| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Загдаагийн Болдбаатар |
| Хэргийн индекс | 185/2025/0023/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/481 |
| Огноо | 2025-02-12 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | М.Бэлгүтэй |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 02 сарын 12 өдөр
Дугаар 2025/ШЦТ/481
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Болдбаатар даргалж, тус шүүхийн “В” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Болдбаатар даргалж,
нарийн бичгийн дарга Х.Лхагвамаа,
улсын яллагч М.Бэлгүтэй,
хохирогчийн өмгөөлөгч С.Пүрэвдорж,
шүүгдэгч Б.Г, түүний өмгөөлөгч Я.Энхжаргал нарыг оролцуулан эрүүгийн 2403008270*** дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Г- нь 2024 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр 7 цаг 59 минутын орчимд С дүүргийн ** дүгээр хороо ...-ийн урд замд Toyota Camry маркийн 00-00 улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 16.1-т заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө”, мөн дүрмийн Дарааллын тэмдгийн 3.5-т заасан «Зогсохгүй явах хориотой» - хөдөлгөөний зохицуулгагүй үед «Зогс-шугам» тэмдэглэлийн өмнө буюу тэмдэглэлгүй бол зорчих хэсгийн огтлолцлын өмнө зогсолт хийхгүйгээр явахыг хориглоно” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас явган хүний зохицуулдаггүй гарцаар зам гарч байсан явган зорчигч Б.О-ийг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Тээврийн прокуророос Б.Г-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн дүгнэлт
Хавтас хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтууд, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, хохирогч Б.О-ийн мэдүүлэг, шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 12885 тоот актын дүгнэлт, Баянзүрх дүүргийн техникийн хяналтын үзлэгийн төвийн 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн шинжээчийн дүгнэлт, Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Б-ын гаргасан 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 1768 дугаартай дүгнэлт, шүүгдэгчээр мэдүүлсэн мэдүүлэг, тайлбараар Б.Г- нь 2024 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр 7 цаг 59 минутын орчимд С дүүргийн ** дүгээр хороо ...-ийн урд замд Toyota Camry маркийн 00-00 улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 16.1-т заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө”, мөн дүрмийн Дарааллын тэмдгийн 3.5-т заасан «Зогсохгүй явах хориотой» - хөдөлгөөний зохицуулгагүй үед «Зогс-шугам» тэмдэглэлийн өмнө буюу тэмдэглэлгүй бол зорчих хэсгийн огтлолцлын өмнө зогсолт хийхгүйгээр явахыг хориглоно” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас явган хүний зохицуулдаггүй гарцаар зам гарч байсан явган зорчигч Б.О-ийг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.Г-ын дээрх Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас хохирогч Б.О-ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт нь:
шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Г-ын мэдүүлсэн: “...Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн, нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.
түүний мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “…Би 2024 оны 09 дүгээр сарын 27-ний өдөр СБД-н 11-р хороо хангай хотхон 50- 37 тоотод байрлах гэрээсээ гараад ээж Т-ыг Г-ийн гүүрний ойролцоо байдаг ажил руу нь хүргэж өгөх гээд найз залуу Эрдэнэсамбуугийн эзэмшлийн Тоуоtа Саmry маркийн 00-00 дугаартай тээврийн хэрэгслийг жолоодоод ...-ийн урд талын замаар ертөнцийн зүгээр зүүнээс баруун тийш чиглэлтэй зорчих хэсгийн 2-р эгнээгээр ойролцоогоор 10 км цагийн хурдтай явж байтал явган хүний гарц нэвтрээд баруун эргэх үед баруун талаас явган зорчигч зам дээр алхаад гараад ирсэн тэгээд би явган зорчигчийг хараад тоормосоо гишгээд зогсож амжилгүй мөргөөд тухайн хүн газар унасан тэгээд би машинаа зогсоогоод машинаасаа буугаад явган зорчигч О-ийг машиндаа суулгаад гэмтлийн эмнэлэг рүү явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 85/,
хохирогч Б.О-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би 2024 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр өглөө ... дээр ажилтай байсан тул би 07цаг 20 минутын үед ...-ийн зүүн талд байдаг хөгжмийн оффис дээрээсээ гараад Г маркетын урд талын замаар буюу ...-ийн урд талын явган хүний гарцаар ертөнцийн зүгээрээ хойноосоо урагшаа чиглэлтэй зам хөндлөн гарч байтал зорчих хэсгийн миний зүүн талаас нэг машин хурдтай ганцаараа ирээд миний зүүн талаас мөргөсөн. Тухайн үед машин хүрээд ирэхээр нь би яахаа мэдэхгүй зогстол машин намайг мөргөөд би машины копут дээр нь хоёр гараараа тулаад байхад машин зогсохгүй яваад намайг мөргөөд би газар унасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 13 хуудас/,
102 тусгай дугаарын утсанд ирсэн дуудлага, лавлагааны хуудас /хх-ийн 3/,
2024 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоогдсон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 4-8/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 12885 дугаартай “1. Б.О-ийн биед баруун шагай ясны сэлтэрсэн хугарал, тавхайн чигчий хурууны өлмий ясны зөрүүгүй хугарал, баруун шилбэнд зулгаралт, зүүн шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 4. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-д зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 54-56/,
Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн 10 дугаар сарын 9-ний өдрийн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 62-65/,
Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Б гаргасан 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 1768 дугаартай “Мөрдөгчийн магадлагаа” /хх-ийн 68/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдсон байна гэж шүүх үзэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.
Шүүгдэгч Б.Г- нь 2024 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр 7 цаг 59 минутын орчимд С дүүргийн ** дүгээр хороо ...-ийн урд замд Toyota Camry маркийн 00-00 улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 16.1-т заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө”, мөн дүрмийн Дарааллын тэмдгийн 3.5-т заасан «Зогсохгүй явах хориотой» - хөдөлгөөний зохицуулгагүй үед «Зогс-шугам» тэмдэглэлийн өмнө буюу тэмдэглэлгүй бол зорчих хэсгийн огтлолцлын өмнө зогсолт хийхгүйгээр явахыг хориглоно” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас явган хүний зохицуулдаггүй гарцаар зам гарч байсан явган зорчигч Б.О-ийг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хариуцлагын дүгнэлт
Шүүгдэгч Б.Г-ын дээрх үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүх шүүгдэгч Б.Г-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 2.700 /хоёр мянга долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.
Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Г-ын хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан энэ тогтоолоор оногдуулсан торгуулийн ялыг 10 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтов.
Бусад асуудлын талаар
Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч Б.О-ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан бөгөөд шүүгдэгчээс эмчилгээний зардалд баримтаар 1.671.000 төгрөг, унааны зардалд 364.110 төгрөг, бусад зардалд 946.967 төгрөг, ажилгүй байсан үеийн зардалд 2.800.000 төгрөг, нийт 5.782.077 төгрөг нэхэмжилсэн байна.
Шүүгдэгч нь мөрдөн шалгах ажиллагааны үед хохирол, төлбөрт 10.000.000 төгрөг төлж барагдуулсан, хохирогчид нь шүүгдэгчээс нэмж нэхэмжлэх зүйлгүй гэжээ.
Иймд шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.
Хохирогч Б.О- нь Эрүүл мэндийн даатгалын сангаас 199.163 төгрөгийн тусламж үйлчилгээ авсан бөгөөд шүүгдэгч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад иргэний нэхэмжлэлийг төлж барагдуулсан болохыг дурдах нь зүйтэй.
Харин хохирогч Б.О- нь гэм буруутай этгээдээс цаашид гарах эмчилгээний зардал болон бусад хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.О- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Б.Г-ыг Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.Г-ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 2.700 /хоёр мянга долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г- нь энэ тогтоолоор оногдуулсан 2.700.000 төгрөгийн торгох ялыг 10 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэг зааснаар Б.Г- нь тогтоосон хугацаанд торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын 15.000 төгрөгийг хорих ялын 1 хоногоор тооцож сольдог болохыг түүнд тайлбарласугай.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч Б.Г-д оногдуулсан 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассан нэмэгдэл ялыг ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.
6.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь хэрэгт авагдсан баримтаар бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдаг хоригдон хоноггүй, болохыг тус тус дурдсугай.
7.Хохирогч нь гэм буруутай этгээдээс цаашид гарах эмчилгээний зардал болон бусад хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
9.Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
10.Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Г-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.БОЛДБААТАР