сарын 19-нд Т.З-с миний бие 600.000 төгрөгийг аваагүй. 3/ 2014 оны 09 сарын 30-нд Т.З-с миний бие 400.000 төгрөгийг авсан. 2014 оны 09 сарын 30-аас эхлэн 2 сарын хугацаатай авсан боловч 2 сарын дараа өгч чадаагүй сар бүр хүү болох 28.000 төгрөгийг өгч явсаар 2016 оны 03 сард 22 ширхэг 20 мянгатын дэвсгэрт бэлнээр нь авч ороод Шаргай төвийн ажлынх нь байранд оруулж өгсөн. Хажууд нь бэр болох дүү нь мөн цэцэрлэгийн багш Ганаа байсан. Надад хариулт мөнгө 12.000 төгрөг өгөх гээд задгай 2000 төгрөг алга гэхээр нь би за яахав 10.000 төгрөгөө л өгчих гээд 10.000 төгрөгийн хариулт авсан. Гэрээгээ хаах уу гэсэн гэрээнүүдээ гэртээ орхичихож орон гэртээ хариад устгая гэж хэлсэн. Энэ мөнгөний хүү 18х28000=504.000 төгрөг өгсөн байна. 4/ 2014 оны 10 сарын 09-нд Т.Зандансүрэнгээс миний бие 1.200.000 төгрөгийг зээлсэн нь үнэн. Хүүхдийн бие өвдөөд яаралтай эм тариа авах шаардлага гараад татварын хөнгөлөлтийн дэвтрээ барьцаанд тавиад мөнгө авсан. Энэ мөнгөний хүү болох 84.000 төгрөгийг сар бүр өгч байсан. 2015 оны татварын хөнгөлөлт ортол /06 сард/ хүү болох 8х84000=672.000 төгрөгийг бэлнээр өгч байсан. 6-р сард татварын хөнгөлөлт оронгуут үндсэн мөнгөнөөс 600.000 төгрөгийг өгч 600.000 төгрөг үлдсэн. 2015 оны 07 сараас үлдсэн 600.000 төгрөгийн хүү болох 42.000 төгрөгийг сар бүр өгч явж байгаад 2016 оны 11 сараас хүүг нь өгч чадаагүй нь үнэн. 5/ 2014 оны 11 сарын 21-нд 1.000.000 төгрөгийг Т.З-с миний бие охиныхоо тэжээгчээ алдсны 126.500 төгрөгийн дэвтэр болон виза картыг барьцаанд тавьж авсан нь үнэн. Энэ мөнгөний хүү болох 70.000 төгрөгийг миний охины виза картыг уншуулж авдаг байсан. Тухайн үед миний охин 126.500 төгрөг авдаг байсан. Энэ мөнгөнөөс нь хүүнд нь 70.000 төгрөгийг нь аваад үлдсэн 56.500 төгрөгийг нь үндсэн мөнгөнөөс нь хасч тооцдог байсан. 2015 оны 03 сард охиныхоо тэжээгчээ алдсны мөнгийг халамж үйлчилгээний хэлтсийн даргаас өргөдөл бичиж гуйж байгаад 2015 оныг дуустал бөөнөөр нь авсан. Энэ авсан мөнгөө Т.З-д бэлнээр 600.000 төгрөгийг аваачиж өгсөн. 600.000 төгрөгийг бэлнээр өгөөд 230.500 төгрөг үлдсэн. 230.500 төгрөгийн хүү болох 16000 төгрөгийг 2016 оны 11 сарыг хүртэл өгч байсан. 2016 оны 12 сар мөн 2017 оны 01 сарын хүү өгч чадаагүй байж байгаад 2017 оны 02 сард хүүг бөөнөөр нь 32000 төгрөг өгсөн. 2017 оны 04 сараас одоог хүртэл энэ мөнгөний хүүг өгч чадаагүй нь үнэн. 6/ 2015 оны 11 сарын 25-нд 1.700.000 төгрөгийг Т.З-с миний бие аваагүй нь үнэн. Эцэст нь хэлэхэд Т.Зандансүрэн хүнд 01 жилийн дотор тэр тусмаа сар, сарын хугацаатай өмнөх мөнгөө болон өгсөн мөнгөнийхөө хүүг авч чадахгүй байж дахин дахин мөнгө өгөөд байх уу. Би үнэхээр гомдолтой байна. Намайг итгэл үнэмшилгүй гүжирдэж нэр төрийг минь унагааж байгаа. Миний бие нь Т.З-тэй 2013 оноос хойш хуурай эгч дүүс шиг байж гоо сайхны бүтээгдэхүүнийг нь хүртэл борлуулж, хамтарч ажиллаж, мөн олон хүнээс мөнгө авахад нь хүртэл тусалж дэмжиж хүмүүсээс авч чадахгүй байсан мөнгийг нь хүртэл авч өгч байсан удаа 2-3 удаа байгаа. Тийм ч учраас надад 2014 оны 10 сарын 09-нд 1.200.000 төгрөг мөн 2014 оны 11 сарын 21-нд 1.000.000 төгрөгийг зээлсэн байх гэж бодож байна. Би үнэхээр гомдолтой байна гэжээ.

 

Хариуцагч Э.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хамгийн анх авсан мөнгө бол Т.Зандансүрэнг холбоонд нягтлан байхад нь 2010 онд би ажлынхаа эгчид авч өгсөн мөнгө байсан. Тэрнээс хойш аваагүй байж байгаад хүүхдийн бие муудаад 1.000.000 төгрөг авч байсан. 1.000.000 төгрөг, 1.200.000 төгрөгийг надад ойрхон зээлсэн. 1.000.000 төгрөгөө төлөхдөө би татварынхаа дэвтрийг Т.Зандансүрэнд өгсөн. Сүүлийн гэрээний мөнгийг би огт аваагүй. Т.З нэг хүнд нэгээс илүү удаа мөнгө зээлдэггүй. Өмнөх зээлээ өгөхгүй байхад надад 6 удаа зээл өгнө гэдэг нь ямар ч үнэмшилгүй байгаа юм. Намайг хөдөө ажлаар явж байхад Т.З татварын хөнгөлөлт орсон байна гэхээр нь би чиний данс руу чинь хийе гэхэд үгүй, бэлнээр авч өг гээд би бэлнээр мөнгө өгч байсан. З-д би мөнгөнүүдээ өгчихөөд одоо гэрээгээ устгая гэхээр “би юмаа энд хийдэггүй, гэртээ хадгалдаг гэдэг байсан. Т.З надад ерөөсөө байгуулсан гэрээгээ өгдөггүй байсан. 400.000 төгрөгийг би бэлнээр төлсөн. Тэгэхдээ Г-н хажууд мөнгө өгсөн. Энэ тухайгаа нэхэмжлэлийг авчихаад шүүхэд тайлбар гаргахдаа бичиж тайлбараа хотоос шуудангаар явуулж байсан юм.  Би хүнээс мөнгө авсан бол буцаагаад өгдөг. Нэг хэсэг хүүхэд өвдөөд мөнгөний хэрэг гарсан. Т.З яг мөнгөө өгөхдөө гэрээ хийдэггүй, дараа нь ажил дээр байж байхад яарсан сандарсан хүн машинтай ирээд, алив Мийгаа эгч гялс гарын үсгээ зураад өгчих гээд, учрыг нь ч олохгүй гэрээн дээр нь гарын үсгээ зурдаг байсан. Тухайн үед яараад зарим гэрээн дээр гарын үсэг зурсан байх магадлалтай. Би зээлж авсан мөнгөө хугацаанд нь хүүтэй нь төлж дуусгасан. Мөнгийг бэлнээр нь өгдөг байсан, мөнгө өгөхдөө гарын үсэг зуруулж авч байгаагүй. Намайг шүүхэд өгсний дараа би Т.З-д хоёулаа уулзъя гэхээр тэр надтай ерөөсөө уулзаагүй. Миний хувьд Т.З-с 600.000 төгрөг авснаа санахгүй байна. Бас хамгийн сүүлд авсан гэх 1.700.000 төгрөгийг би Т.Зандансүрэнгээс огт аваагүй.  1.600.000 төгрөг, 400.000 төгрөг, 1.200.000 төгрөг, 1.000.000 төгрөгийг зээлж авсан. 2015 оны 09 сарын 30-нд авсан 400.000 төгрөгийг би өөрт нь оруулж өгснийг гэрч Ж.Ганчимэгээр гэрчлүүлсэн. 1,000,000 төгрөгийг манай хүүгийн бие муудахад охиныхоо тэжээгчээ алдсаны дэвтэр, тухайн үед Капитал банкны шар өнгөтэй картаа Т.З-д өөрт нь өгч байсан. Сүүлд нь мөнгөө төлж дуусгаад дэвтэр, картаа авъя гэхэд Т.Зандансүрэн надад өгөөгүй. Дараагийн 1,200,000 төгрөгийг төлөөд дуусгасан. 1.600.000 төгрөгийг мөн төлж дуусгасан. Нэхэмжилсэн мөнгийг би хүлээн зөвшөөрөхгүй гэв.

 

Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, зохигчийн тайлбарыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Т.З хариуцагч Э.М-с 6 удаагийн зээлийн гэрээний төлбөр буюу

1. 2015 оны 03 сарын 27-ны өдрийн зээлийн гэрээний үндсэн зээл 1.600.000 төгрөг, хүү 1.344.000 төгрөг, алданги 1.472.000 төгрөг, нийт 4.416.000 төгрөг

2. 2015 оны 06 сарын 19-ний өдрийн зээлийн гэрээний үндсэн зээл 600.000 төгрөг, хүү 378.000 төгрөг, алданги 189.000 төгрөг, нийт 1.167.000 төгрөг,

3. 2015 оны 09 сарын 30-ны өдрийн зээлийн гэрээний үндсэн зээл 400.000 төгрөг, хүү 168.000 төгрөг, алданги 284.000 төгрөг, нийт 852.000 төгрөг,

4. 2015 оны 10 сарын 09-ний өдрийн зээлийн гэрээний үндсэн зээл 1.200.000 төгрөг, хүү 336.000 төгрөг, алданги 768.000 төгрөг, нийт 2.304.000 төгрөг,

5. 2015 оны 11 сарын 21-ний өдрийн зээлийн гэрээний үндсэн зээл 1.000.000 төгрөг, хүү 280.000 төгрөг, алданги 640.000 төгрөг, нийт 1.920.000 төгрөг,

6. 2016 оны 11 сарын 25-ны өдрийн зээлийн гэрээний үндсэн зээл 1.700.000 төгрөг, хүү 476.000 төгрөг, алданги 1.088.000 төгрөг, нийт 3.264.000 төгрөг тус тус төлөх үүрэгтэй байснаас төлөөгүй үлдэгдэл төлбөр нийт 12.568.000 төгрөг нэхэмжилжээ.

 

Хариуцагч Э.М “2015 оны 06 сарын 19-ний өдөр 600.000 төгрөг, 2016 оны 11 сарын 25-ны өдөр 1.700.000 төгрөгийг нэхэмжлэгч Т.З-с зээлээгүй, бусад 4 удаагийн зээлийг авсан боловч төлж дуусгасан, нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй” гэж маргаж, хариуцагчийн өмгөөлөгч “Т.З нь аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлгүй атлаа зээлийн үйл ажиллагаа тогтмол эрхэлж байсан нь хууль бус” гэж мэтгэлцэж байна.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж үлдснийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Дээрх зээлийн гэрээнээс 2015 оны 06 сарын 19-ний өдрийн 600.000 төгрөг, 2016 оны 11 сарын 25-ны өдрийн 1.700.000 төгрөгийг аваагүй гэж хариуцагч маргаж байгаа боловч зээлийн гэрээнд зурсан гарын үсэг Э.М-н гарын үсгийн чөлөөт, харьцангуй чөлөөт, туршилтын загваруудтай ерөнхий болон хувийн онцлог шинж тэмдгээр тохирч  байна гэсэн 2021 оны 08 сарын 12-ны өдрийн 1926 тоот шинжээчийн дүгнэлтээр зохигч зээлийн гэрээ байгуулж Т.З нь Э.М-д 2015 оны 03 сарын 27-ны өдөр 1.600.000 төгрөг, 2015 оны 06 сарын 19-ний өдөр 600.000 төгрөг, 2015 оны 09 сарын 30-ны өдөр 400.000 төгрөг, 2015 оны 10 сарын 09-ний өдөр 1.200.000 төгрөг, 2015 оны 11 сарын 21-ний өдөр 1.000.000 төгрөг, 2016 оны 11 сарын 25-ны өдөр 1.700.000 төгрөг зээлдүүлсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Хариуцагч Э.М нэхэмжлэгчийн зээлдүүлсэн мөнгийг бүгдийг нь буцаан төлсөн гэх тайлбараа нотлох баримтаар нотолж чадахгүй байна.

 

Нэхэмжлэгч Т.З-н зээлдүүлсэн мөнгөнөөс  2015 оны 09 сарын 30-ны өдөр авсан 400.000 төгрөгийг хариуцагч нь нэхэмжлэгчид буцаан төлсөн нь гэрч Ж.Г-н мэдүүлгээр тогтоогддог, мөн нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ хариуцагчаас хүү болон үндсэн мөнгө 1.355.000 төгрөг буцаан авсан гэснийг тус тус үндэслэн Э.М-г Т.З-д нийт 1.755.000 төгрөг /400.000+1.355.000/ төлсөн гэж үзлээ.

 

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд 2015 оны 03 сарын 27, 2015 оны 06 сарын 19, 2015 оны 09 сарын 30, 2015 оны 10 сарын 09, 2015 оны 11 сарын 21, 2016 оны 11 сарын 25-ны өдөр зохигчийн байгуулсан зээлийн гэрээнүүдийг тогтсон загвар, нөхцлөөр байгуулсан байдал, мөн Т.З-н нэхэмжлэлтэй зээлийн гэрээний маргааныг шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрүүд зэргээр нэхэмжлэгч Т.З нь зээлийн үйл ажиллагаа тогтмол эрхэлж, хариуцагч Э.М-д 6 удаагийн зээлийн гэрээгээр нийт 6.500.000 төгрөг зээлдүүлжээ.

 

Зээлийн үйл ажиллагааг байнгын орлого олгох хэлбэрээр тогтмол эрхэлж байгаа этгээд зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй байхаар Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3.4-т заасан бөгөөд Т.Зандансүрэнг зээлийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөлтэй гэж үзэх баримт хэрэгт авагдаагүй тул нэхэмжлэгчийг зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлгүй  гэж үзнэ.

 

Иймд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болж байгаа 2015 оны 03 сарын 27, 2015 оны 06 сарын 19, 2015 оны 09 сарын 30, 2015 оны 10 сарын 09, 2015 оны 11 сарын 21, 2016 оны 11 сарын 25-ны өдрийн зээлийн гэрээнүүдийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэх үндэслэлтэй.

 

Зохигчийн байгуулсан дээрх зээлийн гэрээ хүчин төгөлдөр бус тул нэхэмжлэгч Т.З зээлийн хүү болон алдангийг хариуцагчаас шаардах эрхгүй, харин талууд хэлцлээр шилжүүлсэн зүйлээ харилцан буцааж өгөх үүрэгтэй.

 

Иймээс нэхэмжлэгчийн зээлийн гэрээ байгуулж шилжүүлсэн 6.500.000 төгрөгөөс хариуцагчийн буцаан төлсөн 1.755.000 төгрөгийг хасаж, үлдсэн 4.745.000 төгрөгийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д заасны дагуу Э.М-с гаргуулж нэхэмжлэгч Т.З-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 7.823.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.  

 

            Нэхэмжлэгч Т.З нь өөрийн эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар хариуцагч Э.М-с 4.745.000 /дөрвөн сая долоон зуун дөчин таван мянга/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Т.Зандансүрэнд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 7.823.000 /долоон сая найман зуун хорин гурван мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 216.038 /хоёр зуун арван зургаан мянга гучин найм/ төгрөгийг орон нутгийн орлогод үлдээж, хариуцагч Э.М-с 90.870 /ерэн мянга найман зуун дал/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Т.З-д олгосугай.

 

3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах, шүүх хуралдаанд оролцоогүй зохигчид шүүх гардуулах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

          4. Зохигч, тэдгээрийн өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

                                            

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Д.БАЙГАЛМАА