Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 08 сарын 07 өдөр

Дугаар 101/ШШ2018/02631

 

 

 

 

 

 

2018 оны 8 сарын 07 өдөр Дугаар 101/ШШ2018/02631 Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө, өөрийн байранд байрлах Спирт бал бурам ХХК/ хуулийн этгээдийн регистрийн дугаар: /йн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, Баянмонгол хороолол, 416 дугаар байр, 66 тоот хаягт байрлах С ХХХК /хуулийн этгээдийн регистрийн дугаар: / болон

 

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, Баянмонгол хороолол, 416 дугаар байр, 66 тоот хаягт оршин суух, Шарнууд овогт Яйшийн С /регистрийн дугаар: /тус тус холбогдох,

 

Худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 24,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Болор-Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сэндэнхорол нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Спирт бал бурам ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Болор-Эрдэнэ шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Манай компани нь С ХХХК-тай Зээлээр худалдах-худалдан авах гэрээг 2016 оны 3 дугаар сарын 01-ний өдөр байгуулан өөрсдийн бүтээгдэхүүнийг нийлүүлсэн юм.

Тус компани нь өөрийн Эрхэм зоогийн газарт зээлээр худалдан авсан бүтээгдэхүүний үлдэгдэл төлбөр 20,000,000 төгрөгийг 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдөр төлөх үүргийг хүлээсэн болвч өнөөдрийг хүртэл биелүүлээгүй байна. Зээлээр худалдах-худалдан авах гэрээнд сар бүрийн 10, 30-ны өдрүүдэд төлөх ёстой байсан.

Гэрээний 6 дугаар зүйлийн 6.4-т худалдан авагч тал үүргээ биелүүлээгүй хоног тутам 0,3 хувийн алданги төлөх үүргийг хүлээсэн тул 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүртэл аданги 9,987,951 төгрөг, үндсэн төлбөр 20,000,000 төгрөг, нийт 29,987,951 төгрөгийг хариуцагчаар төлүүлэхээр нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Нэхэмжлэлийн шаардлагаа 17,500,000 төгрөг болгон багасгаж, алданги 7,000,000 төгрөг, нийт 24,500,000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулахаар шаардаж байна.

С ХХХК нь нэг үүсгэн байгуулагчтай тул Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасны дагуу үүсгэн байгуулагч нь хариуцлага хүлээх юм. Иймд С ХХХК болон үүсгэн байгуулагч хувьцаа эзэмшигч Я.С нараас төлбөрийг гаргуулж манай компанийг хохиролгүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагч С ХХХК шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.

СББ ХХК нь манай компанийг төлбөр тооцоо хийж байгаагүй гэсэн байна. Манай компани тодорхой хэмжээний төлбөр тооцоо хийж байсан. Энэ нь 2017 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 2 талын тооцоо нийлсэн актын дүн 18,200,000 төгрөг болон түүнээс хойш шилжүүлсэн баримтаар нотлогдоно. Мөн худалдааны төлөөлөгч болон Баяндалайд 255,000 төгрөгийг бэлнээр төлсөн.

2018 оны 8 дугаар сарын 07-ны өдөр хуралдах шүүх хуралдаанд хариуцагчийн төлөөлөгч Я.Батбаяр миний бие оролцох боломжгүй тул миний эзгүйд шүүх хуралдаанаар хэргийг шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй гэжээ.

 

Хариуцагч Я.С нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл эс зөвшөөрсөн хариу тайлбарыг шүүхэд гаргаагүй.

 

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Спирт бал бурам ХХК нь хариуцагч С ХХХК болон Я.С нарт холбогдуулан, худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 29,987,951 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Шүүх, хариуцагч Я.С д нэхэмжлэлийн хувийг гардуулж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрх, үүргийг тайлбарлаж өгсөн боловч хариуцагч Я.С нь шаардлагыг зөвшөөрсөн эсхүл эс зөвшөөрсөн хариу тайлбарыг шүүхэд гаргаагүй, хариуцагч С ХХХК-ийн төлөөлөгч Я.Батбаяр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч маргаж байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Болор-Эрдэнэ нь хэргийг хэлэлцэх шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагыг 24,500,000 төгрөг /үндсэн төлбөр 17,500,000 төгрөг, алданги 7,000,000 төгрөг/ хүртэл багасгаж хариуцагч нараас гаргуулахаар шаардсан.

