| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамдинжавын Ганболд |
| Хэргийн индекс | 101/2017/04202/И |
| Дугаар | 101/ШШ2018/00153 |
| Огноо | 2018-01-10 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 01 сарын 10 өдөр
Дугаар 101/ШШ2018/00153
| 2018 оны 01 сарын 10 өдөр | Дугаар 101/ШШ2018/00153 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганболд даргалж, шүүгч Н.Сарангүн, Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Г.Д -гийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Д.Т-д холбогдох
Гэм хорын хохиролд 7.843.554 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.Д, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Д, хариуцагч Д.Т, иргэдийн төлөөлөгч Б.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.О нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.Д нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.Д би Д.Т-ад хариуцуулан гэм хорын хохирол 13.072.596 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасныг шүүх анх хүлээн авахаас татгалзсан. Тус шүүхийн шүүгч Д.Ганболд шүүгч мөн 2 удаа хүлээн авахаас татгалзаж, 3 дахь удаа нь иргэний хэрэг үүсгэн ажиллагаа хийсэн боловч хариуцагчийн хаяг тодорхой бус шалтгаанаар хэргийг хэрэгсэхгүй болгож, 2017-07-27-ны өдрийн 101/Ш32017/12810 дугаартай захирамжаар шийдвэрлэсэн ба шүүгчийн захирамжинд гомдол гаргасан боловч дээрх захирамжийг хэвээр үлдээсэн юм. Хариуцагч Д.Тын оршин суугаа хаягийг оршин суугаа газрын хорооноос нь тодруулж ирсэн тул иргэний үнэмлэх дээр болон иргэний бүртгэлийн байгууллагад бүртгэлтэй хаягаар нь нэхэмжлэлээ дахин гаргаж байна. Д.Тын хүсэлтээр бид хамт Праг хотоор аялаад, Германаар дамжин Италийн Венец, Ромоор аялалд явсан юм. TERMINI гэдэг Ромын вагоны вокзал дээр ачаа, тээшээ харж байя гэж Д.Т үлдээд унтаж, зүүрмэглэсэн түүний хайнга, болгоомжгүй үйлдлээс болж Г.Д миний үүргэвчинд байсан хэтэвч, европын оронд оршин суух үнэмлэх, гадаад паспорт, олон улсын виза картууд, бүх үнэт эдлэлүүд, гоёлын болон гоо сайханы хэрэгслэл, хувцаснууд, бусад эд зүйлс алга болж, 2.6 сая орчим төгрөг /EUR CZK ZL болгон авч явсан/ болон бусад зардал, Европын оронд оршин суух эрхийн үнэмлэх авах зардал зэрэг нийт 13.072.596 төгрөгний /Арван гурван сая далан хоёр мянга таван зуун ерэн зургаан төгрөг/ хохирол учраад байх тул эдгээр зардлыг зохих хэсэг 60% болох 7.843.554 төгрөг /Долоон сая найман зуун дөчин гурван мянга таван зуун тавин дөрвөн төгрөг/-ийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна.
Италийн Ром хотын TERMINI вагоны вокзал дээр ачаа, тээшээ харж байя гэж Д.Т үлдсэн. Хэрэв бид ачаа тээшээ аваад хоолонд хамт орсон бол миний үүрч явсан ягаан үүргэвч алдагдах явдал үүсэхгүй байсан. Д.Т нь ачаа, тээшээ харж байя гэсэн амлалтаа хэрэгжүүлэхгүй, ачаа тээшийг хадгалах үүргээ зохих ёсоор биелүүлээгүй бөгөөд намайг буцаж ирэхэд тэрээр унтаж, зүүрмэглэсэн байдалтай байсан. Энэ талаараа Д.Т нь Б.Мандалбаяр шүүгийн даргалж хийсэн иргэний хэргийн хуралдаан дээр дэлгэрэнгүй ярьсан. Хэрэгт бидний хооронд мессенжерт харилцсан баримтыг бас өгсөн байгаа. Хулгайд эд зүйл алдах болсон шалтгаан нь Д.Тын хайнга, болгоомжгүй үйлдэлтэй шууд холбоотой. Нийт 13.072.596 төгрөг /Арван гурван сая далан хоёр мянга таван зуун ерэн зургаан төгрөг/ хохирол учирсан ба эдгээр зардлыг зохих хэсэг 60% болох 7.843.554 төгрөг /Долоон сая найман зуун дөчин гурван мянга таван зуун тавин дөрвөн төгрөг/-ийг ИХ-ийн 497, 510 дугаар зүйлд зааснаар Д.Таас гаргуулж, Г.Д намайг хохиролгүй болгож өгнө үү.
Нэхэмжлэгч Г.Д миний Д.Тад хариуцуулан гаргасан гэрээний нэхэмжлэл нь гэрээний үүрэгтэй холбоотой учирсан хохирол юм.
Нэхэмжлэлийн шаардлагаа багасгаад эд зүйлээ алдсанаас нэмэлт гарсан зардал 375 ам.доллар буюу 875,421 төгрөг, алдагдсан эд зүйл 6,383,000 төгрөг болгосноос багасгаж 2,553,200 төгрөг, алдагдсан мөнгө 600 евро буюу 1,528,920 төгрөг, 7500 крон буюу 707,250 төгрөг, 5,664,791 төгрөг нэхэмжилж байгаа болно. Хариуцагчаас болж миний цүнх хулгайд алдагдсан тул гаргуулна. Италийн вокзал дээр хариуцагч нь миний цүнхийг харж байя гээд үлдсэн. Буцаад хүрээн ирэхэд ягаан цүнх алдагдсан байсан. Энэ дотор мөнгө, оршин суух үнэмлэх, хувцас хунар, гар утас гэх мэт зүйлс байсан. Хариуцагч нь харж үлдээд буцаад ирэхэд алга болсон байсан. Хариуцагч нь монголд ирээд хохирлыг барагдуулна гэсэн боловч барагдуулаагүй гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Д нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зохигчид хамтдаа аялалаар явсан байдаг. 2016.10.6-нд вокзал дээр ачаагаа алдсан. Үүнээс болж нэхэмжлэгчид хохирол үүссэн байгаа. Нэлээд хэд хоног цуг явсан байдаг. Хариуцагч нь нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж байна. Нэхэмжлэгчийг цүнхээ хараад байж байгаарай гэсэн бол төлнө, тэгж хэлээгүй тул төлөхгүй гэж байна. Мессенжер нь шаардлага хангахгүй гэж байгаа боловч 2 хүн цуг явж байгаад юмаа орхиод явахад хариуцагч нь нэхэмжлэгчийн ачааг харах үүрэг үүссэн гэж үзнэ. Иргэний хуулийн 422-д заасан харилцаа үүссэн. Бид анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа 13 саяыг нэхсэн боловч багасгасан байгаа. Нэхэмжлэгч нь алдсан зүйлийнхээ 40 хувийг л нэхэж байгаа. Хариуцагч нь тухайн үед зүүрмэглэж хайнга хандсаны улмаас цүнх алдагдсан. Улмаар цагдаагийн газар тэмдэглүүлсэн байгаа. Нэхэмжлэлийг Иргэний хуулийн 422, 228, 229-д заасныг баримтлан байгаа. 228, 229-д зааснаар 375 ам доллар нэхэмжилсэн юм. Иймд нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэв.
Хариуцагч Д.Т нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Г.Дгийн гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Д.Т миний бие нь 2016 онд Дгийн санал болгосоны дагуу Итали улс уруу аялалаар явсан. Д нь Итали улсад байхдаа өөрийн хариуцлагагүй болгоомжгүй байдлаас шалтгаалан цүнхээ алга болгосон. Тухайн цүнхэн дотор нь ямар эд зүйлс байсныг би мэдэхгүй байна. Аялалд явахаас өмнө Д нь надаас 6,000,000 төгрөг бизнестээ хөрөнгө оруулах зорилгоор зээлж авсан. Тухайн 6,000,000 төгрөгнөөс 3,000,000 төгрөгийг төлөөд үлдэгдэл 3,000,000 төгрөгийг хохиролд суутгаж авсан шалтгаанаар төлөөгүй байна. Миний бие нь зээлийн үлдэгдэл төлбөр гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс 2017 оны 07 дугаар сарын 21-ны 1638 тоот магадлалаар миний нэхэмжлэлийг хангасан. Иргэн Д нь нэхэмжлэлд гаргасан хохирлыг шүүхэд нотолж чадаагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Би цүнхийг харж үлдээгүй. Миний хажууд орхиод явсан байна лээ. Тэр хооронд алдагдсан байсан. Би цүнхийг хадгалъя гээгүй. Миний хөлний хажууд тавиаггүй надад харагдахгүй газар тавиад явсан байсан тул зөвшөөрөхгүй гэв.
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.Д нь хадгалалтын гэрээний үүрэг зөрчигдсөнөөс үүссэн гэм хорын хохиролд нийт 7,843,554 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, улмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагыг тодруулж, багасгаж гэрээний үүрэг зөрчигдсөнөөс учирсан хохиролд 4,789,370 төгрөг, гэм хор учруулсаны хохиролд 875,421 төгрөг, нийт 5,664,791 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч Д.Т нь би цүнхийг харж байх үүрэг хүлээгээгүй, надад мэдэгдэлгүйгээр, хэлэлгүй явах хооронд цүнх алдагдсан тул би хариуцахгүй гэж маргаж байна.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Зохигчид 2016 онд Итали болон Европын холбооны бусад улсаар хамт аяласан үйл явдлын талаар мараагүй. Улмаар аялаж байх хугацаанд Итали улсад нэхэмжлэгчийн ягаан өнгийн цүнх алдагдсан болох нь Итали хэлнээс орчуулагдсан 2016 оны 01 дугаар сарын 10-ны өдрийн хулгайн мэдүүлэг, тайлангаар тогтоогдож байна. /хэргийн 10-11 дүгээр тал/ Ийнхүү алдагдсан цүнх дотор нийт 6,383,000 төгрөгний эд зүйл, 1,528,920 төгрөгтэй тэнцэх 600 евро, 707,250 төгрөгтэй тэнцэх 7,500 крон буюу нийт 2,236,170 төгрөгтэй тэнцэх хэмжээний гадаад улсын валют байсан гэж нэхэмжлэгч тайлбарласан. Үүнээс нэхэмжлэгч нь эд зүйлийн хохиролд 2,553,200 төгрөг, мөнгө 2,236,170 төгрөг, нийт 4,789,370 төгрөгийг хадгалалтын гэрээний үүрэг зөрчигдсөнөөс үүссэн хохиролд нэхэмжилсэн. Хариуцагч нь цүнхэнд эдгээр зүйл байсан эсэхийг мэдэхгүй, хадгалах үүрэг хүлээгээгүй гэж маргаж байна.
