| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашдоржийн Золзаяа |
| Хэргийн индекс | 101/2017/03718/И |
| Дугаар | 101/ШШ2017/03020 |
| Огноо | 2017-09-29 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 09 сарын 29 өдөр
Дугаар 101/ШШ2017/03020
| 2017 оны 09 сарын 29 өдөр | Дугаар 101/ШШ2017/03020 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Ю п к ХХК нэхэмжлэлтэй,
Хариуцагч:*******-д холбогдох,
Хууль бус эзэмшлээс тээврийн хэрэгсэл гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Х, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ц шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Одонтуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ю п к ХХКК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: ... Ю п к ХХКК нь тоёота ланд крузер 200 маркийн УНҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн өмчлөгч бөгөөд******* нь манай компанид 2011 оноос 2016 оны 05 дугаар сар хүртэл хугацаанд Маркетинг, борлуулалтын газрын захирал албан тушаалд ажиллаж байх хугацаандаа тус тээврийн хэрэгслийг эзэмшиж, ашиглаж ирсэн.******* нь 2016 оны 05 дугаар сард өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн бөгөөд манай компани нь*******аас өөрсдийн өмчлөлийн тээврийн хэрэгслээ гаргуулан авахаар албан шаардлага хүргүүлсэн боловч бидний шаардлагыг биелүүлэхгүй байгаа тул хууль бус эзэмшигчээс өөрийн өмчлөлийн тээврийн хэрэгслэээ эргүүлэн авахаар нэхэмжлэл гаргаж байна. Иймд нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэн манай компанийн өмчлөлийн тоёота ланд крузер 200 маркийн УНҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг хууль бус эзэмшигчээс гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч*******, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: ...******* нь Монгол улсад бүртгэлтэй хуулийн этгээд болох Ю п к ХХКК-ийг 2010 оны 11 дүгээр сард Монгол улсын иргэн болох Цогтжаргал овогтой Ууганбаяр, Ванжилдорж овогтой Лунсанчүлтэм, Нэргүй овогтой Энхцэцэг нартай хамтран байгуулж тус компанийн хувьцааны 55 хувийг Ц.Ууганбаяр, 15 хувийг В.Лувсанчүлтэм, 15 хувийг Н.Энхцэцэг болон үлдэх 15 хувийг******* эзэмшиж байв. 2013 онд Ц.Ууганбаяр нь тус компанийн хувьцааны 70 хувийн эзэмшигч болсон. Ю п к ХХКК-ийг үүсгэн байгуулагдсан цагаас 2016 оны 05 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл тус компанийн дэд захирал, мөн охин компаниудын ТУЗ-ийн дарга, гүйцэтгэх захирал, маркетинг борлуулалтын газрын захирал зэрэг албан тушаалуудыг давхар хашиж байсан. 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Монгол улсын иргэн Ганбат овогтой Болдод худалдах, худалдан авах гэрээний дагуу тус компанийн 15 хувийн 600.000 ширхэг энгийн хувьцааг шилжүүлсэн боловч хувьцааны төлбөр болох 600.000.000 төгрөгийн төлбөрийг төлж барагдуулаагүй өнөөдрийг хүрсэн. 2016 оны 05 дугаар сард хувьцааны үнийн дүнгийн тодорхой хэсэгт 2011 онд худалдаж авсан Юнайтэд прожэктс корпорэйшн ХХК-ийн эзэмшил буюу УНҮ улсын дугаартай Тоёота ланд крузер маркийн авто машиныг оролцуулан тооцох /хувьцааны үнэд автомашиныг оролцуулах тооцохоор тохиролцсон тул тухайн үед автомашины эзэмшлийг надад шилжүүлсэн байдаг/ үлдэх төлбөрийг 2016 оны 12 дугаар сарын 31-ний дотор барагдуулахаар аман тохиролцоог хийж, удаа дараа тус автомашиныг миний нэр дээр шилжүүлж өгөхийг гүйцэтгэх захирал Ц.Ууганбаяраас шаардсан боловч шилжүүлж өгөөгүй. Ийнхүү иргэн Г.Болд нь одоог болтол хувьцааны төлбөрийг барагдуулаагүй тул миний бие 2017 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр харьяаллын дагуу Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргаснаар хэрэг үүссэн байдаг. Мөн хувьцааны төлбөрт тооцохоор тохидролцсон дээрх автомашиныг шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацаанд барьцаа болгон авах тухай мэдэгдлийг Ю п к ХХКК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч Г.Болд болон тус компанийн гүйцэтгэх захирал Ц.Ууганбаяр нарт цахим шуудангаар мэдэгдсэн. Гэтэл иргэн Г.Болд нь өөрийн үеэл дүү болох Ю п к ХХКК-ийн гүйцэтгэх захирал Ц.Ууганбаяртай үгсэн хуйвалдаж хувьцааны төлбөрийг төлөхөөс татгалзах, улмаар аман тохиролцооноос татгалзаж, УНҮ улсын дугаартай тоёота ланд крузер маркийн автомашиныг гаргуулан авахыг шаардаж шүүхэд хандсан байна. Иймд иргэн Г.Болд нь 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хийсэн Ю п к ХХКК-ийн 15 хувийн хувьцааг хувьцаа худалдах, худалдан авах гэрээний үүргээ биелүүлээгүй байгаа бөгөөд тус автомашин нь хувьцааны төлбөрийн тодорхой үнийн дүнд тооцуулахаар ярьж тохирсон ба үүний нотолгоо нь өнөөдрийг хүртэл тус автомашиныг өөрийн эзэмшилдээ байлгаж, холбогдох үйлчилгээг нь хийлгэж, татварыг нь төлж байгаа. Иргэн Г.Болд нь 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр байгуулсан хувьцаа худалдах, худалдан авах гэрээний үүрэг болох 600.000.000 төгрөгийн төлбөрийг өнөөрийг хүртэл гүйцэтгээгүй, төлөх ёстой үнийн дүнгээс нэг ч төгрөг шилжүүлээгүй байгаа болно. Энэ нь хувьцаа худалдах, худалдан авах гэрээний нэг тал болох******* намайг хохироосоор байгаа үйлдэл тул өөрийн эрх ашгийг хамгаалж, өөртөө туслах үүднээс хувьцааны төлбөрт тооцон эзэмшлийг шилжүүлсэн автомашиныг өөрийн эзэмшил хамгаалалтад аваад байгаа билээ. Харин тухайн автомашиныг өөрийн дур зоргоор хүчээр шилжүүлж авсан үйлдэл байхгүй бөгөөд аргагүйн эрхэнд өөрийн зөрчигдөж буй эрхээ хамгаалахын тулд өөртөө туслах зорилгоор автомашиныг эзэмшиж байгаа. Энэ үйлдэл нь тухайн автомашиныг хууль бусаар эзэмшилдээ авсан үйлдэл гэж үзэхгүй байна. Түүнчлэн Ю п к ХХКК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч болх Г.Болд нь хувьцаа худалдах, худалдан авах гэрээний үүргээ биелүүлэлгүй өнөөдрийг хүрсэн тул хувьцааны үнэд оруулан тооцохоор тохиролцсон уг автомашиныг хувьцааны үнийг төлж гэрээний үүргээ зохих ёсоор шударгаар биелүүлтэл саатуулан барих эрхтэй гэж үзэж байна. Тохирсон ёсоор тус автомашины үнэлгээг анхны худалдан авсан өртөг болох 69.822.750 төгрөгөөр тусгасан нь Монгол улсын Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийг зөрчсөн үйлдэл бөгөөд тус автомашин нь 2011 оны 10 сараас Ю п к ХХКК-ийн албан хэрэгцээнд ашиглагдаж, 2016 оны 05 дугаар сараас*******ын эзэмшилд байгаа тул холбогдох хуулийн дагуу 2011 оны 10 дугаар сараас 2016 оны 05 дугаар сар хүртэл хугацааны элэгдлийг хасч, үнэлгээг тооцох ёстой. Нэхэмжлэгч гүйцэтгэх захирал Ц.Ууганбаяр нь өөрийн үеэл ах болох Г.Болдын эрх ашгийн төлөө хамгаалж хувьцааны төлбөр төлөхөөс зайлсхийж анхны тохироогоо үгүйсгэж, автомашиныг надаас шүүхээр нэхэмжилж байгаа нь миний эсрэг нэгдсэн санаа зорилготойгоор намайг бүр мөсөн луйвардах, дахин дахин хохироох гэсэн оролдлого, шахалт, дарамт гэж үзэж байна. Иймд*******ын хохирсон эрх ашгийг хамгаалж, дахин хохирохоос сэргийлж Ю п к ХХКК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар зохигч, төлөөлөгч нарын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ю п к ХХКК нь хариуцагч*******т холбогдуулан тоёота ланд крузер 200 маркийн УНҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч******* нь нэхэмжлэлд дурдсан тээврийн хэрэгсэл Г.Болдтой байгуулсан Ю п к ХХКК-ийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээний төлбөрт багтсан, мөн уг гэрээний үүрэгт саатуулан барьж байгаа учир нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэстэй гэж дүгнэв.
Нэхэмжлэгч Ю п к ХХКК нь нэхэмжлэлд дурдсан тоёота ланд крузер 200 маркийн УНҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигч болох нь тээврийн хэрэгслийн лавлагаагаар нотлогдож байх тул Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасан шаардлага гаргах эрхтэй этгээд байна /хх-12/.
Уг тээврийн хэрэгслийг хариуцагч*******ын мэдэлд Ю п к ХХКК-ийн маркетингийн менежерээр 2011-2016 онуудад ажиллаж байх хугацаанд шилжүүлсэн, хариуцагч 2016 оны 05 дугаар сард ажлаас чөлөөлөгдсөн үйл баримт зохигч талуудын тайлбараар тогтоогдсон ба үүний талаар талууд маргаагүй. Иймээс Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.2 дахь хэсэгт өөр этгээдээс бүрэн эрх олгогдсоны дагуу түүний ашиг сонирхлын үүднээс эд хөрөнгийг тухайн үед өөрийн мэдэлд байлгаж байгаа этгээдийг эзэмшигч гэж үзэхгүй, энэ тохиолдолд бүрэн эрх олгосон этгээд эзэмшигч байна гэж зааснаас үзэхэд хариуцагч******* маргаж буй тээврийн хэрэгслийн эзэмшигч биш байна.
Хариуцагч******* нь түүнээс Ю п к ХХКК-ийн 15 хувийн хувьцааг 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээ, компанийн эрх шилжүүлэх гэрээний дагуу 600.000.000 төгрөгөөр Г.Болдод худалдсан, Г.Болд гэрээний үнийг төлөөгүйгээс тэрээр Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гарган маргаан хянагдаж байгаа болох нь хариуцагчийн тайлбар болон шүүхэд гаргасан худалдах, худалдан авах гэрээ, компанийн эрх шилжүүлэх гэрээ, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж зэрэг баримтаар нотлогджээ /хх-31-35/.
Гэвч худалдах, худалдан авах гэрээний үнэд маргаж буй тээврийн хэрэгслийг оролцуулахаар талууд харилцан тохиролцсон гэх байдал дээрх баримтуудаар тогтоогдоогүй. Үүнээс гадна иргэн Г.Болд болон Ю п к ХХКК тусдаа этгээдүүд бөгөөд Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэгт зааснаар Ю п к ХХКК нь өөрийн хувьцаа эзэмшигч Г.Болдын үүргийг хариуцах хууль зүйн үндэслэлгүй. Худалдах, худалдан авах гэрээ нь иргэд хооронд үүссэн тусдаа гэрээний харилцаа байх бөгөөд уг гэрээнд маргаан бүхий тээврийн хэрэгсэл огт хамааралгүй байна. Хариуцагч нь тээврийн хэрэгслийн татвар, хураамж төлсөн баримтыг шүүхэд гаргаж өөрийн эзэмшлийн нотолгоо гэж тайлбарлаж байх боловч түүнийг тээврийн хэрэгслийг ашиглаж замын хөдөлгөөнд оролцохтой холбоотой төлсөн гэж үзнэ /хх-36-37/.
Түүнчлэн хариуцагч өөртөө туслах зорилгоор тээврийн хэрэгслийг саатуулан барьж байгаа гэж тайлбарлаж байх хэдий ч түүний үйлдлийг Иргэний хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт тодорхойлсон өөртөө туслах үйлдэлд тооцох үндэслэлгүй, өөрөөр хэлбэл иргэн Г.Болдын үүрэгт өөр этгээдийн хөрөнгийг эзэмдэж авахыг өөртөө тусалсан үйлдэл гэж үзэхгүй юм.
Дээр дурдсаныг үндэслэн хариуцагч*******ыг маргаж буй тээврийн хэрэгслийн хууль ёсны эзэмшигч гэж үзэх үндэслэл баримтаар тогтоогдохгүй байх тул Иргэний хуулийн 95 дугаар зүйлийн 95.1 дэх хэсэгт зааснаар эрх бүхий этгээдэд эд хөрөнгийг буцааж өгөх үүргийг хүлээнэ гэж үзэж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч*******аас тоёота ланд крузер 200 маркийн УНҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг гаргуулж, нэхэмжлэгч Ю п к ХХКК-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 507.063,75 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Эаас 507.063,75 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ю п к ХХКК-д олгосугай.
3. Хариуцагч******* шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд албадан гүйцэтгэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд зөвшөөрсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба мөн хуулийн 119.4 дэх хэсэгт заасан хугацаанд зохигч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА