Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 2025/ШЦТ/09

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.*******болд даргалж тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанд

Нарийн бичгийн дарга О.Билгүүн

Улсын яллагч *******

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан Дундговь аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******д холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1973 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Өвөрхангай аймгийн Сант суманд төрсөн, 51 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүрэг 27 дугаар хороо Хилийн цэргийн 49-45 тоотод оршин суух, улсаас авсан гавья шагналгүй, урьд ял шийтгэлгүй, ******* овогт ******* *******, Регистрийн дугаар: *******

 

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ буюу 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын 1 дүгээр багийн нутаг Онгийн хийдгэх газарт дрон нисгэж өөрийнх нь дүрсийг баримтжууллаа гэх шалтгаанаар хохирогч ******* маргалдаж, улмаар түүний нүүр, толгойн тус газарт гараараа хэд хэдэн удаа цохиж эрүүл мэндэд нь тархи доргилт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

Мөн согтуурсан үедээ буюу 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын 1 дүгээр баг Онгийн хийд гэх газарт дрон нисгэж өөрийнх нь дүрсийг баримтжууллаа гэх шалтгаанаар хохирогч эзэмшлийн Самсунг Эс-20 плас загварын гар утсыг гараараа цохиж газарт унагаж гэмтээсний улмаас 750,000 төгрөгийн хохирол, Мэвик Айр-2 загварын дроныг цохиж газарт унаган, дроны 2 ширхэг сэнсийг хугалж устгасны улмаас 1,000,000 төгрөгийн хохирол, нийт бага хэмжээнээс дээш буюу 1,750,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

                 Нэг. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох талаар:

Шүүгдэгч ******* нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, эд зүйл устгаж гэмтээсэн хэргийн үйл баримт хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Тухайлбал:

Мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн хохирогч “... Миний ажилладаг сургууль болох "Шинэ Монгол" сургууль нь Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын сургуультай хамтарч "Говь" гэдэг хөтөлбөр хэрэгжүүлж ажилладаг юм. Тэгээд 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын нутагт байх "Онгийн хийд" дээр Дэлгэрхангай сумын сургуулийн хүүхдүүд болон манай сургуулийн хүүхдүүдтэй хамтарсан хөтөлбөрөө хэрэгжүүлэх гэж очсон юм. Тэгээд 4 автобус явж байснаас 1 автобус нь алга болчихоор нь би хайх гээд мөн хүүхдүүдийнхээ хийж байгаа зүйлийг дүрсжүүлэх зорилгоор дрон нисгэж хараад байж байтал нэг танихгүй согтуу залуу над дээр ирээд ирсэн. Тэгснээ чи миний шээж байгаа байдлыг бичээд байгаа юм уу гэж уурлаад миний уруул болон толгойны ар хэсэг рүү 3 удаа цохисон, тэгэхээр нь би зугтах гэсэн чинь миний үүрч явсан цүнхний оосроос татаж унагаагаад гартаа барьж байсан дроны удирдлага болон мөн Самсунг Эс-20 маркийн гар утсыг цохиж унагаасан. Тэр үед ойролцоо байсан эрэгтэй, эмэгтэй хоёр хүн ирж надаас тэр залууг салгасан. Тэгэхээр нь би хамт явсан хүүхдүүд дээрээ очих гээд салаад явж байсан чинь тухайн залуу дахиж араас ирээд "би нутаг усныхаа зургийг чамаар авахуулахгүй" гээд намайг толгой руу хоёр удаа гараараа цохисон, тэр үедээ миний барьж байсан дроны 2 ширхэг сэнсийг хугалж гэмтээсэн. Тэр үед нь Дэлгэрхангай сумын сургуулийн хүүхдүүд ирж салгасан ба тэр хүнийг огт танихгүй өмнө нь харж байгаагүй. Харагдах байдлаасаа нилээн согтолттой байсан. Толгой руу цохиулснаас болж толгой өвдөж, дотор муухайрч мөн гүйлгэж байна. Миний сэтгэцэд ямар нэгэн хор уршиг учраагүй, сэтгэцийн дүгнэлт гаргуулах шаардлагагүй... Самсунг Эс-20 плас гар утасны дэлгэц болон ар тал хагарсан, Mavic-Air гэх загварын дроны сэнс, удирдлагын гар эвдэрсэн... ” гэх мэдүүлэг, /хх-ийн 10-р хуудас/

Гэрч 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр манай ангийнхан хотоос ирсэн Шинэ Монгол сургуулийн сурагчид болон багш нарынх нь хамт Сайхан-Овоо сумын Онгийн хийд дээр очсон юм. Тэгээд хотоос ирсэн хүүхдүүдэд хөтөч хийгээд Онгийн хийд дээр байх музейг үзүүлэх гээд байж байтал Шинэ Монгол сургуулийн сурагчидтай цуг ирсэн нэг ах музейгээс зүүн хойд зүгт дром нисгээд зогсож байсан юм. Тэгтэл цаанаас нь 1 танихгүй согтуу ах хашхираад ирж байсан. Тэгтэл тэр цаанаас нь ирж байсан ах "чи миний шээж байгаа зургийг авлаа" гээд уурлаад газраас чулуу аваад шидтэл оноогүй дээгүүр нь гараад цаад талд нь ойчсон. Тэгээд Шинэ Монгол сургуулийн сурагчидтай цуг ирсэн ах дроноо нисгээд зогсож байсан. Би ангийнхаа хамт гүйгээд очиж байтал нөгөө согтуу танихгүй ах Шинэ Монгол сургуулийн сурагчидтай ирсэн ахыг цохиод авсан. Шинэ Монгол сургуулийн сурагчидтай цуг ирсэн ах чи уруул яз цохичихлоо ш дээ гээд ард хоцорсон. ... Тэр согтуу ах 1 удаа гараараа нүүрэн тус газар нь цохисон...” гэх мэдүүлэг, /хх-ийн 21-22-р хуудас/

Шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь Дундговь аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 324 дугаартай “ биед тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. Дээр гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь үзлэг хийгдэхээс 1-10 хоногийн өмнө үүссэн байх боломжтой байна. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн ээрэг тогтоогдлоо” гэсэн дүгнэлтээр /хх-ийн 25-26-р хуудас/

Арвижих Эстимейт ХХК-н 2024 оны 09 сарын 23-ны өдрийн ДГ1/24 дугаартай “Самсунг Эс 20 плас” /Samsung S20 plus/ загварын гар утасны дэлгэц болон ар тал хагарсан 750. 000 /долоон зуун тавин мянга/, Mavic Air 2 /Мевик Эйр-2/ загварын дроны сэнс, удирдлагын гар эвдэрсэн 1.000.000 /нэг сая/, нийт 1.750.000 төгрөг” гэх үнэлгээ, /хх-ийн 32-33-р хуудас/ зэргээр тогтоогдож байна.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой төдийгүй шүүгдэгчийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд байна гэж үзлээ.

 

Дээрх баримтуудаар дараах үйл баримт тогтоогдов. Үүнд:

Шүүгдэгч ******* нь 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр согтуурсан үедээ Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын 1 дүгээр багийн нутаг Онгийн хийдгэх газарт байх өөрийн гэрийн орчимд тухайн газарт дрон нисгэж дүрс бичлэг хийж байсан иргэн өөрийнх дүрсийг баримтжууллаа гэх шалтгаанаар маргалдаж улмаар нүүр болон толгойн тус газарт нь гараараа цохисон, мөн хохирогчийн “Самсунг Эс 20 плас” /Samsung S20 plus/ загварын гар утасны дэлгэц, Mavic Air 2 /Мевик Эйр-2/ загварын дроны сэнс, удирдлагын гар зэргийг эвдсэн үйл баримт хөтөлбөргүй тогтоогдож байна.

Хохирогч нь шүүгдэгч *******ийн дүрсийг баримтжуулсан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба *******ийн дээрх хохирогчийн биед санаатайгаар халдсан үйлдлийн улмаас эрүүл мэндэд хөнгөн хохирол /гэмтэл/, эд хөрөнгөд 1.750.000 /нэг сая долоон зуун тавин мянга/ төгрөгийн хохирол учирсан нь шинжээчийн дүгнэлт, үнэлгээ зэргээр тогтоогдож байх ба шүүгдэгч нь учруулсан хохирол, хор уршиг, хэргийн зүйлчлэл, гэм буруугийн хувьд маргаагүй болно.

Дундговь аймгийн прокурорын газраас шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчилж ирүүлсэн байна.

Гэвч шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг “Энэ хуулийн тусгай ангид заасан хэд хэдэн гэмт хэргийн шинжийг нэг удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэнд тооцно” журамлаж ирүүлсэн нь хууль хэрэглээний хувьд буруу гэж үзлээ.

Учир нь шүүгдэгч нь хүний биед халдан зодсон, улмаар үүний дараа уг хүний эзэмшилд байсан гар утас, дрон /нисдэг камер/ зэргийг санаатай устган гэмтээсэн үйл баримт нь тус тусдаа эхлэлтэй, өөр сэдэлт, санаа зорилготой гэмт үйлдэл байх ба 1 үйлдлээр хэд хэдэн гэмт хэргийн шинжийг хангасан гэж үзэх нь учир дутагдалтай болно.

Иймд шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах”, мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгө устгах, гэмтээх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож шийдвэрлэв.

Шүүгдэгч ******* нь хохирогч т хохирол төлбөрт 2.000.000 /хоёр сая/ төгрөгийг төлсөн ба хохирогч гомдолгүй талаар хүсэлт гаргаж байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

            Шүүгдэгч *******ийг Монгол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах”, мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгө устгах, гэмтээх” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” заасныг журамлан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

  Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ“ гэж тус тус заасныг үндэслэв.

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт зааснаар “учруулсан хохирлыг төлснийг” хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал харин тогтоогдохгүй байна.

            Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанар, хохирлоо нөхөн төлсөн байдал, холбогдсон гэмт хэргээ хүлээн зөвшөөрч гэмшиж байгааг харгалзан торгуулийн ял оногдуулах нь зүйтэй гэж шүүхээс үзлээ.

            Иймд шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжээр буюу 500.000 төгрөгөөр торгох, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг зааснаар 500 нэгжээр торгох ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан дээрх ялыг нэмж нэгтгэн нийт 1000 нэгжээр буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял оногдуулав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч ******* овогтой ******* *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах”, мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгө устгах, гэмтээх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Шүүгдэгч ******* овогтой ******* *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 500 нэгжээр буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлд заасан гэмт хэрэгт мөн 500 нэгжээр буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан нэмж нэгтгэн нийт 1000 нэгжээр буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгосугай.

 

3. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь энэхүү шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжийг 1 хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт хураагдсан эд зүйл, битүүмжилсэн хөрөнгө орлогогүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь хохирогчид 2.000.000 /хоёр сая/ төгрөг төлсөн болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

  

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Б.ТӨРБОЛД