Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 2025/ШЦТ/59

 

 

 

 

 

 

 

 

   2025        03             07                                                     2025/ШЦТ/59

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                         

 

Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч  Д.Адъяасүрэн даргалж

 Нарийн бичгийн дарга Г.Хосбаяр

 Улсын яллагчаар хяналтын прокурор Ц.Цэрэндулам

 Шүүгдэгч Л.Ц, түүний өмгөөлөгч С.Шинэбаяр нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Цэрэндуламаас яллах дүгнэлт үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2519000000018 дугаартай хэргийг 2025 оны 02 сарын 25-ны өдөр хүлээн авч 2025 оны 03 сарын 07-ны өдөр хянан хэлэлцэв.

 

   Шүүгдэгчийн биеийн байцаалт:

               Монгол улсын иргэн, Л.Ц

 

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Л.Ц  2024 оны 12 дугаар сарын 23-ны өдөр А.Мтай хувийн таарамжгүй харилцааны улмаар маргалдан түүний нүүр рүү гар утсаа шидсэний улмаас түүний эрүүл мэндэд хамар ясны хугарал, хамрын таславчийн хугарал, баруун, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, баруун нүдний зовхи, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт  дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

 Шүүгдэгч Л.Цгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Хохирогчид 3,000,000 төгрөгийг өгөхөөр тохиролцсон. Үүнээс 1,000,000 төгрөгийг өгсөн. Хохирогчтой нэг байгууллагад ажилладаг. Одоо зүгээр харилцаж байгаа. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг

 Хохирогч А.Мы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдөр ...Л.Ц бид хоёр ер нь таардаггүй маргалдаад байдаг болохоор тэр үед үл ялих зүйлээс болж маргалдсан...Тэгтэл машины хойд талын суудал дээр сууж байхад урд талын жолоочийн хажуу талын суудлаас утсаа миний нүүрэн тус газар савчихсан. Тэр үед хамарны дээд хэсэгт оногдсон. Би тэгс гээд өнгөрөөгөөд яршиг даа гэж бодоод амартал маргааш нь миний 2 нүд хавдаад 2 нүд хөхөрчихсөн..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 10-р дугаар тал/

Дорноговь аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 0725/16 дугаартай "...А.Мы биед хамар ясны хугарал, хамрын таславчийн хугарал, баруун, зүүн нүдний дээд, доод цус хуралт баруун нүдний зовхи, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Учирсан гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой байна. 3.Учирсан гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэгт хамаарна...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 15-р тал/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 23-р тал/ болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар: Шүүгдэгч Л.Ц нь 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдөр А.Мтай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан  түүний нүүр рүү гар утсаа шидсэний улмаас  эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, хамрын таславчийн хугарал, баруун, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, баруун нүдний зовхи, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хохирогч А.М-ы  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2024 оны 12 дугаар сарын 23-ны өдөр ...Л.Ц бид хоёр ер нь таардаггүй маргалдаад байдаг болохоор тэр үед үл ялих зүйлээс болж маргалдсан...Тэгтэл машины хойд талын суудал дээр сууж байхад урд талын жолоочийн хажуу талын суудлаас утсаа миний нүүрэн тус газар савчихсан. Тэр үед хамарны дээд хэсэг оногдсон. маргааш нь миний 2 нүд хавдаад 2 нүд хөхөрчихсөн..." гэсэн мэдүүлэг, Дорноговь аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 0725/16 дугаартай дүгнэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас яллах дүгнэлтэд тусгасан шинжлэн судалснаар тооцуулсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай  ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд бусдын эрүүл мэндэд Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтлийг санаатайгаар учруулсан идэвхтэй үйлдэл байдаг бөгөөд энэ гэмт хэрэг нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.

 

Шүүгдэгч Л.Цгийн үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд тэрээр хохирогчийн эрх чөлөөнд халдаж, хөнгөн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр хүний эрүүл мэндэд хохирол учруулсан гэж үзнэ.

 

Шүүгдэгч Л.Ц нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нөхцөл байдал бүрэн хангагдсан гэж дүгнэлээ.

 

            Иймд шүүгдэгч Л.Ц нь хохирогч А.Мы нүүр рүү гар утсаа шидсэний улмаас  эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул тус зүйл, хэсгээр гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх  үндэслэлтэй байна.

 

            Хохирол төлбөрийн талаар: А.Мы эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь шүүгчийн туслахтай утсаар холбогдон эмчилгээний зардал болон бусад хохиролд 3,000,000 төгрөг нэхэмжилсэн болохыг шүүгчийн туслах Ж.Одтуяагаас шүүх хуралдааны тов мэдэгдсэн баримтад тусгасныг шүүгдэгч Л.Ц төлөхийг зөвшөөрч  1,000,000 төгрөгийг шүүхийн хэлэлцүүлгийн шатанд төлж, үлдэх  2,000,000 төгрөгийг төлөхөөр тохиролцсон болохоо мэдүүлж байх тул нэхэмжлэлээс үлдэх 2,000,000 төгрөгийг гаргуулан олгохоор шийдвэрлэв.

 

Эрүүгийн хариуцлагын  талаар: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч Л.Ц гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Улсын яллагчаас шүүгдэгч Л.Цд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.

 

Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Цэрэндулам нь шүүгдэгч Л.Цд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээр тогтоол гаргаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэргийн зүйлчлэл, түүнд оногдуулах ялын төрөл, хэмжээний тухай саналыг шүүгдэгчид танилцуулсан байх ба шүүгдэгч хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байна.

Прокуророос санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Бусад асуудлаар: Шүүгдэгч Л.Ц нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 , 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10  дугаар зүйлүүдэд заасныг тус тус  удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

  1.Шүүгдэгч А овогт Л.Цг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

           2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Цд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

            3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Цд оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд төлүүлэхээр тогтоосугай.

 

          4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Ц нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, хяналт тавихыг Дорноговь аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

            5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Цгаас 2,000,000 төгрөг гаргуулан хохирогч А.Мд олгосугай.

 

            6.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг  дурдсугай.  

 

            7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Цд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Д.АДЪЯАСҮРЭН