Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 03 сарын 28 өдөр

Дугаар 09

 

  2019           03             28                                         202/МА2019/00009

 

Ц.С-гийн нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

 

Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Болормаа даргалж, шүүгч А.Сайнтөгс, Ерөнхий шүүгч Н.Батчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар;

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 137/ШШ2019/00039 дүгээр шийдвэртэй,  

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянгол дүүргийн ...... дугаар хороо, Амины орон сууцны ........ тоотод оршин суух, 1955 онд төрсөн, 63 настай, эрэгтэй, Боржигон овогт Ц-ын С /РД:ЧС550......../-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр баг, ....дугаар байрны ...... тоотод оршин суух, 1964 онд төрсөн, 54 настай, эмэгтэй, Жалам овогт Б-ийн Л /РД:КЮ64070483/-д холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 11 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч Б.Л-гийн давж заалдсан гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Н.Батчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Баттулга, хариуцагч Б.Л, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баярмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.С шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2015 оны 10 дугаар сард Дорноговь аймгийн Замын-Үүдийн ..............ажилтай Б.Л-тэй Улаанбаатар хотод танилцсан билээ. Миний бие 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Замын-Үүдээс машин авбал арай хямд гээд Дорноговь аймгийн Замын-Үүдэд очсон. Машин үзээд таалагдах машин олдоогүй. Тэгээд Б.Л-тэй уулзтал “...надад мөнгөний яаралтай хэрэг болоод байна, хүүхдийн орон сууцны мөнгө нэхэгдээд байна, 10 сая төгрөг хүүтэй нь зээлүүлээч” гэж гуйсан. Ингээд харилцан тохиролцож, төрийн албан хаагч болохоор нь түүнд итгээд 10 сая төгрөгийг зээлүүлэхээр болсон. Ингээд Замын-Үүд дэх Голомт банкнаас өөрийн хадгаламжийн данснаасаа 10 сая төгрөг бэлнээр аваад Замын-Үүд сумын Засаг даргын тамгын газрын 2 давхарт Л-гийн ажлын өрөөнд нь оруулж өгсөн. Мөнгөө бэлнээр өгсөн тул зээлийн гэрээг бичгээр байгуулах талаар хэлтэл тэгнээ, албан ёсоор бүрдүүлж өгнө гээд өгөөгүй. Мөн 2016 оны 01 дүгээр сарын сүүлээр Б.Л нь Улаан-Үүд явж байна, 1 сая төгрөг өгөөч, буцаж очоод өгнө гэхээр нь мөн л түүнд бэлнээр нэмж 1 сая төгрөг өгсөн. Үүнээс хойш утсаар ярьж, зээлсэн мөнгөө нэхэхэд өгнө, ажил бүтэж байна л гэдэг байсан. Надад буцааж нэг ч төгрөг өгөөгүй. Утсаар удаа дараа дансны дугаараа өгч, энэ данс руу хэсэгчлээд ч болтугай хийж өгөөч гэж гуйсан ч өгөөгүй тул арга буюу шүүхэд хандаж байна. Иймд Б.Лгээс зээлүүлсэн 11 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.Л шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Би Ц.С гэж хүнээс мөнгө зээлээгүй. Энэ хүн надтай амьдарна гээд, би ч гэсэн хувь заяагаа холбохоор шийдэж ирж очиж байсан. Намайг зөвхөн таньдаг гэж бичсэн байна. Цагаан сараар би ээжтэй нь золгож, ах дүү нартай нь танилцсан. Энэ хүн ч манай ах, эгч, дүү, найз нөхөдтэй танилцсан. Манайд ирээд байж байхдаа надад машин авч өгье гэхэд нь одоохондоо машин ч яахав мөнгөний хэрэг байна гэхэд хэд хэрэгтэй юм гээд 10 сая төгрөг өгсөн. Орос явахад 1 сая төгрөгөөр рубль авч өгсөн. Найзтайгаа очиход тосч аваад гэрээр нь ороод биднийг автобусанд суулгаж өгсөн. Бид гэр бүлийн харилцаатай байсан. Би ч гэсэн өвлийн идшээ хувааж хотын гэр рүү өгч явуулж байсан. Гэтэл энэ хүн муухай ааштай, утсаа сонсоогүй өнгөрөөх, өдөр орой оройтоход л хардаж элдвээр хэлдэг байсан. Чамайг ингээд байвал насны сүүлд ингэж амьдарч чадахгүй гэдгээ ч би хэлсэн. Надаас мөнгөө авъя гэж нэг удаа л хэлж, элдвээр доромжилсон болохоос биш дансны дугаараа өгч явуулж  байгаагүй. Чи надаар тоглож, нэр нүүрийг минь барсан, би чамаас зээлээгүй тул өгөх боломжгүй гэдгээ хэлсэн гэв.

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4, 283 дугаар зүйлийн 283.1-т зааснаар хариуцагч Жалам овогт Б-ийн Л-гээс 11 000 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Боржигон овогт Цэрэнгомбын Сд олгохоор,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйл, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 190950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 190950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор,

Хариуцагч Б.Л нь шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гүйцэтгэхийг мэдэгдэж,

Энэхүү шийдвэрийг зохигчид, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ. 

Хариуцагч Б.Л давж заалдсан гомдол болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүх үндэслэх хэсэгтээ иргэн Ц.Сгээс 11 000 000 төгрөг зээлсэн гээд нотолсон байна. Ажил дээр мөнгө авчирч өгөөд билл дээр гарын үсэг зуруулах гэсэн дараа нь баримт бүрдүүлж өгье гэсэн гэж ор үндэслэлгүй юм ярьжээ. Би энэ хүнд мөнгө зээлсэн гээд нотлох баримтгүй нотлогдчихдог юм байна. Энэ хүн надтай хамт амьдарч зовлон жаргалаа хуваалцъя, хашаанд шинээр байшин баръя, эхлээд чамд машин авч өгье гэж хэлсэн. Би одоохондоо машины хэрэг алгаа гэхэд ямар туслалцаа дэмжлэг хэрэгтэй байна гээд 10 000 000 төгрөг өгч, цаашдынхаа амьдралын талаар ярилцаж шийдвэрлэцгээсэн. Би Орос улс руу наймаанд яваагүй, сар шинийн бэлтгэл хангах гэж явсан. Ц.С нь гэр бүлийн хүний үүргийн дагуу 1 000 000 төгрөгөөр рубль авч өгсөн. Энэ мөнгийг сар шинэ болж байсан, хамтын хэрэглээнд зарцуулсан. Мөн хүнд өгөх бэлэгний юмыг нь хүртэл авч бэлдэж өгсөн. Өвлийн идшийг нь хүртэл бэлдэж өгсөн. Сар шинээс өмнө очиж гэр орныг нь цэвэрлэж, сар шинийн бэлтгэл хангаж хамт шинэлсэн. Ээж, дүү нартай нь золгож, шинийн 2-нд хотоос гарч Эрдэнэ сумаар дайран хүргэний аав ээжтэй золгоод Замын-Үүдэд ирсэн. Энэ шинэлчихээд буцахдаа Хамарын хийд ороод энерги ав, хөгшөөн гээд л ярьж байсан. Мөн хотод очоод хөгшнийхөө цэвэрлэсэн гэрт, бэлдэж өгсөн юмнуудаар найз нараа дайлаад шинэлээд сууж байна гээд л ярьж байсан. Энэ бүхнээс гэр бүлийн харьцаатай байсан гэдэг нь нотлогдох бус уу.

   Мөн хоёр гэрч асуулгасан боловч огт дурьдагдаагүй байна. Зөвхөн танил төдий байсан бол 2016 оны 1 сарын эхээр 10 сая төгрөг зээлчихээд өгөхгүй байхад ахиад 1 сая төгрөг зээлэх үү.  Мөнгө өгснөөсөө хойш зүй бус зүйл шаардаж, ёс бус харьцаад  байхаар нь би цаашдаа энэ хүнтэй сууж амьдарч болохгүй юм байна гэж дүгнэлт хийж, ахиж гэрт нь очоогүй, өөрт нь ч хэлсэн. Энэ хүний нэр хүндийг бодоод зарим зүйлийг бичсэнгүй. Мөнгөөр хуурч эрхшээлдээ оруулах гэсэн зорилго байсан. Би гэр бүлийн хүнээ өнгөрснөөс хойш анх удаа энэ хүнтэй учирсан. Гэтэл ахиж хүнтэй уулзаж учирч, амьдрал зохиохооргүй болтол сэтгэгдэл үлдээсэн. Би архи уудаг ч хүн биш, хоёр хүүхдийнхээ төлөө зүтгэж яваа жирийн л ээж хүн.

Шүүх хурлын тов 2019 оны 01 сарын 25-нд зарлахад би очсон. Гэтэл нөгөө талаас хойшлуулах хүсэлт ирүүлсэн гээд хойшлуулсан. Охин анхны төрөлт, өмнө нь 3 удаа эндчихсэн, сая хотод эмнэлэгт хэвтэж байгаад ирлээ, биеийн байдал нь сайнгүй, эмчийн хяналтанд байгаа, эгч нь ээлжийн амралтаа аваад дагаад явж байна, хугацааг сунгаж болох болов уу гэсэн, 2  сарын 15-наас хойш хугацаа байхгүй гээд байхаар нь төрөөгүй, бие нь гайгүй байвал ирэхийг бодьё гэж хэлсэн. Гэтэл хүндэтгэн үзэх шалтгаангүй ирээгүй гэсэн байх юм. Ер нь бол хүсэлтээ өгч хойшлуулж болохгүй юу гэхэд боломжгүй гэсэн учир би шүүхэд хүсэлтээ өгөөгүй юм. Би шүүх хуралдаанд биечлэн оролцуулаагүй гэдэг дээр гомдол гаргаагүй. Би шүүх хуралд суугаагүй болохоор С нь бүхнийг өөрийнхөөрөө ярьж, анхан шатны шүүх ч энэ хүний үгэнд тулгуурлан шийдвэр гаргажээ. Нэхэмжлэгч Ц.С бид хоёр хоёулаа л үүрэг хариуцлага хүлээх ёстой. Тиймээс хэн хэн нь үүрэг хариуцлагаа ухамсарлаад 50%-ийг төлж болно. 1 сая төгрөгийг огт хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Баттулга давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2 үндэслэлээр гомдол гаргаж байгаа юм байна гэж ойлголоо. Хэргийн материалтай танилцахад хурал 2019.01.28-ны өдөр хэлэлцэхээр товлогдоод хариуцагчийн зүгээс оролцсон байдаг. Нэхэмжлэгчийн зүгээс хүсэлт гаргасан. Шүүхээс талуудын гаргаж байгаа тайлбарыг үндэслээд, 2019.02.13-ны өдөр зарлах гэсэн боловч хариуцагч амжихгүй гэхээр нь 2019.02.15-ны өдөр зарласан байдаг. Шүүх хуралдааныг зарлахад хариуцагч талаас хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байдаг. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тодорхой хүндэтгэн үзэх шалтгааныг заагаад өгчихсөн. Хариуцагч би ийм тодорхой шалтгаантай гэсэн баримтаа, хүсэлтээ ирүүлж хуралдаанд оролцоогүй. Бид нэгэнт холоос зориод очсон учраас хүсэл зоригоо илэрхийлээд хэрэгт авагдсан нотлох баримтаар хариуцагчийг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэх боломжтой байх тул хариуцагчийг оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийж өгнө үү гэсэн. Шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн. Нэгэнт хариуцагчийн зүгээс хүндэтгэн үзэх шалтгаанаа нотлоогүй, хүсэлтээ бичгээр гаргаагүй.

Гэр бүлийн хамтран буюу дундын өмчлөл гэдгийг хуульд тодорхой заагаад өгчихсөн. Гэрлэлт үүссэнээс хойш бий болсон хөрөнгийг гэр бүлийн дундын хөрөнгө гэж заагаад өгчихсөн. Энэ хүмүүст гэр бүлийн харилцаа үүсээгүй. Хариуцагчийн хэлээд байгаа шиг дундын өмчлөлийн хөрөнгө биш. Тийм учраас хариуцагчийн мөнгө өгөхгүй гэж тайлбарлаж байгааг үндэслэлгүй гэж үзэж байна. Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар ер нь хэлцлийг бичгээр байгуулах, тодорхой хэлцлүүдийг байгуулаад нотариатаар батлуулахыг заагаад өгчихсөн. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд зааснаар энэ зээлийн гэрээг бичгээр байгуулахыг шаардаагүй. Хүү авахаар тохирсон тохиолдолд бичгээр байгуулахыг шаардсан. Тийм учраас Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч хүү шаардаагүй. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар талууд нэг зүйл дээр маргахгүй байгаа. 11 сая төгрөгийг өгсөн, 11 сая төгрөгийг авсан гэдэг дээр маргахгүй байгаа. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар мөнгө болон эд хөрөнгө шилжүүлснээр тухайн зээлийн гэрээг байгуулсанд тооцдог учраас энэ зээлийн гэрээ хүчин төгөлдөр гэж үзэж байгаа. Тийм учраас хариуцагчийн гаргасан давж заалдсан гомдол үндэслэлгүй байна. Сая хариуцагч хэлэхдээ 3 жил болчихсон шүү дээ гэж байна. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2 дахь хэсэгт зааснаар гэрээтэй холбоотой хөөн хэлэлцэх хугацаа гэж тайлбарлах байх. 2016.01.04-ний өдөр мөнгө шилжсэн. Нэхэмжлэл гаргахдаа 2018.12.12-ны өдөр гаргасан. Хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байхад нэхэмжлэлийг гаргасан гэдгийг хэлмээр байна. Нэхэмжлэгч нь эрүүл мэндийн байдлаас болоод ирж чадсангүй гэдгийг хэлмээр байна. Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий тул хэвээр үлдээж өгнө үү гэв.

ХЯНАВАЛ:

            Нэхэмжлэгч Б.С нь хариуцагч Б.Лд холбогдуулж 2016 оны 01 дүгээр сарын 04-нд зээлдүүлсэн 10 000 000 /арван сая/ төгрөг, 2016 оны 01 дүгээр сарын сүүлээр зээлдүүлсэн 1 000 000 /нэг сая/ төгрөг, нийт 11 000 000 /арван нэгэн сая/ төгрөг гаргуулахаар нэхэмжилж, нэхэмжлэлээ өөрийн Голомт банкны дансны хуулга баримтанд /хх-5/ үндэслэжээ.

            Хариуцагч Б.Л нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч 11 000 000 /арван нэгэн сая/  төгрөгийг Ц.Сгээс зээлээгүй, 10 000 000 /арван сая/ төгрөгийн хувьд тусламж болгож өөрөө  өгсөн, 1 000 000 /нэг сая/ төгрөгийн хувьд ОХУ-д явахад рубль авч өгсөн тул эдгээрийг буцааж төлөх үндэслэлгүй гэж маргажээ.

            Анхан шатны шүүх Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4, 283 дугаар зүйлийн 283.1-т заасныг хэрэглэж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэснийг хариуцагч Б.Л эс зөвшөөрч “... Шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй гэсэн. ... хойшлуулах боломжгүй гэсэн хариу өгсөн ... тул шүүх хуралдаанд оролцож чадаагүй. ... 11 000 000 төгрөг нь зээлдэгч, зээлдүүлэгчийн хэмжээнд яригдах зүйл биш тул бүрэн төлөх хариуцлага хүлээхгүй...” гэсэн агуулга бүхий давж заалдсан гомдол гаргасан байна.

            Давж заалдах шатны шүүх хариуцагчийн давж заалдсан гомдлыг үндэслэн хэргийг хянан үзэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзвэл  анхан шатны шүүх  хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т зааснаар  “тал бүрээс нь бодитойгоор харьцуулан , тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх” журмыг бүрэн хэрэгжүүлж чадаагүй тул шийдвэрт өөрчлөлт оруулахаар шийдвэрлэв.

            Хэрэгт цугларсан нотлох баримтаас үзэхэд нэхэмжлэгч Ц.С болон хариуцагч Б.Л нар нь найз нөхдийн дотно харилцаатай байсан хэдий ч тэд хамтран амьдраагүй, гэр бүл болоогүй, улмаар нэхэмжлэгч Ц.С нь  хариуцагч Б.Лд 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр 10 000 000 /арван сая/ төгрөг шилжүүлж өгсөн, мөн 2016 оны 01 дүгээр сарын сүүлэээр 1 000 000 /нэг сая/ төгрөгөөр ОХУ-ын мөнгөн тэмдэг болох рубль худалдаж авч өгсөн үйл баримт тогтоогдсон, талууд энэ талаар маргаагүй байна.

            Харин хариуцагч Б.Л нь дээрх нийт 11 000 000 /арван нэгэн сая/ төгрөгийг хүлээн авснаа үгүйсгээгүй хэдий ч уг мөнгийг зээл биш буюу зээлийн гэрээ байгуулагдаагүй, буцааж төлөх үүрэг хүлээгээгүй гэж маргасан ба анхан шатны шүүх нийт 11 000 000 /арван нэгэн сая/ төгрөгийг бүхэлд нь зээлийн гэрээний үүрэгт хамааруулж үзсэн нь үндэслэл бүхий болж чадаагүй, хэрэгт цугларсан нотлох баримтанд үндэслээгүй гэж үзэхээр байна.

            Энэ нь 1 000 000 /нэг сая/ төгрөгийн хувьд нэхэмжлэгч Ц.С шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбартаа “... Улаан-Үүд явж байна 1 сая төгрөг өгөөч ... гэхээр .. бэлнээр 1 сая төгрөг өгсөн...” гэсэн, хариуцагч Б.Л энэ талаар шүүхэд гаргасан тайлбартаа”... Орос явахад 1 сая төгрөгөөр рубль авч өгсөн...” гэснээс тус тус үзэхэд зохигчдын хооронд уг 1 000 000 /нэг сая/ төгрөгийн хувьд зээлийн гэрээ байгуулагдсан буюу хариуцагчийн хувьд уг 1 000 000 /нэг сая/ төгрөгийг буцааж төлөх үүрэг хүлээсэн гэж үзэх үндэслэл нөхцөл тогтоогдсонгүй.

            Тодруулбал дээрх мөнгөний хувьд зохигчид өөр өөр тайлбарыг гаргасан, хэн алиных нь гаргасан тайлбарыг нотлох баримт хэрэгт авагдаагүй ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.2-т “Нэхэмжлэгч ... нэхэмжлэлийн шаардлага маргааны үйл баримт, хариуцагчийн гэм бурууг нотолж, түүний татгалзлыг үгүйсгэж байгаа үндэслэлээ нотолно” гэж  заасан нотлох үүргийн хуваарилалтын зарчмыг үндэслэвэл нэхэмжлэгч уг 1 000 000 /нэг сая/ төгрөгийг зээлүүлсэн, улмаар уг мөнгөний хувьд хариуцагч буцааж төлөх үүрэг хүлээсэн болохыг нотолж чадаагүй, мөн хариуцагч нь уг 1 000 000 төгрөгийн хувьд зээлэх хүсэл зоригоо илэрхийлсэн гэх болон бусад байдлаар гэрээний дагуу хариу төлбөртэй шилжүүлэн авсан гэж үзэх нөхцөл байдал хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдоогүй байгааг анхан шатны шүүх анхаараагүй, зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзсэн нь үндэслэл бүхий болж чадаагүй байна.

            Харин 10 000 000 /арван сая/ төгрөгийн хувьд нэхэмжлэгч Ц.С нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбартаа “...Лтэй уулзахад мөнгөний яаралтай хэрэг болоод байна, хүүхдийн орон сууцны мөнгө нэхэгдээд ... гэж гуйсан болохоор ... 10 000 000 /арван сая/ төгрөг зээлүүлэхээр болсон” гэж, хариуцагч Б.Л шүүхэд гаргасан тайлбартаа “... мөнгөний хэрэг байна гэхэд хэд хэрэгтэй юм гээд 10 000 000 /арван сая/ төгрөг өгсөн” гэж тус тус тайлбарласнаас үзэхэд хариуцагч Б.Л нь 10 000 000 /арван сая/ төгрөгийг өөрийн хэрэгцээнд зориулан зээлэх хүсэл зоригоо илэрхийлснээр нэхэмжлэгч Ц.С нь түүний өмчлөлд уг мөнгөн хөрөнгийг шилжүүлсэн болох нь тогтоогджээ.

            Өөрөөр хэлбэл зохигчдын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй тул хариуцагч нь зээлийн мөнгө болох 10 000 000 /арван сая/ төгрөгийг буцаан төлөх үүрэгтэй ба энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт энэхүү хуулийн агуулгад нийцсэн, хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

            Улмаар хариуцагч Б.Л нь уг 10 000 000 /арван сая/ төгрөгийг нэхэмжлэгчийн зүгээс өөрт нь тусламж болгож өгсөн, зээлээгүй гэх боловч хэрэгт цугларсан нотлох баримтаар нэхэмжлэгч нь 10 000 000 төгрөгийг хариуцагчид бэлэглэсэн, өөр бусад байдлаар хариу төлбөргүйгээр шилжүүлсэн гэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

            Түүнчлэн хариуцагч Б.Л нь давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа уг 10 000 000 /арван сая/ төгрөгийн 50 хувийг буюу 5000000 /таван сая/ төгрөгийг төлөхөө хүлээн зөвшөөрсөн байх боловч хэрэгт цугларсан нотлох баримтаар ийнхүү үүргийг хуваах, харилцан шаардлага бүхий үүрэгт тооцох зэрэг үндэслэл тогтоогдоогүйн зэрэгцээ Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т зааснаар зээлдэгч буюу хариуцагч Б.Л нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил ... , тоо, ... хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг ... буцаан өгөх үүрэгтэй болно.

            Иймд дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн давж заалдсан гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

            Хариуцагч Б.Л-гийн давж заалдсан гомдолд анхан шатны шүүх түүний шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг хангаагүй тухай агуулга тусгагдсан байх боловч давж заалдах шатны шүүх хуралдаанд энэ талаар гомдол гаргаагүй гэж тайлбарласан болохыг дурдах нь зүйтэй.

            Анхан шатны шүүх хуралдааныг анх 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр хийхээр товлосон боловч шүүх хуралдаанд нэхэмжлэгч тал ирээгүй тул шүүх хуралдааныг хойшлуулж, 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хийхээр товлож, энэхүү товыг тогтоосон шүүх хуралдаанд хариуцагч Б.Л биечлэн оролцсон, улмаар дараагийн хурлын товыг түүнд мэдэгдсэн, тэрээр ирэх боломжгүй тухайгаа шүүхэд мэдэгдсэн талаар давж заалдах гомдол, давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа дурджээ.

Гэтэл хэрэгт цугларсан баримтаас үзэхэд түүнд 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн шүүх хуралдааны товыг мэдэгдэхдээ мэдэгдэх хуудас, баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу үйлдээгүй, энэ талаарх баримтгүй байгааг, мөн шүүх хуралдааны тэмдэглэлд шүүхийн шийдвэрийн агуулгыг дурдахдаа хуулийн зүйл заалтыг алдаатай, буруу бичсэн байгааг тус тус магадлалд тэмдэглэв. 

Энэхүү дурдсан алдаа нь хэргийн болон шүүх хуралдааны оролцогчийн эрхийг хангаагүй, тэдний эрх ноцтой зөрчигдсөн, мөн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэл болохгүйг дурдах нь зүйтэй.

Нэгэнт давж заалдах шатны шүүхээс хариуцагчийн давж заалдсан гомдлын зарим хэсгийг хангаж буюу нэхэмжлэлийн шаардлагаас 1 000 000 /нэг сая/ төгрөгийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэсэн тул түүний давж заалдсан гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 190950 төгрөгийг буцаан олгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 59 дүгээр зүйлийн 59.3-т нийцнэ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1, 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.  Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 137/ШШ2019/00039 дүгээр шийдвэрийн 1 дүгээр заалтын “... 11,000,000 ...” гэснийг “10 000 000 /арван сая/” гэж, “... олгосугай.” гэснийг “олгож” гэж тус тус өөрчилж, заалтад “нэхэмжлэлээс үлдэх 1 000 000 /нэг сая/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж нэмж,

2 дугаар заалтын “... хариуцагчаас 190,950 төгрөгийг гаргуулж...” гэснийг “хариуцагчаас 174950 төгрөг гаргуулж” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч Б.Л-гийн давж заалдсан гомдлын зарим хэсгийг хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Б.Л-гийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 190950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.  

3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны  шүүх магадлал гаргахдаа хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.      

4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай. 

 

 

                        ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                     Н.БОЛОРМАА

                                           ШҮҮГЧИД                                     А.САЙНТӨГС

                                                                                             Н.БАТЧИМЭГ