| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Данзангийн Адъяасүрэн |
| Хэргийн индекс | 308/2025/0048/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/52 |
| Огноо | 2025-02-24 |
| Зүйл хэсэг | 17.8.1., |
| Улсын яллагч | Д.Зуунай |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 02 сарын 24 өдөр
Дугаар 2025/ШЦТ/52
2025 02 24 2025/ШЦТ/52
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Адъяасүрэн даргалж
Нарийн бичгийн дарга Г.Хосбаяр
Улсын яллагчаар хяналтын прокурор Д.Зуунай
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөр өмгөөлөгч М.Эрдэнэчимэг
Шүүгдэгч Х.О нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд хаалттай явуулсан хуралдаанаар аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Зуунайгаас хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2519000000019 дугаартай хэргийг 2025 оны 02 сарын 20-ны өдөр хүлээн авч 2025 оны 01 сарын 13-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Х.О
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Х.О нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар: Шүүгдэгч Х.О нь 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Дорноговь аймгийн Мандах сумын 1 дүгээр баг Тэмээн сухай гэх газарт “уурхайн тээврийн хэрэгслүүд зам гаргаад, адуу мал үргээгээд байна машиныг явуулахгүй” гэх шалтгааны улмаас жолооч нартай маргалдаж “.....” ХХК-ийн эзэмшлийн .....улсын дугаартай Тоёота Ланд Крусер-76 маркийн тээврийн хэрэгслийн урд талын салхины шилийг гараараа цохиж хагалан бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасны улмаас 420,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Бүтэнбаярын мэдүүлэг (хх-ийн 9-10 дугаар тал), гэрч Б.М мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Кемпээс гараад 3 орчим км явж байхад малчин Х.О зогсоогоод “Энэ замаар явахгүй шинэ зам гаргалаа мал тэмээ дайрсан” гэх зэргээр элдэв янзаар доромжлон бид нартай хэрэлдээд бид нар машин дотроо байхад газраас үзүүртэй гарын атганд багтахаар чулуугаар 2-3 удаа жолооч талын машины урд салхины шил рүү хүчтэй цохиж цуулж хагалсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 16-17 дугаар тал/, Ашид билгүүн ХХК-ний 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 911223 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 18-21 тал/, яллагдагч Х.Оын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...тухайн машинууд нь өдөр болгон мал үргээж элдээд, сигнаалдаж туугаад байхаар нь гэрийн хажуу талын замаар явуулахгүй гээд машинуудыг зогсоож уулзсан. “Чамд хамаагүй, бид нар энэ замаар явах ёстой, чи хэн юм бэ” гэсэн. Тэгээд би явуулахгүй гээд маргалдаж байгаад “дахиж энэ замаар явахгүй шүү” гээд цонхон дээр нь гараа тавьсан бөгөөд тухайн үед цонх нь цанатай байсан болохоор хагарсан байх...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 40-41-р тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас яллах дүгнэлтэд тусгасан шинжлэн судалснаар тооцуулсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Шүүгдэгч Х.Оын үйлдлийн улмаас “.....” ХХК-ийн эзэмшлийн .....улсын дугаартай тээврийн хэрэгсэлд бага хэмжээнээс дээш хэмжээний буюу 420.000 төгрөгийн хохирол учирсан байх бөгөөд бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсэн үйлдэл, хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Шүүгдэгч Х.О нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Х.Оын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасантай нийцсэн, бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгах, гэмтээх гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул шүүгдэгч Х.Оыг ”бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
Хохирол төлбөрийн талаар: Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Х.О нь хохирогч “.....” 420000 төгрөгийг төлсөн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлагын талаар: Шүүгдэгч Х.Оыг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг баримтлан шүүгдэгч Х.От 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох оногдуулж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.
Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Зуунай нь шүүгдэгч Х.От холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээр тогтоол гаргаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийн зүйлчлэл, түүнд оногдуулах ялын төрөл, хэмжээний тухай саналыг шүүгдэгчид танилцуулсан байх ба шүүгдэгч хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байна.
Прокуророос санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгчийн санхүүгийн чадвар, төлбөрийн чадвар, ам бүлийн байдал зэргийг харгалзан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.
Бусад асуудлаар: Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхийг тус тус дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 , 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Б овогт Х.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.От 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.От оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд төлүүлэхээр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.О нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, хяналт тавихыг Дорноговь аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.От урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.АДЪЯАСҮРЭН