Хэрэгт авагдсан, 2015 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн Зээлээр худалдах худалдан гэрээнээс үзэхэд худалдагч тал Спирт бал бурам ХХК нь худалдан авагч С ХХХК-д бүтээгдэхүүн борлуулж, худалдан авагч нь төлбөрийг сар бүрийн 10, 30-ны өдрүүдэд багтаан бэлнээр болон дансаар төлөхөөр талууд тохиролцжээ. Дээрх гэрээнд худалдан авагч талыг төлөөлж захирал ажилтай гэх Я.С оролцсон, гарын үсэг зурсан байх бөгөөд нэхэмжлэгч нь иргэн Я.Сүглэмаатай бус хуулийн этгээд С ХХХК-тай гэрээний эрх зүйн харилцаанд орсон байх тул хариуцагч Я.С д холбогдуулан нэхэмжлэлийн шаардлага гаргасан нь үндэслэлгүй болжээ.

Талуудын байгуулсан дээрх гэрээ нь Зээлээр худалдах-худалдан авах гэрээ нэртэй байх боловч Иргэний хуулийн 263 дугаар зүйлийн 263.2, 263.2.4-т тус тус зааснаар, гэрээнд заавал тусгагдах, төлбөл зохих хүүгийн хэмжээг талууд тохиролцоогүй, гэрээнд тусгаагүй байх тул энэхүү гэрээг Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан худалдах-худалдан авах гэрээ гэж үзнэ. Гэрээний талууд худалдах-худалдан авах гэрээний шинжийг агуулсан хүсэл, зоригоо илэрхийлж, төлбөрийн үүрэг зөрчигдөхөд анз төлөхөөр тохирч гэрээнд тусгасан зэрэг нь Иргэний хуулийн 243 дугаар зйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.1, 232.3-т тус тус заасантай нийцэж байх тул гэрээ хүчин төгөлдөр байна.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ. мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-т хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ, 232.4.Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй., 232.6.Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги... гэж тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй.

Хэрэгт авагдсан, Спирт бал бурам ХХК-иас бараа материал зээлээр авах тухай хүсэлт бүхий С ХХХК-ийн 2015 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 15/24 дугаар албан бичиг, 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн байдлаар Спирт бал бурам ХХК-д 20,000,000 төгрөгийн тооцооны үлдэгдэлтэй байгаа нь үнэн гэх Тооцооны батламж гаргах тухай С ХХХК-ийн 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 16/08 дугаар албан бичиг, 2015 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 2015 оны 3 дугаар сарын 31-ний өдрийг хүртлэх хугацаанд 19,246,313 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй гарсныг мөн оны 4 дүгээр сарын 03-ны өдөр талууд тооцоо нийлсэн акт, 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн байдлаар 22,248,606 төгрөгийн төлбөрийг 2016 оны 8 дугаар сарын 07-ны өдрөөс 2017 оны 3 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл хугацаанд хуваарийн дагуу төлөх тухай С ХХХК-ийн 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн хүсэлт, 2017 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн байдлаар 18,200,000 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй болохыг талууд харилцан баталгаажуулсан тухай тооцоо нийлсэн акт зэргээс үзэхэд худалдагч тал гэрээний үүргээ гүйцэтгэсэн худалдан авагч тал үүргээ биелүүлээгүй болох нь тогтоогдож байна.

Хариуцагч С ХХХК-ийн төлөөлөгч Я.Батбаяр нь Эрхэм кафе гэсэн утгаар 2017 оны 7 дугаар сарын 06-ны өдөр 50,000 төгрөг, 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр 100,000 төгрөг, 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдөр 50,000 төгрөг, 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 50,000 төгрөг, 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 50,000 төгрөг, 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 50,000 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 03-ны өдөр 50,000 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 50,000 төгрөгийг Спирт бал бурам ХХК-ийн 5020102297 дугаар данс болон тус компанийн борлуулагч Батаахүүгийн Баяндалайгийн 5925195594 дугаар дансанд шилжүүлсэн Мөнгөн шилжүүлгийн баримтуудыг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хүлээн зөвшөөрч нэхэмжлэлийн шаардлага 29,987,951 төгрөгийг багасгасан болохыг дурдах нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2 дах хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-д тус тус заасныг баримтлан хариуцагч С ХХХК-иас 24,500,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Спирт бал бурам ХХК-д олгож, хариуцагч Я.С д холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 59 дүгээр зүйлийн 59.4, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 307,889 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч С ХХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 280,450 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Спирт бал бурам ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАА