Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 13

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн шүүгч С.Байгальмаа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Эрүүгийн 201723010022 тоот хэргийн шүүгдэгч Монгол Улсын иргэн, Баян-Өлгий аймагт 1977 оны ... дугаар сарын ...-ны өдөр төрсөн, 40 настай, эрэгтэй, яс үндэс казак, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл ..., .... хамт, Хэнтий аймгийн ... сумын ...-р баг, ... тоотод  оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь Сум дундын 29 дүгээр шүүхийн 2015 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн 20 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгэж 1 жилийн хугацаагаар тэнсэн хянан харгалзсан, бие эрүүл, ухаан бүрэн гэх А овогт Х-ы Б /РД:............/-т холбогдуулан Бор-Өндөр дэх сум, Сум дундын Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:  Улсын яллагч П.Эрдэнэбаатар

Хохирогч С.Х-

                                            Шүүгдэгч Х.Б-

                                 Нарийн бичгийн дарга Б.Туяа нар оролцов.

Шүүгдэгч Х.Б- нь 2017 оны 03 дугаар сарын 23-ны өдөр эхнэр С.Х-ыг нүүрэн тус газар нь цохиж биед нь хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                             

      ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Х.Б- нь мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би 2017 оны 3 дугаар сарын 23-ны өдөр наурызын баяр гээд найз Х-ээ 0.75 литрийн “Монгол стандарт” нэртэй архи авчирсан. Тэгээд би Д, Н, Х-, Х-ээ нарын хамт хувааж уусан. Тэр архиа уугаад дуусч байхад эхнэрийн найз /нэрийг нь мэдэхгүй/ 0.75 литрийн “Монгол стандарт” нэртэй архи авчирсан. Тэрнээс нь би уугаад унтсан. Би унтаж байгаад орой сэрэхэд эхнэр Х- гэртээ байгаагүй. Хүүхдүүдээс ээж нь яасан гэж асуухад өдөр гараад ирээгүй гэхээр нь Уурхайчин байранд Дгийн найз Т-гийнд очиход Т- тасраад унтсан, Д, Н, Х- нар сууж байхаар нь Х-ыг чи нилээн согтсон тасарсан байна гэртээ харъя гээд аваад гарсан. Хашаанаас гарах гэж яваад Х- хашааны хаалганы хажуу талын дотор талын төмөр шонг мөргөж хамараас нь цус гарсан. Тэгээд бид хоёр эргэж ороод айлдаа хамрын цусаа угаасан. Н Х-аас яасан гэж асуухад Х- хашаа мөргөчихлөө гэж хэлсэн. Намайг Н чи бариад явахгүй яасан гэсэн. Бид хэд тэндээс цуг гараад дэлгүүрээс 0.5 литрийн “Ерөөл” нэртэй архи аваад овоон дээр гарч дөрвүүлээ хувааж уусан. Архиа ууж дуусаад Х- бид хоёр Ж-ынд ирэхэд Е ээж нүдээ яасан гэж асуухад Х- хашаа мөргөсөн гэж хэлсэн. Би Ед ээжийг чинь зодоогүй шүү гэж хэлэхэд Е юу ч хэлээгүй. Тэндээсээ гараад М-ынд ороход М- намайг загнаад байхаар нь би юу ч хэлээгүй гарсан. Араас Х- гарч ирээд бид хоёр гэртээ унтаж байхад орой 23 цагийн үед Х-ын дүү М-, Ж- эгч Ж, охин Е нар ирээд чи Х-ыг зодлоо гэж намайг хэл амаар доромжилж цагдаад дуудлага өгч Х-, Д хоёрыг аваад явсан. Цагдаа ирээд та яасан гэхэд нь эгч нь хашаа мөргөсөн гэж хэлэхэд дүү эгч нар нь Б- зодсон гэж хэлээ ч тэнэг юм уу, мангар юм уу гэж байсан...” гэсэн мэдүүлэг /хх 32-33 дугаар хуудас/

