| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Загдаагийн Болдбаатар |
| Хэргийн индекс | 194/2025/0064/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/533 |
| Огноо | 2025-02-19 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | С.Чимэдцэеэ |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 02 сарын 19 өдөр
Дугаар 2025/ШЦТ/533
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Болдбаатар даргалж, тус шүүхийн “В” танхимд нээлттэй хийсэн хуралдаанд,
нарийн бичгийн дарга Х.Лхагвамаа,
улсын яллагч С.Чимэдцэеэ,
хохирогч Я.Э,
шүүгдэгч Б.М, түүний өмгөөлөгч Ч.Чимэддорж нарыг оролцуулан эрүүгийн 2409033662*** дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.М- нь согтуурсан байхдаа 2024 оны 10 дугаар сарын 05-ны шөнийн 23-00 цагийн орчимд С дүүргийн 000 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “О” гэх караоке үйлчилгээний газарт иргэн Я.Э- буюу найз охинтойгоо хардалтын улмаас маргалдаж, улмаар Ч.Э-гийн толгой хэсэгт гараараа 10 орчим удаа цохиж, хөл хэсэг рүү нь 1 удаа өшиглөж, хана руу гараараа биеэр нь хүчтэй түлхсэний улмаас Я.Э-гийн биед зүүн чихэнд шарх, завжинд язрал, зүүн чих, зовхи, эрүү, шуу, гуя, шилбэнд цус хуралт, зовхинд зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирлыг санаатайгаар, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Сүхбаатар дүүргийн прокуророос Б.М-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн дүгнэлт
Хавтас хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтууд, хохирогч Я.Э-гийн мэдүүлэг, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Б.Б-ын 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 13257 дугаартай дүгнэлт, бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, шүүгдэгч Б.М-ийн сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэг тайлбараар шүүгдэгч Б.М- нь согтуурсан байхдаа 2024 оны 10 дугаар сарын 05-ны шөнийн 23-00 цагийн орчимд С дүүргийн 000 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “О” гэх караоке үйлчилгээний газарт иргэн Я.Э- буюу найз охинтойгоо хардалтын улмаас маргалдаж, улмаар Ч.Э-гийн толгой хэсэгт гараараа 10 орчим удаа цохиж, хөл хэсэг рүү нь 1 удаа өшиглөж, хана руу гараараа биеэр нь хүчтэй түлхсэний улмаас Я.Э-гийн биед зүүн чихэнд шарх, завжинд язрал, зүүн чих, зовхи, эрүү, шуу, гуя, шилбэнд цус хуралт, зовхинд зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирлыг санаатайгаар, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.М- нь хохирогч Я.Э-гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2-т заасан буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн үйл баримт нь:
шүүгдэгч Б.М- нь шүүхийн хэлэлцүүлэгт: “...Мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэг өгсөн. Нэмж мэдүүлэх шаардлагагүй...” гэв.
түүний мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Миний бие 2024 оны 10 дугаар сарын 06-ны өдөр манай үеэл С-ын эхнэрийнх нь төрсөн өдөр болж байсан. Тэгээд манай үеэл эхнэртэйгээ, би найз охинтойгоо, мөн үеэлийн найзуудын хамт “Ю” орж Боувлинг тоглочхоод 22 цагийн орчим тухайн газраас гарсан. Тэгээд тэндээсээ гарч ирээд С дүүргийн 000-р хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах О- нэртэй караокены лоунжид нь сууж нэлээн Виски ууцгаасан. Тэгээд тухайн газрынхаа караокед нь ороод дуулж байгаад тамхи гарчхаад байж байтал манай найз охин Э-гийн 10 жилийнх нь залуу анхны хайр нь гэх залуу ирсэн байсан. Тэгсэн Э- намайг тухайн залуутай танилцаач миний анхны хайр гэж хэлсэн. Тэгэхээр нь миний уур хөдлөөд машин руу гаа шууд гарч явсан бөгөөд тухайн уур ихээр хөдөлсөн согтуу байсан учир болсон явдлыг бүрэн гүйцэт санахгүй байгаа....” гэх мэдүүлэг /хх-ийн 50-51/,
хохирогч Я.Э-гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Тухайн өдөр 10 дугаар сарын 5-ны өдөр М-ийн үеэл нь залгаад эхнэрийнх нь төрсөн өдөр гээд урьсан учраас бид хоёр хамт очсон. Бид нар 11 цагийн үед гараад караоке орсон. Тэгээд М- найзтайгаа тамхилах гээд гарсан. Үеэлийнх нь найз манай 10 жилийн хүүхэд байж таараад сайн байна уу гээд мэндлээд зогсож байтал М- гаднаас орж ирсэн. Тэгээд намайг явъя гээд дагуулаад гарсан. Караокеноос гараад чи ийм байхгүй юу гэж хэлээд алгадаад эхэлсэн. Машин руу явах замдаа зодоод л байсан. Машиндаа ороод бас зодсон. Тэгээд 2 найз нь ирээд салгасан. Нэг найз нь миний цусыг арчаад гэрт хүргэж өгсөн. Тэгээд гэртээ хариад утасгүй байсан учраас ээжийнхээ утсаар цагдаад хандаж шүүх эмнэлэгт хандсан...” гэв.
түүний мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...С дүүргийн 000 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2024 оны 10 сарын 05-ны өдөр 19 цагийн үед М- болон үеэл, түүний эхнэрийнх нь найзуудтай уулзаж “Ю”-гийн хажуу талын боулингийн газар орсон. 21 цаг өнгөрөөгөөд Хүүхдийн 100 руу явсан. Тэгээд 22 цагийн үед “С” гэх газар орсон. Тэндээсээ 00 цагийн үед гараад О- гэх караоке руу орсон. Тэгээд 00 цаг өнгөрөөд М- тамхи татах гээд гарсан хойгуур нь манай 10 жилийн залуу караокены өрөөнд намайг хөтөлж гараад машин руу яван явтал зодсон. Машинд бас ороод зодож байгаад хамраас цус гараад тогтохоо болиод зодохоо больсон...миний хамар болон хацар руу 4-5 удаа цохисон, үсдэж байгаад толгойгоор хана руу нэлээн хэдэн удаа савсан, нүүр рүү 10 гаран удаа алгадсан... 2023 оны 09 сараас үерхэж эхлээд 2024 оны 05 сараас 2024 оны 07 сар хүртэл хамт амьдарсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 9-10/,
Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Б.Б-ын 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 13257 дугаартай “...Я.Э-гийн биед зүүн чихэнд шарх, завжинд язрал, зүүн чих, зовхи, эрүү, нуруу, шуу, гуя, шилбэнд цус хуралт, хамар, хоёр мөр, шилбэнд цус хуралт, зовхинд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо...дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.... эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо...хамар, 2 мfр, нуруу, шилбэний цус хуралт гэмтлүүд нь тухайн үзүүлсэн өдрөөс 5-7 хоногийн /өмнө/ үүссэн байх боломжтой...” гэх дүгнэлт /хх-ийн 12-21/,
Бичлэгт үзлэг хийсэн “... тухайн бичлэг дээр 1 эрэгтэй, 1 эмэгтэй хүмүүс байх ба нэгдүгээр камерын дүрсэнд 23 цаг 26 минут 52 секундэд тухайн эрэгтэй хүн эмэгтэйн нүүрэн тус газар зүүн гараараа цохиж байна. 23 цаг 27 минутад баруун гараараа эрүү хэсэгт чиглүүлэн хүчтэй арагш гараагаа хойшлуулах үед эмэгтэй ард байсан модон гэмээр ширээг нуруу хэсгээрээ мөргөж газар унасан байдалтай 1 дугаартай камерын дүрсэнд буусан байна. Үзлэгийг үргэлжлүүлэхэд хар өнгийн малгайтай цамц, саарал өнгийн өмд, цагаан өнгийн гуталтай эрэгтэй хүн тухайн эмэгтэйг баруун гараараа нүүр орчим хэсэгт цохих түлхэх үйлдэл хийж улмаар ахин нүүр хэсэгт цохив. Тухайн эмэгтэй хажуугаар гарах гэтэл тухайн эрэгтэй явуулахгүй байх ба тухайн эмэгтэй урд байсан эрэгтэйг баруун гараараа 3 удаа алгадаж байна. Зөрүүлээд эрэгтэй эмэгтэйн зүүн шанаа хэсэгт савалттай баруун гараараа цохив...” гэх тэмдэглэл /хх-ийн 40-42/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдож байна гэж шүүх үзэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.
Шүүгдэгч Б.М- нь согтуурсан байхдаа 2024 оны 10 дугаар сарын 05-ны шөнийн 23-00 цагийн орчимд С дүүргийн 000 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “О” гэх караоке үйлчилгээний газарт иргэн Я.Э- буюу найз охинтойгоо хардалтын улмаас маргалдаж, улмаар Ч.Э-гийн толгой хэсэгт гараараа 10 орчим удаа цохиж, хөл хэсэг рүү нь 1 удаа өшиглөж, хана руу гараараа биеэр нь хүчтэй түлхсэний улмаас Я.Э-гийн биед зүүн чихэнд шарх, завжинд язрал, зүүн чих, зовхи, эрүү, шуу, гуя, шилбэнд цус хуралт, зовхинд зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирлыг санаатайгаар, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар...” буюу “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж;” үйлдсэн гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хариуцлагын дүгнэлт
Шүүгдэгч Б.М-ийн дээрх үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүх шүүгдэгч Б.М-ийн эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан, Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.
Шүүхээс шүүгдэгч Б.М-ийн 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хэсэгчлэн төлүүлэх хугацаа тогтоогоогүй тул шүүгдэгч Б.М- нь уг торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногт бүрэн төлж барагдуулдаг болохыг дурдах нь зүйтэй.
Бусад асуудлын талаар
Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч Я.Э-гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирч, Эрүүл мэндийн даатгалын сангаас 166.680 төгрөгийн тусламж үйлчилгээ авсан. Хохирогч нь эмчилгээний зардалд баримтаар нэхэмжилсэн зүйлгүй бөгөөд тус гэмт хэргийн улмаас түүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг гуравдугаар зэрэглэлээр тогтоосон байна.
Шүүх шинжилгээний тухай хуулийг шинэчлэн найруулан баталсантай холбоотойгоор Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаартай тогтоолоор “...Хүний сэтгэцэд учирсан хохирол, хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жижиг аргачлал...”-ыг баталжээ. Уг аргачлалын 4 дэх хэсэгт хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирлын улмаас хохирогчид учирсан сэтгэцийн эмгэгийг 3 дугаар зэрэглэлд хамруулан 9-15 хувиар тооцож, нөхөн төлбөрийг Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 13 дахин нэмэгдүүлснээс 22.99 дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр тогтоохоор баталсан байна.
Уг аргачлалын дагуу хохирогч Я.Э-д учирсан сэтгэл санааны хохирлыг түүний эрүүл мэндэд учирсан гэмтлийн байдал болон шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа зэргийг харгалзан гэмт хэрэг үйлдэх үед дагаж мөрдөж байсан Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 13 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу нийт 8.580.000 төгрөгөөр тогтоож, шүүгдэгчээс гаргуулан хохирогчид олгох нь зүйтэй байна.
Иймд шүүгдэгч Б.М-өөс 8.746.680 төгрөг гаргуулж хохирогч Я.Э-д 8.580.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын санд 166.680 төгрөг тус тус олгохоор шийдвэрлэв.
Мөн хохирогч Я.Э- нь энэ гэмт хэргийн улмаас өөрийн эрүүл мэндэд учирсан хохирлыг эмчлүүлэхэд гарсан зардлаа иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсаргаж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Б.М-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар...” буюу “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж;” үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Б.М-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М- нь энэ тогтоолоор оногдуулсан 800.000 төгрөгийн торгох ялыг 90 хоногийн хугацаагаар хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэг зааснаар
Б.М- нь тогтоосон хугацаанд торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын 15.000 төгрөгийг хорих ялын 1 хоногоор тооцож сольдог болохыг түүнд тайлбарласугай.
5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т зааснаар шүүгдэгч Б.М-өөс 8.746.680 төгрөг гаргуулж хохирогч Я.Э-д 8.580.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын санд 166.680 төгрөг тус тус олгосугай.
6.Хохирогч Я.Э- нь энэ гэмт хэргийн улмаас өөрийн эрүүл мэндэд учирсан хохирлыг эмчлүүлэхэд гарсан зардлаа иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсаргасугай.
8.Хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.М- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
9.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
10.Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
11.Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.М-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.БОЛДБААТАР