| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадамдоржийн Мандалбаяр |
| Хэргийн индекс | 101/2017/04649/И |
| Дугаар | 101/ШШ2018/03347 |
| Огноо | 2018-11-01 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 11 сарын 01 өдөр
Дугаар 101/ШШ2018/03347
| 2018 оны 11 сарын 01 өдөр | Дугаар 101/ШШ2018/03347 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, шүүгч Д.Золзаяа, Д.Цэрэндолгор нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Б.Б гаргасан,
Хариуцагч: И.А,
Хариуцагч: А.Т нарт холбогдох,
Гэм хорын хохиролд 2,241,000.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Л, өмгөөлөгч Б.Д, хариуцагч, А.Т, нарийн бичгийн дарга Ц.Билгүүн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч тал тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд өмгөөлөгчийн хамт гаргасан тайлбартаа:
Иргэн Б.Б нь Баянзүрх дүүргийн*******,*******лол, хаягт байрлах 2 өрөө орон сууцны өмчлөгч бөгөөд 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдрөөс 07-ны өдөр шилжих шөнө хариуцагч В.А, А.Т нарын гэрээс ус алдаж, 2,241,000.00 төгрөгийн хохирол учирсан юм.
Тус өдөр Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газраас сантехникийн ажилтнууд ирж шалгасан бөгөөд хариуцагч нарын байрны гал тогооны уян холбоос задарсан гэсэн акт үйлдсэн ба энэ талаар гэрчээр оролцсон Д.Т шүүхэд тодорхой мэдүүлэг өгсөн байдаг.
Бид, өнгөрсөн хугацаанд хариуцагчийг даатгасан компаниас 104,000.00 төгрөг, өөрийнхөө даатгагчаас 140,000.00 төгрөгийг авсан ба нэхэмжлэлийн шаардлагаас эдгээр төлбөрийг хасахгүй, яагаад гэвэл нэхэмжлэгч тал өөрөө даатгалын хураамж төлж, авсан тул энэхүү нөхөн төлбөр нэхэмжлэгчид үлдэх ёстой, өөрөөр хэлбэл, өмнөх шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаас даатгалын нөхөн төлбөрийг хасч тооцон гэсэн тайлбараас татгалзаж, хохирлыг бүтэн нэхэмжилж байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шинжээчээр томилогдсон Д ХХК-ийн дүгнэлт үндэслэлтэй болох нь тус компаниас шүүх хуралдаанд оролцсон шинжээчийн тайлбараас тодорхой ойлгогдсон, харин Д ХХК-ийн хувьд 100 айл-ын гадна засвар хийдэг хувь хүмүүсээс ажлын хөлс хэд болох талаар санал авч, дүгнэлт гаргасан байх тул үндэслэлгүй гэж үзэж байна.
Нэхэмжлэгч тал одоогоор орон сууцандаа ямар нэгэн засвар хийгээгүй, шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болох учирсан хохиролд 2,241,000.00 төгрөгийн хэмжээг Д ХХК-ийн дүгнэлтийг үндэслэл болгож байна. Сүүлд томилогдсон Б ХХК-иас паркетан шалыг солихгүй гэсэн дүгнэлтийн хувьд яагаад гэсэн асуултанд тодорхой хариулаагүй байна. Иймд, хариуцагч нараас 2,241,000.00 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчийг хохиролгүй болгож өгнө үү гэв.
Хариуцагч А.Т шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь, манай доод талын айлд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлд дурьдсанаас бага хэмжээний хохирол учирсан байхад 2,241,000.00 төгрөгийг шаардаж байгааг шударга бус гэж үзэж байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шинжээчээр томилогдсон Д ХХК-ийн хувьд хохирлыг үндэслэлгүйгээр хэт өндөр хэмжээгээр тогтоосон бол харин Д ХХК-ийн дүгнэлт бодит байдалд нийцсэн.
Нэхэмжлэлийн шаардлагаас даатгагч А ХХК-иас төлсөн 104,000.00 төгрөг болон 144,000.00 төгрөгийг Д ХХК-ийн дүгнэлтэд дурьдсан 454,000.00 төгрөгөөс хасагдах ёстой гэв.
