Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 151/2021/00430

 

 

 

 

                     2021          05             28

       151/ШШ2021/00430

 

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

 

 

Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Отгончулуун даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: А.Э-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Д.Д-д холбогдох,

3.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч А.***, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.***, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Н.Отгон нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч А.*** шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Д.*** нь манай дүүгийн оюутан ангийн хүүхэд бөгөөд надаас бараа татах гэсэн юм гээд 1.750.000 төгрөг зээлж авсан. Тухайн үед 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрөөс 2019 оны 3 дугаар сарын 16-ны өдөр хүртэл Д.*** нь Нарантуул зах дээр наймаа эрхэлдэг байсан. Үндсэн зээл болох 1.750.000 төгрөгийг сарын 10 хувийн хүүтэй зээлсэн. Тус мөнгөний 1.300.000 төгрөгийг миний Голомт банкны 2505102713 тоот данснаас Д.***ийн хаан банкны 5040141710 тоот дансанд шилжүүлж, үлдэх 450.000 төгрөгийг бэлэн өгсөн. Д.*** нь надаас мөнгө авснаас хойш 2 жил сураггүй алга болсон. Хүүг анх сарын 10 хувиар бодсон.  Гэтэл энэ нь 2 жилийн хугацаанд маш их мөнгө болж байгаа тул хүүг сарын 2 хувиар бодож 1.250.000 төгрөг болгож байна. Миний бие маш их гомдолтой байна. Иймд Д.***оос үндсэн мөнгө 1.750.000 төгрөг, хүү 1.250.000 төгрөг, нийт 3.000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.   

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*** шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.*** нь А.***гээс 1.750.000 төгрөг зээлж авсан нь үнэн бөгөөд буцаагаад нэхэмжлэгчид 600.000 төгрөгийг өгсөн байдаг. Иймд үлдэх 1.150.000 төгрөгт эвлэрэн хэлэлцэхэд татгалзах зүйл байхгүй. Зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй тул хүү тооцох эрхгүй. Иймд хүү нэхэмжилж байгааг төлөх боломжгүй  гэв.

Шүүх хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар зэргийг шинжлэн судлаад  

                                                                                                                 ҮНДЭСЛЭХ нь:                                                                                                             

Нэхэмжлэгч А.*** нь хариуцагч Д.***ид холбогдуулан 3.000.000 төгрөг гаргуулах  нэхэмжлэлийн шаардлага гаргасныг  хариуцагч нь эс зөвшөөрч  маргажээ.      

Шүүх нэхэмжлэгч А.***гийн нэхэмжлэлээс 1.750.000 төгрөгийн шаардлагыг хангаж, 1.250.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.  Учир нь: 

Нэхэмжлэгч А.*** нь 2018 оны 12 сарын 13-ны өдрөөс 2019 оны 03 сарын 16-ны өдрийн хооронд 1.750.000 төгрөгийг хариуцагч Д.***ид харилцан тохиролцож зээлдүүлсэн, зохигчид нь зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй, амаар тохиролцож байсан болох нь нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбараар тогтоогдож байна. 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д:  Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ,   

хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т:  Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана, гэж тус тус  заасан.       

Хуулийн дээрх заалтын дагуу  зохигчдын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээ байгуулагдсан, талууд зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй, амаар тохирсон байх тул  нэхэмжлэгч А.*** нь хариуцагчаас хүү шаардах, хүү авах эрхээ алдсан байна гэж  үзлээ.        

Нэхэмжлэгч А.*** нь хариуцагч Д.***ийн Хаан банк дахь 5040141710 тоот  дансанд 4 удаагийн шилжүүлгээр 1.300.000 төгрөгийг шилжүүлсэн,  бэлнээр 450.000 төгрөг өгсөн болохыг хариуцагч Д.*** нь хүлээн зөвшөөрсөн, энэ талаар маргаангүй байгааг дурдах нь зүйтэй.     

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч А.***гийн нэхэмжлэлээс 1.750.000 төгрөгийн шаардлагыг хангаж, 1.250.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож  шийдвэрлэв.       

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон   

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 281-р зүйлийн 281.1, 282-р зүйлийн 282.3-т зааснаар хариуцагч Д.***оос 1.750.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А.***д олгож,  нэхэмжлэлийн шаардлагаас 1.250.000 төгрөгийг  хэрэгсэхгүй болгосугай. 

 

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56-р зүйлийн 56.2, 60-р зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч А.***гээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 62.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.***оос 42.950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А.***д олгосугай.  

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс 14 хоногийн дараа  шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд  шийдвэрийг өөрөө  гардан аваагүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.  

 

           

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Д.ОТГОНЧУЛУУН