Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 2025/ШЦТ/19

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                     

 

Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Төрболд даргалж тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанд

Нарийн бичгийн дарга О.Билгүүн

Улсын яллагч Е.Хулан                                                      

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан Дундговь аймгийн прокурорын  газрын  хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *******,,,,,,,,, ******* ******* овогтой ******* *******, Регистрийн дугаар: *******

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч У.******* нь 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Засаг даргын тамгын газрын байранд засаг даргын орлогчийн албан өрөөнөөс Л.Золжаргалын эзэмшлийн CANON EOS 1500D /Кэнон Эос 1500 Ди/ маркийн гэрэл зургийн аппарат 1 ширхэг, Dell Laitude 3520 /Дэлл Лейтюд 3520/ маркийн зөөврийн компьютер 1 ширхэгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 2,901,600 /хоёр сая есөн зуун нэг мянга зургаан зуу/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

     Нэг. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох талаар:

Шүүгдэгч У.******* нь бусдын эзэмшлийн зөөврийн компьютер, гэрэл зургийн аппаратыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйл баримт хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

1. Хохирогч мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн Миний бие 2024 оны 06 дугаар сарын сүүл 23-наас хойш ээлжийн амралтаа авсан юм. ... 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр зургийн аппарат хэрэг болоод өрөөнөөсөө хайгаад олоогүй юм, мөн тухай өдөр өмчийн тооллого ирсэн. Тэгээд би амрах үед бичиг хэргийн ажилтан болох *******ад түлхүүрээ өгсөн байсан болохоор *******аас асууя гэж бодоод асуутал мэдэн будилаад би мэдэхгүй хараагүй би амрах гээд үйлчлэгч эгчид түлхүүр орхисон, үйлчлэгч эгч Чимгээгээс асуу гээд байсан. Тэгэхээр нь үйлчлэгч Чимэг эгчээс асуутал надад ******* түлхүүрээ бол орхисон, эгч нь бол ёстой мэдэхгүй гэж хэлсэн. Тэгээд би бичиг хэргийн ажилтан *******ыг сүүлд өрөөндөө дуудаж оруулж ирээд “Эгчийн дүү би чамд л түлхүүрээ орхисон болохоор чамаас л эд зүйлээ нэхмээр байна, эд зүйлс миний нэр дээр байдаг гэдгийг чи мэдэж байгаа. Би цалингийн зээлтэй, энэ алдсан зүйлээ төлөхийн тулд дахиад цалингийн зээл хийнэ ш дээ...” гэтэл ******* эгч ээ би нөүтбүүкийг чинь авчихсан юм. Манай дүү Улаанбаатар хотод оюутан юм аа дипломын ажил бичих гээд нөүтбүүк хэрэг болчихоод танай өрөөнд дусаал гоожчихсон байхаар нь арчих гэж ортол сейф чинь онгорхой нөүтбүүк байхаар нь авсан юм. Харин зургийн аппарат бол би мэдэхгүй аваагүй гэж байсан. Тэгэхээр нь би чи мөнгөний хэрэг гараад ломбарданд тавьчихаагүй биз гэж асуухад үгүй ээ айлд байгаа хэд хоногоос авчирч өгьегэсэн. Тэрнээс хойш авчирч өгнө гээд алга болсон миний хувьд ч орон нутгийн сонгууль гээд завгүй байсан болохоор нэхэж, шавдуулаагүй. 2024 оны 10 дугаар сарын 13, 15-ны өдрүүдэд мессеж бичээд эгчийнхээ нөүтбүүк яасан бэ, компьютер болохгүй гацаад байна гэж хэлтэл за удахгүй авчирна аа гээд худлаа хэлээд байхаар нь би цагдаагийн байгууллагад гомдол гаргасан. Нөүтбүүкийг бол 2024 оны 03 дугаар сарын 29-нд Сангийн яамны хөгжлийн санхүүжилт хөрөнгө оруулалтын газраас сумдын улсын төсвийн төлөвлөлт хариуцсан ажилтнуудад олгосон нөүтбүүк байсан. Тухайн нөүтбүүк нь Dell Latitude 3520 гэсэн загварынх байсан ба шинээрээ байсан. Зургийн аппарат нь 2020 оны 12 дугаар сарын 15-нд ажилд ороход хүлээлгэн өгсөн хуучин хэрэглэж байсан аппарат байсан CANON 1500D загварын аппарат байсан. Тухайн зургийн аппарат, нөүтбүүк нь хагас жилийн эд хөрөнгийн тооллогоор буюу 2024 оны 06 дугаар сарын сүүлээр тооллого хийхэд миний нэр дээр тоологдсон байгаа. Миний зургийн аппарат бол миний ширээн дээр ер нь байнга ил байж байдаг. Харин нөүтбүүкээ би хуучин нөүтбүүкний цүнхэнд хийгээд сейфний доод талд хийсэн байсан. Миний сейф цоожгүй байдаг юм...” гэх мэдүүлэг, /хх-ийн 10-12-р хуудас/

2. Иргэний нэхэмжлэгч “2024 оны 07 дугаар сарын 04-ний өдөр нэг хүн утсаар залгаад /одоо бол утасны дугаарыг санахгүй байна/ "ломбарданд юм тавих гэсэн юм аа дүүгээ явуулаад тавиулья өөрөө гарч чадахгүй байна" гэж ярьсан. Тэгээд би тэр дүүтэй нь утсаар холбогдож яриад Саппорогийн арын буудал дээр уулзахаар болоод тэнд очсон. Тэгэхэд тэр газарт нэг хүн байсан. Тэр надад DELL маркийн i5 үзүүлэлттэй 11 дүгээр үеийн 256 хардтай, 16GB /гегабайт/ рамтай нөүтбүүк, CANON EOS 1500D маркийн гэрэл зургийн аппаратыг хамтад нь 700,000 төгрөгийн барьцаанд тавьж зээл авсан. Тухайн үед нөүтбүүк нь хэвийн ажиллагаатай, харин гэрэл зургийн аппарат нь асахгүй ажиллахгүй, мемори карт байхгүй, цэнэглэгчгүй байсан. Би тэрн бичиг баримтыг үзэхэд Дашдоржийн Бүжинлхам гэсэн иргэний үнэмлэх үзүүлсэн. Тэр регистрийн дугаар нь гэсэн дугаартай байсан. Би тэр Голомт банкны 2505117904 тоот дансанд би өөрийн Хаан банкны тоот данснаас 700,000 төгрөгийг шилжүүлж зээл олгосон. Би түүнээс хойш зээлийн хүү хугацаа болоод зээлийн хүүгээ төлөх талаар хэлэхэд зээлийн хүү төлөөгүй. Мөн тэр барьцаанд тавьсан бараагаа авч чадахгүй, хүүг нь төлж чадахгүй учраас зарж борлуулахыг зөвшөөрсөн. Тэгээд би 2024 оны 08 дугаар сарын 26-ны өдөр нөүтбүүкийг нь 840,000 төгрөгт зарж борлуулсан. Би барьцаанд тавьсан нөүтбүүкийг 840,000 төгрөгөөр зарж борлуулж компанийн өрийг барагдуулсан. Гэхдээ миний барьцаалсан зээлсэн мөнгөний хүү 14 хоногт 10%-ийн хүүтэй байдаг Тэгэхээр нь 53 хоногийн хүү болох 265,000 төгрөгийн хүү авах ёстой байснаас 140,000 төгрөгийн хүүг авсан...” гэх мэдүүлэг, /хх-ийн 16-17-р хуудас/

3. Гэрч Д. “Намайг Улаанбаатар хотод байхад 2024 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Дундговь аймагт байдаг ******* эгч утсаар залгаад "нөүтбүүк ломбарданд тавиад өгчих, дүүгээрээ явуулъя" гэж хэлсэн юм. Тэгээд ******* эгч дүү Цэрэнчимэдээр надад явуулсан юм. Би Цэрэнчимэдээс 2024 оны 07 сарын 04-ний өдөр Саппоро дээр очиж нөүтбүүк, бас нэг аппарат авсан. Тэгээд би ******* эгчийн хэлсэн тэр ломбардны хүнд өгсөн ба тэр хүн тоот данснаас миний Голомт банкны 2505117904 тоот данс руу 2024 оны 07 сарын 04-ний өдөр 700,000 төгрөг шилжүүлсэн. Би тэр мөнгийг нь ******* эгчийн Төрийн банкны данс руу 650,000 төгрөгийг шилжүүлсэн. ******* эгч намайг тус болсон гээд 50,000 төгрөгийг авч үлдээрэй гэсэн болохоор авч үлдсэн юм. ******* эгч тэр өдөр надтай ярихдаа бол ломбарданд тавих гэж байгаа юм гэж явуулсан хэний юм гэдгийг нь бол хэлээгүй дүүгээрээ явууллаа хэрвээ асуувал "намайг өөрөө сургуульдаа хэрэглэх гэж байгаа юм гэж хэлээрэй" гэсэн...” гэх мэдүүлэг, /хх-ийн 20-р хуудас/

4. Насанд хүрээгүй гэрч “... 2024 оны 07 дугаар сарын 03-ны Улаанбаатар хот руу явах гэж байсан ба төр өдөр манай төрсөн эгч болох У.******* эгч нэг юм дайж явуулъя гэсэн. Тэгээд надад нөүтбүүк байгаа юм хүнд аваачиж өг гэсэн. 2024 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн өглөө манай эгч У.******* над руу чат бичээд наад өгч явуулсан юмыг манай хамаатны Бүжинлхамд холбогдоод өгчих гэсэн. Саппоро дээр уулзаж тухайн зүйлийг хүргэж өгсөн...” гэх мэдүүлэг, /хх-ийн 23-24-р хуудас/

5. “Ашид билгүүн” ХХК-ийн 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн ТХҮ-924- 11416 дугаартай "CANON EOS 1500D гэрэл зургийн аппарат 651,600, Dell Laitude 3520 маркийн зөөврийн нөтбүүк 2,250,000, нийт 2,901,600" гэх үнэлгээ, /хх-ийн 28-34-р хуудас/

6. Иргэний нэхэмжлэгч Баярсайханы эзэмшлийн Хаан банкны тоот харилцах данснаас иргэн Д. 2505117904 данс руу 2024 оны 07 дугаар сарын 04-ний өдөр 700.000 /долоон зуун мянга/ төгрөг шилжсэн талаархи хуулга, /хх-ийн 41-р хуудас/

7. Шүүгдэгч У.*******ын эзэмшлийн Төрийн банкны тоот дансанд 2024 оны 07 дугаар сарын 04-ний өдөр 650000 /зургаан зуун тавин мянга/ төгрөг шилжин орсон талаархи дансны хуулга, /хх-ийн 67-р хуудас/

8. Барьцаат зээлийн гэрээний хуулбар, /хх-ийн 73-р хуудас/

9. Шүүгдэгч У.******* нь “... Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын Засаг даргын тамгын газраас 2023 оны 12 дугаар сараас 2024 оны 10 дугаар сар хүртэл цалин хөлс авсан талаархи” нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа, /хх-ийн 80-81-р хуудас/

10. Мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцсон тогтоол, /хх-ийн 4-р хуудас/ болон бусад бичгийн баримтууд болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд болон бусад бичгийн нотлох баримтууд нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл, хэргийн үйл баримтыг нотолсон энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, уг нотлох баримтуудыг үгүйсгэх нотлох баримт хэрэгт байхгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлж шийдвэрийн үндэслэл болголоо.

 

Хэргийн үйл баримт гэм буруугийн талаар:

Шүүгдэгч У.******* нь Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын Засаг даргын тамгын газарт бичиг хэргийн ажилтнаар ажиллах хугацаандаа 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн орчимд тус сумын Засаг даргын орлогч буюу хохирогч албан өрөөнд цэцэг услах зорилгоор орохдоо ширээн дээр байсан CANON EOS 1500D /Кэнон Эос 1500 Ди/ маркийн гэрэл зургийн аппарат 1 ширхэг, мөн сейфэнд байсан Dell Laitude 3520 /Дэлл Лейтюд 3520/ маркийн зөөврийн компьютер 1 ширхэгийг хулгайлан авч бусдад 2,901,600 /хоёр сая есөн зуун нэг мянга зургаан зуу/ төгрөгийн хохирол учруулсан байна.

Улмаар уг хулгайлсан гэрэл зургийн аппарат, зөөврийн компьютерийг өөрийн төрсөн дүү Б.Цэрэнчимэдээр 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдөр дайлгаж Улаанбаатар хотод өөрийн төрөл, садангийн иргэн Д.Бүжинлхамд хүргүүлсэн байх ба Д.Бүжинлхам нь 2024 оны 07 дугаар сарын 04-ний өдөр шүүгдэгч У.*******ын зааврын дагуу иргэн д барьцаанд өгчээ.

гэрэл зургийн аппарат, зөөврийн компьютерийг барьцаалан өөрийн Хаан банкны харилцах данснаас Д. эзэмшлийн Голомт банкны харилцах дансанд 700.000 төгрөг шилжүүлж, уг мөнгөнөөс 650.000 төгрөгийг У.*******ын Төрийн банкны харилцах дансанд шилжүүлсэн нь хэрэгт авагдсан дансны хуулга, бусад баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов.

Шүүгдэгч У.******* нь хохирогч 1 байгууллагад ажиллах хугацаандаа ажил үүргийн хувиар өрөөний түлхүүрийг нь авч үлдсэн байх ба ийнхүү гэмт хэрэг үйлдэхдээ бусдын өрөөнд хүч хэрэглэлгүйгээр уг түлхүүрээр нэвтрэн орж нөүтбүүк, гэрэл зургийн аппатарыг шунахайн сэдэлтээр авсан байна.

У.*******ын Эрүүгийн хуулиар хамгаалагдсан бусдын өмчлөх, эзэмших эрхэд халдаж, өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр буюу түүнд мэдэгдэлгүйгээр, нууцаар хууль бусаар эд зүйл авсан үйлдэл нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр 1 дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэргийн шинжтэй үйлдэл болно.

Иймд шүүгдэгч У.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

Хохирлын талаар:

Гэмт хэргийн улмаас хохирогч 2,901,600 /хоёр сая есөн зуун нэг мянга зургаан зуу/ төгрөгийн хохирол учирсан байх ба үүнээс CANON EOS 1500D /Кэнон Эос 1500 Ди/ маркийн гэрэл зургийн аппарат 1 ширхэгийг биет байдлаар хохирогчид хүлээлгэн өгсөн байна.

Харин 2.250.000 /хоёр сая хоёр зуун тавин мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий Dell Laitude 3520 /Дэлл Лейтюд 3520/ маркийн зөөврийн компьютер 1 ширхэгийг шүүгдэгч өгөөгүй байх тул хохирогч Л.Золжаргал нь уг учирсан хохирол, хор уршигийг нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэв.

 

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

             Шүүгдэгч У.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж,  мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заасныг үндэслэв.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал аль аль нь тогтоогдохгүй байна.

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинж, учруулсан хохирол зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзсэн болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

             1. Шүүгдэгч ******* ******* овогтой ******* *******ыг Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ************** овогтой ******* *******ад 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.*******ын зорчих эрхийг хязгаарласан 6 /зургаа/ сарын хугацаанд Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын төвөөс гадагш явахыг хориглох хязгаарлалт тогтоосугай.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь зорчих эрх хязгаарлах ялыг биелүүлээгүй бол эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож сольдог болохыг анхааруулсугай.

            5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдсугай.

            6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар хохирогч Л.Золжаргал нь шүүгдэгч У.*******аас өөрт учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

            7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан “Хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

            8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

 

 

 

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.ТӨРБОЛД