Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 10 сарын 23 өдөр

Дугаар 101/ШШ2017/03316

 

 

 

 

2017 оны 10 сарын 23 өдөр

Дугаар 101/ШШ2017/03316

Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхжаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: М.Хийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Б.Пд холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 51,428,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.Б /шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхний дугаар 0516/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Цэрэндулам нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.О, өмгөөлөгч Р.Б нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

М.Х нь Б.Птэй 2015 оны 3 дугаар сарын 03-ны өдөр №419 тоот зээлийн гэрээ байгуулан 64,000,000 төгрөг өгсөн. Зээлийн гэрээг 2015 оны 3 дугаар сарын 03-наас 2015 оны 5 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл 2 сарын 1,8 хувийн хүүтэй байгуулан, 2015 оны 5 дугаар сарын 03-нд үндсэн төлбөрийг хүүгийн хамт төлөхөөр тохиролцсон. Зээлдэгч тогтоосон хугацаанд зээлсэн мөнгөө эргүүлэн төлөөгүй тохиолдолд зээлийн гэрээний 6 дахь заалтад заасны дагуу хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги тооцохоор тохиролцсон. Зээлдэгч нь 2017 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар зээлийн гэрээний хугацааг 705 хоног хэтрүүлсэн байх бөгөөд үлдэгдэл 24,000,000 төгрөгөөс Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т нийцүүлэн тооцвол 12,000,000 төгрөгийн алданги гаргуулахаар байна. Б.П нь 2015 оны 3 дугаар сарын 03-ны өдөр нийт 64,000,000 төгрөгөөс 2015 оны 5 дугаар сарын 05-ны өдөр 40,000,000 төгрөгийг төлснөөс хойш ямар нэгэн төлбөр хийгээгүй бөгөөд үлдэгдэл төлбөрөө төлөлгүй явсаар өнөөдрийг хүрсэн. Зээлийн гэрээний хугацааг албан ёсоор сунгагдаагүй, мөн үндсэн хугацааны хүүгээ төлөөгүй болно.

Иймд хариуцагчаас зээлийн гэрээний үлдэгдэл төлбөр 24,000,000 төгрөг, 2015 оны 3 дугаар сарын 03-ны өдрөөс 2017 оны 8 дугаар сарын 03-ны өдрийг хүртэлх 28 сарын хүү 15,428,500 төгрөг, зээлийн гэрээний 3 дахь заалтад заасны дагуу 12,000,000 төгрөгийн алданги, нийт 51,428,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Б.П шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Б.П би М.Хнийн гаргасан нэхэмжлэлийг авч танилцав. Үүнд дараах тайлбарыг өгч байна. Тухайн үеийн мөнгөний асуудлыг Голден нест компанийн захирал н.А хариуцан авч тэд хоорондоо бэлэн мөнгө, машин оролцуулж тооцоо хийж бас хоорондоо гэрээ хийсэн байдаг. Энэ нь намайг энэ мөнгөтэй ямар нэг холбоогүйг нотолж байгаа бөгөөд н.Ааас тодруулга авч тооцоогоо хийх нь зөв юм. н.А, М.Х нартай холбоогүй 2 жил болж байгаа болно гэжээ.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч М.Х нь хариуцагч Б.Пд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үлдэгдэл 24,000,000 төгрөг, хүү 15,428,500 төгрөг, алданги 12,000,000 төгрөг, нийт 51,428,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч нь тухайн үеийн мөнгөний асуудлыг Голден нест компанийн захирал н.А хариуцан авч тэд хоорондоо бэлэн мөнгө, машин оролцуулж тооцоо хийж бас хоорондоо гэрээ хийсэн байдаг, энэ нь намайг энэ мөнгөтэй ямар нэг холбоогүйг нотолж байна гэж маргаж байна.

 

Зохигчдын хооронд 2015 оны 3 дугаар сарын 03-ны өдөр 419 дугаартай Зээлийн гэрээ байгуулагдаж, М.Х нь Б.Пд 64,000,000 төгрөгийг 2015 оны 3 дугаар сарын 03-ны өдрөөс 2015 оны 5 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл 2 сарын хугацаатай 1,8 хувийн хүүтэйгээр зээлдүүлж, хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги тооцохоор харилцан тохирсон байх бөгөөд нэхэмжлэгч нь энэхүү зээлийн гэрээний үүргийг шаардаж байна.

