Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 12

 

  

                                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч М.Энхмандах даргалж, шүүгч Р.Батбаяр, Говьсүмбэр аймгийн Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхмандах нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Туяа, улсын яллагч П.Эрдэнэбаатар, иргэдийн төлөөлөгч Э.Эрдэнэбат, хохирогч  С.Ганцэцэг, түүний өмгөөлөгч С.Нарангэрэл, шүүгдэгч нарын өмгөөлөгч Ж.Батбаатар, шүүгдэгч Л.Баянмөнх, Т.Цэцэгмаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Хэнтий аймгийн Бор-Өндөр дэх Сум, сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Лувсанцэрэнгийн Баянмөнх, Зүүнцээжин овогт Туулайхүүгийн Цэцэгмаа нарт холбогдох эрүүгийн 201623010034 дугаартай хэргийг 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1973 оны 07 дугаар сарын 07-ны өдөр Хэнтий аймгийн Баянмөнх суманд төрсөн, 43 настай, эрэгтэй, халх, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт Хэнтий аймгийн Баянмөнх сумын 2 дугаар багт оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй СГ73070717 регистрийн дугаартай Боржигон овогт Лувсанцэрэнгийн Баянмөнх.

Монгол Улсын иргэн, 1977 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Хэнтий аймгийн Баянмөнх суманд төрсөн, 39 настай, эмэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 6, нөхөр 4 хүүхдийн хамт Хэнтий аймгийн Баянмөнх сумын 2 дугаар багт оршин суух, алдарт эхийн 2 дугаар одонтой, ял шийтгэлгүй, СГ77051706 регистрийн дугаартай Зүүн цээжин овогт Туулайхүүгийн Цэцэгмаа.

Холбогдсон хэргийн талаар:

Л.Баянмөнх, Т.Цэцэгмаа нар нь урдьчилан үгсэн тохиролцож бүлэглэн 2015 оны 07 дугаар сарын сүүлээр Хэнтий аймгийн Дархан сумын нутаг “Бор мааньт” гэх газраас С.Ганцэцэгийн бэлчээр дээр байсан үхрээс 11 тооны буюу олон тооны үхэр хулгайлж бусдад 5.300.000 төгрөгийн, давтан үйлдлээр 2015 оны 09 дүгээр сарын 29-ний шөнө 10 тооны буюу олон тооны үхэр хулгайлж бусдад 6.900.000 төгрөгийн, 2015 оны 10 дугаар сарын 30-ны шөнө 9 тооны буюу олон тооны үхэр хулгайлж бусдад 5.000.000 төгрөгийн, 2016 оны 04 дүгээр сарын 16-ны шөнө 9 тооны буюу олон тооны үхэр хулгайлж бусдад 4.750.000 төгрөгийн, 2016 оны 05 дугаар сарын 26-ны шөнө 7 тооны үхэр хулгайлж 4.030.000 төгрөгийн нийт 5 удаагийн давтан үйлдлээр хохирогч С.Ганцэцэгийн 46 тооны үхэр буюу олон тооны бод малыг хулгайлж, зарж борлуулан нийт 25.980.000 төгрөгийн их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд дурдсанаар/ 

Т О Д О Р Х О Й Л О Х нь: 

 Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

 Шүүгдэгч Л.Баянмөнхийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Би 2016 оны 5 сарын 26-ны өдөр 7 үхэр авсан. Түүний 2 үхрийг нь хийсэн. Эхнэртэйгээ үгсэн тохиролцсон зүйл байхгүй. 2016 оны 7 сард 7 үхэртэй Улаанбаатар хот явахдаа гарал үүслийн бичгээ авсан. 2016 оны 5 сарын 16-ны өдөр манай хүргэн намайг гуйгаад Улаанбаатар хот авч явсан. Мөн 2016 оны 11 сард 3 үхэртэй Улаанбаатар хотод явсан. Балгандорж манайд 11 сард ирж үхэр хийлцсэн гэж ярьж байгаа. Тухайн үед Балгандорж манайд ирээгүй. Эрдэнэбат олон нийтийн байцаагч намайг 2016 оны 10 сарын сүүлээр Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумаас цагдаатай ирж авч явж байсан. Тэгээд ирээд  Улаанбаатар хот явсан. Мөн 2016 оны 4 сарын 16-ны өдөр 5 үхэртэй Улаанбаатар хот явах гэсэн боловч орой тэнгэр муухайраад цас ороод явж чадаагүй. Тэгээд маргааш өглөө нь Улаанбаатар хот явсан” гэв.

         Шүүгдэгч Т.Цэцэгмаагийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “2016 оны 05 сарын 25-нд манай хүн орой үхэр адуундаа яваад ирье гээд явсан. Ингээд үүрээр ирсэн ирэхдээ хулгай хийсэн гэж хэлээгүй. 26-ны өглөө үнээгээ саах гэж очиход хашаанд мухар хар үхэр байсан, тэгэхээр нь энэ юун үхэр юм бэ гэж асуухад хот хийж явах гэж байгаа юм аа гэж надад хэлсэн. Би боль гэж хэлсэн болиогүй. Ченжүүдийн мэдүүлэгт бид хоёрыг хулгайн мах авчирч зарсан гэсэн мэдүүлэг байхгүй байгаа. 2016 оны 06 сарын 02-нд Батбаатар төлөөлөгч Баянмөнх руу авч яваад 6 сарын 02-нд багийн Засаг даргаас 2013 оноос 2015 оны гарал үүслийн бичгийг аваад олон нийтийн байцаагч Эрдэнэбат гэж залуутай ялгасан.  Ингээд  6 сарын 3-нд эрүү үүсээд, Мөнхсайхан байцаагч  12-нд хэргийг авахад Батбаатар төлөөлөгчөөс манай гарал үүслийн бичиг 10 сарыг хүртэл хэрэгт ирээгүй байсан. 10 сарын 14-нд хэргийг Шинэбат байцаагч аваад Батбаатар төлөөлөгчөөс гарал үүслийн бичгүүдийг авсан байсан. Эрүүгийн хуулийн 145.3 гэсэн зүйл ангийг 11 сарын 14-нд орой 8 цаг болж байхад өмгөөлөгчгүй өөрчилсөн учир бид хоёр татгалзсан. Хохирогч 2015 оны 07 сарын 11-нд 11 тооны үхэр алдагдсан гээд байгаа, бид хоёр бол 2015 оны 07 сарын 26-нд 5 үхэртэй, багийн Засаг дарга өөрөө манай үхрийг амьд байхад нь зургийг нь аваад гарал үүслийн бичиг хийж өгч байсан. Тухайн үед нь Батбаатар төлөөлөгчөөр баталгаажуулж байсан. 2015 оны 09 сарын 29-ний шөнө 10 тооны үхрээ алдсан гэж эд нар мэдүүлсэн байгаа. Тэгэхэд бид хоёр 2015 оны 09 сарын 29-ний өдөр гарал үүслийн бичгээ авчихаад өдөр нь малаа хийгээд шөнө замд явж байсан. 10 сарын 30-ны шөнө 9 тооны үхэр алдсан гэж мэдүүлсэн байсан. 2015 оны 11 сарын 07-нд сургуулийн хүүхдийн амралт болоод хоёр хүүхдээ хүргэж өгөх гээд тэр өдөр 3 үхэртэй ирээд явсан байгаа. 2016 оны 04 сарын 16-нд 9 тооны үхэр шөнө алдсан гэсэн, тэгэхэд бид хоёр 4 сарын 16-нд 5 үхэртэй, 4 цагийн алдад үхрээ хийгээд орой 7 гэж дууссан тэр үед цас ороод явж чадалгүй 17-ны өдрийн 3 цагт явсан. Иймд би хоног хугацааг тааруулсан гэж үзэж байна” гэв.

            Хохирогч С.Ганцэцэгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “

Гэрч Ү.Балгандорж шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ “Би 2016 оны 4 сард мал хийж өгсөн. Нэг удаа малыг нь харж өгсөн. Тэгээд Цэцэгмаа сэвсийг нь булчих гэхээр нь би сэвсийг нь булсан. Би малын зүсийг мэдэхгүй. Харин 4 сард 5 тооны үхэр хийсэн. Тэгээд одоо цагдаа ирнэ сэвсийг нь бул гэхээр нь булсан” гэв.

Гэрч Д.Төмөрсүх шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ “Би Баянмөнх, Цэцэгмаа нарыг хулгай хийж байгааг хараагүй. Байсан үхрийг нь харсан, 2016 оны 11 сарын эхээр манай өвөлжөөнөөс урагшаа байсан. Хар тарлан, улаан халзан, зэгэл ухаа бидэртэй, хар халзан гэсэн зүсмийн 4 тооны үхэр байсан. Им зөв чих нь урдаасаа доголтой, буруу имтэй байсан” гэв.

Гэрч Г.Энх-Амгалан шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ “Тухайн үхрүүд бидэртэй хүрэн халзан гуна, хар тарлан шүдлэн, улаан халзан шүдлэн, хар халзан үнээ гэсэн 4 тооны үхэр байсан. Миний мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг үнэн зөв” гэв.

Гэрч Б.Энх-Өлзий шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ “Миний мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв. Намайг Энх-Амгалангийн малыг харж байхад Баянмөнх сарман хүрэн халзан бидэртэй гуныг манай үхэр гэж хэлээд аваад явсан. Тэгээд ийм имтэй 4 тооны үхэр урд явж байхад тэр үхрүүдийг асууж байсан. Тэгэхээр нь би урд байсан түүнээс хойш харагдаагүй гэж хэлсэн. Тэгээд Баянмөнх нөгөө үхрээ аваад явсан. Тэдгээр үхрийг аваад явахдаа Баянмөнх хүнээс авсан үхэр гэж хэлж байсан. Надаас тарлан үхэр, улаан халзан үхэр, бидэртэй ухаа хүрэн үхэр асууж байсан” гэв.

Гэрч О.Эрдэнэбат шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ “Би 2015 оны 7 сарын сүүлээр Баянмөнх сумаас баруун тийш Улаан эрэг гэдэг газар байдаг. Тэнд нэлээн орой загасчлаад байж байхад мал тууж байгаа чимээ гараад байхаар нь урагшаа харсан чинь голоос хэдэн үхэр туусан хүн гарч ирсэн. Тэгээд миний уурга дээр орох нь уу гэтэл уургын дээгүүр хэдэн үхэр голоор гаргасан. Тэгтэл ард нь хоёр тугалтай үнээ үлдсэн. Би Баянмөнхийг хараад таньсан. Тэгээд би Баянмөнхийг өөрийнхөө үхрийг тууж явна гэж бодоод хоёр үлдсэн үхрийг холдуулах гээд очсон чинь өрөөсөн эвэртэй хүрэн үнээ, хар тугалтай, сартай улаан үнээ улаан халзан тугалтай байсан. Би 2015 оны 9 сарын сүүлээр манай хадам Бор-Өндөр явах гээд төв аймгийн Баянжаргалан суманд ирсэн байна гэж утсаар ярихаар нь хүлээгээд ирэхгүй болохоор нь амдаж тосдог юм уу гээд Дэлгэрхаан сумын Хөмүүлтийн гүүрний хавьд машин нь эвдэрсэн  байна гэж хүн хэлэхээр нь очоод эргэж машины сэлбэг сумаас аваад эргээд машинд өгчихөөд буцаж ирж явахад машины гэрлийн үзүүрт Баянмөнх таарсан. Тухайн үед Баянмөнхийг үхрээ аваад явж байна гэж бодсон” гэв.  

            Хохирогч С.Ганцэцэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2015.07-р сарын 20-доор байх яг нарийн сайн өдрөө мэдэхгүй байна. Улаанбаатар хотод эмчид үзүүлж харуулаад 2015.07.27-ны үед хөдөө гэртээ ирээд үхрээ тоолоход 11 тооны үхэр дутсан бөгөөд уг үхрээ эрж хайж явж байхад манай хөдөө гэрийн зүгээс хойш Баянмөнх сумын чиглэлээс 2 үнээ маань тугалаа дагуулаад гүйж ирсэн. Харин бусад 7 тооны үхэр буюу шүдлэн насны үхрүүд олдоогүй. Энэ үхрийн зүснүүд гэвэл 1. Өрөөсөн эвэртэй улаан үнээ им ижил, хар тугалтай 2. Сартай хүрэн үнээ им ижил охин хүрэн халзан тугалтай буцаж ирсэн. Эргэж олдоогүй 7 үхрийн зүс гэвэл 1. Хар нүдэн улаан шүдлэн эр үхэр им ижил 2. Улаан алаг шүдлэн им ижил 3. Хар халзан шүдлэн 2 тооны им ижил 4. Хүрэн шүдлэн им ижил 5. Хар шүдлэн 2 тооны им ижил зэрэг 7 тооны шүдлэн үхэр алдаад олдоогүй. 2015.09.29-ны шөнө дээрх бэлчээр дээрээс 10 тооны үхрээ алдсан. Уг алдсан үхрээс нэг ч үхэр олдоогүй. Энэ 10 тооны үхрийн зүс гэвэл 1. Хар тарлан соёолон эр үхэр 2 тооны 2. Улаан халзан соёолон эр үхэр 3. Улаан тарлан соёолон насны эр үхэр 4. Сармай мухар халзан соёолон эр үхэр 5. Саарал халзан үнээ 6. Хэвлийгээрээ хар, нуруугаараа улаан зүсмийн соёолон эр үхэр 7. Хар тарлан үнээ 8. Улаан ягаан бяруу 9. Хар шүдлэн эр үхэр бүгд им ижил үхрүүд байсан. ●2015.10.30-ны шөнө бэлчээр дээрээс 9 тооны үхрээ дахин алдсан. Манай гэрээс хойд зүгээс 7-8 хоногийн дараа хулгайд алдсан 9 тооны үхрээс 3 тооны шүдлэн үхэр манайхаас хойш 10 гаран км газарт байна гэж Шаарийбуу гэдэг хүн утсаар хэлж би очиж авчирсан. Шаарийбуу хэлэхдээ манайхаас хойш зүгээс ирсэн гэж хэлж байсан. Энэ алдсан 9 тооны үхрийг зүсээр нь нэрлэвэл 1. Соёолон насны эрээн нүүртэй бидэртэй эр үхэр 2. Хар халзан үнээ 3. Улаан халзан шүдлэн эр үхэр 4. Хар тарлан шүдлэн эр үхэр 2 тооны 5. Хар тарлан бяруу бүгд им ижил харин үүнээс буцаж ирсэн 3 үхрийн зүс гэвэл 1. Улаан тарлан эр шүдлэн 2. Эвэртэй хар халзан эр шүдлэн 3. Улаан зүсмийн эр шүдлэн зэрэг 3 үхэр буцаж ирсэн. ●2016.04.16-ны үед бас л бэлчээр дээрээс 9 тооны үхрээ хулгайд алдсан. Энэ үхрүүдийн зүс гэвэл 1. Ягаан үнээ им ижил 2. Хөх эр шүдлэн 3. Улаан эр шүдлэн 4. Хар тарлан эр шүдлэн 5. Хар шүдлэн 3 тооны 6. Мухар хар шүдлэн 7. Хүрэн бяруу бүгд им ижил үхрүүд байсан.             ●2016.05.25-ны шөнө бас л бэлчээрээсээ 7 тооны үхрээ хулгайд алдсан. Баянмөнх сумын харьяат манай гэрээс хойш 10 гаран км газар нутагладаг Очироо гэж дууддаг залуу надруу утсаар яриад танай үхрээс 5 тооны үхэр манай гэрээс хойш байж байна гэхээр нь яваад очиход манай үхэр мөн байсан...” гэх мэдүүлэг. /1-р хх-н 85-86 хуу/

