Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 101/ШШ2022/01607

 

 

 

 

 

 

 

 

 

    2022        04          08                                     101/ШШ2022/01607         

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цолмонгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Х.О-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Э.Г-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 302,101,050 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.А,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Б,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хатантуул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Х.О нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон  түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.А, өмгөөлөгч С.Б нар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Миний бие Х.О нь 2018 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр иргэн Э.Г-тай 150,000,000 төгрөгийн үнийн дүнтэй зээлийн гэрээ байгуулж нотариатаар гэрчлүүлсэн.

Зээлийн гэрээний хугацаа 4 сар, эхний 2 cap хүү тооцохгүй, 3 дах сараас эхлэн сарын 2 хувийн хүүтэй, үндсэн зээлийг эргэн төлөх хуваарьт хугацаанд төлөөгүй тохиолдолд хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0,5 хувь алданги тооцохоор харилцан тохиролцож, мөнгийг бэлнээр олгосон.

Гэтэл Э.Г нь гэрээнд заасан хугацаандаа зээлийн төлбөрөө төлөөгүй бөгөөд 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Х.О-ийн хувь эзэмшдэг “Б” ХХК-ийн данс руу 50,000,000 төгрөг шилжүүлсэн. Үүний дараа Э.Г-тай холбогдож, зээлийн төлбөрөө төлөхийг удаа дараа шаардсан боловч гэрээний үүргээ биелүүлэлгүйгээр өдийг хүрсэн.

Талууд гэрээгээр хүү тооцохоор тохиролцсон, ингэхдээ гэрээний 2 дугаар зүйлийн 2.3, 2.4, 4 дүгээр зүйлийн 4.3-т заасныг үндэслэн хүүг шүүхэд нэхэмжлэл гаргасан өдрийг хүртэл хугацаагаар нэхэмжилж байна. Энэхүү заалтаар гэрээний хугацаа дууссан боловч зээлдэгч зээлийн төлбөрийг бүрэн төлж дуусах хүртэл хугацаагаар гэрээний хугацаа үргэлжилнэ. Зээлийн гэрээний хугацаа дууссан нь гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчийг зээлийн төлбөр төлөхөөс чөлөөлөхгүй. Зээлийн үндсэн зээл, хүүгийн аль нэгийг төлөөгүй бол зээл хугацаандаа төлөөгүй гэж, гэрээнд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болж, гэрээний нөхцөл биелэгдсэнээр дуусгавар болно гэж заасан.

Талуудын уг тохиролцоог Иргэний хуулийн 189 дүгээр зүйлд заасны дагуу  талуудын чөлөөт байдлын зарчимд харшлахгүй, нийцэж байгаа бөгөөд гэрээний оролцогчдын тохиролцоог тэдний өмнөөс хэн ч өөрчлөх боломжгүй юм.

Үүнийг нэхэмжлэгч, хариуцагч нар харилцан тохиролцсон тул бид зээлийн гэрээний хугацааны талаар ярих шаардлагагүй тул гэрээний 2.3, 2.4. 4.3-т зааснаар зээлийн гэрээний хүүг шаардах эрхтэй гэж үзэж байна.

2018.06.14-ний өдрөөс 2020.01.03-ны өдрийг хүртэлх хугацаанд 150,000,000 төгрөгийн 2 хувийн хүүг 3,000,000 төгрөгөөр тооцож, 18 сар, 20 хоногийн хүүг нэхэмжилсэн, 20 хоногийн хүүг 2,000,000 төгрөгөөр бодсон, 2020.01.03-ны өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргасан 2021.10.05-ны өдрийг хүртэлх хугацаанд 100,000,000 төгрөгийн 2 хувийн хүүг 2,000,000 төгрөгөөр тооцож 21 сарын хүү, нийт 39 сарын хүү тооцсон.

 Гэрээгээр хүүг үргэлжлүүлэн тооцно гэсэн үг байхгүй боловч тооцохгүй гэсэн үг байхгүй, үүнд зээлдүүлэгчийн хүү авах хүсэл зоригийг анхаарах ёстой. Хэрэв зээлийн гэрээний хугацаа дууссан тохиолдолд хүү тооцогдохгүй гэсэн бол шууд шүүхэд нэхэмжлэл гаргах байсан.

Зээлийн гэрээний хугацааг 4 сар гэж үзэх юм бол Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1.1-д зааснаар хариуцагч нь үүргээ хугацаанд нь биелүүлээгүй хугацаа хэтрүүлсэн гэж үзэж байна.

Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.5-т: “Мөнгөн төлбөрийн үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй бол үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн хугацаанд тохирсон хүү төлөх үүрэгтэй” гэж заасны дагуу хариуцагч Э.Г нь өнөөдрийг хүртэл зээлийн төлбөрөө төлөөгүй байгаа учраас шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэлх хугацаагаар тооцож хүү нэхэмжилсэн.  

Иймд хариуцагч Э.Гаас зээлийн гэрээний үүрэгт үлдэгдэл төлбөр 100,000,000 төгрөг, зээлийн хүүний төлбөр 101,400,700 төгрөг, алданги 100,700,350 төгрөг, нийт 302,101,050 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Э.Г-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б шүүхэд болон шүүх хуралдаанд татгалзлын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Х.О нь зээлийн гэрээний үлдэгдэл 100,000,000 төгрөг, зээлийн гэрээний хүүний төлбөр 101,400,700 төгрөг, алданги 100,700,350 төгрөг, нийт 302,101,050 төгрөг нэхэмжилжээ.

Нэхэмжлэлийн шаардлагаас зээлийн гэрээний үлдэгдэл 100,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна.

Талуудын хооронд 2018.04.14-ний өдөр 4 сарын хугацаатай зээлийн гэрээ байгуулагдсан, гэрээний хугацаа дууссан байна. Энэхүү гэрээгээр 150,000,000 төгрөгийг, сарын 2 хувийн хүүтэй, эхний 2 сар буюу 2018.04 сар, 2018.05 сард тус тус хүү тооцохгүй, харин гэрээний нөхцлийн дагуу 2018.06 сар, 2018.07 сард хүү тооцогдох ёстой гэж үзэж байна.

Нэхэмжлэгч нь гэрээний дагуу алдангид 100,700,350 төгрөг нэхэмжилснийг зөвшөөрөхгүй. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т зааснаар анз нь торгууль алданги гэсэн хэлбэртэй байна, анзийн нийт дүн нь гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэсний дагуу үндсэн зээлийн үлдэгдэл  100,000,000 төгрөг, 2 сарын хүү 6,000,000 төгрөг, гүйцэтгээгүй үүрэг 106,000,000 төгрөгийн 50 хувиар тооцоход 53,000,000 төгрөг болно.

Үүнээс үзэхэд зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл, зээлийн хүү, алдангийн хамт 159,000,000 төгрөг төлөх үүрэгтэй, үлдэх хэсгийг төлөх үндэслэлгүй байна.

Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.3, 2.4-т гэрээний хугацаа дууссан боловч зээлдэгч зээлийн төлбөрийг бүрэн төлж дуусах хүртэл хугацаагаар гэрээний хугацаа үргэлжилнэ гэснээс хүү тооцно гэсэн агуулга байхгүй. Энэ нь зээлийн үндсэн төлбөр төлөх, төлөхгүй бол алданги тооцох эрх зүйн нөхцөл үүсгэж байхаас биш зээлийг төлж дуусгах хүртэл хүү тооцно гэсэн агуулга гэж үзэхгүй юм.

Зээлийн гэрээгээр хүүг хэлэлцэн тохиролцсон уу гэвэл тохиролцсон, гэрээний дээрх заалт  нь зээлдэгч гэрээний дагуу зээлийн төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй бол төлөх хүртэл хугацаагаар алданги тооцохоос бус гэрээний хугацаа дууссанаас хойш хүү тооцох эрхийг нэхэмжлэгчид олгосон зүйл байхгүй гэж үзэж байна.

Иймд нэхэмжлэгч Х.О-ийн нэхэмжлэлээс үндсэн зээлийн үлдэгдэл 100,000,000 төгрөг, 2 сарын хүү 6,000,000 төгрөг, алданги 53,000,000 төгрөг, нийт 159,000,000 төгрөгийг зөвшөөрнө, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Нотлох баримтын тухайд:

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Х.О-ийн иргэний үнэмлэхийн хуулбар, 2018.04.14-ний өдрийн зээлийн гэрээний хуулбар болон мөнгө хүлээлцсэн баримт, “ХААН банк” ХХК дахь 0 тоот дансны 2020.01.03-ны өдрийн хуулга, “Б” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Х.О-ээс Ц.А-д олгосон итгэмжлэл, хууль зүйн мэргэжлийн туслалцаа үзүүлэх гэрээ /хх-ийн 3-11, 30, 63/ зэрэг баримтуудыг,  

Хариуцагчаас Э.Г-аас Ж.Б-д олгосон итгэмжлэл, хариу тайлбар, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хх-ийн 30, 35, 43, 77-78/ зэрэг баримтуудыг тус тус шүүхэд ирүүлсэн.

 

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан дээр дурдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Х.О нь хариуцагч Э.Г-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 302,101,050 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан, хариуцагч зарим хэсгийг зөвшөөрөхгүй маргасан.

 

Нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

 

Талуудын хооронд 2018 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Х.О нь 150,000,000 төгрөгийг, 2018 оны 08 дугаар сарын 14-ний өдөр хүртэл, 4 сарын хугацаатай, зээлийн гэрээний эхний 2 сар буюу 2018 оны 04 дүгээр сарын 14-ний өдрөөс 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдөр хүртэл хугацаанд хүү тооцохгүй, 3 дахь сараас эхлэн хүү сарын 2 /хоёр/ хувь байх,

Э.Г нь зээлийг, хүүгийн хамт хугацаанд нь эргүүлэн төлөх, 

зээлдүүлэгч нь зээлийг эргүүлж төлөх хугацааг хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцож зээлдэгчээр төлүүлэхээр тохиролцсон зээлийн гэрээ байгуулагджээ. /хх-ийн 5-7/

 

Дээрх зээлийн гэрээний зээлдүүлэгч талд Х.О, зээлдэгч талд Э.Г нар гарын үсэг зурсан, гэрээний зүйл 150,000,000 төгрөгийг бэлэн хүлээлгэн өгч, хүлээн авсан талаарх баримт үйлдсэн байна. /хх-ийн 8/

 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д: “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ”,

282 дугаар зүйлийн 282.4-т: “Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно” гэж заажээ.

 

Үүнээс үзэхэд талуудын хооронд 2018 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр зээлийн гэрээ байгуулагдсан, зээлдүүлэгч нь гэрээний зүйл 150,000,000 төгрөгийг зээлдэгчийн өмчлөлд шилжүүлсэн, зээлдэгч нь зээлийн гэрээний үүрэгт 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр үндсэн зээл 50,000,000 төгрөгийг зээлдүүлэгчид  буцаан өгсөн нь ХААН банк ХХК-ийн депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар тогтоогдож байх ба зохигч үүнтэй маргаагүй. /хх-ийн 9/

 

Нэхэмжлэгч нь талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 2.3, 2.4, 4.3, Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.5-т тус тус зааснаар зээлдэгч нь мөнгөн төлбөрийн үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй тул тэрээр хэтрүүлсэн хугацаанд тохирсон хүү төлөх үүрэгтэй, гэрээний хугацаа дууссан нь түүнийг зээлийн төлбөр төлөхөөс чөлөөлөх үндэслэл болохгүй тул шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл хугацаагаар хүү, алданги нэхэмжилсэн нь үндэслэлтэй гэжээ.  

 

Хариуцагч нь зээлийн гэрээний дагуу тохирсон хугацааны хүү төлөх үүрэгтэй, зээлдэгч зээлийн төлбөрийг бүрэн төлөх хүртэл хугацаагаар гэрээ үргэлжлэх гэдэг нь зээлийн үндсэн төлбөр төлөх, төлөхгүй бол алданги тооцох нөхцөл үүсгэхээс бус үүрэг дуусгавар болох хүртэлх хугацаагаар хүү тооцно гэж тохиролцоогүй тул зээлийн гэрээний үлдэгдэл төлбөр 100,000,000 төгрөг, хүү 6,000,000 төгрөг, алданги 159,000,000 төгрөг, нийт 159,000,000 төгрөгийг зөвшөөрч, үлдэх хэсгийг зөвшөөрөхгүй гэж маргасан.

 

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т: “Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана”,

Мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д: “Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ” гэж тус тус зааснаас үзэхэд талуудын хооронд хүү тогтоосон зээлийн гэрээ бичгээр хийгдсэн, үүргээ хугацаандаа биелүүлэхгүй бол анз төлөхөөр тохиролцсон байна.

 

Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 2.3-т: “Энэхүү гэрээний хугацаа дууссан боловч зээлдэгч зээлийн төлбөрийг бүрэн төлж дуусах хүртэл хугацаагаар гэрээний хугацаа үргэлжилнэ. Зээлийн гэрээний хугацаа дууссан нь гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчийг зээлийн төлбөр төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй”, 2.4-т: “Зээлийн үндсэн зээл, хүүгийн аль нэгийг төлөөгүй бол зээл хугацаандаа төлөгдөөгүй гэж үзнэ”,

4.3-т: “Энэхүү гэрээнд талууд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болж, гэрээний нөхцөл бүрэн биелэгдсэнээр дуусгавар болно” гэж тусгажээ.  

 

Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1-т заасны дагуу гэрээг үгийн шууд утгаар тайлбарлавал талууд гэрээний хугацааг 4 сар, уг хугацааг зээлийг олгосон өдрөөс эхлэн тоолох, энэхүү хугацааны эхний 2 сард хүү тооцохгүй, харин 3 дах сараас буюу сүүлийн 2 сарын хугацаанд, нэг сарын 2 хувийн хүү төлөх, хугацааны эцэст зээлийг, тохирсон хүүгийн хамт эргүүлэн төлөх, ийнхүү хугацааны эцэст төлбөрийг төлөөгүй нь гэрээгээр тохирсон үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй гэж тохиролцсон байна.

 

Үүнээс үзэхэд талууд зээлийн гэрээний төлбөр төлөгдөж дуусах хүртэлх хугацаагаар гэрээгээр тохиролцсон хүүг төлөхөөр тохиролцсон гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй гэж үзэв.

 

Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.5-т: “Мөнгөн төлбөрийн үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй бол үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн хугацаанд тохирсон хүү төлөх үүрэгтэй” гэж заасан.

 

Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтаар хариуцагч нь зээлийн гэрээний дагуу зээлийг, хүүгийн хамт тохиролцсон хугацаанд нь нэхэмжлэгчид буцаан өгөх үүргээ биелүүлээгүй, хугацаа хэтрүүлсэн болох нь тогтоогдож байна.

 

Хэдийгээр хариуцагч нь гэрээгээр тохирсон хугацаанд мөнгөн төлбөрийн үүргээ биелүүлээгүй, хугацаа хэтрүүлсэн, тэрээр үүрэг зөрчсөний улмаас хариуцлага хүлээхээр байх боловч нэхэмжлэгч нь гэрээгээр тохирсон сарын 2 хувийн хүүгээр тооцож, шүүхэд нэхэмжлэл гаргах өдөр хүртэлх хугацааны хүү шаардсан нь үндэслэлгүй.

 

Учир нь Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.5-т заасан “хэтрүүлсэн хугацаанд тохирсон хүүгэдгийг талууд гэрээгээр тохиролцож тогтоосон хүү гэж тодорхойлох боломжгүй, харин түүнтэй тэнцэх хэмжээний хүү гэж ойлгоно.

 

Нэхэмжлэгч нь зээлийн төлбөр төлөгдөж дуусах хүртэл хугацаагаар хүү төлөхөөр тохиролцсон, хэтрүүлсэн хугацаанд тохирсон хүү шаардсан байдлаа баримтаар нотлоогүй нь түүнийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзэх үндэслэл болно.

 

Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтаар зээлдэгч Э.Г нь зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл 100,000,000 төгрөгийг, гэрээгээр тохиролцсон 2 сарын хүү 6,000,000 төгрөгийн хамт зээлдүүлэгч Х.О-т буцаан өгөх үүргээ биелүүлээгүй болох нь тогтоогдож байна гэж үзэв.

 

Зохигч талуудын хооронд байгуулагдсан гэрээний 2.1.5-т: “Алданги: Зээлдэгч нь үндсэн зээлийг эргэн төлөх хуваарьт хугацаанд төлөөгүй тохиолдолд хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0,5 хувийн алданги тооцно” гэж тохирсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-д заасан анзын гэрээг бичгээр хийх зохицуулалтад нийцжээ.

Мөн хуулийн 232.4-т: “... Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй” гэж заасны дагуу хариуцагч Э.Гаас гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 106,000,000 төгрөгийн 50 хувиас хэтрүүлэхгүйгээр тооцож 53,000,000 төгрөгийг алдангид гаргуулах үндэслэлтэй байна.  

 

Иймд хариуцагч Э.Г-аас зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл 100,000,000 төгрөг, хүү 6,000,000 төгрөг, алданги 53,000,000 төгрөг, нийт 159,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х.О-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 143,101,050 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116,118-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6-т тус тус зааснаар хариуцагч Э.Г-аас зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн  үлдэгдэл 100,000,000 төгрөг, хүү 6,000,000 төгрөг, алданги 53,000,000 төгрөг, нийт 159,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х.О-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 143,101,050 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т тус тус зааснаар хариуцагч Э.Г-аас улсын тэмдэгтийн хураамжид 952,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х.О-т олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,733,456 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 101/ШЗ2021/20217 тоот захирамжаар авсан “Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай” арга хэмжээ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т зааснаар мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд хэвээр байхыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш зохигч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Б.ЦОЛМОНГЭРЭЛ