 

Энэхүү гэрээ байгуулагдсанаас хойш Б.П нь үндсэн зээлээс 40,000,000 төгрөгийг төлж, үлдэгдэл 24,000,000 төгрөг байгаа, хүүд төлөлт хийгдээгүй болох нь нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдож байна.

 

Зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар гэрээ байгуулагдаж, гэрээний хугацаа 2 сар байх бөгөөд хугацаа нь сунгагдаагүй, энэ талаарх баримт хэргийн материалд авагдаагүй тул 2015 оны 5 дугаар сарын 03-ны өдрөөс 2017 оны 8 дугаар сарын 23-ны өдрийг хүртэлх 28 сарын хүүг шаардах эрхгүй байна.

 

Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1-д Гэрээг тайлбарлахдаа түүний үгийн шууд утгыг анхаарна гэж зааснаар зээлийн гэрээний 1 дэх заалтын ... 2 сарын хугацаатай 1,8 хувийн хүүтэй ... гэснийг тайлбарлавал 1 сард төлөх хүүгийн хэмжээ 1,8 хувь биш, харин 2 сарын хугацаанд 64,000,000 төгрөгт тохирох хүү нь 1,8 хувь гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Үүнээс үзвэл зээлийн гэрээний үндсэн хугацааны хүүд 1,152,000 төгрөгийг төлөх үндэслэлтэй байна. /64,000,000 төгрөг : 1,8 хувь/

 

Зээлийн гэрээнд зохигчид алдангийн талаар тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.6 дахь заалттай нийцэж байх бөгөөд алдангид 12,000,000 төгрөг нэхэмжилсэн нь үндэслэлтэй байна.

 

Хариуцагчийн тухайн үеийн мөнгөний асуудлыг Голден нест компанийн захирал н.А хариуцан авч тэд хоорондоо бэлэн мөнгө, машин оролцуулж тооцоо хийж бас хоорондоо гэрээ хийсэн байдаг, энэ нь намайг энэ мөнгөтэй ямар нэг холбоогүйг нотолж байна гэж нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч тайлбар гаргасан боловч энэхүү тайлбар, татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байна.

 

Иймд дээрх үндэслэлүүдээр үндсэн зээлийн үлдэгдэл 24,000,000 төгрөг, хүү 1,152,000 төгрөг, алданги 12,000,000 төгрөг, нийт 37,152,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлээс 14,276,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

 

Хариуцагч Б.П нь 2017 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн шүүх хуралдаанд оролцож, тэрээр өмгөөлөгч авах хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч, шүүх хуралдааныг 10 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл хойшлуулсан боловч тэрээр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, өөрөөр хэлбэл өмгөөлөгчөөс хууль зүйн авах эрхээ эдлээгүй буюу ямар өмгөөлөгчөөр эрхээ хамгаалуулах болсон талаар шүүхэд мэдэгдээгүй, түүнчлэн 10 дугаар сарын 23-ны өдрийн шүүх хуралдааны товыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2-т заасан журмаар буюу түүний 86167465 дугаарын утсаар мэдэгдсэн боловч тэрээр шүүх хуралдаан товлосон цагт хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь хариуцагчийг байлцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийлгэх хүсэлтийг гаргаж байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3, 100.4-т тус тус зааснаар хариуцагчийн урьд гаргасан тайлбарыг шүүх хуралдаан дээр гаргасантай адилтган үзэж, Б.Пг байлцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийсэн болно.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дугаар зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6тус тус заасныг баримтлан хариуцагч Б.Пгээс зээлийн гэрээний үүрэгт 37,152,000 /гучин долоон сая нэг зуун тавин хоёр мянга/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч М.Хд олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс 14,276,000 /арван дөрвөн сая хоёр зуун далан зургаан мянга/ төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 415,090 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Пгээс улсын тэмдэгтийн хураамжид 343,710 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч М.Хд олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5-д зааснаар хариуцагч Б.П нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд албадан гүйцэтгэж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт зөвшөөрсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЭНХЖАРГАЛ