| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Загдаагийн Болдбаатар |
| Хэргийн индекс | 194/2025/0127/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/517 |
| Огноо | 2025-02-17 |
| Зүйл хэсэг | 10.1-1, |
| Улсын яллагч | С.Баяр-Эрдэнэ |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 02 сарын 17 өдөр
Дугаар 2025/ШЦТ/517
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Болдбаатар даргалж, шүүгч шүүгч Г.Ууганбаатар, шүүгч Э.Чанцалням нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд
нарийн бичгийн дарга Х.Лхагвамаа,
иргэдийн төлөөлөгч Ч.Б,
улсын яллагч С.Баяр-Эрдэнэ,
шүүгдэгч Э.М, түүний өмгөөлөгч Ц.Дуламсүрэн оролцуулан эрүүгийн 240900000**** дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Э.М- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2024 оны 08 дугаар сарын 14-ний өдөр С дүүргийн 000 дүгээр хороо “И” нэртэй павильоны үүдэнд А.А-тэй “гар утас авсан” гэх шалтгаанаар маргалдан муудалцаж, улмаар цээжин тус газар нь 2 удаа хутгалсны улмаас амь хохирогч нь цээжний хөндий рүү нэвтэрсэн шарх, гол судас хатгагдсан шарх гэмтэл учруулан амь насыг нь хохироож, хүнийг алах гэмт хэрэгт холбогджээ.
С дүүргийн прокуророос Э.М-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Үүнд: хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Н-гийн мэдүүлэг /1хх-ийн 34-35/,
гэрч Д.О-ы мэдүүлэг /1хх-ийн 38-39/,
гэрч А.С-ийн мэдүүлэг /1хх-ийн 44/,
гэрч Ц.Т-ын мэдүүлэг /1хх-ийн 46-47/,
гэрч Э.О-ийн мэдүүлэг /1хх-ийн 49/,
гэрч Ц.Д-ийн мэдүүлэг /1хх-ийн 51-52/,
гэрч С.О-ын мэдүүлэг /1хх-ийн 54-55/,
гэрч Х.М-ын мэдүүлэг /1хх-ийн 57-58/,
гэрч Ч.Х-ын мэдүүлэг /1хх-ийн 60/,
гэрч Б.М-ийн мэдүүлэг /1хх-ийн 62/,
гэрч О.А-ын мэдүүлэг /1хх-ийн 64/,
гэрч Ц.Ц-ийн мэдүүлэг /1хх-ийн 71-72/,
гэрч Д.С-ын мэдүүлэг, /1хх-ийн 74/,
гэрч С.Б-ийн мэдүүлэг, /1хх-ийн 76-77/,
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 3-6/,
Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлтүүд, /1хх-ийн 7-9/,
Нийслэлийн түргэн тусламжийн төвийн хүлээлцэх хуудас, /1хх-ийн 11/, Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, /1хх-ийн 17-24/,
Шүүх сэтгэц эмгэг судлалын 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 926 дугаартай Э.М-д хийсэн дүгнэлт, /1хх-ийн 136-138/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 2829 дугаартай “Цогцост хийсэн” шинжээчийн дүгнэлт, /1хх-ийн 144-148/,
Шинжээч эмч Н.Э-гийн мэдүүлэг, /2хх-ийн 19/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 2590 дугаартай Камерын дүрс бичлэг хөрвүүлэн авч DVD дискэнд хуулбарлан хүргүүлэв гэсэн дүгнэлт, /1хх-ийн 159-160/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 2587 дугаартай амь хохирогчийн хувцсанд хийсэн шинжээчийн дүгнэлт, /1хх-ийн 171-172/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 4705 дугаартай хутганд хийсэн шинжээчийн дүгнэлт, /1хх-ийн 193-195/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 4706 дугаартай хэргийн газрын үзлэгээр бэхжүүлэн авсан цус мэт зүйлд хийсэн шинжээчийн дүгнэлт, /1хх-ийн 201-202/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 2627 дугаартай хутганд хийсэн шинжээчийн дүгнэлт, /1хх-ийн 219-220/,
Хүний сэтгэцэд учирсан хор уршиг арилгахтай холбоотой Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 09 дүгээр сарны 04-ний өдрийн 04а/6033 дугаартай албан бичиг, /1хх-ийн 132/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 10966 дугаартай “Хүний биед хийсэн” шинжээчийн дүгнэлт, /1хх-ийн 235-237/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 4788 дугаартай “Улаан шар өнгийн хутганд хийсэн” шинжээчийн дүгнэлт, /1хх-ийн 244-245/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 4789 дугаартай “М- гэж хаягласан хуруу шилтэй цусанд хийсэн” шинжээчийн дүгнэлт, /2хх-ийн 3-4/,
Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтэст бүртгэлийн 13962 дугаартай мэдээлэлд шалгасан материалыг хуулбарлан авах прокурорын зөвшөөрөл болон холбогдох материалууд, /2хх-ийн 27-53/,
Цэргийн төв эмнэлгээс прокурорын зөвшөөрлөөр Э.М-той холбоотой эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан талаарх хуулбар баримтууд /2хх-ийн 55-88/,
яллагдагч Э.М-гийн мэдүүлэг, /1хх-ийн 90-91, 93-96/,
яллагдагч Э.М-гийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас, /2хх-ийн 96/,
Иргэний үнэмлэхийн лавлагаа /2хх-ийн 106/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.
Гэм буруугийн дүгнэлт:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх бичгийн нотлох баримтууд, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд, оролцогч нарын мэдүүлэг, тайлбараар шүүгдэгч Э.М- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2024 оны 08 дугаар сарын 14-ний өдөр С дүүргийн 000 дүгээр хороо “И” нэртэй павильоны үүдэнд А.А-тэй “гар утас авсан” гэх шалтгаанаар маргалдан муудалцаж, улмаар цээжин тус газар нь 2 удаа хутгалсны улмаас амь хохирогч нь цээжний хөндий рүү нэвтэрсэн шарх, гол судас хатгагдсан шарх гэмтэл учруулан амь насыг нь хохироож, хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн” үйл баримт тогтоогдож байна.
Энэхүү үйл баримт нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.М-гийн мэдүүлсэн: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн. Гэмт хэрэг хийсэн гэм буруу дээр маргахгүй. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү...” гэв.
түүний мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Хэрэг гарахын өмнөх өдөр буюу 2024.08.13-ны өдөр эхнэр бид хоёр өдөр цалингийн асуудлаас болж маргалдсан би тухайн өдөр гэртээ ганцаараа архи уугаад согтуу байсан маргалдсан шалтгаан нь миний ажилласан барилгын захирал цалингаа өгөхгүй байсан тэгээд эхнэр цувуулж авна гээд би бөөнд нь авна гээд маргалдаад эхнэр орой 23 цагийн үед охиноо аваад хадам аавын гэр рүү явсан би ганцаараа үлдээд нэмж архи уугаад ганцаараа хоносон тэгээд хэрэг гардаг өдөр буюу 2024.08.14-ний өдөр би өглөө сэрэхэд архи гараагүй согтуу байсан тэгээд өглөө 8 цагийн үед дэлгүүр орж тамхи авчхаад ...-автобусны буудал дээр явж байхад танихгүй хүмүүс таараад надаас тамхи байна уу, гал байна уу гэж асуухаар нь би тамхилаад зогсож байсан чинь нэг нь ганц шил юм аваад өгөөч гэхээр нь би 0.5л хэмжээтэй Х нэртэй архи аваад ...-эцэс дээр байсан 4-5 танихгүй хүмүүстэй архи хувааж уугаад байж байсан тэгэхэд тэд нар утас байна уу гэхээр нь би байгаа гээд өөрийнхөө Самсунг А82 загварын цэнхэр, саарал өнгийн гар утсыг гаргаж ирээд тэд нарт өгөхөд бие биедээ дамжуулаад утсаар яриад байсан тэгээд хохирогч бид нар дээр ирээд хажууд зогсож байгаад миний утсыг хараад утсаа өгчих гэхээр нь би өгсөн надтай байсан хүмүүс хохирогчийг таньж байсан. Тэгээд хохирогч миний утсыг аваад ...-төв зам хөндлөн гараад Ч--ийн нутаг дэвсгэрт байдаг дэлгүүрийн нэрийг нь мэдэхгүй байна нэг дэлгүүр рүү орсон байсан би араас нь ороод утсаа авъя ахаа гэхэд утсыг чинь 3 шил архинд тавьчихлаа гэхээр нь би утсаа авъя гээд худалдагч эмэгтэйд хэлэхэд архинд тавьчихлаа ш дээ гээд миний утсыг өгөхгүй байсан энэ хооронд хохирогч дэлгүүрээс гараад надтай цуг байсан хүмүүс дээр очиж байсан Тэгээд би араас нь очиход хохирогч шатан дээр сууж байсан би урд нь очиход тухайн үед манаралттай нэлээн согтуу хэсэгхэн хугацаанд өөрийгөө хянаж чадаагүй тэгээд би нэг сэргэхэд нөгөө хохирогч хажууд унаж байсан миний баруун гарт миний халаасанд байсан жижиг эвхэгддэггүй тонгорог байсан тэгээд би ухаан ороод айгаад зугтчихсан тэгээд би гэр рүүгээ гүйж байхад замд эхнэр худаг дээр ус аваад байж байхаар нь би эхнэр дээр очоод би буруу зүйл хийчихлээ гэсэн чинь эхнэр юу хийсэн юм бэ гэхээр нь би хүн алчих шиг боллоо буруу зүйл хийчихлээ гэж хэлээд гэртээ очиж хувцсаа солиод хүн хутгалсан хутгаа сольсон хувцасныхаа халаасанд үргэлжлүүлж хийгээд гарах гэхэд эхнэр ороод ирсэн тэгээд эхнэр намайг чи хайчих гэж байгаа юм гэхэд нь би эгчийнд очлоо гэхэд чи байж байгаач гэхээр нь би айсан байсан болохоор шууд гэрээсээ гараад засварын буудлаас сандарсан байсан болохоор хамгийн эхэнд ирсэн автобусанд суугаад бөмбөгөр худалдааны төвийн ойролцоо буугаад өөр автобусанд суугаад 5-н шар дээр буугаад үргэлжлүүлэн тахилтын автобусанд суугаад тахилтад байдаг эгч Г-ийн гэрт очиход цаг ойролцоогоор 14 цаг болж байсан тэгээд эгчийнд очиход гэр нь цоожтой хашаанд нь байдаг амбаар нь онгорхой байхаар нь онгойлготол дотор нь гэрийн эд зүйл өрөөд хураалттай байхаар нь би амбаарт нь ороод би юу хийчхэв ээ гээд бодсон тэгэхэд миний архи бараг гарчихсан байсан Тэгээд би тухайн өдрөө эгчийн хашаанд байдаг амбаарт хоноод сэрэхэд шөнө сэрээд амбаараас гарч эгчийн гэрт орж үнэнээ хэлэх гэсэн чинь амбаар гаднаас цоожтой байсан тухайн амбаарт цонх байгаагүй цаг баримжаалах хэцүү байсан миний бодлоор шөнийн 3-4 цаг болж байсан байх тэгээд би хүн алчихсан хадам аавд юу гэж хэлэх үү, ээж, эгч, дүү нарынхаа царайг яаж харах уу үхье гэж шийдээд хохирогчийг хутгалсан хутгаараа өөрийнхөө цээжний зүүн хэсэгт 3 удаа хурдан хурдан хатгахад өвдөлт мэдрэгдээд цус гараад би өөрийнхөө үйлдлийг ойлгохгүй болоод элий балай хүн шиг болоод ухаан алдчихсан байсан байх тэгээд нэг сэргэхэд эгч ирчихсэн намайг дуудаад амбаарын хаалга онгойчихсон байсан тэгээд би гараад очиход энгийн хувцастай цагдаа нар ирчихсэн байсан би амбаараас гарч байхад бие тэнхэлгүй шууд сөхөрч суухад цагдаа намайг тосож аваад амбаараас гаргаад эмнэлэг дуудаад Ц-т ирээд уушги, зүрхний хагалгаанд ороод 8 хоног хэвтэж эмчлүүлээд үргэлжлүүлэн цагдан хоригдож байна би хийсэн хэрэгтээ чин сэтгэлээсээ гэмшиж байна. Хохирогч бид хоёр бие биеэ огт таньдаггүй байсан. Үгүй би танихгүй тухайн хэрэг гарахын 30 орчим минутын өмнө нь л танилцсан. Би маш их согтолттой байсан, өөрийн үйлдлийг ухамсарлах ямар нэгэн чадвар байгаагүй. Мэдэхгүй байна. Хэрэг гарахын өмнөх өдөр буюу 2024.08.13-ны өдөр эхнэр бид хоёр ...-эцэс дээрх дэлгүүрээс мах авахдаа гэрт хутга байхгүй байсан болохоор жижиг эвхэгддэггүй тонгорог худалдаж аваад халаасандаа хийчихсэн байсан. Би тухайн өдөр мөн согтуу байсан болохоор халаасандаа хийсэн хутгаар авсан махаа ч эвдээгүй халаасандаа хийгээд мартчихсан байсан тэгээд хэрэг гардаг өдөр би согтуудаа яагаад ч тэр хутгаар хүн хутгалсан талаараа мэдэхгүй байна ёстой өөрийн гэсэн ухаан байхгүй болчихсон байсан. Хохирогч ах миний утсыг дэлгүүрт тавьчхаад мөн намайг хувцсаа өг гэх шиг болохоор нь би утас авчхаад одоо хувцас тайлж авах уу тэ? гээд би уурлаад орилж ярьснаа санаж байна тэгээд нэг мэдэхэд миний баруун гарт өмнөх өдөр нь авсан шинэ хутгаа барьчихсан нөгөө хүн газар унаж байсан тэгээд би ухаан ороод би хүн хутгалчихлаа гэж бодоод шууд зугтсан. Намайг хүн хутгалахад өөр хэн нэгэн хамжиж зөвлөж, зааварласан зүйл байхгүй хэн ч оролцоогүй тухайн үед 5-7 хүн байсан байх гэж санаж байна. Би хутгалж алъя гэж чиглүүлж хутгалъя гэж бодоогүй тухайн үеийн согтуу байдал уур, бухимдалдаа дийлдээд маш богинохон хугацаанд юу хийснээ ойлгоогүй өөрийн үйлдлийг ухамсарлаж чадаагүй би хохирогчийн хаана нь хэдэн удаа хутгалсан талаар мэдэхгүй байна. Би айж сандарсан байсан болохоор өөрийн мэдэлгүй зугтсан. Тухайн үедээ би сандарсан айсан байсан ээж, хадам аав, ах дүү нар охиндоо юу гэж хэлэхээ мэдэхгүй хэцүү байсан амьд баймааргүй байсан болохоор үхмээр санагдаад зүүн тал руугаа зүрх рүүгээ чиглүүлж 3 удаа хурдан хутгаар хатгасан. Утсаар чинь яриадахъя утсаа өг гэхээр нь би өгсөн чинь аваад шууд зам гараад явчихсан байсан тэгээд би араас нь явахад дэлгүүрт 3 шил архиар тавьсан байсан. Би одоо сайн санахгүй байна улаан тоосгон хүнсний дэлгүүр байсан шиг санаж байна яг хэрэг гардаг газрын замын эсрэг талд байсан байх. Үгүй тухайн хэрэг гардаг өдөр л анх удаа бие биеэ харсан би нэрийг нь ч мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /1хх-ийн 93-96/,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Н-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би болсон хэргийн талаар мэдэхгүй. Миний аав болох А-ийн А- нь 1972 оны 02 дугаар сарын 23-ны өдөр А- гэх хүний отгон хүү болон мэндэлсэн. Цэргийн алба хааж байсан, ял шийтгэл эдэлж байгаагүй, бүрэн дунд боловсролтой, залуу насандаа С аймгийн цагдаагийн газар 1-2 жил хугацаатай ажиллаж байсан, ээжтэй залуу байх үеэсээ танилцаад хоёр хүүхдийн аав, ээж болсон би доороо нэг дүүтэй, миний дүү одоо 18 настай цэргийн алба хааж байгаа. Миний аав Орос улс руу наймаа хийдэг байсан, С аймгийн цагдаагийн газарт 1-2 жил ажиллаж байсан, сүүлийн жилүүдэд нэрийг нь мэдэхгүй харуул хамгаалалтын газар ажиллаж байсан. Аав, ээж хоёр 30 гаран жил хамт амьдарсан салаад 5-6 жил болж байна, аав архи их уух болоод хоорондоо таарамжгүй харилцаатай болоод салсан, аав сүүлийн 5-6 жилийн хугацаанд архи их ууж байна залуудаа архи уудаггүй байсан манай эмээ нас бараад 3 жил болж байна эмээг нас барснаас хойш бүүр их архи уудаг болсон... Маш их гомдолтой байна. Ямар учраас миний аавыг хөнөөж бид нарт ийм их уй гашуу авчирч байгааг ойлгохгүй байна. Гомдоод гомдоод барахгүй...” гэх мэдүүлэг /1хх-ийн 34-35/,
гэрч Д.О-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би С дүүргийн 000 дүгээр хороо ... павильоныг түрээслэн ажиллуулаад 2 жил болж байна. Намайг үйл ажиллагаа явуулж эхэлснээс хойш манай дэлгүүрийн гадна архичид олуулаа өдөр, шөнөгүй цуглацгааж байдаг. Өнөөдөр би 08 цаг өнгөрөөгөөд ажил дээрээ ирсэн. Тэгээд 09 цагаас хойш манай дэлгүүрийн үүдэнд архичид ирээд сууцгааж байсан, өдөр бүр ийм байдаг болохоор би ач холбогдол өгч тоогоогүй. Тэгээд би лангуун дээрээ сууж байсан чинь нэг хүн түргэн дуудаад өгөөч гээд нэг залуу хүмүүстэй яриад байх шиг болохоор нь гарсан чинь манай дэлгүүрийн гадна хаалганы хажууд цус гарсан эрэгтэй хүн доошоо харсан байдалтай хэвтэж байхаар нь 10 цаг 08 минутад 103 дуудсан чинь удалгүй цагдаа, эмнэлэг ирсэн энэ хооронд хүн ойртоогүй. Хутгалсан хүнийг харж байгаагүй, камер шүүж харахад шоотой цамцтай 30 орчим насны залуу байсан...” гэх мэдүүлэг /1хх-ийн 38-39/,
гэрч А.С-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Миний дүү А.А- нь хамт амьдардаг хүн байхгүй оршин суух хаяггүй хөдөө уурхай руу хамгаалагчаар ажилд явдаг байсан хүү, охинтой бөгөөд хүү нь цэрэгт явсан охин нь БНХАУ-д амьдардаг юм. Согтууруулах ундааны зүйл олон жилийн өмнөөс байнга хэрэглэж ирсэн гэхдээ зан байдлын хувьд бол бусадтай эвтэй байдаг мөн бидэнтэй эелдэг харьцдаг байсан. Ял шийтгэл эдэлж байгаагүй...” гэх мэдүүлэг /1хх-ийн 44/,
гэрч Ц.Т-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Өчигдөр буюу 2024 оны 08 дугаар сарын 13-ны өдөр М-, охин, бид гурав гэртээ байсан тэгээд 22 цагийн үед охин өвөө дээрээ очъё гэхээр нь би охиноо аваад 22 цаг өнгөрч байхад аавын гэр болох Чингэлтэйн СаранД- гэдэг хийдийн хажууханд байдаг гэрт нь 23 цаг болж байхад очсон М- гэртээ ганцаараа үлдсэн архи, дарс уугаагүй байсан би явахгүй чи явчхаад ир гэхээр нь би охиноо дагуулаад явсан. Тэгээд би өглөө 08 цаг 30 минутын үед аавын гэрээс гараад 09 цагийн үед гэртээ ороход М- гэртээ байгаагүй гэр онгорхой байсан тэгээд би худаг руу ус авах гээд 10 цагийн үед очоод би ус аваад зогсож байсан чинь М- зугтаарай гэж хэлээд засмал зам руу явчихсан тэгээд би усаа аваад гэртээ очиход гэрт ирээгүй байсан тэгээд би усаа тавьчхаад дэлгүүр орох гээд гэрээ цоожлоод түлхүүрээ хатавчиндаа хийчихсэн байнга тэндээ түлхүүрээ хийдэг. Тэгээд байнга ордог гудамжны үзүүрт байдаг дэлгүүр орж кола ундаа авах гэж орсон тэгэхдээ би дэлгүүрийн эгчтэй ойр зуурын юм ярьж 30 орчим минут болсон. Тэгээд гэртээ хатавчнаас түлхүүрээ аваад онгойлгоод ороход угаалгын машин дээр М- хувцсаа солиод хийчихсэн байхаар нь ирээд явж дээ гэж бодсон дахиж таараагүй. /Худаг дээр таарахад/ Сорочкон цагаан өнгийн судалтай цамцтай, хар өнгийн хос тавчик, өмд нь ногоон даавуун байсан. Мөн бие болоод хувцсанд нь ямар нэгэн цус мэт зүйл болсон байгаагүй...” гэх мэдүүлэг /1хх-ийн 46-47/,
гэрч Э.О-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Бид эхээс зургуулаа М- нь төрсөн ах байгаа юм. М- ихэр төрсөн ихрийг нь Э- гэдэг. Хамгийн сүүлд 2024 оны 06 дугаар сарын 01-нд манай төрсөн эгч Г-ийн гэрт тааралдсан дахиж уулзаагүй. Утсаар энэ оны 07 дугаар сарын сүүлээр нэг удаа ярьсан нарийн санахгүй байна дахиж огт холбоо бариагүй тэгээд хэрэгт холбогдсон талаар хадам аав нь М-г цагдаа нар хайгаад байна хэрэг тарьсан юм шиг байна гэж 2024 оны 08 дугаар сарын 14-ний өдөр орой ярихаар нь би гэрт нь ирэхэд хүн байгаагүй тэгсэн хашааных нь гадаа цагдаа нартай таараад надтай цуг 7-н буудал хавьцаа хайсан тэгээд би ах руу залгахад утсаа огт авахгүй байсан одоо утас нь холбогдохгүй байна...” гэх мэдүүлэг /1хх-ийн 49/,
гэрч Ц.Д-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2024 оны 08 дугаар сарын 14-ний өдөр 7-н буудал дээрээс дүүгийнхээ гэр лүү явах гэж байхад Б- ах хэсэг хүмүүстэй хамт сууж байхад нь би очсон. Тэгээд надаас тэнд байсан хүмүүс тамхи асуухаар нь би өөрт байсан тамхиа гаргаж өгөөд хамт сууж тамхилж байхад үл таних тамирын хувцастай хүн ирээд би ганцаараа архи ууж чадахгүй байна хамт архи уух уу гээд архи гаргаж ирсэн. Тэгээд бид хамт авчирсан чанар нэртэй 0.5 граммын хуванцар савтай архийг 5-уулаа хувааж уусан. Бид ууж дуусгаад байж байхад замын баруун талаас талийгаач болох /Н хочтой А.А-/ бидэн дээр ирээд хамт сууж байхад шоотой цамц /Э.М-/-тай хүн ирээд талийгаачтай юм яриад байсан. Би тухайн үед хоорондоо юу ярьсан талаар мэдэхгүй автобус хараад сууж байсан тул сайн анзаараагүй. Тэгж байхад тэнд байсан хүмүүс орилоод хүн аллаа ш дээ гэхээр нь харахад талийгаач буюу "Ногоон Б-"-н цээжнээс цус гарж байсан. Би тэгээд хажуугаар өнгөрч явсан охинд цагдаа, түргэн дуудаарай гэж хэлээд замынхаа баруун талд гараад харж зогссон. Тэр үед шоотой цамцтай залуу /Э.М/ ямар нэгэн зүйл хэлэлгүй хутгаа халаасандаа хийгээд гүүрний чигтээ урагшаагаа зам дагуу гүйсэн. Удалгүй цагдаа нар ирсэн, араас нь түргэн тусламж ирсэн. Ийм л зүйл болсон. Би Н г таньдаг болоод удаагүй 1 сар орчим болж байгаа. Бид хэдхэн удаа хамт 7-н буудал орчим архи ууж байсан. Би бүтэн нэрийг нь мэдэхгүй Н гэж хочийг нь мэднэ. Би талийгаачийн хажууд сууж байсан, хоорондоо юу ярьсан талаар мэдэхгүй байна. /Хутгыг/ Өмднийхөө баруун талын халааснаас гаргаж ирсэн. Шоотой цамц /Э.М-/-тай гэх хүн халамцуу бидэн дээр ирсэн. Өөрийгөө хянах чадвартай байсан. Бидэнтэй хамт архи уугаагүй...” гэх мэдүүлэг /1хх-ийн 51-52/,
гэрч С.О-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би 2024 оны 08 дугаар сарын 14-ний өглөө 08 цаг өнгөрөөгөөд гэрээсээ гараад 7-н буудал дээр ирэхэд зүс аних ах /Д-/ дуудахаар нь би очсон. Намайг очиход зүс таних ах Х- гэх ахтай хамт байсан. Бид хэд хоорондоо гар барьж мэнд мэдэлцээд хамт тамхи татаж байхад Б- хочтой /Х.М-/ автобуснаас буугаад бид хэд дээр ирээд дөрвүүлээ болоод байж байхад Б- миний картад 2000 төгрөг байна гэж хэлээд хамт мөнгө нэмээд архи уух санаатай хүн хайж байхад танихгүй эрээн цамц /Э.М-/-тай залуу бид хэд дээр ирсэн "Б- тэр залуугаас гуя байна уу гэж асуусанд нөгөө залуу та хэд наанаа байж бай гэж хэлээд зам гарж яваад ...-баруун талын автобусны буудлын хажууд байрлах улаан тоосгон өнгийн дэлгүүрээс Х нэртэй 0.5 литртэй архи бас нэг жижиг ундаа авч ирсэн. Бид хэд авчирсан архийг нь уугаад удалгүй нөгөө эрээн цамц /Э.М-/-тай залуу яваад өгсөн. Бид хэд архиа уусан газраа сууж байхад талийгаач /А.А-/ буудлын арын цагаан худгийн зүгээс бид хэд дээр ирээд хоорондоо юм яриад сууж байхад архи авч өгсөн эрээн цамц /Э.М-/-тай залуу буцаж ирээд миний утас хаана байна гэж орилоод талийгч /А.А-/-тай маргалдаад 2-3 удаа цохих шиг болсон. Удалгүй талийгч /А.А-/-ийн цээжнээс цус гараад эхэлсэн. Ойр хавьд байсан хүмүүс цус гараад байна цагдаа дуудаарай гээд орилж байсан. Харин Б- бид хоёр зам гараад холоос харж байхад цагдаа ирэх үед нь Б- бид хоёр хамт очоод болсон явдлын талаар хэлсэн. Би хутга гаргаж ирэхийг нь хараагүй, талийгаач газар сууж байсан харин эрээн цамц /Э.М-/-тай залуу дээрээс нь 2-3 удаа цохих шиг болсон. Эрээн цамц /Э.М-/-тай залуу талийгаач дээр ирээд гар утас нэхээд утсаа авъя...” гэж хэлээд уурлаад байсан. Талийгаач надад байхгүй гэж хэлж байсан. Харин эрээн цамц /Э.М-/-тай залуу “...чи яриад өгье гээд авсан биз дээ гэж орилоод маргаж байгаад цохих шиг болсон. Анх талийгаач бид нар дээр ирэхдээ согтуу байсан. Би эрээн цамцтай залууг урагшаа төв зам дагуу гүйгээд явах үед гарт нь шаргал өнгийн иштэй хутга байхыг харсан. Тэр залуу хутгаа хаяхгүй халаасандаа хийгээд гүйгээд яваад өгсөн...” гэх мэдүүлэг /1хх-ийн 54-55/,
