Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 101/ШШ2017/01580

 

 

 

 

2017 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 101/ШШ2017/01580

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: хххххххххдугаар хороо, Ө ХХК-ийн /РД: 00000/ нэхэмжлэлтэй

Хариуцагч: хххххх дугаар хороо, 39-68 тоот, Б ХХК-д /РД:00000/ холбогдох

33.126.750 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Найдантүвшин,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч З.Алтангэрэл,

Хариуцагч Б ХХК-ийн захирал С.Э,

Гэрч Н.А,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Өнөржаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ө ХХК-ийн захирал З.Ш шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Найдантүвшин шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч Ө ХХК нь Б ХХК-тай 2015 оны 5 дугаар сарын 27ны өдөр 015/7 тоот бетон зуурмаг бэлтгэн нийлүүлэх гэрээ байгуулсан. Уг гэрээний дагуу тус компанид нийт 22.084.500 төгрөгийн үнэ бүхий, нэгж нь 136.000 төгрөгийн үнэтэй, 162 м.куб бетон зуурмаг нийлүүлсэн.

Тус бетон зуурмагийг 2015 оны 5 дугаар сарын 27-ны өдрөөс 2015 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн хооронд бүтээгдэхүүнээ нийлүүлэн тооцоо нийлсэн. Худалдан авагч Б ХХК нь бүтээгдэхүүний үнийг дансаар болон бэлнээр төлөх үүрэгтэй байсан ба бүтээгдэхүүн хүлээн авсан атлаа мөнгийг нь төлөөгүй.

Хариуцагч Б ХХК-ийн захирал С.Э нь 2015 оны 8 дугаар сарын 18-ны өдөр тус компани дээр өөрөө ирээд тооцоо нийлье гэсний дагуу авсан бетон зуурмагийнх нь тооцоог нийлсэн. С.Э захирал өнөөдөр төлбөрөө заавал хийнэ, нэмэгдсэн өртгийн албан татварын падааныг нь бичээд өгөөч гэж гуйсан.

Нягтлан бодогч захирал руу утасдаад асуухад итгэлтэй байгууллага учир хийгээд өгчих гэсний дагуу бичиж өгсөн. Түүнээс биш манай компанид төлөх мөнгийг өөр хүнд төлсөн байхад манайх авсан гэж баримт бичиж өгөхгүй.

Гэрээний хугацаа 2015 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөр дуусгавар болсон ба төлбөрөөс огт төлөөгүй өнөөг хүрсэн тул гэрээний 2.3-т заасны дагуу алданги 11.042.250 төгрөг, бетон зуурмагийн үнэ 22.084.500 төгрөг, нийт 33.126.750 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Б ХХК-ийн захирал С.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

2015 оны 5 дугаар сард манай компанид бетон зуурмаг шаардлагатай үе байсан. Манай компани тэр үед Одкон ХХК-ийн туслан гүйцэтгэгчээр ажиллаж байсан ба Баянгол зочид буудлаас Драмын театр хүртэл төвийн магистраль шугам солих ажлыг гүйцэтгэхээр болсон байсан. Энэ ажилтай холбоотой манай компанид бетон зуурмаг хэрэг болоод байсан бөгөөд Н.А бетон зуурмаг хэрэгтэй бол эднийтэй гэрээ байгуул гээд би Ө ХХК-тай 2015 оны 5 дугаар сарын 27-ны өдөр бетон зуурмаг бэлтгэн нийлүүлэх гэрээ байгуулан бетон зуурмагаа авч эхэлсэн.

Н.А нь намайг тус компанитай гэрээ байгуулахад хажууд байсан бөгөөд Н.А намайг бетон зуурмагынхаа мөнгийг надад өгөөд байгаарай би эдний компанийн захирлуудаас авлагатай гэсэн.

Ө ХХК-иас хүлээн авсан бетон зуурмаг болон түүний үнийн талаар маргаан байхгүй. Манай компани эдний компаниас нийт 22.084.500 төгрөгийн бетон зуурмаг авсан.

Одкон ХХК-иас санхүүжилт орж ирснээр манай компани бетон зуурмагийнхаа мөнгийг Н.Аэд төлдөг байсан ба мөнгө орж ирэхгүй хэд хоноход л Н.А утасдаад байдаг байсан.

Би Н.Аийг манай авсан бетон зуурмагийн төлбөрийн асуудлаар тохиролцсон гэж бодож байсан. Үгүй гэдгийг надад шүүхээс зарлан дуудах хуудас ирснээр мэдсэн. Н.Аийг үүнийхээ учрыг ол гээд 2017 оны 4 дүгээр сарын 5-ны өдрөөс хойш шаардсан. Ө ХХК-ийн захирал З.Ш гэж хүн утсаа авахгүй юм билээ гэв.

 

Зохигчдын тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ө ХХК нь хариуцагч Б ХХК-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлтэд 33.126.750 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.

/бетон зуурмагийн үнэ 22.084.500 төгрөг, алданги 11.042.250 төгрөг, нийт 33.126.750 төгрөг/

 

Нэхэмжлэгч Ө ХХК нь хариуцагч Б ХХК-тай 2015 оны 5 дугаар сарын 27-ны өдөр бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ байгуулсан ба уг гэрээгээр худалдагч Ө ХХК нь худалдан авагч Б ХХК-д М200 маркийн бетон зуурмагыг 1 метр кубыг нь 136.000 төгрөгөөр нийлүүлэхээр, худалдан авагч бүтээгдэхүүний үнийг хүлээн авсан өдрөөсөө хойш 3 хоногийн дотор төлөхөөр, гэрээний хугацааг 2015 оны 7 дугаар сарын 1-ний өдөр хүртэл гэж харилцан тохирчээ.

/ХХ-ийн 5-8 дугаар тал/

 

2015 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээнд талууд хүсэл зоригын илэрхийлэлээ болгон гарын үсгээ зуран, байгууллагын тамгаа даран баталгаажуулсан, хуулийн шаардлага хангасан тул хүчин төгөлдөр хэлцэл гэж үзэв.

/ХХ-ийн 5-6, 5 дугаар хуудасны ар тал/

 

Хариуцагч Б ХХК нь 2015 оны 5 дугаар сарын 27-ны өдрөөс 2015 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн хооронд нийт 12 удаа, 22.084.500 төгрөгийн бетон зуурмаг авсан нь 2015 оны 8 дугаар сарын 18-ны өдөр талуудын тооцоо нийлсэн баримтаар тогтоогдож байх ба Б ХХК нь хүлээн авсан бетон зуурмагийн хэмжээ болон үнийн талаар маргаагүй болно.

/ХХ-ийн 7 дугаар тал /

 

Н.Адбилбиш 2017 оны 5 дугаар сарын 8-ны өдөр өгсөн гэрчийн мэдүүлэгтээ:

2015 оны 5 дугаар сард н.Гансэлэм гэх хувиараа бизнес эрхэлдэг танил маань зуурмаг авах хүн байна уу гэсэн. Б ХХК-ийн захирал С.Э авна гэсэн бөгөөд н.Гансэлэм нь Ө ХХК-тай гэрээ байгуулчих , би Ө ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн дарга н.Бат-Өлзийгөөс 20.000.000 төгрөг авах ёстой гэсэн бөгөөд мөнгийг нь аваад надад өгөөрэй гэсэн. С.Э нь бетон зуурмаг худалдан авсан 22.084.500 төгрөгөө надад өгсөн. Би мөнгийг нь н.Гансэлэмд өгсөн. Энэ асуудлын учрыг олох гээд тус компанийн захирал З.Штэй холбогдох гэсэн боловч утсаа авсангүй гэжээ.

 

Нэмэгдсэн өртгийн албан татварын падаан гэдэг нь тухайн төлбөр тооцоо хийснийг нотлох он, сар, өдөр ... бүхий ... цаасан болон цахим баримтыг хэлэх ба хариуцагч Б ХХК-ийн тухайн өдрөө төлбөрөө төлнө гэх хүсэлтийг үндэслэн 2015 оны 8 дугаар сарын 18-ны өдөр нэмэгдсэн өртгийн падааныг олгосон ч төлбөрөө төлөөгүй хэмээн нэхэмжлэгч тал шүүхийн хэлэлцүүлэгт тайлбарласныг хариуцагч Б ХХК нь үгүйсгээгүй ба тус компани худалдан авсан бүтээгдэхүүний үнийг гэрээ байгуулсан компанид бус өөр этгээдэд өгсөн гэж үзэхээр байна.

 

Компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн даргын иргэний хувьд бусдад төлөх төлбөрийг тухайн компанийн бусдад борлуулсан бүтээгдэхүүний төлбөрөөс тооцон суутган авах нь үндэслэлгүй бөгөөд хувь хүний өр төлбөрийг компани хариуцахгүй.

Нэхэмжлэгч Ө ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн даргын иргэний хувьд бусдад өгөх өр төлбөр нь нэхэмжлэгч байгууллагын бусдаас гэрээний дагуу авах авлагыг шийдвэрлэхэд саад болохгүй.

Хариуцагч Б ХХК нь нэхэмжлэгч Ө ХХК-ийн удирдлагууд бусдад өр төлбөртэй гэсний дагуу бүтээгдэхүүний үнийг Н.Аэд өгсөн гэх ба тэрээр энэ талаарх бичгийн баримтаа ирүүлээгүй тул хариуцагч байгууллагыг худалдан авсан барааны үнийг төлсөн гэж үзэхгүй.

 

Худалдагч Ө ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж бүтээгдэхүүнийг хүлээлгэн өгсөн ба худалдан авагч буюу хариуцагч Б ХХК нь худалдан авсан бараа, бүтээгдэхүүнийхээ үнийг төлөх үүргээ биелүүлээгүй байна.

 

Талуудын хооронд байгуулсан гэрээний 2.3-т Захиалагч тал төлбөрийг цутгалт хийгдсэнээс хойш 3 хоногийн дотор нийлүүлэгч талын Худалдаа хөгжлийн банкны хххххххтоот дансанд болон бэлнээр хийнэ. Хоног хэтрүүлсэн тохиолдолд хэтэрсэн хоног тутам 0,5 хувийн алдангийг нэмж төлнө,

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн,232.4-т ... алданги ... гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй, 232.6-д Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж тус тус заажээ.

 

Хэргийн 7 дугаар талд заасан хувиараар бетон зуурмаг худалдан авсантай хариуцагч Б ХХК нь маргаагүй бөгөөд худалдан авагч нь гэрээний 2.3-т заасны дагуу төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй тул алдангийг хуульд нийцүүлэн тооцлоо.

Хариуцагч Б ХХК-ийн гүйцэтгэх ёстой үүрэг 33.126.750 төгрөг болно.

-Бетон зуурмаг 1 м3 нь 136.000 төгрөг,

-Бетон зуурмаг нийт үнэ 22.084.500 төгрөг,

-Алданги 11.042.250 төгрөг.

 

Иймд хариуцагч Б ХХК-иас 33.126.750 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ө ХХК-д олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т зааснаар хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтыг шүүхэд ирүүлэх үүрэгтэй бөгөөд хариуцагч Б ХХК-ийн захирал 2017 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр нэхэмжлэлийг хүлээн авсан боловч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтыг шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй, хуулиар тогтоосон хугацаанд бичгээр тайлбар өгөөгүй болохыг дурьдлаа.

 

Хариуцагч Б ХХК нь өөрийн компанид хохирол учирсан гэж үзвэл энэ талаараа нэхэмжлэл гаргах эрхтэй.

 

Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-т зааснаар хариуцагч Б ХХК-иас 33.126.750 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ө ХХК-д олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Ө ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 323.584 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б ХХК-иас 323.584 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ө ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

 

                                         

                                     ДАРГАЛАГЧ                                   Н.САРАНГҮН