Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 2025/ШЦТ/25

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

             Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Төрболд даргалж, шүүгч Д.Уранчимэг, З.Ууганбаяр нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

             Нарийн бичгийн дарга О.Билгүүн

             Улсын яллагч Е.Хулан

            Иргэдийн төлөөлөгч *******

            Хохирогч *******

            Хохирогчийн өмгөөлөгч *******

             Шүүгдэгчийн өмгөөлөгч *******

             Шүүгдэгч ******* нарыг оролцуулан Дундговь аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч *******д холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч шүүх хуралдаанаар хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол Улсын иргэн, 1998 оны 12 дугаар сарын 23-ны өдөр*******,*******,*******,,,,,,,, овогт , Регистрийн дугаар:

 

    Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ 2024 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр Дундговь аймгийн Сайнцагаан сумын 8 дугаар баг Айрагийн 03-30 тоотод байрлах гэрийн гадаа хохирогч *******тай үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, улмаар гэрт байсан шар өнгийн модон бариултай хутгыг зэвсгийн чанартай хэрэглэж, түүний цээжний ар хэсэгт 1 удаа хутгалж, эрүүл мэндэд нь цээжний ар ханын цээжний хөндий рүү нэвтэрсэн шарх, хавирга хоорондын артерийн гэмтэл, цээжний хөндийн цус алдалт тогтоох мэс заслын дараах байдал бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

       ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

1. Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “ 2024 оны 04 дүгээр сарын 27-нд манайд ирсэн. Манайд ирээд сар шахуу хөдөөгүүр ямаа самнаж байгаад тэгээд 25-нд ирээд 27-нд ээж рүүгээ яриад 3 пивоны мөнгө аваад өөрөө яваад 3 пиво аваад ирсэн юм. Тэр хооронд ирээд тэгээд бид гурав тэрийгээ уусан. Урьд “эхнэртэй чинь би аймгийн баруун тал дээр болзож явна” гээд байхаар би тоглоом шоглоомоор “яах гэж байдаг юм” гээд өнгөрсөн. Тэгсэн чинь “чи одоо юун сүртэй эхнэртэй чинь ганц тэгээ л биз” гэхээр нь миний уур хүрээд шүүгээн дээрээс хутгаа авч хутгалчихсан...” гэв.

2. Хохирогч ******* шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Би 2024 оны 03 дугаар сард ирсэн. Эхнэртэйгээ муудалцаад айлд ирсэн байсан нь үнэн. 4 сарын 10-нд ирчихээд 14-нд эдний /*******/ базынд очиж ямаа самнасан 10 гаран хоног ямаа самнасан. Тэгээд төв дээр иртэл гэдсээ түлчихсэн гэртээ байж байсан. Хадам аав, ээж нь баллон цэнэглээд ойр зуурын юм аваад ир гэсэн тэгэхээр нь би тэрийг нь авч ирсэн. Гадуур машин барьж явах хүн байхгүй байхаар нь би машин барьж явсан. Тэгээд сүүлд нь “чи хаана явна” гэхээр нь би “баруун төв дээр байна” гэж хэлсэн тэгэхдээ эхнэртэй нь иймээ тиймээ юм болоогүй. Тэгээд маргааш нь хөдөө явсан. Хөдөө явж хадмынх нь ямааг самнаж дуусгаад хойшоо нэг айлын ямаа самнаж дуусгаж ирээд 4 сарын 26-нд билүү 27-нд 1 шил архи уусан. Тэгтэл маргааш нь шартлаа гэсэн эхнэр нь ажилдаа явах гэж байсан 8 цаг өнгөрч байсан. Эхнэр нь “чи одоо яах гээд байгаа юм бэ боль” гэсэн тэгтэл надаа картаа өгсөн тэгээд бид 2 уугаад сүүлд нь 3 сэнгүр авчирч өгсөн. Тэгээд тэр 3 пиво уугаад дуусаж байхад найзыгаа дуудсан. Лхагваа гээд найз нь нэг пивотой ирээд уугаад тэгээд Гурвантэс явъя гээд 3-уулаа тэгье гэсэн. Тэгээд эхнэртээ “ханиа би Гурвансайхан явлаа” гэтэл эхнэр нь “хүүхдүүдээ яах гэж байгаа юм” гэсэн тэгтэл “явахаа болилоо” гээд хөнжлөө нөмрөөд хүүхдүүдээ тэврээд хэвтсэн. Тэгээд би тэр найзтай нь хамт явахаар болоод явах гэтэл утсан дээрээ нэг мотоциклийн бичлэг үзээд “энийг үзчихээд явъя” гэсэн. Тэгэхээр нь би “гарч шээчихээд ирье” гээд гартал араас халуу дүүгээд явсан. Тэгээд эхнэрээ дуудаад эхнэр нь эгчтэйгээ цуг эмнэлэг хүргэж өгсөн. Намайг машины ар талын суудал дээр доошоо харж хэвтүүлсэн. Тэгээд эмнэлэгт очтол архи уусан байна мэдээ алдуулах тариа хийхгүй гээд оёсон тэгээд өөр юм мэдэхгүй байгаа...” гэв.

3. Иргэдийн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч ******* нь согтуугаар хохирогч г хохироосон байна. нь өөрийн хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байгаа, хохирол 5.5 сая төгрөг төлсөн байна...” гэв.

4. Шүүгдэгч мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн “... 2024 оны 04 дүгээр сарын 27-ны өглөө 09 цаг өнгөрч байх үед би гэртээ буюу Дундговь аймгийн Сайнцагаан сумын 8 дугаар баг Айрагийн 03-30 тоотод найз ******* болон 2 хүүхдийнхээ хамт байж байх үед ******* өөрийн төрсөн ээжтэй утсаар ярьж "тамхи авах гэсэн юм” гээд 50,000 төгрөг авсан. Авахдаа миний эзэмшлийн Хаан банкны тоот дансанд мөнгө хийлгэсэн. Тэгээд ******* дэлгүүр орчихоод ирье гээд явсан. *******г дэлгүүр явсны дараа би өөрийн найз Лхагвааг дуудсан. Тэгээд байж байтал Лхагваа манай гэрт ирсэн. Тэгэхдээ 1 ширхэг "Нийслэл" нэртэй 2,5 литрын савлагаатай пиво авч ирсэн байсан. Лхагвааг ирээд удаагүй байхад ******* дэлгүүрээс ирсэн. Ирэхдээ 3 ширхэг "Сэрүүн" нэртэй 2,5 литрийн савлагаатай пиво, 2 хүүхдэд чипс, иштэй чихэр авч ирсэн байсан. Тухайн үед *******, Лхагваа бид гурав нийт 4 ширхэг 2,5 литрийн савлагаатай пиво уусан ба пивонуудыг ууж дуусах үед би нэлээн согтсон байсан. Пиво ууж дуусах үед ******* намайг "чи намайг эхнэртэйгээ хардаа биз дээ, сүртэй юм ганц удаа тэгээ биз" гэж хэлсэн ба үүнээс болж ******* бид хоёр маргалдсан. Тэгээд бид хоёр гэрээс гарахаар болж гэрээс гарсан. Тэрнээс хойш би юм санахгүй байгаа ба нэг мэдэхэд Лхагваа "чи г хутгалчихсан байна шүү дээ" гэж хэлсэн ба тухайн үед ******* гэрийн урд талд газар хэвтчихсэн, хажууд манай гэрт байдаг хүрэн өнгийн модон иштэй хутга байсан. Тухайн үед би эхнэр рүүгээ залгаад "Би *******г хутгалчихлаа түргэн аваад ир" гэж хэлсэн. Удалгүй эхнэр ирээд *******г эмнэлэг рүү авч явсан. Би тай маргалдаж байгаад хутгалсан. Тухайн үед ******* "чи намайг эхнэртэйгээ хардаа биз дээ, сүртэй юм ганц удаа тэгээ биз" гэж хэлж байсан юм. ******* нь тухайн асуудал болохоос өмнө манай гэрт 1 сар орчим ирэн, очин амьдарсан юм. Ингэхдээ намайг өдөж “би танай эхнэртэй аймгийн баруун талд болзож байна" гэж хэлж байсан. Тухайн үед нь би "чи үг хэлээ бодоорой" гэж хэлэхэд ******* нь "сүртэй пизда вэ" гээд инээгээд даапаалаад байсан. Мөн ******* бид хоёр манай хадмыңд ямаа самнахаар очсон байх үед “ намайг эхнэртэйгээ хардаад” гэж хэлж байсан. Би *******гийн биед хэрхэн халдсанаа санахгүй байгаа. Нэг сэргэхэд л Лхагваа “чи г хутгалчихсан байна шүү дээ” гэж хэлж байсан. ... Би буруугаа маш их ойлгож гэмшиж байна....” гэх мэдүүлэг, /хх-ийн 49-50-р хуудас/

5. Хохирогч *******гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Би Өмнөговь аймгийн Цогт-Цэций сумын 2 дугаар баг Шинэ хотхоны 03-03 тоотод эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг юм. Тэгээд хөдөө айлаар ямаа самнахаар Дундговь аймагт 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдөр ирж хөдөө айлуудаар явж ямаа самнаж байгаад 2024 оны 04 сарын 25-ны өдөр Дундговь аймгийн төвд ирсэн. Би Гурвансайхан сумын Галбадрах гэх айлд ямаа самнаж байх үед ******* ирсэн. Тэр хоёр нэг айлын хүргэнүүд юм байна лээ. Мөн Галбадрахын ойролцоо байх Чулуунсүх гэх айлд өөрийнх нь мал байсан бөгөөд тэнд ******* өөрийн ямааг самнасан. ******* бид хоёр тус тусын ямаа самнаж дуусаад хамтдаа Ууган гэх айлын ямааг 2 хоног цуг самнасан. Тэгээд бид хоёр 2024.04.25-ны өдөр аймагт ирээд би Дундговь аймагт байх айлгүй тул Э. хамт байсан. Тэгээд 2024.04.26-ны өглөө ******* эхнэрийн хамт гадуур гарч явж байгаад ирэхдээ 0,75 литрийн савлагаатай "Агар" нэртэй архи авч ирээд тэрийг ******* бид хоёр хувааж уугаад унтсан. Маргааш нь эхнэр ажилдаа явсан. ******* эхнэрийгээ ажилдаа явахаас өмнө гараад "Сэнгүр" нэртэй 2.5 литрийн савлагаатай пиво авч ирсэн. Тэрийг нь ******* бид хоёр ууж дуусгасан. Тэгээд би дэлгүүр орж "Сэнгүр" нэртэй 3 ширхэг 2,5 литрийн савлагаатай пиво авч ирсэн. Би дэлгүүр орчихоод иртэл Э. найз нь гэх Лхагваа нэртэй залуу ирсэн. Тэр Лхагваа ирэхдээ 1 ширхэг “Нийслэл" нэртэй 2,5 литрийн пивотой ирсэн байсан ба тэр хоёр уугаад сууж байсан. Тэгээд бид тэр хоёрын ууж байсан пивыг ууж дуусгаад мөн миний авч очсон пивыг уугаад дуусгасан. Пиво ууж байх үед танил Оюука эгч залгаад "Гурвансайхан суманд ирээд ямаа самнаад өг" гэж хэлсэн тэгэхээр нь би зөвшөөрсөн юм. Мөн тухайн үед Лхагваа "Гурвансайхан сум руу гурвуулаа явъя тэнд Мягаа дээр очиж архи ууя” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “тэгвэл би хамт явья, та хоёр очиж архиа уу, би тэнд айлд очиж ямаа самнана” гэсэн. Тухайн үед ******* эхнэр рүүгээ залгаад “би Гурвансайхан сум орчихоод ирье” гэхэд эхнэр нь “хүүхэд харах хүн байхгүй, чи үлд” гэж хэлсэн байсан. Тэгэхэд ******* "би үлдлээ" гээд гэрийнхээ зүүн талд байх орон дээр гараад унтсан. Тухайн үед Лхагваа бид хоёр утсаар мотоциклийн уралдаан үзэж байсан ба тэрийгээ дуусгаад Гурвансайхан сум руу явна гэж ярьсан юм. Тухайн үед миний шээс хүрээд байхаар нь гэрийн хаалгаар гартал нуруу халуу оргиж уруул хэсэгт нойтон мэдрэгдэж эхэлсэн. Тухайн үед би биеийнхээ баруун хэсгээр газарт унаж, амьсгаа авч болохгүй болохоор нь "ёоо, ёоо" гээд хэвтэж байтал гэрээс Лхагваа гарч ирээд "юу болов оо, чи яагаад найзыгаа шаачихваа" гэж хэлсэн. Тэгэхэд ******* хашааныхаа үүдэнд оччихсон гартаа хүрэн алаг эрээн өнгийн хутга барьсан байдалтай байсан ба хутганы үзүүр нь цус болсон байсан. Тэр хутгыг нь Лхагваа булааж аваад эхнэр рүүгээ залга гэж хэлэхэд ******* гэрээсээ утсаа авч гарч ирээд хүн рүү залгаад “би г хутгалчихлаа, хурдан ирж ав” гэж хэлсэн. Би тухайн үед эхнэртэйгээ ярьсан гэж бодож байна. Удалгүй эхнэр Норовоо, Нэргүй гэх эгчийнхээ хамт ирж намайг эмнэлэгт хүргэсэн. Тухайн үед ******* миний нуруу хэсэгт 1 удаа хутгалсан, өөр хүн миний биед халдаагүй. Тухайн үед миний нуруунд шарх гэмтэл үүсэж би эмнэлэг дээр очоод хагалгаанд орсон. Тухайн үед ******* миний биед ямар шалтгааны улмаас халдсан талаар би мэдэхгүй байна. Уг нь бид хоёр тухайн үед маргалдаж муудалцсан зүйл байхгүй. ******* миний эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн зардлыг төлсөн, мөн надад эмчийн бичиж өгсөн эмийг авч өгсөн. Би өөрийнхөө биед учирсан гэмтэлтэй холбоотой мөнгөн зардлыг нөхөн төлүүлж авмаар байна...” гэх мэдүүлэг, /хх-ийн 20-21-р хуудас/

           6. Гэрч Н.гийн өгсөн: “2024 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 9 цагийн үед Дундговь аймгийн Сайнцагаан сумын 9 дүгээр баг Мандалын 16-15 тоотод байх үед ******* над руу залгаад “гэрт хүрээд ирээч, ойрд уулзсангүй, уулзъя, урьд орой уусан шартаад байна" гэж хэлсэн. Тэгэхээр нь би гэрт очсон ба очихдоо "Сэнгүр" нэртэй 2,5 литрийн савлагаатай пиво авч очсон. Тухайн үед гэртээ 2 хүүхдийн хамт байсан ба пиво задлаад байж байтал гаднаас зүс таних 3 ширхэг 2,5 литрийн савлагаатай пиво бариад орж ирсэн. Тэр хоёр хамт байсан юм байна лээ. Тэгээд бид 3 миний авч ирсэн пиво болон гийн авч ирсэн пивыг уусан. Тухайн пивыг ууж байх үед , хоёр ам зөрөөд, маргалдах гээд байхаар нь би болиулаад байсан юм. Тэгээд пивонуудаа уугаад дуусах гэж байх үед би гар утсаа оролдоод хэвтэж байхад , хоёр маргалдаад гэрээс гарсан. Тэгэхээр нь би удалгүй араас гараад очтол газарт биеийн хажуу хэсгээр унасан байдалтай "чи намайг шаачихлаа шүү дээ" гэж хэлж байсан. Тухайн үед *******, гийн хажууд өвдөглөөд суусан байдалтай "би хүн шаачихлаа” гэж хэлээд орилж байсан. Мөн Бат-Эрдэнийн баруун гар талд гарных нь хажуу хэсэгт газарт хүрэн бор өнгийн модон иштэй хутга байсан. Тухайн үед би гийн цамцыг сөхөж үзэхэд гийн нуруу хэсэгт зүсэгдсэн шарх үүсч шархнаас нь цус гарч байсан. Тэгэхээр нь би гэрт нь оруулаад хутгыг нь авч гэрт нь оруулж шүүгээнд хийгээд эр эхнэрийг нь дуудуулсан. Удалгүй Бат-Эрдэнийн эхнэр ирээд г авч явсан. Тэгээд би гэртээ харьсан. Ямар шалтгааны улмаас хутгалсан талаар мэдэхгүй байна. Тэр хоёр пиво ууж байх үед маргалдах гээд байсан, тухайн үед нь би хориод байсан юм. *******гийн нуруу хэсэгт зүсэгдсэн шарх байсан. ... гийн биед эс өөр хүн халдаагүй. Тухайн хутга Бат-Эрдэнийн гэрийн хутга байх аа хүрэн бор өнгийн модон иштэй хутга байсан...” гэх мэдүүлэг, /хх-ийн 26-27-р хуудас/

7. Дундговь аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 154 дугаартай “*******гийн биед цээжний ар ханын цээжний хөндий рүү нэвтэрсэн шарх, хавирга хоорондын артерийн гэмтэл, цээжний хөндийн цус алдалт тогтоох мэс заслын дараах байдал тогтоогдлоо. Биед үүссэн гэмтэл нь ир, үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт, /хх-ийн 32-36-р хуудас/

8. Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Шүүх сэтгэцийн шинжилгээний тасгийн шинжээч, сэтгэл зүйч нарын 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 1258 дугаартай “ гийн /РД: ЗД97051315/ сэтгэцэд 2024 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр үйлдэгдсэн гэмт хэргээс шалтгаалж гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд илэрч байна. Энэ нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлд хамаарч байна. Цаашид сэтгэл зүйн тусламж үйлчилгээнд хамрагдах шаардлагатай байна” гэх дүгнэлт, /хх-ийн 122-123-р хуудас/

9. Иргэн гаргасан “2024 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр аймгийн нэгдсэн эмнэлэгт хутгалуулсан хүн ирлээ” гэх гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, /хх-ийн 1-р хуудас/

10. Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, /хх-ийн 2-5-р хуудас/

11. Согтуурал шалгасан магадлагаанд “2024.04.27-ны өдөр 17 цаг 45 минут Эрдэнэбулган овогтой , согтуурлын хувь 2.70 %.../, /хх-ийн 6-р хуудас/

12. Хэргийн газраас прокурорын зөвшөөрөлгүй хутга хураан авсан ажиллагааг мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцсон тогтоол, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол, эд мөрийн баримтанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн хамт, /хх-ийн 10-16-р хуудас/

13. Шүүгдэгч ******* урьд ял шийтгэгдээгүй талаархи лавлагаа, иргэний үнэмлэхний лавлагаа, багийн засаг даргын тодорхойлолт, мал тоолуулсан бүртгэл, бусад хувийн бичиг баримтууд, хохирол төлсөн баримт /хх-ийн 51-65, 105-108-р хуудас/

14. Хохирогч *******гаас гаргаж өгсөн хохирлын тооцоо, хүсэлт, шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт, Худалдаа хөгжлийн банкинд зээлтэй талаархи тодорхойлолт, /хх-ийн 73-76-р хуудас болон бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, хэрэгт авагдсан баримтуудаар дараах үйл баримт тогтоогдов.

Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан баримтуудаар хохирогч ******* нь 2024 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр бусдад хутгалуулж улмаар Дундговь аймгийн Нэгдсэн эмнэлэгт хүргэгдэж, эмнэлгийн тусламж үйлчилгээ авчээ.

Хохирогч *******гийн бусдад хутгалуулсан үйлдлийн улмаас түүний эрүүл мэндэд “цээжний ар ханын цээжний хөндий рүү нэвтэрсэн шарх, хавирга хоорондын артерийн гэмтэл, цээжний хөндийн цус алдалт тогтоох мэс заслын дараах байдал” бүхий хүнд гэмтэл учирсан, уг гэмтэл ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн болох нь Дундговь аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 154 дугаартай дүгнэлтээр тогтоогдож, уг гэмтлийг шүүгдэгч ******* нь 2024 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр согтуурсан үедээ Дундговь аймгийн Сайнцагаан сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэр Айраг 3 дугаар гудамж 30 тоотод байрлах монгол гэрийн гадаа танхайн сэдэлтээр хулгалж учруулсан болох нь шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлгээр хөтөлбөргүй нотлогдон тогтоогдов.  

Шүүгдэгч ******* хутгыг зэвсгийн чанартайгаар ашиглан хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдэгдсэн ба шүүгдэгч нь бусдын биед хутга ашиглан халдахад гэмтэл учирч хүн эрүүл мэндээрээ хохирч болно гэдгийг энгийн ухамсрын түвшинд бүрэн ухамсарлан ойлгох боломжтой бөгөөд ийнхүү ухамсарлаж байгаа аюулаа хүсэж хийн уг хор уршигт зориуд хүргэсэн байна.

Иймд түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар  зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар санаатай гэмт хэрэг гэж үзнэ.

Шүүгдэгч Э.Бат-Эрдэний санаатай үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан шинжээрээ Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлд заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна. Өөрөөр хэлбэл хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь бусдын эрүүл мэндийг хохирооход чиглэсэн санаатай үйлдэл хийсний улмаас хохирогчийн биед хүнд зэргийн гэмтэл учирсан байдаг бөгөөд гэмт үйлдэл, хор уршиг хоёрын хооронд шалтгаант холбоо байх шинжийг заавал агуулсан байхыг шаарддаг.

Эрүүгийн хуулийн  Тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэсэн бол” хүндрүүлэн зүйлчилэхээр хуульчилсан ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн тайлбарт “Зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл” гэж иж бүрдэл, бүтцийн хувьд аливаа биетийг устгах, гэмтээх, бие хамгаалах, дохио өгөх зориулалттай эд зүйл, тоног төхөөрөмж, хэрэгслийг хамааруулж ойлгоно. Зэвсэг нь галт, хүйтэн, хийн, үйлдвэрийн, гар хийцийн аль нь ч байж болно” гэжээ.

Шүүгдэгч ******* нь хохирогч *******д хүнд гэмтэл учруулахдаа хутга хэрэглэсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх бөгөөд хутга ердийн шинж чанараараа ахуйн хэрэглээний эд зүйл боловч бусдад хор уршиг, хохирол учруулснаар хүйтэн зэвсэгт хамаарах тул шүүгдэгч *******д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж үзлээ.

Иймд шүүгдэгч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заасан “Зэвсэг ашиглан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч Шүүгдэгч ******* нь согтуугаар хохирогч г хохироосон байна. нь өөрийн хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байгаа, хохирол 5.5 сая төгрөг төлсөн байна...” гэх дүгнэлт гаргасан нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан нотлох баримтад нийцсэн байх тул шүүх иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг хүлээн авч шийдвэрлэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч ******* нь “шүүгдэгч нь хохирогч гийн чи намайг эхнэртэйгээ хардаа биз дээ, сүртэй юм ганц удаа тэгээ биз” гэж хэлсэн үгэнд нь сэтгэл санааны гэнэтийн цочролд автаж хутгалсан, түүнчлэн мөрдөн шалгах ажиллагааны явцад мөрдөгч хутга хураан авах ажиллагаа хийхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн тул хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн зүйлчилж өгнө үү” гэх дүгнэлт гаргаж оролцов.

Хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримтуудаар шүүгдэгч ******* нь хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлийн улмаас сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуур автаж сэтгэцийн хэвийн байдал алдагдсаны улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Түүнчлэн эрүүгийн ******* дугаартай хэрэгт ахлах мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч нь 2024 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр хэргийн газрын үзлэг хийж гэмт хэрэг үйлдэхэд ашигласан байж болзошгүй шар өнгийн модон бариултай хутга 1 ширхгийг прокурорын зөвшөөрөлгүй хураан авч, уг ажиллагааг хүчинтэйд тооцуулахаар прокурорт санал гаргасныг хяналтын прокурор О.Одончимэг хянаад 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр хүчинтэйд тооцсон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нийцсэн байна.

Өөрөөр хэлбэл хэргийн газрын үзлэгт хөндлөнгийн гэрч байлцуулаагүй, зөвшөөрөлгүйгээр буюу хойшлуулшгүйгээр хутга хураан авсан боловч гэрэл зургаар бэхжүүлж хуульд заасан хугацааны дотор хүчинтэйд тооцуулахаар прокурорт санал гаргасан, прокурор уг ажиллагааг хүчинтэйд тооцсоныг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл болохгүй тул шүүх бүрэлдэхүүн өмгөөлөгчийн дүгнэлтийг хүлээн аваагүй болно.

 

Хохирол, хор уршгийн талаар:

Хохирогч ******* нь гэмт хэрэг үйлдэгдэх үед өмсөж байсан хувцас урагдсан, цус болоод хаясан тул хувцасны 160.000 /нэг зуун жаран мянга/, эмнэлгээс гараад айлд байхдаа хүнсэнд хэрэглэсэн 2 хонины махны зардалд 690.000 /зургаан зуун ерэн мянга/, эм тарианы зардалд 39.290 /гучин есөн мянга хоёр зуун ер/, айлын ямаа самнаж олох байсан орлого 1.000.000 /нэг сая/, 3 сарын зээл төлөлт 3.300.000 /гурван сая гурван зуун мянга/, сэтгэцэд учирсан хохиролд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 12.99 дахин нэмэгдүүлсэн буюу 660.000х12.99=8.573.400 /найман сая таван зуун далан гурав дөрвөн зуу/ төгрөг, нийт 13.732.690 төгрөгийг гэмт хэргийн улмаас учирсан хохиролд нэхэмжлэв.

Дээрх нэхэмжилсэн нэхэмжлэлээс 2 хонины махны зардалд 690.000 /зургаан зуун ерэн мянга/, айлын ямаа самнаж олох байсан орлого 1.000.000 /нэг сая/, 3 сарын зээл төлөлтөд 3.300.000 /гурван сая гурван зуун мянга/, нийт 4.990.000 /дөрвөн сая есөн зуун ерэн мянга/ төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, эм тарианы зардалд 39.290 /гучин есөн мянга хоёр зуун ер/, хувцасны 160.000 /нэг зуун жаран мянга/, сэтгэцэд учирсан хохиролд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 12.99 дахин нэмэгдүүлсэн буюу 660.000х12.99=8.573.400 /найман сая таван зуун далан гурав дөрвөн зуу/ төгрөг, нийт 8.772.690 /найман сая долоон зуун далан хоёр мянга зургаан зуун ер/ төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогч *******д олгох үндэслэлтэй байна.

Хохирогч *******гийн нэхэмжилсэн 2 хонины махны зардлын /690.000/ хувьд гэмт хэргийн улмаас учирсан хохирол биш, гэмтсэн эсэхээс үл хамаараад хүнсэнд хэрэглэх зардал, түүнчлэн зээлийн төлөлтөнд 3.300.000 төгрөг нэхэмжилсэн боловч хэрэгт авагдсан баримтаар зээл болон зээлийн хүүнд тухайн үед хичнээн хэмжээний төгрөг төлж байсан нь тодорхойгүй, мөн айлын ямаа самнаж олох байсан орлого 1.000.000 /нэг сая/ төгрөг нэхэмжилж байгаа боловч ямаа самнах талаар иргэн, аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулсан, урьдаар тохиролцсон, хэлцэл хийсэн гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул шүүх бүрэлдэхүүн хянан хэлэлцээд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон болно.

Харин гэмт хэргийн улмаас хохирогч *******гийн сэтгэцэд 2 дугаар зэрэглэлийн хор уршиг учирсан болох нь Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Шүүх сэтгэцийн шинжилгээний тасгийн шинжээч нарын 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 1258 дугаартай дүгнэлтээр нотлогдов.

Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт “Сэтгэцэд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгах бөгөөд бусад эдийн бус гэм хорыг гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд мөнгөн хэлбэрээр арилгана”, мөн хуулийн 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт “Энэ хуулийн 230.2-т заасан сэтгэцэд учруулсан гэм хорыг мөнгөн хэлбэрээр арилгах үүргийг гэм хор учруулсан этгээд хүлээнэ” гэж, мөн Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаартай “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалыг батлах тухай” тогтоолын 3.8-д “... Шүүх нөхөн төлбөрийн хэмжээг тогтоохдоо дээрх журмаар баталсан сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл, тухайлсан гэмт хэрэгт хамаарах хүснэгт, шинжээчийн дүгнэлтийг үндэслэн гэмт хэргийн хүнд, хөнгөн, хүндрүүлэх нөхцөл байдал, учруулсан гэм хор, хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлийн байдал, бие махбодийн гэмтлээс болж учирсан өвдөлт, шаналал, хохирогчид учирсан сөрөг үр дагавар, хохирогчийн нас, хохирогчийн гэм буруутай байдал, гэмт хор учруулагчийн гэм буруу, гэм буруугаа гэмшиж байгаа байдал, төлбөрийн чадвар... зэрэг хохирлын хэмжээнд нөлөөлж болох бүх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, доод болон дээд хэмжээний дотор нөхөн төлбөрийг олгох эсэхийг шийдвэрлэнэ...” гэж тус тус заажээ.

