Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 11 сарын 05 өдөр

Дугаар 2252

 

 

 

 

 

 

Б.А-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхтөр даргалж, шүүгч А.Отгонцэцэг, М.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн,

2018 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 101/ШШ2018/02575 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Б.А-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Д.У ,

Хариуцагч МХГБИТ ТББ нарт холбогдох,

 

Д.У ээс  11 000 000  төгрөг,  МХГБИТ ТББ -аас 2 300 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Хариуцагч Д.У ийн гаргасан гомдлыг үндэслэн,

шүүгч М.Наранцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч: Б.А

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Д.Ж,

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.С, Д.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Чинхүслэн нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: 2016 оны 05 дугаар сарын 31 өдрөөс БС ТББ -тай хөдөлмөрийн гэрээ байгуулж 1 жилийн хугацаанд Д.У ийн гэрт гэрийн үйлчлэгчээр сарын 600 000 төгрөгийн цалинтай ажилд орсон. Ажилд ороод эхний сард нь 200 000 төгрөг суутгуулж, 400 000 төгрөг өөрийн харилцах ХААН банкны дансаар сар бүрийн 15, 30 өдрүүдэд 2 хувааж цалингаа авсан. 2016 оны 7 дугаар сараас би өөрийн цалин болох 500 000 төгрөгийг 2 хувааж авч байсан. 100 000 төгрөгийг сар бүр “БС” ТББ нь хууль бусаар надаас авсан гэж үзэж байна. Миний бие ажилд орохдоо 600 000 төгрөгөө бүтэн сард нь авч байгаагүй, хууль мэдэхгүй надаар гэрийн үйлчлэгчээс өөр ажлыг давхар хийлгүүлдэг, мөн гэрээнд заагдаагүй хөгжлийн бэрхшээлтэй 25 настай хүү Э.Б-ийг асруулдаг, байр орон цэвэрлүүлдэг байсан. Миний бие дүүгийнхээ эмчилгээний зардлыг төлөх үүднээс тэвчээд ажлаа хийдэг байсан. Сүүлдээ Д.У  нь өөрийн Э.Б-тэй ханилж суу хүүхдийг нь гаргаад өгчих гэх зэргээр надтай ярьдаг болсон. Би 2016 оны 05 дугаар сарын 31-нээс 2018 оны 03 дугаар сарын 24-ний өдөр хүртэл гэрт ажилласан. Ажлаасаа гарах тухай 2017 оны 06 сард хэлсэн боловч Д.У , Э.Б нарын хүсэлтээр, мөн надад 1 жилийн дотор сайн ажилласан учир 500 000 төгрөгийг урамшуулал болгон өгөхөөр нь би цааш ажиллахаар болсон. Миний бие цаашид ажиллах боломжгүй болоод Д.У болон хүү Э.Б нарт хэлээд 2018 оны 03 дугаар сарын 24-ний өдөр ажлаасаа гарсан. “БС” ТББ-н захирал Н.С нь миний эрх ашгийг огт хамгаалдаггүй хирнээ, цалинг минь хугацаанд нь өгөхгүй саатуулдаг. Н.С одоо намайг хулгайн хэрэгт гүтгээд байгаа. Д.У  намайг ажлаас гарах үед цалин өгөөгүй, хулгайн хэрэгт үнэн худал нь мэдэгдэхгүй сэрдээд байгаа тул хууль бусаар хөдөлмөрлүүлсэний цалин /асаргаа хийсэн хөлс, илүү цагаар ажиллуулсан цалин хөлс сар бүр 500 000 төгрөгөөр тооцож/ нийт 22 сарын цалин нийт 11 000 000 төгрөгийг Д.У ээс, “БС” ТББ-ын захирал Н.С -ээс 2 300 000 төгрөг нийт 13 300 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Б.А нь бодит байдлыг илтэд гуйвуулж, Д.У  миний нэр хүндийг гутаан доромжилж, залуу хүнийх нь хувьд түүнд үзүүлсэн дэмжлэг, итгэлийг минь хөсөрдүүлж миний болон манай гэр бүлийн эд хөрөнгөд хохирол учруулсанд гомдолтой. Түүний энэхүү үйлдлийг Цагдаагийн байгууллагаар шалгуулж байгаа бөгөөд Б.А хариу үйлдэл болгон надаас үндэслэлгүй мөнгө нэхэмжилж байна гэж ойлгож байна. Би 2016 оны 05 сард “БС” ТТБ-аар зуучлуулан, тус байгууллагатай үйлчилгээний гэрээ байгуулан Б.А-г өөрийн гэрийн үйлчлэгчээр нэг сарын 500 000 төгрөгөөр цалинжуулан ажиллуулахаар тохирч, тус байгууллагад үйлчилгээ авсаны хөлсөнд нэг сарын 100 000 төгрөг өгөхөөр болсон ба Б.А манай гэрт байрлан 2016 оны 06 дугаар сарын 01-нээс 2018 оны 03 дугаар сарын 24-ний өдөр хүртэл ажилласан. Түүний гүйцэтгэх үүрэг нь гэр цэвэрлэх, хувцас угаах, индүүдэх, гэр сахих, манай хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн минь асрагч, жолооч, эмч нарыг ирэх, явах, биднийг гэртээ ирэх хоорондын хэсэгхэн хугацаанд түүнд бараа болох байсан ба шаардлагатай тохиолдолд л би хоол хийлгэдэг байсан. Тэгээд ч миний хүү Э.Б Б.А-гаар асруулаад байх хэмжээний хүнд өвчтэй биш бөгөөд бид ажлынхаа байранд оройн хоолоо хийж иддэг тул барагтай бол гэртээ хоол хийх шаардлага байдаггүй. Б.А манайд байрлан ажиллах хугацаандаа үд болтол унтаж, өөрийн дураар хоол хийж идэж, интернет, фейсбүүкээр аялаж, ажил тасалсан, биднийг гэр бүлээрээ гадаадад явсан хугацаанд амарсан ч цалингаа бүрэн авч, манай хүүхдүүдтэй хамт кино үзэж, миний авч өгсөн хувцсыг өмсөхөөс гадна миний хувцсыг ч зөвшөөрөлгүй өмсч байсан. Мөн урамшуулалт цалин, ойр зуурын хэрэглээний мөнгө ч авч байсан. Би хэдийгээр хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ч Б.А-гаас өөр жолооч асрагч, эмчийг хөлсөөр ажиллуулдаг. Гол ялгаатай нь Б.А манайд байрлан ажиллах, бусад эмч, жолооч асрагч нар өдрөөр, цагаар ажиллах зохион байгуулалттай. Б.А өдөрт 4-5 цагийг гэр цэвэрлэх, өөрийнхөө хоол ундыг хийх, хааяа юм угаах ажилд зарцуулж байсан. Манайх хүнийг байнгын тасралтгүй өдрийн 12 цагаар ажиллуулаад байх бохир заваан, дуусдаггүй их ажилтай айл биш бөгөөд би түүгээр хүүхэд асрах ажил хийлгээгүй төдийгүй илүү цагаар ажиллуулаагүй. Өдрийн 11, 12 цаг хүртэл унтдаг хүн илүү цагаар ажиллах боломжгүй юм. Харин ч тэрээр биднийг олон хоногоор гадаадад болон хөдөө орон нутгийн аялалд явсан хугацаанд тэр хэмжээгээр амрахаас гадна долоо хоногийн 1 өдөр нь тогтмол амарч байсан ба заримдаа хэл үггүй ажилдаа ч ирэхгүй алга болчихдог байсан. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч МХГБИТ ТББ шүүхэд болон төлөөлөгч Д.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.А-ийн хувьд 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдөр манай төвтэй гэрээ байгуулан Д.У ийнд байрлаж ажиллах гэрийн үйлчлэгчээр сарын 500 000 төгрөгөөр цалинжих гэрээ хийж ажилд орсон. 2018 оны 03 дугаар сарын 24 хүртэл нийт 21 cap 8 хоног ажиллаж нийт 10 100 000 төгрөгийн цалин авсан ба гэрээний 2.9-д зааснаар 1 удаа зуучлалын хөлс 100 000 төгрөгийг 2016 оны 06 дугаар сарын 15-нд цалингаас суутган авсан. Өөр дахиж ямар нэгэн суутгал цалин дутуу өгсөн зүйлгүй болно. Мөн Б.А нь гэрээний хугацаанаас өмнө дур мэдэн ажлаасаа гарсан ба явахдаа айлаасаа их хэмжээний бэлэн мөнгө эд зүйл хулгайлсныг ажил олгогч Д.У , зуучлагч манай төв Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтэст өргөдөл өгөн Б.А-д холбогдох эрүүгийн хэрэг үүсгэгдэн шалгагдаж байна. Б.А нь 2016 онд хийсэн гэрээний дагуу үндсэн цалин 500 000 төгрөгөөр цалинжиж байсан бөгөөд Д.У ийн манайд төлдөг үйлчилгээний төлбөр болох cap бүрийн 100 000 төгрөгийг өөрөө авах ёстой мэтээр үндэслэлгүй зүйл нэхэмжилсэнийг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Б.А хулгай хийж ажлаасаа зугтаж явсны дараагаар бидэнтэй огт холбогдоогүй утсаа ч авахгүй байсан ба цагдаад өгснийг мэдмэгцээ өөрийн эгч аав ээж зэргийг дагуулан ирж хэл ам хийж танай байгууллагыг шалгуулна гэж сүрдүүлэг хийж Н.С намайг чадна гэж эгчээрээ хэлүүлээд явсан юм. Хулгайн хэрэг үйлдсэнээ нуун дарагдуулах зорилгоор биднээс үндэслэлгүй мөнгө нэхэмжилж байгааг шалгаж тогтоож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.У ээс 3 856 400 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.А-д олгож, нэхэмжлэлээс 4 286 800 төгрөгийн шаардлага болон хариуцагч МХГБИТ ТББ-д холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Б.А-г улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлсөн болохыг дурдаж, хариуцагч Д.У ээс 76 652 төгрөг нөхөн гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

Хариуцагч Д.У  давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Манай асрагч, жолооч нар 09-18 цаг хүртэл тогтмол ажилладаг бөгөөд би өөрөө 19 цагт гэртээ ирж хүүхдүүдтэйгээ хамт байдаг. Б.А энэ хугацаанд Э.Б-ийг асардаг гэж гүтгэж байна. Гэтэл шүүх зохигч нарын хооронд огт болоогүй тохиролцоо хөдөлмөрийн харилцаа бий болгож, нэхэмжлэгчийн худал тайлбарыг туйлын үнэн гэж үзэж Б.А-тай хувиараа тохирч хүүхэд асрагчаар ажиллуулсан гэж дүгнэн, ажлын хөлс гаргуулсан нь учир дутагдалтай ор үндэслэлгүй. Иймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам болон хэргийн оролцогч нарын эрхийг зөрчсөн гэх хуульд заасан үндэслэл тогтоогдоогүй, зохигчдын хооронд үүссэн маргааны үйл баримтыг хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэн дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасантай нийцэж байна.

 

Нэхэмжлэгч Б.А нь хариуцагч Д.У , МХГБИТ ТББ нарт холбогдуулан Д.У ээс 11 000 000 төгрөг, МХГБИТ ТББ-аас 2 300 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг, хариуцагч нар эс зөвшөөрч нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, хариуцагч МХГБИТ ТББ-тай нэхэмжлэгч Б.А нь 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдөр А/40 тоот “Ажилд авах тухай” тушаалын дагуу нэг жилийн хугацаатай хөдөлмөрийн нэртэй гэрээ байгуулж, нэхэмжлэгч Б.А-г хариуцагч Д.У ийн гэрийн үйлчлэгчээр ажиллуулж, нэг сарын 500 000 төгрөгийн цалин хөлс олгохоор тохиролцсон байна. Тохиролцсон хөлсийг хариуцагч Д.У  нэхэмжлэгчид олгох талаар талууд маргаагүй. /хэргийн 22, 29 дүгээр тал/

 

Анхан шатны шүүх нэхэмжлэгч Б.А  хариуцагч МХГБИТ ТББ нарын хооронд хөдөлмөрийн гэрээ байгуулагдсан гэж үзэхгүй, харин Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч болон хариуцагч Д.У  нарын хооронд гэрийн үйлчлэгчээр ажиллах, хөлс төлөх үүрэг хүлээсэн нь тэдгээрийн хооронд хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь үндэслэл бүхий болжээ.

 

Хэдийгээр нэхэмжлэгч Б.А нь хариуцагч МХГБИТ ТББ-д 600 000 төгрөгийн цалинтай ажилд орсон, 500 000 төгрөгийн цалин өгч 100 000 төгрөгийг дутуу олгож байсан гэж 2 300 000 төгрөг нэхэмжилж байх боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй.

 

Иймээс нэхэмжлэлийн үндэслэл шаардлага, хариуцагчийн татгалзал, түүнд холбогдох нотлох баримтыг шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт нийцүүлэн дүгнэж, нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, Д.У тэй байгуулсан асрагчаар ажиллах гэрээнд нэг сарын үндсэн цалинг 600 000 төгрөг гэж тохиролцсоныг үндэслэн 3 856 400 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.А-д олгож шийдвэрлэсэн нь зөв байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 6 дугаар зүйлийн 6.1, 6.3 дахь хэсэгт заасан талуудын эрх тэгш байх, мэтгэлцэх зарчмыг шүүх зөрчөөгүй байх тул хариуцагч Д.У ийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 101/ШШ2018/02575 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Д.У ийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 76 800 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                С.ЭНХТӨР

 

                ШҮҮГЧИД                                А.ОТГОНЦЭЦЭГ

 

                                                                            М.НАРАНЦЭЦЭГ