Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 101/ШШ2022/01667

 

 

 

 

 

 

 

 

 

    2022        04          12                                     101/ШШ2022/01667         

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цолмонгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: “Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Т.О,

 

Хариуцагч: Т.Г нарт холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 6,910,751 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.О,

Хариуцагч Т.О,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хатантуул нар оролцов.

Хариуцагч Т.Г нь өөрийн эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт ирүүлснийг хангаж түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Х” ХХК, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.О нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Иргэн Т.О, Т.Г нар нь Х-тай 2021 оны 03 дугаар сарын 11-ний өдөр 1700028925 тоот зээлийн гэрээ байгуулан 7,000,000 төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай өрхийн хэрэглээний зориулалттай зээл авсан. Банк нь 2021 оны 03 дугаар сарын 11-ний өдөр зээлдэгч Т.О-ийн Х дахь дансанд мөнгийг шилжүүлэн, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж зээлийг олгосон.

Гэрээний хугацаанд зээлдэгч нь 2021.03.31-ний өдөр 302,374 төгрөг, 2021.04.01-ний өдөр 3,336 төгрөг, 2021.04.26-ны өдөр 316,757 төгрөг, 2021.04.26-ны өдөр 22,553 төгрөг, 2021.05.31-ний өдөр 323,547 төгрөг, 2021.06.02-ны өдөр 607,000 төгрөг, нийт 969,177 төгрөг төлсөн. Үүнээс үндсэн зээлд 699,999 төгрөг, зээлийн хүүд 269,177 төгрөг төлсөн, үүнээс өөрөөр төлөлт хийгээгүй болно.

Гэтэл зээлдэгч нь банктай байгуулсан 1700028925 тоот зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж зээлийн төлбөрийг хугацаа хэтрүүлэн нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 191 хоног хугацаа хэтрүүлээд байна.

“Х” нь удаа дараа зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхийг зээлдэгчээс шаардаж, мэдэгдэж байсан бөгөөд зээлдэгч гэрээний үүргээ биелүүлээгүй байна.

Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээнд зээлийн хүү, эргэн төлөлтийн хугацаа зэргийг тусгаж өгсөн бөгөөд зээлдэгчид учирсан гэнэтийн асуудлыг банк хариуцах боломжгүй юм.

Зээлийн гэрээний хуваарь 2021.06.02-ны өдрөөс эхлэн зөрчигдсөн. Гэрээний хугацаа 2023.09.01-ний өдөр дуусах боловч 8 дугаар зүйлийн 8.2.1-т зээлдэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тул 2021.12.10-ны өдрөөр тооцон гэрээг хугацаанаас өмнө цуцлах шаардлага гаргасан.

Зээлийн гэрээний хамтран үүрэг гүйцэтгэгчээр Т.Г оролцсон, тэрээр хуульд заасан хугацааны дотор нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эс зөвшөөрсөн талаарх тайлбар өгөөгүй байх ба үүнийг хүлээн зөвшөөрсөнд тооцох үндэслэлтэй бөгөөд гэрээний үүргийг Т.О, Т.Г нараас хамтад нь шаардаж байгаа болно.

Иймд Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь заалт болон 1700028925 тоот зээлийн гэрээний дагуу төлөгдөөгүй нийт үндсэн зээлийн төлбөр 6,300,000 төгрөг, 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн байдлаарх хүү 599,014.79 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 11,737 төгрөг, нийт 6,910,751 төгрөгийг Т.О, Т.Г нараас гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Т.О нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Миний бие Т.О би 2021 оны 03 дугаар сард Х-аас 7,000,000 төгрөгийн зээл авсан нь үнэн. 2021 оны 04 дүгээр сараас эрүүл мэндийн улмаас ажлаа хийх боломжгүй, нүдний хараа муудаж /-15/, холын зүйл  харахаа больж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эгнээнд орсон.

Ийм хүнд хэцүү цаг үед зээлийнхээ 7,000,000 төгрөгөөс 1,000,000 гаруй төгрөгийг төлчихсөн байхад банк уг төлбөрийг хүүнд суутгаж авчихаад буцаагаад бараг 7,000,000 төгрөгийг нэхэмжилж байна. Хэрэв төлөх ёстой гэвэл хуваарийнхаа дагуу сар, сард нь 300,000 төгрөгөөр төлөх боломжтой.

Банк хэтэрхий шахуу хугацаанд, өндөр хүүтэйгээр мөнгө нэхэмжилж байна. Зээлийн гэрээний хувьд маргах зүйлгүй, гэрээний үүрэгт 969,177 төгрөг төлснөөс өөр төлөлт хийгээгүй. Миний бие “Т ХХК”-д шөнийн ээлжинд гардаг байхдаа зээл авсан бөгөөд нүдний хараа муудсанаас болж ажлаасаа халагдсан. Улирлын чанартай ажил байсан учир 4 сард амраахгүй гэж байснаа 2021.04.21-нд ажил зогсоосн, 2021.08.01-нд авна гэсэн боловч буцааж аваагүй. Банк нийгмийн даатгалын сангаас орж ирсэн мөнгийг хүртэл зээлэнд суутгаж тооцсон байсан бөгөөд уг зээлийг би хариуцан төлөх үүрэгтэй, ах Т.Г-д хамааралгүй юм.

Энэхүү зээлээр газар авах зорилгоор авсан боловч бусдад өгөх 2,000,000 төгрөгийг төлөөд үлдсэн нь газар авахад хүрэлцээгүй, тэгээд эмчилгээндээ зарцуулсан.

Иймд банкнаас авсан зээлээ хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд зээлийг эрүүл мэндийн шалтгааны улмаас төлж чадахгүй хугацаа хэтрүүлсэндээ уучлалт хүсч байна. Уг зээлийг сард 300,000 төгрөг төлөх боломжтой байна гэв.

 

Нотлох баримтын тухайд:

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, “Х” ХХК-иас Э.Н-д олгосон итгэмжлэл, 2021.03.11-ний өдрийн барьцаат зээлийн гэрээ, Т.О, Т.Г нарын иргэний үнэмлэхийн хуулбар, Т.О-ийн 0 дугаар дансны хуулга, “Х” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2021.04.06-ны өдрийн тушаал болон хүний нөөц хариуцсан захирлын 2019.01.08-ны өдрийн Б/51 дугаар тушаал, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, “Х” ХХК-иас Ө.О-т олгосон итгэмжлэл, “Х” ХХК-ийн хариуцсан захирлын 2022.03.30-ны өдрийн Б/344 дугаар тушаал, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, “Х” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2021.04.06-ны өдрийн тушаал /хх-ийн 3-14, 45-49/ зэрэг баримтуудыг,

Хариуцагчаас хариу тайлбар /хх-ийн 33/ зэрэг баримтыг тус тус шүүхэд ирүүлсэн.

 

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан дээр дурдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Х” ХХК нь Т.О, Т.Г нарт холбогдуулан зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл 6,300,000 төгрөг, хүү 599,014.79 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 11,737 төгрөг, нийт 6,910,751 төгрөг  гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.

 

Тус шүүх хариуцагч Т.О, Т.Г нарт холбогдох, зээлийн гэрээний үүрэгт 6,910,751 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч “Х” ХХК-ийн нэхэмжлэлийг 2021 оны 12 дугаар сарын 13-ны  өдөр хүлээн авч, 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр иргэний хэрэг үүсгэсэн, хариуцагч Т.Г-д 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдөр нэхэмжлэлийг гардуулан өгч, түүнд зохигчийн эрх, үүргийг тайлбарлан өгчээ. /хх-ийн 15, 39-42/

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т зааснаар хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй бөгөөд хариуцагч Т.Г нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хүлээн авсан боловч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтыг 2022 оны 03 дугаар сарын 25-ны шүүхэд ирүүлэх хуульд заасан үүргээ биелүүлээгүй, хуулиар тогтоосон хугацаанд тайлбараа шүүхэд ирүүлээгүй байна.

 

Түүнчлэн хариуцагч Т.Г нь 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр шүүх хуралдааныг өөрийнхөө эзгүйд хийлгэх хүсэлт гаргасныг, мөн өдрийн шүүгчийн 101/ШЗ2022/08725 дугаар захирамжаар хангасан, түүнд 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 14-30 цагт хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч тэрээр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй болно. /хх-ийн 51,56/

 

Дээр дурдсан байдлаас үзэхэд хариуцагч Т.Г нь нэхэмжлэгч “Х” ХХК-ийн нэхэмжлэлийг 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авсан боловч хуульд заасан хугацаанд буюу 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдөр болон түүнээс хойш хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр хүртэлх хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй, мөн хэргийг өөрийн эзгүйд хэлэлцүүлэх хүсэлтийг ирүүлсэн болох нь тогтоогдож байна. /хх-ийн 51/

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т: “Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ” гэж зааснаас үзэхэд хариуцагч Т.Г нь хуульд заасан дээрх үүргээ биелүүлээгүй нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцох үндэслэлийг бий болгосон гэж үзэв.

 

Зээлдүүлэгч “Х” ХХК, зээлдэгч Т.О, хамтран үүрэг гүйцэтгэгч Т.Г нарын хооронд 2021 оны 03 дугаар сарын 11-ний өдөр №1700028925 дугаартай барьцаат зээлийн гэрээ байгуулагдсан, гэрээгээр зээлдүүлэгч нь 7,000,000 төгрөгийг, жилийн 18, сарын 1,5 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай, өрхийн хэрэглээ зориулалттай зээлдүүлэх, зээлдэгч нь зээл болон хүүг тогтоосон хугацаанд эргүүлэн төлөх, хэрвээ тооцогдсон бол нэмэгдүүлсэн хүүгийн хамт тус тус төлөхөөр тохиролцсон болох нь зохигчийн тайлбар, зээлийн гэрээ, эргэн төлөлтийн хуваарь, зээлийн дансны хуулга зэрэг баримтаар тогтоогдож байна. /хх-ийн 6-9,11/

 

Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 2 дугаар зүйлийн 2.6-т зээлдэгч, хамтран үүрэг гүйцэтгэгч болон гэр бүлийн санхүүгийн хэрэгцээ, хэрэглээний худалдан авалтад зориулан олгосон, зээл эргэн төлөх санхүүгийн эх үүсвэр нь зээлдэгч, хамтран үүрэг гүйцэтгэгчийн цалин /өрхийн орлого/ аж ахуйн үйл ажиллагааны болон бусад адилтгах орлого байх, 2.12-т зээлдэгч зээлийн төлбөрийг банкин дахь ...тоот дансанд гэрээний хавсралтаар тохирсон эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөх, 2.9.1-т зээлийн зориулалтын дагуу цалингийн орлогыг барьцаалжээ.

 

Зохигчийн хооронд байгуулагдсан зээлийн гэрээний талаар талууд маргаагүй, харилцан хүсэл зоригоо илэрхийлэн гэрээг байгуулсан, гэрээгээр зээлийн хэмжээ, түүний хүү, зээл эргэн төлөх хугацаа болон зээлдэгч зээлийн гэрээнд заасан үүргээ биелүүлж чадахгүй тохиолдолд гэрээг хугацаанаас өмнө цуцлахаар тус тус тохиролцсон нь /1995 оны/ Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, банк, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т “Зээлдүүлэгч нь хүү, хугацаа болон бусад нөхцөлийн талаар зээлдэгчтэй харилцан тохиролцож байгуулсан зээлийн гэрээний үндсэн дээр түүнд зээлийн данс нээж, зээл олгоно” гэж заасантай нийцсэн байна.

 

Дээр дурдсан байдлаас үзэхэд “Х” ХХК болон Т.О, Т.Г нарын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан зээлийн гэрээ байгуулагдсан, тэдний хооронд гэрээний харилцаа үүссэн гэж үзэв.

 

Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-д: “Үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид гэнэ” гэж заасны дагуу Т.О, Т.Г нарыг хамтран үүрэг гүйцэтгэгч гэж үзнэ.

 

Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээнд зээлдэгч, хамтран зээлдэгч тус бүрийн хүлээх үүргийг хоорондоо харилцан тохиролцон тогтоож, ийнхүү тохиролцсон талаар банкинд мэдэгдсэнтэй холбоотой баримтыг хариуцагч нарын зүгээс шүүхэд ирүүлээгүй тул Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3-т: “Үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох...”, 242 дугаар зүйлийн 242.13-т: “Хамтран үүрэг гүйцэтгэгчдийн хэн нэг нь төлбөрийн чадваргүй бол үүргийн түүнд оногдох хэсгийг төлбөрийн чадвартай бусад үүрэг гүйцэтгэгчид тэнцүү хуваарилна” эрхтэй байхаар зохицуулсны дагуу үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг зээлдэгч, хамтран үүрэг гүйцэтгэгч нараас хамтад нь, бүхэлд нь шаардсаныг буруутгах үндэслэлгүй, хариуцагчаар хэнийг сонгох нь нэхэмжлэгчийн эрх болно.

 

Хариуцагч Т.О нь гэрээний хугацаа дуусгавар болох 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд зээлийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу хувааж төлөх хүсэлтэй тул банкны санаачилгаар гэрээг хугацаанаас өмнө цуцалж, 6,910,751 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргасан.

 

Талуудын хооронд 2021 оны 03 дугаар сарын 11-ний өдөр байгуулагдсан зээлийн гэрээний хугацаа 30 сар, тодруулбал 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл хугацаатай, зээл, түүний хүүг эргэн төлөлтийн хуваарьт заасны дагуу төлөхөөр тохиролцсон байх бөгөөд талууд ийнхүү хугацаа, төлөлтийг тохиролцсон нь Иргэний хуулийн 195 дугаар зүйлийн 195.3-т зааснаар гэрээний гол нөхцөл болно. 

 

Зээлдэгч нар гэрээнд заасан зээлийн төлбөрийг тодорхой цаг хугацаанд, тогтсон дүнгээр төлж биелүүлэхээр гэрээний гол нөхцөл болгон зээлдүүлэгчтэй тохиролцсон тул энэ нь талуудын хувьд хугацаа, эргэн төлөлт нь гэрээний үүргээ тохирсон хугацаандаа зохих ёсоор биелүүлэхэд чухал ач холбогдолтой гэж үзнэ.

 

Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 8 дугаар зүйлийн 8.2-т зээлийн гэрээг банкны санаачилгаар хугацаанаас өмнө цуцлах үндэслэлийг тохиролцсон байх ба 8.2.1-т: “Зээлдэгч энэхүү гэрээ болон гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй” гэжээ.

 

Хариуцагч нар зээлийн гэрээний үүрэгт эргэн төлөлтийн хуваарьт тусгагдсаны дагуу 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдрөөс 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдөр хүртэлх хугацаанд үндсэн зээлд 699,999 төгрөг, хүүд 269,177 төгрөг, нийт 969,177 төгрөг төлсөн байх бөгөөд 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдрөөс хойш зээлийн эргэн төлөлтийн хуваарь зөрчигдсөн, мөн өдрөөс хойш эргэн төлөлт хийгдээгүй болох нь тогтоогдож байх ба зохигч үүнтэй маргасангүй. /хх-ийн 11/

 

Зээлдэгч нь гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1-т заасан зээлийн эргэн төлөлтийг 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн зөрчсөн, зээл төлөх мэдэгдлийг зээлийн гэрээнд тусгагдсан утасны дугаарт удаа дараа мэдэгдсэн, ийнхүү мэдэгдэл хүргүүлснээс хойш төлөлт хийгдээгүй зэргээс үзэхэд зээлдэгч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, зээлдүүлэгчийн зүгээс түүнд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоож өгсөн гэж үзнэ. 

 

Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтаас үзэхэд зээлдэгч нь зээлийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1-т зааснаар тохиролцсон зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчсөн байх тул зээлдүүлэгч нь гэрээний 8 дугаар зүйлийн 8.2.1-т зааснаар гэрээг хугацаанаас өмнө нэг талын санаачилгаар цуцлах үндэслэл тогтоогдсон гэж үзэх үндэслэлтэй бөгөөд Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 225.2-т тус тус зааснаар гэрээ цуцлах талаар зээлдэгчид мэдэгдсэн, үүрэг гүйцэтгэгч гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн, түүнчлэн үүргээ гүйцэтгэхийг үүрэг гүйцэтгэгчид урьдчилан сануулсан зэргээс үзэхэд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй болох нь тогтоогдож байна гэж үзэхээр байна. 

 

Зээлдэгч нар гэрээний үүргийг зээлийн эргэн төлөлтийн хуваарьт заасны дагуу биелүүлээгүй, дутуу биелүүлсэн, 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдрөөс хойш гэрээний үүргийг биелүүлээгүй тул зээлдүүлэгч нь гэрээг цаашид үргэлжлүүлэх боломжгүй гэж үзэн талуудын хооронд байгуулагдсан гэрээний 8 дугаар зүйлийн 8.2-т зааснаар талуудын хооронд байгуулагдсан гэрээг цуцлах шаардлагыг 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдрөөр тооцож гаргасан тул мөн өдрөөр гэрээг цуцалж, цуцлах хүртэл хугацааны гэрээний үүргийг шийдвэрлэх үндэслэлтэй.

 

Иймд талуудын хооронд 2021 оны 03 дугаар сарын 11-ний өдөр байгуулагдсан барьцаат зээлийн гэрээг нэхэмжлэгчийн шаардсан 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөр тооцон цуцалж, хариуцагч Т.О, Т.Г нараас зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл 6,300,000 төгрөг, хүү 599,014.79 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 11,737 төгрөг, нийт 6,910,751 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Х” ХХК-д олгох нь зүйтэй байна. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116,118-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1-т тус тус зааснаар зээлийн гэрээний үүрэгт хариуцагч Т.О, Т.Г нараас үндсэн зээлийн үлдэгдэл 6,300,000 төгрөг, хүү 599,014.79 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 11,737 төгрөг, нийт 6,910,751 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Х” ХХК-д олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар хариуцагч Т.О, Т.Г нараас улсын тэмдэгтийн хураамжид 125,522 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Х” ХХК-д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 125,522 төгрөгийг  улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш зохигч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Б.ЦОЛМОНГЭРЭЛ