Хохирогч С.Х-ы мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Манай хажуу айлын Д, Н нар 2017 оны 3 дугаар сарын 23-ны өдөр наурызын баяр гээд 0.75 литрийн “Хараа” архийг манай нөхөр Б- бид хэд хувааж уусан. Урд өдөр нь Б- архи уусан байсан өглөө эрт гэрээс гарч яваад эргээд ирэхдээ дахиад архи уугаад орж ирээд удаагүй байхад хөршүүд орж ирээд архи уугаад амархан согтоод унтсан. Би Б-ийг унтаж байх хооронд хөрш хайлын Д, Н хоёртой таньдаг айлд нь очиж архи уугаад сууж байхад Б- араас орж ирээд чи яасан их архи уудаг пизда вэ гээд нүүрэн тус газар тас хийтэл гараараа нэг удаа цохисон. Миний хамраас нилээн их цус гарсан. Н Б-ийг өө муу пизда чинь яаж байгаан гээд надад 00-ын цаас авч өгсөн. Би тэндээ нүүр гараа угаагаад цусаа тогтоогоод Б-, Н, Д бид хэд цуг гэр рүүгээ явах замдаа гэр хорооллын кантнерийн дэлгүүрээс 0.5 литрийн “Ерөөл” нэртэй архи аваад уул руу гарч уусан. Уулан дээр очсон хойно надаас Б- уучлалт гуйгаад би чамайг зодоогүй биздээ, чи хашаа мөргөсөн биздээ гэж улайм цайм худал яриад байсан. Бид хэд архиа ууж дуусаад Б- бид хоёр замаараа дүү Ж-ынд орж охин Ед ээж нь үхмээр байна, амиа хорлоно дүү нараа аваарай гэж хэлсэн байлаа. Тэр хэлсэн үгнүүдээ сайн санахгүй байна. Гэхдээ охинтойгоо ярьж байснаа санаж байна. Намайг Б- гэр рүү авч явна гэхэд охин явуулахгүй та л ээжийг ийм болголоо гэхэд танай ээж чинь согтуу байгаа биздээ өөрөө л газар унаж нүдээ ийм болгосон. Би цохиогүй гэж худлаа ярьж охинтой хэрэлдээд байсан. Тэр хоёрыг хэрэлдээд байхаар нь Б-ийг дагаад гэртээ ирээд унтаж байхад орой 23 цагийн үе манай дүү Ж-, М- хоёр орж ирээд намайг чи энэний гарт үхлээ гэж хэлэхэд Б- манай хоёр дүүтэй хэрэлдсэн. Манай хоёр дүү цагдаад өгнө гэж хэлээд хүү бид хоёр Ж-ынд ирж хоносон. Бид хоёр урьд нь дүү Ж-ын хашаанд амьдарч байгаад Д, Н нарын хашаанд нүүж ирсэн. Тэдний хашаанд нүүж очсоноос хойш зодох нь гайгүй байж байгаад 2017 оны 3 дугаар сарын 23-ны орой зодож нүдэнд гэмтэл учрууллаа...” гэсэн мэдүүлэг / хх 11-12 дугаар хуудас /

Гэрч Р.Нийн мөрдөн байцаалтанд өгсөн: “Би 2017 оны 3 дугаар сарын 23-ны өдөр Б-ийн эхнэр Х-тай Төрийн банк ороод хүүхдийн мөнгөө аваад гэртээ ирээд байж байхад Б- эхнэр рүүгээ залгаад О-ынд ороод ир гэсэн. Тэгээд бид хоёр О-ынд очиход Б-, Д, О- гурав архи уугаад сууж байсан. Тэр архийг нь дуусгаад бид гэр рүүгээ орсон. Манай нөхөр Д архины мөнгө нэхээд байхаар нь дэлгүүр орох замдаа Б-ийн гэрээр шагайхад Б- унтаж байсан. Бид хоёр Зулбаяр дэлгүүр орох замд Х-тай таарсан. Тэгээд Х-ыг дагуулж дэлгүүрт орж 0.5 литрийн Стандарт нэртэй архи аваад Уурхайчин байранд Т- гэх залуугийнд очсон. Бид хэдийг очиход Т- архи уугаад тасраад сууж байсан. Би авсан архиа 4 аяганд тэнцүү хийгээд Х-, Т-, Д нарт өгөхөд Т-, Д хоёр бүгдийг уусан. Х- бид хоёр аягатай архиа уугаад бараг дуусч байхад Б- гаднаас орж ирээд Х-ыг чи юу хийгээд архидаад байгаа юм гэж загнаад аваад гарсан. Удалгүй 2, 3 минутийн дараа Х- хамраа дараад орж ирэхээр нь яасан бэ гэхэд Х- хашаа мөргөчихлөө гэсэн. Араас нь Б- орж ирсэн. Би Х-ы хамрын цусыг цэвэрлээд бид хэд гэртээ ирээд 20-30 минутийн дараа би дэлгүүрээс 0.5 литрийн архи аваад Б-, Х-, Д бид хэд овоо руу гарч архиа хувааж уусан. Тэрийгээ ууж дуусаад Д бид хоёр гэртээ ирсэн. Тэр хоёрыг хаашаа хэзээ явсныг санахгүй байна. Бид хоёр гэртээ ирээд унтаж байхад Х-ы эгч дүү нар нь бид хоёрыг дуудаж Б-ийн гэрт оруулаад Д бид хоёрыг загнаад та нар миний эгчийг харж байгаад зодуулсан гээд дайраад байсан...” гэсэн мэдүүлэг /хх 14-15 дугаар хуудас/

Гэрч Ц.Дгийн мөрдөн байцаалтанд  өгсөн: “Би 2017 оны 3 дугаар сарын 23-ны өдөр Б- бид хоёр урд талын айл О- ахынд 0.75 литрийн “Стандарт” нэртэй архи хувааж уугаад байж байхад Х-, Н нар ирээд бид хэд гэр рүүгээ орсон. Би эхнэр Нийн хамт Зулбаяр дэлгүүр орох гээд явж байхад Х- таараад манай эхнэр баярын өдөр гээд нэг шил архи авч өгсөн. Тэрийгээ аваад Т- найзындаа ороод архиа ууж байснаа санаж байна. Тэгээд цаашаа юу болсон талаар огт санахгүй байна. Шөнө Х- эгч дүү нар гэрт орж ирээд намайг загнаад салаавч гаргаад байх шиг байсан. Би юу болоод намайг ингээд байгаагийн учрыг ч мэдээгүй. Манайд Б- нь эхнэр хүүхдээ дагуулаад хадам дүүгийн хашаанаас хөөгдлөө гээд 12 сард ирэхээр нь өөрийн хашаанд байдаг илүү гэртээ оруулж өвөлжүүлсэн...” гэсэн мэдүүлэг  /хх 13-14 дүгээр хуудас/

Гэрч Х.Еы мөрдөн байцаалтанд  өгсөн: “Би 2017 оны 3 дугаар сарын 23-ны орой 20 цагийн үед Б-, ээж Х- нар нь жаахан халамцуу орж ирсэн. Ээжийн хамраас цус гараад нүд нь хавдсан байхаар нь ээжийг яасан гэж асуухад ээж юм хэлээгүй. Б- ээж чинь хашаа мөргөөд унасан гэж хэлсэн. Тэр хоёр хоол идээд манайхаас гараад М- эгчийнд ороход М- эгч чи эгчийн нүдийг ийм болголоо, чи л зодсон биз гээд Б-ийг гэрээсээ хөөгөөд гаргасан гэсэн. Манай гэрт ээж удалгүй орж ирээд ээж нь үхэж магадгүй, үхмээр байна Дыг өөр дээрээ аваарай гэж хэлээд гараад явсан. Би эгч нартаа ээж согтуу орж ирээд үхнэ гээд явж байна гэж хэлсэн. Орой 23 цагийн үед Б-ийн гэрт очиход тэр хоёр унтаж байсан. Ээж бараг л эрүүл болчихсон байсан. Ээжийн дүү нар Б-ийг загнаж чи л зодсон биз гэхэд Б- би зодоогүй, эгч чинь өөрөө согтуу явж байгаад хашаа мөргөсөн гэж хэлсэн. Ээж эхлээд нуугаад хэлэхгүй байснаа орой гэрт нь очиход Б- цохисон гэдгээ хэлсэн. Манай гэрт анх орж ирэхэд ээжийн хамраас их хэмжээтэй цус гараад байсан. Нүдээ хавдсан эсэхийг мэдээгүй л явж байсан байх. Б-ийг ээжийн нүдийг цохьсон эсэхийг хараагүй болохоор цохиж гэмтэл учруулсан эсэхийг мэдэхгүй. Маргааш нь ээж эрүүл болсон үедээ Б- миний нүдийг яасан их архи уудаг юм гээд цохьсон гэж хэлсэн... ” гэсэн мэдүүлэг /хх 20 дугаар хуудас/

Гэрч С.Ж-ын мөрдөн байцаалтанд  өгсөн: “Би 2017 оны 3 дугаар сарын 23-ны шөнө 23 цагийн үед гэртээ ирэхэд эгч Х-ы охин Е ээж Б-эд зодуулаад үхнэ, хатна гээд явж байна гэхээр нь эгч Х-ыд очиход эгч Х-, Б- хоёр гэртээ унтаж байсан. Би эгчийг босгоод нүдийг нь хараад болсон асуудлын талаар асуухад Б- би эгчийг чинь зодорогүй, цохиогүй өөрөө согтуу хашаа мөргөж унасан гэж хэлсэн. Бид хоёр хоорондоо маргалдаж байгаад цагдаад дуудлага өгөөд эгч Х-, хүү Д нарыг гэртээ авчирч хонуулсан. Цуг архи уусан Д, Н гэх эхнэр, нөхөр хоёроос юу болсон талаар асуухад бид нар цуг архи уугаагүй. Б-ийн эхнэрээ зодохыг хараагүй гээд согтуу байсан. Өглөө эгчийн нүд зүгээр байсан. Орой гэрт нь очиход нүд нь хөхөрч хавдсан байсан. Эгчийн хашаа мөргөж нүдээ хөхрүүлсэн нь худлаа. Манай хүргэн Б- архи ууж байнга гэр бүлдээ хэрүүл маргаан үүсгэдэг. Миний төрсөн эгчийг байнга дарамталж дагавар охин Е, хүү Д хоёрыг элдэв үг хэлээр доромжилж, намайг яаж ч чадахгүй гэж хэлдэг. Манай эгч нөхрийгөө өмөөрөөл цагдаагийн байгууллагад тэр болгон ханддаггүй. Уг нь Б- эрүүл үедээ хэрүүл маргаан үүсгээд байдаггүй. Ажил төрөлд сайн архи уусан үедээ л хүн биш болох юм. Б- манай хашаанд амьдарч байгаад өвөд Дгийн илүү гэрт нь амьдрах болсон. Тэнд очоод нэг сар гаран болох хугацаанд нилээн олон удаа зодсон гэсэн...” /хх 21-22 дугаар хуудас/

Хэнтий аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 27 тоот дүгнэлтэнд: 1. С.Х-ы биед баруун нүдний дээд, доод зовхины хэсэг, зүүн нүдний дээд зовхины дотор булан хэсэг, зүүн нүдний доод зовхи, хамрын нуруу хэсгүүдийн цус хуралт, хамрын баруун хажуу хэсгийн зулгаралт, нүүрний цох хэсэг болон хамрын нуруу хэсгүүдийн зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрхи гэмтэл нь хатуу мохоо хүчин зүйлийн 1 ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3.Дээрхи гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид дээрх гэмтэл нь хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй гэсэн  дүгнэлт /хх 25 дугаар хуудас/

Хохирогч  С.Х- нь эдийн засгийн болон бусад байдлаар түүний эрхшээлд байгаа болох нь С.Х-ы шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг,  хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байх ба хохирогч С.Х- нь өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхолоо хамгаалж чадахгүй байгаа нь шүүхийн хэлэлцүүлэгийн үед түүний өгсөн мэдүүлэг болон  бусад нотлох баримтаар тогтоогдож байх тул шүүгдэгч хохирогч нарыг эвлэрсэн гэж үзэж хэргийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлгүй байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч Х.Б- нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдэгдсэн байдал зэргийг харгалзан түүнд баривчлах ял оногдуулсан болно. Шүүгдэгч Х.Б- нь шүүх хуралдаанд ЭБШ хуулийн 36 дугаар зүйлийн 36.3.3 дахь хэсэгт заасан эрхийнхээ дагуу өөрөө өөрийгөө өмгөөлж оролцсон болно.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  

283, 284, 286, 290 дугаар зүйлийн 290.3 дахь хэсэг, 294-298 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

Т О Г Т О О Х  нь:

 

1. Шүүгдэгч А овогт Х-ы Бийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн 99 дугаар зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт  хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

         2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар  3  / гурван / сарын баривчлах ялаар шийтгэсүгэй.

3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар Х.Б-эд оногдуулсан 3 сарын баривчлах ялыг тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан эдлүүлсүгэй.

 4. Шүүгдэгч Х.Б- нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн бичиг баримт ирээгүй, хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн баримт байхгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

            5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 70 дугаар зүйлийн 70.1 дэх  хэсэгт  зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Б-эд авсан оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

6. Шүүхийн шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд ялтан, хохирогч, тэдний өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

                               ДАРГАЛАГЧ                                     С.БАЙГАЛЬМАА