| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сэрдамбын Насанбуян |
| Хэргийн индекс | 315/2025/0035/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/66 |
| Огноо | 2025-02-13 |
| Зүйл хэсэг | 27.10.5., |
| Улсын яллагч | Х.Ууганбат |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 02 сарын 13 өдөр
Дугаар 2025/ШЦТ/66
2025 02 13 2025/ШЦТ/66
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Насанбуян даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мөнхжаргал,
Улсын яллагч Х.Ууганбат,
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Ууганбатаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар *******т яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 253000000008 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 1975 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Дорнод аймгийн Чойбалсан суманд төрсөн, 50 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 2 дугаар багийн ******* тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ЛМ75040919 регистрийн дугаартай, Хатгин овогт Хүрэлбаатарын Ган- Очир.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:
Шүүгдэгч ******* нь 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.2-т заасан зөрчилд тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан үедээ буюу 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 22 цагийн орчимд Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 3 дугаар багийн нутаг "Далай булаг" гэх газраас 5 дугаар багийн "Чандмань хоёр" дэлгүүрийн урд талын шороон зам хүртэлх зайд Тояота Приус 20 загварын ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг 0,92 хувийн согтолттойгоор жолоодож замын хөдөлгөөнд оролцон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын гаргасан хүсэлтээр хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
- Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:
Эрүүгийн 2530000000008 дугаартай хэргээс:
- Яллагдагч *******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: Адуу хийж дууссаны дараа найз Ж.Гансүх 0.5 литрийн "Агар" нэртэй 1 шил архи гаргаж бид 3 тухайн хувааж уусан. Ж.Гансүх надаас “би мотоциклтойгоо махаа аваад явж чадахгүй болчихлоо найзыгаа сум руу гэр рүү хүргээд өгчих” гэхээр нь тэгье гэээд бид гурав миний ******* улсын дугаартай Тоёота приус-20 маркийн тээврийн хэрэгсэлтэй махаа ачаад Эрдэнэцагаан сумын төв рүү явсан. Манай сумын төвийн гэрт хүн байхгүй, галлагаа байхгүй байсан болохоор нь би Ч.Сайнбаяр ах руу утсаар яриад “дүү нь очиж унтъя, гэр галгүй чанга байна. Өглөө дугуйгаа янзалчхаад хөдөө гэр рүүгээ буцъя” гэж хэлээд Сайнаа ахынх руу явсан юм. Тэгээд Ч.Сайнбаяр ахынх руу явах замд цагдаа зогсоож намайг шалгасан. Би согтолт хэмжигч багажаар үлээн шалгуулахад 0,92%-ийн согтолттой гарсан. 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож эрхээ нэг жилээр хасуулсан байсан.... Би хөдөө гэр болох "Далайбулаг" гэх газраас сумын төв ортол 42 км газар байдаг...гэх мэдүүлэг (хэргийн 34-37 дугаар хуудас),
- Гэрч *******: Сүхбаатар аймгийн цагдаагийн газрын Эрдэнэцагаан сумын сум дундын цагдаагийн тасагт замын зохицуулагчаар ажилладаг. 2024 оны 12 сарын 17-ны өдөр эргүүлийн үүрэг гүйцэтгэж ажиллахдаа сумын 5 дугаар багийн нутаг Чандмань 2 дэлгүүрийн урд талын шороон замаар хөдөлгөөнд оролцсон 16-09 сүэ улсын дугаартай Приус-20 маркийн тээврийн хэрэгслийг зогсоож шалгахад тус сумын 2 дугаар багт оршин суух ******* гэх иргэний амнаас согтууруулах ундааны зүйл үнэртэж байхаар нь “та согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үү” гэж асуухад тийм гэж хэлсэн. Иймд жолоочийн овог нэр регистрийн дугаар, хаанаас хаа хүртэл тус тээврийн хэрэгслийг жолоодсон талаар асуухад намайг Хүрэлбаатарын Ган-Очир /ЛМ75040919/ жолоочийн согтолтын хэмжээг үзэж, шалгах зорилгоор цагдаагийн тасагт авчирч драйгер багажаар үзэж шалгахад 0.92%-тай гарсан. Тухайн зөрчлийг цагдаагийн гомдол мэдээллийн санд оруулсан. ******* нь машин дотроо ганцаараа явж байсан...гэх мэдүүлэг ( хэргийн 15-16 дугаар хуудас),
- Гэрч *******: 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Гансүх гэх дүү залгаж “ ах хоёулаа хөдөө яваад ирье, дүү нь Ган-Очироос нэг адуу авах юм, та хань болоод явчих” гэхээр би хамт явсан. Ган-Очирын гэрт очиж нэг адуу ажилласан. Гансүх нь сумаас явахдаа Агар гэх нэртэй 0.5 литрийн архи нэгийг авч явсан, нөгөө архи задалж бид гурав хувааж уусан. Адуу ажиллаж дуусаад махаа Ган-Очирын машинд хийгээд бид гурав сумын төв явсан. Суманд 21 цагийн орчим орж ирээд би гэрийнхээ гадаа буусан нөгөө хоёр махаа буулгана гээд явсан. Удалгүй Ган-Очир нь над руу залгаж “ахаа та гэрээ галласан уу манайх хүйтэн байна дүү нь танайд очиж унтана шүү” гэхээр нь би тэг гэсэн. Манай руу ирэх замдаа цагдаад баригдсан байна лээ. Цагаан өнгийн приус-20 маркийн 16-09 сүз улсын дугаартай тээврийн хэрэгслээр ирсэн. Ган-Очирын машин өөрөө барьж ирсэн. *******ын архи уусан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нь үнэн...гэх мэдүүлэг (хэргийн 19-20 дугаар хуудас),
- Гэрч *******: Би *******оос нэг дааг авах байсан тухайн өдөр хөдөө байна гэхээр нь очиж авахаар болсон. Би хөдөө явахдаа Сайнбаяр гэх ахыг хань болгоод авч явсан. Бид хоёр сумаас гарахдаа мотоциклтой гарч Ган-Очирын гэрт 11.00 цагийн орчимд очиж адуугаа ажиллаад үдийн хойно *******ын машинд махаа хийгээд суманд ирсэн. Би *******ын гэрт очихдоо Агар гэх нэртэй 0.5 литрийн архи нэгийг авч очсон, нөгөө архийг Сайнбаяр, Ган-Очир Гурвуулаа хувааж уугаад сумын төв рүү явсан. Суманд 21:00 цаг өнгөрч байхад орж ирээд Сайнбаяр ахыг буулгаад би ахынхаа гэрт махаа буулгаад тэндээ үлдэж Х.Ган- Очир нь намайг буулгаад машинтайгаа явсан. Цагаан өнгийн приус-20 маркийн 16-09 сүз улсын дугаартай тээврийн хэрэгслээр ирсэн. Машиныг ******* жолоо барьж ирсэн...гэх мэдүүлэг ( хэргийн 23-24 дүгээр хуудас),
- 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн “Эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай тэмдэглэл ( хэргийн 04 дүгээр хуудас),
- 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, Х.Ган- Очирын амьсгал дахь спиртийн агууламж 0,92 промиль согтолттойг харуулсан гэрэл зураг (хэргийн 05-06 дугаар хуудас),
- Амьсгал дахь спиртийн агууламж тогтоогч Alcotest-7510 загварын Стандарт, хэмжил зүйн газрын Физик- Химийн хэмжих хэргслийн баталгаажуулалтын № ФХ 001732 дугаарын гэрчилгээ ( хэргийн 07 дугаар хуудас),
- Тояота Приус 20 загварын ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийн №04885269 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ (хэргийн 08 дугаар хуудас),
- 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн Драйгерын бүртгэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд (хэргийн 09-12-р хуудас),
- Цагдаагийн Ерөнхий газрын 2024.12.25-ны өдрийн “Жолоочийн лавлагаа, мэдээлэл” /хэргийн 47 дугаар хуудас/,
-Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 2024/3Ш/205 дугаартай шийтгэврийн хуулбар (хавтаст хэргийн 60-63-р хуудас),
- *******ын Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас/хэргийн 58 дугаар хуудас/,
- *******ын иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, Автотээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа, Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хэргийн 45-46, 48-49 дугаар хуудас/
- Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 2 дугаар багийн Засаг даргын 2024.12.17-ны өдрийн 2/424, 02/425 дугаартай тодорхойлолтууд зэрэг болно.
Хэрэгт авагдсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хэргийн үйл баримт, бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэх хангалттай хийгээд мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хууль ёсны эрх ашгийг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэллээ.
Гэм буруугийн талаар:
1.Шүүгдэгч ******* нь 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.2-т заасан зөрчилд тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ нэг жилийн хугацаагаар хасуулсан байхдаа 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 3 дугаар багийн нутаг "Далай булаг" гэх газраас тус сумын 5 дугаар багийн "Чандмань 2" дэлгүүрийн урд талын шороон зам хүртэлх зайд Тояота Приус 20 загварын ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг амьсгал дахь спиртийн агууламж 0,92 хувийн согтолттойгоор жолоодож замын хөдөлгөөнд оролцсон болох нь:
шүүгдэгч *******ын мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдаанд мэдүүлсэн “ Адуу хийж дууссаны дараа найз Ж.Гансүх 0.5 литрийн "Агар" нэртэй 1 шил архитай ирснийг бид 3 хувааж уусан. Ж.Гансүх надаас “би мотоциклтойгоо махаа аваад явж чадахгүй болчихлоо найзыгаа сум руу гэр рүү хүргээд өгчих” гэхээр нь би зөвшөөрч миний ******* улсын дугаартай Тоёота приус-20 маркийн тээврийн хэрэгсэлтэй махаа ачаад Эрдэнэцагаан сумын төв рүү явсан. Манай сумын төвийн гэрт хүн байхгүй, галлагаагүй байсан болохоор нь би Ч.Сайнбаяр ах руу яриад “дүү нь очиж унтъя, гэр галгүй чанга байна. Өглөө дугуйгаа янзалчхаад хөдөө гэр рүүгээ буцъя” гэж хэлээд Сайнаа ахынх руу явсан юм. Замд цагдаа зогсоож шалгасан. Согтолт хэмжигч багажаар үлээн шалгуулахад 0,92%-ийн согтолттой гарсан. Би Эрдэнэцагаан суманд байхдаа 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож эрхээ нэг жилээр хасуулсан байсан.... Би хөдөө гэр болох "Далайбулаг" гэх газраас сумын төв ортол 42 км газар байдаг " гэх,
гэрч ******* “ 2024 оны 12 сарын 17-ны өдөр Эрдэнэцагаан сумын төвд эргүүлийн үүрэг гүйцэтгэх хугацаанд 5 дугаар багийн нутаг Чандмань 2 дэлгүүрийн урд талын шороон замаар хөдөлгөөнд оролцсон 16-09 сүэ улсын дугаартай Приус-20 маркийн машиныг шалгахад тус сумын 2 дугаар багийн ******* гэх иргэнээс согтууруулах ундааны зүйл үнэртэж байхаар нь цагдаагийн тасагт авчирч драйгер багажаар үзэж шалгахад 0.92%-тай гарсан. Тухайн зөрчлийг цагдаагийн гомдол мэдээллийн санд оруулсан" гэх,
гэрч ******* " 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Гансүх гэх дүү залгаж “Ган-Очироос нэг адуу авах юм, та хань болоод явчих” гэхээр би хамт явсан. Бид хоёр мотоциклтой үдийн хойно явсан. Бид хоёр Ган-Очирын гэрт очиж нэг адуу ажилласан. Гансүх Агар гэх нэртэй 0.5 литрийн архи нэгийг авч явсныг бид гурав хувааж уусан. Адуу ажиллаж дуусаад махаа Ган-Очирын машинд хийгээд бид гурав сумын төв явсан. Суманд 21 цагийн орчим орж ирээд би гэрийнхээ гадаа буусан нөгөө хоёр махаа буулгана гээд явсан. Удалгүй Ган-Очир нь над руу залгаж ахаа “та гэрээ галласан уу манайх хүйтэн байна дүү нь танайд очиж унтана шүү” гэхээр нь би тэг гэсэн. Манай руу ирэх замдаа цагдаад баригдсан байна лээ. Цагаан өнгийн приус-20 маркийн 16-09 сүз улсын дугаартай тээврийн хэрэгслээр ирсэн. Ган-Очирын машин өөрөө барьж ирсэн" гэх,
гэрч ******* " Би *******оос нэг дааг авах байсан. Хөдөө явахдаа Сайнбаяр гэх ахыг хань болгоод авч явсан. Адуугаа ажиллаад үдийн хойно *******ын машинд махаа хийгээд суманд ирсэн. Би Агар гэх нэртэй 0.5 литрийн архи нэгийг авч очсон, гурвуулаа хувааж уугаад сумын төв рүү явсан. Суманд 21.00 цаг өнгөрч байхад орж ирээд Сайнбаяр ахыг буулгаад би ахынхаа гэрт махаа буулгаад тэндээ үлдэж, Х.Ган- Очир нь намайг буулгаад машинтайгаа явсан. Приус-20 маркийн 16-09 сүз улсын дугаартай тээврийн хэрэгслээр ирсэн. Машиныг ******* жолоо барьж ирсэн" гэх мэдүүлгүүд,
2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн “Эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай тэмдэглэл,
2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн “Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл”,
Х.Ган- Очирын амьсгал дахь спиртийн агууламж 0,92 промиль согтолттойг харуулсан гэрэл зургийн үзүүлэлт,
Амьсгал дахь спиртийн агууламж тогтоогч Alcotest-7510 загварын Стандарт, хэмжил зүйн газрын Физик- Химийн хэмжих хэргслийн баталгаажуулалтын № ФХ 001732 дугаарын гэрчилгээ,
2024 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн Драйгерын бүртгэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд,
Цагдаагийн Ерөнхий газрын 2024.12.25-ны өдрийн “Жолоочийн лавлагаа, мэдээлэл”,
Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 2024/3Ш/205 дугаартай шийтгэврийн хуулбар зэрэг хэрэгт авагдсан, шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
2. Прокуророос шүүгдэгч *******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтууруулах ундаа хэрэглэн тээврийн хэрэгсэл жолоодсон дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд ирүүлжээ.
3. Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчаас шүүгдэгчийн гэм буруугийн талаар “ Шүүгдэгч ******* нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр хасуулсан, мөн тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн гэдгээ мэдсээр байж согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, дээрх гэмт хэргийг үйлдэгдсэн нь хэрэгт авагдсан болон шүүх хуралдааны хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох саналтай” гэх дүгнэлт гаргасныг,
шүүгдэгч *******оос“ Гэм буруугийн хувьд маргах зүйлгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа” гэж маргаагүй байна.
4. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинж нь гэм буруутай этгээдийн зүгээс гэм буруугийн шууд болон шууд бус санаатай хэлбэрээр хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн буюу тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн үйлдлээр илрэх бөгөөд хохирол, хор уршиг шаардахгүй, хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм.
5. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн тайлбарт “Энэ зүйлд заасан “согтуурсан” гэж шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0.20, түүнээс дээш промиль (%), эсхүл цусан дахь спиртийн агууламж 0.5, түүнээс дээш промиль (%) илэрснийг ойлгоно” ,
“Тээврийн хэрэгслийн жолооч” гэж тээврийн хэрэгсэл жолоодож яваа тээврийн хэрэгслийг жолоодох эрхтэй, эсхүл эрхгүй, эсхүл жолоодох эрх нь дуусгавар болсон хүнийг ойлгоно”,
“Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн” гэж согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн үйлдлийн улмаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүнийг ойлгоно” гэж тус тус тодорхойлжээ.
6. Шүүгдэгч ******* нь 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.2-т “Жолооч тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, эсхүл жолоодох эрх нь дуусгавар болсон хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэж зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ нэг жилийн хугацаагаар хасуулсан, тухайн гэмт хэрэг үйлдэх үедээ тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан этгээд байсан нь Цагдаагийн Ерөнхий газрын 204.12.25-ны өдрийн “Жолоочийн лавлагаа, мэдээлэл, Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 2024/ЗШ/205 дугаар шийтгэврийн хуулбар зэргээр,
тухайн гэмт хэрэг үйлдэх үеийн түүний амьсгал дахь спиртийн агууламж 0,92 промиль байсан нь дээр дурдагдсан “согтуурсан” байдалд хамаарах бөгөөд үүнийг үүнийг Стандарт, хэмжил зүйн газраас баталгаажуулсан амьсгал дахь спиртийн агууламж тогтоогч хэмжүүр багаж болох 001732 дугаарын гэрчилгээтэй Alcotest-7510 загварын зориулалтын Драгер багажаар шалган тогтоож, гэрэл зургаар хэрэгт баталгаажуулсан буюу Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрэл зураг зэргээр нотлогдоно.
7. Хэргийн баримтаар, шүүгдэгч ******* нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ нэг жилийн хугацаагаар хасуулсан үедээ 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 3 дугаар багийн нутаг "Далай булаг" гэх газраас сумын 5 дугаар багийн “Чандмань 2” дэлгүүрийн урд талын шороон зам хүртэлх зайд Тояота Приус 20 загварын ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг амьсгал дахь спиртийн агууламж 0,92 промиль согтолттойгоор жолоодож замын хөдөлгөөнд оролцсон нь хөдөлбөргүй нотлогдсон хийгээд түүний дээрх үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн, шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчаас дээрх зүйлчлэлээр гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан нь хэргийн жинхэнэ байдалд үндэслэгдсэн, шүүгдэгчийн үйлдэл тухайн гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, хэргийн зүйлчлэл зөв байх тул шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
8. Шүүх шүүгдэгч *******ыг тухайн гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзэв.
Учир нь тэрээр өмнө согтууруулах ундааны зүйл хэрэглэн тээврийн хэрэгсэл жолоодож эрхээ хасуулсан, спиртийн агууламж бүхий согтууруулах ундааны зүйл хэрэглэн тээврийн хэрэгсэл жолоодож болохгүйг буюу өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг ухамсарлаж мэдсээр атлаа автомашин жолоодон замын хөдөлгөөнд зориуд оролцож байгаа нь санаатай үйлдэл бөгөөд энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэснээр тодорхойлогдоно.
9. Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэгт үйлдэл болон хор уршиг хоорондоо дараалсан шинжтэй байж, гэмт үйлдэл, эс үйлдэхүй нь хор уршигт зайлшгүй хүргэх нөхцөл болсон байхыг ойлгодог.
Тухайн хэргийн хувьд шүүгдэгч ******* нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ спиртийн агууламж бүхий согтууруулах ундаа хэрэглэн авто машин жолоодсон үйлдлийн улмаас хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчигдөж, үүний улмаас нийтийн аюулгүй байдалд хохирол учруулж болохуйц үр дагавар үүсэх боломжтой байжээ.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч *******ын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь “тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ” ялтай.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхтэй холбоотойгоор улсын яллагчаас “Шүүгдэгч *******ыг үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгч гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн зэрэг байдлыг эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 3,000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 3,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай” гэх дүгнэлтийг гаргав.
Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг шүүх харгалзан үзэх учиртай.
Шүүгдэгч *******ын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн ангиллын гэмт хэрэг бөгөөд тэрээр мөрдөн шалгах ажиллагаанаас үнэн зөв мэдүүлэг өгч, тухайн гэмт хэргийг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас бусдад шууд, бодит хохирол учраагүй, бусдад төлөх төлбөргүй, анх удаа хөнгөн ангиллын гэмт хэрэг үйлдэж эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон шүүгдэгчийн ам бүл ганц, хувийн мал ахуй эрхлэн амьдардаг, 2024 оны эцэст 34 тооны ямаа тоолуулсан зэрэг хувийн байдал зэргийг үндэслэвэл түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан зохицуулалтыг хэрэглэх хууль зүйн боломжтой гэж шүүх дүгнэв.
Тодруулбал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэж хуульчилжээ.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 2 сарын хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 7 сарын хугацаагаар тэнсэж, энэ тэссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт заасны дагуу түүнд дээрх тэнссэн хугацаанд “оршин суугаа газар ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад мэдэгдэх ” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авахаар шийдвэрлэлээ.
Шүүгдэгч *******т авсан үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээнд хяналт тавьж ажиллахыг оршин суух харьяаллаар Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгана.
Бусад асуудлын талаар:
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь хохирол, хор уршиг шаардахгүй, хэлбэрийн бүрэлдэхүүнтэй хэрэг бөгөөд тухайн гэмт хэргийн улмаас бусдад шууд, бодит хохирол учраагүй болно.
Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт ирээгүй, шүүхийн шатанд түүнд таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдъя.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Хатгин овогт Хүрэлбаатарын Ган- Очирыг жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жил 2/хоёр/ сарын хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 7/долоо/ сарын хугацаагаар тэнссүгэй.
3. Шүүгдэгч *******т дээрх тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар “оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэх ” албадлагын арга хэмжээ авч, биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь дээрх тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнсэх шийдвэрийг хүчингүй болгож Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах зохицуулалттайг анхааруулсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын хугацааг тэнсэж, албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолсугай.
6. Шүүхийн шатанд шүүгдэгч *******т таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай.
7. Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэрээр энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.НАСАНБУЯН