Иймд тогтоосон сэтгэцэд учирсан хор уршгийн 2 дугаар зэрэглэлийн дагуу гэмт хэргийн улмаас хохирогчид хүнд гэмтэл учирсан байдлыг харгалзан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 12.99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцон шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгохоор шийдвэрлэв.

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг гэмт хэрэг үйлдэгдэх үед үйлчилж байсан буюу Хөдөлмөр, Нийгмийн Түншлэлийн Гурван Талт Үндэсний хорооны 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 12 дугаартай “Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг шинэчлэн тогтоох тухай” тогтоолоор Улсын хэмжээнд мөрдөх хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 660.000 /зургаан зуун жаран мянга/ төгрөг байхаар шинэчлэн тогтоосон байсан тул шүүгдэгчээс сэтгэцэд учирсан хор уршигт уг хэмжээг 12.99 дахин үржүүлж 8.573.400 /найман сая таван зуун далан гурав дөрвөн зуу/ төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн болно.

Шүүгдэгч *******эс гаргуулж, хохирогч *******д олгохоор шийдвэрлэсэн 8.772.690 /найман сая долоон зуун далан хоёр мянга зургаан зуун ер/ төгрөгөөс шүүгдэгч мөрдөн шалгах ажиллагааны явцад 5.500.000 /таван сая таван зуун мянга/ төгрөгийг, гэм буруугийн шүүх хуралдаан завсарлах явцад 3.272.690 /гурван сая хоёр зуун далан хоёр мянга зургаан зуун ер/ төгрөгийг бүрэн төлсөн байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Харин хохирогч нь цаашид гэмтлийн улмаас эрүүл мэндтэй холбоотой гарах зардлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүгдэгчээс нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй байна.

 

Оногдуулах ял шийтгэлийн талаар:

            Шүүгдэгч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.

             Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заасныг үндэслэв.

             Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт зааснаар “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид эмнэлгийн тусламж үзүүлсэн, хохирлоо нөхөн төлснийг” хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзсэн болно.

             Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа болон хувийн байдал зэргийг харгалзан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх хэсэгт заасныг “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг арван хоёр жил, эсхүл арван таван жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй ял оногдуулах” баримтлан шүүхээс түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт зааснаар ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй буюу 3 жил 8 сарын хугацаагаар хорих ял оногдуулан шийтгэж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоолоо.

 

Бусад асуудлын талаар:

           Шүүгдэгч энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хутга /бор шаргал өнгийн бариултай/ 1 ширхэгийг устгуулахаар Дундговь аймгийн шүүхийн тамгын газарт шилжүүлж, шүүгдэгч *******д 3 жил 8 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан тул шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол түүнд урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

           1. Шүүгдэгч овогтой Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт заасан “Зэвсэг ашиглан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

           2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч овогтой                  д 3 жил 8 сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийтгэсүгэй.

          3. Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч 1 оногдуулсан 3 жил 8 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

          4. Шүүгдэгч энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй, шүүгдэгч нь хохирогчид 8.772.690 /найман сая долоон зуун далан хоёр мянга зургаан зуун ер/ төгрөг төлсөн болохыг тус тус дурдсугай.

           5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хутга 1 ширхгийг устгуулахаар Дундговь аймаг дахь Шүүхийн тамгын газарт шилжүүлсүгэй.

            6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч ******* нь цаашид гэмтлийн улмаас эрүүл мэндтэй холбоотой гарах зардлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүгдэгчээс нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

          7. Шүүгдэгч *******д урд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

           8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

                      

               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Б.ТӨРБОЛД

 

                                            ШҮҮГЧИД                                Д.УРАНЧИМЭГ

 

                                                                                             З.УУГАНБАЯР