гэрч Х.М-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би өчигдөр өглөө 08 цагийн үед Дэнжийн 1000-д таньдаг ахтай гудамжинд 1 шил архи уугаад би ганцаараа ...-ынэцэст ирэхэд тэр хавийн архи уудаг хүмүүс бүгд байсан тэгээд бид нар ихэнхдээ цугладаг барилгын материалын дэлгүүрийн урд О-, хар Х-, хар Д- өөр танихгүй хүмүүс цуг сууж байхад ногоон өнгийн өмдтэй, эрээн цамцтай өмнө нь харж байгаагүй согтуу залуу ирээд ганц юм уух уу шартаж байна уу гээд тамхилаад танилцахаар нь тэгье гэсэн чинь замын эсрэг тал руу ганцаараа яваад Х нэртэй 0.5л хэмжээтэй архи, кола ундаатай авчраад бид нар бөөндөө архийг нь хувааж уугаад дууссаны дараа төв замын эсрэг талаас Б- гэж дууддаг ах /А-/ гарч ирээд сайн уу гээд надтай гар бариад нөгөө танихгүй залуу миний хажууд байсан. Тэгээд Б- ах нөгөө танихгүй залуу тэр хоёр дэлгүүр орсон би буцаад нөгөө барилгын дэлгүүрийн үүдэнд очсон чинь миний араас ирээд шатан дээр суугаад А- ах нөгөө залуугаас утсаараа яриулчих гэж байсан тэгээд А- ах сууж байсан чинь нөгөө залуу урд нь зогсож байгаад цээжин хэсэгт нь шууд 2 удаа хутгалчхаад зугтчихсан энэ бүхэн маш хурдан болоод өнгөрсөн тэгээд А- ах юм дуугараагүй биеэс нь цус алдаад газар уначихсан тэгээд тэнд байсан хүмүүс болон би айгаад зугтчихсан тэгээд цагдаа нар удалгүй ирээд тэнд байсан хүмүүсийг аваад хэлтэс рүү явсан. Тухайн М- гэдэг эрээн цамц, ногоон өмдтэй, хар өнгийн тавчиктай залуу баруун өмднийхөө халааснаасаа хутга гаргаж ирээд шууд цээжин хэсэгт нь хоёр удаа дүрчхээд зугтаачихсан. Б- ах хутгалуулсныхаа дараа цус ихээр алдаад сууж байгаа шууд газарт уначихаар нь бид нар айгаад зугтчихсан харахад л шууд нас барж байсан...” гэх мэдүүлэг /1хх-ийн 57-58/,
гэрч Ч.Х-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Өчигдөр өглөө 09 цаг өнгөрөөгөөд гэрээсээ гарч ...-ынэцэс ороход талийгаач, Зобо хочтой бацаан, Буузаа, хүн хутгалдаг бацаан нар байсан. Тэгээд мөнгөө нийлүүлж 1 шил архи хувааж уучхаад салах гээд байж байхад хүн хутгалдаг бацаан халааснаасаа хутга гаргаж ирээд шууд хутгалчихсан. Тэгээд талийгаач унаад өгсөн, тэгээд цэвэрлэгч эгч түргэн дуудсан, түргэн ирэхэд үхчихсэн байсан түргэний эмч цагдаа дуудсан. Хүн хутгалдаг нөхөр алга болчихсон байсан. Ерөөсөө маргалдсан юм байхгүй, шууд ирээд хутгалчихсан. Өмнө нь маргаантай байсан байж магадгүй. Би өмнө нь тэр хоёрыг цуг явж байхыг хараагүй. Жаахан юм уусан байсан, хутга барьж ирээд шууд хутгалчихсан. Бор өнгийн иштэй, эвхдэг хутга байх шиг харагдсан...” гэх мэдүүлэг /1хх-ийн 60/,
гэрч Б.М-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би өчигдөр өглөө 10 цагийн үед гэрээсээ гараад явж байхдаа надад жорлонгийн нүх ухаж өгнө гэсэн Б-тай таарсан чинь архи аваад өгчих гэхээр нь би дэлгүүрээс 0.75 литрийн Х архи авч өгөөд гэрийн тэнд байдаг худаг дээр хувааж уучхаад хамт нүх ухах дүүгээ аваад ирье ... руу гээд яваад ирээгүй, тэгээд би ... руу нөгөө Б-ыг хайгаад яваад очсон чинь 2-3 залуугийн 2 нь хоорондоо "чи намайг барахгүй шүү" гээд маргаад байхаар нь би дундуур нь ороод боль гэсэн чинь намайг тоохгүй, хойшоо бай, танд хамаагүй гээд түлхээд үгэнд орохгүй байсан, тэгээд би утастай хүн байна уу цагдаа дуудъя гэсэн чинь ногоо зардаг авгай цагдаа дуудлаа шүү гэж хэлж байсан. Тэгээд жаахан байж байсан чинь цагдаа хүрээд ирсэн, тэгээд араас нь цагдаа ирсэн, нэг нь дэлгүүрийн довжоон дээр хэвтчихсэн байсан. Би яагаад маргалдаж байсныг мэдэхгүй байна, би болиулах гэхэд танд хамаагүй гээд намайг холд гэж байсан...” гэх мэдүүлэг /1хх-ийн 62/,
гэрч О.А-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Яг дуудлага ирэх үед 15 дугаар хороо руу орох гээд явж байхад 14 дүгээр хороо ...-ын автобусны зүүн талд согтуу хүн цус алдаад босохгүй байна гэсэн дуудлага ирэхээр нь дуудлага өгсөн хүнтэй холбогдоод очиход 103-ын эмч ирчихсэн нас барсан байна гэж хэлж байсан. Тэгээд машинаа замын хажуу руу байрлуулаад тууз татаж холдуулж, хамт байсан хүмүүсийг машины арын суудалд суулгасан. Тэгээд жижүүр лүү залгаж нөхцөл байдлаа хэлэхэд бүрэлдэхүүн гарах гэж байна, хэргийн газрыг хамгаалалтад аваад байж бай гэсний дагуу хэргийн газрыг хамгаалалтад авсан. Дуудлагад очиход 103 эмч ирчихсэн цэнхэр халаадаар бүтээчихсэн, цус урсчихсан, эргэн тойронд нь хүмүүс шавчихсан байсан. Цогцос хажуу тийшээ унаж тонгойсон байдалтай байсан...” гэх мэдүүлэг /1хх-ийн 64/,
гэрч Ц.Ц-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Э.М- нь 2016 онд манай охин Т-тай танилцаж үерхээд орж гардаг байсан. Тэгээд 2016 онд энэ хоёр дундаасаа нэг охинтой болоод 2018 оноос Сүх Б- дүүргийн 00 дүгээр хороо Х тоот манай хашаанд гэрээ барьж амьдарч эхэлсэн тухайн цагаас хойш энэ хоёр маань хамт амьдраад 6 жил болж байна одоогоор дундаасаа нэг охинтой, гэрлэлтийн баталгаа байхгүй. Э.М- нь бичиг үсэг мэдэхгүй боловсрол байхгүй, юм бодож, бичиж чаддаггүй, архинд дуртай мөнгө л олбол архи уудаг архины хамааралтай, өмнө нь гэр бүл зохиож байсан тэгэхдээ архи ууж гэр бүл салж байсан гэж эх нь хэлж байсан, архи уугаад согтуу байхдаа их агсам, давилуун, хөөрүү зантай хэнтэй юу ярьж байгаагаа мэддэггүй намайг ч хүртэл зайл, ална шүү, хутгална шүү гэж заналхийлээд байдаг, эрүүлдээ бол даруухан дуу нь гарахгүй, үгийн дагуу байдаг. Ажил хөдөлмөр хар ажилд сайн ихэвчлэн барилгын туслах ажилтан энэ тэнд олдсоныг хийгээд байж байдаг, найз нөхдийг нь сайн мэдэхгүй. Ял шийтгэл эдэлж байсан талаар мэдэхгүй, цэргийн алба хааж байсан санагдаж байна. Биеийн байдал нь сулбагар, туранхай, намхан, өвөл болж хүйтрээд ирэхээр нүүр ам нь хавдаад пэмбийчихсэн байдаг сүүлийн 2 жил тийм байдалтай байгаа. М- архи уугаад агсам тавих бүртээ зодоон хийж эхнэрээ байнга зоддог, манайх руу орж ирж агсам тавьж цонх хагалж байсан намайг хүртэл согтуудаа хүн гэж хардаггүй, манай охин их олон удаа зодуулж байсан энэ бүрд 3-4 удаа цагдаагийн байгууллагад 95509229 дугаараас дуудлага өгдөг байсан. Тэгээд цагдаа нар ирээд авч явж эрүүлжүүлээд маргааш нь манай охин гомдолгүй гээд гаргачихдаг байсан болохоор баривчилгаанд явж байгаагүй нь бид нарын нэг талдаа буруу байсан байна. Мөн Э.М-гийн ээж нь танилцах гээд надтай уулзаж байхдаа миний хүү хэцүү шүү архи уучихаараа жинхэнэ араатан болчихдог гэж сануулж хэлж байсан...” гэх мэдүүлэг /1хх-ийн 71-72/,
гэрч Д.С-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Намайг хүүхэд байхад С аймгийн М суманд Э.М- ахтай айл хөрш байсан болохоор мэддэг байсан. 2019 оноос хойш С дүүргийн 00 дүгээр хороо Х тоотод байх хаягийг нь мэддэг болж үе үе очиж уулздаг байсан. Эрүүл үедээ даруухан төлөв байдаг архи уучихаараа галзуу хүн шиг болчихдог агсам согтуу их тавьдаг, араатан шиг авирлаж сагсуу хөөрүү болчхоод ална шүү, хутгална шүү гээд байдаг, өмнө нь надтай самард цуг хэд хэдэн удаа явж байсан архи уухгүй л бол гайгүй архины хамааралтай архи уухгүй өдөр нь цөөхөн Э.М- нь ихэр, ихрийн өрөөснийг нь Э- гэдэг С аймаг, М суманд амьдардаг...” гэх мэдүүлэг /1хх-ийн 74/,
гэрч С.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би 2024 оны 08 дугаар сарын 14-ний өдөр ээлжийн үүрэг гүйцэтгэх хугацаанд С дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт ...-ын эцэс дээр согтуу хүн цус алдаад байна гэх дуудлага ирүүлсний дагуу 10 цаг 21 минутад очиж шалгахад хар өнгийн хувцастай хоёр хөл дээрээ өвдгөөрөө сөхөрч доош харсан байдалтай суусан их хэмжээний цус алдсан, цус нь урссан нөжирсөн байдалтай байв. Цээжийг нь өндийлгөж харахад царай цонхийж уруул нь омголтож хөхөрсөн цээжин тус газраа 3-4 см орчим хэмжээтэй 2 удаа гүн зүсэгдсэн шархнаас их хэмжээний цус гарч нөжирсөн байдалтай байсан. Тухайн иргэний зүрх, судасны үйл ажиллагаа зогсож нас барсан байдалтай байсан...” гэх мэдүүлэг /1хх-ийн 76-77/,
Хэргийн газарт үзлэг хийсэн: “...Хэрэг учрал болсон гэх газар нь С дүүргийн 14 дүгээр хороо ...-ын эцэст “И” нэртэй гэр ахуйн бараа нэртэй ертөнцийн зүгээр зүүн зүгт харсан бор өнгийн бүргэд хаалгатай...” гэх тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 3-6/
Цогцост үзлэг хийсэн: “...Цогцос нь 167 см урттай, 72 кг жинтэй, толгойдоо 5 см бууралтсан хар саарал үстэй, биеийн хөгжил зөв мах мариа дунд 50-55 насны орчим эрэгтэй хүний цогцос байна...” гэх тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 7-9/,
Нийслэлийн түргэн тусламжийн төвийн 2024 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн “...Хүүхэн Х өргөссөн, зүрх судас амьсгалын үйл ажиллагаа бүрэн зогссон...” гэсэн хүлээлцэх хуудас /1хх-ийн 11/,
Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 17-24/,
Шүүх сэтгэц эмгэг судлалын 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 926 дугаартай Э.М-д хийсэн дүгнэлт, /1хх-ийн 136-138/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 2829 дугаартай “Цогцост хийсэн” шинжээчийн дүгнэлт,
1./Амь хохирогч А.А-ийн цогцост цээжний хөндийн нэвтэрсэн шарх, гол судасны өгсөх хэсгийн хатгагдсан шарх, голтын нэвчмэл цус хуралт, зүүн сарвууны хатгагдаж зүсэгдсэн шарх, баруун тохойн зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2./Дээрх баруун тохойн зулгаралт гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр цохих, үрэх, нидрэгдэх механизмаар, бусад гэмтлүүд нь ажлын хэсгийн урт 8 см-аас дээш урттай, 3 см-аас дээш өргөнтэй ир үзүүртэй зүйлийн гурван удаагийн хатгах механизмаар үүснэ.
3./Учирсан гэмтлүүд нь амь насанд аюултай тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.13-т зааснаар хохирлын хүнд зэрэг тогтоогдлоо.
4./Дээрх гэмтлийг аваад идэвхтэй үйлдэл хөдөлгөөн хийх боломжгүй.
5./Шинжилгээгээр үхэлд хүргээгүй уушгины сүрьеэ өвчин тогтоогдлоо
6./Нас барах үедээ хүнд зэргийн согтолттой байжээ.
7./Мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис, хорт бодис болон эмийн бодис, хүчтэй хүчил, шүлт хэрэглээгүй байна.
8./Амь хохирогч нь цээжний хөндий рүү нэвтэрсэн шархны улмаас гол судас хатгагдаж цус алдан шоконд орж нас баржээ.
9./Цогцсын нас барсан хугацааг анхны үзлэг хийсэн эмч тогтооно.
10./АВО системээр В /III/ бүлгийн цустай байна.
11./Талийгаачийн цогцос нь 167 см урт, 72 кг жинтэй байна.
12./Дээрх гэмтлийг аваад маш богино хугацаанд их хэмжээний цус алдах тул эмнэлгийн тусламж үзүүлсэн ч амь нас аврагдах боломж муу /1хх-ийн 144-148/,
Шинжээч эмч Н.Э-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Тухайн цус алдалт нь маш богино хугацаанд их хэмжээний цус алдаж байсан учир нэн даруй эмнэлгийн тусламж үйлчилгээ авч чадахгүй л бол амь аврагдах боломжгүй” гэх мэдүүлэг /2хх-ийн 19/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 2587 дугаартай амь хохирогчийн хувцсанд хийсэн:
1./Шинжилгээнд ирүүлсэн хар өнгийн футболконд үүссэн 35мм,20 мм хэмжээтэй гэмтлүүд нь хурц иртэй зүйлийн тус бүр 1 удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ зүсэгдэлт, шаргал өнгийн өмдөнд үүссэн гэмтэл нь татаж чангаах хүчний үйлчлэлээр үүссэн товч унасан шинэ гэмтэл байна...” гэх дүгнэлт /1хх-ийн 171-172/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 4705 дугаартай хутганд хийсэн: 1./Шинжилгээнд ирүүлсэн улаан иштэй төмөр хутга дээрээс цус илэрсэн.
2./Уг илэрсэн цус нь ДНХ-ийн шинжилгээнд тэнцэхгүй байна...” гэх шинжээчийн дүгнэлт /1хх-ийн 193-195/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 4706 дугаартай хэргийн газрын үзлэгээр бэхжүүлэн авсан цус мэт зүйлд хийсэн:
1./Шинжилгээнд ирүүлсэн хэргийн газрын үзлэгээр бэхжүүлж авсан гэх цус нь шинжилгээнд тэнцэнэ.
2./Хэргийн газрын үзлэгээр бэхжүүлж авсан гэх цусны дээжээс нэг эрэгтэй хүний ДНХ-ийн тогтоц тогтоогдсон нь ИБ-7314 дугаартай А.А- гэж хаягласан хатаасан цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна...” гэх шинжээчийн дүгнэлт /1хх-ийн 201-202/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 2627 дугаартай хутганд хийсэн:
1./Шинжилгээнд ирүүлсэн хутганы гадаргуугаас гарын мөр илрээгүй тул цаашид харьцуулан шинжлэх боломжгүй...” гэх шинжээчийн дүгнэлт /1хх-ийн 219-220/,
Хүний сэтгэцэд учирсан хор уршиг арилгахтай холбоотой Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 09 дүгээр сарны 04-ний өдрийн 04а/6033 дугаартай албан бичиг, /1хх-ийн 132/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 10966 дугаартай Хүний биед хийсэн:
1./Э.М-гийн биед цээжний зүүн талд эгэмний дунд шугамаар 5-р хавирганы түвшинд цээжний хөндий рүү нэвтэрч зүүн уушгины дээд дэлбэн болон 5-р сегмент, өрцийг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, зүүн уушгины 5-р сегментийн тайрагдал, цээжний хөндий дэх цус хуралдалт 400 мл, цээжний хөндий шалгах мэс заслын дараах байдал /2024.08.16/ гэмтэл тогтоогдлоо.
2./Дээрх гэмтлүүд нь ир үзүүртэй зүйлийн гурван удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3.4./Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд учирсан шинэ гэмтлүүд байна.
5./Зүүн уушгины 5-р сегментийг тайрсан нь хүний эрүүл мэндэд учирсан хохирлыг зэрэг тогтоох журмын 5.1-т заасан ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтоох хүснэгтийн 4.34.1-т зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадварыг 40 хувь тогтонги алдагдуулна.