Хариуцагч В.А шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
Миний бие *******,*******,*******лол, хаягт байрлах орон сууцыг өмчилдөггүй тул надад энэхүү асуудал хамааралгүй, би 10 гаруй жилийн өмнө өөрийн хүү А.Тд тус орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлсэн гэжээ.
Шүүх хуралдаанаар зохигчдын гаргасан тайлбар, хэрэгт авагдсан болон хэлэлцүүлсэн бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Бгээс хариуцагч В.А, А.Т нарт холбогдуулан гэм хорын хохиролд 2,241,000.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба энэхүү хэрэгт шүүхээс 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдөр иргэний хэрэг үүсгэж, хариуцагчид нэхэмжлэлийн хувийг гардуулж, зохигчдод Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрх, үүргийг тайлбарлаж, танилцуулсан байна.
Шүүх, хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримт, талуудын тайлбарыг тус тус үндэслэн нэхэмжлэлээс зарим шаардлагыг хангаж, үлдсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдааанаар хэлэлцүүлсэн баримтаар *******,*******,*******лол,*******, тоот хаягт байрлах 28 м.к талбайтай 2 өрөө орон сууцыг нэхэмжлэгч Б.Б, *******,*******,*******лол,*******, хаягт байрлах орон сууцыг хариуцагч А.Т тус тус өмчилдөг үйл баримтын талаар зохигчид маргаагүй /х.х-ийн 24, 60-р хуудас/.
Талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдрөөс 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр шилжих шөнө хариуцагч А.Тын өмчлөлийн орон сууцны гал тогооны өрөөний уян холбоос задарч, ус алдсанаас нэхэмжлэгч Б.Бгийн өмчлөлийн орон сууцны тааз, хана, шаланд ус нэвчиж, хохирол учирсан үйл явдал бий болжээ /х.х-ийн 4-р хуудас/.
Тодруулбал, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын хэрэглэгчдэд үйлчлэх төвийн 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн тодорхойлолт, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрчээр оролцсон Д.Тын мэдүүлэг болон зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбарт тус тус дурьдсанаар хариуцагчийн өмчлөлийн орон сууцнаас ус алдсан гэх үйл баримт тогтоогдож байна /х.х-ийн 171, 172-р хуудас/.
Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.14.-т ........бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх эрхтэй гэж, мөн Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1.-д Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж тус тус заасан.
Өөрөөр хэлбэл, тус хуулийн 187 дугаар зүйлийн 187.1.-д зааснаар үүрэг нь энэ хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.5.-д заасан үндэслэл болох гэм хор учруулсан санаатай буюу болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас үүсэх ба гэм хор учруулсан этгээд буруутай байх тохиолдолд хохирогчийн өмнө учирсан хохирлыг хариуцан арилгах үүрэг хүлээнэ.
Талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, гэрч Д.Тын мэдүүлгээр хариуцагчийн өмчлөлийн орон сууцны гал тогооны хүйтэн усны уян холбоос задарч ус алдсан байх бөгөөд үүний шалтгааныг удаан хугацаанд ашиглагдаж, элэгдсэн байсан гэжээ.
Орон сууцны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1.-д орон сууц гэж хүн суурьшин амьдрах зориулалттай нийтийн болон амины орон сууцны байшин, сууц, гэрийг хэлнэ гэж, мөн Орон сууц хувьчлах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.-д "нийтийн зориулалттай орон сууцны байшин гэж бүхэлдээ буюу ихэнх хэсэг нь дөрөв ба түүнээс дээш сууцны зориулалттай барилгыг хэлнэ гэж тус тус заасны дагуу зохигчдын өмчилдөг орон сууц нь нийтийн зориулалттай орон сууцанд хамаарах ажээ.
Иргэний хуулийн 142 дугаар зүйлийн 142.1.-д Нийтийн зориулалттай орон сууцны барилгын доторхи сууц /өрөө/ болон дундын өмчлөлийн зүйлд хамаарахгүй сууцны бус зориулалттай талбайн хэсгийг дангаар өмчилж болно гэж, мөн 142.4.-т Дангаар өмчлөх өмчлөлд гагцхүү тодорхой хил хязгаар бүхий тусгаарлагдсан сууцны байр /сууц, өрөө/ болон барилгын тусгаарлагдсан бусад байгууламж хамаарна гэж заасан.
Тодруулбал, тус хуулийн 147 дугаар зүйлийн 147.3, түүнчлэн Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.4, 15 дугаар зүйлийн 15.1.1.-д тус тус зааснаар орон сууц өмчлөгч нь дундын өмчлөлийн зүйлд хамаарахаас бусад буюу өөрийн өмчлөлийн орон сууцны хил хязгаарын доторх зүйлийн бүрэн бүтэн байдал, засвар, үйлчилгээг хариуцах учиртай.
Гэтэл хариуцагч А.Т нь өөрийн өмчийн орон сууцны гал тогооны хүйтэн усны уян холбоосыг бүрэн бүтэнд байдалд хяналт тавиагүй, тодорхой хугацаанд солих ёстой байтал уг үйлдлийг эс хийжээ.
Нэхэмжлэгчийн тус шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тэрээр ийнхүү ус алдсанаас улбаалан нэгэнт гарсан засварын зардлыг бус ирээдүйд гарах засварын ажлын зардлыг нэхэмжилж байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талуудын хүсэлтээр тус шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 101/ШТ2018/00458 тоот тогтоолоор шинжээчээр Д ХХК-ийг, 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 101/ШЗ2018/02404 тоот захирамжаар Д ХХК-ийг тус тус томилсон /х.х-ийн 52-56, 95-97-р хуудас/.
Гэтэл шинжээчээр томилогдсон Д ХХК-ийн зүгээс нэхэмжлэгч Б.Бгийн эд хөрөнгөд учирсан хохирлын хэмжээг 1,595,181.00 төгрөг гэж үнэлсэн бол шинжээч Д ХХК-иас хохирлын хэмжээг 454,000.00 төгрөг гэснийг нэхэмжлэгч тал үл хүлээн зөвшөөрч, хохирлыг хэмжээг 2,241,000.00 төгрөгөөс багагүй байх ёстой гэж маргаж байна.
Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн Д ХХК-ийн дүгнэлтэд 22.8 м.кв талбай бүхий паркетан шалыг солих шаардлагатай, үүнд гарах зардлыг 428,127.00 төгрөг гэснийг шинжээч Д ХХК-ийн дүгнэлтэд үгүйсгэсэн, хариуцагч тал паркетан шалыг солих шаардлагагүй, ус алдсан үйл явдлаас хойш жил гаруй хугацаа өнгөрч, норсон шал хатаж, буцаад хэвэндээ орсон гэж тайлбарласан /х.х-ийн 65-83, 119-123-р хуудас/.
Хэдийгээр шинжээчээр томилогдсон Д ХХК болон Д ХХК-ийн дүгнэлтэд тус тус дурьдсанаар ус алдсанаас улбаалан гэм хор учирсан эд хөрөнгүүдийн хувьд эргэлцэхүйц зөрүү байхгүй боловч үнэлгээний хувьд хэт зөрүүтэй дүгнэлт гарсныг тодруулахаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.3.-д зааснаар тус шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 101/ШЗ2018/13136 тоот захирамжаар Б ХХК-ийг шинжээчээр томилсон.
Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн тус компанийн 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн дүгнэлтэд ус алдсанаас шалтгаалан гэм хор учирсан нэхэмжлэгчийн өмчийн орон сууцны эд хөрөнгө, засварын ажлын хэмжээ, үнэлгээний хувьд Д ХХК-ийн дүгнэлттэй ойролцоо байгаа хэдий ч талуудын маргаж буй 22.8 м.кв талбай бүхий паркетан шалыг солих шаардлагатай тухай дурьдаагүй байна.
Өөрөөр хэлбэл, Д ХХК-ийн үнэлгээгээр хохирлын хэмжээг 1,595,181.00 төгрөг, харин Б ХХК-ийн дүгнэлтээр паркетан шалны хохирол болох 428,127.00 төгрөгийг оруулахгүйгээр 857,400.00 төгрөг гэжээ. Шүүх, ус алдсан үйл явдал болсноос хойш өнгөрсөн хугацаа буюу одоогийн нөхцөл байдлыг үндэслэн гаргасан Б ХХК-ийн дүгнэлтийг Д ХХК болон Д ХХК нарын дүгнэлттэй харьцуулахад паркет шалыг солих шаардлагагүй гэсэн тайлбарыг үндэслэл бүхий байна гэж үзэж, мөн зохигчид уг үнэлгээний талаар маргаагүй тул гэм хорын хохирлын хэмжээг 857,400.00 төгрөг гэж үзэв /х.х-ийн 214-228-р хуудас/.
Зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар А ХХК-иас нэхэмжлэгч Б.Бд даатгалын нөхөн төлбөрт нийт 244,000.00 төгрөгийг олгосон байна /х.х-ийн 93, 94-р хуудас/.
Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.1.-д Гэм хорын даатгалаар даатгагч нь даатгуулагчийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, эд хөрөнгийн бус ашиг сонирхолд учирсан гэм хорыг даатгалын үнэлгээний хэмжээгээр мөнгөн хэлбэрээр нөхөн төлөх үүрэг хүлээнэ гэж, мөн 444 дүгээр зүйлийн 444.1.-д Хариуцлагын даатгалаар даатгагч нь даатгалын хугацаанд үүсэх хариуцлагатай холбоотойгоор гуравдагч этгээдийн өмнө хүлээх үүргээс даатгуулагчийг чөлөөлөх үүрэгтэй гэж тус тус заажээ.
Тодруулбал, нэхэмжлэгч тал өөрийн орон сууцыг гэм хорын даатгалд, хариуцагч орон сууц өмчлөгчийн хариуцлагын даатгалд тус тус даатгуулж, ус алдсанаас улбаалан учирсан хохирлын нөхөн төлбөрт 244,000.00 төгрөгийг авсан байх тул энэхүү нөхөн төлбөрийг бодит хохирлын хэмжээнээс хасах учиртай. Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1.-д Үүрэг бүхий этгээд нь гэм хорыг арилгахдаа эд хөрөнгөд учруулсан бодит хохирол болон олох ёстой байсан орлогыг нөхөн төлөх үүрэгтэй гэж заасны дагуу хариуцагч тал бодит хохирлыг барагдуулах үүрэгтэй болно /857,400-244,000=613,400 төгрөг/.
Талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан баримтаар Д ХХК-ийн үнэлгээний хөлс 80,000.00 төгрөг, Д ХХК-ийн үнэлгээний хөлс 120,000.00 төгрөгийг зохигчид төлсөн ба харин Б ХХК-ийн хөлс болох 200,000.00 төгрөгийг төлөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.-т зааснаар уг зардлыг талуудад тэнцүү хуваарилах нь зүйтэй байна /х.х-ийн 173, 174, 213-р хуудас/.
Нөгөө талаар хариуцагч В.А *******,*******,*******лол,*******, тоот хаягт байрлах орон сууцыг өмчилдөггүй, тэрээр гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээд биш юм.
Иймд, шүүхээс дээр дурьдсаныг тус тус нэгтгэн дүгнээд хариуцагчаас 613,400.00 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1,627,600.00 төгрөг болон хариуцагч В.Ад холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, шийдвэрлэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйл удирдлага болгон
:
1. 497 497.1, 510 510.1 дэх заалтыг тус тус үндэслэн хариуцагч А.Тас 613,400.00 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Бд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1,627,00.00 төгрөг болон хариуцагч В.Ад холбогдох хэсгийг тус тус хэрэгсэхгүй болго.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 60.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 50,806.00 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 19,052.00 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч нарт .
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.-т заасныг үндэслэн нэхэмжлэгч Б.Бгээс 100,000.00 төгрөг, хариуцагч А.Тас 100,000.00 төгрөгийг гаргуулж, шинжээч Б ХХК-нд олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7.-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй.
ДАРГАЛАГЧ Б.МАНДАЛБАЯР
ШҮҮГЧИД Д.ЗОЛЗАЯА
Д.ЦЭРЭНДОЛГОР