            Гэрч Ү.Анхбаярын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Баянмөнхийн эхнэр Цэцэгмаа надруу 2016 оны 04-р сарын 17-18-нд шилжих шөнө 01 цагийн үед надруу утсаар залгаж яриад танай бойн дээр нөхөртэйгөө ирээд байна. Баярмагнай байхгүй байна. Чи ирж мах авах уу гэхэд би юуны мах байгаа юм бэ гэхэд 6 үхрийн махтай ирсэн гэхэд нь би надад одоогоор мөнгө байхгүй байна гэхэд бид хэд хот руу орж болохгүй байна. Баянмөнх суманд малын өвчин гарсан гээд малын гарал үүслийн бичиг өгөхгүй байгаа учраас бичиггүй орж болохгүй байна гэж ярьж байсан. Тэгэхээр нь би бичиггүй мах бол бүр авах боломж байхгүй гэж хэлээд утсаа салгасан юм. Тэгээд өглөө 6 цагийн үед Баянмөнх надруу 3 удаа залгахаар нь би утсаа аваагүй юм. Тэгсэн надруу 98820989 гэсэн дугаараас миний 99235647 дугаарын утас руу бичиггүй махтай гээд Чингэлтэй дүүргийн цагдаад баригдаад байж байна. Чамайг бичгийг нь авчихсан гэж хэлчихсэн шүү гэсэн мессеж ирүүлсэн байсан...” гэсэн мэдүүлэг. /1-р хх-н 98 хуу/

            Гэрч Ц.Баярмагнайгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2016 оны 05 дугаар сарын 28-ны өдөр Баянмөнх, Цэцэгмаа хоёроос мухар хар зүсмийн үхэр, улаан халзан зүсмийн үхэр гээд 2 тооны үхэр, 2 тооны хонины махыг арьс шир гэдэстэй нь хамт авсан. Энэ хоёрын авчирч өгсөн махыг би нийт 1.670.000 төгрөгөөр худалдаж авсан. Би 1.670.000 төгрөг бэлнээр Цэцэгмаад өгсөн. Цэцэгмаа нь ерөнхийдөө данс тооцоогоо барьж үнэ ханшаа тохирдог ...өмнө нь 2015 оны 07 дугаар сард байх би Улаанбаатар хотын Чингэлтэй дүүрэгт байх Хүчит шонхор захад өөрийн худалдаж авсан махаа зарж борлуулж байх үед Баянмөнх сумын харьяат Цэцэгмаа миний утасруу өөрийнхөө 98920989 дугаарын утсаар залгаж би нөхөртэйгөө Улаанбаатар хотод 7 үхэртэй ирлээ, наагуураа зарж борлуулах нүх хайж байгаарай гэж хэлчихээд удалгүй цагийн дараахан ирсэн. Тэгэхээр нь би Хүчит шонхор зах дээр үхрийн шахаа мах худалдаж авч байсан ченж Далай гэх ченжтэй уулзуулж өгсөн. Харин Далай гэгч нь Цэцэгмаа, Баянмөнх хоёрын авчирсан 7-н үхрийг худалдаж авсан ...мөн 2015 оны 9 дүгээр сарын сүүл 10 дугаар сарын эхээр байх намайг Хүчит шонхор зах дээр явж байтал Цэцэгмаа, Баянмөнх хоёртой таарсан юм. Тэгэхэд энэ хоёрын нэгнийх нь дүү бололтой Цэцэгмаагаас арай өндөр болов уу гэмээр махлаг бор царайтай хүүхэн хамт явж байсан. Тэр хүүхэн нь 30 гаруй хоньтой ирсэн, харин Баянмөнх, Цэцэгмаа хоёр 3-н тооны үхэртэй ирсэн гэж надад ярьсан. Тэгэхээр нь очиж үзэхэд арьс толгой гэдэсгүй цулгай үхрийн мах байсан. Тэр махыг нүдний баримжаагаар харахад 1 үхрийн мах нь л гэхэд 170 кг-аас дээш жинтэй болов уу гэж харагдаж байсан ....мөн 2016 оны 04 дүгээр сарын 16-нд намайг Говьсүмбэр аймгийн Баянтал сумын 14 дүгээр зөрлөг дээр ноолуур авах зорилгоор найз Баясаа гэгчийнд байж байх үед өдрийн цагаар мөн л Цэцэгмаа надруу ярьж 5 тооны үхэртэй очно, махны ханш ямар байна, Налайх дүүргийн махны бой хэд хүртэл мах авдаг вэ гэж асуухаар нь би шөнийн 4 цагаас өмнө авчирхад болно гэж хэлсэн. Тэгээд маргааш нь буюу 2016 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр 21 цаг 26 минутанд миний утсанд мессеж ирэхээр нь унштал Цэцэгмаагийн 98920989 дугаарын утаснаас үхрийн арьс, гэдэс хэдтэй байгаа юм бид хэд өнөө гараад явж байна гэсэн мессеж ирсэн. Ингээд 2016 оны 04 дүгээр сарын 18-ны 03 цаг 42 минутанд Налайх дүүрэгт ирсэн байгаа бололтой манай хамтрагч Анхбаярын утасны дугаарыг өгөөч гэсэн мессеж явуулсан байхаар нь Анхбаярын дугаарыг өгсөн юм. Ингээд байж байтал мөн л Цэцэгмаагийн дугаараас 06 цаг 48 минутанд Чингэлтэй дүүрэгт таньдаг цагдаа байна уу хэлээд өгөөч гэсэн мессеж ирсэн байхаар нь би хариу бичихгүй байсан чинь надруу олон дахин удаа залгаад байхаар нь би утсаа аваагүй юм. Тэгсэн өдөр 14 цаг 53 минутанд бид хоёр салчихлаа одоо гараад явж байна, чамд маш их найдаж ирсэн чинь ёстой баллах шахлаа чи гэсэн мессеж ирсэн. ...2016.06.10-ны орой 23 цаг өнгөрөөгөөд Цэцэгмаа буюу Диматай утсаар ярихад Цэцэгмаа надад хэлэхдээ 2015.07-р сарын сүүлээр Хүчит шонхор зах дээр Далайбаяр ченжид зарсан 7 тооны үхрийн талаар янз бүрийн хүн асуувал мэдэхгүй гэж хэлээрэй мөн Далайбаярт бас энэ талаар хэлж түүнээс хүн асуувал мэдэхгүй гэж хэлээрэй гэж байсан. Мөн 2016.04.18-ны өдөр надруу утсаар ярьж 5 тооны үхэртэй ирлээ гэж байсан үхрийн талаар асуувал мэдэхгүй, би хараагүй, аваагүй гэж хэлээрэй гэж яриад бас надтай хамт мал мах авдаг Анхбаярыг 2016.04.18-ны өдрийн ачиж авчирсан үхрийг мэдэхгүй гэж хэлээрэй гэж байсан. Учир нь 2016.04.18-ны өдөр Баянмөнх сумаас 5 тооны үхэр ачиж авчираад Анхбаярт зарах гэхэд нь Анхбаяр малын гарал үүслийн бичиггүй юм байна гээд аваагүй гэсэн...” гэх мэдүүлэг. /1-р хх-н 101-102, 104 хуу/

            Гэрч   С.Отгонжаргалын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2015.07.26-ны өглөө зах дээрээ байж байхад манай Хүчит шонхор зах дээр ченж хийдэг Далайбаяр гэдэг залуу өглөө 08 цагийн үед ирээд 7 тооны үхрийн мах өгөх гэсэн юм гэж хэлсэн. Би тэгээд Далайбаярыг дагуулж яваа хүмүүсийн 7 тооны үхрийн махыг худалдан авахаар болоод хагас мөнгийг нь бэлнээр хагасыг нь дансаар мобайл банкаар явуулсан. Би мобайл банкаар 2.800.000 төгрөг, бэлэн 2.500.000 орчим төгрөг өгсөн. Бэлэн мөнгөө яг нарийн сайн санахгүй байна. Би Цэцэгмаа, Баянмөнх гээд эхнэр нөхөр хоёрын дансруу мөнгөө хийсэн. Надтай эхнэр Цэцэгмаа нь малын тооцоо хийсэн...” гэх мэдүүлэг. /1-р хх-н 106 хуу/

            Хойшлуулшгүй ажиллагааны явцад шүүгдэгч Л.Баянмөнхийн өгсөн “Би Улаанбаатар хот руу явж сургуульд сурдаг хүүхдүүдээ авчрах ажилтай болоод хотруу явах гэтэл мөнгө хэрэгтэй болсон тул үхэр хулгай хийж зарж борлуулан мөнгөтэй болох бодол төрж 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 17 цагийн орчимд эхнэртээ үхрээ хурааж ирнэ гэж хэлээд гэрийн гадаа малд унадаг байсан ам амаа харсан ширээтэй саран тамгатай, засмал дэлтэй, хээр зүсмийн мориндоо мордож ганцаараа гэрээсээ урд зүг рүү явж Хэрлэн голын усыг морьтойгоо гаталж урагшаа явж байгаад Баянбулагаас урагшаа байдаг Язаарын уулд очиж баруун болон баруун урагшаагаа зүгт ил тал газар байдаг тул тэр зүг рүү үхэр хайж дурандаж харахад Язаарын уулнаас баруун урагшаа талд хоорондоо 1 км орчим зайтай хоёр айл байсны зүүн талын айлаас нь урагшаа зүгт 1 км гаран зайд 40-50 тооны хэсэг үхэр бэлчиж байхыг харсан. Намайг уулан дээрээс тэр үхрийг дурандаж харчихаад уулнаас доош морьтойгоо буух үед нар шингэж байсан. Тэгээд би тэр үхэр дээр очиход гэгээ тасраад харанхуй болж байсан тул тэр үхэр дотуур явж байгаад баруун хойд захын тугалтай хэсэг үхэрт очиж дотуур нь явж байгаад 3 тооны үхрийг хашгирч сүргээс нь таслаад өөрийн гэрийн зүг рүү буюу хойд зүг рүү хөөж явахад араас 4 тооны үхэр ирж нийлээд нийт 7 тооны үхэр хөөгөөд 3-4 км орчим газар яваад 4 тооны үхрийг нь таслаад эргүүлж хөөх гэтэл салахгүй байсан тул бүгдийг нь хөөж явж байгаад гэрийн урд талаар урсдаг Хэрлэн голын усаар хөөж гаталж гараад гэртээ ирэхэд үүр цайгаад гэгээ орж байсан....” гэх тайлбар. /1-р хх-н 74 хуу/

            Гэрч О.Батсайханы мөрдөн байцаалтын шатанд өгсөн “....Баянмөнх, Цэцэгмаа нарыг гэрчилж байгаа хүмүүс Ганцэцэг гэдэг хохирогчийн зааж өгсөн үгээр ороод байгаа гэж би яриагүй. Надад энэ талаар мэдэх зүйл байхгүй. Би мэдэхгүй зүйлээ юу гэж ярих вэ дээ” гэх мэдүүлэг. /3-р хх-н 67 хуу/

            Хохирогч С.Ганцэцэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2017.01.17-ны өдөр шүүгдэгч Цэцэгмаа хохирогч надтай уулзана хохирол төлнө гэж шүүхээс чөлөө авсан байсан боловч надруу ирэхгүй өмгөөлөгч Батбаатарын хамт Баянмөнх сумаар хэрэгт гэрчээр мэдүүлэг өгсөн Энх-Өлзий, Майсар, нарынхаар 2017.01.17-ны шөнө очиж Энх-Өлзийд Цэцэгмаа болон өмгөөлөгч Батбаатар нар чи 2017.07.19-ний өдөр шүүх хурал болно түүнд очно гэж хэлэхээр нь Энх-Өлзий би яасан гэж очих ёстой юм бэ гэхэд чи мэдүүлэг өгч гэрч болсон юм байгаа биз дээ гэрчээр өгсөн байцаалтаа өгөөгүй болгож, хэлсэн үхрийнхээ зүсийг өөрчил эрээн нүүртэй бидэртэй хүрэн халзан үхрээ улаан зүстэй болгож хэл очихгүй бол хуулийн хариуцлага хүлээлгэнэ гэж дарамталсан байсан...” гэх мэдүүлэг. /3-р хх-н 51 хуу/

            Гэрч Д.Ганцэцэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Баянмөнх, Цэцэгмаа нарын гэрээр сүүлийн 3 жил малыг нь тоолоход би ажлын хэсэгт орсон бөгөөд заримдаа Цэцэгмаа, заримдаа Баянмөнх малынхаа жилийн эцсийн тоог өгдөг. 2015 оны хувьд тэр хоёр гэртээ байсан бөгөөд өөрсдөө малынхаа тоог өгсөн. Үүний дараа багийн дарга малын А дансанд бүртгэж, тэр хоёрын хэлснээр орлого, зарлагын хөдөлгөөнийг хийж дуусгасан. 2016 оны хувьд тэднийх гэртээ байгаагүй. Тэгээд суман дээр малын тоог нь авсан...” гэх мэдүүлэг. /3-р хх-н 53 хуу/

            Гэрч Д.Майсарын мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн “Би Эрээн хот яваад ирсэн гээд ойр орчмын айлаас хүмүүс ирээд архи ууж байсан. Тэгэхэд Цэцэгмаа жижиг суудлын машинтай ирсэн бөгөөд өөр нэг танихгүй залуутай явж байсан. Манайд орж ирээд янз бүрийн зүйл яриагүй, харин Төмөрсүхтэй уулзана гэж байсан тэгээд түүнийг машиндаа суулгаад аваад явсан” гэх мэдүүлэг. /3-р хх-н 60 хуу/

            Гэрч С.Цэцэгмаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Баянмөнх, Цэцэгмаа нартай холбоотой харсан үзсэн зүйлээ ярьсны төлөө сүүлийн үед тэдний гэрээс Баянмөнхийн ээж, Цэцэгмаагийн аав, ээж нар ирж эрээн нүүртэй хүрэн халзан үхрийг Баянмөнх аваагүй үнэн, утсаар Цэцэгмаа намайг дарамтлаагүй үнэн гэсэн бичиг хийж өг гээд байсан. Ийм асуудлаас болоод сүүлийн үед ядаргаатай, сэтгэлийн дарамттай байна” гэх мэдүүлэг. /3-р хх-н 64 хуу/

            Гэрч Б.Энх-Өлзийгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...гаднаас Цэцэгмаа өөрийнхөө өмгөөлөгч гээд нэрээ Батбаатар гэж танилцуулаад тэр хоёр орж ирсэн. Ирээд Цэцэгмаа чи гэрчийн мэдүүлэг дээрээ өгсөн үхрийн зүсээ өөрчилж улаан халзан болгоод хэлчих гэхэд өмгөөлөгч нь хажууд нь дэмжээд яг ингэж хэлнэ шүү гээд байсан ...Цэцэгмаагийн дүү Энхболд гэдэг залуу цэнхэр өнгийн ачааны машинтай гэрийн гадаа ирээд шүүх хуралд авч явна гэхээр нь намайг шүүхээс албан ёсоор дуудаагүй би явахгүй гэхэд чи заавал ч үгүй ирэх ёстой гээд байсан ...Энхболд чи гэрчиллээ, мэдэхгүй гээд л хэлнэ биз чи бол илүү л байна гээд дарамталсан...” гэх мэдүүлэг. /3-р хх-н 58-59 хуу/

Мөрдөн байцаагчдын ажлын хэсэг томилох тухай Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах тасгийн дарга, цагдаагийн хошууч Г.Болор-Эрдэнийн тогтоол /3-р хх-н 49 хуу/, өмгөөлөгч Ж.Батбаатарыг байцаан шийтгэх ажиллагаанд оролцуулах талаар мэдэгдэж байсан талаарх мөрдөн байцаагчийн тэмдэглэл /3-р хх-н 84-87 хуу/ зэрэг нотлох баримтуудыг шүүх хуралдаанаар шинжлэн судлав. 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудаас гэрч Ү.Балгандоржийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгийг нотлох баримтын хэмжээнд үнэлсэнгүй. Учир нь шүүхийн хэлэлцүүлэгт Ү.Балгандорж нь би малын зүс мэдэхгүй, бараан зүсмийн үхэр байсан гэж мэдүүлж байгаа нь түүний мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгээс зөрүүтэй байна. Бусад нотлох баримтын хувьд энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн байх ба шүүх тэдгээр баримтыг үнэн зөв, хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлсэн болно.

Прокуророос шүүгдэгч Л.Баянмөнх, Т.Цэцэгмаа нар нь нийт 5 удаагийн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хулгайлж бусдад их хэмжээний хохирол учруулсан гэх үндэслэлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

1. Шүүгдэгч Л.Баянмөнх, Т.Цэцэгмаа нар нь урьдчилан үгсэн тохиролцож 2015 оны 07 дугаар сарын 20-дын үед Хэнтий аймгийн Дархан сумын 3 дугаар баг “Бор мааньт” гэх газраас хохирогч С.Ганцэцэгийн өрөөсөн эвэртэй улаан үнээ хар тугалтай,  сартай хүрэн үнээ охин хүрэн халзан тугалтай, хар нүдэн улаан шүдлэн эр үхэр, улаан алаг шүдлэн,  хар халзан шүдлэн 2 тооны, хүрэн шүдлэн, хар шүдлэн 2 тооны зэрэг 11 тооны  буюу олон тооны малыг хулгайлж бусдад 5.300.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь

-Хохирогч С.Ганцэцэгийн “...2015.07-р сарын 20-доор байх яг нарийн сайн өдрөө мэдэхгүй байна. Улаанбаатар хотод эмчид үзүүлж харуулаад 2015.07.27-ны үед хөдөө гэртээ ирээд үхрээ тоолоход 11 тооны үхэр дутсан бөгөөд уг үхрээ эрж хайж явж байхад манай хөдөө гэрийн зүгээс хойш Баянмөнх сумын чиглэлээс 2 үнээ маань тугалаа дагуулаад гүйж ирсэн. Харин бусад 7 тооны үхэр буюу шүдлэн насны үхрүүд олдоогүй. Энэ үхрийн зүснүүд гэвэл 1. Өрөөсөн эвэртэй улаан үнээ им ижил, хар тугалтай 2. Сартай хүрэн үнээ им ижил охин хүрэн халзан тугалтай буцаж ирсэн. Эргэж олдоогүй 7 үхрийн зүс гэвэл 1. Хар нүдэн улаан шүдлэн эр үхэр им ижил 2. Улаан алаг шүдлэн им ижил 3. Хар халзан шүдлэн 2 тооны им ижил 4. Хүрэн шүдлэн им ижил 5. Хар шүдлэн 2 тооны им ижил зэрэг 7 тооны шүдлэн үхэр алдаад олдоогүй...” гэх мэдүүлэг.  /1-р хх-н 85 хуу/

-Гэрч Ц.Баярмагнайгийн “...2015 оны 07 дугаар сард байх би Улаанбаатар хотын Чингэлтэй дүүрэгт байх Хүчит шонхор захад өөрийн худалдаж авсан махаа зарж борлуулж байх үед Баянмөнх сумын харьяат Цэцэгмаа миний утас руу өөрийнхөө 98920989 дугаарын утсаар залгаж би нөхөртэйгөө Улаанбаатар хотод 7 үхэртэй ирлээ, наагуураа зарж борлуулах нүх хайж байгаарай гэж хэлчихээд удалгүй цагийн дараахан ирсэн. Тэгэхээр нь би Хүчит шонхор зах дээр үхрийн шахаа мах худалдаж авч байсан ченж Далай гэх ченжтэй уулзуулж өгсөн...” гэх мэдүүлэг. /1-р хх-н 101-102 хуу/

-Гэрч Ц.Далайбаярын “...2015.07.26-ны өглөө зах дээр байж байхад Налайхад ченж хийдэг Магнай гэдэг танил залуу эхнэр, нөхөр гээд Баянмөнх, Цэцэгмаа гэдэг хоёр хүнийг дагуулж ирээд энэ хүмүүс миний танил байгаа юм 7 тооны үхрийн мах өгөх гэсэн юм гэж хэлсэн. Би тухайн үед өөрөө бэлэн мөнгөгүй байсан явж байсан тул зах дотор суудаг Отгонжаргал гэдэг ченжид 1 кг махан дээр 50 төгрөг зарж өгөөд ашгаа авсан...” гэх мэдүүлэг. /1-р хх-н 108 хуу/

-Гэрч О.Эрдэнэбатын “...2015 оны 07-р сарын сүүлээр зун цагаар би Баянмөнх сумаасаа баруун тийш 10 гаран км газар Хэрлэн голын урд талын эрэг дээр шөнө хэдэн уурга зоогоод загас бариад сууж байхад голын урд талаас хойш голруу морьтой хүн хэдэн үхэр хөөж гаргаж байгааг харсан. Тухайн орой сартай шөнө байсан бөгөөд уг морьтой хүн миний хэвтэж байсан эргээр ойрхон гарсан. Тэгэхэд би голын хойно байдаг Баянмөнхийг гэж таньсан. Баянмөнх бараан зүсмийн морьтой явж байсан бөгөөд миний тоолж нүдээр харснаар 11 тооны үхрийг голоор гаргах гээд үхрүүд нь ус руу орж өгөхгүй нэг хэсэг болсон. Тэр 11 тооны үхэр дотор 2 тооны үнээ 2 тугалаа дагуулсан бусад нь шүдлэн хязаалан гэмээр үхрүүд байсан. Тэгж байгаад хоёр тугалтай үнээ нь ус руу орохгүй голын эрэг дээр үлдээд нөгөө 7 тооны үхрийг Баянмөнх голын усаар хойш нь хөөгөөд гарсан...” гэх мэдүүлэг. /1-р хх-н 130-131 хуу/ зэрэг нотлох баримтаар,

2. Шүүгдэгч Л.Баянмөнх, Т.Цэцэгмаа нар нь урьдчилан үгсэн тохиролцож, давтан үйлдлээр 2015 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр Хэнтий аймгийн Дархан сумын 3 дугаар баг “Бор мааньт” гэх газраас хохирогч С.Ганцэцэгийн хар тарлан соёолон эр үхэр 2 тооны, улаан халзан соёолон эр үхэр, улаан тарлан соёолон насны эр үхэр, сармай мухар халзан соёолон эр үхэр, саарал халзан үнээ, хэвлийгээрээ хар, нуруугаараа улаан зүсмийн соёолон эр үхэр, хар тарлан үнээ, улаан ягаан бяруу, хар шүдлэн эр үхэр бүгд 10 тооны буюу олон тооны малыг хулгайлж бусдад 6.900.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь

-Хохирогч С.Ганцэцэгийн “...2015.09.29-ны шөнө дээрх бэлчээр дээрээс 10 тооны үхрээ алдсан. Уг алдсан үхрээс нэг ч үхэр олдоогүй. Энэ 10 тооны үхрийн зүс гэвэл 1. Хар тарлан соёолон эр үхэр 2 тооны 2. Улаан халзан соёолон эр үхэр 3. Улаан тарлан соёолон насны эр үхэр 4. Сармай мухар халзан соёолон эр үхэр 5. Саарал халзан үнээ 6. Хэвлийгээрээ хар, нуруугаараа улаан зүсмийн соёолон эр үхэр 7. Хар тарлан үнээ 8. Улаан ягаан бяруу 9. Хар шүдлэн эр үхэр бүгд им ижил үхрүүд байсан...” гэх мэдүүлэг. /1-р хх-н 85 хуу/

-Гэрч Ц.Баярмагнайгийн “...2015 оны 9 дүгээр сарын сүүл 10 дугаар сарын эхээр байх намайг Хүчит шонхор зах дээр явж байтал Цэцэгмаа, Баянмөнх хоёртой таарсан ...Цэцэгмаа, Баянмөнх хоёр нь 3-н тооны үхэртэй ирсэн гэж надад ярьсан ...тэр махыг нүдний баримжаагаар харахад 1 үхрийн мах нь л гэхэд 170 кг-аас дээш жинтэй болов уу гэж харагдаж байсан...” гэх мэдүүлэг. /1-р хх-н 102 хуу/

-Гэрч Ц.Далайбаярын “...2015 оны 10 сарын үед байх зах дээрээ байж байхад өмнө нь наймаа хийж байсан Цэцэгмаа, Баянмөнх нар надтай уулзаад наймаа хийх гээд явж байна 3 үхрийн мах 30 гаран хонь байна гэж байсан...” гэх мэдүүлэг. /1-р хх-н 109 хуу/

-Гэрч О.Эрдэнэбатын “...2015 оны 09 сарын сүүлээр нилээд хүйтэн орсон хойно намар орой манай хадам ах Улаанбаатар хотоос Төв аймгийн Баянжаргалангаар дамжаад ирж байна гээд Хөмөлтийн гүүрнээс 6 км цаана байна гэж утсаар яриад зам заалгасан ...сумын баруун талд голын эрэгт ойрхон морьтой хүн үхэр хөөгөөд хойш чигтээ гол гарах гээд явж байгаатай таарсан. Уг хүнийг машины гэрлийн үзүүрт харахад Баянмөнх байсан бөгөөд хар бараан зүсмийн морьтой 10 орчим үхэр хөөж явж байсан. Түүний хөөж явсан үхрүүдийн зүс нь машины гэрэлд 2-3 хар тарлан үхрүүд, 2-3 цайруу зүстэй үхэр байсан ер нь үхрүүд нь голцуу бүдүүн үхэр байсан. Машины гэрэлд орох үед зам хөндлөн гараад голын чигтээ хойш хөөж байсан...” гэх мэдүүлэг. /1-р хх-н 131 хуу/

-Гэрч Д.Төмөрсүхийн “...2015 оны 9 сарын сүүлээр манай гэрээс зүүн урагш 3-4 км Баянмөнхийн гэрээс баруун хойш 3-4 км газар 7-8 тооны дандаа ижил имтэй зүүн чих урдаасаа догол имтэй зэрлэгдүү үхрүүдийг би малд явж байхдаа харсан. Уг үхрүүдийн зүс, нас гэвэл хар халзан эр үхэр, улаан тарлан эр үхэр, мухар сармай халзан эр үхэр, хэвлий хар нуруу улаан эр үхэр, бүгд л нас нь соёолонгоос дээш гэмээр үүн дээр шүдлэн насны хар зүстэй үхэр, хар халзан үнээ, саарал үнээ зэрэг харагдаж байсан...” гэх мэдүүлэг. /1-р хх-н 113 хуу/ зэрэг нотлох баримтаар,

            3. Шүүгдэгч Л.Баянмөнх, Т.Цэцэгмаа нар урьдчилан үгсэн тохиролцож, давтан үйлдлээр 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Хэнтий аймгийн Дархан сумын 3 дугаар баг “Бор мааньт” гэх газраас хохирогч С.Ганчимэгийн соёолон насны эрээн нүүртэй бидэртэй эр үхэр, хар халзан үнээ, улаан халзан шүдлэн эр үхэр, хар тарлан шүдлэн эр үхэр 2 тооны,  хар тарлан бяруу, улаан тарлан эр шүдлэн, эвэртэй хар халзан эр шүдлэн,  улаан зүсмийн эр шүдлэн зэрэг 9 тооны буюу олон тооны малыг хулгайлж бусдад 5.000.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь

            -Хохирогч С.Ганцэцэгийн “...2015.10.30-ны шөнө бэлчээр дээрээс 9 тооны үхрээ дахин алдсан. Манай гэрээс хойд зүгээс 7-8 хоногийн дараа хулгайд алдсан 9 тооны үхрээс 3 тооны шүдлэн үхэр манайхаас хойш 10 гаран км газарт байна гэж Шаарийбуу гэдэг хүн утсаар хэлж би очиж авчирсан. Шаарийбуу хэлэхдээ манайхаас хойш зүгээс ирсэн гэж хэлж байсан. Энэ алдсан 9 тооны үхрийг зүсээр нь нэрлэвэл 1. Соёолон насны эрээн нүүртэй бидэртэй эр үхэр 2. Хар халзан үнээ 3. Улаан халзан шүдлэн эр үхэр 4. Хар тарлан шүдлэн эр үхэр 2 тооны 5. Хар тарлан бяруу бүгд им ижил харин үүнээс буцаж ирсэн 3 үхрийн зүс гэвэл 1. Улаан тарлан эр шүдлэн 2. Эвэртэй хар халзан эр шүдлэн 3. Улаан зүсмийн эр шүдлэн зэрэг 3 үхэр буцаж ирсэн...” гэх мэдүүлэг. /1-р хх-н 85 хуу/

-Гэрч Д.Төмөрсүхийн “...2015 оны 11 сарын эхээр манай хүргэн Энх-Өлзий малаа харж байхдаа Энх-Амгалан ахын үхэр адууг хэдэн өдөр харсан юм ...Баянмөнх Энх-Амгалан ахын үхэр дотроос эрээн нүүртэй бидэртэй хүрэн эр үхэр хөөж явсан. Уг үхрээ хөөж явахдаа хүргэн Энх-Өлзийгөөс энэ үхэртэй им ижил хэдэн үхэр харсан уу гэж асуухаар нь манай хүргэн 3-4 хоногийн өмнө надтай цуг хонь усалж байхдаа дэрсэн дотор харсан 4 тооны уг эр үхэртэй им ижил шүдлэн насны хар тарлан, улаан халзан зэрэг үхэр байснаа харсан гэж хэлсэн байсан ...уг үхрүүдийн ижил имтэй эрээн нүүртэй бидэртэй хүрэн эр үхрийг Баянмөнх манай үхэр гэж хэлээд хөөгөөд гэрлүүгээ авч явсан байсан...” гэх мэдүүлэг. /1-р хх-н 113 хуу/

-Гэрч Г.Энх-Амгалангийн “...2015 оны 11 сарын 1-ээс 2-ны үед байх би хөдөө гэрээсээ Баярмагнайгийн машинтай түүний эхнэрийн хамт сум руу явж байхад манай гэрээс 3-4 км , сумаас 6-7 км газарт хойд зүгээс урагшаа чигтэй 6-7 тооны үхэр цуваад явж байгаатай таараад ажиглаж харвал энэ хавьд үзэгдээгүй үхрүүд байсан бөгөөд бүгд зүүн чих урдаасаа догол имтэй үхрүүд байсан бөгөөд зүсийг нь ажиглахад эрээн нүүртэй бидэртэй хүрэн эр үхэр, хар тарлан шүдлэн, улаан халзан шүдлэн, хар халзан үнээ зэрэг харагдаж байсан ...манай үхэртэй нийлсэн эрээн нүүртэй бидэртэй хүрэн эр үхрийг 2-3 хоногийн дараа намайг эхнэр Цэцэгмаатай Улаанбаатар явсан үеэр Баянмөнх морьтой ирээд хөөгөөд явсан байсан...” гэх мэдүүлэг. /1-р хх-н 147 хуу/

-Гэрч Ж.Энхтөрийн “...2015 оны 11 сарын эхээр би өдрөө сайн мэдэхгүй байна. Улаанбаатар явах ажилтай болоод би хөдөө очиж хэдэн малыг нь хотоос иртэл нь харж байсан юм. Тэгэхэд тэдний үхэрт эрээн нүүртэй бидэртэй хүрэн эр үхэр байсан бөгөөд ах явахдаа энэ үхэр манайд ирээд удаагүй байгаа юм. Хэний үхэр гэдгийг мэдэхгүй гэж байсан. Тэгсэн ахыг явснаас хойш 2 хоногийн дараа ахын гэрийн ойролцоо нутаглах Баянмөнх хээр морьтой ирээд ахын үхэр дотроос уг үхрийг хөөхөөр нь би түүнд яах гэж байгаа юм бэ гэхэд би хүнээс авсан үхэр алдчихаад эдний үхэрт хэд хонуулсан юм гэж хэлээд хөөгөөд аваад явсан...” гэх мэдүүлэг. /1-р хх-н 149-150 хуу/

-Гэрч Б.Энх-Өлзийгийн “...Энх-Амгалан ахын үхрээс эрээн нүүртэй бидэртэй хүрэн зүстэй зүүн чих догол имтэй үхрийг хөөж явах үедээ надад манай үхэр дэрсээр тарчихаад хайж явна гээд ийм ижил имтэй хар тарлан, улаан халзан, хар халзан үхрүүд харсан уу гэх асуухаар нь би Баянмөнхийн үхэр хөөж явснаас урагш 4-5 км газар таны асууж байгаатай адил 4-5 тооны үхэр байсан гэж хэлсэн...” гэх мэдүүлэг. /1-р хх-н 152 хуу/ зэрэг нотлох баримтуудаар,

            4. Шүүгдэгч Л.Баянмөнх, Т.Цэцэгмаа нар нь урьдчилан үгсэн тохиролцож, давтан үйлдлээр 2016 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Хэнтий аймгийн Дархан сумын 3 дугаар баг Бор мааньт гэх газраас хохирогч С.Ганцэцэгийн ягаан үнээ, хөх эр шүдлэн, улаан эр шүдлэн, хар тарлан эр шүдлэн, хар шүдлэн 3 тооны, мухар хар шүдлэн, хүрэн бяруу зэрэг 9 тооны буюу олон тооны үхрийг хулгайлж бусдад 4.750.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь

            -Хохирогч С.Ганцэцэгийн “...2016.04.16-ны үед бас л бэлчээр дээрээс 9 тооны үхрээ хулгайд алдсан. Энэ үхрүүдийн зүс гэвэл 1. Ягаан үнээ им ижил 2. Хөх эр шүдлэн 3. Улаан эр шүдлэн 4. Хар тарлан эр шүдлэн 5. Хар шүдлэн 3 тооны 6. Мухар хар шүдлэн 7. Хүрэн бяруу бүгд им ижил үхрүүд байсан...” гэх мэдүүлэг. /1-р хх-н 86 хуу/

            -Гэрч Ү.Анхбаярын “...Баянмөнхийн эхнэр Цэцэгмаа надруу 2016 оны 04-р сарын 17-18-нд шилжих шөнө 01 цагийн үед над руу утсаар залгаж яриад манай бойн дээр нөхөртэйгөө ирээд байна. Баярмагнай байхгүй байна. Чи ирж мах авах уу гэхэд би юуны мах байгаа юм бэ гэхэд 6 үхрийн махтай ирсэн гэж байсан...” гэх мэдүүлэг. /1-р хх-н 98 хуу/

            -Гэрч Ц.Баярмагнайгийн “...2016 оны 04 дүгээр сарын 16-нд намайг Говьсүмбэр аймгийн Баянтал сумын 14 дүгээр зөрлөг дээр ноолуур авах зорилгоор найз Баясаа гэгчийнд байж байх үед өдрийн цагаар мөн л Цэцэгмаа над руу ярьж 5 тооны үхэртэй очно махны ханш ямар байна, Налайх дүүргийн махны бой хэд хүртэл мах авдаг вэ гэж асуухаар нь би шөнийн 4 цагаас өмнө авчирхад болно гэж хэлсэн...” гэх мэдүүлэг. /1-р хх-н 102 хуу/

            -Гэрч С.Алтан-Эрдэний “...би тухайн өдөр ээлжинд гарч байсан бөгөөд 2016.04.18-ны өглөө үүрээр Баянбүрдийн тойрог дээр машин зогсоож шалгаж байхад 45-07 ХЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг Баянмөнх гэдэг жолооч унаад орж ирсэн. Түүнийг зогсоож шалгахад кабиндаа эхнэртэйгээ гээд бүдүүн хүүхэн явж байсан бөгөөд тэвшин дээрээ үхрийн мах ачсан байсан бөгөөд гарал үүслийн бичиг байна уу гэхэд байхгүй араас Хэнтийгээс ирнэ гэж хэлсэн...” гэх мэдүүлэг. /1-р хх-н 167 хуу/

            -Гэрч Н.Дамдинсүрэнгийн “...2016 оны 04 сарын 18-ны өглөө ажилдаа очиход надад Баянбүрдийн тойрог дээрээс гарал үүслийн бичиггүй мал мах тээвэрлэж яваад баригдсан гээд 45-07 ХЭҮ дугаартай машиныг шалга гэж цохсон байсан. Би тэгээд өөрийнхөө хороон дээр авчирч Баянмөнх, Цэцэгмаа, Гүрсэдмаа, Дэлгэрмөрөн гэх хүмүүсээс тайлбар авч холбогдох материалыг цуглуулсан. Баянмөнх түүний эхнэр Цэцэгмаа нар үдийн өмнө надад байцаалт өгөхдөө бид хоёр өмнөх өдөр буюу 2016.04.17-ны өдөр Хүчит шонхор захын хажууд зогсож байхдаа Стана машинаас 5 тооны үхэр хөлсөөр ачсан юм, махны эзэн нь Дэлгэрмөрөн гэж хүн байгаа гэж хэлсэн ...Дэлгэрмөрөн гэх хүнээс тайлбар авахад Баянмөнхийн машиндаа ачиж явсан 5 тооны үхрийг өөрийнх нь мах 2016.04.17-ны орой Хүчит шонхор зах дээрээс Стана сашинаас Батдорж гэх хүнээс худалдаж авсан гэж хэлсэн ...тэгээд надад Сүхбаатар аймгаас авсан малын гарал үүслийн бичиг үзүүлсэн. Би уг бичгийг үндэслээд гомдол, мэдээллийг эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзаж хаасан...” гэх мэдүүлэг. /1-р хх-н 171 хуу/ зэрэг нотлох баримтуудаар,

5. Шүүгдэгч Л.Баянмөнх, Т.Цэцэгмаа нар нь урьдчилан үгсэн тохиролцож, давтан үйлдлээр 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Хэнтий аймгийн Дархан сумын 3 дугаар  баг “Бор мааньт” гэх газраас хохирогч С.Ганцэцэгийн улаан халзан хязаалан гуна, мухар хар шүдлэн, хөх үнээ, мухар эр шүдлэн, эвэртэй хүрэн үнээ, хүрэн охин шүдлэн, сартай эр бяруу зэрэг 7 тооны үхрийг хулгайлж бусдад 4.030.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь

            -Хохирогч С.Ганцэцэгийн “...2016.05.25-ны шөнө бас л бэлчээрээсээ 7 тооны үхрээ хулгайд алдсан. Баянмөнх сумын харьяат манай гэрээс хойш 10 гаран км газар нутагладаг Очироо гэж дууддаг залуу надруу утсаар яриад танай үхрээс 5 тооны үхэр манай гэрээс хойш байж байна гэхээр нь яваад очиход манай үхэр мөн байсан...” гэх мэдүүлэг. /1-р хх-н 85-86 хуу/

-Гэрч Ц.Баярмагнайгийн “...2016 оны 05 дугаар сарын 28-ны өдөр Баянмөнх, Цэцэгмаа хоёроос мухар хар зүсмийн үхэр, улаан халзан зүсмийн үхэр гээд 2 тооны үхэр 2 тооны хонины махыг арьс шир гэдэстэй нь авсан. Энэ хоёрын авчирсан махыг би нийт 1.670.000 төгрөгөөр худалдаж авсан. Цэцэгмаа ерөнхийдөө данс тооцоогоо барьж үнэ ханшаа тохирдог...” гэх мэдүүлэг. /1-р хх-н 101 хуу/

-Гэрч Д.Энхжаргалын “...манай гэр 2016.05.26-ны өдөр Хэнтий аймгийн Баянмөнх сумын 2-р багийн нутаг Эрээн модон гэх газар нутаглаж байсан ...18 цагийн үед гэртээ ирэхэд гэрийн зүүн урд талын хонины хашаанаас маань улаан халзан 1 тооны эр үхэр уяатай байсан ...үхрээ сураглах гээд Баянмөнхийн гэрлүү утасдахад эхнэр Цэцэгмаа нь утсаа аваад үхрийг чинь Баянмөнхийг ирэхээр сураглая Баянмөнх зүүн урагшаа үхэрт явсан. Танай гэрийн гадаа үхэр уяатай байна уу манайх наад үхрийг чинь хийх гэж байгаад алдчихлаа танай гадаа барьж аваад хашаанаас чинь уяж орхисон. Одоо Баянмөнх очиж авах байхаа гэж надад хэлсэн...” гэх мэдүүлэг. /1-р хх-н 142-143 хуу/

-Шүүгдэгч Л.Баянмөнхийн гэм буруугаа хүлээсэн мэдүүлэг, малын үнэлгээ, Мал, мах, түүхийн эдийн гарал үүслийн гэрчилгээ, Мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн тооллого хийсэн баримтын хуулбар зэрэг бичгийн бусад нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч нарыг дээрх гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутай байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч Т.Цэцэгмаагийн хувийн байдал, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж түүний ял эдлэх дэглэмийг хөнгөрүүлэн өөрчилж жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэлээ. 

Шүүгдэгч нарын үйлдэлд ял хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдалд тогтоогдсонгүй.

            Шүүгдэгч Т.Цэцэгмаа нь гэмт хэргийн замаар олдсон эд зүйлийг зарж борлуулах, гэмт хэргийн ул мөрийг баллахаар урьдчилан амлаж тухайн гэмт хэрэгт оролцсон болох нь тогтоогдож байх тул түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6 дахь хэсгийг журамлан ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Хэрэгт битүүмжлэгдсэн шүүгдэгч Л.Баянмөнх, Т.Цэцэгмаа нарын өмчлөлийн сартай хээр зүсмийн амаа харсан ширээтэй саран тамгатай хязаалан насны морийг Л.Баянмөнх нь гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн болох нь тогтоогдож байх тул хурааж улсын орлого болгохоор, 45-07 ХЭҮ улсын дугаартай, цагаан өнгийн  Киа Бонго Пронтер маркийн автомашиныг хулгайлах гэмт хэрэг төгссөний дараа эд зүйлийг зөөвөрлөн тээвэрлэдэг болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн гэж үзэх боломжгүй тул битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгохоор, шүүгдэгч Л.Баянмөнх, Т.Цэцэгмаа нарын өмчлөлийн 27 тооны адуу, 35 тооны үхэр, 100 тооны ямаа, 300 тооны хонь нийт бог бод нийлсэн 462 толгой малыг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хийгдэх хүртэл хэвээр үлдээхээр тус тус шийдвэрлэсэн болно.

Эд мөрийн баримтаар хураагдсан мал, мах түүхий эдийн гарал үүслийн гэрчилгээ, 2014, 2015, 2016 оны жилийн эцсийн малын А дансны хуулбар зэргийг хэрэгт хэргийн хадгалах хугацаа дуустал үлдээж, шүүгдэгч нартай холбоотой баримт бичиг шүүхэд ирээгүйг, шүүгдэгч Л.Баянмөнхийн цагдан хоригдсон 201 хоног, шүүгдэгч Т.Цэцэгмаагийн цагдан хоригдсон 14 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулж тооцсныг тус тус тогтоолд дурдаж шийдвэрлэв.

Уг гэмт хэргийн улмаас бусдад нийт 25.980.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учирсан бөгөөд үүнээс бодит хохирол нь 20.050.000 төгрөг байна. Хохирогч шүүх хуралдаанд оролцсон шатахууны зардал 245.000 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 1.500.000 төгрөг нэхэмжилснээс өмгөөлөгчийн хөлс 1.500.000 төгрөгийг шүүгдэгч нараас гаргах үндэслэлгүй гэж үзлээ. Учир нь хууль зүйн туслалцаа авах асуудал талуудын сайн дурын тохиролцооны үндсэн дээр хийгдэж байгаа бөгөөд зайлшгүй гарах зардал биш юм. Шүүгдэгч нар нь хохирогчид 3.000.000 төгрөг төлсөн болох нь нотлох баримтаар тогтоогдож байна. Иймд 17.295.000 төгрөгийг /20.050.000+245.000-3.000.000/ шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн, шүүгдэгч тус бүрээс 8.647.500 төгрөг гаргуулж хохирогчид олгохоор шийдвэрлэв.

Шүүх хуралдааны шүүмжлэлийн шатанд шүүгдэгч нарын өмгөөлөгч Ж.Батбаатараас “Багийн засаг даргаас малын гарал үүслийн бичгийг хэрхэн авсныг мөн мөрдөн байцаагч Мөнхсайханаас хэрэгт малын гарал үүслийн бичиг байсан эсэхийг тодруулах шаардлагатай байгаа тул хэргийг мөрдөн байцаалтанд буцааж өгнө үү” гэх саналыг хүлээн авах боломжгүй гэж үзлээ. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч нар нь бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн болох нь хөтөлбөргүй тогтоогдож байх ба шүүгдэгч нарын гэм буруутай эсэхэд ямар нэгэн эргэлзээ гарсангүй.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон   

Т О Г ТО О Х нь:

 

1. Шүүгдэгч Боржигон овогт Лувсанцэрэнгийн Баянмөнх, Зүүнцээжин овогт Туулайхүүгийн Цэцэгмаа нарыг урьдчилан үгсэн тохиролцож, давтан үйлдлээр олон тооны мал хулгайлж бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд  тооцсугай.                                                                                                           

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Баянмөнхөөс 500.000 /таван зуун мянга/ төгрөгийн эд хөрөнгө хурааж, 6 /зургаан/ жилийн хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Цэцэгмаагаас 500.000 /таван зуун мянга/ төгрөгийн эд хөрөнгө хурааж, 5 /тав/ жил 6 /зургаан/ сарын хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Баянмөнхөд оногдуулсан 6 жилийн хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Цэцэгмаад оногдуулсан 5 жил 6 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид тус тус эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсэгт  зааснаар ялтан Л.Баянмөнхийн цагдан хоригдсон 201 хоног, ялтан Т.Цэцэгмаагийн цагдан хоригдсон 14 хоногийг  ял эдэлсэн хугацаанд тус тус оруулан тооцсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн ялтан Л.Баянмөнх, Т.Цэцэгмаа нарын өмчлөлийн 300.000 төгрөгийн үнэ бүхий хээр зүсмийн амаа харсан саран тамгатай, хязаалан насны морийг хурааж улсын орлого болгосугай.

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар ялтан Л.Баянмөнхийн өмчлөлийн 45-07 ХЭҮ улсын дугаартай, цагаан өнгийн Киа Бонго Пронтер маркийн авто машиныг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан мал, мах түүхий эдийн гарал үүслийн гэрчилгээ, 2013, 2014, 2015 оны жилийн эцсийн малын А дансны хуулга зэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7 дахь хэсэгт зааснаар хэргийг хадгалах хугацаа дуустал үлдээж, битүүмжлэгдсэн эд хөрөнгө болох ялтан Л.Баянмөнх, Т.Цэцэгмаа нарын өмчлөлийн адуу 27, үхэр 35, хонь 300, ямаа 100 нийт 462 толгой малыг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг  Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдтал хэвээр үлдээж, шүүгдэгч нарын бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдсугай.

7. Иргэний  хуулийн  497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар ялтан Л.Баянмөнх, Т.Цэцэгмаа нараас тус бүр 8.647.500 /найман сая зургаан зуун дөчин долоон мянга таван зуун/ төгрөгийг гаргуулж Хэнтий аймгийн Дархан сумын 3 дугаар багт оршин суух хохирогч С.Ганцэцэгт олгосугай.

8. Ялтан Л.Баянмөнхөд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэжлүүлж, ялтан Т.Цэцэгмаад авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Л.Баянмөнх, Т.Цэцэгмаа нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн

төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.    

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                        М.ЭНХМАНДАХ

ШҮҮГЧИД                                         Т.ЭНХМАНДАХ

Р.БАТБАЯР