Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 91

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэдэнпэлжээ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг

Улсын яллагч Л.Мөнхбаяр

Хохирогчийн өмгөөлөгч В.Давааням

Хохирогч *******

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Энхтуяа   

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан   

Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн Боржигон овогт ******* холбогдох 201711000153 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 06 сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Халхгол суманд 1983 оны 07 сарын 28-ны өдөр төрсөн, 34 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт амьдардаг, Дорнод аймгийн Хэрлэн сумын 9–р баг,******* тоотод оршин суудаг, энэ хэрэгт татагдах үедээ эрхэлсэн тодорхой ажилгүй байсан, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд нь ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл Боржигон овогт Пүрэвдоржийн Мөнхбаяр. /РД:*******/  

Шүүгдэгч Боржигон овогт Пүрэвдоржийн Мөнхбаяр нь согтуугаар 2017 оны 03 сарын 15-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэр Гуравны булаг гэх газарт өөрийн гэртээ  хохирогч ******* гэрт ус асгалаа, утас блоклолоо гэх хувийн таарамжгүй харьцааны улмаас зодож 3 хавирганы хугарал, хамрын хянга ясны хугарал, таславчийн мурийлт бүхий хүндэвтэр гэмтэл санаатайгаар  учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтээр/

 

                                        ТОДОРХОЙЛОХ нь:

  Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:  

Шүүгдэгч Пүрэвдоржийн Мөнхбаяр шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би үйлдсэн хэргээ мөрдөн байцаалтын шатанд үнэн зөвөөр мэдүүлсэн учир дахин мэдүүлэг гаргах шаардлагагүй. Би үйлдсэн хэрэгтээ маш их харамсаж байгаа. Би хохирогчийн эмчилгээний зардалд 4000000 төгрөг төлсөн гэжээ.

Хохирогч  ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2017 оны 03 сарын 15-ны өдөр Мөнхбаяр бид 2 шил архи уусан. Удалгүй Мөнхбаяр хонио эргээд ирье гэж хэлээд явсан. Тэр хооронд Батхүрэл ирээд Мөнхбаярын утсаар ярьсан. Тэгээд утсыг нь унтраачихсан. Би Мөнхбаярын утсыг асаах гэж байгаад блоклуулчихсан. Дараа нь би гэрээс гарахдаа гэрт байсан усыг асгачихсан. Тэр үед Мөнхбаяр гэрт орж ирээд гэр муухай болголоо гээд уурлаад намайг зодсон. Мөнхбаяр надад 4 сая төгрөгийн эмчилгээний зардал гэж мөнгө өгсөн. Тэгээд цаашдаа эмчилгээ хийлгэх болно. Одоогийн байдлаар гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэв. 

Гэрч  ******* мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: 2017 оны 03 сарын 16-ны орой би гадуур таксинд явж байтал 18 цагийн орчимд манай аавын дүү эгч надруу залгаад “... ах чинь Монхоон /Мөнхбаяр/-ыг зодуулсан байна, чамд бензин хийж өгье, чи очоод аваад ир, гэж хэлсэн. Тэгээд би эгчээс бензиний мөнгө аваад Болдбаатар гэх хүргэний хамтаар аймгийн төвөөс хойш гарч 20 гаран км зайд яваад нэг айлын гадаа очиход ах тэр айлаас гарч ирээд машинд суусан. Намайг ах руу харахад түүний нүүр нь нилэнхүйдээ хавдсан мөн олон тооны шалбархайтай байсан. Тэгээд машин донслохоор хавирга хэсгээр өвдөөд байна гэж хэлсэн. Намайг юу болсон талаар нь асуухад “...Мөнхбаяр бид хоёр архи уусан. Би согтоод хувинтай ус гэрт нь асгасан чинь уурлаад намайг гэрээс чирч гаргаад зодсон” гэж хэлсэн. Тэгээд аймгийн төв рүү орж гэрээр нь оруулаад шууд эмнэлэгт аваачиж өгсөн. ахыг эгч Гантуяа, эхнэр нар нь үзүүлж харуулсан. Би яг ямар оноштой байсан талаар мэдэхгүй гэх мэдүүлэг./ хх-ийн 23-24/  

 Гэрч Үржинсүрэнгийн Мижиддорж мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: 2017 оны 03 сарын 16-ны өдрийн 10 цагаас 11 цагийн орчимд баруун хойд талд байх айлаар малаа хайж явахдаа орсон юм. Тэгэхэд Хар // гэх залуу зүүн орон дээр хэвтэж байсан. Тэгэхэд Харын нүүр нь хавдсан байдалтай байсан. Юу болсон талаар асуухад Хар хэлэхдээ ”...өчигдөр Монхоон /Мөнхбаяр/ бид хоёр мал хөнгөлөх ажлаа хийж дуусаад 1 шил архи уусан. Миний ам болоогүй юм байлгүй зодолдсон байна” гэж хэлсэн. Түүнээс өөр зүйл яриагүй гэх мэдүүлэг. /хх-ийн 27-28/

 Гэрч Жамсрансүрэнгийн Дугар мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: Би өдрийг нь санахгүй байна. Ямар ч байсан Цагаан сарын баярын дараа би морьтойгоо хониндоо явж байхад Мөнхбаярынд байдаг залуу ганцаараа явган явж байсан. Тэгээд надтай уулзаад дүү нь “...Мөнхбаярт зодуулсан, бид хоёр архи цуг архи уугаад хэрэлдэж, маргаж муудаад зодолдсон” гэж хэлсэн. Түүний нүүр хэсэг нь хавдаж, хөхөрсөн байсан. Тэгээд гэх залуу надтай сундалдаад манай гэрт ирээд миний утсаар гэрлүүгээ залгаж унаа машин дуудсан. Тэгээд орой нь аймгаас машин ирэхээр нь тосч суугаад явсан гэх мэдүүлэг. /хх-ийн 29/  

4. Шинжээч эмч Нарангийн Уянгыг байцаасан тэмдэглэлд: ******* нь Дорнод аймгийн БОЭТ-н гэмтлийн тасагт хэвтэж эмчлүүлэхдээ рентгэн тойм зургаар эрүүний ясанд цууралт байхыг үгүйсгэхгүй гэж оношлосон байсан ба би Улаанбаатар хотын 2017 оны 03 сарын 24-ний өдрийн ГССҮТ-н гавал тархины КТГ-н шинжилгээнд эрүүний ясны хугарал цууралт байхгүй болохыг тогтоосон. Тухайн үеийн үзлэг болон шинжилгээгээр гэмтлүүд тогтоогдож гэмтлийн зэрэг тогтоох дүгнэлт гаргасан тул дахин шинжилгээ хийх шаардлагагүй гэх мэдүүлэг. /хх-ийн 40/

            Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2017 оны 04 сарын 04-ны өдрийн 186 тоот актын дүгнэлтэд

            1. *******ийн биед 3 хавирганы хугарал, хамрын хянга ясны хугарал, таславчийн муруйлт, тархи доргилт, нүүрэнд  зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

            2. Дээрх тогтоогдсон гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлэр тухайн цаг хугацаанд  үүссэн байх боломжтой гэмтлүүд байна. 

            3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар тогтоогдсон 3 хавирганы хугарал гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт, 2.4.1-д зааснаар хамрын хянга ясны хугарал, таславчийн муруйлт, тархи доргилт, нүүрэнд  зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь тус бүртээ гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

     3. Цаашид эрүүл мэнд, энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд  нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна гэжээ. / хх-ийн 36/

     Хэргийн газрын үзлэг нөхөн хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд  /хх-ийн 10-11/

Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /хх-ийн 12-14/

Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 16/

Хохирогч *******ийн эмчилгээ хийлгэсэн баримтууд, өвчний түүх / хх-ийн 56-62, 85-104/

Хохирогч *******ийн эм тариа болон бусад зүйл худалдан авсан баримтууд / хх-ийн 62-79/

Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 83/ зэрэг нотлох баримтууд болно.

Шүүгдэгч Боржигон овогт Пүрэвдоржийн Мөнхбаяр нь согтуугаар 2017 оны 03 сарын 15-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэр “Гуравны булаг” гэх газарт өөрийн гэртээ  хохирогч *******ыг гэрт ус асгалаа, утас блоклолоо гэх хувийн таарамжгүй харьцааны улмаас зодож 3 хавирганы хугарал бүхий  хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хуульд заасан нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх журмын дагуу олж авсан шүүхээс хэргийг шийдвэрлэхэд хамааралтай гэж үзсэн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч *******, гэрч Т.Пүрэвсүрэн, Ү.Мижиддорж, Ж.Дугар нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгүүд, шинжээч эмч Н.Уянгыг байцаасан тэмдэглэл, болон Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2017 оны 04 сарын 04-ны өдрийн 186 тоот актын дүгнэлт /хх-ийн 36/, хэргийн газрын үзлэг нөхөн хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 10-11/, хохирогч *******ийн эмчилгээ хийлгэсэн баримтууд, өвчний түүх /хх-ийн 56-62, 85-104/, хохирогч *******ийн эм тариа болон бусад зүйл худалдан авсан баримтууд / хх-ийн 62-79/ зэрэг нотлох баримтуудаар хангалттай, эргэлзээгүйгээр батлагдан тогтоогдож байна.

Шүүгдэгч ******* нь уг үйлдлийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр, согтуугаар үйлдэж, бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан, үйлдсэн хэргийн гэм буруу нь тогтоогдсон, Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгчид эрүүгийн ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

  Шүүгдэгч ******* нь гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо мөрдөн байцаалтын шатанд хохирогч *******т 4000000 төгрөгийг сайн дураараа нөхөн төлсөн, хохирогч ******* нь хохирол төлөгдсөн тул нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэж шүүгдэгчийн эзэмшлийн эд хөрөнгөнөөс 2380000 төгрөгний үнэ бүхий Дорнод аймгийн Хэрлэн сумын 5-р баг, Эрхэмийн 31-17 тоотод байрлах 700 м2 талбайтай газрыг битүүмжилсэн 2017 оны 05 сарын 23-ны өдрийн мөрдөн байцаагчийн Эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг  хүчингүй  болгохоор шийдвэрлэв.

Шүүгдэгч ******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүйг тус тус дурдах нь зүйтэй байна.

Шүүгдэгч ******* нь анх удаагаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3, 55.1.9-д заасан ял хөнгөрүүлэх, согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 56 дугаар зүйлийн 56.1.10-д заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал болно.

Шүүгдэгчийн дээрх хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдлууд болон хохирогчийн гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэх мэдүүлэг, шүүгдэгчийн хувийн зан төлөв байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар арилсан зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж хорих ялаас өөр төрлийн хөнгөн ял болох албадан ажил хийлгэх  ял оногдуулах боломжтой гэж шүүх үзлээ.

Шүүхээс шүүгдэгчид хорихоос өөр төрлийн хөнгөн ял болох албадан ажил хийлгэх ялаар шийтгэхээр шийдвэрлэсэн тул түүний бичгийн баримтаар хураагдаж ирсэн ******* регистрийн дугаартай иргэний цахим үнэмлэхийн хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанд шилжүүлэхээр шийдвэрлэсэн болно.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290-р зүйлийн 290.3, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Боржигон овогт Пүрэвдоржийн Мөнхбаярыг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар шүүгдэгч Пүрэвдоржийн Мөнхбаярыг  400 /дөрвөн зуун/ цагийн албадан ажил хийлгэх ялаар  шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 50 дугаар зүйлийн 50.3-д зааснаар ялтан ******* нь албадан ажил хийлгэх ял эдлэхээс санаатайгаар зайлсхийвэл эдлээгүй үлдсэн ялын 8 /найм/ цагийн ажлыг нэг хоног баривчлах ялаар тооцож солих учрыг мэдэгдсүгэй.

4. Ялтан *******  нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүйг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн түүний ЖЙ 83072879 регистрийн дугаартай иргэний цахим үнэмлэхний хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанд шилжүүлсүгэй.

 5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар ялтан *******ын эзэмшлийн эд хөрөнгөнөөс 2380000 төгрөгний үнэ бүхий Дорнод аймгийн Хэрлэн сумын 5-р баг, Эрхэмийн 31-17 тоотод байрлах 700 м2 талбайтай газрыг битүүмжилсэн 2017 оны 05 сарын 23-ны өдрийн мөрдөн байцаагчийн Эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг  хүчингүй болгосугай.  

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шүүхийн шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд *******т урьд нь авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүх энэ тухай талуудад нэн даруй мэдэгдэн тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл ялтан *******т авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                               Д.ЦЭДЭНПЭЛЖЭЭ