Иргэний хуулийн 422 дугаар зүйлд заасан хадгалалтын гэрээгээр хадгалагч нь хадгалуулагчаас шилжүүлэн өгсөн хөдлөх эд хөрөнгийг хадгалах, өөрөөр хэлбэл түүний бүрэн бүтэн байдлыг хангах үүрэг хүлээдэг. Нэхэмжлэгч өөрийн алдагдсан цүнхийг хариуцагчид хадгалуулсан гэх боловч хариуцагч үүнийг үгүйгэсэн бөгөөд нэхэмжлэгч өөрийн тайлбарыг нотолж чадаагүй. Иймд алдагдсан цүнхийг хариуцагчид шилжүүлэн өгсөн гэж үзэх боломжгүй байна. Нэхэмжлэгч нь хэргийн 20 дугаар талд байгаа гэрэл зурагт хариуцагчийн хажууд алдагдсан ягаан өнгийн цүнх байгаа тул цүнхээ хадгалуулах зорилгоор хүлээлгэж /шилжүүлэн/ өгсөн гэж тайлбарласан. Гэвч хадгалалтын гэрээ нь нь хадгалагч болон хадгалуулагч нарын хүсэл зориг нийцэх буюу хүсэл зоригоо харилцан илэрхийлсэнээр байгуулагддаг. Өөрөөр хэлбэл эд зүйлийг дан ганц шилжүүлсэнээр хадгалалтын гэрээ байгуулагдсан гэж үзэхгүй. Иймд дээрх үндэслэлээр зохигчдын хооронд хадгалалтын гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлгүй юм. Нэгэнт хадгалалтын гэрээний харилцаа үүсээгүй тул хариуцагч нь алдагдсан ягаан цүнхийг хадгалах, бүрэн бүтэн байдлыг хариуцах үүрэггүй. Улмаар хариуцагч нь хадгалалтын гэрээний үүрэг хүлээгээгүй тул нэхэмжлэгч нь гэрээний үүрэг биелүүлээгүйгээс учирсан хохирол шаардах эрхгүй. Дээрх үндэслэлээр алдагдсан ягаан цүнхэд байсан эд зүйлийн хохиролд нэхэмжилсэн 4,789,370 төгрөгт холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. Түүнчлэн алдагдсан цүнхэн дотор нэхэмжлэлд дурдсан эд зүйлс байсан эсэх нь тогтоогдоогүйг дурдах нь зүйтэй.
Нэхэмжлэгч нь өөрийн эд зүйлийг алдасны улмаас бусдаас 875,421 төгрөгтэй тэнцэх 375 ам долларыг авсан гэж тайлбарласан. Улмаар хэрэв эд зүйлээ алдаагүй бол нэмэлт мөнгө авах шаардлагагүй. Өөрөөр хэлбэл энэхүү 875,421 төгрөг нь нэмэлт зардал юм гэж уг шаардлагын үндэслэлийг тодорхойлсон. Гэвч энэхүү 375 ам долларын зардал нь зайлшгүй гарах зардал бөгөөд нэхэмжлэгч өөрийн хэрэгцээнд зарцуулсан болох нь 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан нэхэмжлэгчийн таны Чех явах зардлыг хэн гаргах байсан бэ гэсэн асуултад Түмэнжаргал /Т/ даасан, би хэрэглээний зардалгүй байсан учир нөхрөөсөө мөнгө авсан, тэгээд 375 евро /ам доллар/-г хэрэгцээнд зарцуулсан гэх тайлбараар тогтоогдож байна. Эдгээрээс энэхүү 375 ам долларыг нэхэмжлэгч өөртөө зарцуулсан байх тул хариуцагчийн үйлдэл, эс үйлдэхүйгээс шалтгаалсан гэм хорын хохирол гэж үзэх үндэслэлгүй. Тодруулбал хариуцагч нь Иргэний хуулийн 422 дугаар зүйлд зааснаар үүрэг хүлээгээгүй тул үүргээ гэм буруутайгаар зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй. Улмаар гэм хорын хохирол арилгах үүрэг үүсэхгүй юм.
Дээрх үндэслэлийг бүхэлд нь нэгтгэн дүгнээд шүүх бүрэлдэхүүн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 422 дугаар зүйлийн 422.1, 228 дугаар зүйлийн 228.1-д заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч Д.Т-ад холбогдох гэрээний үүрэг зөрчигдсөнөөс учирсан хохиролд 4,789,370 төгрөг, гэм хор учруулсаны хохиролд 875,421 төгрөг, нийт 5,664,791 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Г.Д-гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчин төгөлдөр болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ГАНБОЛД
ШҮҮГЧИД Н.САРАНГҮН
Э.ЭНЭБИШ