Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 2021/ДШМ/234

 

 

 

 

 

 

      2021          3              9                                          2021/ДШМ/234                              

 

 

Р.Бт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүгч М.Алдар, Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор М.Ариунцэцэг,

шүүгдэгч Р.Б,

нарийн бичгийн дарга П.Эрхэмбаяр нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Хатанцэцэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн 2021/ШЦТ/77 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Р.Бын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн түүнд холбогдох эрүүгийн 2006 00000 2341 дугаартай хэргийг 2021 оны 2 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Б овгийн Рын Б, 19... оны .... дугаар сарын ....-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, “..............................” ХХК-д тогооч ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдүүдийн хамт ........................ дүүргийн .... дугаар хороо, .... дүгээр гудамжны ... тоотод оршин суух, /РД:...................../;  

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 824 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 1 сар баривчлах ялаар,

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 181 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөгдсөн,

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 7-ны өдрийн 197 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 150 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлсэн, 

Шүүгдэгч Р.Б нь:

2020 оны 2 дугаар сарын 11-ний өдрөөс 2020 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн хооронд иргэн Б.Ц, Э.Э нарын бүлэглэн үйлдсэн 2020 оны 2 дугаар сарын 14-ний өдөр хохирогч Б.А-ын эзэмшлийн “Samsung S9 загварын 534.000 төгрөгийн гар утсыг, 2020 оны 2 дугаар сарын 19-ний өдөр хохирогч Ч.Б-ийн эзэмшлийн “iPhone 8 загварын 730.000 төгрөгийн гар утсыг, 2020 оны 2 дугаар сарын 11-ний өдөр хохирогч С.Аийн эзэмшлийн “iPhone 7 plus загварын 792.000 төгрөгийн гар утсыг, 2020 оны 2 дугаар сарын 11-ний өдөр хохирогч Э.М-ийн эзэмшлийн “iPhone X загварын 1.352.000 төгрөгийн гар утсыг тус тус хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар хулгайлж олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж иргэн Ш.О-д зарж худалдан борлуулж мөнгө угаах гэмт хэрэг,

мөн 2018 оны 7 дугаар сарын 3-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Багшийн дээдийн автобусны буудлаас Зүүн салаа-Халдварт чиглэлийн автобусанд суусан хохирогч Я.Д-ийн гар утсыг нууцаар хүч хэрэглэхгүйгээр хулгайлах гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Р.Бын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “...Боржигон овогт Бын Быг “Гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж түүнийг авч ашиглан, хууль бус эх үүсвэрийг нуун далдалж, мөнгө угаах”, “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгазр, нууцаар хууль бусаар авч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч Р.Бт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сар хорих ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан Р.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сар хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 8 сар хорих ялд нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 1 жил 2 сарын хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Р.Бт оногдуулсан 1 жил 2 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан Р.Бын цагдан хоригдсон 63 хоногийг эдлэх ялд оруулж тооцож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Р.Б нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг тус тус дурдаж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж...” шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Р.Б давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие 2018 оны 7 дугаар сарын 3-ны өдөр хохирогч Я.Д-ийн “Huawei P8” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байна.

Иргэн Ц, Э нарын бүлэглэн 2020 оны 2 дугаар сарын 11-ний өдрөөс 2020 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн хооронд хохирогч Б.А, Ч.Б, С.А нарын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар хулгайлж олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж иргэн Ш.О-ад зарж, худалдан борлуулж, мөнгө угаах гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сарын хорих ялаар шийтгүүлсэн 77 дугаартай шийтгэх тогтоолыг эсэргүүцэж байна.

Би 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэст, мөрдөн байцаагч, дэслэгч Б.Мөнх-Эрдэнэд мэдүүлэг өгөх үед Ц, Э нарт хавтаст хэргийг уншуулан “чи хэргийг удаашруулахгүйгээр мэдүүлгийн дагуу мэдүүлэг өгчих, чи хорих ял авахгүй, нийтэд тустай ажил хийлгэх ял авна” гэхээр нь прокурор М.Ариунцэцэгийн 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 1989 дугаартай яллах дүгнэлтэд байх мэдүүлгийг өгсөн. Э, Ц нар тухайн үед нэг нь жирэмсэн, нэг нь хөхүүл байсан учраас шүүх хурлын гэм буруугийн хэлэлцүүлэг дээр байцаагч, прокурор нарт итгэж дээрх мэдүүлгийг өгсөн.

Ш.О-ад зарж борлуулсан гэх нэр бүхий хохирогч нарын гар утаснуудыг Ц, Э нар надад бусдаас хулгайлсан гэж хэлээгүй ба зарж борлуулах үед Ц, Э нар, мөн тэдний нөхрүүд байсан.

Мөрдөн байцаалтын үед эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчсөн нь гэмт хэрэгт холбогдсон сэжигтнүүд, хөндлөнгийн гэрчгүйгээр бие биенээ гэм буруутай гэдгийг нотолсон. Мөн Ш.О таньж олуулах ажиллагаанд намайг мөн таньж олсон. Энэ нь гэмт хэргийн бусад оролцогчдыг заагаагүй байсан. Хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар олж авсан гэх гар утаснуудыг Ц, Э нар надад хэлээгүй, мөн зарж борлуулсан мөнгөнөөс би ямар ч мөнгө аваагүй.

Иймд миний эрх зүйн байдлыг дордуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгээр зүйлчилснийг эсэргүүцэж, давж заалдах гомдлыг гаргаж байна. ...” гэв.

 

Прокурор М.Ариунцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт авагдсан шүүгдэгч болон гэрч О нарын дансны хуулга зэрэг баримтаар нотлогдон тогтоогдсон. Мөн шүүгдэгч шүүхийн хэлэлцүүлгийн шатанд гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн. Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй тул хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч Р.Бын гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Р.Б нь 2020 оны 2 дугаар сарын 11-ний өдрөөс 2020 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн хооронд иргэн Б.Ц, Э.Ц нарын бүлэглэн үйлдсэн 2020 оны 2 дугаар сарын 14-ний өдөр хохирогч Б.Аын эзэмшлийн “Samsung S9” загварын 534.000 төгрөгийн гар утсыг, 2020 оны 2 дугаар сарын 19-ний өдөр хохирогч Ч.Бгийн эзэмшлийн “iPhone 8” загварын 730.000 төгрөгийн гар утсыг, 2020 оны 2 дугаар сарын 11-ний өдөр хохирогч С.Аийн эзэмшлийн “iPhone 7 plus” загварын 792.000 төгрөгийн гар утсыг, 2020 оны 2 дугаар сарын 11-ний өдөр хохирогч Э.Мө-ийн эзэмшлийн “iPhone X” загварын 1.352.000 төгрөгийн гар утсыг тус тус хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар хулгайлж олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж иргэн Ш.Оад зарж худалдан борлуулж мөнгө угаах гэмт хэрэг,

мөн 2018 оны 7 дугаар сарын 3-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Багшийн дээдийн автобусны буудлаас Зүүн салаа-Халдварт чиглэлийн автобусанд суусан хохирогч Я.Д-ийн гар утсыг нууцаар хүч хэрэглэхгүйгээр хулгайлах гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь:

хохирогч Б.Аын “...өөрийн өмсөж явсан куртикнийхээ зүүн талын халаасан дотор байсан чернилэн ягаан өнгийн, гадуураа өнгөгүй резинэн гэртэй “Samsung S9” загварын гар утсаа шалгаж үзэхэд алга болчихсон байсан...” /хх 9-10/,

хохирогч Ч.Бгийн “...Баянзүрх зах дээр явж байгаад өмсөж явсан шубны баруун талын халааснаас “iPhone 8” загварын гар утсаа хулгайд алдсан...” /хх 41/,

хохирогч С.Аийн “...би Баянгол дүүрэгт байрлах “Терранова” худалдааны төвийн нэг давхарт явж байхдаа куртикний халааснаас “iPhone 7 plus” загварын улаан өнгийн гар утсаа хулгайд алдсан...” /хх 76-77/,

хохирогч Э.Мийн “...би Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороонд байрлах “Хүннү молл” худалдааны төвийн Абсольт дэлгүүрээр үйлчлүүлж байгаад халааснаасаа өөрийн “iPhone X” загварын гар утсаа алдсан...” /хх 98-99/,

хохирогч Я.Дийн “...Зүүнсалаа-Халдварт чиглэлийн автобусанд суун зүүн тийшээ явсан. ...тэгээд гар утсаа алдсан” /хх 196-197/,

гэрч Ж.Дийн “...нэг залуутай танилцтал тэр залуу “Huawei P8” загварын гар утсыг зарна гэхээр нь би 350.000 төгрөг бэлэн өгч авсан..” /хх 198-199/,

гэрч Э.Цийн “...2020 оны 2 дугаар сарын 14-ний өдөр 19.00 цагийн үед Баянгол дүүрэгт байрлах “Номин” худалдааны төвөөс “iPhone 7 plus” загварын гар утсыг хулгайлан найз Баар дамжуулан Оогий гэх ченжид өгдөг байсан. Тухайн үед Б нь Оогий гэх ченжийн гэр рүү орж утсыг зарчихаад надад 100.000 төгрөг өгсөн. Би Оогий гэх хүнд утсыг өгөөгүй ба Б гэр рүү нь утсыг аваачиж өгсөн...” /хх 78-79/,

гэрч Б.Цын “...2020 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн 14.00 цагийн үед Ц яриад намайг гэртээ хүрээд ир гэсэн. Тэгээд бид хоёр Баянзүрх зах руу орж “iPhone 8” загварын гар утсыг хулгайлан Оогий гэх ченж залуугийн гэрт нь аваачиж өгдөг байсан. Миний мэдэхээр 7-8 ширхэг утас аваачиж өгсөн...” /хх 80/,

шүүгдэгч Р.Бын “...Ц над руу залгаад таньдаг гар утасны ченж байна уу гэхээр нь би хуучин таньдаг ченж байгаа гэсэн. ...Тэгээд “iPhone X” загварын гар утсыг 300.000 төгрөгөөр, “iPhone 7 plus” загварын гар утсыг 100.000 төгрөгөөр, “Samsung J5” загварын гар утсыг 60.000 төгрөгөөр, “Samsung S8” гэх мэт утаснуудыг авч ченж Оогийд өгсөн. Би хулгайн гар утас гэдгийг мэдэж байсан...” /хх 81-82/,

гэрч Ш.Оын “...2020 оны 7 дугаар сарын 14-ний өдөр танихгүй дугаараас зүс таних залуу залгаад та “iPhone 7 plus” авах уу гэхэд би аваад ир үзье гэхэд 21 цагийн алдад авч ирсэн. Би ID lock-той байсан болохоор 100.000 төгрөгөөр авсан. Би хулгайн утас гэдгийг эхэндээ мэддэггүй байсан. Сүүлд мэдээд авахгүй гэхээр хүчээр үлдээгээд явчихдаг байсан...” /хх 93/ гэх мэдүүлгүүд,

“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх 15-16, 46-47, 83-84, 100-101, 202-203/,

Р.Бын эзэмшлийн хаан банкны депозит дансны хуулга /хх 120-129/ зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба уг нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Р.Быг  “Гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж түүнийг авч ашиглан, хууль бус эх үүсвэрийг нуун далдалж, мөнгө угаах”, “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгазр, нууцаар хууль бусаар авч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ. 

Шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болон хэргийн нөхцөл байдал, шүүгдэгчийн гэм бурууд үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сар хорих ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Р.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сар хорих ял дээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 8 сар хорих ялыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх хорих ялыг 1 жил 2 сарын хугацаагаар тогтоож шийдвэрлэсэн нь түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хувийн байдалд тохирсон гэж үзэв.

Шүүгдэгч Р.Б нь “...Ш.Оад зарж борлуулсан гэх нэр бүхий хохирогч нарын гар утаснуудыг Э, Ц нар надад бусдаас хулгайлсан гэж хэлээгүй. ...мөн зарж борлуулсан мөнгөнөөс би ямар ч мөнгө аваагүй. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэмт буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан байх бөгөөд хавтас хэрэгт авагдсан хохирогч болон гэрч нарын мэдүүлэг, “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан, Р.Бын эзэмшлийн хаан банкны депозит дансны хуулга зэрэг хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгчийн үйлдэл нотлогдон тогтоогдсон байх ба гэрч Э.Цийн “...“Номин” худалдааны төвөөс “iPhone 7 plus” загварын гар утсыг хулгайлан найз Баар дамжуулан Оогий гэх ченжид өгдөг байсан. ...Б анхнаасаа миний хаанаас утас авч ирж өгдөг байсныг мэддэг байсан...” /хх 78-79/, гэрч Б.Цын “...бид хоёр Баянзүрх зах руу орж “iPhone 8” загварын гар утсыг хулгайлан Оогий гэх ченж залуугийн гэрт нь аваачиж өгдөг байсан...” /хх 80/, гэрч Ш.Оын “...зүс таних залуу залгаад та “iPhone 7 plus” авах уу гэхэд би аваад ир үзье гэхэд 21 цагийн алдад авч ирсэн. Би ID lock-той байсан болохоор 100.000 төгрөгөөр авсан. Би хулгайн утас гэдгийг эхэндээ мэддэггүй байсан. Сүүлд мэдээд авахгүй гэхээр хүчээр үлдээгээд явчихдаг байсан. ...надад сүүлд нь хулгайн утас гэж хэлж байсан...” /хх 93/ гэх мэдүүлгүүдээс дүгнэвэл шүүгдэгч Р.Бын давж заалдах гомдол няцаагдаж байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах”,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласан; түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон аливаа этгээдэд хуулийн хариуцлагаас зайлсхийхэд туслах зорилгоор өөрчилсөн, шилжүүлсэн; түүний бодит шинж чанар, эх үүсвэр, байршил, захиран зарцуулах арга, эзэмшигч, эд хөрөнгийн эрхийг нуун далдалсан бол зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.”,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан бол хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж тус тус заажээ.

Харин анхан шатны шүүх шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сар хорих ял тус тус оногдуулахаар шийдвэрлэв...” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг журамлан шүүгдэгчид ял шийтгэл оногдуулах байдлаар хууль зүйн үндэслэлгүй, эргэлзээ бүхий дүгнэлт хийснийг давж заалдах шатны шүүх магадлалд дурдах нь зүйтэй гэж үзэв.

 

Иймд шүүгдэгч Р.Бын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн 2021/ШЦТ/77 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Р.Бын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

 

 

                                    ШҮҮГЧ                                                             М.АЛДАР

 

 

ШҮҮГЧ                                                            Б.АРИУНХИШИГ