| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нарантуяагийн Сарангүн |
| Хэргийн индекс | 101/2017/00125/И |
| Дугаар | 101/ШШ2017/01573 |
| Огноо | 2017-05-05 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 05 сарын 05 өдөр
Дугаар 101/ШШ2017/01573
| 2017 оны 05 сарын 05 өдөр | Дугаар 101/ШШ2017/01573 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: ххххххххххххххххххххххххх тоотод оршин суух, З.Ц /РД: 00000000000/ нэхэмжлэлтэй
Хариуцагч: ххххххх давхарт байрлах, Д.Золон улсын байгууллагад холбогдох
33.099.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч З.Ц,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Энхтүвшин,
Хариуцагчийн өмгөөлөгч Ц.Одонжав,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Өнөржаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч З.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
З.Ц миний бие Д.Золон улсын байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 15 дугаар бүлгийн 3 дахь хэсэг Сайн дурын тэтгэмжийн схем гэсэн хэсэгт заасны дагуу олон жил ажилласаны тэтгэмж 33.099.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргасан.
Миний бие Д.Золон улсын байгууллагад 2001 оны 11 дүгээр сарын 1-ний өдрөөс 2016 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийг хүртэл 15 жилийн турш ажиллаад хүндэтгэн үзэх шалтгааны улмаас ажил үүргээ гүйцэтгэх боломжгүй болсон тул өөрийн хүсэлтээр тус байгууллагатай байгуулсан хөдөлмөрийн гэрээгээ цуцалж ажлаас гарах хүсэлтээ өгсөн.
Энэхүү хүсэлтийг ажил олгогч шийдвэрлэж 2016 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн R-16/09/129 дугаартай хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай Д.Золон улсын байгууллагын суурин төлөөлөгчийн тушаалыг гаргасан.
Би тус байгууллагад 15 жил тасралтгүй ажилласан бөгөөд миний хамаг залуу нас, хөдөлмөрийн чадварын хувьд өндөр бүтээмжтэй 15 жилийн хугацаагаа Д.Золон улсын байгууллагын хөдөлмөрийн дотоод журамд заасан олон жил ажилласан ажилтанд олгох тэтгэмжийн баталгаанд итгэн зориулсан.
Дундговь, Архангай болон Говь-Сүмбэр аймгуудад байгуулллагын томилгооны дагуу ажиллаж байсан. Ингэж явж ажиллана гэдэг бол би энэ байгууллагад ямар их идэвхи санаачлага, хүч гаргаж ажиллаж байсныг илтгэж байгаа гэж би ойлгодог.
Би 2016 оны 8 дугаар сард 1 сарын хугацаатай цалингүй чөлөө авсан. Энэ чөлөө авсан шалтгаан нь миний амьдралд маш хүнд цаг үе тохиосон байсан. Том хүү С нүдний хүнд хагалгаанд орж нүдээ авахуулж хиймэл нүд хийлгэсэн. Охин маань амны хөндийн бүтэн хагалгаанд орохоор болсон. Би 20.000.000 төгрөгийн зээл авч хүүгээ хагалгаанд оруулсан. Охиноо байгууллагын тэтгэмж авч оруулна гэсэн төлөвлөгөө байсан. Өнөөдрийг хүртэл охин маань хагалгаанд орж чадаагүй. Энэ нь намайг сэтгэл санааны хүнд дарамтанд оруулсан ба одоо ч ийм дарамттай байна. Миний энэ нөхцөл байдлыг хамт ажиллаж байсан ажилтанууд болон байгууллагын удирдлагууд бүгдэд нь мэдэгдэж байсан. Би учраа ахин хэлж үйл ажиллагааны дарга руу утсаар мэдээлэл бичиж тусламж гуйж байсан.
Тус байгууллага нь хүүхдийн сайн сайхны төлөө ажилладаг, тэр дундаа өвчтэй хүүхдүүдэд үйлчилдэг байгууллага. Гэтэл энэ бүхэн зөвхөн байгууллагын удирдлагуудын үзэмжээр зовж шаналсан хүмүүст хүрдэг гэж ойлгодог. Би өөрийн хүүхдийн төлөө тусламж мөнгө гуйгаагүй ба олон жил хүч хөдөлмөрөө зориулж ажилласаны төлөө өгдөг тэтгэмжээ авч хүүхдүүдээ эмчлүүлэх хүсэлт гаргасан.
Гэтэл хүсэлтийг маань хүлээн авахаас татгалзаж тэтгэмжийг минь өгөхөөс үндэслэлгүй татгалзсан бөгөөд энэ хугацаанд миний бие хүүхдүүдийнхээ эмчилгээ, асаргааг биечлэн хийхэд тодорхой хугацаа шаардлагатай болсон тул удаа дараа цалингүй чөлөө авах нь хүндээр тусаж нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгал зэрэг шимтгэл төлөгдөх боломжгүй болж байсан тул өөрийн хүсэлтээр ажлаасаа гарах хүсэлтээ тэтгэмж авах хүсэлтийн хамт гаргасан
Д.Зтөрийн бус байгууллагын Бодлого, дотоод журмын 15 дугаар бүлгийн 3 дахь хэсэг Сайн дурын схем гэсэн хэсэгт тус байгууллагад 3 жилээс дээш хугацаанд тогтвор сурьшилтай ажилласан ажилтан ажлаас гарсан тохиолдолд нэг сарын цалинг ажилласан жилээр үржүүлэн тооцож тэтгэмж олгохоор журамласан.
Уг журмын дагуу би тус байгууллагад 2001 оноос 2016 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийг хүртэл нийт 15 жилийн хугацаанд ажилласан тул 15 сарын цалинтай дүйцэх /1 сарын цалин 2.206.600 төгрөг/ нэг удаагийн тэтгэмж авах эрхийн дагуу ажил олгогчоос тэтгэмжээ гаргуулахыг хүссэн. Гэтэл ажил олгогчоос дээрхи журамд заасан үүргээ биелүүлэхээс татгалзсан нь Д.Зтөрийн бус байгууллага нь хөдөлмөрийн харилцааг зохицуулахаар өөрийн онцлогт тохируулан тогтоосон хөдөлмөрийн дотоод журмаа зөрчиж үндэслэлгүй тэтгэмж олгохоос татгалзаж байна.
Иймд би Д.Зтөрийн бус байгууллагаас 15 сарын цалинтай дүйцэхүйц 1 удаагийн тэтгэмж болох 27.800.000 төгрөгийг гаргуулахаар анх нэхэмжлэл гаргасан ба энэ хэмжээгээ би дутуу тодорхойлсон ба 27.800.000 төгрөг гэснийг 33.099.000 төгрөг болгож 5.299.000 төгрөгөөр нэмэгдүүлсэн.
Учир нь Д.Зтөрийн бус байгууллагын Хүний хөгжлийн Үндэсний бодлогын гарын авлагын 12 дахь дэд хэсгийн 1-т тасралтгүй 3 жил ажилласан тэтгэмжийг олгохдоо ажилтны ажлаас чөлөөлөгдөх үеийн авч байсан цалинг Д.Зтөрийн бус байгууллагад ажилласан бүтэн жил тутмаар бодож олгоно гэж заасан.
Би Д.Зтөрийн бус байгууллагаас сар бүр 2.206.000 төгрөгийн цалин авч байсан тул үүнийг ажилласан жилдээ буюу 2001 оны 11 дүгээр сарын 1-ний өдрөөс 2016 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийг хүртэл нийт 15 жилд үржүүлбэл 33.099.000 төгрөг болж байна. Иймд хариуцагч Д.Зтөрийн бус байгууллагаас 33.099.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Д.Золон улсын байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Цэцэнбаатар шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
З.Цын 27.800.000 төгрөгийн нэхэмжлэлд Д.Золон улсын байгууллагаас дараахь хариу тайлбарыг гаргаж байна.
Дэлхийн Зөн олон улсын байгууллага нь Монголын хүүхэд, нэн ядуу иргэдэд хандсан халамж, тусламж, хөгжлийн хөтөлбөрийг Монгол Улсад явуулдаг ашгийн бус хүмүүнлэгийн байгууллага юм. Бид хандивлагчдын өмнө хэрэгжиж буй төсөл, хөтөлбөр бүр зөрчилгүй явагдах үүргийг хүлээдэг.
З.Ц нь Дэлхийн Зөн олон улсын байгууллагын Монгол дахь төлөөний газрын Бор-Өндөр 1 орон нутгийн хөгжлийн хөтөлбөрт хөтөлбөрийн менежер албан тушаалд ажиллаж байгаад өөрийн хүсэлтийн дагуу 2016 оны 9 дүгээр сарын 19-ний өдрөөр хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон.
Дэлхийн Зөн олон улсын байгууллагын дотоод журам, бодлогын дагуу ажилтан олон жил ажилласаны тэтгэмж хүсэх эрхтэй боловч З.Ц нь байгууллагын дотоод аудитын хяналтаар байгууллагын бодлогыг зөрчсөн нь тогтоогдсон.
Тухайлбал төрөл садангийн хүүхдүүддээ сургалтын тэтгэлэг олгосон, гэр бүлийн хамааралтай хүний удирдлагаар ажилладаг байгууллагаас сургалтын үйлчилгээ авч байсан. Үүнийгээ жил бүр бөглөдөг ашиг сонирхлын ил тод журмын дагуу мэдэгдээгүй нь хувийн ашиг сонирхлоор байгууллагын хөрөнгийг зүй бус захиран зарцуулсан гэж дүгнэгдсэн.
Мөн ажилчдын болон өөрийнхөө хүүхдүүдэд баримтгүйгээр бэлэг тараасан бөгөөд менежер өөрөө уг гүйлгээг баталсан нь байгууллагын журам зөрчсөн, өөрийн хувийн зардлыг хаахын тулд ажилтанг хуурамч хөтөлбөр болон оролцогчдын нэрсийн жагсаалтанд гарын үсэг зурахыг хүссэн, хөгжлийн бэрхшэлэтэй хүүхдүүдэд үзүүлсэн гүйцэт бус үйлчилгээнд төлбөр хийгдсэн, хөтөлбөрийг муу удирдлагаар хангасан зэрэг зөрчлүүдийг гаргасан.
Дэлхийн Зөн олон улсын байгууллагын хүний нөөцийн бодлогын 12 дугаар зүйлийн 1 дүгээр хэсэг Хэрэв ажилтан өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн ч байгууллагын хөрөнгийг зүй бус ашигласан зэрэг нь байгууллагын итгэл алдсан, ёс зүйн бодлого журам, ашиг сонирхлын зөрчлийн бодлого журмуудыг тус тус зөрчсөн бол олгогдохгүй гэж заасан тул байгууллагын зүгээс З.Цт олон жил ажилласан тэтгэмжийг бодлогын дагуу олгохгүй гэж шийдвэрлэсэн. З.Ц нь 2016 оны 3 дугаар сарын 3-ны өдөр энэхүү бодлого журамтай танилцаж гарын үсэг зурсан байдаг.
Ажилтан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 6 дугаар зүйлийн 6.2-т заасны дагуу ажил олгогчоос баталсан байгууллагын дотоодод хэрэглэгдэх бодлого, журмыг мөрдөн үнэнчээр ажиллах үүргээ зөрчсөн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.
З.Цын нэхэмжлэлтэй Дэлхийн Зөн олон улсын байгууллагад холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлснийг хүлээн зөвшөөрөхгүй ба үндсэн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэл болон тайлбарын холбогдох нотлох баримтуудын хамт шүүхэд гаргаж өгсөн.
З.Цын нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлага нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4, 62.1.5, 62.1.6-д заасны дагуу нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангаагүй байна. Нэмэгдүүлсэн нэхэмжлэл нь үндэслэл шаардлага тусгаагүй, нэхэмжлэлийн үнийн дүн тодорхой биш байна. Ажилласан жилийн тооцооллыг хэрхэн гаргаж хэрхэн нэхэмжлэлийн дүнг тооцон бодсон нь ойлгомжгүй буюу нэхэмжлэлийн шаардлага нь тодорхой бус байна.
Нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлэх үндэслэлээ тодорхойлооггүй, ажилласан жил болон авч байсан цалинг бодсон тооцооллыг хэрхэн бодож гаргасан болох баримтыг хавсарган гаргаж өгөөгүй байна. Нэхэмжлэлийн шаардлагыг ямар үндэслэлээр нэмэгдүүлж ямар үнийн дүнг нэхэмжилж байгаа нь ойлгомжгүй байна.
Түүнчлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3-т заасанчлан хариуцагч хуулийн этгээдийн оноосон нэр, хаяг тодорхой бус байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлд заасан нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангаагүй байх тул хариуцагч талаас хариу тайлбар гаргах боломжгүй байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.11-т үндэслэн нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн авахаас татгалзах үндэслэл байгааг анхаарч өгнө үү гэжээ.
Зохигчдын тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч З.Ц нь хариуцагч Д.Золон улсын байгууллагад холбогдуулан тэтгэмж 33.099.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч З.Ц нь 2001 оны 11 дүгээр сараас 2016 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийг хүртэл хугацаанд тус байгууллагад ажилласан тул олон жил ажилласаны тэтгэмж 33.099.000 төгрөгийг нэхэмжилнэ,
хариуцагч Д.Золон улсын байгууллага нь З.Ц өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн ч байгууллагын хөрөнгийг зүй бус ашиглан итгэл алдсан, ёс зүйн бодлого журам, ашиг сонирхлын зөрчлийн бодлого журмуудыг зөрчсөн тул тэтгэмж олгохгүй гэж маргаж байна.
Нэхэмжлэгч З.Ц нь 2011 оны 11 дүгээр сарын 1-ний өдрөөс 2016 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийг хүртэл хугацаанд Д.Золон улсын байгууллагын Дундговь, Архангай, Говь-Сүмбэр аймаг дахь салбаруудад нийгмийн ажилтан, хөтөлбөрийн зохицуулагч, хөтөлбөрийн ажилтан, хөтөлбөрийн менежер зэрэг ажлуудыг гүйцэтгэсэн нь түүний нийгмийн даатгалын дэвтрүүдийн хуулбар, хөдөлмөрийн гэрээ болон талуудын тайлбараар тогтоогдсон ба зохигчид энэ талаар маргаагүй.
/ХХ-ийн 7-15, 30-34, 76-77 дугаар тал/
Д.Золон улсын байгууллагын суурин төлөөлөгч /Филип Ийвэрт/ 2016 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн Хөдөлмөрийн гэрээ дуусгавар болгох тухай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1, хөдөлмөрийн гэрээний 8 дугаар заалтыг үндэслэн тус байгууллагын Бор-Өндөр 1 Орон нутгийн хөгжлийн хөтөлбөрт хөтөлбөрийн менежер З.Цыг уг өдрөөс ажлаас нь чөлөөлсөн ба суурин төлөөлөгч нь Дэлхийн Зөн олон улсын байгууллагыг Монгол Улсад төлөөлөх эрхтэй нь түүнд олгосон итгэмжлэлээр тогтоогдсоныг дурьдлаа.
/ХХ-ийн 6, 81-88 дугаар тал/
Д.Золон улсын байгууллагын хүний хөгжлийн хэлтсийн захирал нь З.Цт түүний 2014 оны санхүүгийн жилийн ажлын гүйцэтгэлийг үндэслэн сарын цалин нь 2014 оны 12 дугаар сарын 1-ний өдрөөс хойш 2.206.600 төгрөг болж нэмэгдсэн талаарх мэдэгдлийг 2015 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр хүргүүлсэн ба тэрээр 2015 оны 6 дугаар сараас уг цалингаа авч эхэлсэн нь мэдэгдэл болон түүний нийгмийн даатгалын дэвтрийн хуулбараар тогтоогдож байна.
/ХХ-ийн 7-9, 35-36, 78 дугаар тал/
Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1-т ажилтаны санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлах талаар заасан ба талуудын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээний 8 дугаар зүйлд ажилтан гэрээг цуцлах санал гаргавал гарын үсэг зурсан мэдэгдлийн эх хувийг 30 хоногийн өмнө өөрийн биеэр Улаанбаатар дахь төв салбарт өгөх, журмын дагуу мэдэгдээгүй тохиолдолд ажилтанд ажлаас гарахад олгох тэтгэмж, эсвэл 1 сарын мэдэгдлийн оронд олгох цалин зэргээс хасагдах болно гэжээ.
Нэхэмжлэгч З.Ц нь тэтгэмжийн талаар ажил олгогчид хандахад 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр түүнд Өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн ч байгууллагын хөрөнгийг зүй бус ашиглан итгэл алдсан, ёс зүйн бодлого журам, ашиг сонирхлын зөрчлийн бодлого журмуудыг зөрчсөн тул олгохгүй гэх хариуг өгчээ.
/ХХ-ийн 62-63 дугаар тал/
Д.Золон улсын байгууллагын Хүний хөгжлийн Үндэсний бодлогын гарын авлагын Хэсэг 15-д Тэтгэлгүүд, Сайн дурын мөнгөн тэтгэмжийн тогтолцооны талаар заасан бөгөөд тогтолцоог дараахь байдалд тулгуурлан зохион байгуулна гэжээ. Үүнд:
а. ...Монгол Улсын Хөдөлмөрийн хуулиар шаардагдах ажлаас гэнэт халагдах тэтгэмжийн оронд олгогдоно,
b. Энэ тогтолцооны дагуу төлбөр хийгдэх шаардлагыг хангахын тулд аливаа ажилтан байгууллагад 3 жил тасралтгүй ажилласан байх ёстой. Тасралтгүй ажилласан хугацаанд гарсан бүх төрлийн чөлөө авалт, цалингүй чөлөө авсан хугацаа, ажилтны хүүхэд халамжилсан чөлөөний хугацааг тооцохгүй болно.
c. Тэтгэлгийг авбал зохих ажилтан бүрд ажилтаны ажилласан бүтэн жил тутам сарын үндсэн цалингийн хэмжээгээр тооцон олгох эрх олгогдоно. Ажилтны байгууллагад орсон өдрөөс тоолон хувьчилж олгоно.
d. Энэ тогтолцоогоор ажилласан жилийг тооцоолохдоо ажилтны ажиллаж эхэлсэн ойрын огноог эхлэл хугацаа болгож тооцоолно.
e. Жирэмсний амралтын чөлөөг /120 хуанлийн өдөр/ тасралтгүй ажилласан хугацаанд оруулж тооцно.
f. Ажилтын сүүлийн цалинд тулгуурлан тооцоог хийнэ гэж тус тус заасан байна.
/ХХ-ийн 100-236 дугаар тал/
Нэхэмжлэгч З.Ц нь 2008 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хүүхэд төрүүлж 2009 оны 1 дүгээр сараас ажлаа эрхэлсэн, 2012 оны 5 дугаар сарын 10-ны өдөр хүүхэд төрүүлж 2012 оны 10 дугаар сараас ажлаа эрхэлсэн талаараа тайлбарласан ба дээрхи журам ёсоор уг хугацаа тасралтгүй ажилласан хугацаа мөн байна.
Нэхэмжлэгч З.Ц өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөгдсөн, мөн тэрээр уг тогтолцоонд заасан олон жил ажилласан тэтгэмжийг авах эрхтэй талаар хариуцагч маргахгүй байгаа хэдий ч байгууллагын хөрөнгийг зүй бус ашиглан итгэл алдсан, ёс зүйн бодлого журам, ашиг сонирхлын зөрчлийн бодлого журмуудыг зөрчсөн тул уг тэтгэмжийг олгохгүй гэж тайлбарласан болно.
Д.Золон улсын байгууллагын Хүний хөгжлийн Үндэсний бодлогын гарын авлагын 12 дугаар хэсэг дэхь өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн ажилтан зөрчил гаргасан бол уг тэтгэмжийг олгохгүй гэх өөрчлөлт 2016 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн нэмэлтээр тус байгууллагын Хүний хөгжлийн Үндэсний бодлогод нэмэгдсэн талаар талууд тайлбарлаж байна.
/ХХ-ийн 209 дүгээр тал/
Д.Золон улсын байгууллага нь Бор-Өндөр 1 Орон нутгийн хөгжлийн хөтөлбөрийн хөтөлбөрийн менежер З.Цын эсрэг 5 мэдэгдлийг үндэслэн 2016 оны 8 дугаар сарын 29-ний өдрөөс 2016 оны 9 дүгээр сарын 27-ны өдрүүдэд шалгалт хийн тайлан үйлдсэн гэх ба түүнийг ашиг сонирхлын зөрчилтэй, төлбөрийн гүйлгээнд хуурамч ба зохисгүй баримт бүрдүүлсэн, удирдан манлайлах чадвар муу, сургалт явуулсан Бүрэн дүүрэн амьдрал ТББ-тай ашиг сонирхлын зөрчилтэй, садан төрлийн 2 хүүхдэд тэтгэмж олгосон, ажилчдын хүүхдүүдийн бэлгэнд зориулсан зардлыг 13.960 төгрөгөөр хэтрүүлсэн, бариа заслын төлбөрт үйлчилгээ аваагүй байхад 114.000 төгрөг төлсөн зөрчлүүдийг гаргасан гэжээ.
/ХХ-ийн 51-61 дүгээр тал/
Бүрэн Дүүрэн Амьдрал ТББ нь тус байгууллагатай хамтран 2014 оны 4, 5 дугаар саруудад 2 удаагийн сургалт зохион байгуулсан, 2014 оны 8 дугаар сард 30 хүүхэд сургалтын төлбөрийн тэтгэмж авснаас 2 хүүхэд түүний төрлийн хүүхэд байсныг хожим мэдсэнээ удирдлагадаа мэдэгдсэн талаараа нэхэмжлэгч тайлбарласан ба хариуцагч тал үүнийг үгүйсгээгүй.
З.Цыг 2014 онд үйл ажиллагаа явуулахдаа сургалт явуулсан байгууллагатай ашиг сонирхлын зөрчилтэй ажилласан, садан төрлийнхөө 2 хүүхдэд тэтгэмж олгосон зөрчлийг гаргасан гэх боловч энэ нь тус байгууллагын хүний хөгжлийн хэлтсийн захирлын З.Цын 2014 оны санхүүгийн жилийн ажлын гүйцэтгэлийг үндэслэн цалинг нь нэмсэн тухай 2015 оны 4 дүгээр сарын 17-ний өдрийн баримтаар үгүйсгэгдэж байна.
Нэхэмжлэгч З.Цыг төлбөрийн гүйлгээнд хуурамч ба зохисгүй баримт бүрдүүлсэн, удирдан манлайлах чадваргүй, 2016 оны 6 сард ажилчдын хүүхдийн бэлгэнд зориулсан зардлыг 13.960 төгрөгөөр хэтрүүлсэн, бариа заслын үйлчилгээ аваагүй байхад 114.000 төгрөг төлсөн гэх боловч энэ нь баримтаар нотлогдоогүйгээс гадна ажил үүргээ гүйцэтгээгүй байхад, ажлаас чөлөөлөгдсөний дараа шалгалт хийн зөрчил гаргасан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй болно.
Иймд нэхэмжлэгч З.Цт Д.Золон улсын байгууллагын Хүний хөгжлийн Үндэсний бодлогын гарын авлагад заасны дагуу 2001 оны 11 дүгээр сарын 1-ний өдрөөс 2016 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийг хүртэл ажилласан жил тутам сарын үндсэн цалин 2.206.600 төгрөгийн хэмжээгээр тооцон тэтгэмж 33.099.000 төгрөгийг олгох нь зүйтэй.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Цэцэнбаатарт 2017 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 09 цагт товлогдсон шүүх хуралдааны товыг боломжит хугацаанд мэдэгдсэн боловч тэрээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй тул нэхэмжлэгч талын хүсэлтийн дагуу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т заасныг үндэслэн хариуцагчийн төлөөлөгчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.11-т зааснаар хариуцагч Д.Золон улсын байгууллагаас 33.099.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч З.Цт олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч З.Цын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 323.495 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Золон улсын байгууллагаас 323.445 төгрөг гаргуулан нэхэмжлэгч З.Цт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ Н.САРАНГҮН