Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 11 сарын 05 өдөр

Дугаар 2251

 

 

 

 

 

 

Б.Б-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхтөр даргалж, шүүгч А.Отгонцэцэг, М.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн,

2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 182/ШШ2018/01727 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Б.Б-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч ТБ ХХК-д холбогдох,

 

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, холбогдох дэвтэрт бичилт хийхийг ажил олгогчид даалгуулах тухай иргэний хэргийг,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан гомдлыг үндэслэн,

шүүгч М.Наранцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч: Б.Б ,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: С.Б ,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Н.Б, Б.Э,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Чинхүслэн нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: Б.Б  2005 онд Зоос банкинд сургалтын менежер, сургалтын ахлах ажилтан зэрэг ажил үүргийг гүйцэтгэж байгаад З Б ТБ ХХК-д шилжсэнээс хойш үргэлжлүүлэн 2009 оноос ТБ ХХК-д хүний нөөцийн газар ахлах ажилтан, байгууллагын харилцаа сургалтын албаны ажилтан, Тамгын хэлтсийн хүний нөөц ба сургалт хариуцсан ажилтан, Сургалт хөгжлийн хэлтсийн захирал, хүний нөөцийн газрын сургалт хөгжлийн албаны захирал зэрэг албан тушаалд нийтдээ 14 жил тасралтгүй ажиллаж байгаад ТБ ХХК-ны гүйцэтгэх захирлын 2018 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн Б/417 тоот тушаалаар ажлаас үндэслэлгүй халагдсан болно. ТБ ХХК нь 2009 оны 11 дүгээр сарын 24-нөөс эхлэн Төрийн өмчит хуулийн этгээд болсон учир Банкны удирдах албан тушаалд сонгогдох албан тушаалтны сонгон шалгаруулалтыг хийж ТУЗ-д танилцуулан баталгаажуулсны дараа Авилгатай тэмцэх газарт тухайн нэр дэвшигчийн мэдээллийг хүргүүлэн ажлын байрны тодорхойлолт хангасан эсэх, мэргэжил ур чадвар, ажлын туршлага, ашиг сонирхлын зөрчил үүсэх эсэхийг хянан үзэж, тухайн албан тушаалын шаардлагыг хангаж байгааг тодорхойлсон албан тоотын дагуу томилогдон ажиллаж байсан. Гэтэл ТБ ХХК-ны гүйцэтгэх захирлын 2018 оны 03 дугаар сарын      16-ны өдрийн Б/417 тоот тушаалаар ТБ ХХК-ны удирдлага зохион байгуулалтын бүтэц шинэчлэгдэн батлагдаж орон тоо хасагдсан гэдэг үндэслэлээр миний хөдөлмөрийн гэрээг 2018 оны 03 дугаар сарын 19-ний өдрөөр дуусгавар болгон ажлаас чөлөөлснийг үндэслэлгүй гэж үзэж байна. ТБ ХХК-д өмнө нь удаа дараа бүтцийн өөрчлөлт хийж байсан боловч миний хийж гүйцэтгэж байсан ажил албан тушаалын харъяалагдах нэгж алба өөрчлөгдсөн эсхүл хийж гүйцэтгэж байсан ажил албан тушаалын нэршил өөрчлөгдсөн зэргээр үндсэн хийж гүйцэтгэж байсан ажлын чиг үүрэг хэвээр байдаг учир үргэлжлүүлэн томилж ажиллуулж ирсэн. Гэтэл 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн Б/417 тоот тушаалаар ТБ ХХК-ны удирдлага зохион байгуулалтын бүтэц өөрчлөгдсөн хэмээн миний өмнө гүйцэтгэж байсан ажлын чиг үүрэг хэвээр байсаар атал намайг үндэслэлгүйгээр ажлаас халлаа. Иймд ТБ ХХК-ны 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн Б/417 тоот тушаалыг хүчингүй болгож, Б.Б  намайг өмнө эрхэлж байсан ажил албан тушаал болох Сургалтын албаны менежерийн албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: Нэхэмжлэгч Б.Б-гийн ажиллаж байсан Сургалт, хөгжлийн алба гэсэн бүтэц нь ТБ ХХК-ны Төлөөлөн удирдах зөвлөлийн 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 03 тоот тогтоолоор банкны зохион байгуулалтын бүтэц шинэчлэн батлагдсанаар хасагдаж, мөн тогтоолын дагуу ТБ ХХК-ны гүйцэтгэх захирлын 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн ТБ ХХК-ны газар хэлтэс, албаны чиг үүрэг, орон тоо батлах тухай А/12 тоот тушаалаар ажлын байр нь мөн хасагдсан болно. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан орон тоо хасагдсан үндэслэлээр Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай мэдэгдлийг Сургалт, хөгжлийн албаны захирлаар ажиллаж байсан Б.Б д мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт заасны дагуу мэдэгдэж, 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдөр мэдэгдлийг гардуулсан боловч мэдэгдэлд гарын үсэг зурахаас татгалзсан байдаг тул мөн өдөр Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах тухай мэдэгдэл гардуулах ажлын хэсэг байгуулагдан тэмдэглэл хөтөлсөн байдаг. Улмаар хуульд заасны дагуу мэдэгдэлд заасан 1 сарын хугацаа дуусгавар болсноор ТБ ХХК-ны Хүний нөөцийн хорооны 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 18 дугаартай хурлын шийдвэр болон Гүйцэтгэх захирлын 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн Б/417 тоот тушаалаар Сургалт, хөгжлийн албаны захирал албан тушаалд ажиллаж байсан Б.Б тай байгуулсан Хөдөлмөрийн гэрээг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх заалтыг үндэслэн цуцалсан болно. Хөдөлмөрийн гэрээ цуцлагдсантай холбоотойгоор Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт заасны дагуу Б.Б д 1 сарын үндсэн цалинтай тэнцэх 3 500 000 төгрөгийн тэтгэмж олгосон болно. Сургалтын албаны менежер албан тушаал нь ТБ ХХК-ны Төлөөлөн удирдах зөвлөлийн 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 03 дугаартай тогтоолоор ТБ ХХК-ны зохион байгуулалтын шинэ бүтцээр энэ албан тушаал нь шинээр бий болсон. Шинэчлэн батлагдсан бүтэц, зохион байгуулалтаар Сургалтын албаны менежер Б.Т-ын ажлын байрны чиг үүрэг нь батлагдсан хөтөлбөрийн хүрээнд сургалт явуулах үүрэгтэйгээр Хөдөлмөрийн гэрээний дагуу ажил үүрэг гүйцэтгэж байна. Мөн энэ албан тушаал нь багш мэргэжилтэй, сургагч багшийн сертификаттай, мэргэшсэн боловсон хүчин байх шалгуурт нийцүүлж ажиллуулж байгаагаараа онцлогтой юм. Ийнхүү Сургалтын албаны менежер албан тушаал нь банкны бүтэц, зохион байгуулалтын шинэчлэлтээр шинээр батлагдсан орон тоо бөгөөд албан тушаалын нэр, ажлын байрны чиг үүрэг, тавигдах шаардлага, босоо шатлалын хувьд өмнөх Сургалт, хөгжпийн албаны захирал албан тушаалтай адилтган үзэх боломжгүй юм. Нэхэмжлэгч Б.Б-гийн Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцлахтай холбоотой бүхий л асуудалд банк Хөдөлмөрийн тухай хуулийг мөрдлөг болгон хэрэгжүүлж ажилласан болно. Иймд нэхэмжлэгч Б.Б-гийн тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хэргийг хянан шийдвэрлэж   өгнө үү гэжээ.

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасны дагуу нэхэмжлэгч Б.Б г ТБ ХХК-д ХХК-ийн Хүний нөөцийн газрын Сургалтын албаны менежерийн албан тушаалд эгүүлэн тогтоож, мөн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасны дагуу ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 22 841 210 төгрөгийг хариуцагч ТБ ХХК-д ХХК-иас гаргуулан нэхэмжлэгч Б.Б д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 35 228 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч Б.Б-гийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг хариуцагч ТБ ХХК-д ХХК-нд даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасны дагуу нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагчаас 272 156 төгрөгийг гаргуулан улсын орлого болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5 дахь хэсэгт заасны дагуу шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан арга, журмын дагуу шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаа явуулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад зөвшөөрч шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн өмгөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгч Б.Б  нь ТБ ХХК-ийн Хүний нөөцийн газрын сургалтын албаны Менежерийн ажилд бус Сургалт хөгжлийн албаны Захирлын ажлыг хашиж байсан билээ. Одоогийн мөрдөгдөж байгаа ТБ ХХК-ны Зохион байгуулалтын бүтцээр Хүний нөөцийн газарт Сургалт, хөгжлийн албаны захирал гэх орон тоо байхгүй байгаа. Нэхэмжлэгч өөрийнхөн өмнөх ажил албан тушаал хасагдсан гэдгийг нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилснөөр өөрөө ч хүлээн зөвшөөрч байгаа юм. Хөдөлмөрийн тухай хуулийг тайлбарлах тухай Монгол Улсын Дээд шүүхийн 2006 оны 33 тогтоол "Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан "орон тоо хасагдсан" гэдэгт тухайн хуулийн этгээд, байгууллагын зохион байгуулалтын бүтцээс тодорхой ажил, албан тушаалын ажлын байр үгүй болсныг ойлговол зохино. Энэ тохиолдолд ажил олгогч зөвхөн хасагдсан орон тооны ажлын байранд ажиллаж байгаа ажилтны хөдөлмөрийн гэрээг цуцална" гэж тайлбарласан байдаг. Дээрх бүхий л нөхцөл байдлуудаас дүгнэхэд шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн зүйл, заалтуудыг буруу тайлбарлаж хэрэглэсэн, нотлох баримтын хууль зүйн болон бодит үндэслэлийг бүрэн дүүрэн үнэлж, хэрэг маргааныг хянан шийдвэрлээгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, Б.Б-гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчдын тайлбарыг хуульд нийцүүлэн үнэлсэн, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч Б.Б  нь хариуцагч ТБ ХХК-д ХХК-нд холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхээр нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл нэхэмжлэгч Б.Б г хариуцагч байгууллагын гүйцэтгэх захирлын 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн Б/417 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-т заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон байна.

Ажил олгогч дээрх тушаалыг гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-т заасан аж ахуйн нэгж байгууллага болон түүний салбар нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эхсүл ажилтны тоог цөөрүүлсэн гэх үндэслэлүүдийн аль үндэслэлээр нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж байгаагаа тодорхой заагаагүй байна.

Түүнчлэн, нэхэмжлэгч Б.Б  нь Сургалт хөгжлийн албаны захирлын албан тушаалд томилогдон ажиллаж байгаад хариуцагч байгууллагын салбар нэгж болох Хүний нөөцийн газарт харьяалагдах Сургалт хөгжлийн албаны захирлын ажил үүрэг тухайн байгууллагад шаардлагагүй болсон гэж нэхэмжлэлийг татгалзаж буй тайлбарын үндэслэлээ баримтаар нотлоогүй буюу салбар нэгж нэмэгдсэнээр тухайн салбар нэгж татан буугдсан, зарим ажлын байр хасагдсан, эсхүл орон тоог цөөрүүлэх зэрэг зохицуулалт Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэгт заасны дагуу хийгдсэн болох нь тогтоогдохгүй байна.

Хариуцагч байгууллага нь нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь хууль зүйн үндэслэлгүй байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийг ТБ ХХК-д ХХК-ийн Хүний нөөцийн газрын Сургалтын албаны менежерийн албан тушаалд эгүүлэн тогтоож, хариуцагчаас ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулан, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхээр шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчдын тайлбарыг хуульд нийцүүлэн дүгнэж, холбогдох хуулийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангасан нь зөв байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй тул шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 182/ШШ2018/01727 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн   162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа хариуцагчаас төлсөн 272 157 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               С.ЭНХТӨР

 

                                                    ШҮҮГЧИД                               А.ОТГОНЦЭЦЭГ

 

                                                                            М.НАРАНЦЭЦЭГ