| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Довдонгийн Цэрэндолгор |
| Хэргийн индекс | 101/2022/02850/И |
| Дугаар | 101/ШШ2022/02214 |
| Огноо | 2022-05-12 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 05 сарын 12 өдөр
Дугаар 101/ШШ2022/02214
| 2022 05 12 | 101/ШШ2022/02214 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: С-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Н-д холбогдох,
Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогсод:
Хариуцагч Б.Н,
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Х.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
О.С миний бие Б.Нтой 2017 онд танилцаж хамтран амьдраад албан ёсоор хуримаа хийж гэр бүл болоогүй. Бидний дундаас 2018 оны 05 сарын 08-ны өдөр охин Н.А төрсөн. 2018 оны 6 сард охин Н.А нь мэдрэлийн гаралтай бөөрний дээд булчирхайн хорт хавдараар оношлогдсон. Энэ үеэс хойш энэ мэт асуудлаа давж чадалгүй бидний харилцаа холдож хэрэлдэж маргалдаад энэ хүнд үеийг хамтдаа тэсч гарч чадаагүй салж нийлсээр харилцаа улам хөндийрч холдож салсан. Тийм учраас цаашид бид хамт амьдрах боломжгүй гэж үзээд ийм шийдвэрт хүрсэн. Охин маань одоо Эх хүүхдийн эрүүл мэндийн төвийн эх нялхасын эмчийн хяналтанд байдаг, дархлаа муутай учир сард дархлаа дэмжих витамин амин дэм гэх мэт эрүүл мэндэд тодорхой хэмжээний зардал их гардаг. Охин маань өвчний улмаас байнгын асаргаанд байх шаардлагатай учир би өөрөө ажил хийх боломжгүй байдаг. Б.Н нь охиноо төрснөөс хойш бид хоёртой холбоотой байж охиндоо туслалцаа үзүүлдэг байсан боловч сүүлийн нэг жил таван сар холбоогүй, охиноо харж хандах тэтгэх үүргээ биелүүлээгүй ор сураггүй алга болсон. Миний хувьд залуу хүн, би хөдөлмөр эрхлэх боломжгүй өдийг хүртэл өвчтэй охиноо ганцаараа өсгөж, асран халажилж амьдралын хүнд хэцүүг ганцаараа даван туулж явна. Иймд хүүхдийн тэтгэлгийг хуульд заасны дагуу тогтоолгож, эцэг Б.Ноос гаргуулах хүсэлтэй байна гэв.
Хариуцагч тал шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаад гаргасан тайлбартаа:
О.Сгийн хэлсэн ярьсан бүх зүйл үнэн. Миний хувьд хүүхдийн тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрч байна. Хуульд заасны дагуу хүүхэддээ тэтгэлэг төлнө гэв.
Хэрэгт авагдсан нотлох баримтууд:
Нэхэмжлэгч талаас ирүүлсэн: нэхэмжлэл /хх-1/, Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт /хх-2/, Эрүүл оршихуй өрхийн эрүүл мэндийн төвийн тодорхойлолт /хх-3/, Говь-Алтай аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 262 дугаартай тодорхойлолт /хх-4/, иргэний үнэмлэхний хуулбар, лавлагаа /хх-5, 6/, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-17/,
Хариуцагч талаас ирүүлсэн: хариу тайлбар /хх-14/, иргэний үнэмлэхний хуулбар, лавлагаа /хх-11/.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч О.С нь хариуцагч Б.Нод холбогдуулан хүүхдийн тэтгэлэг тогтоолгох шаардлага гаргасан бөгөөд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4-т Тэжээн тэтгэхтэй холбогдсон нэхэмжлэлийг нэхэмжлэгчийн оршин суугаа газрын шүүхэд гаргана гэж заасан бөгөөд нэхэмжлэгч О.С нь Баянзүрх дүүрэг, 22 дугаар хороо, Өлгий 14 гудамж, 191 тоот хаягт оршин суудаг болох нь тус хорооны Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдож байх тул шүүхийн харьяалал зөрчөөгүй.
2018 оны 05 дугаар сарын 08-ны өдөр охин Түмэн овогт Нын А /Регистрийн дугаар УО18250881/ төрсөн болох нь хүүхдийн төрсний бүртгэлийн гэрчилгээ болон зохигчдын тайлбараар тогтоогдож байна.
О.С, Б.Н нар нь гэрлэлтээ батлуулаагүй боловч охин Амин-Эрдэнийг төрсөн эцэг Б.Ноор овоглож, хүүхдийн эцэг, эхийг захиргааны журмаар тогтоосон болох нь хүүхдийн төрсний бүртгэлийн гэрчилгээ, нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбараар тогтоогдож байна.
Насанд хүрээгүй хүүхэд болох охин Н.А одоо төрсөн эх О.Сгийн асрамжид эрүүл бойжиж байгаа болох нь хорооны Засаг даргын тодорхойлолт, өрхийн эрүүл мэндийн төвийн тодорхойлолт болон зохигчдын тайлбараар тогтоогдож байх бөгөөд хариуцагч Б.Н хүүхдийн асрамжийн асуудлаар маргаагүй.
Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 21.5, 26 дугаар зүйлийн 26.2.2, 35 дугаар зүйлийн 35.1-д гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн нэгэн адил тэжээн тэтгүүлэх эрх үүсэх журамтай болохыг тодорхойлсон ба мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.2-т заасны дагуу зохигчид хүүхдийн тэтгэлгийн хэмжээний талаар тохиролцоогүй тул хүүхдийн тэтгэлгийн хэмжээг мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40,1,1, 40.1.2-т зааснаар тогтоон хариуцагч Б.Ноос хүүхдийн тэтгэлэг гаргуулах үндэслэлтэй.
Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д Эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ гэж заасан. Хүүхдийг асрамжлах, тэжээн тэтгэх үүргийн хуваарилалт шүүхийн шийдвэрээр шийдвэрлэгдэх боловч эцэг, эх үр хүүхдийн харилцаа дуусгавар болохгүй тул хүүхэд эцэг, эхийн хэн нэгний асрамжид байгаагаас үл шалтгаалан хүүхдийг өсгөн хүмүүжүүлэхтэй холбогдон гарах зардлыг эцэг, эх тэнцүү хариуцах үүрэгтэй, үр хүүхдээ асарч халамжлах, тэжээн тэтгэх үүргээсээ чөлөөлөгдөхгүй болохыг дурдах нь зүйтэй.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д тэтгэвэр, тэтгэмжийн талаар гаргасан нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхөөр заасныг баримтлан нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөнө.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д тогтмол хугацаанд төлөгдөх тэтгэлгийн нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр нэхэмжлэлийн үнийг тодорхойлно гэж заасан. Хүн амын амьжиргааны доод түвшинг тодорхойлох тухай хуулийн 5 дугаар зүйлд заасны дагуу Үндэсний статистикийн хорооноос 2022 онд мөрдөгдөх амьжиргааны доод түвшингийн хэмжээг Улаанбаатар хотод нэг сард 277,800 төгрөгөөр тогтоосон тул хүүхдийн тэтгэлэгтэй холбогдох хариуцагчаар нөхөн төлүүлэх улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д зааснаар нэг жил буюу 12 сарын хугацаанд төлөх хэмжээнээс тооцож, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 41,618 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулах нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг баримтлан хариуцагч Түмэн овогт Бямбажавын Н /Регистрийн дугаар ОЕ99022818/-оос 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдөр төрсөн охин Түмэн овогт Нын А /Регистрийн дугаар УО18250881/-ийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэжээн тэтгүүлсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурдаж, хариуцагч Б.Ноос нэхэмжлэлийн шаардлагын хангасан хүүхдийн тэтгэлгийн нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамжид 41,618 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.
3. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4-т зааснаар энэ шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш иргэний гэр бүлийн бүртгэлийн төв байгууллагад хүргүүлсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦЭРЭНДОЛГОР