Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 03 сарын 11 өдөр

Дугаар 2021/ДШМ/241

 

Д.М, Б.Д, Д.Б, Н.И нарт холбогдох

 эрүүгийн хэргийн тухай      

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Дарьсүрэн даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Н.Энхболд,

шүүгдэгч Б.Д, Д.Б, Н.И нарын өмгөөлөгч Д.Ганбат,

шүүгдэгч Д.М-ын өмгөөлөгч Б.Энх-Амгалан,

нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн 2021/ШЦТ/46 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Д.М-ын өмгөөлөгч Б.Энх-Амгалангийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн Д.М, Н.И, Д.Б, Б.Д нарт холбогдох эрүүгийн 2005 01245 1451 дугаартай хэргийг 2021 оны 2 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.

1. М овгийн Д-ийн М, ... оны ... дүгээр сарын ...-ний өдөр ... аймагт төрсөн, ... настай, эрэгтэй, дээд боловсролтой, ... мэргэжилтэй, “П” ХХК-д ... ажилтай, ам бүл ..., ...-ийн хамт ... дүүргийн ... дугаар хороо, ... гудамжны ... дугаар байрны ... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ... /;

2. Ц овгийн Б-ын Д, ... оны ... дугаар сарын ...-ны өдөр ... аймагт төрсөн, ... настай, эмэгтэй, дээд боловсролтой, ... мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ..., ...-ийн хамт ... дүүргийн ... дугаар хороо, ... гудамж, ... байрны ... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ... /

3. С овгийн Д-ийн Б, ... оны ... дугаар сарын ...-ны өдөр ... аймагт төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ... мэргэжилтэй, “З” ХХК-д ... ажилтай, ам бүл ..., ...-ийн хамт ... дүүргийн ... дугаар хороо, ... дүгээр гудамжны ... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ... /;

4. У овгийн Н-ын И, ... оны ... дүгээр сарын ...-ны өдөр ... аймагт төрсөн, ... настай, эмэгтэй, дээд боловсролтой, ... мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ..., ...-ийн хамт ... дүүргийн ... дугаар хороо, ... гудамжны ... тоотод оршин суух бүртгэлтэй боловч ... дүүргийн ... дугаар хороо, ... хорооллын ... тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй,  /РД: ... /;

Н.И, Д.Б, Б.Д, Д.М нар нь 2020 оны 3 дугаар сарын 31-ээс 4 дүгээр сарын 01-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “А” ХХК-ийн “Э” нэртэй зочид буудалд үл таних хүмүүстэй маргалдан танхайрч, нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, бусдад хүч хэрэглэж, эд хөрөнгө устгаж, гэмтээж, эдгээр үйлдэлд өдөөн турхирч, татан оруулж, хүний халдашгүй, чөлөөтэй байх, эд хөрөнгө өмчлөх эрхийг зөрчиж, аж ахуйн нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагаа, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан,

Д.М нь 2020 оны 3 дугаар сарын 31-ээс 4 дүгээр сарын 01-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “А” ХХК-ийн “Э” нэртэй зочид буудалд үл таних залуучууд хоорондоо маргалдан зодолдож, танхайран, нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, бусдад хүч хэрэглэж, эдгээр үйлдэлд өдөөн турхирч, татан оруулж, хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхийг зөрчиж, аж ахуйн нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагаа, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах үедээ У.Б-ын биед тархи доргилт, зүүн хөмсөг, зүүн нүдний зовхи, зүүн шанаа, эрүү, хамар, хоолой, баруун гарын эрхий хуруу, зүүн гарын чигчий хурууны шарх, шалбаралт, цус хуралт, хаван хавартай гэмтэл буюу хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Баянгол дүүргийн прокурорын газар: Д.М-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Н.И, Б.Д, Д.Б нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч М овогт Д-ийн М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэн, аж ахуйн нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагаа, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт хэрэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Ц овогт Б-ын Д, С овогт Д-ийн Б, У овогт Н-ын И нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэн, аж ахуйн нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагаа, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч Д.М-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, уг ялыг тус тусад нь эдлүүлэхээр, шүүгдэгч Б.Д, Д.Б, Н.И нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тус тус тэнсэж, шүүгдэгч Д.М-т оногдуулсан 1 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг компакт дискийг хэрэгт хавсарган үлдээхээр, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Б.Д, Д.Б, Н.И нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэж, Д.М-т өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн 2021 оны 1 дүгээр сарын 14-ний өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Д.М-ын өмгөөлөгч Б.Энх-Амгалан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Д.М нь гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгасан. Д.М-ын хувьд урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, эрхэлсэн тодорхой ажилтай, байнгын оршин суух хаягтай, гэр бүлтэй, 2-9 насны 2 бага насны хүүхэдтэй, өндөр настай эцэг эх нь хэвтэрт, хүний асрамжид байдаг, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зорчих эрх хязгаарлах ялыг санал болгосныг шүүх хүлээн авах бүрэн боломжтой. Иймд шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулж өгнө үү.” гэв.

Шүүгдэгч Б.Д, Д.Б, Н.И нарын өмгөөлөгч Д.Ганбат тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би шүүгдэгч Д.М, Б.Д, Д.Б, Н.И нарыг өмгөөлсөн. Эдгээр хүмүүст ямар нэг сонирхлын зөрчил байгаагүй. Д.М, Д.Б, Н.И нар өөрийн гэм буруу, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд гомдол гаргаагүй. Харин ялтан Д.М надаас татгалзсан. Надаас татгалзаж, надаар өмгөөлүүлэхгүй гэснийг нь би хүлээн авсан. Давж заалдах шатны шүүх давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянах биш бүхэлд нь хянах үүрэгтэй байдаг. Иймд хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, улсын яллагчийн яллах дүгнэлтэд дурдсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн эсэх маргаан байна. Б, Д, Г нар гэмт халдлагад эхэлж өртөж зодуулсан. Тэд эхэлж эхнэрийг нь “янхан” гэж хэлж, буудал орж, бэлгийн харилцаанд орох санал тавьсан. Үүнээс болж энэ маргаан үүссэн.” гэв.

Прокурор Н.Энхболд тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн 46 дугаартай шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан. Шүүгдэгч Д.М нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ хуулийн тусгай ангид заасан хоёр буюу түүнээс дээш гэмт хэрэг санаатай үйлдсэн тул тэнсэн харгалзах боломжгүй. Шүүгдэгч Д.М нь гэм буруу дээр маргаагүй, хохирол төлсөн хэдий ч Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан 2 буюу түүнээс дээш гэмт хэрэг санаатай үйлдсэн гэх нөхцөл байдал байсан учир шүүхээс хорих ял оногдуулсан нь үндэслэл бүхий шийдвэр гэж үзэж байна. Камерийн бичлэгт нэг бүрчлэн үзлэг хийсэн. Тухайн хүмүүсийн гэмт хэрэгт оролцож байгаа оролцоо, нөхцөл байдал, санаатай оролцож байгаа, таслан зогсоож байгаа, таслан зогсоохгүйгээр гэмт хэргийг өдөөн турхирч байгаа үйлдэл зэргийг харж байж яллагдагчаар татсан.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Шүүгдэгч Д.М, Д.Б, Н.И, Б.Д нар нь 2020 оны 4 дүгээр сарын 01-ний шөнө Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “А” ХХК-ийн “Э” зочид буудалд үйлчлүүлж байхдаа тус зочид буудлаар үйлчлүүлж байсан хохирогч У.Б болон нэр бүхий хүмүүстэй маргалдан зодолдож, нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, бусдад хүч хэрэглэн аж ахуйн нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагаа, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан,

Шүүгдэгч Д.М нь хохирогч У.Б-ын эрүүл мэндэд тархи доргилт, зүүн хөмсөг, зүүн нүдний зовхи, зүүн шанаа, эрүү, хамар, хоолой, баруун гарын эрхий хуруу, зүүн гарын чигчий хурууны шарх, шалбаралт, цус хуралт, хаван хавартай гэмтэл буюу хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:

хохирогч У.Б-ын: “...буудлын коридороор явж байтал өөр нэг өрөөний хаалга нь онгорхой, дотор нь нэлээн олон хүн байсан бөгөөд тэр хүмүүс дундаас нэг арчуур барьсан эмэгтэй намайг дуудаад байсан. ...Нөгөө эмэгтэйн араас нэг танихгүй залуу над руу “Чи хэн юм, чи яах гээд байгаа юм” гээд гараад ирсэн. Би тэр залууд “Өөрсдөө дуудчихаад юу яриад байгаа юм” гэсэн чинь тэр танихгүй залуу шууд миний нүүрэнд гараараа цохиод эхэлсэн. Тэр үед нөгөө арчуураар цохисон эмэгтэй миний цээж рүү гараараа цохиод эхэлсэн. Тэр үед тэр хоёр хүнтэй буудлын өрөөнд хамт байсан хүмүүс гарч ирээд намайг тал талаас зодож эхэлсэн. ...Анх тэр буудлын өрөөнд намайг арчуураар дуудаад байсан эмэгтэй, тэр эмэгтэйн араас гарч ирсэн залуу нар цохисон. ...” /1 хх 32/,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б-ийн: “...2020 оны 4 дүгээр сарын 01-ний өглөө намайг ажил дээрээ ирэхэд “Э” зочид буудлын 2 давхрын коридор болон шатан дээр цус болчихсан байхаар нь юу болсон талаар асуутал 2020 оны 4 дүгээр сарын 01-ний шөнө 2 давхарт болон 3 давхарт амарч байсан хүмүүс хоорондоо маргаж, зодолдсон гэж байсан. 3 давхарт амарч байсан залуучуудыг 2 давхарт амарч байсан эрэгтэй, эмэгтэй хүмүүс нийлж зодсон гэж байсан. ...” /1 хх 40/,

гэрч Г.У-ын: “...2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр “Э” нэртэй зочид буудал дотор манай нөхөр Б нь 01 цагийн үед тухайн буудалд үйлчлүүлж байсан үл таних 5 эмэгтэй, 3 эрэгтэй хүмүүст зодуулсан. ...Д-ийг хүргэж өгчихөөд буцаж “Э” буудалд орж ирэхэд манай нөхрийг газар шалан дээр зодож байсан. ...” /1 хх 10/,

гэрч С.Ц-ийн: “...20Ү20 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр 01 цагийн үед найзууд болох Ц, Д, Д-ийн найз нэг зүс таних охины хамт “Э” зочид буудлаас гарах гээд үүд хэсэг рүү явж байтал зодоон болсон байдалтай байсан. ...” /1 хх 14/,

гэрч Б.У-ийн: “...Хувцсаа өмсөж байтал коридорт манай нөхрийн дуу хадаад байхаар нь гараад хартал манай нөхөр дээр 2-3 хүн шавчихсан бөөн зодоон болж байсан. Тэгээд бид нар очоод манай нөхрийг салгаж авсан. Салгаж байх явцад нэг залуу намайг жийж унагаасан. ...” /1 хх 17/,

гэрч Л.Н-ийн: “...Тэр залуу буудлын 2 давхраар эхнэрээ хайж яваад 217 тоот өрөөний хаалга нь онгорхой байхаар нь харах гэж шагайснаас болж тэр өрөөнд байсан хүмүүстэй маргалдсан байсан. ...217 тоотод байсан 2 хүүхэн, 2 залуу дөрвүүлээ нийлээд зодож байсан бөгөөд би салгах гэж оролдсон боловч дийлээгүй. Хоёр хүүхэн нь намайг холдуулаад, нэг залуу нь зодоод байсан. ...” /1 хх 42-43/,

гэрч Д.Ц-ийн: “...бие засчихаад гарч байхад коридорт хүмүүс орилоод байсан. тэгээд гараад очиход манай найз М танихгүй туранхай залуутай зодолдож байсан. Бид нар очоод салгахад хажуунаас тэд нар олуулаа орж ирээд бөөн бужигнаан болсон. ...” /1 хх 46/,

гэрч Б.Г-ийн: “...Б араас нь гараад 5-10 минутын дараа буудлын шатны хажууд хүмүүс орилоод байсан. Тэгээд Д бид хоёр коридорт гараад хартал Б шатан дээр ухаан алдаад, нүүр, гар нь цус болсон, хажууд нь танихгүй хоёр залуу зодож байсан. Бас дөрвөн эмэгтэй байсан. Би гүйж очоод тэр хоёр залууг татаж салгасан. Тэгэхэд тэнд байсан махлаг залуу, бас хоёр эмэгтэй Б руу дайраад нэмж зодоод байсан. ...Тухайн үед махлаг залуу, өндөр залуу нийлээд Б-ыг дээр нь гараад нийлж зодож байсан. Хажуунаас нь хоёр эмэгтэй дайраад, өшиглөөд байсан. ...” /1 хх 50-51/,

гэрч Г.О-ын: “...Коридорт хүмүүс бужигнаад байхаар нь яваад очиход М, танихгүй 3, 4 залуучуудтай муудалцаад зодолдож  байсан. Хажууд нь манай найзууд гарч ирээд салгах гээд бөөн бужигнаан болоод М нэг залуутай зодолдоод байсан. ...” /1 хх 54-55/,

шүүгдэгч Д.М-ын гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн: “...Яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Би маш их харамсаж байна. ...” /1 хх 181/,

шүүгдэгч Б.Д-ийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн: “...Яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Миний хувьд өөрийн үйлдлээ бүрэн ухамсарлаж байна. ...” /1 хх 186/,

шүүгдэгч Д.Б-ы гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн: “...Болсон асуудалд маш их харамсаж байна. Цаашид өөрийн үйлдлийг бүрэн ухамсарлах болно. ...” /1 хх 191/,

шүүгдэгч Н.И-ийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн “...Яллагдагчаар татсан зүйл ангийг хүлээн зөвшөөрч байгаа. ...” /2 хх 53/ гэх мэдүүлгүүд,

хохирогч У.Б-ын эрүүл мэндэд тархи доргилт, зүүн хөмсөг, зүүн нүдний зовхи, зүүн шанаа, эрүү, хамар, хоолой, баруун гарын эрхий хуруу, зүүн гарын чигчий хурууны шарх, шалбаралт, цус хуралт, хаван бүхий хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2020 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 4279 дугаартай дүгнэлт /1 хх 58-59/,

камерын бичлэгт үзлэг хийсэн: “...Хохирогч У.Б, гэрч Д нар коридор харсан дэлгэцийн зүүн талд байрлах хоёр хаалганы наад талын онгорхой хаалганы дэргэд очих үед цаанаас Д.М алхан ирж хохирогч, гэрч Д нарын хажууд ирэв. Энэ үед өрөөнөөс гэрч Ц гарч ирэн хохирогч, гэрч нартай ярилцах үед хохирогч У.Б нь Д.М-ын нүүрэн тус газар баруун тохойгоороо нэг удаа цохих үйлдэл хийх ба Д.М хойш цохиулсны дагуу хохирогчийн хүзүүгээр тэврэн авах ба энэ үед Ц нь гэрчийн нүүр хэсэг рүү хоёр удаа цохих үйлдэл хийх ба Д.М хохирогчийн толгойн ар хэсэг рүү зүүн гараараа нэг удаа цохин баруун гараараа хохирогчийг мушгин газарт унагаах үед гэрч Ц-ийн өрөөнд байсан Б, Ц, У, Д нар гарч ирэх ба гарч ирэхдээ Ц наашаа газар унах гэж байгаа мэт бүдрэн явах үед М хохирогчийг газарт унагаасан байсан ба түүний хажууд Д очин ямар нэгэн зүйл өшиглөж байгаа мэт үйлдэл хийнэ. У нь салгах гэж байгаа мэт үйлдэл хийх бөгөөд Б И-ийн хамт хараад зогсож байв. Энэ үед уг “Э” зочид буудлын ажилтан бололтой хүн ирж маргааныг салгах ба мөн гэрч нарын байсан өрөөний цаад талын өрөөнөөс хоёр хүн гарч ирэн мөн маргааныг салгах үйлдэл хийх ба энэ үед маргааныг У, Б, О нар, зочид буудлын ажилтны хамтаар салгах гэж байхад дундуур нь гэрч Д очин хохирогчийг газар унасан байхад өшиглөж байгаа үйлдэл хийнэ. ...И  мөн хөлөөрөө ямар нэгэн зүйл өшиглөх үйлдэл хийв. Энэ үед буудлын ажилтан гэрч нарыг салгаад хойш нь болгоход Д хохирогчийн явсан зүг рүү яван ямар нэгэн зүйл өшиглөх ба энэ үед М цаанаас мөн ирж дахин маргах гэж байгаа үйлдэл хийгээд алга болсон.  ...М буцаад зодоон болсон хэсэг рүү явах үйлдэл хийхэд бичлэг гэнэт үсрэн М-ыг зодоон болсон хэсгээс Ц, Ц нар зууран гарч ирээд шатны доош аваад явах үед У мөн араас нь явав. Тэдний ард Б, И нар үлдэх үед хохирогч, Д нар гарч ирэн шатаар буух гэхэд Б, И нар хохирогчийг зуурах ба И баруун гараараа хохирогчийн нүүрэн хэсэгт нэг удаа цохих үйлдэл хийв. И нь дахин баруун хөлөөрөө хохирогчийн хөл рүү өшиглөх үед хохирогч зөрүүлэн И-ийн хөл рүү өшиглөх үед маргааныг салгаж байсан Б хохирогчийн нүүрэн тус газарт гараараа нэг удаа шат руу унатал цохих ба хохирогч, түүний ард байсан Д-ын хамт шат руу унаад босох гэхэд Б нь дахин хохирогчийн нүүрэнд хоёр удаа цохих үед Б нь Г-ийн хүзүүгээр тэвэрсэн байх ба Б дух хэсгээрээ Д-ын нүүрэн хэсэгт мөргөн дахин маргаан болох үед И нь Г-ийг мөн хөлөөрөө өшиглөх үйлдэл хийх үед Б, Г нар анх маргаан болсон хэсэг рүү орон алга болох үед хохирогчийг шатан дээр суусан байхад Д гартаа барьсан зүйлээр хэд хэдэн удаа хохирогчийн толгой руу цохих үед цаанаас М дахин гарч ирэн мөн хохирогчийг дахин зодох ба энэ үед Д салгах гэж байгаа мэт боловч Б-ыг цохих үйлдэл хийхдээ хөл алдан унах ба түүний дээрээс О цохих үйлдэл хийж байв. Энэ үед хохирогчийг М зодож байх ба У, Ц нар нь салгах үйлдэл хийж байхад И нь хохирогчийн бие рүү өшиглөж байхад Б гарч ирэн салгах ба М-ыг хохирогчоос салгасан боловч М нь шууд нааш яван Г-ийн байгаа газар ирж Г-ийг цохих үйлдэл хийх үед Б салгахад М нь цааш явж хохирогчийн ард байсан Д-ын зүг очин мөн зодох үйлдэл хийхэд У салгах гэсэн боловч М дийлдэхгүй хэсэг удсаны дараа И, О нар очин М-ыг  салгаад явах үед бичлэг дахин үсрээд ...М шатан дээр хохирогчтой зодолдсон байдалтай /хохирогч ямар нэгэн хариу үйлдэл үзүүлэхгүй шатан дээр суусан байдалтай/ У хохирогч, М-ыг салгахаар зууралдаж байв...” /1 хх 72-73/ гэсэн тэмдэглэл,

хохирогч У.Б-аас гарган өгсөн гэрэл зургууд /1 хх 26-28/ болон хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг Д.М нарт холбогдох хэрэгт шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

“Нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчих” гэдэг нь олон нийтээр хамтран амьдарч тогтож хэвшсэн хэв ёсонд шууд харшилсан, эсхүл уламжлагдаж ирсэн зан заншлыг үл хүндэтгэсэн, олон нийтийн амгалан тайван амарч, ажиллах нөхцөлийг санаатайгаар алдагдуулж, улмаар өөрийн үйлдлээс учирч болох хор уршгийг зориуд хүсэж үйлдэхээс гадна, хүсээгүй ч тийм байдалд хүргэж болохыг ойлгож мэдсэн атлаа үйлдлээрээ гүйцэлдүүлдэг хэсэг бүлэг хүмүүсийн санаатай үйлдлийн бодит илрэл юм.

Шүүгдэгч Д.М, Д.Б,  Б.Д, Н.И нар нь нийгэмд тогтсон хүмүүсийн хоорондын харилцааны хэм хэмжээ болон хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхийг зөрчсөн санаатай үйлдлээ олон нийтийн газарт буюу Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Э” зочид буудалд тодорхой хугацаагаар үргэлжлүүлсэн, өөрөөр хэлбэл нийгмийн хэв журмыг зөрчиж байгаагаа нийтэд илээр үзүүлсэн нь олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах гэмт хэргийн шинжийг агуулсан байна.

Ингэснээр тус зочид буудал болон тухайн орчинд, тус зочид буудлаар үйлчлүүлж байгаа иргэдийн амгалан тайван байдлыг алдагдуулж байгаагаа ухамсарлан үйлдсэн бөгөөд шүүгдэгч Д.М нь энэ үйлдлээ ухамсарлан идэвхитэйгээр, санаатайгаар үргэлжлүүлсний улмаас хохирогч У.Б-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан байх тул түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг болон Олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт хэргийг тус тус үйлдсэн гэж дүгнэж эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болжээ.

Мөн шүүгдэгч Д.Б,  Б., Н.И нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай талаар дүгнэсэн нь хэргийн бодит байдалд тохирсон, хэргийн зүйлчлэл хуульд нийцсэнээс гадна тэдгээрт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тус тус тэнссэн нь тэдний гэм буруу, хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанар, хэр хэмжээнд тохирсон, гэм буруугийн болон шударга ёсны зарчмуудад харшлаагүй байна.

Шүүгдэгч Д.М-ын өмгөөлөгч Б.Энх-Амгалан “...шүүгдэгч Д.М-ын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, хувийн байдал зэргийг харгалзан зорчих эрх хязгаарлах ял оногдуулж өгнө үү. ...” гэсэн  давж заалдах гомдол гаргажээ.

Анхан шатны шүүх шүүгдэгч Д.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэн, аж ахуйн нэгж байгууллагын хэвийн үйл ажиллагаа, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт хэрэг, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэг жил хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэж, оногдуулсан ялыг тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн шударга ёсны зарчимд тулгуурлаж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, тухайн зүйл, хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь түүний гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн хэлбэр, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэрэгт тохирсон, анхан шатны шүүхээс оногдуулсан ялыг хөнгөрүүлэн өөрчлөх хууль зүйн үндэслэл тогтоогдсонгүй.

Иймд шүүгдэгч Д.М-ын өмгөөлөгч Б.Энх-Амгалангийн гаргасан “...шүүгдэгч Д.М-т оногдуулсан хорих ялыг өөрчилж, зорчих эрх хязгаарлах ял оногдуулж өгнө үү. ...” гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн 2021/ШЦТ/46 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээхээр давж заалдах шатны шүүх шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн 2021/ШЦТ/46 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.М-ын өмгөөлөгч Б.Энх-Амгалангийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Л.ДАРЬСҮРЭН

ШҮҮГЧ                                                            О.ЧУЛУУНЦЭЦЭГ

            ШҮҮГЧ                                                            Ц.ОЧ