| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Загдаагийн Болдбаатар |
| Хэргийн индекс | 194/2025/0171/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/495 |
| Огноо | 2025-02-13 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Э.Баасанбаяр |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 02 сарын 13 өдөр
Дугаар 2025/ШЦТ/495
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Болдбаатар даргалж, тус шүүхийн байрны “Ё” танхимд нээлттэй хийсэн хуралдаанд
нарийн бичгийн дарга Х.Лхагвамаа,
улсын яллагч Э.Баасанбаяр,
шүүгдэгч М.Г, түүний өмгөөлөгч Э.Түдэв нарыг оролцуулан эрүүгийн 2406001032*** дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч М.Г- нь 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Б дүүргийн 00 дугаар хороо, И худалдааны төвд ажиллаж байхдаа хохирогч Б.Н-ийн Ай фоне 12 загварын гар утас буюу өөрт нь хариуцуулсан эд хөрөнгийг эзэмшигчийн зөвшөөрөлгүй завшиж бусдад 1.225.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Баянзүрх дүүргийн прокуророос М.Г-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн дүгнэлт
Хавтас хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтууд, хохирогч Б.Н-ийн мэдүүлэг, хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ийн 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн Б32-23-2303 дугаартай дүгнэлт, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, шүүгдэгч М.Г-ын сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээр хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг тайлбараар М.Г- нь 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Б дүүргийн 00 дугаар хороо, И худалдааны төвд ажиллаж байхдаа хохирогч Б.Н-ийн Ай фоне 12 загварын гар утас буюу өөрт нь хариуцуулсан эд хөрөнгийг эзэмшигчийн зөвшөөрөлгүй завшиж бусдад 1.225.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Шүүгдэгч М.Г-ын дээрх бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан үйл баримт нь:
шүүгдэгч М.Г-ын шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,
түүний мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би 2023 оны 11 дүгээр сарын 28-ийн өдөр 19 цагийн үед И-ын 2 давхарт ажил дээрээ нойлын цаасны хэсгийг Н-тэй дүүргэх ёстой байсан. Тэгээд Н-ийн утаснаас би харж байгаад бараагийн бэлдэж өгсөн. Тэгээд бид 2 хоёр удаа бараа зөөдөг лифтээр бараагаа доошоо бууж аваад гарч ирсэн. Тэгээд бараагаа доороос аваад би бокны хэсгийг дүүргээд шууд хойд талын өрөөнд орсон тэгээд би лифтний урд хэсэг сууж байгаад лифт рүү орсон чинь миний халаасанд Н-ийн утас байсан тэгээд утсыг гаргаж ирээд тойруулж хараад утасныхан дууг хаасан тэгээд би буухдаа утасныхан дууг нээсэн тэгээд би өрөөстэй барааг лифтэнд оруулж тавьчхаад буцаж гараад доошоо буугаад бараа авчаад дээшээ гараад буцаад лифтний урд очиж суусан тэгээд байж байхад Н- ирэхээр нь би нойл орлоо гээд шатаар 51-ийн нойл руу орсон тэгээд заал руу гараад ирсэн чинь бараа авч байгаа хүн доошоо буугаад бараа аваад ир гэсэн би барааг нь авчирч өгөөд байж байхад Н- утас асуусан тэгэхээр нь би утас чинь надад байхгүй би хаячихсан гэж хэлсэн...” /хх-ийн 19-20/,
хохирогч Б.Н-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр би ажил дээрээ байхдаа 19 цагийн үед би ажлынхаа Г- утсыг нь мэдэхгүй байна гэх/ гэдэг залуутай хамт лифтээр 2 давхарт гараад бараагаа өрж байгаад би Г-оос гар утсан дээрээ зураг харуулаад бараа асуугаад энэ хаана байгаа билээ гэж ярьж асууж байгаад Г-д гар утас аа үлдээчхээд бараагаа янзалж байгаад 10 орчим минутын дараа буцаад ирсэн чинь Г- миний утсыг хаана тавьсан аа санахгүй байна. Энд тавьсан юм даа гээд лангууны цаад талын бараагаа хураадаг хэсэгт тавьсан санагдаж байна гэж яриад байсан. Тэр дор нь залгаж үзсэн чинь холбогдох боломжгүй байсан. Тийшээ харсан камер байгаа эсэхийг нь мэдэхгүй байна. Тэгээд 22 цаг 30 минутын үед ажлаасаа буух гээд хувцас аа сольж байхдаа би Г-оос утас аа яах вэ гэж асуусан чинь маргааш ярилцах уу. Би одоо давхар ажил хийж байгаа. Ажил руугаа явах гээд байна гэж хэлсэн... Би утасны хохирлын мөнгө болох 1.225.000 төгрөгийг хүлээн авсан. Надад ямар нэгэн гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 15, 83/,
Хөрөнгө үнэлгээний “Дамно” ХХК-ийн 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн Б32-23-2303 дугаартай дүгнэлт /хх-ийн 27-29/,
Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 39/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдож байна гэж шүүх үзэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.
Шүүгдэгч М.Г- нь 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Б дүүргийн 00 дугаар хороо, И худалдааны төвд ажиллаж байхдаа хохирогч Б.Н-ийн Ай фоне 12 загварын гар утас буюу өөрт нь хариуцуулсан эд хөрөнгийг эзэмшигчийн зөвшөөрөлгүй завшиж бусдад 1.225.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч М.Г-ын дээрх үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүх шүүгдэгч М.Г-од эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, хохирлоо нөхөн төлсөн зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан түүнд 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл хэмжээний дотор 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэв.
Шүүгдэгч М.Г- нь өмнө Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 2024/ШЦТ/724 дугаартай шийтгэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлэн уг ялаа эдэлж байсан бөгөөд Хорих 409 дүгээр ангийн ялын тооцооны тодорхойлолтоор түүний ялын тооцоог 2024 оны 11 дүгээр сарын 09-ний өдрөөр тасалбар болгон тодорхойлоход тэрээр 05 сар 10 хоног үлдэгдэлтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1-д “Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн, эсхүл шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно.” гэж, мөн зүйлийн 2-т “Шүүх хэд хэдэн шийтгэх тогтоолоор хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол энэ хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмаар нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно.” гэж заасан байна.
Иймд түүнд энэ тогтоолоор оногдуулсан 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг хорих ялын 1 хоногоор тооцож 30 хоногийн хугацаагаар хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 5 сар 10 хоногийг хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 5 сар 40 хоногийн хугацаагаар тогтоосон болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Г-ын энэ хэрэгт цагдан хоригдсон 57 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй.
Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтов.
Бусад асуудлын талаар
Шүүгдэгч М.Г-ын үйлдлийн улмаас хохирогч Б.Н-д 1.225.000 төгрөгийг хохирол учирсан.
Шүүгдэгч М.Г-д нь мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогчид 1.225.000 төгрөгийг нөхөн төлсөн, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй /хх-ийн 83/ гэжээ.
Иймд шүүгдэгч М.Г-ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсаргаж, хэрэгт эд битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч М.Г-ыг Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч М.Г-ыг 240 /хоёр зуун дөч/ нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Г-од энэ тогтоолоор оногдуулсан 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг хорих ялын 1 хоногоор тооцож 30 хоногийн хугацаагаар хорих ял дээр өмнөх Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 2024/ШЦТ/724 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 5 сар 10 хоногийг хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 5 сар 40 хоногийн хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Г-ын энэ хэрэгт цагдан хоригдсон 57 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч М.Г-од оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсаргасугай.
7.Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шүүгдэгч М.Г-од урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
9.Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
10.Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Г-од урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.БОЛДБААТАР