6./Дээрх гэмтлүүд нь амь насанд аюултай тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.13-т зааснаар хохирлын ХҮНД зэрэг тогтоогдлоо. /1хх-ийн 235-237/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 4788 дугаартай “Улаан шар өнгийн хутганд хийсэн”:
1./Шинжилгээнд ирүүлсэн улаан, шар өнгийн төмөр иштэй хутга нь шинжилгээнд тэнцэнэ.
2./Улаан, шар өнгийн төмөр иштэй хутганаас цус илэрсэн. Уг илэрсэн цус нь хүний цус байна.
3./Хутга дээрээс илэрсэн цуснаас нэг эрэгтэй хүний ДНХ-ийн тогтоц тогтоогдсон нь №4789 дугаартай дүгнэлтэд тусгасан Э.М- гэж хаягласан цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна...” гэх шинжээчийн дүгнэлт /1хх-ийн 244-245/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 4789 дугаартай “М- гэж хаягласан хуруу шилтэй цусанд хийсэн:
1./Шинжилгээнд ирүүлсэн Э.М- гэж хаягласан ягаан өнгийн вакумтай хуруу шилтэй цус нь шинжилгээнд тэнцэнэ.
2./Э.М- гэж хаягласан ягаан өнгийн вакумтай хуруу шилтэй цусны ДНХ-ийн тогтцыг тогтоов...” гэх дүгнэлт /2хх-ийн 3-4/,
Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтэст бүртгэлийн 13962 дугаартай мэдээлэлд шалгасан материалыг хуулбарлан авах прокурорын зөвшөөрөл болон холбогдох материалууд, /2хх-ийн 27-53/,
Цэргийн төв эмнэлгээс прокурорын зөвшөөрлөөр Э.М-той холбоотой эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан талаарх хуулбар баримтууд, /2хх-ийн 55-88/ болон хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Э.М- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2024 оны 08 дугаар сарын 14-ний өдөр С дүүргийн 000 дүгээр хороо “И” нэртэй павильоны үүдэнд А.А-тэй “гар утас авсан” гэх шалтгаанаар маргалдан муудалцаж, улмаар цээжин тус газар нь 2 удаа хутгалсны улмаас амь хохирогч нь цээжний хөндий рүү нэвтэрсэн шарх, гол судас хатгагдсан шарх гэмтэл учруулан амь насыг нь хохироож, хүнийг алсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Мөн тус шүух хуралдаанд иргэдийн төлөөлөгчөөр оролцсон Ч.Б-: “шүүгдэгч Э.М-г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай байна.” гэсэн дүгнэлт гаргасныг дурдах нь зүйтэй.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хариуцлагын дүгнэлт:
Шүүгдэгч Э.М-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 /арав/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэв.
Мөн гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзсан Эрүүгийн хуулийн ерөнхий агийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.М-д оногдуулсан хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоов.
Бусад асуудлын талаар:
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Н-гаас талийгаачийн оршуулгын зардал болон буяны ажилд гарсан зардал гэж нийт 12.225.285 төгрөг нэхэмжилснээс шүүгдэгч нь 500.000 төгрөгийн хохирол төлсөн байна.
Иймд үлдэх 11.725.285 төгрөгийг шүүгдэгч Э.М-гоос гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгож шийдвэрлэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Н- нь сэтгэцэд учирсан хор уршгийг нотолсон баримт болон бусад хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.
Шүүгдэгч Э.М- нь энэ хэрэгтээ нийт 179 хоног цагдан хоригдсон байх тул түүний цагдан хоригдсон хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар түүний ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг Сиди, Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 2590 дугаартай Камеын дүрс бичлэг бүхий 1 ширхэг сиди зэргийг хэрэгт хавсаргаж, С дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалж байгаа Э.М-гийн гэрээс хураан авсан улаан өнгийн иштэй төмөр хутга 1 ширхэг, Э.М-гийн хэрэг үйлдэх үедээ өмсөж байсан ногоон өнгийн даавуун өмд, дөрвөлжин шоон хээтэй цагаан эрээн өнгийн энгэр задгай цамц, хар өнгийн хос тавчик болон амь хохирогч А- овогтой А-ийн өмсөж байсан цус мэт зүйлээр бохирлогдсон шаргал өнгийн даавуун өмд, бараан өнгийн цус мэт зүйлээр бохирлогдсон футболка, хөх өнгийн дотоож, үдээстэй цагаан эрээн өнгийн цус мэт зүйлээр бохирлогдсон хос пүүз, хэрэг үйлдэхдээ ашигласан гэх улаан, шар өнгийн төмөр иштэй бариул хэсгийн урт 8 см, ажлын хэсгийн урт 7.5 см, нийт урт 15.5 см хутга зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахыг С дүүргийн Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтэст даалгаж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Э.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу “Хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Шүүгдэгч Э.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 /арав/ жилийн хорих ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан Э.М-д оногдуулсан 10 /арав/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар ялтан Э.М-гийн цагдан хоригдсон 179 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.
6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.М-гоос нийт 11.725.285 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Н-д олгосугай.
7.Хохирогч нь сэтгэцэд учирсан хор уршгийг нотолсон баримт болон бусад хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг Сиди, Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 2590 дугаартай Камеын дүрс бичлэг бүхий 1 ширхэг сиди зэргийг хэрэгт хавсаргаж, С дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалж байгаа Э.М-гийн гэрээс хураан авсан улаан өнгийн иштэй төмөр хутга 1 ширхэг, Э.М-гийн хэрэг үйлдэх үедээ өмсөж байсан ногоон өнгийн даавуун өмд, дөрвөлжин шоон хээтэй цагаан эрээн өнгийн энгэр задгай цамц, хар өнгийн хос тавчик болон амь хохирогч А- овогтой А-ийн өмсөж байсан цус мэт зүйлээр бохирлогдсон шаргал өнгийн даавуун өмд, бараан өнгийн цус мэт зүйлээр бохирлогдсон футболка, хөх өнгийн дотоож, үдээстэй цагаан эрээн өнгийн цус мэт зүйлээр бохирлогдсон хос пүүз, хэрэг үйлдэхдээ ашигласан гэх улаан, шар өнгийн төмөр иштэй бариул хэсгийн урт 8 см, ажлын хэсгийн урт 7.5 см, нийт урт 15.5 см хутга зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахыг С дүүргийн Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтэст даалгасугай.
9.Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болохыг дурдаж, ялтан Э.М-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
10.Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
11.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Э.М-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.БОЛДБААТАР
ШҮҮГЧИД Г.УУГАНБААТАР
Э.ЧАНЦАЛНЯМ