Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2021 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 128/ШШ2021/0292

 

2021 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 128/ШШ2021/0292

Улаанбаатар хот

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхтулга би, Ш.Г***ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Замын хөдөлгөөн төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газрын даргад холбогдох захиргааны хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ш.Г***өөс шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэлдээ: ...Нийслэлийн Замын хөдөлгөөний зохицуулалт, инженерчлэлийн газрын дарга С*** овогтой Э*** нь Улаанбаатар хотын авто замын сүлжээнд хайс, хашлага байршуулах талаар

2020 оны 9 дүгээр сарын 02-ны Лхагва гарагт 14:20 минут орчимд

2020 оны 9 дүгээр сарын 04-ний Баасан гарагт 09:40 минут орчимд

2020 оны 9 дүгээр сарын 04-ний Баасан гарагт 10:30 минут орчимд

2020 оны 9 дүгээр сарын 04-ний Баасан гарагын 11:30 минут орчмын цагуудад мэдсэн хирнээ "надад мэдэгдээгүй" гэдэг шалтгаанаар сахилгын шийтгэл ногдуулсан болно. Мөн батлагдаагүй, огт байхгүй ажлын байрны чиг үүрэг, ажлын байрны тодорхойлолтоо мөрдөөгүй гэх үндэслэлээр сахилгын шийтгэл оногдуулсанд гомдолтой байна.

Дээд шатны байгууллагад өргөдөл гаргасан тухай: Ш*** овогтой Г*** миний бие дээрх шийдвэр хууль бус болон дахин шалгуулах хүсэлтийг дээд шатны албан тушаалтан, эрх мэдэл бүхий албан тушаалтанд үе шаттайгаар хандсан болно.

2020 оны 10 дугаар сарын 13 өдөр Нийслэлийн Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газрын даргад

2020 оны 10 дугаар сарын 23 өдөр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид

Нийслэлийн засаг даргад хандаж гаргасан өргөдөл НЗХТЗИГ-ын дарга С.Э***д 2020 оны 10 дугаар сарын 26-нд цохогдож ирсэн хэдий ч ямар нэгэн арга хэмжээ авахгүйгээр 2020 оны 11 дүгээр сарын 04-ий өдөр ХЗХ-ийн дарга Г.Н***д шилжсэн болно. Манай байгууллагын удирдлагын зүгээс өнөөдрийг хүртэл надтай тухайн өргөдлөөр хэн ч уулзаагүй болно.

2020 оны 10 дугаар сарын 26 өдөр Төрийн албаны зөвлөлд тус тус хандсан болно. Төрийн албаны зөвлөлийн мэргэжилтэн гэх хүн 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 13:40 минутад 264309 дугаарт утсаар холбогдож Таны өргөдлийг бид шийдэх боломжгүй. Та өргөдлийнхөө хариугаа бичгээр авах уу? гэж холбогдсон болно. Төрийн албаны зөвлөлөөс 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 01/1973 тоот албан бичгийн хариуг 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Монгол Шуудан ТӨХК-аас гэрийн хаягаар хүргэгдэж ирсэн болно.

Ш*** овогтой Г*** миний бие 2019 оны 10 дугаар сараас хойш Нийслэлийн Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газарт Хөдөлгөөн зохицуулалтын мэргэжилтэн ажлын байранд газрын даргын Б/19 тоот тушаалаар томилогдсон.

2020 оны 5 дугаар сараас Б/11 тоот тушаалаар Хөдөлгөөн зохицуулалтын хэлтэст " Тээврийн төлөвлөлт, зохицуулалтын ахлах инженер" ажлын байранд шилжин томилогдсон. Миний бие тус газар томилогдсон өдрөөс хойш дээд шатны байгууллага болон дарга удирдлагын зүгээс өгсөн үүрэг даалгаврыг түргэн шуурхай, гүйцэтгэл сайтай гүйцэтгэж ирсэн.

Гэтэл 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 11:30 минут орчимд Хангарди ордны 12 давхрын 12056 тоот өрөөнд хэлтсийн дарга нар дуудаж Г***өө, чамд Сахилгын арга хэмжээ авсан талаар газрын даргын тушаалыг танилцуулах гэж байна гэж дуудсан. Миний бие ямар учиртай сахилгын арга хэмжээ авсан талаар "тушаалтайгаа танилцах гэтэл хүлээн зөвшөөрч, хүлээн авсан гэж гарын үсэг зурсны дараа тушаалаа ав гэж хэлээд өгөөгүй болно.

Тушаал хүлээлгэн өгөхгүй бол ядаж ямар ажилд хариуцлага алдсан гэсэн үндэслэлээр хариуцлага тооцож сахилгын арга хэмжээ авсан юм бэ гэж асуухад

Хүннүгийн гудамжинд хашлага суурилуулж, орон сууцны орц гарц дур мэдэн хаасан хэрэгтэй холбоотой гэнэ.

Ажлын хэсэгт орж ажилласан тухай: Нийслэл Улаанбаатар хотын гол гудамж замуудад хайс, хашлага" байршуулах ажлын хэсэгт Хөдөлгөөний хяналтын хэлтсийн дарга Ч.Э***ы аман тушаалаар орсон болно. Хяналтын хэлтсийн дарга Ч.Э*** хоёр хэлтэст удирдлагаар чиглэл өгдөг байсан. 2020 оны 8 дугаар сарын 31-ний өдөр Хяналтын хэлтсийн дарга Ч.Э*** ажлын хэсэгт орж ажил гэсэн үүрэг өгсөн

2020 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр ажлын хэсэг Хотын төвийн бүсийн 6 дүүрэгт үзлэг-ээр явсан. Ажлын хэсгийн гишүүд: ЗАА хэлтсийн дарга Р***, НАЗХГ мэргэжилтэн Ш***, Тухайн дүүргийн замын цагдаагийн алба хаагч, миний бие нийт 4 хүн санал хурааж дийлэнх олонх талдаа шийдвэр гаргаж ажилласан. 2020 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр зарим газар хэмжилт хийсэн.

2020 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн албаны дарга н.Гантөмөрөөр ахлуулсан ажлын хэсэг эцсийн байдлаар хуралдаж шийдвэр гаргасан. Тус хуралд манай газраас Хяналтын хэлтсийн дарга Ч.Э*** суусан болно, шийдвэр цуг гаргасан болно. Байгууллагын дарга С.Э*** нь ажлын явц болон ямар ажил хийгдэх талаар мэдэж байсан болно.

Иймд Нийслэлийн Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газрын даргын Сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг хууль бус шийтгэл гэж үзэн хүчингүй болгох хүсэлттэй байна. Даргын зөвлөл болон ёс зүйн хороогоор оруулж сонсгол ажиллагаа огт хийгдээгүй шийтгэл оногдуулсан. Тус газрын Тээврийн төлөвлөлт, зохицуулалтын ахлах инженер Шархүү овогтой Ганхөлөг миний бие хайс, хашлага"-ын судалгааны ажилд явсан хэдий ч суурилуулах зөвшөөрлийг эцэслэн гаргах хуралд Хяналтын хэлтсийн дарга Ч.Э*** сууж байгууллагын даргад илтгэх үүрэгтэй байтал миний биеийг байгууллагын даргад илтгээгүй гэж шийтгэл ногдуулсан тул нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ...Ш.Г***т 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Нийслэлийн Замын хөдөлгөөн төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газрын даргын Б/36 дугаар тушаалаар сануулах сахилгын шийтгэл ногдуулсан бөгөөд тус тушаалыг 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн Б/44 дүгээр тушаалаар хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.

Иймд хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ш.Г***өөс тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: ...2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн Б/36 тоот Ш.Г***т сахилгын шийтгэл ногдуулах тухай газрын даргын тушаалыг хүчингүй болгуулах гэжээ.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаагаа хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2021 оны 5 дугаар сарын 11-ний өдөр шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа Ш.Г***т 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Нийслэлийн Замын хөдөлгөөн төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газрын даргын Б/36 дугаар тушаалаар сануулах сахилгын шийтгэл ногдуулсан бөгөөд тус тушаалыг 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн Б/44 дүгээр тушаалаар хүчингүй болгож шийдвэрлэсэн байна. Иймд хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж илэрхийлжээ.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх тухай хүсэлт нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д Хариуцагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо дараах эрх эдэлнэ, 21.1.1-д нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх, нэхэмжлэгчтэй эвлэрэх, эсхүл татгалзах, 67 дугаар зүйлийн 67.1-д Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж заасан хуулийн шаардлагыг хангасан байх бөгөөд бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, Ш.Г***ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Замын хөдөлгөөн төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газрын даргад холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж үзлээ.

Шүүхээс хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэхдээ нөхөн төлүүлэх шүүхийн зардал болон улсын тэмдэгтийн хураамжийг энэ хуулийн 47, 48 дугаар зүйлд зааснаар шийдвэрлэнэ, 69.2-д Энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ гэж тус тус заасныг тайлбарласан болохыг дурдах нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-т заасныг үндэслэн Ш.Г***өөс нэхэмжлэлтэй, Нийслэлийн Замын хөдөлгөөн төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газрын даргад холбогдуулан гаргасан ...2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн Б/36 тоот Ш.Г***т сахилгын шийтгэл ногдуулах тухай газрын дагын тушаалыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.6, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг үндэслэн нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 35 100 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.

  

 

 

ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА